Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ил тод, үр ашигтай байх, төсвийн зарлагын реформд ахиц гарсан төсөв өргөн баригдлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Мэдээж 2019 оны Улсын төсвийг хэлэлцэнэ. Төсвөөс гадна зайлшгүй хэлэлцэх шаардлагатай зүйлс гэвэл та юуг онцлох вэ?

-УИХ дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд найман удаагийн чуулган хуралдах ёстой байдгаас өнөөдөр (өчигдөр) тав дахь удаагийн чуулган нээлтээ хийлээ. Ингэснээр УИХ-ын бүрэн эрх талдаа орж байна гэсэн үг. Миний хувьд гурван зүйл дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Нэгдүгээрт, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо ард түмэндээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогдсон. Ялангуяа 2019 он бол мөрийн хөтөлбөрийн голыг нь нугалах үе гэж ойлгож болно. Тиймээс мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ирэх оны төсөвтэй уялдуулан явуулах ёстой. Улс төржилт багатай, асуудал шийдсэн төсөв батлагдах учиртай юм. Хоёрдугаарт, ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Парламентын дийлэнх олонхыг бүрдүүлж байгаа энэ үедээ олон жил хуримтлагдсан томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ хүлээлтийг зайлшгүй биелүүлэх нь бидний үүрэг болчихож байгаа юм. Эхний ээлжид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх нь зөв. Цаашлаад Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гэх мэтчилэн олон жил яригдсан тогтолцоотой холбоотой шинэчлэлийг намрын чуулганаар батлах шаардлагатай.

Ирэх хаврын чуулганаас эхлээд сонгуулийн уур амьсгал орчихно. Зарим зүйл нь сонгуулиас болж хязгаарлагдаад эхэлнэ. Тэр утгаараа улстөржилт хол байгаа үед нь томоохон тогтолцооны шинэчлэл хийж болохуйц хуулиудаа зайлшгүй явуулах ёстой. Гуравдугаарт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр том хүлээлт бий болсон. Үүнд чиглэсэн эрх зүйн зохицуулалтуудыг хийх асуудал яригдаж таарна. Энэ утгаараа намрын чуулган ачаалал ихтэй, үр дүнтэй чуулган болох учиртай. Түүнчлэн татварын багц хуулиуд төсвөө дагаад орж ирэх ёстой юм. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль гээд хэлэлцэх ёстой хуулийн төслүүд шат дараалан бий.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яг хэлэлцэх үү. Хэд хэдэн парламент дамжин яригдсан шүү дээ. МАН үнэмлэхүй олонх байхдаа хүч түрэн явуулах гэж байна гэж бусад намуудын зүгээс мэдэгдээд байгаа?

-Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх нийгмийн захиалга, шаардлага байна. МАН 2016 оны сонгуульд орохдоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруул-на гэсэн зорилго дэвшүүлсэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч намрын чуулганы нээлт дээр МАН-ын бодлогыг дэмжиж үг хэллээ. Ерөнхийлөгч системийн шинэчлэл хийе, тогтолцоондоо асуудал байгаа юм байна гэсэн. Үүнээс үзэхэд Төрийн тэргүүн хийгээд МАН-ын онош нэг байгаа. Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж олон зангилааны учиг тайлагдана. Том ахиц дэвшил авч ирнэ. Сүүлийн гурван парламент дамжигдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хүчтэй яригдсан. Өнгөрсөн парламент хамгийн олон намын төлөөлөлтэй байлаа. Гурван ч бүлэгтэйгээр парламентын үйл ажиллагаа явагдсан. Тэр үед УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч парламентад суудалтай намууд төлөөллөө багтаасан том ажлын хэсэг гарч ажилласан. Тухайн үеийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өнөөдрийн МАН эрх барьж байгаа үеийн төслүүд үндсэндээ яг адилхан. Тэр үед олон намын төлөөлөл багтаж ярьсан онош, гарц нэг байгаа. Улс төрийн шалтгаантай, эсхүл хувь хүний жижиг амбицаар шүүмжлээд байгаа болохоос өргөн барьсан төслийг нь үг үсгээр нь харах юм бол шүүмжлэх зүйл байхгүй. Тухайн үед ярьж байсан зүйлсийг өнөөдөр хийе гэж байгаа юм. Нэг нам дийлэнх олонх байхдаа биш, хэн асуудлыг шийдэж чадаж байна вэ гэдэгтээ тулгуурлан шийдэх ёстой. Тиймээс энэ цаг үед шийдэх нь хамгийн зохимжтой байгаа юм байна гэж ойлгож байгаа. Арваннэгдүгээр сарын 15-нд УИХ ирэх оны төсвөө баталж дуусаад салбарын хоёр гурван том хуулиа оруулаад арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажиллах хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед бусад хуулийг хэлэлцэх боломжгүй болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сүүлийн хоёр жил нэлээд сайн ажиллалаа шүү дээ. Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг эцсийн кнопыг УИХ-ын гишүүд олонхоороо дарах ёстой. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох ёстой гэж харж байгаа.

-Тэгээд ямар өөрчлөлт орох ёстой гэж?

-Миний хувьд гурван зүйлийг нуруугаа болгож явах ёстой гэсэн байр суурьтай байна. Нэгдүгээрт, төрийн тогтолцоогоо зөв болгох, төрийн тогтолцоо нь өөрөө нийгмийн хөгжлийн харилцаа, эдийн засаг, хүний хөгжлийн харилцаандаа чөдөр болдоггүй, түүнийгээ дэмждэг механизм байх ёстой. Одоо хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын тогтолцоо нь эдийн засгийнхаа хурдыг гүйцэхгүй манлайлж явах ёстой функц нь чагталж зогсоох, асуудал шийддэггүй байх үүд хаалга болчихоод байна л даа. Тийм учраас асуудал шийддэг, ил тод байдаг иргэдийн оролцоог хангадаг тогтолцоо руу юуны өмнө шилжих хэрэгтэй. Хувь гишүүний хувьд сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой гэж харж байгаа.

Хоёрдугаарт, хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тухайлбал, шүүгч нарыг хэн, хаанаас томилох юм. Яаж хараат бусаар иргэний төлөө ажилладаг хуулийн байгууллагатай болох юм. Мөн төрийн засаг захиргааны байгууллагын хэн нь ямар хариуцлага хүлээх вэ. Сум, баг, аймгийн Засаг дарга гэж хэнийг хэлэх вэ. Хаанаас яаж сонгогддог байх юм гээд маш ойлгомжтой томьёолж өгснөөрөө хариуцлага ойлгомж-той болно. Хүчтэй Ерөнхий сайдын засаглал руугаа шилжсэнээр эргээд хариуцлага нь тодорхой, иргэд эргээд тухайн хүндээ хариуцлагаа тооцож чаддаг тэр тогтолцоо руу явах нь зөв.

Гуравдугаарт, улстөржилт хэрээс хэтэрлээ гэдгийг бүх шатандаа ярьж байна. Ялангуяа анхан, дунд шатандаа хэрээс хэтэрч ангийн хоёр хүүхэд муудалцдаг, ах дүү нар хоорондоо хэрэлддэг. Магадгүй улс төрийн намын үйл ажиллагааг зарим түвшинд хязгаарлах ёстой. Үүнийгээ дагаад улс төрийн нам төлөвших хөрс суурийг бий болгох шаардлагатай. Улс төрийн нам нь манлайлдаг, бодлого тодорхойлдог нийгмийн хүчин. Ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн хүчнүүдийн оролцоог тодорхой болгож өгөх байх. Бүгдээрээ хэлэлцээд шийдье гэвэл гарц гаргалгаа бий.

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонссон хүмүүс нэг хүний засаглалыг бий болгох гэж байна хэмээн ярьж байна л даа…

-Өнөөдөр гурван сонголтын талаар л ярьж байгаа. Эхнийх нь сонгодог парламентын засаглал. Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог. Парламентаа дагаад хүчтэй Ерөнхий сайдын засаглал бий болдог. Манай улсын хувьд газар зүй геополитик хийгээд өмнөх түүхээ харахад Монгол Улсад сонгодог парламент зохицох байх. Ялангуяа посткоммунист орнуудаас Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн байдлыг харахад ардчилал тогтож чадаагүй, нийгэм эдийн засгийн байдал сайн түвшинд хүрч чадаагүй гашуун түүхүүд бий. Бид тэр хүмүүсийн алдааг давтах шаардлагагүй.

Дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд нэг хүний засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглал руу орох нь хэр зохимжтой вэ. Монголчууд хэзээний эрх чөлөөнд дуртай ард түмэн. Энэ байж болох хувилбарын нэг ч сайтар ярилцах нь чухал.

-2019 оны төсвийг хэлэлцэх гэж байна. Төсвийн төсөл хэр эрүүл байна вэ?

-Төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүд нэлээд ярилцаж байна. Энэ удаагийн төсөв хоёр онцлогтой байна гэж харж байгаа. МАН Засгийн эрх барьж байх хугацаандаа төсөв, мөнгөний бодлогоо хэр явуулсан бэ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хэр хийсэн бэ гэдэг дүнгээ тавиулах хугацаа ойртож байна. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч намын мөрийн хөтөлбөртэй энэ төсөв уялдаж гарч таарна. Хоёрдугаарт, 2016 онд Монгол Улсын эдийн засаг сэхээнд байхад нь бид хүлээж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл өссөн өсөлтийг цаашид яаж хадгалах вэ гэдэг асуулдал бий. Нийгмийн зүгээс эдийн засаг өсч байгаа бол цалингаа нэмээч гэсэн шаардлага гарч ирсэн. Нөгөө талд нь эдийн засгаа аль болох урт хугацаандаа тогтвортой өсөлтөөр хангах зорилт бий. Энэ хоёрын торгон уулзвар дээр төсвөө батлан гаргах зайлшгүй шаардлагатай. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа шиг тийм их хэмжээний мөнгө хуримтлагдаж чадаагүй. Гэхдээ тэр хүмүүсийн шахалтад ороод их хэмжээний мөнгө хаячихвал эргээд эдийн засаг хямрах магадлалтай. Ил тод, үр ашигтай байх, төсвийн зарлагын реформд ахиц гарсан төсөв өргөн баригдлаа гэж бодож байна. Ялангуяа төсвийн сахилга батыг чангатгах, төрийн үргүй зардлыг багасгах, төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр өрийн дарамтыг бууруулах чиглэлд Засгийн газар идэвхтэй ажилласан. Эхнээсээ үр дүн нь гарч байгаа. Ганц жилийн дотор таван их наяд 700 тэрбум төгрөгийн өрийг дарсан. 2012-2016 оны хооронд тийм их өр тавиагүй сэн бол энэ их мөнгөөр иргэдийн хүсэн хүлээсэн цалин, тэтгэврийг хэд дахин ч нэмэгдүүлэх боломж байсан гэсэн үг. ОУВС-тай тохирсон ойлголцлын хүрээнд ирэх жилээс нийгмийн асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзнэ. Цалин, тэтгэврийг энэ жилээс нэмж эхэлсэн. Ирэх жилд ч мөн инфляцитай уялдуулаад нэмнэ. Төсвийн өгөөж, үр дүнг зөв тооцмоор байна. Энэ бүгдийгээ авч үзэж байж төсвөө батлах болов уу. 2016 онд бид төсвийн тодотгол хийх гэж байхад Монгол Улсын төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байсан. Таван төсөвтэй байсныг нэгтгээд үзэхэд төсвийн алдагдал 20 хувьд хүрч байсан шүү дээ. Өнөөдөр төсвийн алдагдал 5.4 хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж ирж байгаа. Цаашид бид төсвийг алдагдалгүй батлах тал дээр анхаарч төсвөө явуулж байх хэрэгтэй. Тэгж чадвал хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг байдал арилна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн барометрүүдийг УИХ-ын гишүүд маань өөрчлөхгүй байгаасай гэж хүсч байна. Тэгэхгүй бол гишүүн бүр тойрогтоо ийм юм тавина гээд унадаг. Энэ нь өөрөө төсвөө унагачих вий дээ. Гишүүд тойрогтоо хэтэрхий их хайр зарласнаас болж улс орноо хохироож болохгүй.

-Ноднин төсөв хэлэлцэж байхдаа ам.долларын ханшийг 2500 төгрөгөөр тооцсон. Өнөөдөр 2560 төгрөг давсан байна. Ханшийн алдагдлыг яаж нөхөх вэ. Мөн бензин шатахууны үнэ өссөн. Цаашид ч өснө гээд байдаг. Их л ярвигтай төсөв юм биш үү?

-Төсвийг бодитой батлах ёстой. Сүүлийн 6-7 жилийн хугацаанд анх удаа төсөвт тодотгол хийлгүй төсвийн жилийг дуусгах гэж байна. Өмнө нь жилдээ хоёр, зарим тохиолдолд дөрвөн удаа төсвийн тодотгол, зохицуулалт хийж ирсэн. Үүнийг дагаад төсвийн сахилга бат сулардаг. Үүнийгээ дагаад дотоодын банкуудад бонд гаргах замаар нөхдөг байсан. Энэ нь эргээд эдийн засгаа хумьдаг. Сүүлдээ арилжааны банкууд нь аж ахуйн нэгжүүдэд зээл гаргахаас илүү бонд дээр ажилладаг болсон. Тиймээс төсвөө бодитой батлах нь маш чухал. Бидний тооцоогүй илүүдэл гарсан. Төсөв давж биелж байгаа. Давсан орлогоо дараа жил нь зарцуулаад явдаг соёлд суралцах зайлшгүй шаардлага байна. Тэгэхгүйгээр төсвөө хуваарилчихдаг, эсхүл төсөв дутсан нэрээр төсвийн сахилга бат алдсан хүмүүсийг өөгшүүлдэг байдлаа болих хэрэгтэй. Төсвөө бид мөнгөний бодлоготойгоо хэр уялдуулах юм. Валютын ханш, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн индекстэй уялдуулахад хамгийн их анхаарах ёстой. Өнөөдөр ам.долларын ханшийн асуудал хамгийн их санаа зовоож байна. Дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд худалдааны дайн эхэлсэн. Үүнээс болж долларын юаньтай, долларын евротой, долларын иентэй харьцаж байгаа харьцаанд доллар үргэлж чангарч байгаа. Энэ нөлөөлөл манайд орж ирж байгаа юм. Харин бид үүнийг дотооддоо хэрхэн шингээх вэ гэдгээ төсвөө ярихдаа тойрч ярилцаж, төсвөө мөнгөний бодлоготойгоо уялдуулах зайлшгүй шаардлага байна.


Categories
мэдээ цаг-үе

Гурван тэрбумын нөөцтэй Төв банк долларын ханшийг хазаарлах сонирхолгүй байна

“Найман шарга” валютын захынхан өчигдөр нэг ам.долларыг 2540 төгрөгөөр авч 2544 төгрөгөөр зарлаа. Ногоон валют 2500 давсан түүх Төв банкны энэ удирдлагын үед хоёр дахиа давтагдаж буй нь энэ. Эхний цойлолт 2016 оны аравдугаар сард болсон юм. МАН засгийн эрхэнд гараад гуравхан сарын дотор ам.долларыг хөөргөсөн түүх нууцсаад байх юмгүй. Сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч хоёрын “Монголын эдийн засаг уналаа, валютын нөөцгүй болчихож” гэсэн утгатай шил дараалсан мэдэгдлүүд долларын ханшийг галзууруулж байв. Тухайн үед эдийн засаг үнэхээр тийм хэцүү байсан уу гэдэг асуултад хариу хайя. 2016 оны зуны статистикийг сөхөхөд инфляци 1-2 хувь, ам.долларын ханш 2000 орчим төгрөг, валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар, урсгал тэнцлийн алдагдал 600 орчим сая ам.доллар, төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй гэсэн үзүүлэлтүүд ирийж байна. Өөлье гэвэл төсвийн алдагдал дээр л асуултын тэмдэг байж.

Эдийн засагчдын хэлдгээр бүх үзүүлэлт хөрсөндөө буучихсан гэж харахаар зураг л даа. Ямар нэг эрсдэл үүсчих вий гэсэн санаа зовох шалтгаангүй, гадаад орчин бага зэрэг сэргэж, мөнгө ороод ирэхэд л бүх зүйл дээшлэхээр үзүүлэлтүүдтэй орчинд улс төрийн сөрөг мэдэгдлүүд хийсээр суугаад ганцхан улирлын дотор долларын ханшийг 2500 гаргаж, зээлжих зэрэглэлээ хоёроор буулгаж, сэргэх байсан хөрөнгө оруулалт, зээлийн гарцыг хумьчихсан алдаатай бодлогын уршиг өнөөдөр долларын галзуурал, шатахууны үнийн өсөлтөөр илэрч байна. Тухайн үед төв банк зах зээл рүү 300-400 сая ам.доллар зарж үрж байж ам.долларын ханшийг хазаарласан удаатай. Үүний дараахан аврал эрж, Олон улсын валютын сантай хэлэлцээрт орж байв. Валютын сангийнхантай хэлэлцээр хийсэн тэр өдрүүдэд бизнесийнхэн “Валютын сангийн хөтөлбөрт орох нь тодорхой болчихлоо. Тэгэхээр богино хугацаанд эдийн засаг сэргэнэ гэж найдалтгүй. Сантай хөтөлбөр хэрэгжүүлэхээр банкуудад шалгалт хийх нь ойлгомжтой, шалгахаар зээл гарахгүй. Бизнесийн төслөө хойшлуулъя. Доллар аваад сууя” гэсэн бодолтойгоор нам жим амьдарцгаах болсон нь бодитой үнэн. Яг тэр үед Монголбанк мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар огцом чангалах шийдвэр гаргаж нэгэнт эрчээ алдчихсан эдийн засагт ташуур өгсөн нь мөн л болсон үйл явдал. Золоор нүүрсний үнэ өсөөгүй бол өнөөдөр байдал ямар байхыг төсөөлөхөд хэцүү.

Өдгөө төв банк гурван тэрбум ам.долларын нөөцтэй. Нүүрснээс 2.2 тэрбум, зэсээс 1.8 тэрбумыг олчихсон. Оюу толгойн хөрөнгө оруулалт нэг тэрбум 500 саяар хэмжигдэж буй. Ингээд харахаар зургаан тэрбум ам.долларын орох урсгал аль хэдийнэ нээгдээд байна. Зээл энэ тэр гээд бусад урсгалыг нь алгасаад сая онцолсон гурав дээрээ фокуслахад л ноён ногооны ханшийг хазаарлах боломж байх шиг. Гэвч гурван тэрбумын нөөцтэй төв банк хөшүүн загнасаар өнөөдөртэй золголоо. Уг нь том нөөцтэй төв банк валютын дуудлага худалдаанд өнжилгүй оролцож, банкуудын санал болгосон долларын хүсэлтийг хангаад явбал ханш ингэтлээ цойлохгүй. Нөөцөөсөө мөнгө гаргах дургүй суугаа хойрго хандлага нь Засгийн газрын өртэй холбоотой гэх таамаг дуулдаж байна. Яг үнэндээ нөөцөөс засгийн өрийг төлөх нь арга мухардсан сонголт. Засагт олсон орлогоороо өрөө төлөх гарц бий. Орлого хэцүүхэн байвал өр тавиад өрөө дарах хувилбар бас байгаа.

Монголбанк сүүлийн үед валютын дуудлага худалдаанаас бултах маягтай аж төрж байна. Заримдаа өнжиж, гэнэт сандрахаараа ээлжит бус худалдаа хийж, эсвэл ирсэн захиалгын дөрөвний нэгийг нь л өгч урьдчилж таах аргагүй үйлдэл, алхам хийх болсон. Арилжааны банкуудын хүссэн долларын дөрөвний нэгийг өгөөд байхаар ногоон валютын эрэлт үүсч, ханш 2500 давахаас аргагүй.

Доллартаа харам төв банкны хандлагын цаана Арбитрийн эргэн төлөлт гэсэн дарамт ч байж мэднэ. Наад зах нь ЖАСТ-ын 100 сая ам.долларын өр байна. Засгийн газар “Эрдэнэт мөнгө багатай байна. Нөөцөөсөө төл” гэхэд л Монголбанкинд үгийг нь дагахаас өөр гарц байхгүй. Арбитрийн шийдвэрийг биелүүлэхгүй удах тусам хүүгийн алдагдлаас эхлээд олон саад бэрхшээл бий. Саяхнаас “Эрдэнэт үйлдвэр” гадагш нь зарсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг авч чадахгүйд хүрээд байна гэсэн мэдээлэл дуулдсан. Экспортолсон зэсийнхээ мөнгийг гадаадаас авч чадахгүйдээ хүрвэл төв банк нөөцөөсөө 100 сая ам.доллар алдахаас аргагүйд хүрнэ. Өмнөх засгийн үед ч Монголбанк нөөцөөсөө “Хан ресурс”-т доллар гаргаж өгсөн удаатай.

Доллар хэрэглэхээс аргагүй дараагийн том хэсэг бол шатахуун импортлогч компаниуд. Импорлогчид жилдээ 1-1.4 тэрбум ам.долларыг хойд хөршөөс шатахуун худалдаж авахад зардаг. Шатахууны үнэ өсдөг гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, оросууд хилийн үнээ нэмбэл импортлогчид үнээ өсгөхөөс аргагүйд хүрдэг. Хоёрдугаарт, доллараар хийдэг наймаа учраас ногоон валютын ханш цойлохоор дагаад шатахууны үнэ өсдөг. Дараагийн том асуудал нь шатахуун импортлогчдын эргэлтийн хөрөнгө. Шатахуун импортолдог арав гаруй компани доллараар бүтээгдэхүүн авах учраас хаа нэг газраас доллар зээлэхээс аргагүй. Нэг бол гаднаас, эсвэл дотоодын хэдэн банкнаасаа долларын зээл авч Орос руу шилжүүлж таарна. Долларын зээлийг шууд нэг банкнаас авах боломжгүй учраас нэг компани гэхэд л хэд хэдэн банкнаас зээл авч байгаа аж. Өндөр ханштай долларын зээл авч шатахуун импортлохоор бензиний үнэ нэмэгдэхээс аргагүй гэсэн логик бий. Нөгөө талд зээл өгөх учиртай банкуудад нь Төв банк нөөцөөсөө хялайлгахгүй шахам суугаа. Тэгэхээр долларын дутагдалтай банкууд бага хэмжээний зээл өгч таарна, шатахуун импортлогчид авсан цөөхөн мөнгөндөө тааруулж багахан шатахуун оруулж ирэх нь ойлгомжтой. Үсрээд хоёр долоо хоног худалдах хэмжээний шатахуун импортолж эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байна. Хагас сарын дараа дахиад шатахуун худалдаж авахад доллар өсчихвөл өмнөх зарсан үнээ өсгөхөөс аргагүйд хүрнэ. Ингээд харахаар шатахууны үнэ савлагаатай байх орчин нэгэнт бүрдчихэж. Шатахууны үнэ өсч буй өөр нэг том шалтгаан гэвэл дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлт. Сүүлийн мэдээгээр нэг баррель нефтийн ханш 79 ам.долларт хүрчихлээ. Цаашдаа ч өсөлт зогсохгүй, 100 ам.доллар хүрнэ гэсэн таамаг шинжээчдийн дунд байна. Тэгэхээр шатахууны үнийн өсөлт дөнгөж эхэлж байна гэж харахаас аргагүй нь.

Өмнөх төв банкны ерөнхийлөгчийн үед шатахууны үнэд нөлөөлдөг гурван шалтгааны хоёрыг нь зохицуулсан учраас дөрвөн жилийн турш бензиний үнэ хөдлөөгүй. Эхний зохицуулалт нь валютын форвард хэлцэл. Монголбанк арилжааны банкуудтай валютын форвард хэлцэл хийж байлаа. Ирээдүйд ямар ханшаар төлбөр тооцоо гүйцэтгэхээ өнөөдөр тодорхой болгож гар барихыг форвард хэлцэл гэдэг. Энгийнээр хэлбэл Төв банк арилжааны банкуудтай 1750 гэсэн тоо тохироод, гурван сарын дараа долларын ханш өссөн ч тохирсон үнээрээ өгөлцөж авалцана гэж гар барьж байгаа хэрэг л дээ. Арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдтэй бас ийм хэлцэл хийж байв. Дараагийн зохицуулалт нь хөнгөлөлттэй зээл. Төв банк арилжааны банкуудад хөнгөлөлттэй зээл өгч, өнөөдүүл нь авсан хөнгөлөлттэй зээлээ шатахуун импортлогчдод өгч байсан юм. Банк багахан ашиг нэмээд зээл өгөхөд л импортлогчид долоо, наймхан хувийн хүүтэй зээл авч байлаа. Дажгүй нөхцөлтэй зээл авсан компаниуд шатахуунаа их хэмжээгээр татаж таарна. Тухайн үед шатахууны нөөц дээд талдаа 85 өдөр, бараг гурван сараар хэмжигдэж байсан нь цаанаа ийм учиртай. Тэр үед Засгийн газар Монголбанкнаас өгсөн чигийн дагуу шатахуунаас авах онцгой албан татвараа сэргээж гурван жилийн дотор 800 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрч байв. Шатахууны үнээ ч бариад, татварын орлогоо ч өсгөснийг өнгөрсөн жилүүдийн статистикаас харж болно.

Харин Н.Баяртсайханыг төв банкийг толгойлж эхэлснээс хойш валютын ханшийн эрсдэлийг компаниуд 100 хувь өөрсдөө хариуцаж эхэлсэн юм. Засгийн газар Аи- 92-ийн татварыг тэглэснээс өөр шатахууны үнэ рүү чиглэсэн ямар ч арга хэмжээ өнгөрсөн хугацаанд авсангүй. Сүүлийн үед Аи95, дизелийн түлшийн татварыг тэглэх саналаа Валютын санд хэлж зөвшөөрлийг нь хүлээж суугаа. Валютын сангийн хариуг хүлээх зуур шатахууны ханш 30 хувиар өсөөд байна. Үнэ зохицуулах бүх арга хэрэгслээсээ татгалзсан учраас ингэж өсөхөөс өөр замгүй л дээ.

Тэгэхээр банкуудад данстай цөөн хэдэн долларын багагүй хэсэг нь шатахуун импортлогчдод зээл хэлбэрээр хүрч байна. Манай улсад шатахуунаас гадна доллараар худалдаж авдаг өчнөөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бий. Наад зах нь л приус, ланд крузерийн импорт гээд харахад том мөнгөн дүн дуулддаг. Хүнс, ахуйн барааны импортод чамлахааргүй доллар урсдаг. Товчхондоо эдийн засаг доллараар цангаж эхэллээ. Одоо засагт шатахууны үнийн өсөлтөөс бултах ганцхан гарц байна. Валютын сангаас гуйж байгаад 95, дизелийн онцгой татварыг тэглэх. Валютын сан зөвшөөрч шийдвэр гарлаа гэхэд шатахууны үнэ өнөөдрийн ханшаараа нэг хоёр сарын хугацаанд л зарагдана гэсэн ойрын үр дүн бий.

Эцэст нь дүгнээд хэлэхэд долларын ханш суларсны цаад шалтгаан бодлогын маш том алдаанаас үүдэлтэй. Зүгээр нэг төлбөрийн тэнцлийн алдагдал яриад шийдэгдэхгүй. Дэлхийн худалдааны дайн гэх мэт гадаад шалтгаан тоочоод ч мултрах аргагүй асуудал. Импортлогч компаниудыг, арилжааны банкуудыг буруутгаад шийдэгдэх асуудал бүр биш.

Манай сонин долларын ханшийн өсөлтийн шалтгааныг хөндсөн өмнөх нийтлэлдээ Монголбанк хэзээд тэсрэхэд бэлэн дарьтай торхон дээр сууж байгаа тухай онцолсон. Дэлбэрэхдээ эдийн засагт аюул тарьж мэдэх дарьтай торх нь дөрвөн их наядаар хэмжигдсэн илүүдсэн төгрөг. Одоогийн Сангийн сайд Засгийн газрын үнэт цааснаас татгалзсан өдрөөс хойш хуримтлагдаад өдийг хүрсэн мөнгө л дөө. Төв банкны үнэт цаас гэсэн малгайтай энэ мөнгийг зээл болгох хэрэгцээ эдийн засагт байсан уу гэвэл байсан. Орон сууцны, үйлдвэрлэлийн гэж ирээд яривал зээл мөнгөний өчнөөн хэрэгцээ бий. Харамсалтай нь төв банк бодлогын чигийн ийм зээлүүдийг дэмжихгүй гэж мэдэгдсэн, өнөө ч тэр байр сууринаасаа ухраагүй гэж толгой сэгсэрч суугаа. Илүүдэл төгрөгийн ихэнх нь Монголбанкинд долоо хоногийн хугацаатай байршдаг. Хэзээ ч сулраад долларт хувирч мэдэх мөнгө гэсэн үг. Хэрвээ энэ хэмжээний мөнгө доллар болвол өнөөдөр 2500 давсан долларын ханш 2600, 2700 гэж цойлоод давхичих эрсдэлтэй. Тэгэхээр ядаж л хавар хүртэл, зээлийн урсгал сэргэтэл илүүдэл төгрөгийг барих бодлого хэрэгжүүлэх шаардлага төв банкны өмнө байна.

Долларын ханш өсч эхэлснээс хойш нийтэд хандаж мэдэгдэл хийгээгүй, энэ сарын 20-нд зарласан хэвлэлийн хурал дээрээ ч үзэгдээгүй Төв банкны ерөнхийлөгч аргагүйн эрхэнд мөнгөний бодлогын төслөө өргөн барихдаа л олны өмнө гарч хэдэн үг унагалаа. Монголбанкын ерөнхийлөгч уг нь яг өдийд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаад “Засгийн газрын үнэт цаас гарга. Чадахгүй бол бид гаргая. Гэхдээ дор хаяж жил хагас, болж өгвөл 18 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэйгээрээ гаргана. Тэгж байж илүүдсэн дөрвөн их наяд төгрөгөө хавар хүртэл түгжинэ” гэж зоригтой дуугармаар байгаа юм. Төдийгөөс өдий хүртэл хэлсээр ирсэн “Ингэх нь Монголбанкинд ашиггүй” гэсэн үг нь лав л өнөөдөр байгаа олохгүй. Иргэдийн халаасан дахь төгрөгийн үнэ цэнэ навс унаж, шатахууны өсөлт, хүнсний үнийн галзуурлаас болж нийт олноороо амьжиргаагаа алдаж, компаниуд алдагдалтай ажиллавал эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Ийм эрсдэлээс хамгаалах бодлого явуулсныхаа төлөө алдагдалтай ажиллана гэдэг аль ч улсын төв банкинд байдаг л үзэгдэл.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн 11.00 цагт болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэх аж.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм. Уг дүгнэлтэд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тов тогтоох тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

15 байгууллага нэг дор төвлөрч төрийн үйлчилгээ үзүүлнэ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын “ШИНЭ ГОВЬ” худалдааны төвийн зүүн талын байрыг “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ” болгож засварласан байна. Байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллан үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар боллоо.

Орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр “Их цэнхэр” ХХК гадна фасад засвар, явган хүний зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг дотор иж бүрэн засвар тохижилтыг чанарын өндөр түвшинд хийж, улсын комисст хүлээлгэн өглөө. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Даланзадгад ДЦС ТӨХК, Архив, Авто тээврийн төв, Татварын хэлтэс, Гүний ус ХХК, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК гэх мэт 15 байгууллага нэг дор төвлөрч төрийн үйлчилгээг нэг дороос иргэдэд түргэн шуурхай үзүүлэхээс гадна хоёр давхарт төрөлжсөн барааны худалдааны төв ажиллах юм. 10 сарын 10 гэхэд “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ийн үйл ажиллагаа жигдэрнэ.

Мөн энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчинг бүрдүүлэхээр зорьж байна. Тухайлбал налуу шат, хоёр давхарт гарах өргөгч зэргийг хийж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 03-нд болох үйл явдал

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Ази тивийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт эхэлнэ.

09.00 цагт ЭМЯ-нд “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Цөмийн оношилгоо хавдрын болон зүрх судасны өвчний менежментэд гүйцэтгэх үүрэг” олон улсын онол практикийн анхдугаар хурал болно.

09.00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт” болно. Утас: 88081693

10.00 цагт ХХААХҮЯ-ны ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, “ДЦС-4”-ийн зоогийн газар, “Мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцана.Утас:80019000

10.30 цагт ЭМЯ-ны гадна талбайд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулах арга хэмжээ болно. Утас:99179899, 86885060

11.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Мөнгөн усны чимээгүй аюул… Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:99153766

11.00 цагт Сүхбаатарын талбайд ҮСХ-ны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг орон нутгийг зорино.

11.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол болно. Утас.91020880, 88035915

12.00 цагт Монгол Улсын консерваторит БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжим, техник хэрэгсэл гардуулна. Утас:88111046

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Цоггэрэл: Үндэсний урлагийн их театраа байртай болгохын төлөө зүтгэж явна

Монгол Улсын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цоггэрэлтэй уулзаж ярилцлаа.


-Монгол Улсын үндэсний урлагийн их театрын захирлын албыг та нэлээд хэдэн жил хашиж байна. Улсын ардын дуу, бүжгийн чуулга нэрээ солиод удаагүй байгаа уран бүтээлийн энэ том байгууллагыг удирдана гэдэг бахархалтай сайхан байх шүү?

-Манай байгууллага бол Монгол үндэстний урлагийн гал голомт гэж хэлэгддэг. Үндэсний урлагийн их театр нь анх зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, хоёр циркчин, нэг уран уншигчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 1950 онд “Ардын дуу танцын улсын ансамбль” нэртэйгээр өнөөгийн тулгын чулуугаа тавьсан байдаг. Далан жил болж байгаа байгууллагын маань үндсэн суурь нь Улсын ардын дуу, бүжгийн чуулга. Манай алдартнууд гэвэл төрийн шагналт, ардын жүжигчин алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжид, хөгжмийн зохиолч Чойдог, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав, хөгжмийн зохиолч Мэнд-Амар, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Норовбанзад, ардын жүжигчин Түмэндэмбэрэл, Хоролсүрэн, гавьяат жүжигчин “морины” Нансалмаа, гавьяат жүжигчин Банзрагч, алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн, бүжигчдээс гэхэд гавьяат жүжигчин Зоригоо, Алтангэрэл нарын олон хүн бий. Манай хөгжмийн их найрлыг Мөрдорж, Чойдог, Лувсаншарав, Мэнд-Амар гуай нарын олон авьяастнууд нуруундаа үүрч ирсэн. Монголын бахархал болсон, улсын тусгаар тогтнолыг тодорхойлдог гол үндсэн жанжин шугамын байгууллагыг зургаа дахь жилдээ удирдаж байгаадаа би туйлын баяртай байдаг.

-Өөрөө ч бас энэ л алдартнуудын нэг болсон доо?

-Би ноднин Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Хамт олон гэдэг үнэхээр хүчтэй. Хамт олонгүйгээр ямар нэгэн ажлын биелэлт, төлөвлөгөө, Монгол Улсыг гадаадад сурталчилж буй үйл ажиллагаа бүхнийг төсөөлөх аргагүй. Монгол Улсын Засгийн газраас 2002 онд Улсын ардын дуу, бүжгийн чуулгыг, “Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга” болгосон. ҮДБЭЧ-ыг 2016 онд Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор Монгол Улсын үндэсний урлагийн их театр болгон өөрчиллөө. Манай театр дуу анги, хөгжим анги, бүжиг анги, тайз гэрлийн ажилтнууд, захиргаа удирдлагын бүрэлдэхүүнтэйгээ 189-214 хүн ажил алба хашиж байна.

-Танай театр Монгол Улсын төрийн хэмжээний бүх үйл ажиллагаанд оролцдог биз?

-Үндэсний урлагийн их театр анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол өнгөрөгч зууны наяад оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон л доо. Ардын урлагийн яндашгүй өв санг хамгаалж өвлүүлэх, орчин цагийн урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Манай театраас хөдөлмөрийн баатар гурав, төрийн шагналтан найм, ардын жүжигчин найм, урлагийн гавьяат зүтгэлтэн зургаа, соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, Монгол Улсын гавьяат жүжигчин дөчин дөрөв төрсөн гээд бод доо. Одоо ажиллаж буй нийт уран бүтээлчдийн тал хувь нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. Тус театрын дэргэд “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмэйн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг уран бүтээлийн холбоод, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, албан ёсны зочид гийчдэд тоглолтоо толилуулна. Үүнтэй хэн ч маргах аргагүй хүлээн зөвшөөрнө шүү. Уран бүтээлчдээ ч бид өөрсдийнх нь хүч бололцооноос илүү өндөр шаардлага тавьдаг. Монголын ардын урлагийг дэлхийн тавцанд шинэ төвшинд гаргаж тавихаар ажиллаж байна. БСШУС-ын дэд сайд Ганбаяр гадаадын улс орнуудтай харилцаа холбоо тогтооход асар их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад баяртай байдаг.

-Үндэсний урлагийн их театр гадаад, дотоодын үзэгчдэд жилд багцаагаар хэд орчим тоглолтыг толилуулж байна?

-Манайх жил бүрийн зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл жуулчдад зориулсан бүтэн тоглолтыг тасралтгүй тоглодог. Зөвхөн манайх бүтэн том танхимд орж тоглоно. Улсын баяр наадмын үеэр төрийн хэмжээний тоглолтод оролцоно. Манай байгууллагын оролцоогүйгээр төрийн концерт хэзээ ч тоглогдохгүй. Гаднын жуулчдын зуны үзвэр үйлчилгээний голыг манайх л нугалж байна.

-Үзвэр үйлчилгээний үнэ тариф одоо хэдий орчим төгрөг болсон бол?

-Намайг энэ байгууллагад ажиллахаар ирж байх үед нэг тоглолтын үнэ зургаа долоон мянган төгрөг байсан. Нэг хоёр ч доллар хүрэхгүй байсан гэсэн үг л дээ. Тэр ханшийг арав, хорин мянган төгрөгт хүргэсэн. Энэ жил үзвэрийн тасалбараа 25 мянган төгрөгт хүргэлээ.

-Ийм олон уран бүтээлч, ажилчидтай танайх шиг том театр Драмын эрдмийн театрын дээвэр доор хоргодож байна гэхээр заримдаа гунигтай санагддаг шүү?

-Үнэн л дээ. Нэг тайвшрах зүйл гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт “Монгол Улсын үндэсний урлагийн их театрыг барина” гэсэн байгаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сарын 26-нд энэ тухай албан ёсоор зарлан тунхагласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Хүрэлбаатар нар ч энэ театрын барилга байшингийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Ирэх онд театрын барилгын хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг хийж, газрын зөвшөөрлийг олгосон. Миний хувьд театраа өөрийн гэсэн байр байшинтай болгохын төлөө зүтгэн ажиллаж байна. Манай театрт байр савны асуудлаас гадна гадна талын автобус, унааны зогсоолын асуудал бас их анхаарал татна шүү.

-Театр барих газрын байрлал их чухал юм байна даа. Хотын төвлөрөл, түгжрэл дунд олигтой газар олдох болов уу даа?

-Жуулчид болоод иргэдийн уран бүтээл үзэж сонирхох орчин яах аргагүй чухал л даа. Би мөрөөдөхдөө манай театр хаа нэг гурван га газарт мод тарьчихсан, ямар ч байсан 500-1000 машин зогсох талбайтай, хүн ирээд тав тухтай суучихдаг тохилог орчинтой байгаасай л гэж боддог. Яг одоо манай энэ Драмын театрын байшингийн ийш чинь жуулчдын том автобус байтугай суудлын тэрэг орж ирээд түгжирчихдэг газар шүү дээ. Жуулчдын компаниуд ч үүнд их дургүйцдэг. Шинээр баригдах театр маань тиймээс их л зөв сайхан газар шаваа тавиасай гэж залбирч байна.

-Тохилог боломжийн газар таныхаар хаа байх шиг байна?

-Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн энэ хоёр том байгууллага тайзаа байнга булаацалдаж уран бүтээл хийж байна. Манай хоёр хамт олонд бэлтгэл хийх ч түвэгтэй байдаг. Их зөрчил үүсдэг. Миний бодлоор болдог бол хуучнаар Хүүхдийн парк гэгддэг байсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд л театрын барилгыг бариулчихвал Монголын үндэсний урлагийн ирээдүйд мөн ч том хөрөнгө оруулалт болно доо.


Categories
мэдээ улс-төр

Ж.Бат-Эрдэнэ сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан.

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлээд байсан юм.

Хуралдааны үеэр УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ хүрээнд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах ажлуудыг үе шаттай, иж бүрнээр хийж буйг Г.Занданшатар сайд хэлсэн. Төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, дэг журамтай байлгах зорилгоор 47 журмыг шинэчлэн боловсруулаад байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Фэйсбүүк компанийн төв оффист зочиллоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фэйсбүүк компанийн урилгаар АНУ-ын Калифорн мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо

Уулзалтад Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен, бүсийн Хууль эрх зүйн Ерөнхий консул Дамиан Иёо, Улстөр, засгийн газрын асуудал хариуцсан ахлах менежер Шарон Яо зэрэг тус компанийн удирдах албан тушаалтанууд байлцав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлах чиглэлд олон зүйл хийх боломжтой талаар санал солилцов.

Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд хэлэхдээ дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэхэд Фейсбүүкийг идэвхтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд нийтдээ 1,6 тэрбум хүн өөрсдийн бизнестээ үр дүнтэйгээр ашиглаж байгааг дурдаад одоогоор 17 улсын 100,000 эмэгтэйчүүдэд хүрээд байгаа сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдлаа.

Сайд Д.Цогтбаатар мөн тус компанийн төв оффист ажиллаж байгаа монгол инженер, мэдээллийн технологийн ажилтануудтай уулзаж ярилцав.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нууцаар бичлэг хийвэл 200 мянган төгрөгөөр торгоно

Манай улсад фэйсбүүкийн 2.7 сая орчим хэрэглэгч бий. Тийм ч учраас фэйсбүүк орчинд мэдээлэл хурдан тархаж, газар авах нь амархан байдаг. Өдгөө хүмүүсийн үйлдлийг бичлэг, зургаар баталгаажуулж олон нийтэд тараах нь ихэсчээ. Технологийн дэвшлийг дагаад хүн бүр видеочин болж. Энэ нь нэг талаараа эерэг хандлагыг нийгэмд төрүүлж байна. Тухайлбал, фэйсбүүкт Paparazzi+Traffic Mongolia гэх групп бий. Энэ группт дүрэм зөрчсөн жолоочдын бичлэгийг тавьж хашраадаг юм. Гэвч сайны хажуугаар саар зүйлс ч харагдана. Хамгийн ноцтой нь хэн нэгний талаарх бичлэгийг нууцаар хийж олон нийтэд түгээх явдал. Үүний цаана бидний хөнжлийг сөхөж нууц бичлэг хийх ашиг сонирхол үүсч, тэр нь газар авсаар. Хажуу хашааны Батаагийн нэг л буруу гишгэж байгааг камерийн дуранд буулгасан этгээд түүнийг бүрэн эрхшээлдээ оруулах нөхцөлийг үүсгэж байгаа юм. Улмаар таны бичлэгийг сошиал сүлжээнд тавина гэж сүрдүүлнэ. Энэ нь тийм ч таатай зүйл биш. Сошиалд эерэгээсээ илүү сөрөг сэтгэгдэл давамгайлдаг. Ийм аюулд өртөхгүйн тулд тухайн хүний тавьсан шаардлага бүрийг биелүүлэхээс өөр аргагүйд хүрдэг нь аюулын дохио. Энэ төрлийн аюул нийгмийн сүлжээнд аажим аажмаар орж ирсээр байна. Удахгүй бидний хөнжлийг сөхөж түмний өмнө дураарай шившиглэр цаг ойртлоо. Таны, миний, бидний хувь хүнд хамаарагдах бүхий л нууцыг сошиалын түм буман хэрэглэгч яг л шилэн хоргоны цаанаас харж буй мэт тольдох нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн өглөө нэгэн эмэгтэйн бичлэг фэйсбүүк орчинд газар авсан. Тус бичлэгт бүсгүй автомашинтайгаа урсгал сөрж зогссоноор маргаан дэгдэж буй. Энэхүү маргааны үеэр нэгэн иргэн бичлэг хийж түүнийгээ сошиалд тавьснаар асуудал үүссэн. Тэр бичлэг тухайн өдөртөө л нийтийг хамарсан том сэдэв болж хувирсан билээ. Бичлэгийг санаатайгаа тусгай хэрэгсэл ашиглан нууцаар хийсэн аж. Үүнийг тухайн хүн огт мэдэхгүй байгаа нь шууд харагдаж байна. Яагаад гэвэл өмнө байгаа машингы хүнийг зураг авлаа гэж омогдож байгааг та харж байгаа. Энэхүү бичлэг анх Mongolian Tubmlr гэх фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн байна. Нийтлэгдсэнээс нь хойш тус бичлэгийг ганцхан хоногийн дотор 381 мянган хүн үзэж, 7700 удаа хуваалцсан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй тус хуудсын дагагчдын тоо 3700 болж нэмэгджээ. Тухайн үйл явдалд ямар нэгэн дүгнэлт хийхийг хүсэхгүй байна. Сүүлийн үеийн технологиор бичлэг хийж хэн нэгийг гутааж сошиал дагагчдаа нэмэгдүүлэх, дарамталж эрхшээлдээ оруулж болох зэрэг маш олон сөрөг үр дагавар эндээс харагдаж байна. Өдгөө ч гэлтгүй нэлээн хэдэн жилийн өмнө л цаг хэлбэртэй дуу хураагуур, үзгэн камер дэлгэрчихсэн байсан. Зөрчлийн тухай хууль батлагдаж эхлэхээс өмнө үүнийг тагнуул болон сэтгүүл зүйн салбарт түгээмэл хэрэглэдэг байлаа. Ийм үйлдэл цаашид ч дэлгэрч газар авах шинжтэй болоод ирлээ. Гэвч нууцаар бичлэг хийснээр Зөрчлийн тухай хуулиар шийтгэгддэг гэдгийг иргэд ойлгоогүй л явна. Дээр дурдсан бичлэгийг хийж интернэтэд байршуулсан нөхөр хуулийн өмнө хариуцлага хүлээхээс өөр аргагүй байдалд орох нөхцөл бүрдлээ. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх гэсэн заалт бий. Энэхүү заалтаар 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.


Categories
мэдээ нийгэм

Дурсгалын зоосны мэдээлэл бүхий цахим хуудсыг нээлээ

Монголбанкинд худалдаалагдаж буй дурсгалын зоосны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий coin.mongolbank.mn цахим хуудас нээгдэж, олон нийт шууд мэдээлэл авах боломжтой боллоо. Энэхүү цахим хуудаст худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны тухай мэдээллээс гадна Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр Олон Улсын зах зээлд худалдаалагдаж буй сэдэвчилсэн цуврал зоосны тухай мөн холбогдох түүх, танин мэдэхүйн мэдээллийг агуулжээ. Түүнчлэн дурсгалын зоос худалдаж авах зааварчилгааг оруулсан байна.

Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан 1 төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никел, гуулин зоос байв. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаад байна.

Тун удахгүй “Монгол Улсын олимпын медальт тамирчид” цувралын үргэлжлэл болгож, 1968 оны Мехикогийн Зуны XIX олимпиос мөнгө, хүрэл медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг нарын түүхэн амжилтын 50 жилийн ойд зориулж, тэдний хөрөг бүхий дурсгалын зоосыг худалдаанд гаргахад бэлэн болоод байна.

Тус цувралын анхны зоос 2008 оны Бээжингийн олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П. Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын хөрөгтэй мөнгөн зоосыг нэг кг, нэг унцаар тус тус хоёр төрлөөр захиалан үйлдвэрлүүлсэн билээ.