Чуулганы төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрээр “Ажил үйлсийн хувьд нэг жил гэдэг бол багагүй хугацаа. Гарын алганаас өргөс аваад хаясан юм шиг нэг өдөр бүх зүйлийг засаж залруулж чадахгүй. Надад цаг хугацаа хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт шударга ёсыг нийгэмд тогтоож бэхжүүлэх, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлд бүх боломжтой зүйлээ дайчилж байна. Саарч байсан эдийн засгаа хазаарлаж чадлаа. Одоо сэргээхэд анхаарч ажиллана. МАНАН гэх хууль бус пирамид шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө бүх зүйлийг хийнэ. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хэрэв би үлдвэл парламентад сууж байгаа нэлээн хэдэн хүнтэй хариуцлага тооцно. Ёсзүйн болоод хууль зүйн хариуцлага тооцно. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд буруутай гэж бодохгүй байна. Найз нөхөд, хүн чанараа бодоод зурсан байх. Гол нь эх орноо бодьё. Албан тушаалтныг битгий хайрла. Хоёр гурван даргыг албан тушаал дээр байлгах гэж битгий хүс. Нөхөр М.Энхболд дарга та өргөдлөө өг гэж намын даргын хувьд хэлж байна. Үүнийг би үлдсэн ч үлдээгүй ч шаардах болно. Та бол УИХ-ын дарга хийх ёс суртахууны чадамжгүй хүн. Битгий энэ олон нөхдийнхөө сэтгэл санааг зовоо. Та олон жил дарга хийж, төрийн тэргүүний сонгуульд өрсөлдлөө. Одоо болоо юм биш үү. Цаашдаа хууль хяналтын байгууллага бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой юм байна. Өнөөдөр төрдөө тангараг өргөсөн хуулийн байгууллагын олон мянган ажилтнууд хууль бус үйлдэл хийдэг болчихсон, эх орондоо өргөсөн тангарагаасаа урвасан хүмүүс байна гэж үзэхгүй байна. Хуулийн байгууллагыг улсын байгууллага болгодог хүмүүс нь улс төрчид. Хуулийн байгууллагынхныг дарамтална, шахна, шаардана, сүрдүүлнэ. Эцэст нь уусгаж авна. Ингээд хуулийн байгууллагынхан өнөөдөр улс төрийн ажил хийдэг болсон. Улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль, шүүхийн байгууллага улс төрийн ажил хийхээ больж ард олныхоо төлөө ажилладаг болох ёстой ” хэмээлээ.