Categories
мэдээ нийгэм

Дадлага сургууль хийлээ

Онцгой байдлын ерөнхий газар, Давтан сургалт, сэргээн заслын төвөөс Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагдах зоонозын шалтгаант нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Шадар Сайдын 2017 оны наймдугаар тушаалаар батлагдсан болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын хүрээнд зохион байгуулагдсан тус дадлага сургуульд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын эмч-сэтгэлзүйчид болон ЗӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийн нийт 50 гаруй алба хаагч оролцсон юм.

Оролцогчид нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болзошгүй Зоонозын шалтгаант өвчний дэгдэлтийн үед мэдээллийг хэрхэн шуурхай дамжуулах, эрсдэлийг үнэлэх, хамтарсан хариу арга хэмжээ авах, салбар хоорондын мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилгоор онолын болон дадлага сургуулийг зохион байгуулж, харилцан туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халх гол сум Гал түймэр унтраах, аврах ангитай боллоо

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний 183 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол суманд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр нар оролцсон юм.

Гал түймэр унтраах, аврах 62-р анги байгуулагдснаар Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрдэж байна. Тус анги нь 30 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ангийн захирагчаар хошууч М.Сүхсайхан томилогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Кран унасан осол гарлаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгын гадна талбайд кран унасан осол гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас “Цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэргийн газар ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Спорт явган аялалын төрөлд нийслэлийн газрын албаны баг тамирчид тэргүүллээ

“Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадам”-г спортын 5 төрлөөр зохион байгуулж байгаа. Спорт наадан нь биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой.

Наадмын эхний төрөл болох спорт явган аялалын шигшээ тэмцээн өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд “Д.Сүхбаатарын талбай-Баянзүрхийн товчоо-Ургах наран хороолол-Баянзүрх хайрхан–Хар усан тохой-Улаанбаатар” гэсэн чиглэлд зохион байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын 104 тамирчид спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн гурван төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:

  • 1-р байрт 99 оноогоор Д.Нямдаваа ахлагчтай нийслэлийн Газрын албаны баг тамирчид
  • 2-р байрт 98 оноогоор Б.Энхбаяр ахлагчтай нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Энэрэл эмнэлэгийн баг тамирчид
  • 3-р байрт 95.5 оноогоор Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн баг тамирчид
  • 4-р байрт 94.5 оноогоор нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын баг тамирчид
  • 5-р байрт 94 оноогоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 03 дугаар хэлтсийн баг тамирчид
  • 6-р байрт 93 оноогоор нийслэлийн Татварын газрын баг тамирчид
  • 7-р байрт 92.5 оноогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын баг тамирчид
  • 8-р байрт 92 оноогоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны баг тамирчид орлоо

Аялалын тэмцээнд ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аялалын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ гэжнийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Та сугалааны тохирлоор азтан болсон бол мэдээллээ баталгаажуулаарай

Сар бүр сугалааны тохирлоор 20 гаруй мянган татвар төлөгч иргэн азтан болдог бөгөөд 2018 оны наймдугаар сарын 01-31 хүртэлх хугацаанд цахим системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын тохирлоор 10 сая төгрөгийн азтан 1, таван сая төгрөгийн азтан 20, нэг сая төгрөгийн 196 азтан тодорсон. Харин есдүгээр сарын сугалааны тохирол 2018 оны аравдугаар сарын 21-нд явагдана.

Хэрэв хэрэглэгч та www.ebarimt.mn цахим сайтад сугалаагаа бүртгүүлж азтан болсон тохиолдолд 90 хоногийн хугацаанд багтаан дараах хоёр хэлбэрээр хүсэлтээ гаргаж баталгаажуулна. Нэгдүгээрт, www.ebarimt.mn сайтад нэвтрэн орж сугалаанд хонжвор хожсон мэдээллийн ард байх БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарж, хүсэлтээ илгээн баталгаажуулна. Хоёрдугаарт, гар утасны аппликейшнд өөрийн хаягаар нэвтрэн орж, андройд үйлдлийн системтэй хэрэглэгч СУГАЛААНД ХОНЖВОР ХОЖСОН мэдээллийн дор байх, IOS үйлдлийн системтэй хэрэглэгч ТОХИРЛЫН МЭДЭЭ цэсэнд байх БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарж, хүсэлтээ илгээнэ.

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1,000,000 (нэг сая) төгрөг буюу түүнээс дээш төгрөг хожсон бол цахимаар хүсэлтээ баталгаажуулж, Улаанбаатар хотод бол ТЕГ-ын Орлогын газарт, хөдөө орон нутагт бол аймгийн Татварын хэлтэст, суманд бол татварын байцаагчид холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтээ хоёр хувь хэвлэж биечлэн өгнө. Та азтан болж хонжвор авах хүсэлтээ баталгаажуулсан бол ажлын 20 хоног буюу нэг сарын дараа таны бүртгэлтэй дансанд орно. Таны мэдээлэл алдаатай бол буцаагдсан төлөвт орох бөгөөд энэ тохиолдолд өөрийн мэдээллээ засварласны дараа дахин хүсэлтээ илгээж баталгаажуулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна

Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2018 оны шалгаруулалтыг зарлаж байна.

Энэхүү шагналд нэр дэвшигч нь дор дурдсан бүтээл туурвисан байгууллага, судлаачдын баг, хувь хүн байна.

  1. Бүтээлд тавигдах шаардлага:
  • Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр оюуны биет бүтээл болон эд материаллаг зүйлээр хувь нэмэр оруулсан байх;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлж, бодит үр дүнд хүрсэн байх буюу энэ хүрээнд үр дүнг шууд нэвтрүүлж болохуйц онолын суурь судалгааг боловсруулсан байх;
  • Нэр дэвшүүлэх бүтээл нь нэг жилээс доошгүй хугацаанд үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтэрч бодит үр дүн өгсөн байх;
  1. Бүрдүүлэх материал:
    • Нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
    • Бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;
    • Бүтээлийн онолын түвшин шинжлэх ухааны ач холбогдлын талаар гадаад болон дотоодын 2-оос доошгүй эрдэмтдийн тодорхойлолт;
    • Шинэ технологи, техник, багаж тоног төхөөрөмж, материал бодисын үндсэн үзүүлэлт ашиглалтын нөхцөл, эдийн засгийн тооцоо, ижил төрлийн бүтээлүүдтэй харьцуулсан дүгнэлт;
    • Нэр дэвшигч нь гадаадын иргэн бол бүтээлийн үр дүнг хүртэгч Монголын талын байгууллагын санал, дүгнэлт.
  1. Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2 хувь бүрдүүлж 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд хүлээлгэн өгч бүртгүүлнэ.

Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Холбоо барих утас: 262539 /Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/

  1. Шагнал урамшуулал:

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагнал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Шагналын үнэмлэх /гэрчилгээ/, арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг 12 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга гардуулна.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна. Хот хөдөөгийн харилцаа-ядуурлыг бууруулах арга хэмжээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Өмнөд Азид утаа багатай тээврийн хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зэрэг сэдвээр хурлын өмнөх хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

Энэхүү олон улсын чуулга уулзалтыг Зам тээвэр хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой. Чуулга уулзалтад 24 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол руу автобус нийлүүлэхэд бэлэн гэв

Беларусийн автомашин үйлдвэрлэлийн “MAZ” компани Монгол руу олон нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэхэд бэлэн болсон байна гэж “ONT” телевиз мэдээлэв.

Беларусийн “MAZ” компанийн тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын экологийн нөхцөл байдлыг сайжруулах боломжтой юм. Өвлийн улиралд Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл болон хувирдаг билээ.

Сүүлийн жилүүдэд тус хотын удирдлагууд хот төлөвлөлтийн шинэ шийдлүүд дээр ажиллаж, байгаль орчинд ээлтэй нийтийн тээвэр ашиглах тухай хэлэлцэж байна.

“Улаанбаатар хотын удирдлагууд зөвхөн дизель хөдөлгүүртэй автобус гэлтгүй цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автобусыг нийтийн тээвэрт явуулах асуудлыг хэлэлцэж байгаа. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс боломжит саналаа дэвшүүлсэн” гэж Монгол дахь “MAZ” компанийн салбарын тэргүүн Николай Кравченко хэллээ.

Дашрамд дурдахад тус компанийн үйлдвэрлэсэн автобус нэлээд хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод үйлчилгээнд явж эхэлсэн байна. Эн тэргүүний ажил бол аль аль талдаа ашигтай шийдэлд хүрэх явдал юм. Одоогийн байдлаар тус компани Монгол руу тээврийн хэрэгсэл экспортлох санхүүгийн асуудлаа зохицуулах хэрэгтэй байгаа бөгөөд Беларусийн Хөгжлийн банк энэхүү санхүүжилтийг хийхэд бэлэн байгаа ажээ.

“Энэ нь туршилтын төсөл байх болно. Экспортын зээлийн схемийг ашиглан энэхүү төслийг хэрэгжүүлснээр Беларусийн техник технологийг Монголд нийлүүлээд зогсохгүй Монгол дахь Беларусийн мэргэжилтнүүд тэдгээрийн үйлчилгээг давхар хийхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх үүд хаалга нээгдэх юм” гэж Беларусиас Монголд суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Станислав Чепурной мэдэгджээ.

Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын хоёрдугаар хагаст болно гэж “ONT” телевиз мэдээллээ. Хуралдааны үеэр зээлийн шугамыг нээх асуудлыг хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөв

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Гандийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас нийслэл Улаанбаатар хотын Махатма Гандийн гудамж дахь түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Махатма Гандийн хөшөөний өлмийд энэтхэг заншлаар цэцгийн дэлбээ цацаж, лам нар ном хурав. Түүний хурц тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол, түүнийг дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс дэлхийн II дайны дараа бие даасан улс болсон билээ. НҮБ 2007 онд түүний төрсөн өдөр болох 10 дугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний мэндэлсэн өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгож, түүний номлол сургаалийг залуу үедээ таниулахыг зорьдог байна.

Бүгд найрамдах Энэтхэг улсын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П.Мийна хэлэхдээ, “Махатма Ганди бол дэлхий даяар шашин шүтлэг, нас хүйсээр ялгаварлан гадуурхахгүй эрх тэгш байх ёстой гэдэг үзлийг баримталдаг байсан. Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохионо. Ойг угтан Энэтхэг улсаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Энэ арга хэмжээнд зориулан Энэтхэг улсын Нью Дели хотноо Махатма Гандигийн олон улсын хурал болж байгаа. Хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцож байна. Махатма Гандигийн үзэл баримтлал, сургаалийг Ан Сун Су Чин, Нельсон Мандела, Далай лам зэрэг алдартай хүмүүс дэлхий даяар түгээн дэлгэрүүлсэн байдаг” гэв.

Энэ үеэр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Махатма Ганди зөвхөн Энэтхэг гэлтгүй дэлхийд хайрлагдаж, хүндлэгдсэн агуу зүтгэлтэн, XX зуунд төрсөн суут хүмүүний нэг. Төрийн машин гэсэн хатуу хүчний эсрэг ганцхан хүн хүч үл хэрэглэх аргаар хэрхэн тэмцэж болдгийг гайхалтайгаар үзүүлж чадсан. Мөн маш олон хүний амьдралыг зоригжуулж, утга учиртай, зорилготой байхыг бодитоор харуулж чадсан хүн. Махатма Ганди үйл хөдлөлөөрөө манлайлдаг нэгэн байсан. Үг, үйлдэл хоёр нэг байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн монголд үг нь ихдээд, үйл нь байдаггүй. Үүнээс болоод ард иргэд бухимдаж байна. Махатма Гандигийн бидэнд юмыг битгий хойшлуул, яг одоо ажлаа хий, хүн шиг байхыг сургасан. Аливаа зүйлийг хойшлуулах нь хамгийн том алдаа гэдгийг заасан. Мөн тэрбээр цагаан хоолтон, өөрөө өөрийгөө муу муухай зүйлээс татаж чаддаг байсан. Энэ үйлдлээрээ өөрийгөө засч хүмүүсийн сэтгэлийг татдаг, түүнийг амьд сэрүүн байхад нь Энэтхэгийн хүн ам тэрбум хүрээгүй байсан бол одоо тэрбум 300 сая хүрсэн. Тэр олон хүний сэтгэлийг хурааж чадсан түүхэн онцлогтой. Харин өнөөдрийн монголчуудын сэтгэлийг хэн ч хурааж чадаагүй байна. Энэ хүний сургааль, үйл хэрэг нь одоо ч амьд. Дэлхийн хүнийг дурсах үйл ажиллагаанд оролцож буйдаа баяртай байна” хэмээсэн юм.

Энэ өдөр Энэтхэг улсад Махатма Гандийн дурсгалд зориулан хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хурснаар баярын өдөр эхэлдэг байна. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, улс төрийн бүх гишүүдээс гадна жирийн иргэд оролцдог заншилтай аж. Харин манай улсад 2007 онд түүнд зориулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Махатма Гандийн хөшөө босгосон. Энэ нь манай улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог.

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Беларусь, Вьетнам, Их Британийн Элчин сайдууд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн оюутнууд, Монгол Улсад суугаа Энэтхэг улсын иргэд оролцов.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ 15:30 цагаас мэдээлэл өгнө

ТЕГ-аас Баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны “С” хэсгийн байранд баривчилгаа хийх гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү баривчилгааг хийхээр нэг цаг гаруйн хугацаанд хүлээгдээд байна. Албан бус мэдээллээр 1.3 сая ам.долларыг уул уурхайн компани авахаар хуулийнхан болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд өгөх гэж байсан гэх хятад иргэдийг баривчилж магадгүй байгаа юм. Мөн хуулийнхан ч цаг гаруйн хугацаанд баривчилгаа хийхгүй удаж байгаа нь гадны иргэн байж болзошгүйг баталгаажуулж байна. Мөн хэсэг хятад иргэд мөнгө солилцож байсныг мэдэж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа. Харин ТЕГ-ын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцаг машинд ачсан юм.

Сая ТЕГ-аас гадны тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас өгнө гэснээс өөр ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Харин ТЕГ 15:30 цагаас мэдээлэл өгөх юм байна.