Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ зэрэг 13 орны хотын дарга нар хамтран “Улаанбаатар тунхаглал”-д нэгдэн гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотод зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Энд ирсэн хотуудын дарга нар тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх гарц арга замын талаар хэлэлцэж байна. Хот бүхэнд асуудал бий. Нүүрстөрөгчийг бууруулах, байгаль орчинд ээлтэй тээвэр, хот хөгжүүлэлтийн талаар туршлага хуримтлуулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах уг чуулга уулзалтын зорилго юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Загастай, Солонготын давааны замыг хаажээ

Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Тухайлбал, Завхан аймагт их хэмжээний цас орж, зарим замыг хаасан байна. Завхан аймгийн Загастай, Солонготын даваануудын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтож халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбогдуулан өнөөрийн 10.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн эргүүлүүд 23:00-05:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын тодорхойлсон цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Алба хаагчид шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 10 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харьяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас эргүүлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй, түргэн шуурхай очих зорилгоор газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Энэхүү програмыг “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд туршаад амжилттай болсон тохиолдолд цаашид эргүүл, хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах ажээ.

Шөнийн эргүүлүүд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг түүгээр үйлчилдэг 351 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу шалгалт хийжээ. Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойших гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Төрийн хүний хувьд энэ улаан зураасны ард юу ч болоогүй юм шиг гүлдийгээд суух ёс суртахууны эрх надад байхгүй

Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгснөөсөө хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгснийг “Өдрийн сонин” нийтэлж байна.


-Танаас ярилцлага авахаар тохироод нэлээд удчихлаа. Гэхдээ таны улс төрийн амьдралын нэн сонирхолтой үед уулзсандаа би их олзуурхаж байна. Яриагаа шууд таагүй сэдвээс эхэлж байгаадаа хүлцэл өчье. Гэнэтийн гай гамшиг тохиолдсоны улмаас та улс төрийн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Та шийдвэрээ яг хэзээ гаргасан бэ. Тэр хүмүүс ямар хүмүүс байв, хэр удаан хамтарч ажилласан бэ?

-Үнэхээр хүнд өдрүүд өнгөрч байна. Дэндүү харамсалтай явдал боллоо. Би 2000 оноос хойш төрийн албанд удирдах албан тушаалын ажил хийлээ. Энэ бүх хугацаанд олон зүйл болж байсан ч ийм хэцүү явдал тохиолдож байсангүй. Төрийн алба гэдэг хүний төлөө, хуулийн хүрээнд, эзэмшсэн мэргэжил чадвараа дээд зэргээр гаргаж ажилладаг чаддаг тэргүүний хүмүүс байх ёстой.

Энэ болсон явдал төрийн албаны нэр хүндийг унагаж, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг нураасан үйл явдал боллоо. Үүнд би маш их харамсаж байна. Төрд олон жил ажиллахдаа төрийн албан хаагчид, мэргэжилтэн, газрын дарга нараа ямагт өндөр ёс зүйтэй байх талаас нь шахаж ажиллаж, энэ салбарт хамгийн сайн нь, энэ салбарыг мэддэг хүн нь чи шүү гэж үргэлж хурцалж, нөгөө талаасаа тэднээс ихийг шаардаж ажиллаж ирсэн.

Зарим талаасаа хатуу сонсогддог байсан байж магадгүй. Яагаад гэвэл тангараг өргөчихөөд, ялангуяа би чадна гэж дарга болсон л бол гоншгонох шаардлагагүй гэж үздэг. Гэвч харамсалтай нь итгэл хүлээлгэсэн хоёр хүн маань ийм байдалд орлоо. Сэтгэл санаа хүнд яг тэр өдрүүдэд төмөр зам дээр асуудал үүсч вагон осолдчихлоо гэсэн мэдээ ирсэн. Тэгэхэд л шууд өргөдлөө өгөөд, гарын үсэг зурчихмаар санагдсан. Тэгээд яадаг ч байсан маш яаралтай Онцгой байдал руу утасдаад вагон осолдсон хэргийн газар руу явсан.

-Шууд тэр хэрэг гарсны маргааш өглөө албаа өгөх хувийн шийдвэрээ гаргаад байж байтал дахиад вагон осолдчихсон гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Үнэхээр харамсалтай үйл явдал болчихоод байж байтал дээрээс нь энэ осол. Тэр үед л албаа өгчихмөөр санагдсан. Шууд Онцгой байдал руу холбогдоод, яг газар дээр нь очсон. Уначихсан вагоны байгаа байдал, тэр орчин үнэхээр хүнд байсан. Хамгийн түрүүнд хүний амь эндсэн үү гэж асууж байгаа юм. Хүн эндээгүй, гэхдээ 2-3 хүн нэлээд хүнд гэмтсэн гэж танилцуулсан. Намайг очиход хүнд хүмүүсээ эмнэлэгт хүргэсэн байсан. Тэгээд л яаралтай арга хэмжээнүүд авч, шуурхай ажилласан.

-Ер нь хичнээн жилийн насжилттай, ямархуу түвшинд элэгдсэн зам билээ. Байгалийн хүчний өмнө яалтай ч билээ асуудал л даа?

-Яг тэр осол болохоос 20 минутын өмнө олон улсын вагон өнгөрсөн байгаа юм. Вагон унаснаас хойш 20 минутын дараа доод талын далан тэр чигээрээ урсчихсан. Намайг очиход сэрийсэн хоёр рейс төмөр гозойгоод байж байсан. Айраг сум усанд автчихсан, айлын тооно цухуйгаад байж байх жишээтэй. Тэр бүх дүр зураг ямар хэмжээний их ус орж ирснийг харуулж байгаа юм. Төмөр замаа болоод, төмөр замчдаа үнэхээр буруутгах аргагүй. Хүмүүс тэднийг маань янз янзаар буруутгаад байсан. Би салбарын сайдын хувьд төмөр замчдаа өмөөрч байгаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө муу хуучин зам маань битгий хэл бүтээн байгуулалтууд хүчин мөхөстдөг шүү дээ.

Тэр битгий хэл дараа нь сэргээн босголтын ажил хийхэд маш хүндрэлтэй байсан. Том техник авчрах шаардлагатай болсон. Ойр хавийн хэдэн уурхайгаас техникүүдийг дайчилж авчирч байж сэргээн босгосон. Тийм том хэмжээний үер усны гамшгийн өмнө энгийн эргүүл очоод тэр үйл явцыг зогсоож, арга хэмжээ авах боломжгүй.

-Оросууд ирж ажилласан билүү?

-Оросоос том кран дуудаж авчирсан. Хэдэн уурхайгаас томоохон техникүүд татаж авчирч байж засаж янзалсан. Нүсэр ажиллагаа явагдсан л даа.

-Яамны хоёр газрын даргын хувьд хоёулаа миний хувьд гадарладаг, таньж мэддэг хүмүүс л дээ. Аль аль нь тийм байдал үүсгэчихээр хүмүүс биш. Харамсалтай үйл явдлын дараа өрнөдөг янз бүрийн таамаглал, ташаа мэдээллүүд одоо ч явж л байна. Жишээ нь, талийгаачийн ажлыг нь авах гэж дарамталж байсан гэсэн гэх яриа байна. Үнэхээр тийм зүйл байсан юм уу. Надад байгаа мэдээллээр бол талийгаач төрийн албаны шалгалтдаа тэнцээгүй байсан юм аа даа?

-Монголчууд цөөхөн. Бие биенээ найз нөхөд, хамаатан садан, нутаг ус гээд аль болох дэмждэг. Нэг тийм бичигдээгүй ойлголт явдаг даа. Тэр утгаараа энэ хүнтэй хамтарч сайхан ажиллаарай гээд жишээ нь, талийгаачийн тухайд надад хүн захиж л байсан. Захиасны хүн гэж зөөлөн ханд гэж байхгүй шүү дээ. Ямар шаардлага тавих ёстой түүнийгээ тавиад л ажилласан. Ер нь бол итгэл өгч ажилласан.

Талийгаач ч өөрөө хуульч хүн болохоор хяналт шалгалтын талдаа илүү хариуцлагатай, шаардлага тавин ажиллаж байсан.

Өнгөрсөн хавар дөрвөн сарын үед байх, гэнэт “Гомбосүрэн дарга солигдох гэж байгаа гэнэ” гэж би сонссон. Тэгээд дуудаж уулзаад, юу болоод байгаа юм гэсэн чинь “Төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн. Наана цаана гээд бичиг сачиг явсаар байгаад миний оронд хүн томилогдохоор болсон байна” гэж хэлсэн.

-Тийм үү. Гэтэл та тэр тухай мэдээгүй байдаг?

-Би мэдээгүй байсан. Тэгээд би Махбалыг дуудаж уулзсан. Тэр хоёрыг хоёуланг нь өөдөөсөө харуулж суулгаж байгаад юу болоод байгааг асуусан. Төрийн албаны зөвлөлөөс ийм бичиг ирсэн гээд танилцуулсан.

Махбал нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга байхгүй юу. Төрийн нарийн бичгийн даргаас аль хэдийнэ явах ёстой бичиг баримт яваад төрийн албаны зүгээс Дорждагва гэдэг хүнийг томилохоор болсон гэдгийг тэгэхэд надад хэлж байгаа юм. Би талийгаачид “Тэр шалгалт шүүлгийг нь өг, наад ажлаа дуугай хий”, Махбалд тэр албаны бичигнийхээ учрыг ол гээд өрөөнөөсөө гаргасан. Үүнээс хойш уг нь элдэв асуудал гараагүй, тус тусынхаа ажлыг хийгээд явахаар болсон. Түүнээс өөрөөр тэр хоёрын дунд асуудал байх ёсгүй гэж бодож байна.

-Махбалтай та хуучин бас нэг яаманд ажиллаж байсан гэсэн?

-2000 онд намайг агентлагийн дарга болоход Дэд бүтцийн яаманд хуулийн хэлтсийн мэргэжилтэн байсан. Түүнээс хойш Дэд бүтцийн яам, Зам тээврийн яам, ЗТАЖЯ, ЗТБХБЯ гээд энэ салбарт олон жил ажиллаж байсан, салбарын хувьд ч, төрийн захиргааны хувьд ч туршлагатай хүн.

-Ерөнхийлөгчийн хүн гээд л шуугицгаах юм. Яаманд удирдлагад нь ажиллаж байсан болохоор холбоод байна уу?

-Одоогийн Ерөнхийлөгч манай салбарын сайд байсан хүн. Тэр үед хамт ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн хүн гээд зургийг нь монтажлаад тавьсан харагдаж байна билээ. Хамт ажиллаж байсан гэдгээр нь намайг ч гэсэн холбодог л юм. 2000 оноос хойш энэ хүн ч тэр, би ч тэр олон л сайдтай ажиллалаа. Тэр болгонтой холбож болохгүй байх аа.

-Тэгэхээр сайд байхад нь яаманд ажиллаж байсан хүн болохоор Ерөнхийлөгчийн хүн болж хувирч байна уу?

-Тийм. Миний үед ажиллаж байсан албан хаагчид миний хүн болчихдог. Ийм нэг хөгийн зүйл манайхны дунд яваад байх юм. Ер нь төрийн албанд тойрон хүрээлэгчид гэж байх ёсгүй. Хуучин сайд нь дуудаж авчраад салбарын мэдээлэл авахаар тэр сайдын хүн болгоод нэр зүүчихдэг асуудал ч бий.

-Махбалын тухайд зан чанарын хувьд сүйдтэй хурц зүйл мэдэгддэггүй. Яагаад ийм зүйл болчихов. Урьдын өс хонзон тэр хүмүүсийн дунд байгаагүй юу?

-Тэр орой би ТЗУГ-ын дарга Махбал, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Артур нарт маргааш ТӨБЗГ, ЗГХЭГ-т материал бэлдэж өгөх үүрэг даалгавар өгөөд гаргасан. Үүний ар дээр нөхдүүд сууцгааж дээ л гэж би дүгнэж байна. Тэдний хооронд өс хонзон гээд байх зүйл юу байхав дээ, мэдэхгүй юм.

-Тэгэхээр та улс төрийн шийдвэр гаргаж, өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ нь гэнэтийн цохилтод орсны улмаас сэтгэл зүйн талаасаа гаргасан шийдвэр үү. Богино хугацаанд гаргасан шийдвэр болохоор ахин лавламаар байна?

-Би гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа. Тухайн үед ч, одоо ч. Хамгийн гол нь миний удирдаж байсан цаг үед ийм хэрэг явдал болчихоод байхад би өөрөө өөртөө хариуцлага наахгүй, нөгөө гүлдийх гэдэг шиг суугаад байж болохгүй биз дээ.

Нөгөөтэйгүүр миний удирдлагад ажиллаж байсан хүн алтан амиа алдаад ар гэрийнхэн нь өнчирч, бас төрийн албаны нэр хүнд уначихаад байхад би цааш ажлаа үргэлжлүүлээд сууж болохгүй шүү дээ. Миний ёс суртахуун ч ийм байдлыг зөвшөөрөхгүй. Би улс төрийн албан тушаалтан, улс орны чухал салбар хариуцсан сайд хүн. Тиймээс улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Яг миний алдаанаас болж энэ бүхэн гарсан уу гэдэг бол харьцангуй ойлголт.

Өнгөрсөн хугацаанд маш их ажлыг амжуулсан. Үнэн. Гэсэн ч ийм юмны ар дээр энэ ажлыг ахиад үргэлжлүүлээд хийнэ гэдэг итгэл үнэмшил надад байхгүй байсан. Төрийн хүний хувьд энэ улаан зураасны ард юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн ажиллана гэхэд үнэхээр сэтгэл хүрээгүй. Тэгж зууралдаж, төрийн албанд муу жишиг тогтоох ёс суртахуун ч надад байхгүй болохоор өнөөдөр харамсал алга. Олон Засгийн газрын үед хийж чадаагүй байсан ажлуудыг хийнэ гээд зүтгэсэн. Үүндээ ч хүрсэн.

-Таныг ажлаасаа чөлөөлөгдөхөд Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ. Нууц биш бол ?

-Өргөдлөө барьж орохдоо нүдийг нь уншиж байгаа юм л даа. Намайг өргөдлөө гаргаж ирээд ширээн дээр тавихад тийм нэг итгэл шингэсэн харцаар харсан. Манай Баагий ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэсэн харц харагдах шиг болсон. Олон зүйл ярьсан. Ёс зүй гаргаад өргөдлөө өгч байгаа нь зөв өө гэж дэмжсэн.

-Ер нь Засгийн газар мөнгө төгрөггүй, хүнд нөхцөлд ажиллаж байна. Цагийн цагт л амаргүй нөхцөлд Засгийн газрууд ажилладаг л даа. Гэхдээ үүрэг хүлээгээд ажиллаж байгаа баг ухрах газаргүй, нойр хоолгүй ажилладаг. Та олон Засгийн газарт ажиллаж байсан. Яг энэ Засгийн газарт ажиллахад өвөрмөц зүйл юу вэ. Арга барил, хурд, багийн нийлэмж бүтцийн хувьд бусдаас ялгарах онцлог танай Засгийн газарт юу байсан бэ?

– Би олон л Ерөнхий сайд, сайд нарын удирдлагад ажиллаж байсан. Урьд өмнөх Засгийн газар, сайд нарын үед хийгдээгүй, хаягдаад байсан хэд хэдэн ажлыг хийнэ гэж дотроо бодож орж ирсэн. Үүнийгээ ч хийсэн. Эргээд харахад энэ засгийн үед Ерөнхий сайд Хүрэлсүх хийж буй ажлуудыг минь ойлгож, дэмжиж ажилласан. Ер нь хийж байгаа гол ажлуудаа иргэдийн эрх ашиг талаас нь харж шийдвэр гаргаж ажилласан. Урьдны ТНБД Ж.Бат-Эрдэнээс одоогийн УИХ гишүүн, сайд Бат-Эрдэнэ арай өөр өнцгөөс иргэд талаасаа асуудлыг хардаг болсон. Давхар хариуцлага хүлээсэн хүн гэдэг арай ондоо ажилладаг юм байна. Хүмүүс давхар дээл гээд их шүүмжилдэг. Гэхдээ миний хувьд давхар дээлийг давхар хариуцлага гэдэг үүднээс харж, тэр хэмжээнд ажилласан гэж бодож байна.

-Зам тээврийн салбарт шийдвэрлэвэл зохистой, гацаанд удаж болохгүй олон ажлуудыг эхлүүлж шуурхай явсан. Тэр дотроос мэргэжлийн хүний хувьд өөртөө бахархаж болохуйц ямар ажлыг богино хугацаанд хийж чадав?

-Ерөнхийдөө төрийн ажил залгамж халаа тасралтгүй явж байх ёстой. Дөрөв дөрвөн жилээр тасалж, тарамдуулаад байна шүү дээ бид чинь. Жишээ нь, сайд хүн ирээд салбарын “мастер план”-аа л харна. Бүхий л төлөвлөлтөд салбарын очих ирээдүй наад тал нь 10 жилээрээ харагдаж байх ёстой. Энэ хугацаанд томилогдсон сайдууд түрүүн таны хэлсэн шиг эдийн засгийн чадамжаасаа шалтгаалж ямар ямар ажлыг амжуулав гэдэг онцлогууд нь гарч ирдэг. Сайд бол машины ард жолоо бариад явж байгаа жолооч л гэсэн үг. Өөрийн салбар болох машинаа шаварт суулгачихгүй, хүрэх газраа хэр хурдан хүргэх нь тухайн жолооч буюу сайдын ур чадвараас бүрэн хамаарна. Ингэхийн тулд машинаа буюу талбараа маш сайн мэддэг байх ёстой. Ямар асуудлууд дээр акцент өгөх вэ, хаана хурдаа нэмэх вэ гэдэг чухал. Тухайлбал, гацсан шинэчлэлийн асуудлуудаас яг юуг нь эхэлж хөдөлгөх вэ гэдгийг цаг хугацаа алдахгүй, өргөн цар хүрээнд харж шийдвэр гаргах ёстой. Энэ шийдвэрийн үр дүн эцсийн дүнд иргэдийн төлөө байна уу, эсвэл салбарын эрх ашгийн төлөө байна уу гэдгийг ялгах ёстой. Өнөөдөр жишээ нь, би агаарын тээврийн либералчлал-Иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн асуудал дээр сэтгэл дүүрэн байгаа. Энэ ажил бол эцсийн эцэст иргэдийнхээ төлөө л хийсэн ажил. Тэр либералчилсан нисэхийн эрүүл, зөв үйлчилгээний үр дүнд өрсөлдөөн нэмэгдэж, тарифын өөрчлөлт гарч тасалбарын үнэ буурахад үр дүн нь иргэнд л очно. Төрийн нүүр, ягштал барьсан хууль дүрэм гэхээсээ илүү иргэнийхээ амьдрал, эрх ашгийг харж шийдвэр гаргаж байгаач гэдгийг салбарынхандаа ч хэлдэг захидаг байсан.

-ЗТХ-ийн сайдаар ажиллаад жил хүрэхгүй хугацаанд олон жил гацаанд байсан ажлуудыг хөдөлгөж маш их ажил амжуулсан сайдаар таныг аль хэдийнэ тодруулчихаад байна. Таны хувьд ажлаа хэрхэн дүгнэж байна. Магадгүй дараагийн сайдад үлдээх таны санал?

-Түрүүн хэлсэнчлэн хийе гэж бодож төлөвлөж байсан ажлуудаа хийж хэрэгжүүлж, наанадаж эхлэлийг нь тавьж чадсан. Тухайлбал, төмөр зам, агаарын тээвэр, авто тээврийн тухай хуулиудыг үндсэнд нь бэлэн болголоо. 5-7 жил тасраад байсан салбарын зөвлөгөөнүүдийг хийлээ. Салбарын зөвлөгөөнийг хийнэ гэдэг төр, хувийн хэвшлийг бодлого төлөвлөлтийн хувьд уялдуулж хийх нэг түлхүүр нь болдог.

Төмөр зам дээр олон жил гацсан Таван толгой Гашуун сухайтын төмөр замыг хөдөлгөх шийдвэрийг гаргаж чадлаа. Энэ хавраас төмөр замын барилгын ажил эхлэх гэж байна. Манайх шиг хоёр том хөрштэй хил залгадаг улсын хувьд энэ маш чухал шийдвэр. За мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг эхлүүлэх, Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г бэлэн болгож, барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрүүдийг гаргуулсан нь зогсонги байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц болж чадсан гэж бодож байна.

Агаарын тээврийн хувьд либералчлалыг гүнзгийрүүлж, түүн дотроо иргэний нисэхийн салбарт өрсөлдөөн бий болгох, үйлчилгээ сайжруулж тийзний үнэ хямдрах боломжийг нээж өглөө. Олон Засгийн газар дээрээс маргаантай буцаж байсан МИАТ-ийн хувьчлалыг УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ ямар нэгэн компанид өгөх биш, хөрөнгийн биржээр дамжуулан 49 хувийг нь нээлттэй хувьчлах саналыг тусгууллаа.

Нүүрсний тээвэрлэлт дээр Гашуун сухайтын тээвэрт зохицуулалт хийж, жолооч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 100 гаруй км үргэлжилсэн урт дарааллыг багасгаж чадлаа гэх мэтчилэн олон ажлыг дурдаж болно. Нуулгүй хэлэхэд эдгээр ажлууд зүгээр ч нэг шийдэгдчихээгүй, олон эсэргүүцэл, лоббитой тулгарч байсан. Энэ салбарт олон жил болсны хувьд асуудал нь юун дээр гацаж, ямар эрх ашиг хөндөгдөж хана мөргөж, эргэж буцаж байсныг нь мэдэхийн хувьд зохион байгуулалт хийж шийдвэрлэж чадсан. Богино хугацаанд бид их ажил амжуулсан.

-Аэродромын үйлчилгээний барилгын ажил, ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын ажил дуусчихсан уу?

-Ерөнхийдөө дуусах шатандаа 80-90 гаруй хувьтай байгаа.

-Ажлаа өгөөд хамгийн эхлээд та хаашаа явсан бэ?

-Солонгос гараад давхичихсан. Хэд хонож ирээд дараа нь хүүхдүүдтэйгээ Улаан-Үд явсан. Ер нь гэр бүлээрээ 3-4 хоног л явж байсан юм билээ. Төрд ажиллаж байх хугацаанд зун долоо хоног л амарч байсан байдаг. Хүүхдүүдээ Булганд амраачихсан байсан. Ажлаа ч өгсөн, хүүхдүүд ч хөдөөнөөс ирсэн. Хэд хоног Улаан-Үдэд амарч ирээд нутгаараа долоо хоног явсан. Тойргоороо явж, “Шинэ хөдөө” төслийн ажлуудаа эргэж, чацаргана тариалалт, усалгааны систем, мал үржүүлгийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлуудаа үзэж, “Сэлэнгэ” үйлдвэрийнхээ хэдэн бухыг сумдаар тараах гээд тойргийнхоо ажил руу орсон.

-Саяхан болсон Булган аймгийн 80 жилийн ой олон жил яригдах дурсамж дүүрэн ой болж өнгөрөх шиг боллоо. Энэ ажлын ард хэр зэрэг сэтгэл хангалуун үлдсэн бэ?

-Үнэхээр сайхан баяр болсон. Олон ч хүмүүс хамрагдсан байх. Аймгийн захиргаа, удирдлагууд маш сайн ажилласан. Үүнийг дагаад иргэд ойн үйл ажиллагаанд маш сайн хамрагдсан. Хашаагаа цэвэрлээгүй, хаалгаа будаагүй айл бараг үлдээгүй байх. Аймгаараа хөдөлсөн. Их ойн өмнө булганчууд бүгдээрээ тоосоо гөвнө гэдэг шиг бүгд хөдөлсөн. Ойн үйл ажиллагаа сайхан болсон.

-Хувийн хэвшлийнхнээс хөрөнгө татаж чадсан уу, тэдний оролцоо хэр байв даа?

-Хувийн хэвшлийнхэн сайн дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан. Эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн. Бүх л урлагийнхан, ардын болон гавьяатууд маань, нутгаа гэсэн ахан дүүс бүгд хамтарч баг болж ажилласан. Төрийн концерт, наадмын нээлт гээд томоохон урлагийн тоглолтуудыг бэлдэж чадсан. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганхуяг нар маань сайн ажилласан. Үүний цаана юу харагдаж байна вэ гэвэл Булган аймгаараа, Булганаас төрсөн гавьяатуудаараа бахархах сэтгэл төрсөн. Ирсэн зочид төлөөлөгчид үнэхээр сэтгэл хангалуун байсан. Бид нэг зүйлийг нэгдээд хийхээрээ чаддаг юм байна гэсэн гол мессэж нутгийнхандаа өгч чадсанд бид их баяртай байгаа. Гол нь зохион байгуулалттай ажиллаж бие биенийгээ дэмжиж чадаж байна. Энэ бүхнийг сэргээж чадсан нь маш чухал. Сайхан баяр болсон шүү.

-Бидний яриа таатай сайхан, бас таагүй зүйлсийн талаар өрнөж байна. Булганы хүүхдүүд амжилттай сайн суралцаж, улсын олимпиадуудад тэргүүлдэг. Алдар цуутай хүмүүс олноороо төрдөг уламжлалтай. Тэгсэн сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын дүнгээр сүүл мушгих болжээ. Энэ жилийнх гэхэд 21 аймгаас орон нутгийн бүс дотроо 20-д жагссан байна?

-Боловсрол, эрүүл мэндийн салбаруудаа бид онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүн эрүүл, боловсролтой байвал амьдралаа аваад л явчихна. Саяхан надад нэг хүн хэлэхдээ 80 жилийн ойгоороо “Алдартнууд” гээд танайх ямар зузаан ном гаргаа вэ. Үнэхээр сөхөөд үзтэл яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн олон алдартантай юм аа гэж хэлж байсан. Тэр сайхан хангайгаас гайхамшигтай хүмүүс төрдөг л дөө. Сүүлийн жилүүдэд боловсролын тал дээр бага анхаарал хандуулсан, суларсан талууд байгаа. Аль болох засаж, залруулах, хөрөнгө оруулах шаардлагатай талууд дээр хүч тавьж ажиллана. Түрүүчээсээ “Оюунлаг Булган” гээд төсөл санаачлаад явж байна. Гол хөшүүргүүдийг бий болгож өгөх хэрэгтэй.

-Орон нутгууд брэнд гаргаж, жижиг ч бай үйлдвэрлэл хөгжүүлэх гэж чармайж байх шиг. Жижиг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, ирсэн зочид түүнийг нь сонирхон авч байна. Булган бол дотоодын аялал жуулчлалыг татаж болохоор сайхан газар?

-Бид ярьж байгаад нэг шийдвэр гаргуулсан. Бүх үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдан авалтыг аймгаасаа авдаг болгох шийдвэр гаргасан. Ямар л бололцоо байна бүгдийг аймагтаа төвлөрүүлэх, өөрөө өөрсдийгөө дэмжих бодлого хэрэгжүүлэх гэж хичээж байна. Болж өгвөл жижиг гэлтгүй ийм үйлдвэрлэл бий болгох бололцоог хангах нь бидний зорилт. Орон нутгаасаа худалдан авалт хийцгээ. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа нэгнээ дэмж. Ингэж байж орон нутагт эргэлт үүснэ. Дор бүрнээ босоод ирнэ гэдгийг л гол зорилтоо болгон ажиллаж байна.

-Орон нутгуудыг хараад байхад жижиг сажиг хуваагдал ажлыг нь маш их хойш татаж байна. Энэ байдал Булганд ч ажиглагддаг. Засаг даргаа огцруулна гээд л хашхиралдаж ч байх шиг. Сөрөг хүчний зүгээс тоглолт яваад байна уу гэхээр нам доторх асуудал л уншигддаг. Бөхчүүд нь ч хоёр хэсэг болчихсон. Та харин нэлээд эв түнжинг зангидах гэж ажиллах шиг болсон. Ийм хэрэггүй зүйлсийг зохицуулах хэцүү л байх даа?

-Хүн өөрөө бүх асуудалд хандахдаа зарчим бариад явчихвал юм эв зүйдээ ороод л ирдэг. Тэгэхгүй нэг тал руу нь орохоор нөгөө тал нь босож ирээд, нөгөө тал руу нь орохоор өнөөх нь сэрдийж босож ирээд байдаг. Аливаа зүйлд зарчим баримталж чадаж л байвал тэгшрээд явчихдаг. Тухайлбал манай Булган бөхийн хоёр холбоотой. Бөхчүүд нийлэх нь чухал юм уу, эсвэл амжилт гаргах нь чухал юм уу. Спорт юм чинь амжилт гаргах нь чухал биз дээ. Тэгвэл амжилтын төлөө л яв, хуваагдал хагаралд битгий анхаарлаа хандуул гэж би тэдэнд захидаг. Тэгэхгүй очиж хүчээр чирээд л, нэг гэрт чихэх гэж аргаа бараад явах шаардлага байхгүй. Тэгээд ч нэг их задарч хагарч сүр болохгүй байх. Энэ мэтчилэн аливаад гол зорилго зарчимаа л бариад ажиллахад болно доо.

-Залууст итгэл хүлээлгэх цаг болсон. Залуус нутаг орноо удирдах эрийн цээнд хүрч байна. Хаа сайгүй л залуучууд ажиллацгааж байна. Харин хөгшчүүд маань ажил руу нь ороод байх шиг, ураад байх шиг, самраад байгаа юм харагддаг?

-Түрүүнд та асуусан бага зэрэг хуваагдал байна уу гэж. Би бол том зорилгоо хараад л зүтгэчихдэг. Том зорилгоо хараад зүтгэхээр Бат-Эрдэнийг хэдэн талаас нь татаж нэг, түлхэж нэг үзнэ. Тоохгүй болохоор тэгээд орхино. Нэг нь хажуунаас татахаар эргэж хараад чи яав гээд толгойг нь илэхээр нөгөө талаас хэрүүл хийнэ. Тэгэхээр том зорилго тавьж урагшаа харж явах ёстой. Нутгийн хоёр ярилцаж байгаагийн хувьд бид Булганаа хөгжүүлэхийн төлөө л нэг цэг дээр зогсох хэрэгтэй. Ер нь ахмадгүй залуу үе хэзээ ч төлөвшдөггүй.

-Хөгжилтэй ч гэмээр, саваагүй зүйл асуухад сонгуулийн үед таныг Ж.Бат-Эрдэнэ Булганы хүн биш юм байна, Хөвсгөлийнх юм байна гэсэн нэг шувуу нисгэж байгаа харагдсан. Таны өвөг дээдсийн талаар сонирхож болох уу?

-Би 2014, 2015, 2016 он гээд гурван жил яг аймагтаа ажиллаж амьдарсан. Ар гэрт эхнэр маань хэдэн хүүхдээ хараад л үлдсэн. Намайг анх очиход эхлээд Ховдынх болгосон. Сүүлд сонгууль дөхөөд ирсэн Хөвсгөлийнх болгосон. Одоо харин чимээгүй болж байх шиг байна (инээв). Аав маань Хутаг-Өндөр сумын Цагаан бургасанд төрсөн. Цагаан арал ч гэж ярьдаг. Сэлэнгийн татуурга дээр төрсөн хүн л дээ. Ээж минь Бугат сумынх. Хоёулаа нутгаасаа эрт гарсан. Би өөрөө Улаанбаатарт төрж өссөн. Нутгаа гэх сэтгэлийг анх манай “сахал” Ц.Цэнгэл ах гаргаж ирж, өдөөж өгсөн хүн юм. Авто тээврийн газрын дарга байхад нэг өдөр дуудаж байна. “Чи нөхөр минь 100 хувь Булганы хүн байж хаагуур дэмий тэнээд байна. Өнөөдөр орой Нутгийн зөвлөлийн хуралтай, чи ирээрэй” гэсэн. Ингэж миний дотор нуугдаж явсан нутаг гэсэн сэтгэлийг сэргээж байсан. 2003 он юм болов уу даа.

-Таны тухай нэг зүйл сонсож байсан юм. Орост оюутан байхаасаа л их баян оюутан байсан. Социализмын үеийн саятан гэж. Тийм атал та яагаад бизнесийн хүн болоогүй юм бэ. Гэр бүлийн уламжлалтай холбоотой юу. Төрийн хүн бол гэсэн аав ээжийн захиас байв уу?

-Миний бизнес нэг их ухааны бизнес байгаагүй байх. Буяны бизнес гэж би боддог. Үнэхээр мөнгөөр гудас хийх нь л холгүй явсан оюутны үе бий. Тэр үед мөнгөө хадгалах газар байхгүй, гудсан доогуураа л хийдэг байлаа шүү дээ. Гудас дүүрэн мөнгөтэй шахуу, баян хүн байсан. Энэ үнэн. Гэхдээ би өөрийгөө бизнесийн ухаантай гэж боддоггүй. Тухайн үед дээд курсийн ах нарыг “арьсчид” гэж ярьдаг байсан. Хичээлийнхээ завсар зайгаар наймаа хийгээд хөлөө олчихсон ах нар байхгүй юу. Тэд арьсаа хил гаалиар гаргаж, оруулдаг янз бүрийн нүхтэй, сүйхээтэй эрчүүд байсан. Ах нар маань төгсөхдөө надад итгэл хүлээлгэж, бизнесээ өвлүүлж үлдээсэн. Би ч найдлага алдаагүй. Сайн ч, муу ч гэсэн “Мужик Бат-Эрдэнэ” гэдэг нэртэй явсан болохоор надад итгэж холбоо хэлхээгээ үлдээж байсан байх. Түүнийг нь залгамжилж оюутан цагт мөнгөөр гачигдахгүй амьдарч байлаа. Монголдоо ирэхдээ овоо мөнгөтэй ирж байсан. Ирээд бизнес хийх гэж нэлээд үзсэн. Янз янзын бизнес эхлүүлсэн. Эрхэлж үзээгүй бизнес гэж байхгүй байх. Миний явах зам биш байсан юм байлгүй дээ орхисон.

-Бизнесмэн болъё гэж тэгтлээ их бодоогүй байх нь?

-Байсныгаа үрж байсан болохоос биш, үржүүлэх тал дээр дутдаг юм. Над шиг юманд чичирч чаддаггүй хүн ашгийн төлөө тууштай явдаггүй юм билээ. Бизнест алдлаа гэхэд толгой дутаад л тэгж байгаа биз гэж өөрийгөө орхисоор бизнест улайраагүй. Гэхдээ бизнес хийнэ гэдэг бол тэр чигээрээ шунал гэж хэлж болохгүй байх. Нэг тийм зүтгүүр чанар байдаг байх. Тархинд арай өөр командтай байх ёстой юм шиг байгаа юм.

-Танд Оросоос өөр оронд суралцах боломж байсан уу. Тэр үед сайн сурдаг хүүхдүүд л гадаад явдаг байсан?

-Би математик, физик талдаа гайгүй байсан. Тоогоор конкурс өгсөн боловч ТМС-д орсон. ТМС-д онц сурч байж их сургуульд орох боломжтой болдог гэж сонсоод арьс ширний ТМС-д гүйгээд орчихсон. Тэр үед ТМС-д орос хэлийг гол болгодог байсан. ТМС-д орсон чинь надтай адил дээд сургууль горилсон, орос сургуулийн хүүхдүүд их орж ирсэн байсан. Би ч ээждээ “Ээж минь бид хоёрын төлөвлөгөө будаа боллоо. Манайд онц сурдаг, орос хэлтэй хүүхдүүд олон байна. Тэр хүүхдүүдийг давж дээд сургуульд орно гэж худлаа” гэж хэлж байлаа. ТМС-ийн амьдралаар нэг жил амьдарсан. ТМС-ийн амьдрал ч тэгээд хулгиан тал руугаа байдаг (инээв). Тэгээд төгсөөд яг хуваарь авах гэсэн чинь хэд хэдэн хуваарь урдуур явчихлаа. Би ангидаа онц сурдаг, Бүлгэмийн зөвлөлийн гишүүн. Бүлгэмийн зөвлөлийн гишүүд дандаа охид, би ганцаараа эрэгтэй нь. Мөн спортоороо тэргүүлдэг. Надгүй секц дугуйлан гэж байхгүй. Хаана юу болно Бат-Эрдэнэ байдаг. Тухайн үедээ ТМС-ийнхаа “од” нь байлаа. Хуваарь тараах тэр өдрийн хурал дээр захирал багш босч ирээд бүлгэмийн зөвлөлийн дарга, спортоор тэргүүлэгч Бат-Эрдэнэдээ нэг хуваариа өгье гэхэд заал тэр аяараа алга ташиж хүлээж авч байлаа. Боловсролын яаман дээр очоод шалгалт өгсөн чинь анги дүүрэн л охид байна. Шалгалт өгөхөөс өмнө боловсролын яамны нэг хүүхэн “Чи ганц эрэгтэй нь юм чинь автын инженерийн анги авах уу” гэдэг юм. Тэгэхээр нь “Үгүй үгүй, би арьс ширнийхээ мэргэжилд дуртай” л гэлээ. Тэгсэн намайг харж байснаа “Миний дүү энэ чинь дээд сургууль шүү дээ” гэсэн. Тэгээд л би тэр хуваарийг авч Эрхүү явсан. Сүүлд сонсоход тухайн үед автын инженерийн хуваарь авсан нэг хүүхэд нь ирээгүй юм шиг байсан. Тэгээгүй бол одоо хаана явах байсан юм бол доо.

-Та Орост их олон жил амьдарч байсан юм билээ. Орос эхнэр авч байсан гэж таны тухай сонсож байсан. Хувийн асуудалд тань хэт орсон бол уучлаарай?

-Оросын солонгос эхнэртэй байсан маань үнэн.

-Оросын солонгос оо?

-Тэр үед хамт нэг сургуульд сурч байсан. Орост суурьшсан солонгос иргэн олон байсан. Бид хоёр охинтой, одоо тэд маань ээжтэйгээ амьдарч байгаа. Хааяа Монголд ирдэг. Ямар сайндаа Ж.Бат-Эрдэнийн нууц хүүхэд гарч ирэв гэж бичиж байхав. Нэгэнт миний туулсан амьдрал юм чинь нууж хаагаад байх юм надад байхгүй.

-Хувь тавилангийн эрхээр салав уу. Ер нь л гадаадын иргэнтэй амьдрах хэцүү байв уу?

-Их сайн хүн. Тэр хүний тал дээр ямар ч асуудал байхгүй. Би л сахилгагүй байсан байх. Олон жил өнгөрч дээ.

-Намуудын амьдралыг хүссэн ч, эс хүссэн ч фракц, бүлэглэлүүд тодорхойлж байна. Та бүлэглэл, фракцид яаж ханддаг вэ. Аль ч фракцид таныг татаад наах гэхээр нэг л болж өгдөггүй. Үүний нөгөө талын тусгал таны улс төрийн амьдралд нөлөөлдөг юм шиг санагддаг. Би буруу харсан байж магадгүй?

-Өөрөө эрх ашиг, сонирхол хөөж явдаггүй болохоор энд тэнд очиж наалддаггүй юм болов уу. Яг зарчим ямар байх, аливаа асуудлыг тэр зарчмын хаагуур яаж шийдэх нь сонин.

-Нөгөө талаас харахаар Үе маань миний фракц гэж та бас хэлж болохоор. Тэд таныг үгүйсгэдэггүй. Ахиад нэг өөр талаас нь харахад та доод, дээд үеийнхэнтэйгээ маш сайн харилцаатай байдаг. Тэгэхээр таны фракц гэж алийг нь ч хэлмээр юм?

-Зөвийн төлөө явж байгаа нь миний фракц гэж хэлж болох байх. Зарчим нь зөв явж байгаа хүмүүсийг л би дэмжинэ. Энэ л миний фракц байх.

-Мэдээж хүн бусдаас илүү өөрийгөө мэддэг байх. Таныг харахад хөндлөн гулдгүй найзархаг, найланхай, уян хатан хүн биш. Тэгсэн хэрнээ хүйтэн, хөхөлзүүр хүн бас биш. Яг тулаад харьцахаар ууртай, хүн өөртөө ойртуулдаггүй зан чанартай юм шиг санагддаг. Танд ер нь хүмүүс хэлдэг үү. Чамтай нөхөрлөх хэцүү юм аа гэж?

-Манай ааваас хүмүүс их айдаг байсан. Үүнийг би их гайхдаг байлаа. Аав маань хатуу хүн байгаагүй. Тэгсэн хэрнээ ааваас хүмүүс айдаг байсан. Одоо аавтайгаа илүү адилхан болоод байгаа юм байлгүй. Хааяа толинд харахаар бага зэрэг ярвайсан, хөмсөг зангидсан шинжтэй дүр зураг өөдөөс хараад байдаг юм (инээв). Гадна талдаа тэгж харагдаж байж болох юм. Дотроо бол би зөөлхөн амьтан шүү дээ. Төрийн ажилд бол бага зэрэг хатуурхдаг байх аа. Төрийн нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, сайд болоод ирэхэд илүү хариуцлага нуруун дээр ирсэн. Төрийн алба найзан дундаа орж, зарчмаа алдаж, үнэ цэнээ алдаж байгааг ард иргэд шүүмжлэх болсон. Төрийн албанд хүн урагшаа хараад, урдах зүйлээ зөв, сайн хийж байвал зөв ажиллаж байна. Түүнээс биш инээгээд л, тал засаад, ажлыг урсгалаар явуулаад байвал хэн ч чадна. Төрийн албан хаагчдыг ажлаар нь дүгнэхээс биш, хэн ойрхон байж, хэн тал зассанаар дүгнэж болохгүй. Энэ талаас нь хүмүүст ханддаг болохоор хатуу юм шиг харагддаг байх.

-Зам тээврийн яаманд маш өндөр үнийн дүнтэй тендерийн асуудлууд байдаг. Тэрийг дагаад нөхдүүдийн захиалгат лобби орж ирдэг. УИХ дотроос танд дарамт ирж байсан уу. Таныг үг сонсдоггүй, тусалдаггүй гэж зарим нэг хүн дуугарахтай таарч л байсан?

-Олон жилийн улс төрийн амьдралд мэдээж олон л юм тулгарна. Хууль зөрчсөн зүйлд болохгүй л гэж хэлдэг. Тэгэхээр зарим нэг нөхдүүд чамайг би томилсон гэдэг утгаар харьцах гэдэг. Хэлсэн болгон нь хааны зарлиг мэт биелж байх ёстой юм шиг өөрийн зогсож байгаа индрээ хардаг болчихсон хүмүүстэй ч таарч л байлаа. Би “Зөв санаа, бодлого байвал хэлж байгаарай, би дэмжинэ. Буруу зүйл байвал уучлаарай, чадахгүй” гэдэг. Сая бол Ерөнхий сайд миний бодлогыг бүх талаараа дэмжиж байсан. Энэ богино хугацаанд санаандаа тултал өөрийнхөөрөө ажилласан.

-Одоогийн Ерөнхийлөгчийг АН-ын засгийн үед шалгасан, барьж хорих гэж оролдсон. Үүнтэй холбогдуулан таныг бас байцааж байсан. Зарим нь таныг Ерөнхийлөгчийн хүн ч гэж хэлдэг?

-Бидний хамтран ажиллаж байх тэр хугацаанд салбарын бодлогын чанартай зүйлсийн эхлэлүүд явж байсан. Тэр үетэй холбогдуулаад намайг хардах, шалгах холбох асуудлууд ч гарч байлаа. Төрийн нарийн бичгийн дарга ямар мөнгийг мэддэг вэ гэхээр тухайн яамны төсөвт байдаг мөнгийг л мэднэ. Тэр Ерөнхийлөгчийг холбоод байдаг асуудал бол “Хөгжлийн Банк”-наас Монголын төмөр замаар дамжуулагдаж зарцуулсан мөнгө. Үүнд Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурахгүй. Энэ гүйцэтгэл Монголын төмөр замаар дамжиж явагдсан. Угаасаа шинэ Төмөр замын асуудал намайг ТНБД-ын ажлаа өгснөөс хойш болсон асуудал. Ажил хийж байхад янз бүрийн л асуудал гардаг. Ж.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч тавьсан, түүний хүн юм гэнэ лээ гэх зүйл одоо ч сошиалаар явж л байдаг. Хамт ажиллаж байсан гэдгээр нь холбож болохгүй байх.

-Мянган вагон гэх нэг сэдэв яригдаад байгаа. Энэ тантай холбоотой юу?

-Энэ асуудал надаас өмнө болсон. Харахад сайдын баталсан журмыг зөрчсөн юм билээ. Сайдын журманд баталсан насжилтаас хэтэрсэн вагон оруулж ирсэн. 500 нь орж ирсэн, үлдсэнийг нь зогсоосон. Гэхдээ орж ирсэн вагонууд нь өртгөө нөхөөд ашгаа өгчихсөн.

-Нам, төр хоёрыг хольдог үзэл санааны ойлголтууд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа олон улстөрчдийг балладаг. Таны боловсон хүчинд хандах хандлагын талаар сонирхмоор байна?

-Би Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан болохоор намчирхаж хүн халах гэдэг асуудлын эсрэг зогсдог. Удирдагч хүн энэ над руу муухай хардаг, тэр үгэнд ордоггүй, өөдөөс олон юм ярьдаг гээд няслаад байвал өөртэй нь ажиллах хүн олдохгүй. Олдвол нөгөө ярьдаг шиг “пялдага” хүн л таарна. Чадвартай, чадалтай хүн гэдэг өөдөөс хатуу дуугарч, бодлогоо ярьдаг хүнийг хэлнэ. Тэгэхээр удирдлага өөрөө тэр хүнтэй ажиллаж, ажиллуулж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч характертай байсан тухайн ажлыг хийж чаддаг хүн тэр мест дээр байх ёстой. Би энэ талаас нь л хардаг.

-Нээрээ та хэзээнээс сахал Ж.Бат-Эрдэнэ гэдэг хочтой болсон юм бэ. Та харьцангуй залуу хүн байж яагаад сахал тавьчихсан юм. Ямар нэг учиртай юу?

-Сүүлд авах шиг болсон. Төрийн нарийн бичгийн дарга болоод л авсан байх. Анхнаасаа ургасаар байгаад сүүлдээ тодроод байх шиг байна. Багад аавыгаа байхад сахал тавьдаггүй гээд нэг хүн ширүүхэн хэлэхэд нь сахлаа хусчихаад аав дээрээ очсон. Тэгсэн чинь сахал махлаа хусаж юундаа маяглаад байгаа юм гэж зэмлэсэн. Тэгэхээр нь аав минь дуртай байдаг юм байна гээд ахиж сахал хусах талаар бодохоо больсон (инээв).

Б.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 96.3 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Өнгөрсөн тавдугаар сард болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангах, зарим арга хэмжээний талаар хэлэлцэж инженерийн байгууллагуудад 14 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тус ажлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосны дагуу өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дара Т.Гантөмөр “Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай. 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байгаа. Нийслэлийн харьяа агентлагууд 94 хувь, дүүргүүд 97 хувийн бэлтгэлтэй байгаа” гэв.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Төрийн ордны баруун хаалганд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09.00 цагт Монголын үндэсний номын санд Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтын хүрээнд Азийн хотын дарга нарын уулзалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний үр дүнгээ танилцуулна. Утас:80019000

10.30 цагт Монголын үндэсний музейд ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын XI байранд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” зөвлөгөөн болно. Утас:99086975

11.00 цагт “Интерном” номын дэлгүүрт “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос эрхлэн гаргасан “МАНЛАЙЛЛЫН ТҮҮЧЭЭ” номын нээлт болно.

11.00 цагт Тээврийн цагдаагийн алба нд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “ЭСК” төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнийн “Хог хаягдлын менежмент” номын нээлт болно. Утас:99992097

12.30 цагт Сонсголонгийн зам (ДЦС 4 рүү эргэх уулзвар)-д Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно. Утас: 99117292

13.00 цагт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шав тавих ёслол болно.Утас: 99049991

13.20 цагт “Корпорейт” зочид буудалд Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 88111046, 88008781

14.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хурал болно.

14.00 цагт МУИС-ийн Номын санд “МУИС-ийн профессорын эрдмийн өв” гурван боть номын нээлт болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенц, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх аж.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ цаг-үе

Мэргэжлийн сумогийн их аварга, хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал: Олимпийн нээлтэд аваргын ёслолоор мэндчилж Монгол Улсаа сурталчлах хүсэлтэй байгаа

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн сумогийн есдүгээр сарын тэмцээний макуучи зиндаанд 15 давж 41 дэх түрүүгээ хүртсэн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай ярилцлаа.


-Таны аав хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Ж.Мөнхбат 1992 онд байгуулж байсан “Их шавь”-ийн дээд сургуулийн өргөтгөл “Их шавь” спорт сургалтын төв нээлтээ хийж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний аав 1992 онд спортын зүтгэлтнүүдтэй хамтарч “Их шавь”-ийн дээд сургуулийг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Их аавынхаа бүтээн байгуулсан сургуулийн дэргэд “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагааг намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр хийж байна. Сэтгэл хөдлөөд аавынхаа хөдөлмөрийн баатарынх нь тэмдгийг зүүгээд ирлээ.

“Их шавь” сургуульд дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд И.Доржсамбуу нараар ахлуулсан олон алдар цуутнууд суралцаж спортын замналаа эхлүүлж байсан. Билэгт сайн өдөр нээлтийн туузаа хайчилсан “Их шавь” спорт сургалтын төвөөс ч олимп дэлхийд Монголын нэрийг дуурсгасан олон зуун алдартнууд төрж гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Их аварга аавынхаа хүсэл, зорилгыг бид үргэлжлүүлэн авч явна даа.

-Аавынхаа сургуулийн нээлтэд та олз омог дүүрэн ирлээ?

-Нээлтийн үйл ажиллагаанд “Их шавь” сургуульд суралцаж байсан үе үеийн төгсөгчид нь иржээ. Удаан уулзаагүй олон жил болсон ах нартайгаа уулзаад сайхан байна. Дээр нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 41 дэх түрүүгээ уналгүй 15 даваатайгаар авч олз омог дүүрэн ирлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь ч нүүр бардам үг хэллээ.

-Башё өндөрлөсний маргааш л “Их аварга Хакухо М.Даваажаргал Чингис хаан нисэх буудалд буулаа” гэж дуулдаж байсан. Нутаг руугаа яарав уу?

-Яаралгүй яах вэ. Энэ их ачаалалтай бэлтгэл сургуулилтын завсар зайгаар тэр бүр нутагтаа ирээд байж амжихгүй юм. Монголдоо цөөхөн хоног ажиллаад буцна даа.

-Ирэхэд тань Улсын их хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр өмссөн чононы хатгамалтай кимоно тань олны анхаарал татаж байлаа. Энэ хувцасныхаа талаар ярихгүй юу?

-“Бөртэ чоно” гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас чононд дуртай. Японд 100 жилийн өмнө чоно устаж үгүй болсон байдаг. Тиймээс энэ хийморьлог амьтанг Японы ард түмэн таньж мэдээсэй гэж хүсдэг юм. Надад сая өмссөнөөс гадна саран дээр ульж буй чонын зурагтай ногоон кимоно байдаг. Өнгөрсөн сарын башё миний хувьд унах эрхгүй чухал хариуцлагатай байсан л даа. Тэмцээний эхний долоо хоногт цагааныгаа, шийдвэрлэх хагаст нь ногооныгоо өмсөөд л барилдааны өмнөх бие халаалтын өрөө рүү яваад ороход бөхчүүд хараад гайхаж сүрдэнэ шүү дээ. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд нөлөөлж байгаа нэг арга хэлбэр юм даа.

-Мэргэжлийн сумод таны эвдээгүй амжилт үлдэв үү. Одоо та юунд зорьж бэлтгэл сургуулилтаа базааж байна?

-Мэргэжлийн сумод 19 настайгаас хойш авсан даваа минь 1001 давлаа. 22 настайдаа мэргэжлийн сумогийн аварга болсноос хойш авсан даваа минь 800 хүрчээ. Монгол хүн хичээгээд, сэтгэл гаргаад зүтгэвэл оргилд нь гардгийг дэлхийн нийтэд харуулсандаа туйлын их баяртай байна. Одоо надад эвдээгүй дээд амжилт тун цөөхөн үлдсэн шүү. Ватабаяама аварга мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 69 дараалж давсан байдаг. Би 63 дараалж даваад ялагдал хүлээсэн юм. Ойр дотны хүмүүс, сумо сонирхогчдод хандаж би “Ватабаяама аварга 69 дараалж давсан, Харин би 69 дэх аваргаар тодорсон. Ийм сайхан тооны бэлгэдэлтэй байхад үлдсэн барилдаанууддаа хичээж барилдана аа” гэж хэлдэг.

-Та 2020 он хүртэл барилдана гэж амлаж байсан. Хэдий болтол барилдах төлөвлөгөөтэй байна?

-Би өнгөрсөн тавдугаар сард Монголд ирэхэд нэг залуу “Та 2020 он хүртэл барилдана гэж битгий яриарай” гэдэг юм. “Юу гэсэн үг билээ” гээд асуухад “Ардын хувьсгалын 100 жилийн ой ойрхон байгаа шүү” гэж хэлж байсан. Сонин сайхан янз бүрийн юм тохиолдоно.

-Цаашдаа та юу хийх вэ. Мэргэжлийн сумод үлдэж ажиллах уу, эсвэл өөр ямар нэгэн ажил эрхлэх үү?

– /Инээв/…

-Та Монгол хүн гэж дэлхийд танигдсан. Дэлхий монгол хүн гэдийг ч мэднэ. Иргэншил солих болоход манай сумо сонирхогчид таагүй хүлээж авах хандлага ажиглагдаж байсан. Энэ талаар таны бодол?

-Эх дэлхийн хүмүүс бүгдээрээ ижилхэн шүү дээ. Энэ асуудал дээр эмзэглээд байх хэрэг байхгүй гэж бодож явдаг. Удахгүй хоёр жил орчмын дараа Японы нийслэл Токио хотод зуны олимпийн их наадам болно. Токиогийн олимпт би Монголын талаас олимпийн хорооны элч төлөөлөгчийн тэмдгийг авсан байгаа.

-Танд олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломж байгаа юу. Монгол түмэн үүнийг хүлээж байгаа…

-Японы үндэсний спорт сумо олимпийн хөтөлбөрт багтсан байгаа. Ямартаа ч олимпийн наадам, паралимп хоёрын хооронд их хугацаа байдаг. Энэ үед Токиод олимп үзэхээр 200 орчим улсаас иргэд, элч төлөөлөгчид саатна. Тэдэнд мэргэжлийн сумог таниулж хөтөлбөрт аваргын ёслолоор мэндчилнэ. Тэртээ 1964 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн их наадам Токиод зохион байгуулагдахад Монгол Улсын баг тамирчид анх удаагаа оролцож байсан түүхтэй. Миний хувьд энэ их наадмын нээлтийн үйл ажиллагаанд аваргын ёсолгоогоор мэндчилж Монгол Улсаа дэлхийд сурталчлах хүсэл эрмэлзэлтэй байгаа.

-Аав тань танд захиж үлдээсэн амьдралдаа хэрэгжүүлж явах зүйлс олон байгаа байх?

-Ойр дотны хүмүүс маань “Үр хүүхэд нь амжилттай гялалзаж явахад эцэг эхийн сэтгэл тэнэгэр байдаг” гэж ярьдаг л даа. “Аавыгаа өвчтэй зовлонтой байлаа, тэнгэрт гарлаа гэж битгий гутраарай, хаа нэгтээгээс харж байгаа гэж бодож ажиллаж амьдраарай” л гэсэн захиас надад үлдээсэн дээ. Тэр захиасыг нь биелүүлж амжилттай яваадаа сэтгэл өег байх юм.

-Тантай нэгэн цагт мэргэжлийн сумогийн дэвжээнд гялалзаж явсан аварга Харумафүжи Д.Бямбадорж сая зодог тайлах шийдвэр гаргасан. Юунаас шалтгаалж зодог тайлсан бол?

-Надтай нэгэн цагт хамт өрсөлдөж, ирлэж хурцалж явсан Харумафүжи Д.Бямбадожийн даахийг үргээх ёслол есдүгээр сарын 30-ны өдөр болно. Сумогийн хүнд, хатуу бэлтгэлийг хатдаа даван туулж байсан учраас их хүндэтгэдэг. Нэгэнт л зодог тайлах шийдвэр гаргасан учраас ажил амьдралд нь амжилтын дээдийг хүсье дээ.

-Монголын сумочдоос дараагийн аварга нь хэн болно гэж итгэл хүлээлгэж байна. Монгол бөхийн олон сайхан аварга, арслангийн хүүхдүүд мэргэжлийн сумог зорьсон шүү дээ?

-Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа гээд олон хүчитнүүдийн хүүхдүүд сумо барилдангаа сурч боловсорч байгаа. Сайхан удам байхад гараад ирэхийг үгүйсгэхгүй л дээ. Миний хувьд олон нэр хэлээд яах вэ. Бүгд л хөлсөө дуслуулаад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Байгалиас заяасан сайхан бие хаа, хүч тэнхээтэй Ичиножо А.Ичинноров дүү маань өнөөдөр хэнийг ч хаях боломжтой. Аварга болох болов уу гэж харах юм. Мөн нэгэн цагт мэргэжлийн сумогийн дээд зиндаанд гялалзсан амжилт үзүүлж явсан Асашёрюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү Б.Бямбасүрэн сайхан барилдаж байгаа.

-Ирэх сарын башёгийн бэлтгэлдээ хэзээ орохоор төлөвлөж байна?

-Дараагийн башёгийн талаар ярихад арай эрт байна. Есдүгээр сарын тэмцээний ядаргаа гүйцэд гараагүй л явж байна даа. Японд очиж сайхан амраад л тойргийн барилдаануудад орно. Дараагаар нь л ирэх сарын тэмцээндээ бэлдэнэ дээ.

-Өнөөгийн нийгмийн залууст хандаж юуг зөвлөх вэ?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Би 15-тайдаа сагс тоглохоос өөр юм чадахгүй хүүхэд байлаа. Монгол хүн учраас аварга болно гэсэн мөрөөдөл дотор нуугддаг байсан л даа. Би ердөө 22 насандаа л мөрөөдлөө биелүүлчихсэн. Мөрөөдөлгүй болно гэдэг аюултай юм билээ. Зөвхөн спорт бус, салбарт бүрт ажиллахаар зэхэж буй залуусдаа хандахад “Хүн олон мөрөөдөлтэй байх ёстой шүү”. Өөрөө мөрөөдлөө биелүүлж бартаа саадыг даван туулаад ирсэн болохоор “Заавал, заавал, заавал” гэж гурван удаа өөртөө хэлж сануулж байлаа. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийн тул хэтэрхий их хичээж өөрийгөө дайчилж болохгүй. Өөрөө биегүй болдог ч юм уу, сэтгэл зүйгээр их унадаг. Сэтгэл зүрхэндээ бодоод явахад биелдэг юм шүү.


Categories
мэдээ цаг-үе

Б.Хишгээ: Ихэвчлэн гэртээ суудаг ганцаардмал хүмүүс олон ангит кинонд донтдог

Манай улсын нийт хүн амын дунд явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгэмд шинэ төрлийн донтолт үүсээд байгаа юм. Энэ талаар сэтгэл судлаач Б.Хишгээтэй ярилцлаа.


-Донтолт гэж юу юм бэ. Юунаас болоод энэ зүйл бий болоод шинэ төрөл хүртэл үүсээд байгаа юм бол?

-Дон гэдэг үгнээс нийгэм айдаг. Донтсон хүмүүсийн ихэнх нь хүүхэд байхдаа аз жаргалаар дутагдсан, хайр халамжаас хөндий өссөн байдаг. Ялангуяа ээнэгшил буюу эх үрийн нандин харилцаа дутагдсанаас болж түүнийгээ өөр зүйлээр нөхөх гэж оролдохыг донтолт гээд байгаа юм. Хүүхдийг дөнгөж төрмөгц эх үрийн харилцааг үүсгэж, хоёр нас хүртэл нь хайр халамжид бөөцийлөн өсгөж, хэн нэгэн намайг хайрладаг, энхрийлдэг, хооллодог, халамжилдаг гэдгийг мэдрүүлж, сэтгэлийг нь дэвтээх ёстой. Өнөө үед гарч ирээд байгаа донтолт нь гэнэт одоо шинээр бий болчихоод байгаа зүйл биш юм. Өөрөөр хэлбэл 1980-1990 оны хэцүү нийгмээс үүссэн сөрөг талын нэгэн үлдэгдэл нь энэ. Тэр үеийн эмэгтэйчүүд дөнгөж амаржаад 45 хоноод л хүүхдийнхээ сүүг сааж орхиод эргээд л ажилдаа ордог байсан. Гэтэл түрүүний хэлсэнчлэн хоёр нас хүртлээ аав, ээжийн хайран дунд өсөх ёстой хүүхэд ах, эгчийн гар дамжин өссөний гор нь өнөө цагт гарч, залуус буруу муу зүйлд татагдах нь амархан болоод байгаа юм.

-Хайраар дутагдсанаас болоод түүнийгээ өөр зүйлээр дүүргэж байна гэсэн үг үү ?

-Ер нь донтолт гэдэг нь тухайн хүн аливаа зүйлээр дутагдаж, түүнийгээ өөр юмаар нөхөхийг хэлдэг юм. Үүнээс болоод амьгүй зүйлтэй холбоо тогтоодог. Тэдгээр амгүй зүйлд дэлгэц, кино, хатгамал, архи, тамхи болон бэлгийн гаж үзэл, ажлын хэнээ, идэх юмыг хэтрүүлэн хэрэглэх зэрэг багтаж байна. Донгийн хэлбэрүүд нь өөр өөр ч ерөнхий шинж нь адилхан. Ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн хийснээс болоод тэр нь өөрийнх нь эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах оролдлого хийлгэж, санхүүгийн хувьд хор хөнөөл учруулж байвал үүнийг дон гэж үзэж болно. Тэгэхээр хамгийн гол нь сэтгэлд байгаа хоосон орон зайгаа дүүргэх нь чухал. Тухайлбал, архинд донтсон хүн архинаасаа гарчихаад коланд донтох, эсвэл бэлгийн буруу зуршилтай болох тохиолдол бий. Тиймээс сэтгэлгээнд нь байгаа хоосон зүйлийг засах хэрэгтэй.

-Багад нь нэгэнт тогтчихсон сэтгэл зүйг өөрчилж болно гэж үү?

-Сэтгэл заслын аргаар донтолтыг бүрэн эмчилж, сэтгэл зүйг өөрчилж болно.

-Яаж?

-Сэтгэл засал гэдгийг тайлбарлавал тухайн хүн ганцаардсан мэдрэмжээ, эсвэл буруу хийсэн зүйлээ нээж, бусадтай хуваалцан, хэн нэгэнтэй ярилцаж, дотор байгаа бугласан зүйлээ дэлгэхийг хэлээд байгаа юм. Учир нь сэтгэлийнхээ бөглөөг гаргаж чадахгүй, хэн нэгэнтэй ярилцдаггүйгээс болоод тухайн хүн аливаад донтож болдог. Таагүй мэдрэмжээ бусадтай хуваалцсан ч түүнийг орхиж явахгүй, үзэн ядахгүй байгааг мэдэрснээр өөрийгөө хэвийн гэж ойлгон донтолтоосоо ангижрах боломжтой. Тэрнээс биш лам бөөгөөр яваад, код тайлуулаад донтолтоос гарна гэж хэзээ ч байхгүй. Мухар сүсгээсээ салж дотоод хүнтэйгээ ярилц.

-Манайханд донтолтын ямар шинж илүү илэрдэг вэ?

-Монголчуудын 40 орчим хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Нэг хүний цаана 4-20 хүн давхар хамааралд өртдөг. Тэдгээр хүмүүс нь донтогчдоосоо болоод сэтгэлээр унадаг, гутардаг, дарамтад орчихдог. Өөрөөр хэлбэл, давхар хамааралд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа донтогчидтой шууд хамааралтай болчихсон байдаг. Гэхдээ давхар хамааралтай хүмүүс өөрсдийн мэдэлгүй донтогчдоо өөгшүүлээд байдаг юм. Тухайлбал, архичин хүн архиа уухын тулд өөрт байгаа утас гэх мэтийн үнэт үйлсээ зардаг. Гэтэл гэр бүлийнх нь хэн нэгэн шинэ гар утас дахиад аваад өгчихдөг. Ингээд байхаар “Аан ингэж болох юм байна” гэсэн бодлыг архичны сэтгэхүйд суулгачихдаг. Ихэвчлэн хүмүүс донтолтыг ужгирсан хойно нь л мэргэжлийн байгууллагаас тусламж авахаар ханддаг.

-Сүүлийн жилүүдэд дэлгэцийн донтой хүмүүс их болжээ…

-Өдөрт хоёроос илүү цаг утсаа оролдоод байвал та дэлгэцийн донтой гэсэн үг. Гэтэл дийлэнх хүмүүс гурав ба түүнээс дээш цагаар утсаа оролддог хэрнээ өөрийгөө донтчихсон гэж ер хэлдэггүй. Сүүлийн үед энэ төрлийн донгоос болоод олон хосуудын харилцаанд сэв сууж байгаа. Уг нь эхнэр нөхрүүд хоорондоо амьд харилцаа үүсгэж, гэр бүлдээ халуун уур амьсгал бүрдүүлэх ёстой ч дэлгэцийн донгоосоо болоод тэдний харилцаа үл ойлголцол, зөрчил дунд өрнөдөг болсон. Энэ нь хүүхдийн төлөвшилтөд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь ийм харилцаатай эцэг, эхийн дунд өрссөн хүүхэд яг л адилхан болж хүмүүждэг. Тухайлбал, багадаа аавтайгаа дулаан харилцаа тогтоож чадаагүй хүн өөрийнхөө хүүтэй мөн харилцаж чаддаггүй. Одоо үед асуудалд өртөөд, хэрэгт орооцолдож, аливаад донтоод байгаа хүмүүсийн ихэнх нь бага насандаа аав, ээжтэйгээ харилцдаггүй байсан байдаг.

-Нийгэмд шинэ төрлийн донтолт гарч ирж байна уу?

-Сүлжээний дон гэж бий болсон. Хүмүүс яагаад фэйсбүүк, инстаграмд донтоод байна гэхээр тэндээс лайк их аваад байхаар донтоод байгаа юм. Цахим орчинд тухайн хүн нэг зураг тавихад хичнээн хүн түүн дээр нь лайк дарснаар тэр хүний үнэ цэнэ тодорхойлогдоно гэж сүүлийн үед үздэг болчихсон. Ийм болохоор энэ төрлийн донтолт шинээр тархах болсон. Тухайлбал, Фэйсбүүк орчинд 5000 найзтай байж зурган дээрээ 50 лайктай бол тэр хүн бусдад доогуур үнэлэгддэг. Харин 300-аас дээш лайктай зурагтай хүнийг цахим орчинд мундаг, ухаалаг, хөөрхөн гэж үздэг болчихсон. Тиймээс лайкийнхаа тоог ихэсгэхийн тулд хүмүүс сүлжээнд донтоод байгаа хэрэг. Тухайн хүн ч гэсэн авсан лайкнаасаа таашаал, сэтгэл ханамж аваад байгаа болохоор энэ зүйлд илүү донтоод байгаа юм.

-Зарим багачууд ухаалаг утаснаас салахаа болжээ. Төлөвшил нь тогтоогүй хүүхдүүд аливаад донтохдоо хурдан байдаг уу?

-Насанд хүрч, сэтгэлгээ, төлөвшил нь тогтчихсон томчууд юманд тэгж хурдан донтож байхад бодол сэтгэлгээ нь тогтворжоогүй хүүхдүүд бүр ч хурдан донтоно. Гэхдээ хүүхдүүд амьд харилцаа руу илүү тэмүүлдэг учраас ойр дотнын хүмүүсээсээ анхаарал халамжийг тасралтгүй авч байвал дэлгэцийн донгоосоо салдаг. Харамсалтай нь зарим эцэг эхчүүд өөрийнхөө биеийн амрыг бодож, хүүхдээ тээршааж уйлахаар нь шууд л утсаа өгчихдөг. Эсвэл зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгдөг. Эцэг эхчүүд хүүхдээ өөрөөсөө түвэгшээх үйлдэл нь тэднийг утас, дэлгэцийн донтой болгож хувиргаад байна. Хүүхэд донтолтоос ангижрахад маш амархан байдаг. Тархины үйл ажиллагаа нь засагдаад нөхөгдөхөд илүү амархан байдаг. Өөрөөр хэлбэл тархинд үүссэн муу зуршлын жимийг зам болгохгүйгээр бүдгэрүүлчихлээ л гэсэн үг.

-Донтолтоосоо гарсан хүн эргэж автдаг болов уу?

-Өөрийгөө архинаас гарчихсан гэж бодон 10 жил архи амсаагүй ч ганцхан хундага уултаар буцаад донтогч шиг болох боломжтой.

-Донтогчдод илэрдэг шинж тэмдэг?

-Илүү дотогшоо болж, донтсон зүйлээ хийхийн тулд ямар нэгэн саад болохгүй орчинг хайсаар нийгмээс өөрийгөө тусгаарлан ганцаардмал болдог. Мөн ууртай болж, ойр орчимдоо байгаа хүмүүсээ бухимдуулдаг. Учир нь донтсон зүйлээ хэрэглэх мөчид аз жаргалыг мэдэрдэг хэрнээ хэрэглэхгүй бол улам амьдралын идэвхгүй болгодог.

-Бэлгийн гаж зуршил дон хоёр хоорондоо ялгаатай юу?

-Бэлгийн донгийн эхний үе шат нь бодол санаан дотроо байнга бэлгийн харилцааг төсөөлж бодох байдаг. Тухайлбал хоёр хосыг харахдаа харилцаанд орж буйгаар төсөөлдөг. Энэ нь дон л гэсэн үг. Мөн порно кино үзэх нь бэлгийн дондоо хамаардаг. Гэтэл хүмүүс би ганц бие учраас эсвэл хосын харилцаагаа сайжруулахын тулд порно үзэхэд зүгээр гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэвч хүний тархи үзсэн зүйлээ мартдаггүй. Түүнийгээ төсөөлж боддог. Тэгэхээр порночид хэн нэгнийг харахдаа эрүүл нүдээр харахаа больчихсон байдаг. Монголд ухаалаг утаснаас болоод найм, есөн настай хүүхдүүд порно үзэх болсон. Хоорондоо бүлэг чат үүсгэн хүнд төрлийн порно бичлэг шейрлэж байна. Энэ нь нийслэлийн нэгэн хөрөнгөтний сургуульд болсон үйл явдал. Есөн настайгаасаа эхлээд порно кино үзэж байгаа хүүхэд ээжийгээ, эгчийгээ, охин дүүгээ зөв нүдээр харж чадах уу. Үгүй шүү дээ. Бүр хүндэрвэл эцэг эхийгээ хүртэл бэлгийн харилцаанд орж буй мэтээр төсөөлдөг болчихдог. Энэ нь аливаа зүйлийг эрүүлээр сэтгэж чадахгүй нөхцөлийг үүсгэдэг.

-Яагаад зөвөөр сэтгэж чадахаа болчихдог гэж?

-Сэрэл мэдрэхүйг өдөөсөн зүйлс үзэхээр биед бодис ялгаран зөвхөн оюун санааны түвшинд бус бодь гальд нь хүртэл нөлөөлдөг. Үүнээс болоод өсвөр насны хүүхдүүд бэлгийн харьцаанд эрт орж байгаа юм. Энэ мэтчилэн байнгын хүсэл тачааллаар дүүрэн хүмүүс хүндэрсэн үедээ энгийн бус, бүлэг, хүчингийн шинжтэй, ижил хүйстний бэлгийн харьцаанд орж буй порно кино үздэг. Энэ нь яван явсаар үүнийг бодитоор үйлдэх хүслийг төрүүлдэг. Үүнээс гадна бэлгийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн ихэнх нь өөрөө бэлгийн мөлжлөгийн золиос болсон хүмүүс байдаг юм.

-Донтолтод хүмүүс улам автаад байдгийн учир нь юу вэ?

-Хүн илүү гоё мэдрэмж авсан л бол түүнээс илүүг хүснэ үү гэхээс дутуудуулахыг боддоггүй. Хэдэн жилийн өмнө дөрвөөс таван залуу нэг охиныг бүлэглэн хүчирхийлсэн. Тэдний нэг нь дөрвөн охинтой хүн байсан.

-Олон ангит кинонд донтоод байгааг тайлбарлахгүй юу?

-Кино үзэх үед тухайн хүний тархи сэтгэхгүй шууд царцанги байдалд шилждэг. Тэр мөчид тухайн зүйлдээ автан гаднах орчинд ч тэр, дотоод сэтгэлд ч тэр юу болоод байгаагаа мэдэрдэггүй гэсэн үг юм. Ийм болохоор ихэвчлэн гэртээ суудаг ганцаардмал хүмүүс олон ангит кинонд донтдог.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн сүлжээ цагт нэг шулам тодруулах чадалтай

Дундад зууны харанхуй үед баруун Европт байсхийгээд шулам тодруулдаг байв. Бүр анх Ирландын Килкенни хотноо 1324 оны арваннэгдүгээр сард Элис Кайтелер хатагтайн зарц бүсгүй Петрониллаг Христийн шашны аврагдагсдын тооноос хасч, амьдаар нь шатаасан эх сурвалж бий. Харамсалтай нь Петронилла бүсгүйн дараа Европ даяар 100 мянган хүн амиа алдаж байсан юм. Шулмын ангуучлал XVI зууны дунд үеэс улам идэвхжиж 200 жилийн дараа л эцэс болсон түүхтэй. Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн энэ толбыг харанхуй дундад зуун хэмээдэг. Шулмын тухай яриа хэзээнээс яаж эхэлсэн талаар өчнөөн таамаг дуулддаг. Дундад зуунд хүчээ авсан шулам агнах солиорлыг байгалийн гамшгаас эхлэлтэй гэсэн таамаг бий. Шинжлэх ухааны нээлтүүд хийгдэж амжаагүй тэр үед тахал, түүхий уснаас үүсдэг хордого, гэдэс ходоодны өвчин тархсан нь хүмүүсийг шулмын ид шидэнд итгэхэд хүргэсэн хэмээдэг. Шулмын ангуучлалын түүхийг сөхөхөөр бас нэг хачирхалтай үзэгдэл анзаарагддаг. Элит давхаргынхан шулмын ангуучлалд идэвхийлэн оролцож явсан жишээ өчнөөнөөрөө тоологддог юм билээ. Английн жентельмен, өндөр боловсролтой Мэттью Хопкинс гэхэд л гэрийнх нь гадаа цугладаг тариачин бүсгүйчүүдийг 1645 онд шулам гэж зарлаж байв. Мань эр өөрийгөө шулам таньдаг гэж шуугиулж талхны хөрөнгө гашилж, мах муудахад хүртэл хэн нэгнийг буруутгаж шулмаар тодруулж байсан гэдэг. Зөвхөн энэ эрийн нөлөөгөөр 1645 онд 200 хүнийг шулмаар зарлан шатааж байж. Тариачид, захын худалдаачид, эрдэмтэн профессорууд гээд шулмын эгнээнд багтагсад нийгмийн давхарга бүрт байсан юм. Шинжлэх ухааныг үгүйсгэсэн шашны зүтгэлтнүүдийн муйхарлал шулмын ангуучлалын түүхийг зузаатгасныг дэлхий нарыг тойрч эргэдэг гэх үзлээсээ болж шатаалгасан Жордано Бруногийн түүх баталдаг. Энэ харанхуй түүх тэгсгээд мартагдсан ч өнгөрсөн зууны дунд үед түүхчид дундад зууны шулмын ангуучлалыг шинээр нээсэн байдаг. Нацист Германы еврейчүүдийн эсрэг бодлогоос эхлээд АНУ-ын Иракт үй олноор хөнөөх зэвсэг хайсан он жилүүд шинэ шулмын ангуучлалд багтана гэсэн сонирхолтой гаргалгаа бий. Ямар нэг үл үзэгдэх, үл тэмтрэгдэх дайсны зураг бүтээж ард түмнийг айдаст автуулж, тэр айдсыг нь хэн нэг хүчтэн зогсоодог үйл явдлууд хүн төрөлхтний түүхэнд өрнөсөөр байгаа нь үнэн. Иймэрхүү үзэгдэл эдийн засгийн хямрал, төрийн идиалоги солигдох үед хүчээ авдаг гэсэн тайлбар дуулддаг.

Тэгэхээр хүн төрөлхтний шулмын тухай солиорол дундад зуунаар дуусаагүй байх нь. Хэн нэгнээ шулмаар зарлах шалтгааныг ухаад харахаар дундад зуунаас өнөөг хүртэлх бүх шалтгаан хэтэрхий өнгөц, гэнэн, жижиг байж. Гэдэсний өвчин тусах, хордлого болох, мах муудах, талхны хөрөнгө гашилах, шашны мухар тайлбарыг хамгаалахын тулд гэмгүй нэгнийг шулмаар зарласаар ирсэн байх юм. Шалтгаан нь бүр томорлоо гэхэд л сүр нөлөөгөө ихэсгэх амбицтай аль нэг гүрэн нийтэд аюултай дайсан зохиохын тулд хэн нэгнээ шулам болгосоор ирж. Манай түүхэнд ч ийм түүх өчнөөнөөрөө бий. Хэлмэгдүүлэлтийн үед гэхэд л сайхан эхнэртэйнхээ төлөө, сайн ажилласныхаа төлөө ардын дайсан болсон хүмүүс цөөнгүй. Нийгмээрээ хийрхсэн ийм үе өнгөрсөн зууны Монголын түүхэнд ганцаар тогтохгүй.

Орчин үед шулмын ангуучлал хаана явж байна гээ, нийгмийн сүлжээнд. Цахим орчинд хэн нэгнийг шулам болгож агнах шиг амархан зүйл алга. Фэйсбүүк, твиттер гээд олны хамарсан сүлжээ идэвхжсэн цахим орчинд бусдыг урьтаад шулмаар зарлаж, “шатаах” бүрэн боломж байна. Үүгээрээ бид аюултай цагт амьдарч байгаа улс. Сошиал ертөнцөд сайн сайхан, гэрэл гэгээ ч дүүрэн, эсрэгээрээ хүнийг амьдраар нь үгүй хийх ийм хүч бас бий. Хамгийн тод кейс бол мүүн. Мүүн гэсэн нэр дор хичнээн хүнийг шулам болгож зарласныг тоолох аргагүй. Боловсролын салбарт хувь нэмрээ оруулж яваа жирийн нэг бүсгүйг лав шулам болгож харагдуулж, хэсэгтээ л хэцүү байдалд оруулсан. Дараахь нь жижигхэн хэрнээ хэлэхээс аргагүй нэг жишээ бол төрийн ёслолын идээний ул боовыг тэгш тоогоор зассан явдал. Таваг зассан үйлчилгээний ажилтан цаанаас өгсөн ул боовонд тааруулж идээгээ зассан байж таарна. Сошиалаар сэвсэн шиг ардын дайсны санаа гаргаж таваг засна ч гэж юу байхав. Цахим ертөнц дэх “шулмын ангуучлал”-д өртсөн үйлчилгээний хэдэн ажилтан ажилгүй, хоолгүй болоод л дууссан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллах үед сошиал дахь ангуучлал тод анзаарагдаж байв. Хэлсэн үг бүрийг нь мушгиж, хийсэн үйлдэл бүрийг нь элэглэж шившиглэсээр суудлаас нь буулгасан. Үгээ бодохгүй, цэнэхгүй хэлчихдэг сул тал мань эрийн гэм ч гэлээ бүтээсэн юмтай Ерөнхий сайдуудын нэг байсан нь бас бодитой үнэн. Гэвч сошиал дахь “шулмын ангуучлал” Н.Алтанхуягийг алиа марзан нөхөр төдий болгочихсон. Ер нь сошиалын ангуучлал аюултай. Хэн нэгнийг “шулам”-аар зарлаж, нийгмийг цочроосон мэдээллээр бөмбөгдөж үзэн ядуулсны эцэст ангуучилсан хүнээ хэн ч биш болгодог. Н.Энхбаярын өлсгөлөн зарлаад бухимдсан үедээ гаргасан авирыг харуулсан бичлэг байна. Тийм нөхцөлд орсон хүнтэй хууль, хүчнийхэн яаж харьцсаныг масс мэдэхгүй. Эвгүй харьцсан болоод таагүй ааш гаргасан байх өндөр магадлалтай. Гэсэн хэр нь салаавчаа гаргаж хашхирч буй экс Ерөнхийлөгчийн бичлэг цацагдах үед ингэж харсан хүн байгаагүй. Ингэж харуулах зорилгогүй бичлэг учраас Н.Энхбаярыг зүхсэн олныг буруутгахад бас хэцүү. Шуудхан хэлэхэд нийгмийн сүлжээн дэх нэгнийгээ намнаж байгаа энэ дүр зураг 1937 оны хэлмэгдүүлэлтээс ялгарахааргүй харагдаад байх юм. Дундад зууны харанхуй үед хэн нэгнийг бүхнээс урьтаж шулмаар тодруулж шатаасан нь хожиж амьдарсан. Өнөө ч ялгаагүй. Сошиал сүлжээнд хэн нэгнийг түрүүлж шившиглэсэн нь хождог болж. Хэлмэгдлийн үед хэлмэгдэгсэд үр удмаараа хохирч явсныг өнөөдөр дурсан ярих амьд гэрч олон бий. Хэлмэгдэгсдийн хүүхдүүдийн сургуульд сурах эрхэд нь халдаж, чадлаараа ахиж дэвшээд амьдрах боломжийг нь хүртэл хааж байсан нь өнгөрсөн түүхийн гашуун үнэн. Шулмын ангуучлал гаарсан дундад зуунд амьдаараа шатаалгасан хүний дөрөвхөн настай охиныг есөн сар шоронд хорьсон хэцүү явдал хүн төрөлхтний түүхэнд бичигдээд үлдчихсэн. Өнөөдөр ч ялгараад байх юм алга. Сошиалд шившиглэгдсэн хүний хүүхдүүд наад зах нь сургуулийнхаа орчинд адлагдаж яваа. Сошиалд хэн нэгнийг шившиглэсэн хувь хүний үйлдэл ямар балагтайг энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй. Хүний мууд дурласан, шулмын ангуучлалд донтсон хувь хүнээс гадна өчнөөн зуугаараа тоологдох вэб сайтууд, бас хэн нэгнийг шившиглэхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ өнцгөөс харахад вэб сайтын хамрах хүрээг зохих албаныхан анхааралдаа авах цаг болчихсон. Бүр тодруулж хэлбэл Харилцаа холбооны зохицуулах хорооны хийх учиртай ажлын нэг мөнөөсөө мөн. Өнөөдөр вэб сайт бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайтад гарч буй мэдээлэл бүр сэтгүүлчийн бичсэн зүйл гэсэн ташаа ойлголт хавтгайраад байна. Зүй нь хэвлэл мэдээлэл гэсэн тодорхойлолтод хэн багтах вэ гэсэн шалгуураар шүүгээд харвал маш олон вэб сайт хэвлэл мэдээллийн салбарт хамаарахгүй. Өөрийн гэсэн редакцитай, буух эзэн буцах хаягтай, бичсэн, нийтэлснийхээ үнэн мөний төлөө хариуцлага хүлээх чадвартай хуулийн этгээд л хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн тойрогт багтана. Энэ шалгуурт багтах вэб сайт тун цөөн. Ихэнх нь редакцигүй, бичсэн мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх эзэнгүй, шуудхан хэлэхэд нүүрээ нууж бусдыг шившиглэдэг фэйсбүүк, твирттерчдээс ялгарах юмгүй. Хүсвэл хэн ч аль нэг вэб сайтыг тавхан минутын дотор байгуулчихаж дөнгөнө. Зөвшөөрөл энэ тэр гэж цаг хугацаа авдаггүй учраас хариуцлага, үүргийн тухай ярих аргагүй. Тэгэхээр хувь хүнтэй адилхан гээд харчихад болохгүй юмгүй.

Харамсалтай нь ийм вэб сайтуудыг сэтгүүл зүй гэж андуураад байна. Сэтгүүл зүй гэсэн малгай дор багтах мэдээллийн хэрэгслүүдийн хувьд редакцигүй вэб сайтуудаас тэс ондоо. Дахиад хэлэхэд сэтгүүл зүй бол редакцитай, өөрийн гэсэн бодлого чиглэл, мөрддөг дүрэмтэй хуулийн этгээд. Вэб сайтуудтай хамаатай инээд барсан, өмнөөс нь ичмээр олон үйл явдал болох юм. Сүүлийн жишээ гэхэд сэтгүүлчийн асуултад хариулахгүй суугаа Н.Багабандийн бичлэг байна. Намынх нь хурал дөнгөж эхэлж байхад урьдчилж авсан зөвшөөрөл ч үгүй давхиж очоод хурлын үр дүн асууж шалах лав мэргэжлийн сэтгүүл зүй биш. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан хүнийг тэс хөнлөн зөрүүд гөжүүд өвгөн мэтээр харагдуулж сошиалаар сэвэх нь мэргэжлийн сэтгүүл зүй гэдэгт тодорхойлолтод хэтэрхий жижигдэнэ. Зөвшөөрөл авч, утга учиртай асуулт тавьж хандсан бол өөр хэрэг. Тэгээгүй, мэргэжлийн бус ажилласан учраас сошиалаар хэн нэгнийг шулмаар зарлаж, шившиглэж байгаагаас ялгаагүй зүйл болчихсон. Тэр бичлэг сошиалаар цацагдах үед “Дөнгөж эхлэх гэж байгаа хурлын үр дүнгийн тухай яг юу ярих вэ?” гэсэн асуулт тавьсан хүн мөн л байгаагүй. Мэргэжлийн зарчмаар ажиллаагүй, сошиалаар сэвсэн учраас тэр. Хариулах аргагүй асуулт тавьчихаад шантаажилж байгаа аятай камераар бичээд цацахыг мэргэжлийн ёс зүй гэхгүй.

Саяхан Эрдэнэтийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бичлэг цацагдав. Хурлын дарга нь нэг хүнээс хэн болохыг тодруулахад өнөөх нь вэб сайтаас оролцож байгаа гэж хариулж харагдсан. Хариуд нь хурлын дарга “Бид гэрээтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээ хуралдаа суулгах учиртай. Хэн нэг утастай хүн орж ирээд хурлын бүх процессийг цацаад байвал хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэг байна уу. Хэрвээ дурын хүнд ийм боломжийг нээж өгөөд байвал албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаад яах юм бэ” гэж хэлнэ лээ. Толгой дохихоос аргагүй үг. Уг нь энэ үгийг орон нутгийн хэн нэг дарга биш, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд хэлж суух учиртай. Янз бүрийн арга хэмжээнүүдийн үеэр аппарат үүрчихсэн явж байдаг хижээл насны эр наадмын нээлтийн гэрэл зургийн сурвалжлага хийнэ гээд мандат авчихсан явсныг санаж байна. Фото сэтгүүл зүй гэдэг аппарат үүрсэн хүн бүрийн сонирхол хоббигоороо хийдэг салбар бас биш. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дансгүй, ардаа байгууллагагүй сайн дурын зурагчдыг сэтгүүл зүйн нэг хэсэг гэж харах аргагүй.

Ямар нэг үйл явдал боллоо гэхэд редакцигүй сайтууд, сайн дурын зурагчид битүү шавдаг нь нийтлэг үзэгдэл болоод удаж байна. Мэргэжлийн хэвлэл мэдээллийнхэн бужигнаж байвал өөр л дөө. Аль нэг албан тушаалтан шуугиан тарьсан сэдвээр мэдээлэл хийлээ гэхэд мэргэжлийн сэтгүүлчид нотолгоо үнэн хайсан асуултуудаар “бөмбөгдөж”, мэргэжлийн фоточид асуултаас бултсан улайсан сандарсан төрхийг нь аппаратандаа буулгасан халуун уур амьсгалтай хэвлэлийн хурал сүүлийн үед үгүйлэгдэх болсон нь бодитой үнэн. Хэн нэгнийг шантаажилж мөнгө олох зорилгоор ажилладаг нэр нь танил болоогүй вэб сайтын төлөөллийн асуух асуулт тодорхой, тэр зүг рүү л чиглэнэ. Сайн дурын зурагчдын хувьд халуун агшныг буулгах гэхээс илүү, хэтэрхий жижиг зорилгоор халуун үйл явдлуудыг зорьдог нь нууц биш. Д.Оюунхорол гишүүний зөвхөн нүдээ аних агшныг анаж, амжиж авсан кадраа зарж суудаг гэрэл зурагчныг фото сэтгүүл зүй гэсэн тойрогт оруулах боломж хэтээсээ байхгүй. Сэтгүүл зүйд асуудал болсон энэ үзэгдэл дундуур мэргэжлийн сэтгүүлчид нь асуултаа тавьж, фоточид нь аппаратаа шажигнуулж, операторууд нь камераа чиглүүлж яваа. Гэхдээ хэт хавтгайрсан мэргэжлийн бусынхантай холилдохоор сэтгүүл зүйн жинхэнэ мэдээ, чанартай нийтлэл, даацтай нэвтрүүлгийн агуулга чансаа бүдгэрч харагдаад байна.

Чуулганы танхимын нээлт хаалтын сурвалжлага, халуун асуудал өрнөсөн хуралдааны үеэр бүр хэцүү зураг харагддаг. Чуулган, байнгын хорооны танхимын зай талбай хэмжээ хязгаартай. Төдийгөөс өдий хүртэл мэргэжлийн зарчмаараа ажиллаж байгаа редакциуд цөөн тооны сэтгүүлчээ хязгаар шалгууртайгаар парламентын сурвалжлагчаар ажиллуулсаар ирсэн жишиг бий. Гэтэл сүүлийн үед редакцигүй сайтууд, сайн дурын фоточдын арми ордон хавиар багшралдах болсон нь бодитой үнэн. Ямар ч харилцаа хуулийн дор, журмын хүрээнд, тодорхой хязгаартайгаар өрнөдөг жам, жишигтэй. Тэгэхээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалт хийдэг газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн рейтингийг тогтоож ангилах цаг болчихож. Хэвлэл мэдээллийн редакцийн эрхлэгч нар, телевизийн захирал, вэб сайтын удирдлагуудын өмнө сошиалаас сэтгүүл зүйгээ ялгаж харуулах үүрэг ирчихээд байна. Дахиад хэлэхэд хэвлэл мэдээлэл, сошиал хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Ялгаа нь маш тодорхой. Сошиалаар хэнийг ч шившиглэж болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн дор ажилладаг учраас хэн нэгнийг шившиглэх эрхгүй. Зөвхөн үнэнийг гэсэн зарчим дор ажилладаг. Хуулийн дор ажилладаг хэсэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх эрхийг өгч, цэгцэлж авахгүй бол олон нийт сүүлдээ сошиал, мэргэжлийн сэтгүүлчдийн алинд нь ч итгэхээ байх нь. Юу ч хэлээд бултаараа үнэмшихээ байчихвал яах вэ. Юунд ч итгэхгүй хүмүүсээс бүрдсэн нийгэмтэй болчихвол яах бол. Төсөөлөхөөс ч зугтмаар асуулт.

Дахин онцлоход цагт нэг шулам тодруулах чадалтай гээд бодохоор сошиал хүчтэй. Жинхэнэ шулам биш, жирийн л нэг иргэнийг сошиалд идэвхтэй сая гаруй нөхөд нэгэн зэрэг шившиглэхэд л хүний амьдрал хувь тавилан сүйднэ гээд бодохоор сошиалыг сэтгүүл зүйгээс ялгах, ангилах эрэлт бодит утгаараа үүсчихээд байна.