Categories
мэдээ нийгэм

Өглөгт охин одтой, шар луу өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 24, Өглөгт охин одтой, шар луу өдөр. Өдрийн наран 6:55 цагт мандан, 18:27 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Шинэ хүн”-ий дараагийн ШИНЭ ТӨРХ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Шинэ хүн”-ий дараагийн ШИНЭ ТӨРХ хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Уул уурхайн салбарын орлого
гурван их наядад хүрнэ хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанк
валютын ханшийг хариуцдаг,
энэ хүрээндээ хуулийн
хариуцлагаа хүлээнэ хэмээн ярьжээ.

Алтны хайгуулыг дэмжээд өгвөл тэрбум ам.доллар олох
боломжтой гэв хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

“Баримт үйл явдал” нүүрт Тагнуулын ерөнхий газар сошиал
ашиглаж, шоу хийдэг болоо юу хэмээн өгүүлсэн байна.

А.Амарсайхан: Эрт нахиалсан сарнай киногоороо өв соёл, хүн
чанар алдагдаж буйг
сануулах гэж хичээсэн хэмээн Уран бүтээлч нүүрт ярьсан байна.

Харумафүжи
Д.Бямбадоржийн зодог
тайлах ёслол Токио хотын
Сумогийн ордонд ёслол
төгөлдөр болж өнгөрсөн. Манай сонины Осака дахь тусгай сурвалжлагчийн Харамсал, хайр дүүрэн
“Зодог тайлах ёслол” боллоо хэмээснийг “Дэвжээ” нүүрээс хүлээн авч уншаарай.

Анагаах ухааны салбарын
Нобелийн шагналтнууд тодорлоо хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, тогтмол гаргад булангууд, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллын сайжруулсан түлшний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэв

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Эрдэнэс-Таван толгой ХК “Таван толгой түлш” компани байгуулан, шахмал түлш үйлдвэрлэж байна. Уг түлшийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн юм. Өчигдөр Баянгол дүүрэгт танилцуулгаа хийлээ. Шинэ түлшний талаар “Таван толгой түлш” компанийн худалдаа маркетингийн албаны хэлтсийн дарга Б.Энхзолбоогоос тодрууллаа.

-Шинэ түлшний түүхий нүүрснээс давуу чанар нь юу вэ?

-Утаагүй, үнэргүй. Хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Гүйцэт сайн асах тусмаа утаа нь багасдаг. Таван толгойн коксжуулсан нүүрсийг угааж, хүний биед хортой бодисуудыг устгасан. Бүрэн шаталттай учир үнс 50 хувь буурна. Хүний биед хорт хавдар үүсгэдэг бодисыг арилгасан. Илчлэг сайтай, шаталт удаан түлш юм.

-Үнийн хувьд хэдээр зарагдах уу?

-25 кг нь 3750. Нэг тонн нь 149500 болно.

-Үнийн хувьд бараг зөрүү гарахгүй юм байна. Дунджаар таван ханатай гэртэй айл нэг шуудай нүүрсийг хэдэн өдөр хэрэглэх вэ?

-Нэг удаа 5 кг-ийг хийхэд 7-8 цаг дулаанаа барина. Тэгэхээр 25 кг гэж бодоход хоёр хоног тасралтгүй хэрэглэх боломжтой гэсэн үг.

-Төслийн зуух энгийн зууханд шатах байдалд ялгаа бий юу?

-Бид найман төрлийн зууханд туршилт хийж үзсэн ялгаа гараагүй.

-Яаж асаах вэ?

-Жирийн түүхий нүүрсийг яаж асаадаг яг тэр зарчмаар асаана.

-Танилцуулгыг хаагуур хийх вэ?

-Гэр хорооллын хүн ихээр төвлөрдөг найман цэгт эхний ээлжинд танилцуулгаа хийнэ.

-Цаашид түүхий нүүрсийг хорихоор гэр хорооллын бүх айл өрхийн өвлийн хэрэгцээг хангаж чадах уу?

-Манай эхний үйлдвэр ТЭЦ-2-т ажиллаж байна. Арваннэгдүгээр сараас Толгойтын үйлдвэр ашиглалтад орно. Тэгэхээр гэр хорооллын бүх иргэдийн хэрэглээг хангах бүрэн боломжтой.

-Борлуулалт хаана хаана хийгдэх вэ?

-Борлуулалтын цэгүүдтэйгээ эхнээсээ гэрээгээ байгуулж эхэлж байна. Эхний ээлжинд нэг хороонд нэг цэг байршуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Цаашид хүн ам ихээр төвлөрсөн гэр хороололд иргэдийн саналыг тусган цэг тогтооно.

-Түүхий нүүрсийг шахаж гаргаад, хүмүүс байнга худалдан аваад эхлэхээр үнээ нэмэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Засгийн газраас гаргасан шийдвэр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ учир цаанаас тогтоосон үнийг нэмэхгүй гэв.

Сайжруулсан түлшний маркетингийн багийнхан танилцуулах өдөрлөгөөрөө жирийн зууханд гал түлэн, ус буцалгаж харуулсан юм. Уг нүүрс нь асах тусмаа утаа нь багасаж бүрэн ассаны дараа утаагүй болж байлаа. Хүмүүс нүүрсний шаталтыг харан ам сайтай байцгаав.

Таван толгой түлш компаний зөвлөх инженер,техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Бадамхатан ярихдаа “Шахмал түлшний судалгааг 1970-аад оноос эхэлж хийсэн. 40-өөд жил нүүрсний гүн боловсруулалтын судалгаагаар ажиллаж байна. 2000 онд “Монгол орны чулуун ба хүхрийн усаар шахмал түлш хийх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажил маань хөрөнгө мөнгөгүйгээс их саатсан. Харин Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлш хийх шийдвэрийн дагуу энэ жил ТЭЦ-2 ажилд ороогүй үйлдвэрийг шинэчлээд шинэ стандартын дагуу үйлдвэрлэж байна. Би нүүрсийг хийжүүлэх, хагас кокс, шингэн түлш гаргах бүх туршилтыг Монголдоо хийсэн. Сайжруулсан түлш маань төр засгаас дэмжигдэж, Улаанбаатар хотынхоо утааг бууруулахад хувь нэмэр оруулах болсондоо баяртай байна” гэв. Уг түлшийг хэрэглэснээр хотын агаарын бохирдол 40-60 хувь буурна хэмээн тооцоолж байна. Түүхий нүүрсийг бодвол угаарын үнэргүй, үнс нь маш бага гарч, тогоогоо сөхөхөд бужигнасан тоосжилт өгөхгүй гэдгийг маркетингийн албаныхан гал түлж байх явцдаа харуулсан юм.

Уг сайжруулсан түлшийг сонирхож буй гэр хорооллын иргэдийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Р.Баяржавхлангийн сэтгэгдлийг сонсоход “Манайх жилдээ гурван портер нүүрс хэрэглэдэг. Нэг портер Багануурын нүүрс 150-160 мянга болдог. Яг үнэндээ бол хашааны банхруудад утаа гарч байна уу гарахгүй байна уу огтын хамаагүй. Гэр нь дулаахан байна уу гэдэг л чухал. Түүнээс хар утаа юу, цагаан утаа юу, их үү, бага уу гэдэг нь ердөө ч сонин биш. Хэрэв энэ түлшийг нь иргэд хэрэглээд, түүхий нүүрсийг шахаж гаргалаа гэхэд үнэ нь нэмэгдэхгүй байх баталгаа байна уу? Монголчууд хэрэглээ болгоод зуршил болоод эхлэхээр нь үнээ нэмдэг муу талтай. Мэдээж хүмүүст үнэ, чанар хоёр л чухал” гэв.




Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 16 тэрбум төгрөг олгов

Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож, 239 иргэн шинээр ипотекийн заалд хамрагдлаа. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэв

ТЕГ-аас өнөөдрийн үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10-р зүйлийн дагуу тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гадаадын иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу зогсоон, саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний дагуу бид мэдээлэл хийнэ, тиймээс прокурорын байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэв. Өөрөөр хэлбэл, гадны иргэн Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй ба хэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт болж байна

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна. Хот хөдөөгийн харилцаа-ядуурлыг бууруулах арга хэмжээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Өмнөд Азид утаа багатай тээврийн хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зэрэг сэдвээр хурлын өмнөх хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

Энэхүү олон улсын чуулга уулзалтыг Зам тээвэр хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой. Чуулга уулзалтад 24 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн Баянзүрх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тухайлбал гэр хороолол руу чиглэсэн хулгайн тээвэр их байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зогсолт, зогсоолын журам зөрчдөг, хүн тээвэр хэтрүүлдэг, хүн тээвэрлэх стандарт зөрчдөг мөн хулгайгаар явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна.

Түүнчлэн тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд оролцож буй том оврын автомашинуудад хяналт шалгалт хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 11 цаг 20 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцэв. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх замаар нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтоох нь төрийн үндсэн чиг үүргүүдийн нэг гэдгийг төсөл санаачлагч танилцуулгынхаа эхэнд онцоллоо.

Монгол улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлдээ С.Бямбацогт гишүүн танилцуулав. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие мах бодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг, мөн залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэх нэршил аваад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдалах болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад эзлэх хувь бага боловч нийгэмд учруулах хор уршиг, аюулын хувьд өндөр бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь хурдацтай өсөж байгаа гэв.


Монгол улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгааг тэрбээр танилцуулгынхаа үеэр дурдав. 2017 онд улсын хэмжээнд 32,2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,0 мянга буюу 18,7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 37,2 мянган хүн хохирсноос 4,7 хувийг нь хүүхэд, 48,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь жил ирэх тусам гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг өсөн нэмэгдэж байгааг харуулж байна гэлээ.

Зөрчлийн хуулийн хүрээнд зөрчлийг бүртгэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 4500 орчим, жилдээ 1.2 сая орчим бүртгэгдсэн аж. Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

1997 онд батлагдсан хуульд зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байсан бол төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж, өргөжүүлсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар төсөлд тусгажээ. Тодруулбал, уламжлалт чиглэлүүд буюу ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусгаж, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үргэлжлүүлэн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлээд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг дайчлах, уриалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оролцдог, хувь нэмрээ оруулдаг байх нь зүйтэй. Олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээ мэдээллээ түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хуульчилсан үүрэгтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагаас мэдээ мэдээлэл бэлтгээд олон нийтэд түгээх гэхээр МҮОНРТ-ээс бусад хэвлэлд төлбөр төлөх болдог. Тиймээс бүх нийтийн төлөөх, нийгмийн аюулгүй байдлын төлөө хэвлэл мэдээллийн бүх байгууллага тодорхой үүрэг хүлээж, холбогдох байгууллагаас бэлтгэж өгсөн мэдээ, нэвтрүүлгийг олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээх үүргийг хүлээлгэх нь зүйтэй” гэв. Тэрбээр энэ нь өмчид халдаж буй хэлбэр биш гэдгийг онцолсон. Нийтийн өмч болсон долгионыг ашиглан үйл ажиллагаа явуулдгийн хувиар хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үр нөлөөтэйгөөр оролцоотой байхыг хуульчлах саналыг хэллээ.

Ийнхүү төслийн талаар хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 8 дугаар сарын22-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.


Үндсэн хуулийн цэцийн дээр дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар тодруулга хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар санал хэлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу УИХ-ын нөхөн сонгуулийн товыг 14 хоногийн дотор зарлахаар УИХ-ын тогтоолыг батлуулсан. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй гэв. 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлсэн болохоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд тайлбарласан гэлээ.


Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуульд оролцох төрийн албан хаагчид тухайн оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай заасан байгааг Л.Мөнхбаатар гишүүн дурдаад “Нөхөн сонгуульд оролцох бол үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан тусгаагүй байгаа юм. Тиймээс нөхөн сонгуульд оролцох хүсэлт бүхий төрийн албан хаагчдын талаарх зохицуулалтыг хуульд тусгахаар холбогдох төслийг боловсруулах нь зүйтэй” гэдэг саналыг хэлэв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт гарсан даруйд Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай гурван хуулийн төслийг боловсруулан, үр нөлөөний судалгаа хийлгэхээр Засгийн газарт хүргүүлээд байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны үеэр ээлжит сонгуулийн үеэр иргэд сонгогдох эрхээ эдлэх боломжтой, харин нөхөн сонгуульд бол энэ эрхийг нь эдлэх боломжгүй болж байгааг хэлэлцсэн гэв. Иймд бусад орны ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалгаа хийсэн байна. УИХ дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн баталсан, харин Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалттай зөрчилдөж байна гэж үзвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нээлттэй гэдгийг тэрбээр тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд оролцох бол 6 сарын өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх зохицуулалтыг өөрчилж, 3 сар болгох нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.


Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд ийнхүү санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БОХХААБХ: Үр тарианы 22.1, төмс, хүнсний ногооны 81.1 хувийг хураагаад байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныөнөөдрийн (2018.10.02) хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар намрын ургац хураалтын урьдчилсан баланс болон тулгамдсан асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсох санал оруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан уг хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг онцоллоо. Хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллах зайлшгүй шалтгааны талаар тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс шинээр батлагдсан хуулиар малын эмийн асуудал хариуцсан зөвлөлийг МЭЕГ-ын харьяанд байгуулахаар болсон. Ингэснээр зөвлөлд мэргэжлийн хүмүүс ажиллахаар болсон гэсэн үг. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байсан гэв.

Засгийн газрын гишүүн Б.Батзориг хариултдаа,өмнө нь малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх асуудал эзэнгүй орхигддог байсан. Харин одоо малчны хотноос үйлдвэрлэл хүртлэх малын бүх хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газарт хариуцуулахаар болсон гэдгийг онцолж байв. Гишүүдийн зүгээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахдаа олон талын оролцоог хангах, ялангуяа салбарын дотоод болон хөндлөнгийн хяналтын зааг ялгааг нарийн гаргах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байсан.

Ингээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Б.Батзориг: Улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьсан

Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан баланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд,2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараасхойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав.

Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70хувь хангах зорилт тавьсан. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал , 86.3 мянган тонн малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 22.1, төмс, хүнсний ногоо 81.1 хувьтай байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш улсын засгийн газраас авахаар болсон 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам. долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагтгурван зоорь барьж,монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, гурилаар хангахыг зорьж байна. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг. Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүнс, хөдөө ахуйн салбар төрийн дэмжлэггүй бол хөгждөггүй салбар гэдгийг онцолмоор байна гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Японы Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

Манай улсад айлчилж буй Япон улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Акира Гүнжитэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Тэрбээр “Бидний гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр талын идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд харилцаа маань Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаа. Таны энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл нэн таатай байгаагаа илэрхийлээд,2017 онд өөрийнхөө Япон улсад хийсэн айлчлал, Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монголд, 2018 оны зургадугаар сард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн Японд хийсэн айлчлалын талаар дурдав.

“Хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд Парламент чухал үүрэгтэй” гэдгийг УИХ-ын дарга онцлоод, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахад дэмжлэг үзүүлж, хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг Япон улсын Засгийн газраас гарган хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын даргын хувиар Японд айлчлах үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан Монгол, Японы хамтын ажиллагааны Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгийг онцоллоо. Тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Ноён Акира Гүнжи хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, энэ оны долдугаар сард манай баруун бүс нутагт болсон үерийн үеэр Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд дахин талархал илэрхийлье гэв.

“Монгол улс ардчилсан засаглалыг сонгож, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд хоёр орны харилцаа түргэн хурдацтай идэвхжиж, Стратегийн түншлэлийн хүрээнд хүртэл өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Бидний энэ удаагийн айлчлал парламент хоорондын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэж тэмдэглэлээ.

Ноён Акира Гүнжи “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг Японд бэлтгэл, сургуулилалт хийх боломж, нөхцөлөөр хангахад Зөвлөхүүдийн танхимын гишүүд идэвх санаачилга гаргаж байгааг дурдаад, “Миний төрөлх нутаг Ибараки мужид Монголын буудлагын тамирчид бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцох болно” гэв.

Тэрбээр 2025 онд Осакад дэлхийн ЭКСПО үзэсгэлэн зохион байгуулах Японы саналыг Монгол улс дэмжихийг хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд Олимпод оролцох Монголын баг, тамирчдад тусалж байгаад талархал илэрхийлээд, газар нутгийн хувьд ойр дөт, цагийн зөрөө багатай, найрсаг харилцаатай Япон улсад болох олимпод манай тамирчид сайхан амжилт гаргана гэж манай ард түмэн итгэж, хүлээж байгаа гэлээ. Осакад ЭКСПО зохион байгуулах саналыг дэмжих талаар манай тал байр сууриа хараахан эцэслээгүй байна гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Уулзалт бараалхалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, ноён Наоки Окада, Макото Нишида, Казүяа Шимба, хатагтай Рэнхо Мүрата, ноён Тадаёши Ичида болон албаны бусад хүмүүс байлцав.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс