Categories
мэдээ спорт

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс манай улс долоон медаль хүртлээ

Манай улсад 47 жилийн түүхэнд анх удаа тивийн хэмжээний тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 2018 оны аравдугаар сарын 26-28-нд Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Тэмцээнд БНХАУ-ын Тайвань, БНАСАУ, БНХАУ-ын Хонг Конг, Энэтхэг, Казакстан, БНСУ, Кыргызстан, Тайланд, Узбекстан, Вьетнам, Монгол нийт 11 орны 100 гаруй тамирчид, шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон юм. Тус тэмцээнээс манайх нийт хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдсэн байна. Тодруулбал,

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Залуучуудын ганцаарчилсан “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд Сод-Одын Энхжин хүрэл медаль

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Булав”-тай дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Тууз”-тай дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Цагариг”-тай дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Багийн төрөлд 2 “Олс”, 3 “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд Монгол улс мөнгөн медаль,

-Энэ тэмцээний хамгийн онцлог шагнал болох “Ганцаарчилсан баг”-ийн төрлөөр Монгол улс мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

МАНАЙ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

-Багийн ахлагч: Г.Ерөөлбат

-Багийн менежер: Ч.Отгонцэцэг, Б.Бат-Отгон

-Дасгалжуулагч: М.Булган, Б.Болормаа

-Шүүгч: Б.Хулан, Б.Халиун, Б.Эрдэнэзаяа

-Тамирчин: Х.Ундрам, С.Энхжин, Г.Номин-Эрдэнэ, Ц.Зулзаяа, Б.Хишигзаяа, Б.Хишигбуян, А.Номинзул, Э.Элбэрэл, Э.Энхдалай, Ц.Энхжин, Г.Марал, У.Анхилуун, Г.Энх-Үжин, Б.Хүслэн нарын 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийнхны эх хэл, унших чадвар хөгжүүлэх арга зүйн сургалт эхэллээ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд “Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй” сэдэвт сургалт эхэллээ.

Тус сургалтыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэн, Бага боловсролын эх хэлний сургалтыг дэмжих баг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Үндэсний сургагч багш нар, Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар хамртан зохион байгуулж байна.

Энэхүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэхэд дэмжлэг болох, зарим арга хэрэгслийг сонгогдсон сургуулийн бага ангийн багш нарт түгээх зорилготой юм. Сургалт сурагчдын амралтын өдрүүдийг тохиолдуулан 10 дугаар сарын 29-нөөс эхлэн 11-р сарын 2 хүртэл таван өдөр үргэлжилнэ. Сургалтад Алтай, Манхан сумын ЕБС-ийн, Жаргалант сумын 2, 3, 7-р сургуулийн бага ангийн нийт 80 гаруй бага ангийн багш, тухайн сургуулиудын бага ангийн сургалтын менежерүүд оролцож, тулгамдаж буй асуудлаа ярилцахын зэрэгцээ, харилцан туршлага солилцож байна.

Categories
мэдээ спорт

Спортын мастер Г.Пүрэвийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо

Ховд аймгийн 200 гаруй өсвөрийн шатарчид оролцсон Эрдэнэбүрэн сумын харъяат Техникийн ухааны дэд эрдэмтэн Шатрын спортын мастер Г.Пүрэвийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг сайжруулах, Ховд аймгийн шатрын спортын хөгжлийг дэмжиж аймаг орон нутгаасаа шилдэг тамирчдыг тодруулж, цаашид дэмжиж ажиллах зорилгоор уг тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнийг шатрын спортын мастер Г.Пүрэв агсны хүү “Төгс ургац” ХХК-нийн захирал П.Баясгалан болон түүний хүргэн Ү.Ганболд нар санаачлан ивээн тэтгэж, аймгийн БТСГазар, аймгийн шатрын холбоо, Жаргалант сумын 12 жилийн 7 сургууль, Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулиуд хамтран энэ сарын 27-ны өдөр зохион байгуулав. Уг тэмцээн 10 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй, 14 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй гэсэн ангиллаар явагдлаа.

10 хүртэлх насны эмэгтэй ангилалд: 1дүгээр байранд Жаргалант сумын Цаст алтай цогцолбор сургуулийн сурагч Ази тивийн өсвөрийн аварга М.Ялгуун ,

10 хүртэлх насны эрэгтэй ангилалд: 1-р байранд Жаргалант сумын 7 сургуулийн сурагч М.Уугантөр,

14 хүртэлх насны эмэгтэй ангилалд: 1-р байранд Жаргалант сумын 1-р сургууль сурагч М.Мичидмаа,

14 хүртэлх насны эрэгтэй ангилалд: 1-р байранд Ховд сумын ЕБС-ийн сурагч М.Мейранбек нар шалгарч бусдыгаа манлайллаа.

Харин нийт оноо багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Жаргалант сумын 7-р сургууль, 2 дугаар байр Жаргалант сумын Цаст Алтай Цогцолбор сургууль, 3 дугаар байрыг Ховд сумын сургууль эзэллээ Тэргүүн байранд шалгарсан Жаргалант сумын 7 дугаар сургууль алтан медаль, шилжин явах цомын эзэн болов.

Categories
мэдээ нийгэм

Арван нэгдүгээр сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байна

Баян-Өлгий аймгийн нутгаар 11 дүгээр сард агаарын температурын сарын дундаж 9-13 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тэрээр нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан, нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх аж. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Тухайн сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бөгөөд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орно.

Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр салхины хурд зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Гамшгийн түвшинг шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг батлав.

Гамшгийн зэрэглэлийг орон нутгийн /шар/, бүс нутгийн /улбар шар/, улсын хэмжээний /улаан/ гэж тогтоох юм байна. Ингэхдээ гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзнэ.

Тухайлбал хоёр хүртэл аймаг, дүүргийг хамарсан гамшигт 10-100 хүртэл хүн нэрвэгдэж 10 хүртэл хүн амиа алдсан бол зэрэглэлийг орон нутгийн гэх бөгөөд түвшинг шар өнгөөр тэмдэглэх юм.

Гурав ба түүнээс дээш аймаг, дүүргийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол бүс нутгийн буюу улбар шар, хоёр ба түүнээс дээш бүс нутаг, нийслэлийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол улсын хэмжээний гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэхээр боллоо.

Товч мэдээ

-Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.

-Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яаманд, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр холбогдох журамд өөрчлөлт оруулав.

-Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-Зорчигчийн хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “Скайкатеринг” компанитай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй юм байна.

-“Монголын үндэсний маркетингийн холбоо”-ны саналыг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хамгийн найдвартай автомашинуудыг нэрлэжээ

Америкийн “Consumer Reports” сэтгүүлийн шинжээчид дэлхийн хамгийн найдвартай автомашинуудын жагсаалтыг гаргасан байна.

Тус сэтгүүлийн мэргэжилтнүүд судалгаа хийх явцдаа хагас сая гаруй жолоочийн дунд санал асуулга явуулжээ. Судалгаанаас харахад, Азийн компаниудын хувьд Японы “Lexus”, “Toyota”, “Mazda”, “Subaru”, Өмнөд Солонгосын “Kia” загварын автомашинуудыг илүү найдвартай гэж үздэг байна. Харин Европын зах зээлд “Audi”, “BMW”, “Mini Cooper”, “Porsche”“Volkswagen” загварын автомашинуудыг аюулгүй байдлын тал дээр илүү найдвартайд тооцдог аж. Тэгвэл Америкийн бүс нутагт “Ford”, “Buick”, “Lincoln”, “Dodge” болон “Jeep” загварын машиныг илүүд үзжээ.

Үүнээс гадна, шинжээчид автомашины хамгийн аюулгүй загваруудын талаар санал асуулга явуулахад, түүнд оролцогсод “Lexus GX”, “Toyota Prius C”, “Mazda MX-5 Miata” болон “Subaru Crosstrek” загварыг нэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дотоод удирдлага хяналтын цогц системийн сургалт боллоо

Нийслэлийн харьяа байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох, мэдээллийн чанар, хурд, нийслэлийн төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шинэ шийдэл бүхий “UB ERP” дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү систем нэвтэрсэнээр төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр үзүүлэх суурь тавигдах юм.

Дотоод удирдлага хяналтын шинэ системийг үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдад эзэмшүүлэх зорилго бүхий сургалтыг НМТГ-аас үе шаттайгаар зохион байгуулж ээлжит сургалтад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа байгууллагууд, хороод, сургууль, цэцэрлэгүүдийн хүний нөөц, мэдээлэл технологи хариуцсан 200 гаруй албан хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайтын замыг 2.5 жилд барьж дуусгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Дээрх компани гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2.5 жилд багтаан барих бөгөөд 12 жил ашиглаж төрд шилжүүлэх юм. “Тал нутгийн хөгжлийн зам” компанид төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй. Зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж үзэж байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс “Цагаан дэл” уул хилийн боомт хүртэлх 270 км замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Ундрах говь” компанитай концессын гэрээ байгуулахаар болов. Төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд компани шаардагдах хөрөнгийг гаргах юм.

Үүний зэрэгцээ Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн явцыг хэлэлцэв. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолд заасны дагуу Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэл болгон өөрчлөн “Нако” компанитай концессын гэрээний хэлэлцээ хийж, санал дүгнэлтээ танилцуулахыг Үндэсний хөгжлийн газрын даргад Б.Баярсайхан даалгав.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам маргаашнаас хэрэгжинэ

Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнд:

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх;

Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх;

Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.

Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө цахилгаан түгээх шугам сүлжээний техникийн боломжтой уялдуулан дараах зохицуулалтыг хийнэ. Үүнд:

220 В-ын буюу 1 фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд 700 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх;

380 В-ын буюу 3 фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. 1500 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд Нийслэл хотын 120000 орчим айл өрх, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 15000 орчим айл өрх, нийтдээ улсын хэмжээнд 135000 орчим айл өрх хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Сумъяабазар Австрали улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайдтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Австрали Улсын Мельбурн хотноо энэ сарын 29-нөөс 11 дүгээр сарын нэгний өдрүүдэд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцож байна. Сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.10.31/ тус улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайд, Сенатын гишүүн Матт Канавантай уулзлаа.

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Монгол Улс, Австрали Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өдгөө улс төр, боловсрол, уул уурхай, эдийн засаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг олон салбарт өргөжин өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл өндөр байдгаа хэллээ. Мөн тэрбээр одоогийн байдлаар Австралийн хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг хэлсэн юм.

Ноён Матт Канаван сайд Д.Сумъяабазарыг цаг гарган уулзсанд талархал илэрхийлж, Монгол, Австрали улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сайд Д.Сумъяабазар хоёр улсын хоорондын уул уурхайн салбарын харилцааг бэхжүүлэхийн тулд австралийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээллээр хангаж ажиллах нь чухал болохыг онцлов. Иймд энэ жил Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалтын үеэр “Mongolia@IMARC 2018” арга хэмжээг 11 дүгээр сарын нэгний өдөр зохион байгуулахаа дуулгав.