Categories
мэдээ нийгэм

21 барилгын фасадыг гэрэлтүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гэрэлтэй хот” аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байна. Мөн 460 орчим гэрэлтүүлэг засвар шинэчлэлтээр 970 орчим гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлах ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дээрх ажлуудыг Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх байгууллагууд болон хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж байгаа аж. Эдгээр байгууллагууд нь цаашид өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээлжээ.

Гэрэлтүүлэг хийсэн барилга, байгууламжууд

Барилга байгууламжийн нэр

1

Драмын театр /Сүхбатар дүүрэг 1 дүгээр хороо//

2

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо

3

Монгол Улсын Боловсролын Их сургууль /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо/

4

Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байр /Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/

5

Спортын төв ордон /СБД 8 дугаар хороо/

6

Хүүхдийн урлан бүтээх төв /СБД 6 дугаар хороо/

7

Гандантэгчилэн хийд /Жанрайсаг / БГД 16 дугаар хороо/

8

Хөрөнгийн бирж /ЧД 1 дүгээр хороо/

9

3 дугаар эмнэлэг/ БГД 5 дугаар хороо /

10

1 дүгээр эмнэлэг/ СБД 1 дүгээр хороо/

11

МУИС-ийн эдийн засгийн сургууль /СБД 8 дугаар хороо/

12

Соёмботой хөшөө /ХУД 15 дугаар хороо/

13

Мэлхий хөшөө /СБД 8 дугаар хороо/

14

Д. Нацагдоржийн хөшөө /СБД 8 дугаар хороо/

15

Ж. Батмөнхийн хөшөө /СБД 8 дугаар хороо/

16

М. Гандигийн хөшөө /ХУД 15 дугаар хороо/

17

Ж. Самбуугийн хөшөө /ЧД 4 дүгээр хороо/

18

Эвтэй 4 амьтны хөшөө /БЗД 1 дүгээр хороо/

19

Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө /СБД 7 дугаар хороо/

20

Марко Пологийн хөшөөи /СБД 8 дугаар хороо/

21

Спортын төв ордон /СБД 8 дугаар хороо/

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар захын гэр хорооллууд болон орон сууцны хорооллуудыг гэрэлтүүлгийг засварлах ажил давхар эхлүүлсэн. Энэ онд шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэглтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна гэж УБЗАА-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн жолооч нарт мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн асуудалд анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тогтмолжуулахыг чиглэлийн яамдад үүрэг болгосон.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс холбогдох бусад яам, тамгын газрын албаны удирдлагуудыг оролцуулан тээвэрлэгч аж ахуй нэгж, нүүрс тээврийн жолооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч эхэллээ.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тогтлоо. Тодруулбал, нүүрс тээврийн замд олон хоног дараалалд зогсож, машиндаа амьдарч буй жолооч нартаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагууд тус тусын компаниудад харьяалагддаг жолооч нартаа нэгдмэл байр суурьтайгаар дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуй нэгжүүд энэхүү мөнгөн туслажийг жолооч нартаа олгож эхэлсэн талаар албаныхан хэлж байна.

Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоо хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр тохирлоо.

ЗТХЯ болон АТҮТ-ийн удирдлагууд дээрх арга хэмжээг нэг удаагийн гал унтраах байдлаар бус, цаашид нүүрс тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шат шатандаа зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах шаардлагатай хэмээн үзэж холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө дарангуйлагч ч гэсэн ажиллах ёстой

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Гишүүдийн асуултад хариулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бүгдээрээ эв нэгдлийн тухай яриж байгаа. Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Олон хүний шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат эв нэгдэл байдаг гэж би ойлгодог. Тийм учраас шударга ёсыг тогтоохын төлөө одоогоос нэг жилийн өмнө хэлж байсан. Сая М.Билэгт гишүүн хэлсэн шиг хэрэгжүүлэхийн төлөө би энд хичээгээд сууж байгаа. Тэр үгэндээ эзэн байх юмсан гэж бодож явдаг. Түүнээс хэд гурван хүнийг хацаалайд өмгөөлөөд байгаа юм ер байхгүй. Би хэлсэн. Цаашдаа ч хариуцлага тооцно. Буруутай, бусармаг үйлдэл хийсэн гэдэг нь хэрвээ тогтоогдвол. Би Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцоогүй биш хариуцлага тооцоод ирсэн. Төрийн албан хаагчидтай хариуцлага тооцоогүй биш тооцоод ирсэн. Цаашдаа тооцно гэж бодож байгаа. Харин тооцоо хийх гэхээр битгий эсэргүүцээд бай. Тооцуулахгүй гэж байгаа юм шиг надад сонсогдож байна. нөгөө талаараа би дарангуйлагч биш шүү. Харин шударга ёсны төлөө дарангуйлагч ч гэсэн ажиллах ёстой. Дарангуйлсан зан гаргах бол юу ч биш. Шударга ёсыг тогтоохын төлөө байгаа бүх боломжоо дайчилж ажиллах ёстой. Намайг цэргийн хүн байсан учир дарангуйлагч болчихож магадгүй гэж бодоод байх шиг байна. Үгүй. Би парлиаментийн засаглалыг дэмждэг хүн. Монгол Улсыг парлиаментийн засаглал цааш нь авч явна. Гэхдээ бид энэ парлиаментийн засаглалаа улам боловсронгуй болгох ёстой. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх ёстой. Улстөрийн намуудын тухай хуулиа шинэчлэх ёстой. Нэн ялангуяа улстөрийн намуудын санхүүжилтийн тал дээр маш нягт сайн хууль гаргах ёстой. Дээр нь сонгуулийн тухай хуулиа эргэж харах ёстой. Бид өнгөрсөн 27 жил алдаа оноотой байсан. Одоо ч байгаагийн илрэл нь энэ. Гэхдээ бас сайн сайхан зүйлүүд хийсэн. Үе үеийн Засгийн газар хийж бүтээсэн сайн сайхан зүйл бий. Би бүгдийг нь харлуулах гээгүй. Сайныг нь авъя. Саарыг нь шахъя гэж бодож байгаа. Би шударгаар бизнес хийсэн хүмүүсийг байнга дэмжинэ. Шударгаар өмч хөрөнгөтэй болсон, шударгаар баяжсан, улсдаа татвар төлж байгаа. Улсаа нуруун үүрч яваа тэр бизнеменүүдийг би байнга дэмжинэ. Харин ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан газрын доорх баялгыг хууль бусаар авсан, нам дамжсан олигарх бүлэгтэй л би тэмцээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ажил хайж бүртгүүлсэн иргэд 39.2 мянгад хүрчээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 39.2 мянгад хүрчээ. Үүнээс 27.3 мянга нь бүртгэлтэй, 11.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд мөн хугацаанд 27.3 мянга багаа нь өмнөх оны мөн үеэс 3.1 мянган хүнээр, өмнөх сараас 3.1 мянган хүнээр өссөн үзүүлэлт аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 мянга нь Улаанбаатарт, 5.7 мянга нь хангайн, 4.4 мянга нь төвийн, 4.3 мянга нь баруун, 2.6 мянга нь зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 522 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 241 эмэгтэйчүүд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Хотын аялал” хийж байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Энэ өдрийг дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг. Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тусгай сургалттай 116, 73 дугаар сургуулийн 60 гаруй хүүхдүүдийг хүлээн авч нийслэл хотоор аялуулж байна. Хүүхдүүд хотын аяллаар цэргийн музейг үзэх бол мөн Хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэх юм. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг хүртсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган үргэлжилж Ерөнхий сайд гишүүдийн асуулталд хариулж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Хуралд 75 гишүүний 72 нь оролцож байгаа юм. УИХ-ны гишүүн Б.Батзориг, Д.Мурат, Г.Мөнхцэцэг нар ирээгүй байгаа. Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлтэй УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

А.Ундраа: Ардчилсан нийгэмд хүний үг хэлэх эрхийг хорьж болохгүй. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэх үед эмэгтэй гишүүд шууд чөлөөлөх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Эмэгтэй гишүүд нийлээд мэдээлэл хийсэн. Үүний дараа та биднийг зэмлэсэн. Бүр биечлэн уулзаж зэмлэсэн. Дараа нь Д.Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ татгалзсан. Хэдхэн хоногийн өмнө түүнийг дахин ийм асуудалд холбогдсон тухай мэдээллийг хэвлэлээс харсан. Та тухайн үеийнхээ байр суурийг одоо буруу байж гэж боддог уу. Хоёрдугаарт, та бизнес эрхлэгчдэд их хатуу хандаж байна. Та бизнес эрхлэгчдээ хэр их сонсч байгаа вэ?

У.Хүрэлсүх: Д.Гантулга буруутай эсэхийг шүүх шийдэх байх. УИХ бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхгүй байхаар шийдсэн. Дараа нь намын даргын хувьд уулзаад “Миний дүү алдаа гаргасан юм шиг байна. Улс төрийн хариуцлага хүлээх нь зөв” гэж хэлсэн. Үүний дагуу чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Шударгаар ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Тэднийг дарамталж байгаа төрийн байгууллагад ч хатуу хандана. Ямар нэгэн дарамт байвал хэлээрэй гэж зөвлөдөг. Би харин хууль бусаар баяжсан хүмүүсийн эсрэг л тэмцэж байгаа.

Ё.Баатарбилэг: Таныг “Хүнд жингийн коммунист” гэж бичсэн байхыг харсан. Таны бидэнд хандаж байгаа байр суурийг харахаар үнэхээр хүнд жингийн коммунист болсон мэт харагдаж байна. Одоо цаашдаа хувийн өмчийг хураах юм байна. Үүнийг чинь сонсоод үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

Д.Оюунхорол: Би УИХ-ын сонгуульд таван удаа нэр дэвшиж, дөрвөн удаа суудал авч, Монголын төрд 20 орчим жил зүтгэж явна. Гэхдээ УИХ ийм нөхцөл байдалд орж байсангүй. Энэ удаагийнх шиг томилсон Засгийн газраа огцруулах гэхээр Засгийн газар нь буцаагаад дарамтлахыг харсангүй. Таныг хараад ичиж байна.

У.Хүрэлсүх: Шударга ёсны асуудал тавихаар намын бүлэг хагарч байгаа юм. Түүнээс биш би намын бүлгээ хагалаагүй. Иргэд олон нийт надаас шударга ёс тогтоож өгөхийг шаардаж байгаа. Шударга бусын хонгилыг нураахаар ганц хоёрхон тоосго сугалахаар эсэргүүцэж Засгийн газрыг огцруулах санал гаргаж байна. Надад нэг өдөрт 2500 мессэж ирж байгаа. Үүнийг би ард түмний дэмжлэг гэж харж байгаа. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Удахгүй намынхаа их цэвэрлэгээг хийнэ.

Categories
мэдээ улс-төр

О.Содбилэг: Ерөнхий сайд та алдаатай гэрээ хийж байхад нь зогсоохгүй яасан юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг үргэлжлүүлэн эхэлцэж байна. Гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

О.Содбилэг: Ерөнхий сайд та Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан. Монголд ашиггүй, алдаатай гэрээ хийж байхад нь та хажууд нь байсан хүний хувьд зогсоохгүй яасан юм бэ. Та энэ гэрээний асуудлаар ямар байр суурьтай байдаг вэ?

У.Хүрэлсүх: Дубайн гэрээг би эсэргүүцдэг. Тухайн үед энэ талаар намын бүлэгтээ хэлж байсан. Удалгүй Шадар сайд тэргүүтэй манай намынхан огцорч Засгийн газраас гарсан. Цаашдаа Оюутолгойн гэрээг илүү сайжруулахын төлөө ажиллана.

Categories
мэдээ спорт

Сүмочдын цалинг нэмжээ

Японы сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Кокүгикан ордонд болж, бөхчүүдийн цалинг нэмсэн байна.

Сүмочдын цалин хамгийн сүүлд 2001 онд нэмэгдсэн аж.

Сүмогийн ертөнцөд 700 гаруй бөх байдаг ч жюүрёо, макүүчи зиндааны цолтой бөхчүүд л цалин авдаг. Холбооноос цолгүй бөхчүүдийн башёд оролцсон хөлс, шагналыг 10 хувиар нэмсэн байна.

Ингээд цалингийн өөрчлөлтийг танилцуулья.

Ёкозүна сарын цалин 2 сая 820 мянган иенээс 3 сая болон 6,4 хувь нэмэгджээ. Энэ нь Монгол мөнгөөр 70 орчим сая төгрөг юм.

Озэки сарын цалин 2 сая 340 мянгаас 2 сая 500 мянга болж 6,5 хувь, сэкивакэ, комүсүби 1 сая 690 мянган иэнээс 1 сая 800 мянга болж 6,3 хувь, маэгашира 1 сая 309 мянгаас 1 сая 400 мянга болж 7 хувь, жюүрёо 1 сая 36 мянгаас 1 сая 100 мянга болон 6,2 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Хичээх өдөр” ч гэлтгүй бүх л өдөр хичээцгээе

“Хичээх өдөр” арга хэмжээг НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа. Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” тохиосон юм. НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг зам тээврийн осолд өртөн нас барсан хүмүүсийн дурсгалд зориулан тэмдэглэдэг ажээ. Харин Монголд “Хичээх өдөр”-ийг эмгэнээд өнгөрөх бус зам тээврийн ослоос урдчилан сэргийлэх, ослын гаралтыг бууруулах зорилгоор тэмдэглэсэн. Энэхүү ажил нь үр дүнгээ өгч зам тээврийн осол эрс буурч, хүний амь эрсдээгүй байна. Тодруулбал, “Хичээх өдөр”-өөр 191 дуудлага ирж, дөрвөн хүн бэртсэн нь бусад өдрүүдтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 400 орчим осол аваартай холбоотой дуудлага ирж, өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг байна. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс гаргасан тоо баримт юм. “Хичээх өдөр”-ийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат тодруулахдаа “Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг эл арга хэмжээ харууллаа. Бүртгэгдэж буй ослын дуудлага, мэдээлэл 60, бэртсэн хүний тоо 70 хувиар буурч, хүний амь эрсэдсэнгүй. Жилд 600 орчим хүн ослоор амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тэгвэл бүгдээрээ хичээснээр зам, тээврийн осол гаргахгүй байх боломжтойг та, бид хамтдаа баталж чадлаа. Цаашид хамтдаа сэргийлж, сайжруулах шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, жолооны эрх олгох сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хянаж, сайжруулах шаардлага байна. Мөн жолооч нарыг тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жолоодох эрх үргэлжлүүлэн олгох, эсэхийг шийддэг тогтолцоотой болгох шаардлага тулгарч байна. Цаашид хүн бүр хичээж чадвал осол гэмтлийн улмаас нас барагсдын тоо буурах боломжтой. “Хичээх өдөр” ч гэлтгүй бүх л өдөр хичээцгээе” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байгаа. Өнөөдөр хэлэлцэх асуудлыг хороодоор хэлэлцүүлж байна. “Аз жаргалтай хот” хороогоор “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессын зүйлийн жагсаалт шинэчлэх батлах тухай, нийслэлийн ИТХ-ын 2018 оны 03/02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.