Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийв

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталсан А/290 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Увс аймагт есдүгээр сарын 27-10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 10 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулсан юм.

Үзлэг шалгалтаар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Мона Лиза”-г будааны жигнэмэгээр бүтээжээ

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Японы хойд нутгийн Сайтама мужийн Сока хотод будааны 24000 ширхэг жигнэмэг ашиглан “Мона Лиза”-гийн аварга том хөргийг бүтээсэн байна.

Энэ нь будааны жигнэмэгээр бүтээсэн хамгийн том шигтгэмэл зураг /мозаик/ болж, “Геннис”-ийн шагнал хүртжээ. Бямба гарагт гимнастикийн талбайд эхэлсэн уг уран бүтээлийг бүтээх ажилд Сока хотын 200 гаруй оршин суугч оролцсон бөгөөд тэд долоон өнгийн “Сэмбэй” жигнэмэг ашиглаж, гэрэл сүүдрийн ялгарлыг дүрсэлсэн ажээ.

13 метр урт, 9 метр өргөн зургийн сүүлийн жигнэмэгүүдийг хотын дарга болон бусад төлөөлөгчид байрлуулсан ба “Геннис”-ийн дээд амжилтын шагналыг гардуулах ёслол мөн ням гарагт болсон байна.

“Үнэхээр хөгжилтэй байлаа” гэж гэр бүлийнхэнтэйгээ хамт “Мона Лиза”-г бүтээхэд оролцсон 7 настай Мэй Хамано хэлжээ. Харин шагнал гардуулах ёслол дуусмагц уран зургийн хувилбарыг буулгаж, “Сэмбэй” жигнэмэгүүдийг үнэгүй бэлэг болгон хүмүүст тараасан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Намрын ээлжит чуулганы нээлтийн ёслолын дараа намын бүлгүүд хуралдахаар товлосон байна

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 11 дүгаар дүгнэлт, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Намын бүлгүүд 10.00 цагт УИХ-ын 2018 оны Намрын ээлжит чуулганы нээлтийн ёслолын дараа хуралдахаар товлосон байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарсайхан: Шинэ дүрэм 11-р сарын 1-нээс эхэлж мөрдөгдөнө

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхантай ярилцлаа.


Тээврийн цагдаагийн алба байгуулагдлаа. Энэ албаны талаар тодруулахгүй юу?

-Энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллагын дотоод алба, бүтцэд зарим өөрчлөлт хийгдсэн. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний нисэхийн агаарын тээвэр дэх цагдаагийн газар хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”-ыг байгуулсан. Өмнө нь Замын цагдаагийн алба, Иргэний нисэхийн агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар гэсэн нэгжүүд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Одоо эдгээр нь төрийн бодлогын дагуу хамт нэг зохион байгуулалт орж ажиллахаар боллоо.

Шинэ Эрүүгийн хууль тогтоомжид 27 дугаар бүлэг гэж бий. Тус бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” гэсэн тодорхой заалтуудыг тусгасан байдаг. Үүнийг хариуцаж ажиллана гэсэн үг.

-Сүүлийн үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Сүүлийн үед нийслэлд хүндэрч буй асуудлын нэг бол замын түгжрэл болоод байгаа. Өөрөөр хэлбэл, замын даац хэтэрч, ачааллаа дийлэхээ больсон. Манай улсад жилд дунджаар 50-60 мянган машин нэмэгддэг. Нийслэлд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик бий. Улаанбаатарт хөдөө, орон нутгаас тогтмол эргэлтээр 60-80 мянган тээврийн хэрэгсэл орж ирж, хөдөлгөөнд оролцдог. Ялангуяа оюутан, сурагчдын хичээл эхлэх үеэр ачаалал үүсч, хүндрэл бий болдог. Замын цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна. Алба хаагчдын орон тоо хүрэлцэхгүй байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагад хүн хүч нэмэх шаардлага тулгарсан.

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өөр ямар бэрхшээл тулгарч байна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тээврийн хэрэгслийн тоо ихэссэнтэй холбоотойгоор замын байгууламж, шинэчлэлт хийсэн боловч ачаалал нь буурахгүй байгаа. Бусад орнуудын туршлагыг судалж байна. Зам, гүүр барьж байгаа мөртлөө хотын түгжрэл багасдаггүй тохиолдол байдаг юм билээ. Манай улсад энэ талаар төрийн бодлого үгүйлэгдэх болсон. Зарим зүйл, зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Тухайлбал, Бээжинд хөдөө, орон нутгийн дугаартай машиныг нийслэл рүүгээ оруулдаггүй зарчим мөрддөг байх жишээтэй. Манайд ид ачаалалтай үеэр түгээлтийн гучаад мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Үүнийг өглөө юм уу, эсвэл шөнийн цагаар явуулах албан ёсны мөрдлөг, журам хэрэгтэй байна. Мөн өндөр насжилттай машиныг оруулж ирэхийг хориглох нь зүйтэй. Нийт импортоор оруулж ирж буй машинуудын 60-70 хувь нь арваас дээш жилийн насжилттай байдаг юм. Энэ нь тухайн оронд тус автомашины гүйлт норм болох моторынх нь элэгдлийн хүчин чадал нь дууссан машинуудыг хэлж байгаа хэрэг. Үүнийг хямд үнээр иргэд худалдан авдаг. Дэлхий дахинд автомашиныг зургаан жил хэрэглэсэн бол гүйлт норм нь дууссан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ийм автомашин агаарын бохирдол бий болгож, эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Иймээс уг асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.

-Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ…

-Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, жолооч, зорчигчдын анхаарах зүйлүүдийн тухай тодорхой хэмжээний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа болгон явуулж байгаа. 20 гаруй сургагч багш нар бэлдлээ. Үүний дагуу аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад яриа таниулга хүргэсэн. Тухайлбал, цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм нь одоогийн нөхцөл байдалтай сайтар уялдаж өгсөн. Дүрмийн боловсруулалтад ажлын хэсгийнхэн сайн ажилласан. Иргэдийн зайлшгүй мэдвэл зохих 30 гаруй дүрмийн өөрчлөлтүүд орсон байна.

-Шинэ замын хөдөлгөөний дүрэм дэх заалтуудаас иргэд нэн түрүүнд анхаарах шаардлагатай зүйл юу байна?

-Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Гол өөрчлөлт нь хүн тээвэрлэхтэй холбоотой юм. Тэр дундаа хүүхдийг тээвэрлэхэд ямар дүрмийг баримтлах ёстой вэ гэдэгт хяналт илүү сайжирна. Шаардлага өндөр болсон. Жилд 50 хүүхэд ослын улмаас амиа алддаг. Үүний 80 орчим хувь нь хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэлтэй байдаг. Иймээс хүүхэд тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах үүднээс шинэчилсэн дүрэмд боловсруулалт сайн хийгдсэн. Тодруулбал, арав хүртэлх насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр, бага насны хүүхдэд хамгаалалтын суудал бэлдэж, бүсийг нь тогтмол зүүлгэх хэрэгтэй гэсэн заалтууд орсон. Бага насны хүүхдийг тээвэрлэж яваа автобус таних тэмдэгтэй байхыг журамд оруулсан. Тэрхүү таних тэмдэгтэй автобусанд жолооч нар зам тавьж өгч хүндэтгэх ёстой юм. Мөн зам тээврийн осол бууруулах үүднээс хурдны хязгаарлалтуудыг хийж өгсөн. Ялангуяа мотоциклоор явж буй иргэд хурд хэтрүүлсний улмаас хэн нэгний амь насыг хохироодог. Өмнө нь мотоциклоор 80 километрийн цагийн хурдтай явдаг байсан бол одоо 60 километр цаг байхаар заасан. Мөн ачааны автомашины тэвш дээр хүн тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн ачааг дагалдаж яваа хүн болон цэрэг, цагдаа чиглэлийн хүмүүс л хуулийн дагуу явах ёстой.

Зарим гэрлэн дохионд өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал, улаан, ногоон гэрлэн дохио анивчих гэсэн ойлголт байхгүй болно. Харин тоон хэмжүүрийг бий болгоно. Шар гэрэл анивчиж байвал тухайн уулзвар зохицуулалтгүй болсныг мэдэгдэж байгаа юм. Улаан гэрэл анивчиж байвал төмөр замын гарам байна гэж ойлгоно. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа чихэвч зүүхгүй байх, гар утас, компьютер, тоглоом хэрэглэж явахыг хориглоно. Шинэ дүрэмд “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Энэ нь замтай ойролцоох хороолол, шатахуун түгээх станц, барилга байгууламж, үйлдвэр, албан газар буй хэсгийг нэрлэж байгаа юм. Ийм газруудад тусгай дүрэм баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болсон. Жишээлбэл, “Дүнжингарав” худалдааны төвд автомашинууд ямар ч тохиолдолд явган хүнд заавал зам тавьж өгөх ёстой гэх зэрэг зохицуулалтууд орсон. Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт автомашинууд 20 километр цагийн хурдтай явна.

Олон улсад мөрддөг, үр дүнтэй аргуудыг судалсны үндсэн дээр Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг боловсруулсан. Энгийн мөртлөө, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах заалтууд их бий. Хамгийн гол нь иргэд дүрмээ чанд сахиж, биелүүлэх ёстой.

-Төмөр зам, нисэхийн чиглэлд нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу байна. Сүүлд төмөр замтай холбоотой осол гарсан. Үүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Орон нутгийн нислэг нэлээд сэргэж эхэлж байна. Замын цагдаагийн алба хаагчид орон нутгийн нислэгийн аюулгүй байдлын зурвасыг хангахаар ажиллана. Мөн тэд хэв журмыг зохицуулах үүргийг давхар биелүүлнэ. Төмөр зам ч гэсэн ялгаагүй. Тэнд олон өртөө, зам, зангилаа бий. Төмөр замын аюулгүй байдлыг хангах, гармын аюулгүй байдлыг хангах зэргээр шуурхай ажиллана. Олон гарманд хаалт байхгүйн улмаас хүн болон мал санаандгүй, санамсаргүй, гэнэтийн тохиолдлоор дайруулах, автомашин осолдох, галт тэрэг замаасаа гарах, мөргөлдөх осол тасралтгүй их гардаг юм билээ. Үүн дээр тухайн төв, орон нутаг, дүүргийн замын цагдаагийн алба хаагчид нэгдсэн бодлогоор хамтарч ажиллана. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал ч огт буурахгүй байна. Үүнтэй эрчимтэй тэмцэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих байдлыг таслан зогсооно. Гэрэл дохиотой газар бүрт хүн хүчээ ажиллуулж байгаа. Цаашид улам эрчимтэй ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарыг чөлөөлж, Д.Энхжаргалыг томилжээ

Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын төлөөллийн нэг Б.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд Данзанбалжирын Энхжаргалыг томилжээ.

Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм.

Тэрээр Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд Зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

10 дугаар сарын 01-ний Даваа гарагт 10.00 цагаас:

  • Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлт;

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас В танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

10 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлгөөнт эргүүлийн анхны даргаар ажиллаж явсан хурандаагийнх

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Танайд өнжье” булангийн маань энэ удаагийн зочин Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном. Утсаар товлосны дагуу эхлээд ажил дээр нь очлоо. Томоо хүрэн ширээ, ном өрсөн ханын шүүгээ, ардаа амрах хэсэгтэй өрөөнд суудаг юм байна. Биднийг ороход хурандаа “Өглөөний хурлаас дөнгөж сая гарч ирлээ” гэсээр угтав. Орос чихэр, байхуу цайны ард бидний яриа эхэллээ.

Хурандаа 1984-1987 онд Ардын армид цэргийн алба хаасныхаа дараа хуучнаас ЗХУ-ын Минск хотод Улс төрийн дээд сургуульд суралцсанаа сонирхуулав. Хойно сурч байхдаа ханьтайгаа танилцжээ.

Хурандаагийн гэргий С.Сүрэнчимэг мөн хойд хөршид сурч байсан гэнэ. Орост танилцсан хоёр өдгөө гурван хүүгийн ээж, аав болжээ.

Б.Эрдэнэномын даргалдаг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар нь Захиргаа удирдлагын, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын, Төрийн хамгаалалтын, Эргүүл, тусгай хамгаалалтын, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах гэсэн таван хэлтэстэй юм байна.

Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэс нь манай улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдуудын 23 харуулын цэгийг хамгаалахаас гадна Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монголбанкны төв гэх зэрэг улсын онц чухал объектуудыг хамгаалах үүрэгтэй ажилладаг аж.

Харин төрийн хамгаалалтын хэлтэс нь төр, засгийн тэргүүн, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеийн хамгаалалтыг хариуцдаг байна. Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн хувьд гадаад орнуудын өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн айлчлал, нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалтыг зохион байгуулдаг гэж Б.Эрдэнэном хурандаа сонирхууллаа. Хурандаа ажлынхаа онцлогийг бидэнд ярих зуураа ч ажлынхантайгаа утсаар ярьж заавар зөвлөгөө өгөх зэргээр тун завгүй суув.

Ажлын өрөөнд нь цаг гаруй хөөрөлдсөний эцэст бид гэрт нь очлоо. Хурандаагийнх Замын цагдаагийн албаны хажуугийн арав гаруй давхар орон сууцны дөрвөн давхарт нь байдаг юм билээ. Биднийг ороход эхнэр нь хаалга тайлж угтав. Том хүүгийнх нь эхнэр хүүгээ дагуулан иржээ. Зочин ирэх сургаар хоол, цай бэлдэх ажилд туслахаар ирсэн нь энэ юм. Ач хүү нь жигтэйхэн хөдөлгөөнтэй. Ийш тийш гүйж харайгаад, ер нь л энэ гэрийнхэнд уйдах зав өгдөггүй бололтой. Отгон, дунд хүү нь аав, ээжтэйгээ амьдардаг аж. Биднийг очиход отгон хүү нь гэртээ байж таарав. Зочны өрөөний голд идээ будаа, цай хоол өрсөн томоо ширээ байрлуулжээ. Бусад айлын жишгээр ном, сувинер өрсөн ханын шүүгээ, телевизор, буйдантай энэ өрөөний хамгийн содон зүйл нь хуучны арван тавны цагдаа нарын баримал байв. Хуучны сэлэм ханандаа өлгөсөн нь хэн хүний сонирхлыг татахаар юм. Олимпийн аварга Э.БадарУуганы отгон хүүд нь бэлэглэсэн улаан өнгийн боксын бээлий тэдний нандигнаж хадгалдаг дурсгалтай зүйлсийн нэг гэнэ.

Б.Эрдэнэном гэргий, бага хүүгийн хамт

Гэрийн эзний аав, ээж Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Б.Эрдэнэном хурандаагийн аавыг Б.Баавгайдорж гэдэг. Нягтлангаар ажилладаг байж. Харин ээж Ж.Сумъяа нь тогоочоор ажиллаж байсан ажээ. Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Ах нь Улаанбаатар хотод төрсөн, нийслэлийн уугуул. Хүүхэд байхдаа “Километрийн хүрд”, “Хаврын 17 учрал” зэрэг кинонуудыг үзэх хачин дуртай байлаа шүү дээ. Яагаад ч юм тэр кинонуудыг үзэхээрээ л тагнуулын хүн болно гэж мөрөөднө. Зарим орой бүр мөрөөдөөд нойр хүрэхгүй шүү дээ. За тэгээд жаахан томроод найм, есдүгээр ангид байхдаа цэргийн дарга болох юмсан гэж боддог байлаа. Ахлах ангийн хүсэл мөрөөдөл биелж, мөрдэстэй хүн болсон доо” гээд хөгжилтэй инээв. Энэ завсарт аав, ээжийгээ дурсан ярьж байв.

Тэрбээр “Аав минь намайг ажлаа сайн хий гэдэг байлаа. Хамгийн гол нь үнэнч шударга байх ёстой шүү гэнэ. Хүний хэлсэн ярьсныг сайн сонсож, биелүүлж, ахмад настай хүмүүсийг хүндэлж, хайрлаж байгаарай гэж байнга захина. Эр хүний ноён нуруугаа алдаж болохгүй гэдэг үгийг нь мартдаггүй юм” гэлээ. Хурандаа Б.Эрдэнэном 1992 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид салаан даргаар томилогдож, 1993 онд тус ангийнхаа сумангийн орлогч, сумангийн захирагчийн албан тушаалыг хашиж байгаад 1994 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар томилогджээ. 1996 онд тус дүүргийн хэв журмын ахлах байцаагч, 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, 1998 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Хэв журмын алба эрхэлсэн дэд дарга, 2001 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, 2007 онд Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалт хариуцсан дэд дарга, 2008 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын даргын албыг хашжээ. Харин 2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, 2015 онд Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, өнгөрсөн жил тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар ажиллаж байгаад арваннэгдүгээр сарын 14нөөс Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Гэрийн эзэн “Баянзүрх дүүрэг маань миний ажил амьдралд их ээлтэй, энэ дүүрэгтээ олон сайхан ажил албыг хашиж, өргөсөн тангарагтаа үнэнч хамт олонтойгоо их ч ажлын ард гарсан. Одоо ч манай хамт олон хуулийн хүрээнд сайн ажиллаж байна” гэж ярилаа. Гэрт нь байх хэдэн цагийн турш хурандаа ихэнхдээ л ажлынхаа тухай хууч дэлгэв.

2014 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажиллаж байх үед нь хоёр хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарч. Тухайн үед одоогийн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, гэмт этгээдийг цаг алдалгүй илрүүлж байжээ. Энэ тухайгаа Б.Эрдэнэном “Би ажлын шуурхай бүрэлдэхүүнд орсон юм. Тэр үед цагдаагийн байгууллагын алба хаагчдаараа бахархах сэтгэгдэл төрсөн шүү. Одоо ч сэтгэлээс гардаггүй. Тухайн үед уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж түргэн баривчилсан олон хүмүүс гавьяа шагнал хүртэж байсан. Хэргийг халуун мөрөөр нь илрүүлнэ гэж энэ юм байна гэдгийг ойлгож билээ” гэв.

Хурандаа ажлынхаа өрөөнд

Хурандаа гэр бүлийн цомгоо сонирхуулсны дараа ажлынхаа цомгийг дэлгэв. Энэ зуураа “Дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллахад иргэдтэйгээ өдөр тутмын харилцаагаар ойр байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэг, хоёрдугаар хэлтэс 300 мянга гаруй хүн амтай. Улсын хэмжээний хамгийн их хэрэг, зөрчил гардаг, эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд, гэр хороолол ихтэй, харанхуй гудамж олон байдаг учраас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал бий болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллаж байхдаа оюутан, сурагчдыг эргүүлд гаргах ажлыг зохион байгуулж, Их засаг их сургууль, Хилийн цэрэг, Батлан хамгаалах, Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар гээд цагдаагийн байгууллагадаа 5000 гаруй эргүүлийг зохион байгуулж, оюутнуудыг ажиллуулсан. Энэ нь их үр дүнтэй ажил болж, төр, засаг, дүүргийн удирдлагууд,олон сургуулийн захиралтай хамтарсан зөвлөмж санаачилж, 5000 гаруй оюутныг эргүүлд гаргаснаар гэмт хэрэг, зөрчил буурч байсан. Цаашид тэд хууль эрх зүйн мэдлэгтэй болж, ажил дээр гарахад үр дүнтэй гэдгийг ч ойлгож авсан. Одоо ч гэсэн холбоотой ажиллаж байна. Удахгүй ирэх аравдугаар сараас 3000 оюутанг нийслэлийн эмзэг цэгүүдэд эргүүлд гаргахаар төлөвлөсөн. Гэмт хэрэгтэй тэмцэх ажил дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш. Төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, оюутан, иргэдтэй холбоотой асуудал. “Иргэн-цагдаа гээд хол юм шиг сонсогддог байж магадгүй. Иргэн гэдэг чинь бидний аав ээж, ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд, үр хүүхэд. Тэднийхээ төлөө, амар амгалан байдлынх нь төлөө ажилладаг юм шүү” гэдгийг алба хаагч нартаа байнга хэлж сануулдаг юм” гэж ажил хэргийн яриа хөөрөө өрнүүлэв. Тэрбээр хөдөлгөөнт эргүүлийн анхны даргаар ажиллаж байжээ.

Тэдний том хүү Э.Оч-Эрдэнэ аавынхаа мэргэжлийг өвлөн Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байна. Дунд хүү Э.ОргилЭрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар анги, бага хүү Э.Сод-Эрдэнэ зургадугаар ангийн сурагч аж. Биднийг ярилцах зуур гал тогоо хавьцаа завгүй байсан хурандаагийн гэргий С.Сүрэнчимэг “Ханьтайгаа 28 жил амьдарч явна даа. Ханийнхаа эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажил, хийсэн бүтээсэн үйл хэрэг, зүүсэн мөрдэс гээд бүх л зүйлээр нь бахархдаг. Миний хань чинь цагдаагийн алба хаагч нарын нэгэн адил баяр ёслолоор байнга ажилтай байдаг ч заавал баяр гэхгүй гэнэтийн бэлэг, сайхан урмын үг, хайраа зориулдаг аавуудын нэг. Залуу байхаасаа л завгүй ажиллаж, амьдралаа зориулж яваа болохоор хадам аав ээжээ асрах, үр хүүхдээ өсгөх гээд ар талаа бат бөх байлган, ханийгаа ажлаа санаа амар хийхэд нь түшиг нь болж явна даа. Нөхрийн минь гаргасан амжилт болгон миний, манай гэр бүлийн бахархал. Залуу байхад бусад залуусын адил хөтлөлцөөд баяр ёслол болон урин дулаан цагаар сэтгэл амар зугаалж явах сан гэж их боддог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхрийнхөө ажлыг илүү их ойлгох болсон. Гэхдээ ямар ч үед сайн эцэг, халамжтай хань, өвөө байх ноён нуруугаа алддаггүй тийм л хүн” гэж ярилаа.

Гэрийн эзэгтэй Эрдэнэт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийн онц сурлагатнуудын нэг байжээ. Тэр үеийнхээ математикийн аварга, Д.Нацагдорж тэмдэгтэн гээд шинэ жилээр онц сурдаг хүүхдүүдэд олгодог шагналыг жил өнжилгүй авдаг байж. Хурандаа Б.Эрдэнэном гэргийнхээ хажууд ирж сууснаа ярианд оролцов. “Бид хоёр “ОХУд байх хугацаандаа олон зүйлийг сурч, залуу насны дурсамжтай, сайхан үеийг Орос оронд өнгөрөөсөн дөө. Хоёрдугаар курстээ гэргийтэйгээ танилцсан юм. Аливаа зүйлд үргэлж чин сэтгэлээ зориулдаг тэр чанар нь миний хайрыг их татсан. Уулзах гэж Технологийн дээд сургууль руу хааяа чөлөө авч очдог байлаа шүү дээ” гээд хөгжилтэй инээв.

Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном цагдаа хэмээх их айлд сүүлийн 22 жилийн турш удирдах алба хашжээ. Цагдаагийн эрдэм зааж өгсөн бригадын генерал М.Ганхүү, цагдаагийн хурандаа Ж.Содмандах, Хурандаа Ш.Батсүх, Д.Батсайхан, хурандаа Д.Чулуун, дэд хурандаа Ж.Эрдэнэбадрах нарт талархаж явдгаа ярьж байсан юм.


Categories
мэдээ нийгэм

Манай улсын нийт хүн амын 6.5 хувь нь ахмадууд

Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг. Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. Манай улсын нийт хүн амын 6.5 хувь буюу 209 мянга нь ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 67 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 33 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 01-нд болох үйл явдал

09.30 цагт “Монголын хөрөнгийн бирж”-ийн байранд тус бирж Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас:95953141

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын 2018 оны Намрын чуулганы нээлт болно.

11.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана. Утас:99179899, 86885060

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд тус зөвлөлийн гишүүн О.Зандраа, судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр мэдээлэл хийнэ. Утас:99122141, 90100290

11.30 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. Утас:88081693

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “ICT EXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:89114787

15.00 цагт “Blue Mon” галерейд Азийн 18 дугаар наадмыг сурвалжилсан гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амараа: Цахим орчин дахь амьдрал бодит ертөнцөөс ч аюултай байж мэднэ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь сэдэвт хэлэлцүүлгийг зохиосон юм. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараатай ярилцлаа.


-Хүүхдүүд цахим орчны золиос боллоо гэж сүүлийн үед их яригдаж байна. Ер нь өсвөр насны хүүхдүүдийн хэдэн хувь энэ орчны идэвхтэй хэрэглэгч вэ?

-Интернэт болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх өргөн боломжууд нээгдэж байна. Гэхдээ энэ орчинд тухайн насны хүүхэд өөрт тохироогүй агуулгатай зүйлсээ хаалтгүйгээр үзэж, хэн нэгэн танихгүй хүнд итгэснээсээ болоод бэлгийн мөлжлөгийн золиос болж байна. Тухайлбал, 15-24 насны залуус цахим орчны хамгийн идэвхтэй хэрэглэгчид байдаг. Дэлхийн нийт хүн амын 48 хувийг бүрдүүлдэг тухайн насныхан цахим орчны 71 хувийг эзэлж байна. Монголд ч мөн ялгаагүй. Тийм учраас байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд холбогдох газрууд хэлэлцүүлэг зохиосон. Ялангуяа харилцаа холбоо технологийн салбар нь энэ орчинд чухал үүрэгтэй. Тиймээс техникийн дэмжлэг үзүүлэхээр Олон улсын харилцаа холбооны байгууллага ITU, интерполяр болон хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллагын төлөөллүүд манай улсад ирсэн байгаа.

-Цахим гэмт орчинд бэлгийн мөлжлөгийн золиос болсон хохирогчид хэр их байдаг бол?

-Цахимаар үйлдэгдэх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс ихсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 279 гэмт хэргийн тохиолдол бүртгэгдээд байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат, 37 настай, эрэгтэй “Э” нь хохирогчийн хувийн секс бичлэгийг ажил, үүргийнхээ хүрээнд олж авч, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан олон нийтэд тараана гэж дарамтлан мөнгө өгөхийг шаардан, дарамталж байсныг илрүүлсэн. Түүнчлэн “М” гэгч 35 настай залуу зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг тогтоож, гэмт этгээдийн байршлыг тогтоон, баривчилсан. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай их хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хариуцлагад татсан. Мөн дөнгөж 17 настай, Сүхбаатар аймгийн харьяат “Х” гэгч залуу хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг илрүүлсэн. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлж, зарим хохирогчдыг олсон гэсэн. Цахим гэлтгүй бэлгийн мөлжлөгийн золиос болсон 100 хүүхдийн зөвхөн нэг нь л мэргэжлийн туслалцаа хүсдэг. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүдийн итгэлийг олсон ураг төрөл, гэр бүл, танил тал, хамаатных нь хүмүүс байдаг.

-Хэргийн гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүмүүс анхааралтай байж нэр нүүрээ нуусан хуурамч хаягнаас болгоомжилж, болж өгвөл найзаасаа хасч, өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Үүнээс гадна хамгийн нэгдүгээрт хууль, эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Мөн технологийн дэвшлүүдийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлэх нь чухал. Хүүхэд хамгааллын тухай хуульд мэдээлэл харилцаа холбоонд эцэг, эх, хүүхдэдээ чиглэсэн арга хэмжээг авах ёстой гэсэн заалт байдаг болохоос яг тусгайлан тусгасан зүйлс байдаггүй. Цахим сүлжээнд тавигдаж байгаа зохисгүй агуулгыг тавигдахаас нь өмнө яаж устгах вэ, мөн гаднын сүлжээнээс шүүгдэхгүй шууд нэвтэрч цацагдаж буй хүүхдийг хүчирхийллийн дарамтад оруулах эрсдэл бүхий агуулгатай мэдээллүүдийг яах ёстой вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод удаж байна. Хүүхэд бэлгийн дур сонирхол бүхий агуулгатай зүйл үзэхийг хүсээгүй байхад энэ мэтчилэн хүчээр үзүүлээд байгаа нь өөрөө асуудал үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ үйлдлийг хэрхэн таслан зогсох талаар байгууллагууд хамтран хэлэлцэж байна. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд Технологи мэдээлэл харилцаа холбооны салбар дэвшилтэд аргаар сүлжээнээс шууд авдаг, блок хийж, устгадаг эрхийг нь нээх хэрэгтэй.

-Энэ чиглэлийн ажлууд хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ?

-НҮБ-аас Засгийн газартай хамтран гурван жилийн төсөл хэрэгжүүлж байна. Цахим орчны хамгаалал гэдэг нь өргөн хүрээтэй том зүйл. Тиймээс энэ чиглэл дотроо тухайлаад цахим орчин дахь бэлгийн хүчирхийллийг илүүтэй онцолж байгаа учраас энэ тухай хуулийн зохицуулалтын хаана нь юу дутагдаж байна. Дутуу зүйлсийг хэрхэн шингээж өгөх вэ гэдэг талаас нь илүүтэй ажиллахаар болсон.

-Цахим гэмт хэргийн золиос болсон хүмүүст тулгамддаг асуудал нь юу вэ?

-Одоогоор Эрүүгийн хуульд гэмт хэргийн ангилалд тооцогдож байгаа зүйл заалт нь цахим орчинд тулгараад байгаа асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Жишээ нь, цахим орчинд бэлгийн зорилгоор хүүхдийг онилж байгаа шинэ нэр томьёо гараад ирчихсэн байхад энэ талаар хуульд тусгайлсан зүйл байдаггүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь ганц бие махбодын хохирлоор хязгаарлагддаг зүйл биш. Мөн хохирогч нь Монголд байхад гэмт хэрэгтэн нь өөр улсад байж болох магадлалтай. Яг ийм хэргийн золиос болсон хүмүүстэй харьцах мэргэжлийн хүмүүс хүрэлцээгүй байна. Учир нь хохирогчдын сэтгэлд үлдэх шарх нь урт хугацаанд үргэлжилдэг учир энэ бүгдийг ойлгох мэргэжлийн ажилчид хэрэгтэй байдаг юм. Нөгөөтэйгүүр цахим бэлгийн мөлжлөгт эмзэг бүлгийн хүүхдүүд өртвөл үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх санхүүжилт нь байгаа билүү гэдэг нь бас нэг асуудал болдог.

-Гадны нөлөөллөөс болоод тэдгээр хүүхдүүд сэтгэл санаагаар их унадаг юм шиг санагдсан…

-Бэлгийн хүчирхийлэл хийж байгаа бичлэгээ цахим сүлжээгээр цацдаг гаж донтой хүмүүс их байдаг. Эдгээр хүмүүсийн үйлдлийг энгийн хэрэглэгчид улам дэвэргэж, “Хартал нь шейрлээрэй хүмүүс ээ”, “Ичтэл нь шейр” гэхчлэн цааш нь даамжруулаад байдаг. Энэ нь тухайн бичлэгийн золиос болсон хүмүүст ямар нөлөө үзүүлэхийг огтхон ч тооцоолоогүй үйлдэл болдог юм. Ингэж сэтгэлийн шарх авсан хүн томрох тусмаа сэтгэцийн өөрчлөлттэй болох хандлагатай байдаг. Золиос болсон хүүхдэд тэр даруйд нь сэтгэлийн дэмжлэг үзүүлэхгүй бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн цагаасаа эхлээд л өөрийгөө нийгмээс тусгаарлаж, найз нөхөдгүй болж, хичээлийн хоцрогдолд орох зэрэг сөрөг нөлөөлөл гардаг. Мөн сэтгэл гутралд орж, амиа хорлох оролдлого хүртэл хийдэг.

-Олон улсын туршлагаас Монголд хэрэгжүүлж болохоор боломжит ажил нь юу байв?

-Интерполоос нэгэн туршлагыг танилцуулсан. Малайз улсад үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны оператор давхар интернэтийн үйлчилгээ үзүүлдэг юм. Тэр газраас интернэт орчиндоо хяналт тавьж, хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөж болзошгүй агуулгатай дүрс бичлэг бүрт хориглох тэмдэг тавьдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл рүү нэвтэрч орох гэхээр дэлгэцэн дээр нь хориглосон утга бүхий дүрс гарч ирдэг гэсэн үг. Энэ нь тухайн операторын компани шүүлтүүрийн программ ашиглан хүчирхийллийн утга агуулгатай контентуудыг хүмүүст хүрэхээс нь өмнө арга хэмжээ авч чадсан байгаа юм. Үүнийг Монголд нэвтрүүлбэл болмоор юм шиг санагдсан.

-Эцэг эхийн оролцоо хэр чухал вэ?

-Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ үлгэрлэхэд л болно. Тухайн өрх өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон гэрийн дүрэм зохиогоод түүнийгээ дагадаг байх хэрэгтэй. Гэхдээ хүний эрхийг зөрчөөд байна уу, дүрэм тогтоогоод байна уу гэдгээ ялгаж байх нь чухал. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрхэд халдаад байна гэхээр “Үр хүүхдэдээ үг хэлж болохоо больчихлоо” гэсэн хандлага гаргадаг. Зүгээр л гэр бүл дотроо хэн хэнийгээ хүндэлсэн энгийн дүрмийг тогтоохыг хичээ. Хүүхэдтэйгээ тохиролц. Жишээ нь, миний утас руу хүн залгавал би авна. Бусад цагт утас байрандаа л байна. Харин миний хүү (охин) өдөрт гурваас илүү цаг интернэт ашиглахгүй. Ашиглахдаа алаан хядаантай тоглоом тоглохгүй, насныхаа хязгаараас давсан зүйлийг үзэхгүй гэж ойлгуулах ёстой. Би ч мөн хүүтэйгээ тохиролцдог. Миний хүү одоо 13 настай. Хүүхдүүд найз нөхөдтэйгөө харилцаа холбоотой байхын тулд интернэт ашиглаж болно гэж би үздэг. Гэхдээ хэрэглээг нь зөв байлгах ёстой. Зөв хэрэглээний ойлголтыг тухайн хүүхэд боловсролын байгууллагаар дамжуулан авч, мэдлэгтэй болбол аль аль талдаа асуудал бага гарна. Мөн 13 нас хүрээгүй сурагчдадаа багш нь фэйсбүүк хаяг битгий нээж өг. Орчин үед бүх багш нар ангийн группт нэгдээд мэдээллээс хоцрохгүй яваарай гэж хэлээд хүүхдийг яах ч аргагүй байдалд оруулдаг. Хүүхдийг ганц ангийн группт бүртгүүлэхийн тул л цахим хаяг нээгээд өгчихдөг. Энэ нь маш буруу зүйл юм.

-Та хүүхдээ эрсдэлд орчих вий гэж айдаг уу?

-Маш их айдаг. Гэхдээ “Unfriend аян явж байна. Чиний хаягт танихгүй хүн хэд байна, алив шууд хас” гэж хүүхэдтэйгээ ширүүн хандаж болохгүй. Харин “Чи хэдэн найзтай юм. Танихгүй хүнийг найзаараа нэмдэг үү. Энэ аяныг чи сонссон уу. Чиний мэдэхгүй хүн фэйсбүүкэд чинь байдаг уу” гэхчлэн болгоомжтойгоор асууж, хүүхдэд бодуулах ёстой. Цахим орчин дахь амьдрал бодит ертөнцөөс ч аюултай байж мэднэ гэдгийг хүүхдүүддээ зөвөөр тайлбарлах нь эцэг эхчүүдийн үүрэг.

З.МӨНХСУВД