Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Амарбаясгалан: Одоо намын удирдах зөвлөлийн хурлаар Зам тээвэр хөгжлийн сайдад нэр дэвшигчийг тодруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн билээ. Тиймээс түүний албыг үргэлжлүүлэх дараагийн сайд хэн байх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Ямартай ч өнөөдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Удирдах зөвлөлийн хурал 13 цагт эхэлсэн юм. Энэ талаар Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөллөө. Дараагийн сайд нэрс яригдаад эхэлсэн байна. Таныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж байгаа гэсэн яриа гарсан байна л даа. Тайлбар өгөхгүй юу?

-Одоо намын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Чуулганы хуралдаанаар сайдыг чөлөөлсөн учраас өнөөдөр бид сайдын асуудлыг шийднэ. Богино хугацаанд дараагийн сайдыг томилох учиртай. Тэр утгаараа намын Удирдах зөвлөл хуралдах гэж байгаа юм.

Сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 2-3 хүн бий. Хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ гэдэгнь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Намын дарга, Ерөнхий сайд өнөөдөр хуралдах Удирдах зөвлөлийн хурал дээр нэр дэвшүүлэлтээ хийнэ. Ямар нэгэн санал хураалт, өрсөлдөөн болдоггүй. Удирдах зөвлөлөөр орсны дараа намын бүлэг хуралдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох учиртай.

-Яг хэн хэн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн юм бэ?

-Хэвлэлээр яваад байгаа шиг хэн нэгэн хүн зарим нэг хүнийг нэр дэвшүүлсэн зүйл байхгүй. Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын гишүүд албан ёсоор нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Ё.Баатарбилэг гишүүний нэр яригдаж байна.

-Нэр дэвшиж байгаа хүмүүс дотор салбарын хүн алга гэх юм?

-Ж.Бат-Эрдэнэ сайд уг нь 76 гишүүн дотроо зам тээврийн салбарын мэргэжлийн цорын ганц хүн байсан. Гэхдээ нэр дэвшихээр хүсэлт саналаа ирүүлж байгаа хүмүүс маань зам тээврийн тухайлсан мэргэжилгүй боловч эдийн засгийн болон бусад чиглэлээр энэ салбарыг удирдаад явах туршлагатай.

-32, 33-ын бүлгийн квотоор асуудал шийдэгдэх үү?

-Манай нам дотор 32, 33-ын бүлэг гэж байхгүй. У.Хүрэлсүх дарга намын ажлыг авсны дараа ийм бүлэг байхгүй гэдгийг хэлж байгаа. Ямар нэгэн байдлаар бүлэглэж, талцах байдлыг бид урьтал болгохгүй.

-Та Зам тээврийн хөгжлийн яамыг залуус толгойлох ёстой гэсэн юм биш үү?

-Би тийм байр суурь илэрхийлээгүй. Залуус гэдэг зүйлийг ч яриагүй. Энэ яамыг туршлагатай, боломжийн хүн удирдах ёстой. Удирдах зөвлөл дээр намын даргын нэр дэвшүүлэлтийг хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Эмгэнэлт явдалд ар гэрийнхэн, найз нөхдөөс нь дахин уучлалт гуйя

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг өнөөдрийн чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэрбээр “Болсон хэрэгтэй холбогдуулан улс төрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл дөрвөн хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна.

Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулаас ажиллагаа явуулж баривчилсан гурван хүнийг нэг сар хорих шийдвэр гаргажээ

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн Мягмар гаригт тусгай ажиллагаа явуулсан билээ.

Тусгай ажиллагааны үеэр гурван иргэнийг баривчилсан бөгөөд гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн.

Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.

ХУУЛИЙН ЗААЛТ:

14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн харьяа газруудад инновцийг нэвтрүүлсэн шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ”-г бий болгоно хэмээн тусгасан билээ.

Төрийн байгууллага хооронд солилцох уламжлалт цаасан суурьтай мэдээллийн урсгалыг аль болох цахим хэлбэрт шилжүүлсэнээр мэдээллийн чанар, хурд, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлж цаашид иргэдэд үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд томоохон суурь болох юм.

Тэгвэл нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, сургууль цэцэрлэг зэрэг 1100 орчим байгууллагад өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох технологийн шинэ шийдэл бүхий, инновацийг нэвтрүүлсэн дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ талаар НМТГ-ын дарга О.Чинзоригоос тодруулахад “Дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн 16000 орчим төрийн албан хаагчид байнгын үе шаттай сургалт явуулах шаардлага үүсч байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 198 сургагч багш бэлтгэж гэрчилгээ олгосон. Сургагч багш нар маань цаашид байгууллагууддаа системийн хэрэглээний хичээлүүдийг заахаас гадна төрийн байгууллагуудад Дижитал соёлыг бий болгоход онцгой анхаарч ажиллана.

Байгууллагад мэдээллийн систем нэвтрээд л “Дижитал шилжилт” хийгдэнэ гэж эндүүрч болохгүй. Төрийн албан хаагчид дижитал соёл, хандлага бий болгох нь маш чухал. Байгууллагууд аль болох уламжлалт үйл ажиллагаанаасаа татгалзаж байж амжилттай хэрэгжинэ. Гадны хөгжилтэй орнуудад албаны цахим шуудан /и-мэйл/-гаар ирсэн захидлыг албан тоот бичигтэй адилтгаж үздэг. Энэ жишиг манай төрийн болон хувийн байгууллагуудад нэвтэрч байна. Ингэхийн тулд цаашид төрийн албан хаагчдад дижитал соёлыг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ тал дээр онцгой анхаарч байна” гэж ярилаа хэмээн Нийслэлийн Мэдээллийн технологийнгазраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цөмийн энергийн салбарын хяналтыг бэхжүүлэхэд хамтран ажиллана

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яамны Эрчим хүчний атташе Малори Лэ Байе-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд цөмийн энергийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд тавих хяналтыг бэхжүүлэх, хүнийн нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах талаар санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалснаас үүдэж, мерит зарчим алдагдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы хуралдааны эхний өдөр бүлгээс гаргасан дүгнэлтээ танилцууллаа. Бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Тэрбээр, “АН-ын гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутаг, тойрогтоо ажиллан, ард иргэдийн захиа даалгавар, санал хүсэлтийг сонсч, өнөөдрийн Монгол орны дүр төрх,төр засгийн үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг та бүхэнд сонордуулж байна. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар зөвхөн Засгийн газрын гишүүдийн тухай бус Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал бүхэлдээ туйлын хүнд байдалд орсон байгааг ярилцах шаардлага үүсчээ. Төрийн тасралтгүй үйл ажиллагаа доголдож, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоорондын үл ойлголцол газар авч, хуулийн хэрэгжилт, төрийн албаны үйл ажиллагаа алдагдаж, ҮАБЗ-ийн гишүүдийн нэгдмэл шийдвэр гаргах гарцгүй болсон нь нийгмийн бухимдлыг өдөөж, төр засгийн нэр хүндийг урьд хожид байгаагүйгээр унагаж байна. 2016 оны сонгуулиар ард иргэдийн саналыг олон том амлалтаар авсан эрх баригч нам дотроо зөрчилдөж, тогтворгүй байдлыг өдөөж байна. МАН төрийн бодлого, залгамж чанарыг бүрэн алдагдуулж, зөвхөн намын, хувийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж, хоорондын зөрчил маргаан нь төрд итгэх түмний итгэлийг бүрэн алдагдууллаа.

Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гарсан нь энэ төр засагт хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ болж байна. Зам Тээврийн Хөгжлийн яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм. Энэ асуудалд одоо болтол хэн ч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар асуудлыг намжаахгүй. Мөн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад одоо хүртэл мөн л хэн ч тайлбар хийгээгүй.

Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай үйл ажиллагаа явуулж, хүн хулгайлах оролдлого анх удаа гарсан нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Ардчилсан Үндсэн хуулийг маш ноцтой зөрчсөн үйл явдал боллоо. Монгол Улсын эдийн засгийн гол ачааг үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж, Олон улсын арбитрын шүүхээс олон сая ам.долларын өр төлөх шийдвэр гарлаа. Өнөөдөр энэ бүгдэд хариулт өгөх, шийдвэр гаргах төр, засаг алга. Эрх баригчдад бүгдийг тогтолцоо руу чихэх эрх байхгүй. Үндэсний аюулгүй байдал алдагдаж, өр зээл нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын эдийн засаг нэг улсын хараат болох зам руу сүүлийн жилүүдэд эрчимтэй гулсан орлоо. Засгийн газрын нийт өр 2016 оны хоёрдугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны хоёрдугаар улиралд 22 их наяд 642 тэрбум болж даруй зургаан их наяд 30 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

МАН засгийн эрхийг аваад “Чингис” Самурай бондын хэмжээний валютын өр тавьсан мөртлөө хийж бүтээсэн зүйлгүй гараа хумхин сууна. БНХАУ-аас авч байгаа зээлийн хэмжээ 1 тэрбум 500 сая.ам доллароос давж, Монгол банк 15 тэрбум юанийн свопын өр зээлтэй байгааг анхаарахгүй орхиж боломжгүй. Ардчилсан нам эдийн засгийн хямралын үед эдийн засгийн тусгаар байдалд онцгой анхаарч, Олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгож, дотоодын мөнгөний бодлого явуулж,хүндрэлийг давах нөхцөлийг бүрдүүлсэн нь зөв байсныг өнөөгийн нөхцөл байдал нотлон харуулж байгаа.

Эдийн засгийн хямралын үед хүн бүр хөдөлмөр хийхийг эрхэмлэж,бүтээн байгуулалт, ажлын байраа хадгалж,орон сууцанд орж, үнэ тогтвортой байсан тэр үе мартагдаж эхэлсэн. Хувийн өмчид халдах, хүний эрхийн зөрчил түгээмэл болж, иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг төр засаг өөрөө үгүй болгож байна. Ард нийтэд эрх баригчдын сайхан амлалт биелэхийг хүлээх хүлээлт байхгүй болсон. Өнөөгийн төрийн арчаагүй байдалд бухимдсан, ажлын байргүй, цалингаа арай ядан амьдралдаа хүргэсэн, олон нэмэлт татварт дарлагдсан, хүүхэд залуучуудаа гадаадад ажиллуулах хүсэл тээсэн нийгмийн давхарга огцом нэмэгдэж, ард иргэдийн амьдралын чадамж огцом буурлаа.

Багш нарын цалингаа нэмүүлэх зорилготой хийсэн цуглаан, жагсаал энэхүү байдлын толь болж байгааг ойлгоход эрх баригчдын ухааны цар яалт ч байхгүй дутаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын биелэлт аравдугаар сарын байдлаар дөнгөж 20 хувьтай явж байна. Эрчим хүчний салбарын бодлогогүй шийдлүүд, хариуцлагүйн улмаас гарсан ослууд улс оронд асар их хохирол дагуулж байна.

БНХАУ-аас зөвхөн хөнгөлөлттэй зээлээр 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 23 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа дотор бодит үйлдвэрлэлийг дэмжих нэг ч төсөл ороогүй бөгөөд дэд бүтцэд 60 хувь, нийгмийн салбарт 30 хувь хамарч байгаа нь зөвхөн төсвөөс эргэн төлөх зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гадны зээлээр хэрэгжиж байгаа өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтууд улс орны хөгжилд тус болох гэхээсээ илүү гадны бодлогод хөтлөгдөөд байна уу гэдгийг Засгийн газар ялгаж, салгах чадамжгүй байна. Монгол банк, Засгийн газар хоорондын ажлын уялдаа алдагдсанаас валютын ханш, инфляц өсөж байна. Төсвөөс хулгайлагдсан авлигалын өртөг инфляцыг өдөөж, ханшийг хөөрөгдөх нэг шалтгаан болж байна. Саяхан дуулиан болсон 1.3 сая ам.долларын хэрэг үүний тод жишээ юм.

Мөн түүнчлэн: Хэрэглээ огцом нэмэгдэж, импортын хяналт алдагдсан. Өндөр өртөгтэй хөнгөлөлттэй зээлийн гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн дэд бүтцэд орж байгаа нь импортыг өсгөх шалтгаан болж байна.Монгол Улсын дотоодын бодит үйлдвэрлэл зогсонги байдалд орж, хэрэглээний эдийн засаг хуучин үеийнх шиг дахин сэргэж байгаа. Монгол Улсаас экспортод гарч байгаа уул уурхайн түүхий эдийн гарсан бодит бүтээгдэхүүний гаднаас орж ирэх төлбөр саатаж байна. Эдийн засаг өсч байхад хэрэглээний үнэ өсөөд байгаа, валютын ханш яагаад саваад байгаа юм гэдэгт бодит дүгнэлт хийх цаг нь болсон учраас бид Ерөнхий сайдад асуулга тавьсан. Төсвийн орлого маш их нэмэгдэж эдийн засагт өсөлт гарсан гэж байгаа боловч өсөлт нь ард түмэн, аж ахуйн нэгжид хүртээлгүй байна. Зөвхөн төгрөгийн ам.доллартой харьцах ханшны өсөлтөөс болоод, ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. Тухайлбал,

  • 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. 602 төгрөгөөр төгрөг суларсан. Одоо ханш 2600 төгрөг хүрэх гэж байна.
  • 2016 оны зургадугаар сард 1.2 хувьтай байсан инфляц 8.8 хувьтай буюу 6.6 хувиар өссөн байна.
  • Бензин шатахууны үнэ АИ 92 19 хувиар,
  • АИ95 бензин 25 хувь,
  • дизель 30 хувиар тус тус нэмэгдлээ.

Олон зуун сая төгрөг заран байж, хэвлэл мэдээллийг цензурдэж, өгч байгаа гол ярианы гол сэдэв, үг улстөржилт чинь ард иргэдийн сэтгэлийг хуурахаас биш амьдралыг нь тэтгэсэнгүй.Уул уурхайн өсөлтөөс орж ирж байгаа мөнгө, ОУВС-аас нэмж өр зээл тавьж байгаа 5.5 тэрбум ам.доллар хаана шингэж, юунд зарцуулагдаж байгааг ард түмэн асууж байна. Татвар нэмэгдэхийн хэрээр үнэ өсч, амьдрал хүндэрч байгаад иргэд хариулт нэхэж байна.
Арагш харж бусдыг гоочлохын оронд урагш харж улс орондоо ганц ч гэсэн хэрэгтэй зүйл хийхийг тэд эрх баригчдаас шаардаж байна. Монгол Улсад хариуцлага хүлээх эзэн байхгүй болсон хэнэггүй байдлаас иргэд залхаж байгаа.

60 тэрбумаар авлигыг гааруулж,төрийн албыг улстөржүүлэн арилжаалж, үнэгүйдүүлэн хариуцлагагүй үйлдэл гаргаж, Монгол Улсын Үндсэн хууль,бусад хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөн У. Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үүрэг мөн. Ардчилал бол Ард түмний засаглал мөн хэдий ч Засгийн газрын алдаа завхрал нь ард түмний нэр барьсан анархизм, популизмыг услан ургуулж байна. Дээрхи хариуцлагагүйн тоо жишээ баримтууд нь асуудлууд бугшиж, Монгол төрийн үнэлэмж унасныг тодхон харуулж байгаа бөгөөд энэ цаг үед гал унтраах төдийхнөөр асуудалд хандаж, хэдэн хүнд хариуцлага тооцсон мэт харагдсанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх гэсэн оролдлогыг Монгол төрд хор уршигтай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Хэрэв Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Тэр Б.Махбалаа ажлаас нь халаарай

Засгийн газрын гишүүнийг чөлөөлх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд дараах санал, үгийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хүний аминд хүрсэн гээд байгаа Б.Махбал гэж хүний тухай хэдэн үг хэлье. МАН-д Б.Махбал гэсэн хүн байсныг мэдэхгүй. Ямар ачтай буянтай хүн гэхээрээ бүх нам, бүх төрийн нүүрэнд дарга хийж явдаг байна аа. ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарт хэлье. Тэр Б.Махбалаа ажлаас нь халаарай. Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө “Би газрын дарга болно. Надтай яриарай” гэж яриад явж байсан байгаа юм. Ёстой ялзрал. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэлье. Тэр хэргийг зөв зүйчлээрэй. Бараг талийгаачийн буруу мэтээр зүйлчлэгдсэн байгаа юм. Шударга ажлаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Кабинетээр нь хариуцлага тооцмоор байна. Болдог бол зайлуулмаар 7-8 сайд байна. Нэг сайдаа ацаглачихаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа хэрэг дэлхийд байхгүй байх. Ардчиллаар яваад 28 жил боллоо. Ардчилал нэрийн дор юу ч хийж болох юм шиг явсны гай л даа. Г.Занданшатар дарга та асуултандаа бодож хариулаа. Инээгээд байх юм. Инээж биш гуниглаж, харамсч, эмзэглэж хариулах ёстой “

2018.10.04 10.55 цаг

Н.Оюундарь: ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх эрх ЗГ-т биш УИХ-д л байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ж.Бат-Эрдэнэ сайдыг чинь огцруулчихаагүй юм уу. Ерөнхий сайд чинь хэвлэлийн хурал хийж байгаад л огцруулчихлаа гэж яриад байсан биздээ. Би УИХ-гүй болчихсон юм байх гэж бодсон. Яамдуудын ТНБД нараа яагаад жинхлэхгүй байгаа юм бэ. Хариуцлагын тогтолцоо гэж алга. Хот нийтээрээ тоггүй боллоо яагаад хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Улаанбаатараас Дархан хүрэх зам маш хэцүү байна. Ийм асуудалд хариуцлага хүлээх юм байх гэж бодтол хүн амины хэрэгт хариуцлага хүлээж байна. Журмаараа ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. ЗГХЭГ-ын даргыг гал тогоо мана гэж тавиагүй. Машин дээр наалт нааснаараа хариуцлагатай болчихгүй. Бүх төрийн алба өнөөдөр замбараагүй болчихсон байна. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болж байна. Ж.Бат-Эрдэнэ сайд тэр хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу, төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой”

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Та буруу ойлгосон байна. ЗТХ-ийн сайд ёсзүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө гаргасан. Энэ дагуу өнөөдөр асуудлыг хэлэлцэж байна. Цахилгаан станц дээр болсон хэрэг явдлууд, гарсан ослын улмаас хариуцлага тооцох ажлын хэсэг гараад ажиллаж байна. Төрийн албанд болж буй асуудлууд нэг өдөр л гарчихсан юм биш. Гай газар дороос л гэгч болсон. Төрийн албаны шинэчлэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сайд өөрт нь хамааралгүй ч ёсзүйн хариуцлагаа хүлээж шинэ жишиг тогтоохоор өргөдлөө өгсөн”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Сайд хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ эвдэрхий замнаас болж хариуцлага хүлээх ёстой. Шинэ жишигийг та яагаад эхлүүлж болохгүй гэж. Энэ асуудалд Ж.Бат-Эрдэнэ сайд биш та хариуцлага хүлээх ёстой. Та ичихгүй, санаа зовохгүй байна уу. Таны өргөдлөө өгөхийг хүлээж байна”

УИХ-ын гишүүн Л.Болд “Аль өнгөрсөн наймдугаар сард ЗТХ-ийн сайд өргөдлөө өгчихөөд байхад бид хоёр сарын дараа дөнгөж чөлөөлөх асуудлыг ярьж байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Үндсэн хуулийнхаа дагуу дараагийн сайдыг томилоод явах ёстой байсан. Тэгсэн бол одоо ЗТХ-ийн сайд замын ажлаа эхлүүлээд явж байх ёстой байсан. Яаж Үндсэн хуулийнхаа дагуу ажлаа хийж, хариуцлагаа тооцдог болох вэ. Г.Занданшатар сайд хариуцлага ярихаар бусад руу чихээд суугаад байх юм. Эцэс сүүлдээ бичиг цаасны хугацааны асуудал яриад, Ерөнхийлөгч рүү чихээд сууж байна”

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Ер нь төрийн алба тогтвортой байх ёстой. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг. ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн хохирогч Т.Гомбосүрэн гэж Сэлэнгэ аймгийн залуу байна. Энэ залуу их даруу төлөв. Айлын голомт залгах ганц хүү байсан. Эхнэр нь наадмаар одонгоо авчихаад одонгийн найраа хэзээ хийх үү гээд л явж байсан айл. ЗТХЯ-нд гарч байгаа үйл явдлыг золгүй явдал гэж үзэж болохгүй. Б.Махбалын хувьд дөрөв, таван компанитай. 10-аад ашигт малтмалын газрын лицензтэй. Төрсөн хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй. Хэчнээн ч олон машинтай” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Тэр Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал нь талийгаачийг 7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг тогтоож чадахгүй байгаа юм бэ. 9 удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тавуулаа байж байгаад нэг хүнийг бүлэглээд зодоод алчихсан байж, одоо талийгаач таван хүн бүлэглэж байгаад санамсаргүй өнгөрсөн болж хувирах гээд байна. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л болох гээд байна”

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Алтны форум”-д Д.Сумъяабазар сайдын хэлсэн үг

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн алт олборлогчид, төрийн болон орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн та бүгдэд энэ өглөөний мэнд хүргэе. Мөн энэхүү форумын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж буй нийт иргэд та бүхний амгаланг айлтгая.

Миний бие Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албыг хүлээн авч ажиллаж эхэлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч, тун удалгүй нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм, байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх, уул уурхайгаас Монгол улсад болон улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, гадаад харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт, цогц ажлуудыг шат дарааллан хийж байна.

Эдгээр ажлууд нь салбарт тулгараад буй асуудлуудыг сууриар нь, системтэйгээр эмчлэхэд чиглэсэн тул ярвигтай, цаг хугацаа, хүчин чармайлт, мэдлэг, олон улсад туршигдсан сайн туршлага зэргийг ихээр шаардсан ажлууд байгаа юм. Олон улсын зах зээл дээр эрдэс бүтээгдхүүний үнэ өндөр зурвасхан үе таарч байгаад ташуурч, алгуурлан суулгүй, харин үнэ унах мөчлөг ирэх үед хэдхэн жилийн өмнөх шиг сөхрөн унахгүй байх бэлтгэлүүдийг ханган ажиллаж, наадмын дараа намар гээд өвөлжилтийн бэлтгэлийг хангадгийн адилаар үнийн өсөлтийн дараагаар уналт ирдэг гэдгийг санан бэлтгэл хангаж байна.

Зэсийн салбарт Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэн, төлөвлөсөн хугацаандаа далд уурхайг ашиглалтанд оруулахад шаардлагатай тогтвортой байдлыг бий болгож өгөхөд салбар хариуцсан сайдын хувьд ихээхэн анхаарч байна. Нүүрсний салбарт экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч байгаагийн зэрэгцээ Тавантолгойн нүүрсний ордын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн том ажлыг эхлүүлээд явж байгааг та бүхэн анзаарч байгаа.

Тавантолгойн IPO нь Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлж, орлогыг нэмэгдүүлэхээс гадна Өмнийн говийн бүсийн тогтвортой хөгжил, төрийн өмчит компаний засаглалын реформ зэрэг олон олон сайн зүйлсийг бидэнд авч ирнэ. Өнөөдөр тус бүр нь 2-3 тэрбум ам долларын экспортын орлого бүрдүүлж буй зэс, нүүрсний салбарыг оновчтой бодлогоор удирдаж чадвал нийлбэр орлого нь 10 тэрбум ам долларын босгыг хялбархан давах потенциалтай бөгөөд Яамны зүгээс үүнийг мөрөөдөл биш бодит байдал болгохоор ажиллаж байгаа. Зэс, нүүрсний компаниуд мэргэшсэн, хариуцлагатай уул уурхайн компаниуд ямар стандарттайгаар, ямар түвшинд ажилладагыг Монголын ард түмэнд харуулж, уул уурхайд итгэх олон түмний итгэл сэргэх цаг холгүй байна.

Уул уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцээд Оюутолгой, Тавантолгой 2 байхад л хангалттай, бусдаар нь яахав гэх маягийн дуу хоолой цухалзаж эхэлдэг. Уул уурхайн салбарт зориглон орж ажиллаад удаагүй ч Монгол орны дөрвөн зүг, найман зовхист буй уурхайнуудтай, тэдгээрт ажиллаж буй иргэдтэй, мөн уул уурхайн орчимд амьдарч буй иргэдийн аж амьдралтай ч явж танилцсаны хувьд хариуцлагатай уул уурхайг бүх чиглэлээр хөгжүүлэх байр суурь, итгэл үнэмшил дээрээ бат зогсож байгаагаа та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Монголын уул уурхай томорч, ачаа даах чадвартай болох ёстой. Монголын уул уурхай солонгорч эрдэс бүтээгдхүүний үнийн өсөлт, уналтын шуурганд улсын төсвийг бүрдүүлэх, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, уул уурхайг даган бизнес хийж буй олон мянган жижиг дунд компаний, тэдгээрт ажиллаж буй олон арван мянган иргэдийн орлогыг тасалдуулахгүй байж, өсөж дэвжих суурь нь болох ёстой. Уул уурхайн салбар хүчирхэг байж нэгээс хоёр арваныг туулан гарах явцад Монгол улсын эдийн засгийн бусад салбар хөгжиж, Монгол хүн хөгжиж, Монгол улс хөгжинө. Энэ бодлогын хүрээнд Алт олборлолтын салбарын асуудлаархи өөрийн байр суурийг та бүхэнтэй хуваалцахаар өнөөдөр энд урьсан юм. Богино хугацаанд тараасан урилгыг хүлээн авч, завгүй ажлаа зохицуулан хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны түрүүнд баярлаж байгаагаа илэрхийлье.

Алт олборлолт 2014 оноос эхлэн сэргэж, тогтвортой өсөн, жил бүр 500-800 сая америк долларын гадаад валютын нөөц бүрдүүлж ирлээ. Алт олборлолтын салбараас орчин үеийн техник технологи эзэмшсэн үндэсний уул уурхайн компаниуд, үндэсний мэргэжилтнүүд төрөн гарсан. Алт олборлолтын хуримтлал, менежментийн туршлагадаа тулгуурлан уул уурхайн бус салбарууд уруу шилжсэн үндэсний компаниуд төрөн гарсан. Эдгээр нь алтны салбарын гэрэлтэй, гэгээтэй тал нь юм.

Нөгөө талд байгаль орчны асуудал алт олборлолтын салбарыг сүүдэр мэт дагаж ирсэн байна. Алт олборлолт явагдаж буй орон нутагт үзүүлж буй нийгмийн асуудал, ялангуяа хууль бус алт олборлолттой холбоотой асуудал орон нутагт ч, уул уурхайн салбарт ч дарамт болж байна. Алтны салбарт хуримтлагдсан асуудал их, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд оносон, алдсан зүйл ихтэй, хэрэгжсэн зүйлс байхад, завхруулаад хяналтаас гарсан асуудлууд ч байна.

Алтны салбар дахь хөрөнгө оруулалт, өмчлөлийн тал дээр ч ойлголтын зөрөө гарч, судалгаа нь хийгдсэн төслүүд дээр үйлдвэрлэл эхлүүлэхэд ихээхэн бэрхшээл тулгарч байна. Олон жилийн турш, олон давталттайгаар яригдсан ч дорвитой ахиц гардаггүй эдгээр асуудлуудыг би энд давтан нуршихыг хүссэнгүй. Харин шийдэл тал дээр яамнаас боловсруулж буй бодлогын талаар та бүхэнд дараах мэдээллийг өгье.

Бид алтны салбарт тулгараад буй асуудал дээр дүн шинжилгээ хийж дүгнэлт өгч байгаа бөгөөд хамгийн ерөнхий онош бол 1990-ээд оны шилжилтийн хүнд хэцүү үеийг туулж гарахад ашиглах хэрэглүүр болгон боловсруулсан Алт хөтөлбөрийн анхны концепци, анхны араг ясад дараа дараагийн алт хөтөлбөрүүдийг боловсруулахдаа реформын шинжтэй өөрчлөлтийг хийж чадалгүй, жижиг засварууд оруулан зүтгүүлж ирсэн нь өнөөгийн энэ нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймээс,

  1. Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа юм.

Энэхүү бодлого нь шороон ордын алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн ордын алт олборлолт давамгайлсан салбар болон шилжих шилжилтийг ойрын 5 жилд ямар нэгэн завсар, хийдэлгүйгээр хийх, цаашид алт олборлолтын хэмжээг тогтвортойгоор тэрбум доллар давсан хэмжээнд барих хоёр үе шаттайгаар хэрэгжинэ гэж бид харж байна.

  1. Дээр дурьдсан шилжилтийн үе шатанд шороон ордоос алт олборлох эрхзүйн болон татварын орчныг тогтвортой байлгаж, шилжилтийн үе шатанд алтны салбараас олох орлогыг тасалдуулахгүй байх байр суурийг яам баримталж байна.
  2. Уул уурхайн салбар төсвийн орлого бүрдүүлэлтэд томоохон байр суурь эзэлж ирсэн ч буцаад төсвөөс салбарын тогтвортой хөгжлийг хангахад зарцуулж буй хөрөнгө оруулалт маш бага байсан гажуудлыг 2019 оноос эхлэн засахаар Улсын төсвийн төсөлд тусгаж эхэлсэн. Үүний хүрээнд алтны томоохон орд, районуудыг олж илрүүлэх сэдэвчилсэн суурь судалгаануудыг эхлүүлнэ. Хайгуулын эхний шатанд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтуудыг цогц байдлаар ашиглан, хайгуулын эрсдэлийг бууруулж, хайгуулд хөрөнгө оруулах олон улсын сонирхолыг нэмэгдүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн улс орнууд хэрэгжүүлж эхэлж байгааг бид судалж байна. Удахгүй ажил хэрэг болгоно.
  3. Уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын санхүүгийн баталгааны механизмуудыг олон улсын тэргүүн туршлагад тулгуурлан нэвтрүүлэх, үүнийг эрхзүйн зохицуулалт болгон хуульчилах ажил дээр бид БОАЖЯам, ХЗЯам, Сангийн Яамтай хамтран ажиллаж байгаа. Үүний үр дүнд уул уурхай сонирхогчийн бизнес биш мэргэжлийнхний бизнес болно. Салбарын хэмжээний энэхүү тогтолцоо нь алтны салбарын хөгжилд, алт олборлолтыг хариуцлагатай болгоход том түлхэц өгнө.
  4. Эдгээр ажлуудын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын сонгодог тогтолцоо болох сонгон шалгаруулалт ба өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо уруугаа шилжинэ. Тусгай зөвшөөрөл олгочихоод араас нь хариуцлагаа хөөцөлдөөд явдаг тогтолцоонд реформ хийж хариуцлага нь тодорхой бөгөөд санхүүгээр баталгаажсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгодог реформыг хийх тул тусгай зөвшөөрөлтэй холбоотой үл итгэл, хардалт, тусгай зөвшөөрлийн хавтгайрсан наймаа зэрэг явдал цэгцрэх тул тусгай зөвшөөрөл олгох сонгодог тогтолцоонд эргэлзэх шаардлагагүй.

Эрхэм хүндэт оролцогчидоо. Уул уурхайг хөгжүүлэх ажил хэзээд амар хялбар байгаагүй ээ. Уул уурхайн салбар нь өндөр хөгжсөн, уул уурхайн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл нь өндөр улс оронд ч уул уурхайн орлогын хуваарилалттай холбоотой санал зөрөлдөөн, маргаан мэтгэлцээн өнөөдөр ч байсаар байна. Бид асуудлыг хүнд хэцүү гээд хаяж зугтах биш, асуудалтай нүүр тулан шийдвэрлэх ёстой. Уул уурхайг хөгжүүлж, бусад салбараа хөгжүүлэх, Монгол хүнээ хөгжүүлэх хуримтлалаа бий болгох шаардлага бидэнд байсаар байна.

Алтны салбарын өмнө тулгараад буй бүх асуудлыг нэг яам, нэг сайд хичнээн сайн ажиллаад, хичнээн сайн бодлого боловсруулаад ч өргөс авахын адилаар шийдвэрлэж чадахгүй. Тийм ч учраас би өнөөдөр энэ асуудалтай тал бүрээс нь зууралддаг та бүхнийг энд урьж, алтны салбарыг хөгжлийн салбар болгох шийдэл дээр санал бодлоо хэлэхийг хүссэн юм.

Сүүлийн хэд хоногт америк долларын эсрэг үндэсний валют, төгрөгийн ханш суларч байна. Энэ бол та бүхний ч, миний ч хүсэх зүйл биш. Иргэдийн маань хүсэх зүйл биш. Олон улсын байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдхүүний үнэ өсөөд эхэллээ. Бензин, дизель түлшний үнийн өсөлт, төгрөгийн ханшны уналт давхцах нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусна. Улсын валютын нөөц бүрдүүлэлтэд алт олборлолтын үүрэг роль, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Монголбанк та бүхэнд өнөөдөр мэдээлэл өгнө.

Уул уурхайн байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудал дээр 2000 оны дунд үеэс эхлэн салбарын тэргүүлэх компаниудын хүчин чармайлт, талуудын хамтын ажиллагааны үр дүнд тодорхой ахиц гарсан байна. Гэхдээ зохицуулалтын түвшинд, хяналтын шатанд асуудлууд бий. Алтны шороон орд ашиглаад орхигдсон газрын нөхөн сэргээлтийг хийх асуудал дээр нугалаа гарсан, бодлогын алдаа гарсан асуудлууд бий. Эдгээр дээр бид сүүлийн үед яамдууд хамтран үр дүнтэй ажиллаж байгаа. Энэ тал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам мөн мэдээлэл бэлдсэн байгаа.

Алтны салбарын холбоотой гол асуудлуудаар хэлэлцүүлгүүд явагдана. Асуудлыг шийдэлтэй нь ярилцахыг та бүгдээс хүсэж байна. Энэ яриа, хэлэлцүүлгүүд цаашдаа үр дүнд хүрнэ. Өнгөрсөн оны 12-р сард Яам санаачлан Монгол улсын Засгийн газрын түвшинд Уул уурхайн бодлогын зөвлөгөөн зохион байгуулсан. Үүнийгээ цаашид жил бүр уламжлал болгон, уул уурхайн салбарт хамаатай бүх бодлогыг зангидах, хэлэлцэн талуудын ойлголцлыг нэгтгэх платформ болгоно гэдэг байр суурь дээрээ би хэвээрээ байгаа. Энэ жил Тавантолгойн IPO-ы хүрээнд гадаад томилолт ихтэй байх ч амжуулан зохион байгуулахыг зорьж байгаа. Уг зөвлөгөөнөөр дамжин өнөөдрийн форумын хэлэлцүүлгийн эрхзүйн зохицуулалттай холбоотой асуудлууд уул уурхайн салбарын том бодлогод тусгалаа олоод явна.

Шилжилтийн энэ жилүүдэд би өөрийн яамны албан тушаалтнуудад алт олборлогчдод хүнд сурталгүй, мэргэжлийн түвшинд үйлчлэх шаардлага тавьж, нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл, тайлан төлөвлөгөө хүлээн авдаг тогтолцоог тогтмол, тасралтгүй ажиллуулах шаардлагыг тавьж ажиллаж байгаа.

Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грам алт бүр Монголын гэр бүлүүдийн идэх ширхэг талх бүрийн үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр уул уурхайд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул би та бүхнийг эх оронч байж, Монгол банкиндаа алтаа тушааж, олборлолтоо тогтвортой хадгалж ажиллахыг уриалж байна.

Нийт иргэд, орон нутгийн удирдлагад уул уурхайн талаархи ойлголтоо нэмэгдүүлэх үүднээс манай мэргэжилтнүүд, уул уурхайн салбарт мэргэжил эзэмшсэн хүмүүсээс голч мэдээллийг авч, хариуцлагатай иргэн байж, улс орныхоо хөгжлийн төлөө уул уурхайн компаниудад шаардлага тавьж, хамтран ажилладаг байхыг уриалж байна.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг болгохоор зорино гэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, “Bloomberg TV Mongolia” хамтран /2018.10.02/ анх удаа “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Алтны салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт, шийдэл болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй чиг хандлагын талаар энэ үеэр хэлэлцсэн юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” гэв. Мөн тэрбээр “Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грамм алт бүр Монголын өрх бүрийн идэх талхны үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр нөхөн сэргээн ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул эх оронч байж, Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Олон улсын геополитикийн тодорхойгүй байдлаас үүдсэн гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савалгаанаас сэргийлэх, тогтвортой байдлаа хадгалах, шийдэл нь алт болохыг зохион байгуулагчид, оролцогчид онцолж байна. Хэлэлцүүлгийн үеэр үндэсний алт олборлолтыг эрчимжүүлэх, улмаар алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар дотоодод валютын ханшийг тогтворжуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, эрдэнэсийн санг арвижуулан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар салбарын оролцогч талууд санал бодлоо хуваалцсанаас гадна нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан юм.

“Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэгт зохион байгуулагчдаас гадна Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, МХЕГ болон алт үйлдвэрлэгч компаниуд, судлаач, шинжээчид зэрэг 200 гаруй төлөөлөл оролцов.

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Сумъяабазар IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцоно. Чуулга уулзалт Австрали Улсын Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах юм.

Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцоно. Рио Тинто, Англо Американ, Нью Крест Майнинг, ЭмЭмЖи Лимитед зэрэг дэлхийн томоохон компанийн удирдлагууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

УИХ-ын 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж арилжихаар тогтсон билээ. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарал хандуулж буй үед УУХҮ-ийн сайдын айлчлал тохиох юм.