Categories
мэдээ нийгэм

Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ. Хотын дарга нарын хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.

Эрхэм хүндэт хотын дарга нар, зочид төлөөлөгчид өө.

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтанд оролцож буй эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Азийн бүсийн орнуудын засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн Хөгжлийн Төвтэй хамтран Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулж байгаад баяртай байна.

Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний хэт ачаалал болон хот байгуулалттай холбоотой олон тулгамдаж байгаа асуудлууд байна. Эдгээрийн эсрэг хотын захиргаанаас сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу шилжих хүмүүсийн хөдөлгөөнийг хориглож, хотын хэт тэлэлтийг хязгаарлах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулах, одоогийн хотын төвд байгаа хотын захиргааг Яармаг руу буюу хотын урд хэсэг рүү нүүлгэх ажлыг эхлүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Мөн Улаанбаатар хотод Тусгай замын автобус буюу BRT системийг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр барьж байгуулан, 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврийн цогц системээр хангаж, замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгаж, түүнийг дагасан олон сөрөг үр дагавар буурна гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөөдрийн Ази тивийн хотын дарга нарын уулзалтаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт (SDG) –ын 11 дэх зорилт, Хүн төвтэй гудамж, хотыг бий болгох, Тээврийн эрэлтийн менежмент болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах дэд сэвдүүдийн хүрээнд хэлэлцэх гэж байгаад талархалтайгаар хүлээн авч, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Чуулга уулзалтанд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Хүндэт зочид, төлөөлөгч та бүхэнд талархаж байгаагаа дахин илэрхийлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн залуу хөтөч” үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг 2018 оны 10-р сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.

Тус сургалтад хамрагдсанаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд эх орныхоо соёлын дурсгалт газрууд болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад бөгөөд өнгөрсөн жил 300 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучуудыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Та өөрийн биеэр ирэх эсвэл цахим холбоосоор бүртгүүлэх боломжтой юм.

Цахим холбоос: Доорх холбоосоор холбогдож, “хөтөч анкет” цэснээс анкет татан авч бөглөөд ubyouthdevelopment@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.

Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын “Фэйсбүүк” дэх албан ёсны пэйж хуудас /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud//-ны хувийн захидал /PM/ руу өөрийн анкетыг илгээж болно.

Бүртгүүлэх хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 206 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

Холбоо барих утас: 9812-5557, 9712-5557

Тавигдах шаардлага:
– Гадаад хэлний зохих мэдлэгтэй
– Багаар ажиллах чадвартай
– Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах чадвартай

Сургалтад хамрагдсанаар залуучууд дараах ур чадварыг эзэмших болно:

1. Хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох
2. Эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах
3. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох
4. Аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох
5. Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх
6. Эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэл
7. Монгол орныхоо түүхэн соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэгтэй болох
8. Орон орны соёлын ялгааны талаарх ойлголттой болох
9. Хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо бүрдэх

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барив

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаандаа НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм.

Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Салбарын хөгжлийн бодлогын бичиг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш, эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт Тань амжилт, амьдралд Тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их үйлсийн түүчээ энэ цагийн эрхэм хүндтэй хүмүүс бол Монголын багш нар юм.

Багшийн эрдэм шавьд гэдэг. Улс эх орны хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой иргэд билээ. Энэ ч утгаараа эрдмийн их өргөөний эзэд, буяны ундарга болсон багш нарын баяр бол нийт ард түмний баяр юм.

Улсаа хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх, багш нараа дэмжих, боловсролын салбараа шинэчлэх нь зайлшгүй. Боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байгаа хэдий ч цаашид олон асуудлыг шийдвэрлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цаашлаад багшийн хөгжлийг дэмжих нь амин чухал асуудал гэж засгийн газар үздэг. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө засгийн газар эдийн засгийн боломж нөхцөлдөө тааруулан хүчин чармайлт гарган ажиллаж байна. Түүнчлэн сургалтын орчныг сайжруулах, анги дүүргэлтийг багасгах, хичээлийн ээлжийг цөөрүүлэх, суралцагчдын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудалд ч анхаарах шаардлага байсаар байна.

Багш хүн бол хүүхэд, залуучуудтай, тэдний оюун ухаантай ажилладаг давтагдашгүй онцлогтой мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа багш хүн улс орныхоо ирээдүйг жолоодох иргэдийг бэлтгэдэг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, үлгэр дуурайл үзүүлэх нийгмийн манлайлагчид билээ.

Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс бол та нар минь юм. Мянга мянган шавь нарынхаа буянаар хөгжил дэвшлийг бүтээгч нь та нар минь юм. Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

Номын цагаан буян түгэн дэлгэрэг

Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томиллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “УИХ-ын гишүүн давхар хариуцлага хүлээж Засгийн газарт ажиллаж болно. Ер нь бол УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллахыг би дэмжиж байгаа” гэсэн тайлбар хийлээ. Харин нэр дэвшигч Я.Содбаатар, “Онгоцны тасалбарын үнийг бууруулах чиглэлээр ЗТХЯ-наас бодлого гарган хэрэгжүүлж байгаа. Үүнд агаарын тээвэрлэгчдийн зардлыг бууруулах нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, шатахууны үнтэй холбоотой гэсэн үг. УИХ-аас агаарын тээврийн салбарт леберальчлал хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийтийн тээврийн хэрэгслийн насжилт, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхээс эхлээд олон асуудал бий. Нөгөөтэйгүүр шинээр барьж буй гүүр, давхар гарцын ажуулыг цаг тухайд нь ашиглалтад хүлээн авахад анхаарах болно” гэлээ.

Мөн үеэр Д.Тэрбишдагва гишүүн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг хэзээ ашиглалтад оруулахыг тодруулав. Түүнчлэн өмнөх сайдуудын хэрэгжүүлж байсан бодлого, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, төрийн бодлогын залгамж чанарыг хангахад анхаарч ажиллахыг захилаа.Шинэ нисэх онгоцны буудлыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар ЗТХЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгснийг нэр дэвшигч Я.Содбаатар хэллээ.

Мөн гишүүдийн зүгээс ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд экспортоос олох орлого ихээхэн үүрэг гүйцэтгэх тул шинэ автозамын бүтээн байгуулалт, түүхий эдийн тээвэрлэлт, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, тасалбарын үнийг бууруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай гэв. Түүнчлэн ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэх, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох чиглэлд анхаарч ажиллахыг захилаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 90.8 хувь нь Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ.

Я.Содбаатар нь 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн I дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн. Англи, Орос хэлтэй.

Ажилласан байдал:

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2006 онд Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан

2009 онд Алтангадас одон

2010 онд Улсын хяналтын тэргүүний ажилтан

Categories
гадаад мэдээ

Оросын тагнуулчдыг эрчим хүчний компаниудын сүлжээнд халдахыг оролдсон гэж сэжиглэж байна

ОХУ-ын долоон тагнуулыг олон улсын цуврал цахим халдлагад оролцсон гэж АНУ-ын Хууль зүйн яам буруутгасан байна.

Тэднийг олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллага, Олон улсын Хөлбөмбөгийн холбоо болон АНУ-ын цөмийн эрчим хүчний компаниудын сүлжээнд халдахыг оролдсон гэж сэжиглэж байгаа ажээ. Сүүлийн үед ОХУ-ыг олон улсын хэмжээнд цахим халдлагууд хийж байна гэх шүүмжлэл олноор гарах болоод байгаа юм.

Хэдий тийм боловч ОХУ үүнийг үгүйсгэж “Барууныхны явуулга” гэж тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, Нидерландын холбогдох албанаас ОХУ-ын дөрвөн иргэнийг Химийн зэвсгийг хориглох байгууллагын сүлжээнд халдахыг завдсан гэж буруутгасан байна. Тус байгууллага Англид байхдаа хордсон ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийн хэргийг шалгаж байсан юм. Үүнээс гадна Их Британийн Засгийн газар ОХУ-ын Тагнуулын агентлагийг олон улсын дөрвөн том цахим халдлагыг зохион байгуулсан гэж буруутгаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Академич Бадрахын Жадамба: МУБИС эрдэмтэй багш нарыг бэлтгэнэ

-ЭРДЭМ ГЭДЭГ ЭВ ДҮЙ, ЁСЗҮЙ, АРГА ЗҮЙ ГУРАВ ЮМ-

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын суурь судалгааны эрхлэгч, академич, доктор, профессор, Монголын Багш нарын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Бадрахын Жадамбатай уулзаж ярилцлаа. Архангай аймгийн Цахир сумын уугуул эл эрхэм МУИС-ийн физикийн ангид 1972-1977 онд суралцаж төгсөн, ШУА-д хоёр жил ажиллан, улмаар МУИС-д багшаар томилогдсон байна.


-Монгол Улсын боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүн танд Монголын багш нарын баярын мэндийг хүргэе!

-Монголын болон дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст баярын мэнд дэвшүүлье.

-Та хэддэх жилдээ багшилж байна?

-Би боловсролын салбарт 1977 оноос дөч гаруй ажиллаж байгаа хүн. МУИС-д ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэгийн багш нартай ажилладаг Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар нэлээд олон жил ажилласан. Улсын багшийн дээд сургуулийг 1990 онд Улсын багшийн их сургууль болох үеэс хойш хувь заяа минь энэ сургуультай холбогдон захирлаар нь 11 жил ажилласан.

-Монголчууд багшаа бурхантай жишин хүндэлж дээдэлдэг ард түмэн. Багш хүнээс мэргэжлийнх нь талаар сонирхвол юу гэх нь сонин байна?

-Багш хүн бол буянтай бөгөөд хамгийн сайхан ажил. Би үүгээр их бахархаж явдаг. Энд тэнд хаа ч явж байсан “Багш аа” гээд угтах хамгийн сайхан хүндлэл. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд байхад хөдөө гадаа, сум баг гээд эх орны өнцөг булан бүрт явж байхдаа олон шавь нартайгаа таарна. Би одоо ч Данидагийн төслөөр сургууль, багш нартай нягт холбоотой ажилладаг.

-Ахмад багшийн хувьд багш нарт хэлэх үнэт сургаал олон байгаа даа?

-Монголын ирээдүйн их хувь заяа бүх төвшний сургуульд багшилж буй багшаас асар их хамаарна. Монголын багш нарын холбоо бол багшийн хөгжлийг дэмждэг мэргэжлийн байгууллага. Өнөөдөр ажиллаж буй бүх багш нар ажлынхаа байран дээр хөгжих тал дээр маш их анхаарах шаардлагатай боллоо. Саяхан Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа. Сургууль болгон дээр Багш хөгжлийн төв нээгдлээ. Багш нар маань ажлынхаа байран дээр хөгжих, зөвхөн өөрсдөө хөгжих биш шавь нараа хөгжих аргад сургах зүйлд анхаармаар байна. Энэ онд манай холбооны тавьж байгаа зорилго бол ер нь бүх шатны сургуулийн багш нараа эрдэмжүүлэх, эрдэмтэй болгох ажилд анхаарал тавья гэж байгаа.

-Эрдэм ном заадаг багш нараа эрдэмжүүлнэ гэж юу гэсэн үг билээ?

-Яагаад тэгж байна гэхээр өнөөдөр Монголд өндөр боловсролтой хүн хэрэггүй, эрдэмтэй хүн хэрэгтэй. Эрдэмтэй гэхээр улсууд жаахан буруу ойлгоод байдаг. Эрдэмтэй гэж эрдмийн том зэрэг цол хамгаалсан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хийж буй өдөр тутмын үйл ажиллагааг байнга ажиглан, эрэгцүүлээд, түүнийгээ үргэлж сайжруулж явдаг багш хэрэгтэй болоод байна. Орчин цагт нийгэм, соёлын орчин маань цагаас цаг тутамд маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас өнөөдөр бид тийм өндөр чадвартай, тийм чадамжтай багш бэлдэнэ гэдэг дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөн ерөөсөө ажлынхаа байран дээр тасралтгүй хөгжиж байдаг багш бэлдэнэ гэх болсон. Монгол Улсад орчин цагийн багш, боловсролын тогтолцоо 1921 онд үүссэнээс хойш бараг зуугаад жил болж байна. Бид энэ хугацаанд гадаад улс орнуудын туршлага, өөрийн уламжлал соёл аль алиныг аваад өөрийн гэсэн багш боловсролын тогтолцоог бүрдүүлж чадсан. Гэхдээ багшаа хөгжүүлэх талаар уламжлал, шинэчлэлийн харьцааг зөв зохистой авч явж чадаагүй нь тод харагдаж байна. Шинэчлэлийг давамгайлж, уламжлалаа орхигдуулсан тал бий.

-Ямар уламжлалаа орхигдуулсан бол?

-Монголчууд хүмүүнээр хүн хийх гайхамшигт ухааныг бүтээсэн ард түмэн. Тэр уламжлалаа умартаад гадны шинэчлэл, даяарчлалд өртөөд явж байгаа. Бид хөдөө орон нутагт судалгаа хийж байхдаа “Танай нутагт эрдэмтэй хүн хэн байна” гэж асуухаар зааж өгсөн хүн нь сургууль төгсөөгүй, дөрөвдүгээр ангийн боловсролтой тийм хүн байдаг. Тухайн хүн ажлын байр гаргаад, өөрөө сайхан амьдраад, олныхоо дунд нэр хүндтэй болсон хүн байдаг. Өөрөөр хэлбэл эрдэмтэй хүн гэж ёс зүйтэй, эв дүйтэй, арга зүйтэй хүнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр ийм л хүн монголд хэрэгтэй. Бид багшлахаас гадна өөрсдийн шавь нараа ийм аргад сургах юм бол албан ажил хашихдаа яг ёс журмын дагуу хашдаг хүмүүс бий болох юм. Одоо цагт алба хашихдаа “Миний хийсэн ажил ямар үр дүнтэй байна, болж байна уу, үгүй байна уу” гэж бүх шатанд мөрдөх хэрэгтэй байна. Ингэж тасралтгүй ажиллах л УИХ-ын гишүүн ч бай, төрийн алба хашиж байгаа хэнд ч их хэрэгтэй байна. Тасралтгүй гэдэг чинь залгамж чанартай болно гэсэн үг. Нэг хууль баталлаа гэхэд хуулиа хэрэгжүүлж, үр дүнг нь хараад нөгөө хуулиа байнга сайжруулаад явах юм. Тэрнээс цоо шинээр юм бүтээгээд байдаггүй хүнийг эрдэмтэй хүн гэнэ. Ийм эрдэмтэй гэх хүн одоо хөдөө орон нутагт байна л даа. Эрдэмтэй гэхийг эрдэм бүхий, эв дүйтэй, арга зүйтэй, ёс зүйтэй хүн гэж ойлгоход болно. Ийм хүн бэлтгэж чадвал дэлхий нийтэд яриад байгаа тогтвортой хөгжихүйц боловсролтой багш бэлтгэх асуудал аяндаа хэрэгжинэ.

-Энэ талаар та бүхэн ямар ажлуудыг хийж байна вэ?

-Бид боловсролд асар их зүйлийг хийж байна. Хийсэн гэдгээсээ илүүтэй цаашид хийх зүйлдээ анхаармаар байгаа юм. Манай улсад хүмүүс ядуурч байна, ядуурлыг бууруулна гээд их ярьдаг. Монгол сэтгэлгээ жаахан өөр юм. Ядуурлыг дээрээс бууруулна гэхгүй. Ерөөсөө ядуурал гэдэг хувь хүнтэй, тэр хүний боловсролтой холбоотой зүйл. Тийм учраас манай өнөөгийн багш нар, залуу хойч үе юуг их анхаарах вэ гэхээр бидний бэлдээд байгаа, боловсрол олгоод байгаа зүйл хүмүүсийн ядуурлыг сааруулахад хэр зэрэг тус болж байна гэдгийг үргэлж бодож байх ёстой. Магадгүй ядуурлын ихэнхи хувь боловсролтой холбоотой байж мэдэх талтай. Өөрөөр хэлбэл ажлын байрыг дээрээс гаргаж өгнө гэж хүлээгээд суух биш өөрөө ажлын байраа бий болгоод ажиллаж аж төрж буй хүнийг л эрдэмтэй хүн гэдэг юм байна. Цагаан идээний үйлдвэрлэл эрхэлж байгаа, дээл хувцас оёж өөрөө ажлын байр бий болгож буй хүн бол эрдэмтэй хүн юм. “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг шиг л хүмүүн бидэнд хэрэгтэй. Монгол маань ингэж хүн бүрийн оролцоотойгоор хөгжихөөс биш ажлын байр бий болгож өгнө гэж суугаад байснаар хөгжихгүй.

-Эрдэм, боловсрол гэдэг хоёр өөр ойлголт болох нь ээ?

-Монгол хэлэнд эрдэм боловсролтой гэж ярина. Боловсрол гэдэг нь хүмүүсийн бүтээгээд тавьчихсан, барууныхаар бол соёл юм уу, соёл дамжуулах үйл явцыг хэлээд байгаа юм. Эрдэм гэдэг бол тэрийг бүтээх арга юм. Монгол хүн “Эдийн чанар эвэндээ, эрдмийн чанар аргандаа” гэж ярьдаг. Өнөөдрийн багш нарын хамгийн чухал юм бол тодорхой ухагдахуун заах биш аргыг нь зааж өгөх. Бид “Загасыг нь барьж өгөхгүй, загас барих аргыг нь зааж өгнө” гэж ярьдаг л даа. Загасыг нь барьж өгөх гээд зүтгээд байдгийг өөрчлөх нь бидний гол зорилт. Эрдэмтэй, эрдэм бүхий багш гэдэг нь аргыг нь зааж өгдөг хүн юм. Тиймээс Багш хөгжлийн төвөө ашиглах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ эрдмийг эв, сэтгэл гэж ойлгодог. Багш нарын цалин бага, нийгмийн байдал хэцүүхэн байгаа. Багш нар маань намраас хойш нэлээд хөдөлгөөн өрнүүллээ. Цалин ч бага багаар нэмэгдэх шинжтэй. Тэгэхээр багш нар ажилдаа сэтгэлтэй байх хэрэгтэй. Бидэнд мэдлэг дутаагүй, арга дутаагүй, жаахан сэтгэл дутаад байгааг би багш нарт хэлдэг. Тиймээс уламжлалыг сайн судлаач ээ гэж хэлье. Өрөөлийг хараад өөрийгөө орхичих гээд байгаа учраас Монголын сайхан уламжлал дотор бидний хийх зүйлийг заагаад өгчихсөн байна.

-Боловсролын талаар үе үеийн төр засаг гол анхаарлаа хандуулж ирсэн нь тодорхой. Аль үеийнх нь хууль дүрэмд амин чухал зүйл заалт орсон байдаг бол?

-Боловсролын тухай хамгийн тод заасан нь 1924 оны Үндсэн хууль байна. Их нарийн үзвэл тэнд нарийн юм байх шиг байгаа юм. Жишээ нь боловсролын зорилгыг юу гэж заасан гэхээр “Жинхэнэ олон ардыг эрдэм соёлд гэгээрүүлж, элдэв ухааны эрдэмд сургана” гэж заасан. Ухаанд сургана гээгүй байгаа биз. Тэрнээс хойш эрдэм гэдэг үг чинь хасагдсаар байгаад сүүлдээ боловсрол болоод явчихсан. Монголчуудын үнэт зүйлийн эхнийхэд эв, тэгээд эрдэм ордог. Боловсрол гэж юу вэ гэж энд тэндхийн элдэв долоон ном үзээд байхаас илүү монгол хэлээ их үзмээр байгаа юм. Монгол хэлний тайлбар толинд боловсролыг “Алив үйл, түүний үр дүн” гэсэн байгаа. Хүн аливаа зүйлийг хийгээд байхад гарах үр дүн дүн нь боловсрол. Тэрнээс өөрөө сурдаг, үйл хийдэг нь эрдэм. Тийм учраас “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг үгийн л учрыг олох хэрэгтэй. Дархан хүн яагаад бурхан ухаантай болдог гэхээр нэг юмыг хийх тусмаа сайжруулаад байдаг учраас ухаан нь үргэлж тэлж байдаг. Тиймээс МУБИС багш нараа эрдэмтэй болгоё гэдэг дээр нэлээд анхаарч ажиллах зорилготой байгаа.

-Багш нар нийгмийг манлайлж явсан тэргүүний хүмүүс дээ. Өнөө харин жаахан үнэлэмж буурсан шиг санагддаг?

-Багшийг монголчууд бурханчлан шүтдэг байсан. Багш өөрөө хүнийг хөгжүүлж, хүмүүсийг хошуучилж явдаг хүн. Ес суртахууны хувьд ч, сэтгэл санааны хувьд ч, арга зүйн хувьд ч хошуучилж явдаг хүн учраас багшийг эрдэмтэй хүн гэдэг байсан. Нэг үгээр багш гэдэг бол эрдэм сурах аргыг өөрөө олоод мэдчихдэг. Шавь нартаа зааж явсаар аргыг нь олж мэдээд хүнд өвлүүлдэг. Багш нар маань өөрсдөө хөгжөөд ирвэл олны дундах нэр хүнд сайжирна. Эрдэмтэй хүн гэдэг өөрөө элдэвтэй, эв дүйтэй, ёс зүйтэй байдаг. Аливааг хийхдээ хүмүүстэй эвлээд явдаг болчихдог учраас эрдмийн дээд эв гэдэг тэр. Багш хүний ёс зүй аяндаа бий болдог болохоор ийм тийм дүрмээр явна гэсний дагуу ч бий болчихдоггүй. Хүн гээч гайхамшигтай амьтны юм бүтээх, хөгжих боломж зөвхөн өөрт нь байдаг. Тэр боломжийг нээж өгөх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Багш, сургууль маань хүүхэд, эцэг эхтэй тулж ажиллах шаардлагатай байна. Багш хүүхдийг эцэг эхтэй нь хамтарч хөгжүүлэх арга зүйг нэвтрүүлмээр байгаа. Багш нар хамтарч хөгжихөд анхаарах хэрэгтэй. Дандаа Дэмчигдорж гэдэг хүн “Бүх багшийн ёс эрдэм нь өөр боловч ёс нь ижил” гэж 1923 онд хэлсэн байгаа юм. Физик, монгол хэлний багш гэж ялгаатай боловч эрдэм сургадаг нь ижил. Өөрөөр хэлбэл юмыг ажиглуулаад, дараа нь эрэгцүүлүүлж хийлгэж үзүүлж, өөрийг нь ажиллуулж хөгжүүлдэг энэ арга зүй монгол хэл дээр ч, математикийн хичээл дээр ч байна. Тийм учраас эрдэм сургах нь бүх багшийн ёс байх учиртай.

-МУБИС-ийн хувьд эрдэмтэй багш бэлтгэх ажил ямар төвшинд явж байна вэ?

-Энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Өөрөө эрдэм сураагүй хүн бусдыг эрдэмд сургаж чадахгүй. Өнөөдөр дэлхийн чиг хандлагыг ажаад байхад боловсролын гурван том зорилт тавиад байгаа. Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол гэдгийг 1972 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлэх гэж ярьсаар байгаа. Дэлхий даяаршсантай холбогдон дэлхийн иргэний боловсрол гэж ярих болсон. Гуравдугаарт Хорин нэгдүгээр зууны боловсрол гэж байна. Хүн эрдэмтэй л болчихвол энэ гурвын зорилго биелнэ. Эрдэм гэдэг арга Монголын уламжлалт соёлд байж байгаа учраас дэлхий нийтийн чиг хандлагатай нийлүүлээд явчих туршлага сургамж бидэнд бий. Ахмад үе маань эрдэмтэй хүн мөн. Уулын жалганд байгаа малчид бол өдөр болгон эрдэм сурч, өдөр бүрт өөрийгөө хөгжүүлж байдаг. Академич Пүрэвийн Хорлоо гуай “Нүүдэлч монголчууд мал маллаж ажиллаж амьдрах явцдаа өөрсдийн оюун ухаандаа амьдрахуй ухааныг бүтээсэн ард түмэн” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр амьдрахуй ухаан гэдэг юмыг л эрдэм гээд байгаа юм. Амьдрах явцдаа өөрөө хөгжөөд амьдралаа аваад явчихдаг ухаан гэсэн үг. Бидэнд ийм уламжлал соёл байна. Энэ зун судалгаагаар явахдаа сур элдэж байгаа хүн дээр очоод “Энийг яаж элдвэл зөөлөн болох вэ” гэсэн чинь нэлээд хэдэн хором дуугай гаанс тамхиа сорж сууж байгаад “Ингээд үзэхгүй юу даа” гэж байгаа юм. Тэр хүнээс ямар ухаан гарч байна гэхээр “Заавал ингэдэг тэгдэг” гэсэн модон ухаан биш “Хийгээд үзэхгүй юу даа” гэсэн зөөлөн зөвлөмж өгч байна. Их олон боломжоос чи өөрөө сур гэсэн үг байгаа биз. Сур элдэхээсээ өмнө илүү олон долоон үг ярих хүн ч байж болно. Ийм л ялгаатай зүйл байгаа юм. Багш хүн бол хамгийн энерги сайтай хүмүүстэй ажилладаг, шавь нараасаа өдөр бүр сайхан эрч хүч авч байдаг сайхан мэргэжил дээ. Хүүхэд шуугиагүй үед уйтгартай ч санагдаж мэднэ шүү. Монголын ирээдүй Монголын багш нарын л гарт байгаа.

-Ирээдүйн Монголыг багш нар л яах аргагүй бүтээнэ дээ?

-Ирээдүйн эрдэмтэй монгол иргэд бэлтгэх явдал бол багш бидний эцсийн зорилго. Эрдэмтэй монгол хүн гэдэг бол алба ажлыг ёс журмын дагуу хашдаг байх учиртай. Ажлыг төлөвлөөд хэрэгжүүлээд, дараа нь төлөвлөөд энүүхэндээ эргэлдээд байдаг. Гэтэл энэ нь ёсын дагуу алба хаших юм. Өөрөөр хэлбэл ийм юмыг хийхэд тийм байх ёстой гэсэн зураглалыг нь гаргаад өгчихсөн. Яг тэрүүндээ эргэлдээд робот шиг болчихож байгаа юм. Хүнд ямар боломж байна гэхээр энэ хийсэн ажлаа ажиглаад, эрэгцүүлээд, хийсэн ажлаа сайжруулаад, тасралтгүй хөгжүүлдэг. Энэ бол журамлаж хаших юм. “Эрдэм гэдэг бол аливаа зүйлийн юм уу өөрөө болсон ёсыг журамлан дагахын нэр буюу эрдэм чанар бөлгөө” гэж Дандаа Дэмчигдоржийн нэг гоё үг байна. Журамлана гэдэг маань ажиглаад, эргэцүүлээд, сайжруулаад, аливаа сайн үйлийг нэг тойргоор эргүүлэхийн нэр юм. Манай багш нар маш их материалтай, их хөдөлмөрч мөртлөө өөрийнхөө хөдөлмөрийг бусдад түгээн дэлгэрүүлэх тал дээр ажиллаж өгдөггүй дутагдалтай. Хүнээс сурна гэж боддог юм уу, хаашаа юм. Эрдэмтэй багш байна гэдэг маань өдөр тутмын амьд лаборатори дотор ажиллаж, юмыг олж илрүүлж, бүтээж байгаа явдал юм. Багш нар ийм ажилсаг бүтээлч мөртлөө өөртөө итгэх итгэх маш сул болчихоод байдаг. Монгол хүний сэтгэлгээний нэг онцлог бол эргэцүүлэн бодоод эргүүлж хэрэглэдэг. Маш их өөрчлөмтгий, хувьсамтгай. Монголчуудыг дасан зохицох чадвар сайтай гээд байдаг чинь бидэнд эрдэм гээч юм байгаа байхгүй юу.

-Эрдэмтэй хүн ч ховор байх аа?

-Бүх хүнд эрдэм ижилхэн заяагдсан байдаг. Алтны эрдэм зэвэрдэггүйдээ байдаг шиг хүний эрдэм бүх хүнд тэгшхэн заяагдсан. Эрдэмгүй байна гэдэг чинь боломжоо ашиглаж чадахгүй байгаагийн илрэл. Хүнд асар их боломж байгаа. Өөрийнхөө боломжийг өөрөө нээгээд, өөрөө хөгжөөд, өөрөө амьдрахаас биш хүнд тушаачихаж болохгүй. Тэгш хөгжлийн боловсрол гэж миний яриад байдаг ийм учиртай. Хориннэгдүгээр зууны боловсролын хамгийн онцлог шинж юу вэ гэсэн асуултад дэлхий нийт юу гэж хариулж байна гэхээр хүн төвтэй, хүн өөрийнхөө боломжийг нээж хөгжүүлдэг зуун байна гэж байгаа. Тэрнээс тийм юм сураад тэгнэ ингэнэ гэсэн юм байхгүй. Дээд мэргэжилтэн бэлдээд байгаа ажлын байрны 2040-2050 онд дөч тавиад мэргэжил нь алга болно гэж байгаа. Тиймээс өөрөө тухайн цаг үедээ журамлаад, дагаад, аргаа олдог л хүн хэрэгтэй болно. Хүн төвтэй гэдэг нь энэ. Хориннэгдүгээр зуун бол мэдэрч танин мэддэггүй сэтгэж танин мэддэг зуун болох ёстой. Сэтгэнэ гэдэг маань өөрийнхөө эрдмээ өөрөө ажиглаад эргэцүүлээд явчихдаг зүйл.

-Багш нарт нэн түрүүнд чухал эрдэм юу байна, таныхаар?

-Манай багш нар юуны түрүүнд монгол хэлээ маш сайн судлах хэрэгтэй. Монголын сэтгэлгээний бүх онцлог монгол хэлэнд байгаа. Тэр дундаас бид их олон зүйлийг тунгаан гаргаж ирж болдог. Ер нь бид сургалтаар бичиг үсгийн боловсрол зааж байгаа. Математикийн, физикийн, монгол хэлний бичиг үсгийн боловсрол гээд дохио тэмдэг нь өөр боловч эцсийн үр дүн нь адил ухагдахуунуудыг заадаг. Эрдэм сургана, цагаан толгой сургана гэдэг энэ. Энэ дээр их анхаарах ёстой. Манай багш нар мэргэжлээрээ муудаад байгаа юм алга. Хамгийн гол нь сэтгэл, зүтгэл гаргаад ажлынхаа байран дээр хөгжөөд, өөрөө хүүхэдтэйгээ хамт хөгжөөд явчихад болно. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайн “Багш” найраглалд гардаг багш нар бол одоогийнх шиг өндөр боловсролтой байгаагүй ч их сэтгэлтэй байж. Тэд багшлах явцдаа хөгждөг байсан. Бүх юмыг хүүхдүүдтэйгээ хамт сураад явчихдаг байсан учир их хөгжиж байсан. Тэр уламжлалыг бодож явахад бидэнд их боломж байна. Ирэх жилийн багш нарын баяр гэхэд манай нийт багш нар маань бага ч болтугай өөрийнхөө эрдмийг сайжруулчихсан, өөрийгөө таньчихсан, сурагчдадаа ухаан биш эрдэм сургахад тодорхой ахиц гаргачихна байх аа гэж бодож байна. Энэ л боловсролын шинэчлэлтийн том зүйл болно доо.

-Таны хариуцдаг Суурь судалгааны төв юу эрхэлж байна?

-Би Боловсролын суурь судалгааны төв гээд дөрвөн чиглэлтэй, зуу гаруй хүнтэй ажиллаж байна. МУБИС өөрийн гэсэн брэнд судалгааны чиглэлүүдээ хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл манай сургууль ийм л судалгааг бусдаасаа давуу хийдэг гэдгээ үзүүлэхийн тулд ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол, үйл судлал, хичээл судлал, квант сэтгэл судлал, боловсрол судлалын гэсэн өөрийн өвөрмөц судалгааны арга зүйтэй секторуудтай. Манай Суурь судалгааны төвийн гол зорилго бол Монголын соёл, уламжлалд тулгуурласан судалгааны шинэ чиглэлүүдийг гаргаж хөгжүүлэн дэлхий нийтэд дэлгэрүүлэх энгийн бөгөөд хүнд зорилтыг дэвшүүлээд байгаа.


Categories
мэдээ нийгэм

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох Тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ.

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс эл мөнгөн тэтгэмжийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Ингэж олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь, бүх хүүхдэд олгож байх үед 10 орчим хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа байдаг юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороо хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод анхаарч, мэргэжилтнүүдтэй хамтран одоогоор эхлүүлээд байгаа хэд хэдэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь ньУлсын Их Хурлын гишүүн Ч.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Ерөнхий сайдын саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод анхаарч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран одоогоор эхлүүлээд байгаа хэд хэдэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь УИХ-ын гишүүн Ч.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.