Categories
мэдээ спорт

​Дэлхийн шатрын олимпиадад 20 болон 22 дугаар байрт орлоо

Дэлхийн шатрын 43 дахь олимпиад Гүржийн Батуми хотноо 2018 оны есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 5-нд болж, Монгол Улсын эрэгтэй баг 22 дугаар байр, эмэгтэй баг 20 дугаар байр эзэлсэн амжилтаар тэмцээн өндөрлөлөө.

Дэлхийн 180 орны 1667 шатарчид 14 хоногийн турш оюун ухаанаа уралдуулж, шилдгүүд өчигдөр буюу 10 дугаар сарын 5-нд тодорлоо.

Өчигдөр эрэгтэй баг сүүлийн өрөгтөө Нидерландыг 2,5:0,5 оноогоор хожиж, 6 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлж байна. Эрэгтэй шатарчдыг Хятадын баг тэргүүлсэн бол АНУ, ОХУ-ын баг удаалав. Нийт 185 баг оролцжээ. Манай бүсгүйчүүд сүүлийн өрөгт Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдон, тэмцээнийг 7 хожил, 4 хожигдолтой дуусгав. Эмэгтэй шатарчдын багаас БНХАУ-ын баг тэргүүлж Укриан, Гүржийн багууд удаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард бүх нийтээр хоёр өдөр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 08 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дах жилийг үдээд байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 8-д бүх нийтээр амрахаар болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм.

Categories
мэдээ спорт

Хабиб Нурмагомедов: Конор намайг алж байж л зогсооно

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан маргааш Лас-Вегаст болно. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй тулааны өмнөх хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. Конор Макгрегор хэвлэлийн бага хурлаас 25 минут хоцорч ирсэн тул Хабиб хэлэх үгээ хэлчихээд хүлээлгүй гараад явчихсан байв.

“Конор сайн тулаанч болохоор би болгоомжтой байх болно. Тэр бокс сайн тоглодог. Гэхдээ би барилдаандаа түүнээс илүү, бяраар ч давуу. Ер нь намайг зогсоохын тулд алах л хэрэгтэй. Тэрнээс нааш би зогсохгүй шүү, Конор. Түүнийг босч чадахгүй болтол нь балбах төлөвлөгөөтэй.
Магадгүй шүүгчийн шийдвэрээр ялагч тодорч ч мэднэ. Эсвэл би цаг дуусахаас өмнө нам цохичих биз. Ямартай ч түүнийг ялахдаа л ялна. Тэр Диаст ялагдсан бас Мейветерт ялагдсан. Одоо надад ялагдана” хэмээн Хабиб Нурмагомедов өгүүлсэн байна.
Ингээд Хабиб гарч яваад 10 минут өнгөрсөний дараагаар Конор Макгрегор гэрийнхээ таавчигтай танхимд орж ирсэн юм.

“Хүлээж чадалгүй хулчийгаад гараад явчихсан уу? Хабиб маш олон сул талтай. Тэр Дагестаных болохоор зөвхөн барилдаж л чаддаг. Тэр багадаа баавгайтай ноцолдож өссөн байж болно. Тэр сайн бөх. Үнэхээр сайн. Гэхдээ тулаан бол бөхийн барилдаан биш. Би түүнийг дөнгөх болно. Тэр баавгайтай ноцолдож үзсэн ч ирланд гориллтой бол тэмцэлдэж чадах ч үгүй” хэмээн Конор Макгрегор өгүүлжээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн төлөө гурван хот өрсөлдөнө

2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн хотууд дундаас гурван хотыг сонгосон талаар Олон Улсын Олимпийн Хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн пүрэв гаригт Аргентин улсад болсон тус хорооны уулзалтын үеэр Канадын Калгари, Шведийн Стокгольм, Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудыг сонгох шийдвэрийг гаргажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтийг анх долоон хот гаргасны дунд Японы Саппоро болон Швейцарийн Сион зэрэг хот багтаж байсан юм.

2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ирэх оны есдүгээр сард Олон Улсын Олимпийн Хороо албан ёсоор зарлах ажээ. Сонирхуулахад өнгөрсөн олимпийн наадам БНСУ-ын Пёнчат хотод зохион байгуулагдсан билээ.

Categories
мэдээ спорт

Г.Угалзцэцэг гурав дах удаагаа Азийн аварга боллоо

Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа Азийн аварга болж буй юм. Үүнээс өмнө 2016, 2017 онд ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм.

Дашрамд дуулгахад, тэрээр өнгөрөгч онд Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнээр гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртээд байсан билээ.

ugalztsetseg

Categories
мэдээ нийгэм

Интернет тоглоомын газруудыг шалгаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс ажлын хэсэг гарч, интернэт кафе, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж эхэлжээ. Ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, гишүүдээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн ЗДТГ, Цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид томилогдон ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэг тус дүүргийн интернэт кафе, цахим тоглоомын судалгаанд бүртгэлтэй 49 газраас үйл ажиллагаа явуулж байсан 32 газарт “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандартын хэрэгжилтийг шалгасан аж.

Улмаар 29 тоглоомын газарт зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг зогсоож, хугацаатай үүрэг өгчээ. Одоогийн байдлаар зөрчил арилгах болон хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа тухай мэдээллээ.

pc

Categories
мэдээ нийгэм

Нөхөн болон дахин сонгуульд нийт 21.007 сонгогч саналаа өгнө

Зарим аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль маргааш болох гэж байна. Эдгээр сонгуулийг зохион байгуулахаар хоёр аймаг, таван сум, нэг дүүргийн сонгуулийн хороо, 18 хэсэгт санал авах байр байгуулжээ.

Санал хураалтыг зохион байгуулах ажлын бэлтгэлийг үндсэндээ хангасан талаар Сонгуулийн ерөнхий хороо уламжлав. Нөхөн болон дахин сонгуульд нийт 21.007 сонгогч саналаа өгөх юм. Мөн МАН болон АН-аас нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Сонгогчдын санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүн шилжих сургуулилтад 22 мянга гаруй иргэн хамрагджээ

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Улаангом сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Улаамгом сум нь 31 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 22 мянга гаруй иргэн оролцжээ.

Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажлын өндөр үр дүн гаргасан тохиолдолд багшийн зэргийг нэмнэ

УИХ энэ оны зургадугаар сард Багшийн хөгжлийн хуулийг баталсан юм. Ингэснээр багш нарын мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байрандаа хөгжих, нийгмийн баталгааг хангах асуудал нь Боловсролын тухай хуулиар зохицуулагддаг байсан бол бие даасан хууль эрхзүйн зохицуулалттай болсон. Шинээр батлагдсан хуулиар Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно.

Түүнчлэн багш нарыг ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем бий болох ажээ. Мөн Багшийн хөгжлийн хуульд туссан нэг чухал заалт нь сургуульд 44-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгох зохицуулалт юм. Түүнчлэн багш нар 5-10 жил ажиллаж байж зэрэг нэмэх зохицуулалттай байсныг өөрчилж, ажлын өндөр үр дүн гаргасан тохиолдолд нэмэх бололцоог бүрдүүлж байгаагаараа залуу багш нарт ач холбогдолтой болжээ. Багшийн хөгжлийн хууль ирэх 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт 54 хувьтай байна

Аравдугаар сарын 5-ны байдлаар 39.3 мянган га-г ангилан хадаж, нийт 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа, 11.9 мянган га-гаас 151 мянган тонн төмс, 7 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Одоогийн байдлаар үр тарианы 35.5 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 85 хувь, тэжээлийн 35 хувь, тосны ургамлын 18 хувийг хурааж авснаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил 54 хувьтай явагдаж байна.

Ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээлж байгаа тул малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна.