Categories
мэдээ улс-төр

Шри Ланка Улсын Өргөмжит консулын газар нээлтээ хийв

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо болов.

Д.Оргилмаа нь Монгол Улсад ажиллах Шри Ланкийн анхны Өргөмжит консул бөгөөд Монгол-Шри Ланкийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад аж төрж буй Шри Ланкийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Шри Ланка Улсыг сурталчлах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны холбогдох газруудын төлөөлөл, Шри Ланка Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Карунасена Кодитувакку, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Монгол Улсад түр болон урт хугацаагаар оршин сууж буй Шри Ланка Улсын иргэд болон бизнесийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улс Шри Ланка Улстай 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон байдаг.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 01-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэлнэ. Утас: 99122141, 90100290

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган болно.

10.00 цагт Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “Бизнес Эрхлэхүй” буюу “Doing Business” судалгааны тайланг танилцуулна. Утас:70078207

11.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөг болно. Утас: 86150069

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Глоб Интернэшнл” төвөөс “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 99009910, 99170361

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан У.Мижиддорж: Төрийн наадамд 20 жил зодоглохдоо 17 удаа шөвгөрчээ

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын арслан Уламбаярын Мижиддоржтой ярилцлаа. Өнөө жил 86 нас хүрч буй буурал арслан 1963 оны улсын их баяр наадамд үзүүрлэж улсын арслан цол хүртэж байсан юм.


-Арслан бөхийн замд хэрхэн орж байв. Сум, аймгийнхаа наадамд хэдий үеэс гарч эхлэв?

-Дээр үеийн хүүхдүүд гэрийнхээ гадаа орой үдэш болтол барилдана. Манай суманд лаглаан Дашдорж гэж сайхан бөх байлаа. Миний найз Дашдаваа бид хоёр сумыхаа бөхчүүдийг хараад сүрдэнэ. Дашдорж ах шиг бөх болчихвол гэж өөр хоорондоо ярилцана. Тэр үед депутатыг сонгоод баяраар нь бөх барилдана, би алгасалгүй гарна. Эхэндээ ч яахав аманд гараад дугтруулаад унана. Тэр үед хашаа хороо гэж байхгүй. Өвс, ургамал нь ч элбэг, адуу тарган тамиртай байсан үе. Тамиртай адуу ноцож бяр суусан даа. Нэг мэдэхэд л сумынхаа барилдаануудад түрүүлчихдэг болсон байлаа.

-Цэргийн албанд хаана татагдаж байв. Эр цэргийн албанд л олон хүчтэй эрстэй барилдсан байх?

-Дорноговь аймгийн Рашаантын байцаан өнгөрүүлэхэд 1952 онд цэрэг болж очиж байлаа. Өглөө эрт гимнастик хийнэ, газар газраас ирсэн цэргүүдтэй барилдана бөх болох дөр тэнд л суусан. Байцаан өнгөрүүлэхийн дарга, ахлах дэслэгч Дандар гэж хүн бөхөд их дуртай. Өөрөө ч шаггүй барилдчихна. Эхэндээ бид хоёр өгөө аваатай барилдаж байгаад сүүлдээ би дийлдэхээ больсон. Манай цэргүүд “чи хааяа даргад унаж бай” гэж хүртэл хэлж байсан удаатай. Нэг өдөр дарга “Чи энд надтай барилдаад ахихгүй. Хот орж том бөхчүүдтэй барилдаж нутаг орныхоо нэрийг гарга” гэж хэлээд намайг шилжүүлж байсан. Ирээд циркийн барилдаануудад зодоглоно. Б.Түвдэндорж аварга, Ц.Бадамсэрээжид арслан гээд том бөхчүүдэд юм болохгүй унана. Гэхдээ чанга бяртай улстай ноцолдоход чангараад л байдаг юм билээ. Дархан аварга Д.Дамдин бид хоёр мөн ч олон барилдсан. Унана хаяна.

-Та залуудаа тонгорох мэхийг их сайхан даалгаж хийдэг байсан гэнэ лээ. Энэ мэхнийхээ талаар?

-Залуудаа, тонгорох, суйлах, давуулж гуядах мэхийг гол төлөв хийж барилддаг байлаа. Нас ахих тусам түрүүчийн мэх хаягддаг юм билээ.Сүүлд шуудагны барьцаас л барилдах сонирхолтой болсон доо.

-Дэгээ ороох мэхэнд тань олон бөх өвдөглөж байсан гэнэ лээ?

-Дэгээ ороох ч олон хувилбартай л даа. Дэгээ ороогоод арагшаа эргэнэ, цээжээ унагаад хөмөрнө, дэгээгээ мултлаад сунгаал татчихаж болно. Давхар ачиж ч болно. Эгзэг нь таарсан үед хийчихдэг байсан.

-“Уурган дэгээ” гэж ямар мэх вэ. Энэ мэхээр алдаршсан бөх хүртэл байдаг шүү дээ?

-Сэрвүү барьцнаас дэгээ ороож эргэхийг л хэлж байгаа юм л даа.

Арын эгнээний зүүн гар талаас улсын арслан П.Дагвасүрэн, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, М.Мөнгөн, Б.Ганбаатар, Урд эгнээний зүүн гар талаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, С.Оргодол, тэмээ өргөдөг Жамьяндорж, Л.Сосорбарам, Г.Дэмүүл. 1992 он

-Дархан аварга Ш.Батсуурийг өвдөг шороодуулж аймгийн арслан болж байсан гэсэн. Залуу бөх аваргыг аргална гэхээр их л сайн байж дээ?

-1954 онд л доо. Дорноговийн наадамд барилдаад түрүүлж байсан. Аварга дугтраад гуд татахад нь би хонгодоод ойролцоо газардсан. Наадамчид шуугилдаад л дайснаа дарчихсан юм шиг жигтэйхэн байж билээ. Би учраа ололгүй элэг бүсээ тайлах гэтэл аварга “Үгүй миний хүү давсан. Залуу хүн давчихаад элэг бүсээ тайлж болдоггүй юм” гэж хэлж билээ. Баяр наадмын бөхийн комисс аймгийн заан цол олготол Батсуурь аварга аймагт түрүүлсэн хүнд арслан цол олгодог гэж хөөцөлдөж байж аймгийн арслан цол олгуулж билээ. Батсуурь аварга залуу хүнийг дэмждэг, хүнд тусархуу хүнлэг, сайхан сэтгэлтэй өрөвч зөөлөн хүн байсан даа. Ингэж л аймгийн арслан болсон түүхтэй. Нарийхан зурвас шиг үнэмлэх өгөхөд нь тааралдсан хүн болгондоо үзүүлээд л сүрхий хүн явж байж билээ.

-Дараа жил нь улсын цолны босго алхсан бил үү?

-Бүх даваа нь сугалаагаар барилдсан наадам шүү дээ. Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан гээд улсын алдар цолтой бөхчүүд зодоглосон ч тэднээр ам авахуулалгүй гурвын даваанаас сугалаагаар барилдуулсан юм. Гурвын давааны зүүнийг улсын заан С.Нанжаа, барууныг залуу бөх Насанбаяр манлайлж, олон жил зүүнийг манлайлж алдар цолоо дуудуулж баяр наадмын өнгө жавхааг нэмж үзэгч олныхоо сэтгэлийг баясгаж байсан Түвдэндорж аварга гурвын давааны 31 дээр босч барилдаж байж билээ. Энэ бүхэн алдар цолтны бөхчүүдийн барилдааны амжилт, сэтгэл санааны нөлөөлсөн гэж боддог юм. 1950-иад оны дундуур монгол бөхийн олон үеийн турш дагаж мөрдөж ирсэн уламжлалт ёс заншлыг өөрчлөх гэсэн оролдлого хааяа нэг гарч байсан ч түмний дэмжлэг авч чадалгүй төдхөн арилж засагдсан. Би энэ баяр наадмаар дөрвийн даваанд Х.Өлзийсайхан арсланг, тавын даваанд Г.Ваасанжав начинг орхиж улсын цолны босго алхсан түүхтэй.

-Төрийн наадамд долоон удаа түрүүлсэн дархан аварга Б.Түвдэндоржийг дархан суйлах мэхээрээ давж улсын заан болсон байдаг. Энэ наадмынхаа талаар хуучилбал?

-Цэргээс халагдаад улсын начин болчихсон үе л дээ. Хашаат сумандаа эвлэлийн үүрийн дарга хийж байгаад наадамдаа зодоглохоор ирсэн юм. Зургаа даваад долоогийн даваанд Түвдэндорж аваргад амлуулсан. Аварга ч залуулаа мань мэтийн бөхөд унамааргүй бөх байсан л даа. Тэр жил нас нь дөч дөхчихсөн, би 24 настай годгоносон амьтан гүйж байлаа. Аваргыг суйлж унагачхаад их шөвөгт нэг үеийн өрсөлдөгч Д.Дамдинтайгаа тунасан даа. Түвдэн аварга надад “хөлийг чинь аваад шидчхнэ шүү, элэг бүснээс зуурч барилдаарай” гэж захиж билээ. Аваргын захиасыг биелүүлж чадалгүй унасан даа. Миний үеийн бөхчүүд ийм сайхан ёс жудагтай эрс байсан. Уначихаад юм бодохгүй.

-Д.Дамдин аваргад их олон унасан байдаг. Дархан мэхээ хийж болдоггүй байсан уу?

-Дамдинг дийлдэггүй байсан л даа. Улсын наадамд түрүүлэх ид нас олон жил байдаггүй л дээ. Дамдинд унасаар байгаад л миний сайн барилдах үе өнгөрсөн дөө. Тэр үед чинь бие биендээ бууж өгнө гэж байхгүй, хүчээрээ л үзнэ. Наадмаар аваргатай ес барилдаж нэг ч даваагүй.

-Тухайн үед бөхийн багш нар байсан уу. Бэлтгэлээ хэрхэн базаадаг байв?

-Бөхчүүд хоорондоо барилдаж, бие биендээ зөвлөдөг байсан даа. Сүүлд нийгэмлэгүүд байгуулагдаж бөхчүүд харьяалагддаг болсон. Тэр үед л барилдаан зааж зөвлөдөг хүмүүс бий болсон. Миний барилдаж байх үед ахмад үеийн бөхчүүд л зааж зөвлөнө. Гол нь хувь хүний дур сонирхол л байсан даа.

-Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан аваргууд таны үед ид өрсөлдөж байсан. Дэргэдээс нь харж байсан байх?

-Хөвсгөлийн ЖЦэвээнравдан аварга их гоё биетэй, түргэн барилддаг сайхан эр байсан даа. Ш.Батсуурь аварга ч бариа зөрүүн дээр айхавтар гүйдэг мэхтэй. Мөн ч гоё барилдана шүү дээ. Тухайн үед тулаад зогсоод байдаг бөх ер нь байхгүй шүү. Их жудагтай, ахмад цолтноо хүндэлнэ, маргаад зогсоно гэж байхгүй. Тохиолдлоор сайн бөхийг унагачихаад “тэрийг давчихлаа” гэ ж сагсуурдаг бөх нэг ч байгаагүй. Одоо зарим нөхөд аз, эзээр хаячихаад “би тэрийг чинь хаяж байсан юм” гээд онгирч байгаа дуулдах юм. Тийм аа бөх хүнд хэрэггүй. Барилдахдаа бар, арслан шиг бусад цаг энгийн номхон байх хэрэгтэй. Өнөө цагт энэ үлгэрийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ л залуу үеийнхэнд харуулж байна даа.

-Бөхийн жудаг гэж ярьдаг шүү дээ. Жудагтай бөх ямар байх хэрэгтэй вэ?

-Ахмадаа хүндэлнэ, үзэгч олноо хүндэлнэ. Үзэгчгүй бол бид хэн билээ дээ. Мөн үеийн бөхчүүдээ сайхан хүндэлнэ. Өнөөдөр уначихаад л тугны зүг гар хуруугаа гозолзуулаад, гүйж яваа нь харагдах юм. Бөхийн дэвжээнд ийм үйлдэл үзүүлж хэрхэвч болохгүй.

-Таныг залгаад “Хоёр Мөнх”-ийн үе эхэлсэн дээ. Ямар залуус гарч ирж байв?

-“Хоёр Мөнх” мундаг л даа. Үеийнхнээсээ тусдаа төрчихсөн улс. Үндэсний бөхөөс гадна их спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөнө. Тэр ачаалалтай бэлтгэлийн хажуугаар наадамдаа амжилттай барилдана гэдэг хүнээс асар их тэвчээр, их хөлс урсгана. Д.Дамдин маань мултраад, би ч харих тийшээ хандчихсан үед энэ хоёр гарч ирсэн дээ.

-Та дархан аварга Ж.Мөнхбатыг 22 настай байхад нь төрийн наадмын түрүү байрын төлөө барилдаж байсан удаатай. Тэр жил та олон хүчтэй арслангуудыг нурааж үзүүрт хүрч байсан даа?

-Үзүүрт хүрч улсын арслан цол хүртсэн 1963 оны Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмыг эргээд бодоход сайхан байдаг юм. Тэр наадмаар зургаа, долоо, наймын даваанд Ч.Бээжин, Д.Жамц, Ч.Чойжилсүрэн гээд гурван арсланг цувруулан хаяж үзүүр түрүүнд үлдсэндээ баярладаг. Гурвуулаа гуч гарчихсан намайг амлаж барилдсан. Гурвуулаа 1961, 1962 оны идэрхэн арслангууд. Д.Жамц, Ж.Чойжилсүрэн хоёр өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү, үзүүрийг булаацалдсан эр бяр нь тэгширчихсэн байсан үе. Ийм хүчтэнүүдийг өвдөглүүлсэндээ баярладаг юм.

-Түрүү үзүүрийн барилдааны талаар янз бүрийн л ам дамжсан яриа байдаг?

-Өмнөх даваануудад хүнд барилдаан хийсэн болохоор их цуцсан л даа. Бэлтгэл сайн байсан тулдаа л гайгүй сэргэж ирсэн. Гар бадайраад атгаж болохгүй байхаар нь зодогны ханцуйны уяаг сугалчихсан юм. Түргэн барилдвал хаяна гэж бодсон л доо. Баруун ташаагаа өгч гараа өргөөд гүйвэл гүй гэж хөлөө урьд нь тавьчихсан. Ороод ирвэл нь гуядана, сунгаж татна, ачна ухааны юм сэтгэсэн. Мөнхбат ч түргэн ер хөдлөхгүй шүү дээ. Хөл авах янзтай тойроод байснаа зодогны сул ханцуйг эргүүлж имхэрдэж барьчхаад тавьдаггүй. Тавиулах гэж хүчтэй дугтартал зориуд тавьж дагаж ирээд солгой хөл аваад л суулгачихсан даа. Хүний хий алдана гэж ер үгүй . 10 жил тасралтгүй шөвгөрсөн надад олон жил тогтвортой сайн барилдсан гэж улсын арслан цол олгосон доо, тэр наадмаар.

-1964 оны наадмаар долоогийн даваанд та С.Цэрэн аваргыг давсан ч элэг бүсээ тайлаад явчихсан гэнэ лээ. Юу болсон юм бэ?

-С.Цэрэн миний баруун хөлд суугаад дэрлэхэд нь гуядаад дороо хийчихсэн юм. Гэтэл Цэрэнг давсан гэв. Түүнээс болж маргаан гарсан. Шүүгчдийн дотор Булганыхан байж нутгархсан ухаантай юм. Дахиж барилд гэхэд нь барилдаагүй хаяад явчихсан. Үүнээс болж С.Цэрэн бид хоёр муудалцсан юм байхгүй. Сайхан нөхөрлөөд тэр маргаан дэвжээндээ үлдсэн. Сүүлд С.Цэрэн намайг зургаагийн даваанд амлахад нь би давсан.

-Та улсын баяр наадамд нийт хэд шөвгөрсөн бэ?

-Би төрт ёсны наадамдаа 20 жил барилдаж 17 шөвгөрсөн амжилт үзүүлсэн. Үүгээрээ арслангуудын хамгийн дээр зогсоно. Миний үед ч Ш.Батсуурь, Д.Дамдин Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн гээд домогт аваргуудын дундаас шөвгөрнө гэдэг хүнд байсан юм шүү. МҮБХ-оос сүүлд эрэмбэ тогтоосон. Үүнд сэтгэл дундуур явдаг юм. Улсын арслан цолтой хоёр бөх байхад түрүүлж цолоо авсан нь дээр зогсдог уламжлалтай. Үүнийг өөрчилж шатарчилсан барилдаанд байр эзэлж медаль авсан бөхчүүдийг улсын наадамд шөвгөрснөөр тооцоод эрэмбэ тогтоосон. Энэ их буруу. Төрт ёсны наадамд шөвгөрч барилдах, шатарчилсан барилдаанд унаж, босож барилдах тэнгэр газар шиг ялгаатай. Наадмаар гэнэ алдаад өвдөглөчихвөл дуусаа. Бүтэн жил хүлээнэ. Сүүлд арслан цол хүртсэн бөх аварга болж байж л дээр нь гарах учиртай. Монгол бөхийн уламжлал ийм.

-Өнөө жил таны нутгийн залуу Ч.Санжаадамба наадамд түрүүлчихсэн бол даян аварга болох байсан ч чадсангүй. Алдаа оноог нь яаж харж байна?

-Гүйцэд хашир суугаагүй байна лээ. Ядарчихсан хүнийг дайраад яваад барилдчихсан бол хаяж болно. Хүлээж зогсч байгаад унасан. Уул нь түрүүлчихсэн бол дархан аварга болоход ганц түрүү л үлдэх байсан юм. Цаашдаа түрүүлэх биз ээ.


Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэв: Бидний нэгдмэл үйл ажиллагаа боловсролын чанарыг сайжруулна

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор О.Пүрэвтэй ярилцлаа.


-Та аль нутгийн хүн бэ. Өөрийнхөө сурч төгссөн сургууль, нутаг усаа танилцуулахгүй юу?

-Би Говь-Алтай аймгийн Шарга сумын Татаал гэдэг газар 1950 онд төрсөн. Аймгийн төвийн арван жилийг төгссөн. Дараа нь тухайн үеийн Улсын багшийн дээд сургуульд Түүх, нийгэм судлалын багш мэргэжлийг эзэмшсэн. Багаасаа энэ түүх, нийгмийн чиглэлд сонирхолтой байсан юм. 1983 онд А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний институтийн филиал төгссөн. Аймгийнхаа Тонхил сумын найман жилийн сургуульд багшаар ажлын гараагаа эхлүүлсэн. Тэнд 1975 он хүртэл ажиллахдаа сүүлийн хоёр жилд нь хичээлийн эрхлэгчийн албыг хашсан. Сумын сургууль гэдэг соён гэгээрэл, боловсрол олгох гол газар байлаа. Суманд сургууль их нэр хүндтэй. Яагаад гэвэл тухайн үед дээд боловсрол эзэмшсэн мэргэжлийн багш их ховор байсан учраас ард иргэд, сурагчид биднийг их хүндэлдэг байсан. Энэ утгаараа бид соён гэгээрүүлэх, мэргэжлийнхээ хичээлийг чанартай заах, хүүхдүүддээ өгөөжтэй ажиллах, энэрэн хайрлах, үлгэр дуурайлал үзүүлэх тал дээр чармайдаг байсан. Би чинь дөнгөж л 22 настайдаа багшлахаар очсон гэхээр сурагчдаасаа ялгаагүй хүүхдээрээ шахуу байсан даа.

-1975 он хүртэл ажилласан гэлээ. Дараа нь хаана, ямар ажил хийсэн юм бэ?

-Өөрийн төрсөн нутаг Шарга сумынхаа дунд сургуулийн захирлаар томилогдсон. Шарга сумын бага сургуулийг дунд сургууль болгох шаардлагатай болсон. Бүрэн бус дунд сургууль байгуулна гэдэг чимхлүүр ажил шаардсан амаргүй юм шүү дээ. Хичээлүүдийг шинээр оруулах, тэнд шаардлагатай багш нарыг буй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эцэг эхтэй нарийн холбоо тогтоох, сумын байгууллагуудтай нягт хамтарч ажиллах чамгүй зорилтуудад хүрсэн. Хамгийн гол нь санаачилгатай бүтээлч ажиллах багш нарыг бүрдүүлэх гэж их чармайсан даа. 1978 оноос Аймгийн боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон. Багш мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш судалгаа шинжилгээний ажил тасралтгүй хийж байсан учраас 1980 онд Ардын боловсролын яамны харьяа Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд Түүх, нийгмийн ухааны боловсрол, сургалт судалдаг эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон. Одоогийн Боловсролын хүрээлэнд шүү дээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл багшлах болон судалгаа, шинжилгээний ажил хийж байна.

-Таныг 1980-аад оны сүүлчээр Нийгмийн тухай мэдлэг хичээлийг анх санаачилсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Боловсрол, сургалтад шинээр санаачилж оруулсан хичээл -судлагдахуун, хөтөлбөрүүд гээд нэлээд зүйл байгаа. Миний бие энэ хичээлийг санаачилж, сургалтын төлөвлөгөөнд оруулан, мэргэжлийн нөхдийнхөө хамт агуулга, арга зүйг боловсруулан, сургалтад нэвтрүүлсэн юм. Мөн ерөнхий боловсролын сургуульд Хүн төрөлхтний товч түүх, Эрх зүй хичээлийн хүний эрхийн хэсэг, Нийгмийн ухаан хичээлийн ардчилал бүлгийг анхлан санаачилж, сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурах бичгийг нь бичилцсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээл маань зорилго, агуулга, бүтэц нь өргөсөж, Нийгмийн ухаан гэдэг нэртэй болсон. 1964-1986 онуудад Нийгэм судлал гэж ордог байсан. Энэ хичээл нь ерөнхийдөө нэг үзэл суртлыг сурталчилсан, гол санаа, агуулга нь социализм, коммунизмын тухай ойлгуулахад чиглэсэн байсан юм. Тиймээс энэ хичээлийг Нийгмийн тухай мэдлэг, улмаар нийгмийн ухаан болгон өөрчилж, нийгмийн амьдралын нийгэм, соёл, улс төр, эрх зүй, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг хүрээнүүдийг хамруулан судлах, энэ талын мэдлэг, чадварыг суралцагчдад олгох болсон. Ингэснээр хүүхэд, залуус улс, нийгмийнхээ тухай системтэй үзэж, судлах боломж бүрдсэн. Өнөөдөр ЕБС, их, дээд сургуульд суралцагчид энэ хичээлийг залгамжтай судалдаг үнэ цэнэтэй хичээл болсон. Мэдээж хэрэг би үүнийг санаачилж, агуулга, арга зүйг нь тавьсан боловч мэргэжлийн хүмүүсийн хамтын оюун санаагаар бүтсэн. Миний оруулсан бас нэг чухал хувь нэмэр гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийг сурагчдад судлуулах сургалтын хөтөлбөрийг анхлан боловсруулж, сурах бичгийг нь доктор Д.Дашцэдэн гуайн хамт бичсэн. Мөн Хүний эрхийн тухай анхны сурах бичиг, гарын авлагыг бичсэн явдал юм. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг сурагчдад танин мэдүүлэх үүднээс сурах бичиг, гарын авлагыг бичсэн. Ардчилсан Үндсэн хуультай болох нь маш том дэвшил ч түүнийг хүүхэд, залуустаа боловсролын зорилгоор судлуулах нь хууль батлахаас ч дутахааргүй ажил юм шүү. Мөн Нийгмийн ухааны сурах бичигт Ардчилал бүлгийг оруулснаар ардчиллын тухай ойлголт, Монголд ардчилал хэрхэн буй болсон, ямар ололтод хүрсэн бэ гэдгийг суралцагчид судлах болсон.

-Эдгээрээс гадна ЕБС-д үзэж, судлах Иргэний боловсрол хичээлийн сургалтын агуулгыг боловсруулсан юм байна. Энэ хичээлийн зорилгыг эцэг, эхчүүд төдийлөн сайн ойлгодоггүй юм шиг санагддаг?

-2010 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар ЕБС-д иргэний боловсролын хүрээнд Монголын өв соёл, уламжлал, зан заншил, ёс суртахууныг судлах хичээлийг оруулахаар болсон. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байсан. Энэ зарлигийг гаргахын тулд эрдэмтэн судлаач биднээс санал авсан. Миний бодлоор цаг үеэ олсон шийдвэр гэж үздэг. Улсын нийт иргэн бол нийгмийнхээ гишүүн учир улсынхаа өв соёл, ёс уламжлал, зан заншлыг ухаарч танин мэдсэн, эрх үүргээ мэддэг, хариуцлагатай, оролцоотой байх ёстой. Аль ч улс оронд ингэж үздэг. Тийм учраас 2010 оноос эхлэн Иргэний боловсрол хичээлийн зорилго, агуулга, арга зүйг нь боловсруулсан. Ингэхдээ уламжлалт болон орчин үеийн иргэний боловсролын агуулга, бүтцээр боловсруулсан юм. Уламжлалт иргэний боловсрол гэдэг нь манай соёл иргэншлийн цөм үнэт зүйлүүдийн тухай мэдлэг, хандлага, хүмүүжлийг хэлнэ. Бид байгаль, дэлхийдээ ээлтэй ханддаг, хүн хүнээ хайрладаг ёс уламжлалтай. Иргэний боловсрол хичээл нь энэ бүхнийг багтаасан бүлэг сэдэвтэйгээс гадна орчин үеийн иргэний боловсролыг олгодог. Үндсэндээ ардчиллын үнэт зүйлүүдийг ойлгож, мэдэрдэг, идэвх оролцоотой, бүтээлч санаачилгатай, орчин үеэ мэдэрсэн, үүнийгээ зан үйл болгосон орчин үеийн иргэний хандлагыг энэ бүлгээр сурагчдад төлөвшүүлэх юм. Ийм агуулгатай сурах бичиг, гарын авлагыг бид эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн хамтын хүчээр зохиосон. Үүнийг одоо мөрдөж байна.

-Боловсролын салбарт цаашид анхаарах зүйлс юу байна вэ?

-Түрүүний асуулттай уялдуулаад хэлэхэд Иргэний боловсрол хичээлийг бусад хичээлүүдтэй нарийн шүтэлцүүлж, цул бүхэллэг агуулга, арга зүйгээр заах явдал ЕБС-ийн багш нарт дутагдаж байна. Тиймээс үүнийг агуулга, арга зүйн хувьд хангалттай сайн багшилж, сурагчдад сургаж чадахгүй дутагдал бий. Багш хичээлээ сайн заахыг багшлахуй, сурагч сайн сурахыг суралцахуй гэдэг. Багшлахуй, суралцахуй хоёр аль аль талаасаа их үр дүнтэй байвал боловсролын чанар, тухайн сурагчийн сурлагын амжилт, мэдлэг, чадвар, хандлага цогцоороо сайжирна. Уламжлалт багшлахуйн үнэт зүйлүүдийг орчин үетэй хослуулж сурагчдад сурах арга барилыг эзэмшүүлэх, тухайн хүүхдийнхээ сурах хэв маягийг сайн мэдрэх арга барил дутагдалтай байна. Нөгөө талаараа сурагчид өөрсдөө сурах үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Нийгмийн сайн гишүүн болох, аж амьдралаа сайн авч явах, улс нийгмээ хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд сурагч хүн чин сэтгэлээсээ ханддаг чанар дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн болон тэвчээр хатуужлын боловсрол дутаж байна. Үүнийг зөвхөн багшлахуйгаар засаж, сайжруулж болохгүй. Сурагч өөрөө өөрийгөө жолоодож, өөрийнхөө хувь хөгжлийнхөө төлөө ажилладаг бүтээлч хандлага, хүсэл тэмүүллийг жигд буй болгох хэрэгтэй. Өөрийнхөө төлөө хариуцлагатай санаа тавьдаг сурагчид бий. Гэхдээ жигд бус. Өөрөөр хэлбэл, сурагч нэг бүр сурлагын чанарынхаа эзэн болж чадахгүй байх дутагдал бий. Энэ бүхэнд гэр бүл, эцэг, эх, багш, сурагч, нийгэм, олон нийт, төр засаг бүгдийн хамтын нэгдмэл үйл ажиллагаа дутагдалтай байна. Үүнийг онол, практикийн түвшинд салгаж ярих нь өрөөсгөл. Бүгд нэгдмэл байдлаар хөдлөх, үйлдэх юм бол чанартай боловсролыг сурагчдад эзэмшүүлэх боломжтой. Энэ бол монгол хүний, монгол үндэстний төлөө үйл юм.

-Чанартай боловсролыг бий болгоход өөр ямар зүйлсийг хийх вэ?

-Монгол хүний, монгол сурагчийн үнэ цэнийг өндөржүүлэх шаардлагатай байна. Ийм боломж, чадавх манай хүүхэд, залуучуудад бий. Боловсролыг чадамжтай, чанартай болгоно гэхээр мэдэж чаддаг, суралцаж, хамтаараа амьдарч, нийгэмшиж чаддаг ийм чадамжуудтай болохыг шаарддаг. Ийм боломж байгаа. Үүнд би хоёр зүйлийг цохож хэлье. Нэгдүгээрт, монгол хүний, сурагчдын амин чанарыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Амин чанар гэдэг нь монгол хүний гол үнэт зүйл юм. Монгол хүн ерөнхийгөөс тусгай руу сэтгэх, хурдан сэтгэн бодох, сэтгэлгээний цар хүрээ өндөр зэрэг олон онцлог чанар бий. Монгол хүний гар юуг ч хийх чадвартай. Жишээ нь, япон хүний гар гэхэд инженерийн гар байдаг гэдэг. Би боловсролын хүн судлал гэдэг талаас нь харахад ийм жишээ гарч байна. Монгол хүний амин чанараас үүдсэн үнэт зүйлүүд бий. Энэ бол дэлхийд хаана ч бүтээгдээгүй нүүдэлчдийн бүтээсэн соёл иргэншлийн зүйлс юм. Монгол хүний амин чанар гэдэг нь биднийг бусдаас ялгаруулж, онцгойруулж байдаг, бас нэгтгэж, эелэлдүүлж байдаг үнэт зүйлийн цогц. Жишээ нь, сонгодог нүүдлийн мал аж ахуй бол бидний үнэт зүйлийн нэг юм. Мал аж ахуйн технологи, монгол гэрийг дурдаж болно. Монгол гэр гэхэд нүүдэлчдийн бүтээсэн оюуны соёл. Монгол гэрийг бүтээхдээ оюун ухаан, технологи, аж төрөх арга ухаанаа бүгдийг нь шингээж, байгаль, нийгэм, хүний үйл ажиллагааг цогцлоосон юм. Монгол наадам буюу үндэсний бөх, хурдан морь, сурын харваа нь монголчуудын бүтээсэн үнэт зүйл. Энэ бол бусад үндэстнээс ялгагдах гол ялгаа. Энэ мэт бүтээх чадвар, хүсэл эрмэлзэлтэй нь амин чанарыг нь сэргээх хэрэгтэй.

-Хоёрдугаарт нь?

-Монгол хүний эрчимт чанар гэж бий. Эрчимт чанар Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний үед буцалж байсан. Эрчимт чанарт эр зориг, тэсвэр хатуужил, оюун ухаан, ертөнцийн био эрчим хүч багтана. Эрчимт чанар сав, шим ертөнцийн эрчим хүчээр тэжээгдэнэ. Одоо ч энэ чанар монгол хүнд бий. Тэнгэрийн эрчим хүч, газрын эрчим хүч, монгол хүний эрчим хүч энэ гурав нийлэхээр ухаантай, эр зоригтой, тэсвэртэй, бэрхшээлийг давах чанарыг бүрдүүлдэг. Үүнийг сэргээх юм бол монгол хүний хөгжил, төлөвшил, хүмүүжил шинээр буй болж, өрсөлдөх, бүтээх чадвар бий болох үндэстэй. Тэгэхээр амин чанар, эрчимт чанарыг боловсролдоо шингээх хэрэгтэй. Мэдээж дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй. Түүнийг авч зөв идээшүүлэх нь чухал.

-Таны ярьсан эдгээр чанаруудыг боловсролын системд оруулах арга юу байна?

-Өөрсдийн соёл иргэншлийн давуу тал, үнэт зүйлүүдийг сайн судлаад сургалтынхаа хөтөлбөрт суулгах юм. Монгол хүний амин чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах асуудлын талаар би бичсэн. Судлаад боловсролын зорилгодоо үнэт зүйлүүдээ тусгаж, албан, албан бус сургалтаар сургах шаардлагатай.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Үнэг одтой, улаагчин тахиа өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Бархасбадь гариг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:36 цагт мандан, 17:38 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Засгийн газар 2019 оны төсвийн төслөө татаж авах уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Цэнддоогийн “Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд” хэмээн өгүүлснийг уншаарай.

“Засгийн газар 2019 оны төсвийн төслөө татаж авах уу” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын Д.Тогтохсүрэн: УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр зөвшилцөх, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Зүүн хойд Азийн том орнууд Монголоос эрчим хүч авна гэцгээв” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Б.Батзориг: Өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байна хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Тэнгэр плаза” худалдааны төвд гарсан хүн амины хэрэг гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэв хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Малын махыг бар кодтой болгоно” хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт бичжээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбат: Хөрөнгийн урсгал, эргэн төлөх боломжийг нь тооцож зээл олгох шаардлагатай гэсэн журам гаргана гэж ярьсан байна.

“Хэт үндсэрхэг үзэл, популистуудын хоосон амлалт ч хөрөнгө оруулалт саарахад нөлөөлж байна гэлээ” хэмээн “Томилолт” нүүрт өгүүлжээ.

“Олноос тас нуусан А/88 тоот тушаал буюу ЖДҮ-ийн сангаас зээл авсан компаниудыг “Өдрийн сонин” зарлаж байна” хэмээн “Улс төр” бичив.

СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан: Саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч чадна гэж “Энэ тухай” нүүрт ярив.

“Түмэн шавь нарынхаа сэтгэлд хоногшсон их багш” хэмээн “Багш” нүүрт нийтэлжээ.

“Улс орнуудыг заагладаг шугамнаас хурдан салахыг уриаллаа” гэж “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлэв.

“Сонгодог урлагийн их сүм хүүхэд, залуусаар дүүрэн байна” гэж “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ