Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндсэн хуулиараа оролдох нь тусгаар тогтнолоо самрах хэрэг болох вий дээ

Намрын чуулганы нээлтээс харахад улс төрийн дээд бүлэглэлүүд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуулийг оролдохоор шийдсэн бололтой байна. Их хурлын дарга М.Энхболдын толгойлж байгаа бүлэглэл сонгодог парламентын засаглалыг Үндсэн хуулиндаа суулгахаар болсон юм даг уу. Ноён спикер “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Тиймээс хэлэцэхийг эрхэмлэх нь зүйтэй” гэж чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд онцолсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилж, шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор шийджээ гэдэг нь хэлсэн үгнээс нь уншигдсан.

Тэрээр “Манай одоогийн тогтолцооны чадвар боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүрснийг одоо харж, мэдэж байна. Одоо хөгжлийн шаардлага нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх хэрэгтэй болж байна. Шинэ Үндсэн хууль түүнийг батлагсдад баярлалаа гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирсэн”-ийг зарласан.

Сонгодог парламентын засаглал гэдэг нь ард түм-нээс сонгогдсон парламен-тын гишүүд төрийн Ерөнхийлөгчөө сонгохыг хэлнэ. Мөн парламентаас хүчирхэг Ерөнхий сайд сонгогдоно. Тэгээд Ерөнхий сайд нь өөрөө сайдуудаа томилж танхимаа бүрдүүлнэ. Сон-годог Ерөнхийлөгчийн засаглал гэвэл Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдоно. Мөн Засгийн газраа тэргүүлж сайд дарга нарыг томилохоос аваад бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийг хэлнэ. Мэдээж Их хуралд тайлангаа тавьж хэлэлцүүлнэ. Бүлэглэлүүдийн мэдэгдсэн дээрх хоёр тогтолцоо товчхондоо ийм.

Гэвч хэн хэн нь нэг ноцтой зүйлийг анзаарахгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр Монголын нийгмийн халуурал дээд цэгтээ тулж засаг төрөө зүхэж хараасан, алба хашиж байгаа бүхнийг адгийн муухайгаар хэлсэн, хөрөнгө чинээтэй, өнгөтэй өөдтэй бүхнээ үзэж чадахаа байсан. Энэ их хийрхлийн үед Үндсэн хуулийг бүх ард түмний санал асуулгаар шийднэ хэмээн ярьж байгаа нь зөв үү. Нийгмийн донсолгоотой, эзэгтэй үед Үндсэн хуулиа санал асуулгаар шийдэхэд хамгийн түрүүнд популизмаар хийрхэгчид ялах нь гарцаагүй гэж бодогдож байна. Сонгодог парламентын засаглалыг хүссэн аядуу тал нь дийж болно л доо. Аль нь ч дийлсэн бай ялсан талынхаа саналыг ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөхгүй ээ. Ерэн оны хувьсгал шиг улс төрийн хүчнүүд нэгэндээ зөөлөн буулт хийгээд “тахимаа өгнө” гэж гонж.

Үүний үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолын баталгаагаа алдана. Учир нь Үндсэн хуультай ч юм шиг, огтоос Үндсэн хуульгүй ч юм шиг дампуу улс болж хувирна. Ялсан тал нь мэдээж шинээр бий болгосон Үндсэн хуулиараа явна гэж зүтгэнэ. Ялагдсан тал нь хуучин хуулиараа явахыг эрмэлзэнэ. Нийгмийн эмх замбараагүй байдал үүснэ. Цэргийн даран-гуйлал, нэг хүний дарангуйлал тогтоно. Төрийн эргэлт болж хувьсгал хийлээ хэмээн хийрхсэн нөхөд улс орноо галдан шатаах ийм л аюул нүүрлэж мэдэх юм. Хөрш орнууд ч бидний сиймхий дээр сүрхий тоглолт хийж иргэний дайн руу турхирахыг үгүйсгэх аргагүй. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, улс төрийн бүлэглэлүүдийн дайсагнал эцэстээ улс орноо сүйрэл мөхлийн ирмэгт аваачдагийг монголчууд эрх биш олон орны гашуун түүхээр мэдмээр сэн.

Тэгэхээр нөхөд минь тэртээ ерэн хоёр онд батлан мөрдөж байгаа шинэ Үндсэн хуулиа өөрчлөх гэж морин дэл дээгүүр сэлэм эргүүлэн дарцаглан давхилдахаа азнавал яасан юм бэ. Хэсэг хугацаанд хүлээж, нийгмийн энэ их халуурал хийрхлийг буулгаж байгаад өөрчлөлт хийвэл дээр биш үү. Улс орны хөгжил удаан байгаа нь үнэн. Гэхдээ тусгаар тогтнолоо алдвал юун хөгжил дэвшлийн тухай ярих манатай болно. Энэ үүднээс аваад үзэхээр ерэн хоёр онд батлагдсан шинэ Үндсэн хууль бидэнд гай болчихоогүй байна. Үл ялиг засвар оруулж хариуцлагын тогтолцоо зэргийг сайж-руулаад явж болно. Хугацаа өнгөрсний дараа нийгмийн энэ их хийрхэл, солиорол намжих байх. Тэр цагт харин Үндсэн хуулийнхаа тухай ярьж болно оо?


Categories
мэдээ нийгэм

Их морь одтой, цагаан морь өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 26, Их морь одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 6:58 цагт мандан, 18:23 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “УИХ “ялтан” Б.Махбалыг шүүв” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт УИХ “ялтан” Б.Махбалыг шүүв хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 51 хувийн асуудал гэж угаасаа юу ч байхгүй гэж “Улс төр” нүүрт ярив.

“Өдрийн сонин” ам.долларын ханшийн талаар хэлэлцүүлэг хийлээ хэмээн бичсэнийг “Хэлэлцүүлэг” нүүрнээс уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Б.Махбал талийгаачийг дарамталж, АТГ-аас Дорждагвыг газрын даргад тохирохгүй гэж бичиг ирснийг нь сайдаасаа хүртэл нуусан байдаг гэв.

Хоёр гавьяат, “18 хос”-той арын хангайн 10Б-гийнхэн хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Багш нарт 21 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна гэж “Улс төр” нүүрт ярив.

Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын, тасгийн дарга, хурандаа Б.Энхбат: Сүхбаатар дүүрэгт бүлэг залуус хар тамхины хэрэгт холбогдсоныг шалгаж байна гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Мэдээллээ нягталж шалгаагүйн улмаас алдаа гаргаж байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярив.

“Маск” продакшны захирал, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан: Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж амьдардаг гэж “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

Өвлийн улиралд бөөрөнд зориулсан сонгомол эмчилгээ хийлгэхэд үр дүн өндөр байдаг гэж “Энэ тухай” нүүрт бичжээ.

Криштиану Роналду “Би татвар төлж болохгүй гэж хэзээ ч хэлээгүй. Тэгвэл яагаад би гэмт хэрэгтэн болчихсон юм бэ гэдгийг тайлбарлах хүн байна уу” хэмээн “Дэлхийн спорт” нүүрт бичсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Энэ өдөр” нүүрт “Миний сайн мэдэх зүйлс” хэмээн өгүүлжээ.

АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны Нобелийн шагналыг тэргүүлж байна хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийннэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, О.Содбилэг, Ё.Баатарбилэг, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Дэлгэрсайхан, С.Батболд, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар хуралдаанд оролцсон Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд:

– Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах,

-Экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх,

– Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх,

– Төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх,

Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах,

– Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо.

Эдийн засгийн өсөлтийг хангаж тогтворжуулах, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх, зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд гадна, дотны олон хүчин зүйлийг тооцож, бодит нөхцөл байдлаа бүрэн дайчилж ашиглах зарчмыг Засгийн газар барьж ажилласныг Сангийн сайд тодотголоо. Энэ үндсэн дээр төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд юуны өмнө гаалийн шинэчлэл хийж, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс газрын баялгаас татвараа бүрэн авдаг болно. Мөн бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт, импортоос олох орлогоо бүрэн хураадаг болно. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлийн “Ухаалаг гарц” цахим систем нэвтрүүлнэ гэлээ.

Харин татварын шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, татварын суурийг өргөтгөх, татварын тэгш, шударга байдлыг бүрдүүлэх татварын шинэчлэлийн цогц бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Иймээс Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг 2019 оноос хэрэгжиж эхлэхээр тооцсон.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын үйлчилгээг улам бүр цахимжуулж, татварын тайлангийн тоог цөөрүүлж, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцааж олгоно. Мөн алдагдал шилжүүлэх хугацааг салбар харгалзахгүй 5 жил болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээдийн барилга, байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгож бууруулах, татварын зорилгоор орлого, зарлага хүлээн зөвшөөрөх зарчмыг тодорхой болгох, Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгчийн гадаад улсад төлсөн татварыг давхардуулан ногдуулахгүй байх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгасан гэлээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтыг нийгэм, эдийн засгийн нэн тулгамдаж байгаа асуудлууд, тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглүүлэхээр тусгасан гэдгийг Сангийн сайд хэллээ. Энэ үүднээс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжид бүрэн шилжүүлэх бодлогыг үргэлжлүүлэх юм байна. Тухайлбал, ирэх онд ерөнхий боловсролын 117 сургууль, хүүхдийн 57 цэцэрлэг, сурагчдын 34 дотуур байр, мөн 61 эмнэлэг, 52 соёлын төв баригдахаас нэлээд нь эхлээд байгаа аж.

Ирэх онд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд тодорхой хөрөнгө тусгасан байгаа. Энэ хүрээнд боловсролын чанарыг дээшлүүлэх үүднээс сурагчийн амжилтаас хамааран багшид үр дүнгийн урамшуулал олгох тогтолцоог бий болгоно, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэмэгдлийг сурагчийн тоо, ажлын ачаалалттай уялдуулж ялгаатай тогтооно гэдгийг тодотголоо.

Эрүүл мэндийн салбарын тухайд эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд анхан шатлалын эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар, хоёрдогч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулна, энэ үндсэн дээр анхан шатлалын эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтад баримталсан.

Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж шаардагдах эх үүсвэрийг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, даатгуулагч эрүүл мэндийн даатгалын үр шимийг суманд хүртэх боломжтой болох юм. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг санхүүгийн хувьд бие даалгаж үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож санхүүжүүлнэ. Үүний үр дүнд эмнэлэг менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, зардлын үр ашиг сайжирч өрсөлдөх чадвартай болно гэдгийг сайд хариултдаа дурдлаа.

Гадаадын тусламж, Засгийн газрын өрийн тухайд өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаас гаргахгүй байх зарчим баримталж байгаа, түүнчлэн цаашид Засгийн газрын өрийн баталгааг нэмж гаргахгүй. Мөн улсын төсөв болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр байгуулагддаг “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээг шинээр байгуулахгүй. Түүнчлэн ипотекийн зээлийг орчны бохирдлыг бууруулахад чиглүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа өрхөд буюу гэр хорооллоос газар чөлөөлж, орон сууцанд нүүн орж байгаа, анх удаа өрх тусгаарлан орон сууц худалдан авч байгаа, ногоон амины орон сууцны зээл авч байгаа өрхүүд буюу зорилтод бүлэгт олгох юм байна. Харин жижиг, дунд үйлдвэрийн тухайд эргэлтийн сан нь 335 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, энэ мөнгөө зээлж эргэлтэд оруулах, өмнөх зээлээ төлүүлж бүрэн ашиглах боломж бий гэдгийг хэллээ.

Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөвт төвлөрч байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөр, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн орлогоос тухайн орон нутагт тодорхой хувийг нь нэмж хуваарилахаар тусгасан. Ингэснээр орон нутаг өөрөө бие даан байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах боломж бүрдэх юм. Тухайлбал, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр улсын төсөвт төвлөрөх орлогын 50 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд; Газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 30 хувийг тухайн орон нутгийн төсөвт; олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн төсөвт тус тус нэмж хуваарилахаар зохицуулаад байгааг хэллээ.

Сангийн сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газар төсвийн урсгал зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд юуны өмнө зарлагын оновчтой, үр ашигтай хуваарилалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах зарчим баримталж байгааг тодотголоо. Энэ үндсэн дээр урьдчилан төлөвлөх боломжтой зардлыг цаашид төсвийн нөөц хөрөнгөөр санхүүжүүлэхгүй, хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах, цөлжилттэй тэмцэх зэрэг байгаль орчныг хамгаалах чиг үүргийг бие даан шийдвэрлэх боломжийг орон нутагт, хог хаягдлыг зайлуулах, устгахад хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоо бүрэн зарцуулах эрхийг тухайн орон нутгийн хот тохижуулах газарт олгоно, Авто замын санд төвлөрөх орлогыг авто замын засвар, арчлалтын ажилд бүрэн зарцуулахаар тусгасан гэдгийг сайд нэмж тодотгов.

Ажил олгогч, бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Иймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа суралцагчид ирэх оноос сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэдгээ мөн тодотголоо.

Түүнчлэн Засгийн газар цахим бүртгэл, хяналтыг сайжруулж, төрийн албан хаагчдын орон тоо, цалин хөлсний нэгдсэн цахим систем нэвтрүүлнэ, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг 2019 оноос цахим системээр бүрэн гүйцэтгэнэ. Мөн төсвийн байгууллагуудын цахилгаан, халаалт, цэвэр, бохир хэрэглээг тоолууржуулах, шаардлагагүй хэрэгцээг хязгаарлах замаар төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулдаг болно.Төвлөрсөн халаалтын системд холбогдсон 1892 төсвийн байгууллагыг үе шаттайгаар дулааны тоолуурт шилжүүлнэ. Эрүүл мэнд, онцгой байдал, хил хамгаалах, цагдаа зэрэг байгууллагуудаас бусад төрийн байгууллагын албан хэрэгцээндээ ашиглаж байгаа автомашиныг зөвхөн ажлын өдрүүдэд ашиглахаар тооцож шатахууны зардал олгоно. Мөн төрийн албаны автомашинд ялгах тэмдэг хэрэглэнэ, ялгах тэмдэгтэй албаны автомашиныг зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцдог тогтолцоо бий болгоно гэдгийг Сангийн сайд хариултдаа дурдав. Гишүүдийн зарим асуултад салбарын сайд нар нэмэлт хариулт, тодруулга өгсөн юм.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Дундговийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч нутгийн баруун хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

2019 онд агаарын бохирдлыг бууруулахад 193 тэрбум төгрөг зарцуулна

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Н.Цэрэнбатын саналаар 2019 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 193 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн сард тус хороо хуралдан, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд шинэ агентлаг байгуулах саналаа УИХ-ын зарим гишүүдэд танилцуулсан юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон байгууллага тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг нэгтгэн, нэгдсэн удирдлагаар хангах нь зөв гэсэн санал гаргасныг Засгийн газар хүлээн авчээ. Тус хороо агаарын бохирдлыг бууруулахад нийт 199 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн ч Сангийн яам 193 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 8.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Таканоива А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 24,31 сая иен нэхэмжилжээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр Японы Тоттори хотноо Мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өөрөөсөө доод зиндааны монгол сүмоч Таканоива А.Баасандоржийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмтээсэн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Харүмафүжи их спортоо орхин, саяхан зодог тайлсан билээ.

Хэрэг мандсаны дараа Японы Сүмогийн холбоо зөрчил гаргасан Харүмафүжи аваргыг 500 мянган иенээр торгосон. Тухайн үед Таканоива А.Баасандорж хоёр тэмцээн өнжихөөс гадна өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Эдүгээ 28 настай Таканоива Токиогийн дүүргийн шүүхэд хандаж, 34 настай Харүмафүжи аваргаас сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, замын зардал гэхчилэн нийт 24,31 сая иен буюу 211 мянган ам.доллар нэхэмжилсэн талаар “The Asahi Shimbun” мэдээлжээ.

Таканоивагийн хувьд дээрх мөнгийг хоёр сарын өмнө нэхэмжилсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард хоёр талын өмгөөлөгчид уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй аж.

ama

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш чангарч байгаа нь улирлын чанартай өсөлттэй холбоотой гэв

Сүүлийн өдрүүдэд америк доллартай харьцах төгрөгийн ханш 3.4 хувиар суларчээ. Нэг доллар 1999 оны нэгдүгээр сард 1,000, 2016 оны тавдугаар сард 2,000, 2017 оны нэгдүгээр сард 2,500 болтлоо чангарч, төгрөг суларсаар байгаа. Энэ талаар өнөөдөр “Өдрийн сонин”-гийн асуух эрхийн танхимд хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Өдрийн сонин”-ы зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон банкны зарим удирдлага оролцсон юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны зүгээс ам.долларын ханшны өсөлтийг анхааралтай ажиглаж өөртөө байгаа. Валютийн ханшийн хөдөлгөөнд нөлөөлж чадах арга хэрэгсэл Монголбанкинд байдаг. Хамгийн сүүлд мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ өөрчлөхөөр шийдсэн. Ханшийн өсөлтөд огцом арга хэмжээ авдаг гол арга нь банкны хүү байдаг. Харин Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ өсгөхгүй 2016 оны эдийн засгийн хүндрэл хямралаас хойш Монгол Улсын эдийн засаг 1.6 хувиар сэргэж эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлж байна. Энэ үед нь бид бодлогын хүүгээ өсгөхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Эдийн засгаа жаахан дэмжье гэсэн үзэл баримтлалаар ажиллаж байна. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларч буй энэ өдрүүдэд суурь шалтгааныг нь судлаад үзэхэд шалтгаан харагдахгүй байгаа. Худалдааны тэнцэл тогтвортой байна. Есдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр Монголбанкинд 850 сая ам.долларын нөөц байгаа. Хэрэв цаашид энэ байдлаараа ам.долларын ханш өсөөд байвал Монголбанкнаас арга хэмжээ авна.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ: Төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш өсөөд байгаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 29 дэх жилдээ явж байна. Энэ хугацаанд төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй явсаар 29 жил болсон. Манай улс импортлогч орон. Бараг бүх зүйлээ гадаадаас худалдан авдаг. Гадагшаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг нь ч бага. Манай улс ам.доллараас хараатай, ам.долларын колони болсон улс гэхэд болно. Тэгэхээр нэг ам.долларын эсрэг хэдэн төгрөг байх вэ гэдгийг төр засаг, төв банк байнга анхааралдаа авч, хяналт тавьж зохицуулалт хийж чаддаг байх ёстой. Биднийг оюутан байхад нэг ам.доллар хоёр төгрөг 99 мөнгөтэй тэнцдэг байсан. Гэтэл өнөөдөр нэг ам.доллар 2576 төгрөг хүрчихсэн байна. Ам.долларын өсөлт юунаас шалтгаалж байна вэ гэхээр Монгол Улсад гадагшаа экспортод гардаг, орлого нь ам.доллараар орж ирдэг эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд байхгүй. Одоо манай улс хүнд аж үйлдвэрийн зургаан үйлдвэр байгуулчихад л ам.долларын тэнцвэрийг барьж, хянаж чадна. Мөн валютын хангалттай нөөцтэй болно. Нэн тэргүүнд манай улс дотооддоо цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэдэг болмоор байна. ОХУ-аас импортоор эрчим хүчээ авч байна. Хангалттай эрчим хүчний нөөцтэй болсон байхад хүнд аж үйлдвэр байгуулахад асуудал гарахгүй ээ.

Ам.долларын ханшийн өнөөгийн өсөлт нь дээр дурдсанчлан хөгжиж буй орнуудад ам.долларын ханш чангарч байгаагаас гадна улирлын чанартай өсөлттэй холбоотой хэмээн эдийн засагчид үзэж байна.

“Голомт” банкны ахлах эдийн засгийн шинжээч Г.Ганзориг: Ам.долларын ханшийн өсөлт олон хүчин зүйлээс нөлөөлөхөөс гадна улирлын өсөлт ихээхэн нөлөөлж байна. Валютын ханш өсөөд эхлэхээр хүмүүс, ам.доллар худалдан авч дардаг, хадгаламж нээх юмсан гэсэн бодол төрдөг. Энэ эргээд иргэдийн дунд хүлээлт гэдэг зүйлийг бий олгодог. Ам.долларын өсөлтөд АНУ-ын эдийн засгийн өсөлт нөлөөлж эрэлтийг нэмэгдүүлж байна. Гэхдээ өнөөдөр ам.долларын өсөлтийн шалтгааныг ярихаасаа илүү шийдлийг ярих нь зүйтэй болов уу. Миний харж байгаагаар манай улсын бүтэц өөрөө асуудалтай. Манай улсын эдийн засаг худалдаан дээр суурилагдсан байдаг. Жишээлбэл, АНУ-ын эдийн засгийн аваад үзье л дээ. Хөдөлмөрийн зах зээлээ голчилж, ажилгүйдлийн түвшнээ бага байлгах тусам нь эдийн засаг нь өргөжин тэлж байдаг.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль энэ сарын 7-нд болно

Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг, 10 дугаар сарын эхний Ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан. Үүний дагуу зарим аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль 2018 оны 10 дугаар сарын 07-ны Ням гарагт явагдах гэж байна.

Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батлан мөрдүүлж байгаа бөгөөд нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахаар 2 аймгийн сонгуулийн хороо, 5 сумын сонгуулийн хороо, 1 дүүргийн сонгуулийн хороо, 18 хэсэгт санал авах байр байгуулагдан сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар ажлын бэлтгэлийг хангаж дуусчээ.

Нөхөн болон дахин сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас нийт 15 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигдсэн бол нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ.

Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт-Булган чиглэлийн автозамд цасан бүрхүүл тогтжээ

Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсэгт 5-25 см цас тогтсоны улмаас шөнөдөө мөстөж хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна.Мөн Завхан аймгийн нутгаар нойтон цас орж Загастайн даваа Мэргэний давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа ажээ. Иймд дээрх чиглэлд зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдлаа хангахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Цаг агаарын энэ аюултай үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүй тул холбогдох арга хэмжээ авахыг анхааруулж байна.