Categories
мэдээ нийгэм

“Бангкок-2020” тунхаглалын хэрэгжилтийг хэлэлцэж байна

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дүгээр чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалт өнөөдөр өндөрлөх юм. Чуулганд оролцогчид “Бангкок-2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, эхэллээ. Бангкок 2020 тунхаглалыг Ази дахь бүсийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-ийн 5 дугаар форумаар баталсан бөгөөд тунхаглалын хүчинтэй хугацаа 2 жил үргэлжилнэ. Бангкок 2020 тунхаглал нь байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн нийт 20 зорилт болон хяналтын үзүүлэлттэй ба Ази дахь анхны байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий бүсийн тунхаглал юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий төлөөллийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар, тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцэцэг, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Энхбат нарыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Энэ оны зургаадугаар сард “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс УИХ-ын дарга М.Энхболдод Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10.000 орчим хүний гарын үсэг бүхий Шаардах бичгийг гардуулан өгч байсан юм.

ШААРДАХ БИЧИГТ:

-Монголын ард түмэнд Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх;

-Өмнөговь аймагт дагуул хотуудыг барьж байгуулах;

-Байгалийн гүний цэвэр усыг ашиглахгүй, саарал ус ашиглах технологийг нэн яаралтай хэрэгжүүлэх гэсэн 3 үндсэн шаардлага тавьсан билээ.

Тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар дээрх шаардах бичгийн хариуг албан ёсоор өгч, УИХ-аас байгуулагдсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг намрын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх, уг хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулж, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулахыг шаардаж буйгаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, “УИХ-ын дарга М.Энхболд Захирамж гаргаж, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэний нийгмийн төлөөллийг аль болох түлхүү оруулах ёстой гэж үзсэний дагуу Та бүхэн ч Дэд ажлын хэсэгт орж ажилласан. Тийм учраас тодорхой мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ажлын хэсэг дүгнэлтээ Байнгын хороо болон УИХ-д ойрын үед танилцуулахыг даалгасан. Та бидний байр суурь нэг байгаа гэдгийг хэлмээр байна. УИХ-ын намрын чуулганаар хуулийн дагуу Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Та бүхний саналыг би өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр албан ёсоор танилцуулах болно“ гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цас арилгах 2400 тонн тусгай зориулалтын бодис нөөцлөөд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн мэдээлснээр Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай, станцууд 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүх 6000 маргааныг эвлэрүүлжээ

Монгол Улсын шүүхээр 2018 оны гуравдугаар улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 11522 өргөдөл ирснээс 8666 өргөдлийг шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлэхээр өргөдөл гаргагчдын 70.8 хувь нь эвлэрчээ.

Шийдвэрлэсэн 8666 өргөдлийн 6343 буюу 73 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 2310 хэрэг буюу 27 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 13 хэрэг буюу 0.01 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 3 дугаар улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 2.74 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.53 хувиар, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл хоёр нэхэмжлэлээр буурчээ.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 13.78 хувиар, хүсэлт гаргагч, өргөдлөө буцаасан өргөдөл 65.34 хувиар, үлдэгдэл 18.69 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.

shuuh

shuuh

Categories
мэдээ нийгэм

Дарьганга суманд төрийн үйлчилгээний цахим систем нэвтэрлээ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд харилцаа холбоо, шуудангийн төрийн цахим үйлчилгээний салбар нээгдлээ. Салбар нь Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч бөгөөд жишиг салбар болж буй.

Нутгийн ард иргэд цахим үйлчилгээний тусламжтайгаар төрийн олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн байдал, гэрлэлтийн лавлагаа гээд арав гаруй төрлийн мэдээлэл лавлагааг өөрийн хурууны хээ болон иргэний цахим үнэмлэхний туслмажтайгаар маш богино хугацаанд авах юм.

Дарьганга болон бусад хөрш зэргэлдээх сумдын иргэд ч тус төвөөр үйлчлүүлэх боломжтой юм. “Энэ үйлчилгээ иргэдийн цаг завыг хэмнэсэн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан маш чухал ажил болсон. Хэрвээ энэхүү салбар амжилттай байвал цаашид бусад сумдад ч тус үйлчилгээг нэвтрүүэх бүрэн боломжтой” гэж аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Д.Болдмаа хэллээ. “Монгол шуудан” ХХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Үндэсний дата төв” хамтран дээрх салбарын үйл ажиллагааг ийнхүү амжилттай эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулав

Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хѳтѳлбѳрт тусгасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ хѳтѳлбѳр, тѳслѳѳр Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт ѳвчтѳнд тохирсон стандартын 10 ширхэг ор, хяналтын мониторыг хүлээлгэн ѳглѳѳ.

Тус тасгаар сард 120 орчим хүн үйлчлүүлдэг ажээ. Ихэвчлэн чихрийн шижин, цус харвалт, саа саажилт гээд тархи, мэдрэлийн гаралтай хүнд ѳвчтэй, ахмад настай, хѳгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг байна.

Иймд хуучин хэрэглэж байсан модон орнууд ѳвчтѳнүүдэд босч суухаас эхлээд ихээхэн хүндрэлтэй байсан тул Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өвчтөнд тохирсон ортой боллоо.

Ингэснээр энгийн тасагт долоо, хүнд ѳвчтѳний тасагт гурван ширхэг стандарт, шаардлага хангасан ортой болсон төдийгүйѳвчтѳнүүдийн биеийн байдлыг хянах сүүлийн үеийн техникийн үзүүлэлт бүхий монитортой болж байгаад эмч, сувилагч, баяртай байсан.

Тоног төхөөрөмж, зориулалтын ортой болсоноор өвчтөнд үзүүлэх эмчилгээ, сувилгаа сайжрах, сувилагчийн ачаалал багасах гээд олон давуу талтай гэж тус тасгийн эрхлэгч Н.Баярсайхан онцлов.



Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглоно

Увс аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Улаангом сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 6-ны өглөөний 07 цагаас өдрийн 11 цаг хүртэл, худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өглөөний 08 цагаас өдрийн 12 цагийн хооронд тус тус түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Энэ хугацаанд Улаангом сумын иргэд багийн харъяаллын дагуу дөрвөн цэгт очиж жагсан гамшгийн иж бүрэн сургуулилтад оролцох юм байна.Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт явагдаж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагаас 7-ны 21 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм. Мөн орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.

Одоогийн байдлаар аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам, байрзүйн зургийн ашиглалт, анхны тусламж хэрхэн үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо зарлан мэдээлэл, гамшигт өртсөн хүмүүсийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийг нүүлгэн шилжүүлэх зэрэг сэдвээр сургалт явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сургуулийн захирлыг авлигын хэргээр саатуулав

Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-аас баривчлав.

Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлигал авсан гэх үндэслэлээр шалгаж байгааг АТГ-аас мэдээлэв. Мөн уг хэргийн талаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын зөвшөөрөл гарвал өгөх гэнэ.

Өнгөрсөн сарын 25-нд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 зөрчил илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

“Би гэртээ” дугуйланд 30 гаруй эмэгтэйчүүд хамрагджээ

Өмнөговь аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Би гэртээ” дугуйланг хоёр дахь жилдээ хичээллүүлж, эмэгтэйчүүдийг өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж нээж байна.Энэ жил таван төрлийн чиглэлээр 50 хүн сургах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тавдугаар сарын 15-аас эхэлсэн уг дугуйлангийн үр үрсэлгээ, суулгац, тасалгааны цэцэг тарих, гар урлал, зодог шуудаг оёх зэрэг гурван төрөлд 30 гаруй эмэгтэй суралцаж өрхийн амьжиргаагаа дээшлүүлж буй. Одоо оёдол эсгүүр, ногоо даршлах, нөөшлөх гэсэн төрлөөр 20 гаруй эмэгтэйг сургахаар бүртгээд байгаа аж.

Уг дугуйланг аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Даланзадгад сумын найман багийн гэрээр хүүхдээ харж буй, өрх толгойлсон, тодорхой эрхэлсэн ажилгүй, зорилтот бүлгийн ээжүүд, эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй явуулж байгаа юм. Дугуйланд хамрагдаад сурч мэдсэн зүйл, арга туршлага дээрээ үндэслэн өөрсдөө ажлын байртай болох боломж бүрдэж байна.


Categories
мэдээ улс-төр

Замын-Үүдийн чөлөөт бүсэд ирэх онд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.15 цагт эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцож, УИХ-д өргөн бариад буй юм.

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Энэ жил Засгийн газар төсвийн сахилга батыг сайн хангасан. Энэ нь эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлсэн тул төсвийн тодотгол хийсэнгүй. Ирэх жил 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон нь хэт өөдрөг байх магадлалтай. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийг бие даалгах нь зөв үү. Монгол Улсад хавдрын өвчин ихээхэн газар авч байгаа үед мэргэжлийн эмнэлгийг улс хажуудаа байлгаж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2018 онд 28 сая тонн нүүрс гаргахаар тооцож байсан. Тухайн үед боомтууд хэт ачаалалтай, дараалал ихтэй байсан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан айлчлал хийсний дараа боомтууд дээр үүсдэг асуудал арилж, нүүрс тээвэрлэлт түргэн, шуурхай болсон. ХСҮТ-д өмнө нь улсын төсвөөс олгодог байсан бүх мөнгийг өгнө. Харин тус хөрөнгийн зарцуулалтыг эмнэлгүүд өөрсдөө шийднэ гэсэн үг” хэмээн тайлбарлав.

Мөн Ж.Ганбаатар гишүүн ирэх онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэдэн төгрөг тусгасан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ үйлдвэр байгуулах эсэхийг тодрууллаа.

Өмнөх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 650 тэрбум төгрөгийн хуримтлал бий болжээ. Энэ хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явах боломжтой гэдгийг Сангийн сайд хэллээ. Мөн энэ оны төсөвт шинэ үйлдвэр байгуулах хөрөнгө тусгаагүй гэдгийг дурьдсан юм.

Харин Ж.Мөнхбат гишүүн 2019 оны төсөв эрсдэл өндөртэй, хариуцлагагүй байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр, “Үндэсний аудитын газраас ирэх оны төсөвт зэс болон нүүрсний үнийг хэт өндрөөр тооцсон гэсэн дүгнэлт ирүүлсэн. Ирэх онд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унах төлөвтэй байгаа” гэлээ.

Сангийн сайдын зүгээс “Төсвийн орлогыг бүрдүүлэх хэцүү. Бид Монгол Улсын байгалийн баялаг гарч буй бүх боомтын хяналт шалгалтыг сайжруулж, татвараа бүрэн авна. Төсвийн хүрээний мэдэгдлийг анх өргөн барихдаа 7260 ам.доллараар тооцож байсныг 6272 ам.доллараар бууруулж тооцсон” гэлээ.

Харин Замын-Үүдийн чөлөөт бүсийг хэзээ нээхээр төлөвлөж байгааг Б.Дэлгэрсайхан гишүүн тодруулав. Уг чөлөөт бүсийг ирэх онд нээхээр төлөвлөсөн бөгөөд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин хариулав.

Түүнчлэн Л.Болд гишүүн ирэх онд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барих талаар тодруулахад, Засгийн газраас 117 сургууль, 143 цэцэрлэг, 57 дотуур байр барихаар төлөвлөсөн. Үүнээс 2019 онд 46 сургууль, 57 цэцэрлэг, 24 дотуур байрны барилгын ажил эхэлнэ гэсэн хариултыг Сангийн сайд өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ шинээр барьсан автозамуудын засвар арчлалтад төсөв нэмэх боломж бий эсэхийг тодруулав.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Зам завсарт 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ зарим замыг төлбөртэй болгох чиглэлд анхаарах шаардлагатай. Зээлээр автозам барьчихаад дахиад улсын төсвөөс мөнгө гаргаж, зам засах ёсгүй. Тиймээс төлбөртэй болгож, түүнээс олсон орлогоор нь замаа засдаг болох хэрэгтэй” гэв.

Ийнхүү чуулганы ажлын цаг дууссан тул төсвийн хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 05-нд үргэлжлүүлэхээр боллоо.