Categories
мэдээ цаг-үе

Ч.Дагшигдорж: Багш хүн шавь нартаа эцэг эх шиг нь санаа зовж явдаг

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш, зөвлөх архитектор, доктор, профессор Ч.Дагшигдоржийг энэ удаагийн “Багш” буландаа урьж ярилцлаа.


-Та өөрийнхөө багш болсон түүхийг хуваалцахгүй юу?

-Би 1964 онд Москвад Архитектурын их сургууль төгссөн. Мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байхад МУИС-д Архитектурын мэргэжлийн анги нээгдэж, анхны элсэлтээ авсан юм. Тэнд багш хэрэгтэй болж, намайг Намын төв хорооноос томилсон. Ингээд МУИС-ийн анхны архитектурын багш нарын нэг болсон доо. 1973 онд анхныхаа 30 гаруй оюутныг элсүүлж, таван жилийн дараа тэднээс 17 нь төгсөж байсан түүхтэй. Тэр үед Монголоос дөрөв, таван багш, ЗХУ-аас гурван багш ажиллаж байлаа. 1978 онд анхны шавь нараа төгсгөснөөс хойш өнөөг хүртэл багшилж байна. Тухайн үед байгуулагдсан сургууль өнөөдрийн ШУТИС-ийн салбар болсон. Анх Политехникийн их сургууль гэж МУИС-иас салбарлаж гараад, дараа нь Техникийн их сургууль болж өргөжөөд, одоо Шинжлэх ухаан технологийн их сургууль буй болсон. Манай Архитектурын сургууль анхны салбаруудынх нь нэг. Өнөөдөр энэ салбараар 1600 гаруй архитектор бэлтгэгдэн гарчээ. Би анхны архитекторуудаас эхлээд одоо төгсөн буй архитекторуудын багш нь гэж болно. Товчоор бол ийм л түүхтэй хүн дээ.

-1973 оноос өнөөг хүртэл 45 жил багшилжээ…

-Би 1973 онд гэрээт багшаар ажиллаж байгаад, дараа жил нь жинхэлсэн юм. Тэтгэвэрт гараад багагүй хугацаа өнгөрсөн ч эндээ багшилсаар л байна. Багш нарын хүрэлцээ муу, оюутан олонтой учраас тэр л дээ.

-Шавь нартаа юуг чухалчилж сургадаг вэ. Нэг үгээр бол залуу архитекторуудад шүү дээ?

-Зааж сургах юм их байлгүй яах вэ. Мэргэжлийн, боловсролын, онолын, амьдралын, дадлага туршлагын гээд маш олон юм бий. Тэгээд ч архитекторын мэргэжил бол их олон юмны нэгдэл байдаг. Хүний ажиллаж амьдардаг орон зайг төлөвлөдөг улс. Тиймээс зөвхөн архитектур гэдэг уран сайхан талаас нь биш, агаар, салхивч, гэрэл гээд бүх юмыг хамтад нь төсөөлж, төлөвлөж зургийг нь гаргадаг. Барилгыг эхлээд цаасан дээр зурж сүндэрлүүлээд дараа нь газар дээр босгодог ийм л ажилтай. Тэгэхээр тэдэнд хэлэх, ярих юм байлгүй л яах вэ. Миний гол хэлдэг зүйл бол архитектор хүн гэдэг бол хүний төлөө хамгийн нигүүлсэнгүй, хамгийн сайхан сэтгэлээр юм хийдэг улсууд. Тийм учраас хуурамч, худлаа, дутуу юм хийж болохгүй. Мэргэжлээ бүрэн эзэмшиж, хийсэн шиг хийж, чиний хийсэн юм хүнд үлдэнэ гэдгийг бодож яв. Чиний хийсэн юм түүх болж үлддэг гэдгийг захидаг даа. Архитектур гэдэг бол нийгмийн, тухайн улс орны амьд түүх болдог. Үүний цаана нэр хүндийн том асуудал байдаг гэдгийг би хэлдэг. Өөр бусдын юмыг минийх биш гэж бүү бодож бай. Хүнтэй холбоотой бүх юм чиний тархи толгой, чиний сэтгэлээр дамжина шүү гэж би оюутнууддаа хэлдэг юм. Энэ хүрээнд ярихаар замбараагүй их юм ярина даа (инээв).

-Таны анх багш болсон үеийн болон өнөөгийн залуусын хооронд ялгаа бий юу?

-Энэ их хэцүү асуудал шүү. Тэр үеийн залуучууд гэвэл би өөрөөсөө эхэлж ярих болох нь. Аливаа юм нийгмээ дагаж өөрчлөгддөг. Нийгмээ дагаж хөгждөг гэдэг үгийг болгоомжтой хэлэх хэрэгтэй байх. Харин нийгмээ дагаж өөрчлөгддөг гэдэгт олон учир бий. Тэнд өсөх юм бий, уруудах юм бий. Социалист нийгмийн бид дан цэвэр сайхан яваагүй. Сайн, муу зүйл байсан. Өнөөдөр тийм л хэмжээнд явж байгаа. Үүнийг би сайн, муу талаас нь харна. Харин нэг зүйл хэлэхэд энэ нийгмийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, залуучуудын орчинд сайнтай, муутай юм байна. Үүнийг тоочино гэвэл би барахгүй. Ер нь бол их өөрчлөгдсөн. Хөгжлөө дагаж байна. Залуусыг ажилгүй болгочих вий, буруу ойлгуулчих бий гэж би дотроо бодож явдаг. Мөн гадны нөлөө их орж ирэх болж. Гадны нөлөөнөөс авах юм байна. Авахаасаа авахгүй юм бас байна. Залуучууд үүнийг сайн ялгахгүй байх шиг. Би үүнд жаахан эмзэглэдэг хүн дээ.

-Та олон шавь бэлтгэсэн хүн. Үүн дотор амжилттай сайн яваа шавь зөндөө бий байх..?

-Тийм ээ. Би шавь нараа магтахаар өөрийгөө магтчих гээд, муулахаар өөрийгөө муулчих гээд их хэцүү байдаг юм. Мэдээж сайтай, муутай л байдаг байх. Мэргэжлээрээ ажиллаж байгаа, сэргэлэн, овсгоотой, чадалтай хүүхдүүд байхад зарим нэг мэргэжлээрээ юм хийж шалиагүй, өөр ажил хийж байгаа нь ч бий. Ерөнхийдөө би шавь нараараа бахархдаг. Өнөөдөр намайг тойроод ажиллаж байгаа багш нар ч миний шавь нар. Эрдэмтэй номтой хүмүүс, гавьяатууд гарч байна. Ингээд бодохоор бүгдийг нь өөрөө хийчихсэн юм шиг онгирч явдаг. Багш гээд ганц хүн байдаггүй юм. Харин хамт олон байдаг. Тэр хамт олны цаана сургууль гэж том юм бий. Энэ сургууль, боловсролын том уурхай дотор байдаг учраас эндээс төрж гарсан хүн мэргэжлийн, чадалтай сайхан улс л байдаг. Энэ салбарын ихэнх багш нар миний шавь нар байдаг. Би эд нараараа бахархдаг. Олон шавь нар маань компани байгуулан тэндээ олон хүн ажиллуулаад явж байна. Үндсэндээ тэдний маань бүтээл энэ хот сууринг босгожээ. Улаанбаатар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд миний шавь нарын оюуны хөдөлмөр шингэсэн дээ гэж би боддог.

-Нэгэнт Улаанбаатар хотын талаар ярьсан дээрээ асуухад мэргэжилтний хувьд хот төлөвлөлтөд үүсээд байгаа асуудлуудыг юу гэх вэ?

-Ярих юм олон бий. Улаанбаатар юу болж байгааг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Дээрээсээ, доороосоо ч тэр. Хотын иргэд гэж том масс байгаа. Хотын иргэд гэдэг хэдий үеийн, хэн билээ гэдэг асуулт яваад байдаг. Өндөр хөгжилтэй, нийгмийн олон үе шатыг даваад ирсэн Америк, Орос, Хятад, Япон, Солонгос гээд эд нар бүгд өөр өөрийн онцлогтой. Тэд нарын амьдралын түүх гэж айхтар юм байгаа. Түүнтэй харьцуулаад үзэхэд бид дажгүй яваа. Бид өөрсдийнхөө нөхцөлд болж байна гэх гээд байна. Тэдэнтэй зэрэгцэх гээд үзэхээр бид гологддог. Өнөөдрийн барилга, байгууламжийн асуудал их замбараагүй болчихсон. Үүнийг хот төлөвлөлттэй уялдуулж ярина. Ерөнхий төлөвлөгөө эвдэрдэг талтай. 2020 оны ерөнхий төлөвлөгөө гэж боловсруулаад л, Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гээд зөндөө юм ярьсан. Тэгтэл одоо тэрийгээ залруулаад 2030 оны ерөнхий төлөвлөгөө гаргаад явж байна. Нөгөө талаасаа улсын нийслэл юм байна өндөр барилга байлгүй л яах вэ. Гуч, дөчин давхар луу л гүйцгээж байна. Энэ хэрэгтэй юу, үгүй юу гэдэг дээр бодмоор юм. Мэргэжлийн бус хүмүүс гоё өндөр гээд тэр лүү зүтгээд л, гадны зураг төсөл оруулж ирж бариад л өнөөдөр бүгдээрээ түрээсийн оффис болчихлоо. Энд тэндгүй түрээсэлнэ гэсэн үнэтэй хоосон тасалгаа. Хэрэгцээгүй юм хийчихсэн байхгүй юу. Үүнийг буруутгахдаа хүмүүсийн нүүдэл суудалтай холбодог. Тэр ч бас нэг тал нь. Төрийн бодлого, мэргэжлийн байгууллагын бодлого гол замаасаа салаалчхаа юу гэж би боддог. Социализмын сайн, муу дал, наян жилийн дараа мэдэгдэж шүүмжлэл дагуулж эхэлсэн. Түүн шиг ардчилсан нийгмийн талаар дал, наян жилийн дараа ярьж эхлэх болов уу. Одоо бол хэлэхэд хэцүү.

-Таны хүүхэд нас, дунд сургуулийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Та аль нутгийн хүн бэ?

-Би Өвөрхангай аймгийн Богд сумын хүн. Ер манай нутаг говь тал руугаа. Манайх хөдөө байж байгаад 1947 онд Улаанбаатарт нүүж ирсэн юм. Тэр үед би есөн настай байлаа. Үлгэр жишээ Гуравдугаар бага сургуулийн нэгдүгээр ангид 10 настайдаа орж, дөрөв дэхь төгсөлт нь болж төгсөж байлаа. Манай сургуулийг нэртэй улсууд төгссөн байдаг юм. Тэр үед надад багшилсан багш нар харамсалтай нь өдгөө бурхан болцгоожээ. Тухайн үед сургуулийн захирал байсан Сүрэнжав гуай амьд сэрүүн бий. Одоо ингээд бодоход багш нар минь алт шиг хүмүүс байж дээ. Арван жилийнхээ багш нарыг их дурсаж явдаг юм. Багшийн сургууль төгссөн гээд их л залуухан хүмүүс багшаар ирж байлаа шүү дээ. Москвагийн их сургуулийн багш нар маань ч гэсэн сайхан улс байж. Би их сургуулийнхаа зургийг гэртээ өлгөсөн. Тэр миний бурхан болдог юм.

-Багш нарын тань хэлж байсан үнэтэй сургаалыг дурдвал?

-Бидэнд бол ерөөсөө л сур гэдэг үг байсан. Нийгэм дотор, хүмүүс дунд хүндэтгэлтэй, нэр төртэй явахыг заадаг байлаа. Үүнийг нь бид амьдралдаа хэрэгжүүлж ирсэн.

-Таныг Монголын анхны архитекторуудын нэг гэж ойлгосон. Энэ талаар?

-Тэгж хэлж болно. Намайг төгсөж ирэхэд Монголд дөрвөн архитектор байсан. Тэд нар маань бас л хойно төгссөн. Анхны архитектор Б.Чимэд гэж хүн байсан. Энэ хүний 90 насны ой энэ жил тохиож байгаа. Дараа нь Б.Дамбийням, А.Хишигт, Т.Мишиг гэж хүмүүс архитектороор ЗХУ-д төгсөж байлаа. Үүний дараа надтай хамт гурван хүн хамт төгссөн.

-Тухайн үед ЗХУ-д сурах болсон түүхээ хуваалцахгүй юу. Монголд архитектурын салбар төдийлөн хөгжөөгүй байсан үе шүү дээ. Мэргэжлийнхээ талаар ямар ойлголттой очиж байв?

-Анх надад Германы Машин, механизмын дээд сургуулийн хуваарь өглөө. Гайгүй сурлагатай хүүхдэд л гадаадад сурах хуваарь өгдөг байсан гэхээр овоо сурлагатай байсан юм байлгүй. Герман явна гэхээр жоохон дургүй. Дайны дараахан үе байсан юм. Германчуудыг чинь фашистууд, энэ тэр гээд л. Тийм улсад очно гэхээр дотор нэг л биш. Тэр үед ЗХУ бидний алтан гадас байлаа шүү дээ. Тэгээд би хичээлийн эрхлэгч Цэгмид багшдаа Герман явмааргүй байна, Зөвлөлтөд сурмаар байна гээд хэллээ. Сургуульд үзүүлэн хийдэг, гайгүй зургийн авьяастай хүүхэд байсан учраас багш надад Москвагийн архитектурын сургуульд яв гэсэн юм. Архитектур гэдгийг чинь би мэдэхгүй, сонсоогүй. Одоо ч манайд архитектур гэдгийг мэдэхгүй хүүхдүүд ирдэг хэвээрээ. Тэгээд ямар учиртай мэргэжил юм гээд багшаас асуухад “Чамд бол хэрэгтэй. Байшингийн хээ угалз зурдаг мэргэжил шүү дээ” гэлээ. Би зуръя гэвэл хээ угалз байтугай зурна шүү дээ гэсэн ухааны юм дотроо голонгуй бодсон ч Зөвлөлтөд сурна гэсэн болохоор явсан даа. Надтай хамт гурван хүүхэд ЗХУ-д очлоо. Элчин сайдын яамнаас хүн тосож, Архитектурын институт гэдэг дээр нь хүргэж өглөө. Тэгсэн коридорт биднийг суулгаад, урд нэг гибсэн баримал тавиад гурван цагийн дотор зур гэдэг юм байна. Би ч сайн зурдаг юм болохоор бараг гурван минутад л аваад хаячихлаа. Тэгсэн нөгөө гурав маань зурахдаа тааруу юм аа. Арай сайн таньдгаар нь Г.Батбаярынхаа зургийг зураад өгчихсөн. Нөгөө хоёрынхоо зургийг арай тааруухан зураад өгчихлөө. Тэгээд биднийг маргааш ир гэлээ. Маргааш нь нөгөө зурсан зургуудыг гаргаад ирлээ. Миний зурган дээр улаан үзгээр том хоёрын тоо тавьчихаж. За баларлаа, өнгөрсөн юм байна гэж бодоод байж байтал Г.Батбаярын зурсан зургийн доор нь нэгийн тоо тавьчихсан байв. Тэгэхээр нь би арай дээр байх нь ээ гэж бодлоо. Тэгсэн нөгөө хоёрын зурган доор тэг тавьсан байв. Тэнцээгүй хоёрыг Барилга, үйлдвэрийн сургууль руу хуваарилж, Г.Батбаяр бид хоёр Архитектуртаа элссэн түүхтэй. Ингэж л хөглөж явлаа. Оюутан байх үеийн эхний хэдэн жилүүдэд хөглөсөн юм их бий. Ярих юм биш /инээв/.

-Архитектур гэдгээ мэдэхгүй хүүхдүүд ирдэг хэвээрээ гэж хэллээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Архитектор гэдэг нь хүнийг хэлж байгаа юм. Архитектур гэвэл бүтээлийг нь хэлнэ. Хүмүүс намайг харчихаад архитектур явж байна гэх жишээтэй. Эсвэл нэг байшин харчихаад архитектор гэдэг. Энэ буруу хэлээд байдаг нэр томьёоны ойлголтыг засмаар л байдаг юм.

-Багш хүний зовлон, жаргалын талаар?

-Би өөрийгөө багш гэж бодохоор дотроо их өөдрөг явдаг. Монголд нэлээд олон сайхан улсуудыг бэлдээд өгчихлөө. Хийсэн ажил, бүтээсэн зүйлтэй гэдгээрээ өөрөөрөө бахархдаг. Харин өнөөдрийн архитекторууд мэргэжлээрээ буруу ажиллаж байгаад сэтгэл гонсгор явдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийнхээ ажлыг дутуу дулимаг, буруу зөрүү хийх, эмчээр ярих юм бол буруу эмчлэх жишээтэй. Эмч хүн бол хүнийг эм тариа, мэсээр эмчилдэг. Архитектор хүн орон зайгаар эмчилдэг гэж үг бий. Тэр орон зайг буруу бүтээвэл хүн өвддөг, амьдралын үйл ажиллагаа алдагддаг аюултай. Тийм юм их гарч байгаа. Гэхдээ би оюутнаа загнаж чаддаггүй юм. Хааяа зүйр үгээр шоглоно. Багш хүн шавь нартаа эцэг эх шиг нь санаа зовж явдаг юм.

-Та өөрийнхөө хийсэн судалгаа, бүтээлийг ярихгүй юу?

-Зөвлөлтөд төгсөөд ирэхдээ би “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэгтэй ижил бодолтой байсан. Эргүүлээд өгье гэсэн сэтгэлтэй ирсэн. Тийм юм гэж яаж байх вэ дээ. Улсын төсөв, хөрөнгө, үйлдвэрлэлийн хүчин чадал гэж юм бий. Анх Зургийн студид ажилд ороход хөшөөний зураг хийх ажил даалгасан. Халх голын дайнд амиа алдсан Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөө миний анхны проект болсон. Энэ хөшөө маань Чойбалсан хотод бий. Дараагийн том ажил нь Соёлын газрын зураг хийх болсон. Түүний дараа Оргил рашаан сувиллын зураг төслийг хийсэн. Энэ дээр судалгаа хийж их явсан. Рашааны усан,шавах эмчилгээний талаас, бусад спорт, нийтийн объект гээд олон зүйлийг судалсан. Нэлээн ч юм үзсэн. Тухайн үед ЗХУ-ын Чита хотод шинэ рашаан байгуулагджээ. Тэрийг Төв зөвлөлийн Амралт, рашаан сувиллын газраас хөрөнгө гаргаад үзүүлэхээр явуулж байсан удаатай. Очиж үзлээ, судаллаа, түүнээс жоохон будаа авлаа. Тэгээд Оргил рашаан сувиллыг бариулж байсан. Энэ ажил намайг чиглүүлж, амралт, рашаан сувиллын чиглэлээр судалгаа хийдэг болж, 10-аад жил ажилласан. Тэгж байгаад архитектурын докторын зэрэг хамгаалсан даа. Гэхдээ олон нийтийн барилга, орон сууц гээд юм юм хийсэн. Багш хүн ер нь заавал эрдэм, судалгааны ажил руу ордог. Зүгээр нэг ном уншаад суудаггүй. Барилга, хөшөө дурсгалын 50 гаруй юм босгосон.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

Намрын нээлтийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан. Гэвч Бөхийн холбооныхны хоёр талцалаас болж барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах боломжгүй болж хойшлуулснаар, өчигдөр буюу аравдугаар сарын 6-нд “Алдар” спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.

Барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан байна. Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос Саруул сайжрах, үлэмж бадрах Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлжээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, Улсын шинэ залуу харцага О.Хангай найм даван түрүүлж байв.

Categories
мэдээ цаг-үе

СнЗ-ийн референт Р.Гонгор: Ж.Самбуу даргын амнаас унах цөөн, жинтэй үгнээс гарах хүн байгаагүй дээ

Түрүүч нь № 190(6033) дугаарт


Социализмын үед нам, төрийн томоохон албан тушаалуудад томилогдож ажиллаж явсан Р.Гонгортой та бүхнийг өмнөх дугаараараа уулзуулсан билээ. Сайд нарын зөвлөлийн референт, Улсын хангамжийн хороо, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч даргын алба гээд төрд 40 гаруй жил зүтгэсэн түүний ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Сануулахад, энэ эрхэм Монголын ЭСЯнд зөвлөхөөр ажиллаж, Бал даргыг Оросод гэрийн хорионд орсон үед аж ахуйн асуудлыг нь хариуцаж байсан юм.

-Ю.Цэдэнбал дарга паспортоо сураглаад ЭСЯ дээр үе, үе ирдэг байсан тухай та ярьсан. Тэр үед танд даргынхаа паспортыг олоод өгчих юм сан гэсэн бодол төрдөг байв уу?

-Тэгж бодлоо гээд яаж ч чадахгүй үе байсан. Тэр байтугай Бал даргын дүү Аюуш Болгарт сууж байгаад ахтайгаа уулзахдаа хүртэл Оросын коммунист намын төв хорооноос манайхыг хариуцсан зааварлагчаас зөвшөөрөл авч байсан гээд бод доо.

-Бал даргыг тэнд байхад нь Оросын талаас байшин өгсөн гэдэг байх аа?

-Оросын сайд нар амьдардаг зуслан байсан юм. Тэнд 240 рубелиэр хоёр давхар сайхан байшин барьж өгсөн дөө. Филатова очиж үзсэн. Би ч харж байсан. Тэр байшин доороо хоёр том хонгилтой, автомашины том гарааштай байсан санагдаж байна.

-Дараа нь тэр байшинг яасан бэ?

-1986 онд манайхан оросуудад зарчихсан. Тэр орлого хайчсаныг мэдэхгүй.

-Ингэхэд Х.Чойбалсанг нас барахад Бумцэнд хурандаа, Дамба гуай, Сүрэнжав, Цэдэнбал гээд томчууд улс орныг удирдахын төлөө фракцалж байв уу?

-Маршал Х.Чойбалсанг нас барахад би армид байлаа. Түүний шарилыг галт тэргээр долоо хоног явж авчирч ирэхэд нь вокзал дээр хүлээж авах хүндэт харуулын 30 цэргийг зориуд бэлдсэн юм. Ингээд Цэргийн ерөнхий сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдээс сурлага, бие бялдараар нь шигшиж, шилдэг 30 хүнийг сонголоо. Тэдний нэг нь би байв. Биднийг Төрийн ордны гуравдугаар давхарт нэг өрөө суллаад арав хоног байрлуулсан. Гадагшаа нэг ч удаа гаргаагүй. Өдөр нь хүндэт харуулд ээлжлэн зогсоцгооно. Хүмүүс ирж, очоод л яваад байна. Үдэш орой болоход эмч нар Маршлын цогцсыг засч янзлахаар хаалгыг хаахад бид амардаг байв. Тэгээд Төрийн ордны урд талд модон бунхан бариад тэнд Маршалын шарилыг оруулах хүндэтгэлийн ёслолд томчууд бүгд ирсэн. Бумцэнд дарга, СССР-ийн дээд зөвлөлийн хуралд ордог дарга, Өвөр Монголын дарга Улаанхүү, Ю.Цэдэнбал дарга нар оролцсон юм. Хожим тэр бунханд Д.Сүхбаатар жанжины шарилыг авчирсан юм даа. Жанжины шарилыг хэд хэдэн удаа хөдөлгөж, бас шинжилгээ хийж байсан санагдаж байна.

За, ингээд Маршал Х.Чойбалсан нас барж улс орныг хэн удирдах вэ гэдэг асуудал үүссэн. Тэр үед Ерөнхий сайд нь төрийн тэргүүн байсан. Ерөнхий сайд хэн болох вэ гэхэд Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч Сүрэнжав “Би болно” гэдэг юм байна. Бал дарга ч бас Ерөнхий сайд болно гэсэн. Энэ хоёр хэсэгтээ чимээгүйхэн өрсөлдөв өө. Нэг нь хурал даргалахаар нөгөө нь суухгүй. Тэр үед Дамба Төв хорооны нарийн бичгийн дарга байсан. Бумцэнд болохоор АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байлаа. Ингээд “Сүрэнжав, Цэдэнбал хоёр маргалдаад байна” гэдэг яриа дээгүүрх хүмүүсийн дунд жиг жуг болов. Эцэст нь Бал даргыг оросууд хүчээр тавьсан шүү дээ.

-Ж.Самбуу дарга Ю.Цэдэнбал даргыг дэмжсэн гэдэг утгаараа АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болсон юм уу уу?

-Тийм ээ. Харин Бал дарга Сайд нарын зөвлөлийн дарга байснаа хөршөө дуурайгаад намтай, төртэй нь авсан. Ингээд түүний 40 жил төр барих эхлэл тавигдаж билээ.

Маршал Х.Чойбалсанг нутаглуулах үеэр. Ю.Цэдэнбал даргын баруун гар талд хүндэт харуулын цэрэг Р.Гонгор

-Ю.Цэдэнбал даргын анхны хэлмэгдүүлэлт Порт-Артурын хэрэг гэдэг бил үү. Үүнээс өөр алдарт хэлмэгдүүлэлт хийсэн юм уу?

-Энэ ч одоо Дотоод явдлын яамны хэдэн генералуудын хийсэн ажил л даа. Бал дарга яахав хурлаа хийгээд л. Хамгийн муу юм хийдэг хүн нь Ламжам, Лувсанравдан хоёр байсан юм. Тэр үеийнхэн Ламжавыг Монголын сэхээтнээр 30 жил гараа угаасан хүн гэж үздэг байв. Ламжав Төв хорооны боловсон хүчний дарга, АИХ-ын тэргүүлэгч гишүүн, Намын хянах хорооны орлогч дарга гээд гурван албан тушаалыг хашдаг байсан.

-Тэр үеийн сэхээтний хэлмэгдүүлэлтийн талаар та л хамгийн сайн мэднэ дээ?

-Тэгэлгүй яахав. Тэр үеийн улсуудын бодож байгаа, ярьж байгаа юмнуудыг бүгдийг мэдэж байсан. Ламжав бол урд зүгийн сахар маягийн хүн байсан юм шүү дээ. Өвөр Монгол, Монголын хилийн зурвасынх. Хүний гараар могой бариулсан хамгийн муу хүн. Лувсанравдан яахав дээ гүндүүгүй, авгай эргүүлсэн, муйхраар зүтгэсэн хүн байсан. Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурав хамгийн их хэлмэгдсэн хүмүүс.

-Таны үед төрийн бодлого шийдвэр яаж гардаг байв?

-Нам, төрийн бодлого бүгд нарийн төлөвлөгөөтэй байсан. Тэр дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг байлаа. Төлөвлөгөө хугацаандаа биелэхгүй бол хариуцсан хүмүүст нь хариуцлага тооцно. Харин одоо цагт төлөвлөгөөгүйгээр төрийн ажил явж болдог юм уу. Манайхан одоо төсөл нэртэй явуулж байх шиг харагддаг. Тэрнээс хэтийн бодлого алга. Бид жилдээ 1.3 сая хос гутал үйлдвэрлэдэг байлаа. Цэргийнхээ бүх шинель, орны бүтээлгээ цэмбээрээ хийчихдэг байв. Ноосон даавуун хувцсаа хийгээд өмсдөг байсан. Гэтэл одоо бүгдийг гаднаас авч байна. Улаанбаатар хот сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн. Тэр хэрээр Цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, усан хангамж, цэвэрлэх байгууламж нэмэгдэв үү. Тавдугаар цахилгаан станцыг барина гэж хичнээн жил ярив даа. Тэр үеийнхээ хүчин чадал дээр тулгуурлан Улаанбаатар хотыг авч явж байна. Нийслэл маань ямар их зай талбайтай байв. “Монголчууд өргөн уудам талд алсын бараатай амьдарч сурсан хүмүүс болохоор нийслэл хотоо уужуу барина. Ингэж байж хүн ардын сэтгэл тэнүүн байна” гэж Улаанбаатарыг байгуулсан юм шүү дээ. Манай үеийнхэн, дээдсүүд маань мундаг алсын хараатай хүмүүс байсан юм.

АИХ-ын Тэргүүлэгч Ж.Самбуу даргын тухай олон сайхан дурсамж санаанаас гардаггүй юм. Ж.Самбуу даргын айлчлалд би хэдэнтээ дагалдаж явж байсан хүн л дээ. Улс төрийн товчооны хуралд би суудаг байлаа. Хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан болохоор бүх портоколыг бичнэ шүү дээ. Жилийн төлөвлөгөө, төсөв бодлогыг батлах үеэр улсууд их маргалдана аа. Төсөвт ийм ийм өрчлөлт оруулна, тийм тийм юманд тэдэн төгрөг төсөвлөнө гээд л ярина. Ж.Самбуу дарга бол дуугүй л суугаад сонсоод байна. Тэгж тэгж хамгийн сүүлд “Ж.Самбуу дарга аа, та санал бодлоо илэрхийлнэ үү дээ” гэхээр сая нэг босч тоймтойхон юм хэлдэг сэн. Нэг удаа манай хөдөө аж ахуй эрхэлсэн залуухан дарга хурал дээр маргалддаг юм байна аа. Жаргалантын сангийн аж ахуйн талбайг өргөтгөх асуудлыг хэлэлцэж байв. Талбайг тэлэхгүй гэхэд нөгөө залуухан дарга маань зөрүүдэлдэг байгаа. Тэгэхэд Ж.Самбуу дарга “Энэ хүүхэд чинь их л сүрхий юм яриад байх юм. Амьдрал үзүүлбэл яасан юм дээ” гэж жинтэйхэн хэлж билээ. Харин нөгөө залуухан дарга Хөдөө аж ахуй эрхэлсэн даргын албан тушаалаас нь бууж, сангийн аж ахуйг хариуцсан хүн болсон доо. Ж.Самбуу даргын амнаас унах ийм цөөн, жинтэй үгнээс гарах хүн байдаггүй байсан даа.

-Та бол улсын хөгжил дэвшлийн үечлэлийг нүдээрээ үзэж, амьдралаараа туулсан хүн. Ингэхэд Улаанбаатар хотод хэдэн онд орж ирсэн бэ?

-Би 1944 онд Улаанбаатар хотод орж ирсэн хүн. Тэрнээс хойш хотоосоо салаагүй. Тухайн үед Улаанбаатар хот ямаршуу янзтай байсныг сайн мэднэ. 1953 онд Хятадын хувьсгалын ойн баярт Зөвлөлтийн сайд нарын зөвлөлийн дарга Микиян оролцсон юм. Тэгэхэд Мао Зедун түүнд “Та бүхэн Сталинг шүүмжиллээ. Сталины алдаа дутагдлыг заслаа. Түүний нэг том алдаа бий. Энэ бол Монголыг тусгаар тогтнуулсан явдал байгаа юм. Та нар энэ алдаагаа засч, Монголыг эргүүлж Хятадад өг” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд нь Микиян “Би мэдэхгүй. Монголчуудаас өөрсдөөс нь асуу” гээд ойн баярын хурлыг нь тараад манай улсад ирсэн. Тэр үед Улаанбаатар эсгий хот байлаа. “Ээ хөөрхий, ийм ядуу хот байсан юм уу даа” гээд анхны 40 мянгатыг Микиян амлаж байгуулсан түүхтэй. Хятадын хувьсгал ялсны ойн баярт Төв хорооны нарийн бичгийн дарга Дамба хүртэл оролцсон юм. Мао Зедун түүнд “Би та нарыг 200 гаруй жил колончилсон. Одоо өрийг чинь төлж өгнө. 150 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгнө. Ингээд хоёр хэсэг барилгын баригад оруулж дэмжлэг үзүүлье. Ингэхдээ баруун талаар дандаа эмэгтэйчүүд, төвөөр эрэгтэйчүүд оруулна” гэхэд Дамба дарга зөвшөөрөөгүй. Учир нь баруун аймгуудад эмэгтэйчүүд ховор, эрэгтэйчүүд ихтэй, Улаанбаатарт эмэгтэйчүүд элбэг, эрэгтэйчүүд ховор байсан юм. Тэр хурлыг Микян ч тэр, манай Дамба дарга ч тэр уурлаад хаяад гарч байсан гэдэг.

-Одоо ч тань шиг ингэж хуучин цагийн түүхийг өгүүлэх хүн ховордож дээ.

-Хүний хувь төөрөг гэж сонин юм шүү. Өнгөрсөн зун Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Долгормаа маань асрамжийн газар байж байгаад нас барчихлаа. Бид хамт ажилладаг байсан юм. Мундаг толгой сайтай эмэгтэй байв. Би сүүлд Сангийн яаман дээр ахмадуудаа хүлээж авахад нь уулзаж байсан. Хуучин цагийнхаа дурсамжуудыг хөөрөлдөж байгаад явцгаадаг байж билээ. Би армид байхдаа Баянтүмэнд байлаа. Манай баригадын дарга хошууч генерал Батын Дорж, штабын дарга дэд хурандаа, гавьяат барилгачин, хөдөлмөрийн баатар Бямбаа гэж мундаг хүмүүс байдаг байв. Яагаав, хүүхдийн зусланг бариулсан Бямбаа дарга шүү дээ. Энэ улсуудын удирдлага дор армид 15 жил болсон.Бас Лхагвасүрэн жанжин, Дамдинхүү генерал байна. Ийм мундаг хүмүүсийн удирдлага дор ажиллаж байлаа. Ингээд ЗХУ-д Эдийн засгийн дээд сургуульд Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр явсан. Нийт дөрвөн хүүхэд явсан. Одоо байгаагаас Нэргүй доктор бид хоёр л амьд байна даа.

-Ингэхэд та аль нугийн хүн бэ, эхээс хэдүүлээ вэ?

-Манай өвөг дээдэс бол Хөлөнбуйраас нүүж ирсэн барга ястан л даа. 260 гаруй өрх, мянга гаруй хүн, 100-гаад мянган толгой малтай Богдын шавь болно гээд 1917 онд нүүж ирсэн юм. Ингээд 1918 онд Богдын шавь болж, Манчир хутагтын отогт ороод Авдархангайд нутагшсан билээ. Манлайбаатар Дамдинсүрэнгийн удам, үр сад юм шүү дээ. Би эхээсээ дөрвүүлээ, айлын том хүү. Одоо хоёр дүү маань амьд сэрүүн байгаа. Манай эрэгтэй дүү Ломносовын сэтгүүлчдийн сургуулийг төгссөн Р.Эльбурс гэж хүн бий. Кино зохиол бичдэг байлаа. 1960 хэдэн онд нам, засгийн эсрэг сонин хэвлэлд бичээд хэлмэгдэж байсан. Нэг дүү маань малчин. Харин би өөрөө гурван охин, нэг хүүтэй. Том охин орос герман франц хэлтэй. Одоо тэтгэвэрт суусан. Бага охин англи, орос, япон хэлтэй, Швейцарийн ЭСЯ-ны дэргэд ажилладаг. Нэг охин маань одоо Филиппинд амьдарч байгаа. Хүү маань барилгын архитектор, инженер хүн.

-Та тэтгэвэртээ аль байгууллагаас гарсан бэ?

-1989 онд Орос дахь ЭСЯ-наасаа бууж ирээд дараа жил нь тэтгэвэртээ суусан. Тэр үед засаг төр эргэчихсэн, жагсаал цуглаан болоод л сүрхий юм болж билээ. Зах зээлийн нийгмийн талаар ямар нэг төсөөлөл, ойлголт бидэнд байгаагүй юм. Би чинь хуучин цагт Төлөвлөгөөний комиссийн орлогч дарга байсан болохоор энэ салбарынхантайгаа хааяа баяр ёслолоор уулзаж, санаа бодлоо солилцдог байлаа. Тэгсэн хоёр жилийн өмнө намайг ахмадын хорооноос хасчихсан. “Та Гадаад яаманд ажиллаж байсан. Тэндээ оч” гээд хөөгөөд гаргачихна лээ. “Танайхаас хаяа өгдөг 20, 30 мянгыг авахаа больё. Хамт ажиллаж байсан улсуудтайгаа уулзаж учирч байя л даа” гэтэл “Болохгүй” л гэсэн. Нас ахихаар хүмүүс иймэрхүү л ханддаг юм байна дөө.

-Гадаад яам бол таныг урьж байгаа биз дээ?

-Хамгийн сүүлд Гадаад яаманд ажиллаж байгаад тэндээсээ тэтгэвэрт гарсан болохоор жилдээ хоёр удаа ахмадуудаа хүлээж авдаг.

-Та төрийн ямар одон, медальтай вэ?

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, хүндэт ойн медалиудтай. Тэрнээс өөр цол хэргэм байхгүй.

-Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Шарга морьтод амьдарч байна даа. Манай хөгшин Сангийн яаманд ажиллаж байсан юм. Өөд болоод удаж байна даа. Би ганцаараа сүүлийн арваад жил Сэлэнгэ аймагт амьдарлаа. Хүүхдүүд маань “Таны нас ч дээр гарсан. Хотдоо ир” гээд авчирсан. Амралтын өдрүүдээр хүүхдүүд ирээд сайхан бужигнаж байгаад явна. Заримдаа би хот руу орж ирж дэмий явж байгаад харина даа (инээв).

-Таны насны хүн ийм хөнгөн шингэн байна гэдэг бахархмаар…

-Бид одоо 91 настай. Хоол, унд, нойр, хөдөлгөөний дэглэм сайн барина аа. Өдөрт дөрөв, таван км алхана. Бас миний үгийг сонсч, намайг тоодог хэсэг залуу байдаг юм. Бараг судлалын холбооныхон л доо. Тэдэнтэйгээ сайхан ярьж, хөөрөлдөнө. Хааяа сонин хэвлэлийн та бүхэнтэй хөөрөлдөхөөр сэтгэл сэргэх юм. Дотроо илэн далангүй уудлаад л. Хүнийг хүн ёсоор хүлээж авч байгаад сэтгэл санаа өег болж, ойрын хэд хоногтоо сайхан бодолтой явна шүү дээ.

-Та тэтгэвэртээ суугаад юу амжуулав?

-Өөрийгөө яаж авч явах уу, яагаад 90 насыг хүрчихэв гэсэн бодлоо илэрхийлсэн ном бичсэн. Гурван удаа засч хэвлэж гаргасан. Бас нутаг орон, барга ястнуудынхаа тухай түүхэн ном бичлээ. Ер нь нам, төрийн ажил хийж байхдаа хүртэл бичиг, номтой их ноцолдсон. Одоо ч өдөр тутмын амьдралаас хоцрохгүйн тулд сонин хэвлэл уншиж, санаа бодолдоо тунгааж явна даа.

-Одоогийн засаг, төрийн үйл ажиллагаанд та ямар бодолтой байдаг вэ?

-Улс орныхоо төлөө санаа зовж, бодож явах олон зүйл байх юм. Огтны дуу тэнгэрт хүрдэггүй гэгчээр бидний дуу хаа холдох билээ дээ. Сэтгэл түгшээсэн асуудлууд их л байх юм. Ер нь нам гэдэг бол улс орныг задалж, бутаргаж, гүү хураасан азарга шиг болгож байна. Нам бүхэн дэргэдээ ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын хороотой байна. Хоёр өвгөн уулзахаараа намаараа талцаж, дэмий ярих юм. Тиймээс намыг гишүүнчлэлгүй, дэмжигчтэй, дэргэдээ ийм байгууллага байгуулахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй байна. Цөөхөн улс ингээд хуваагдсаар байтал хэцүүдлээ. Иймээс эв түнжин хэрэгтэй байна. Ер нь төрийн байгууллагын дунд шатны орон тоо асар их болсон. Тэдний цалин өндөр, зан ааш нь ч их юм. Бидний үед орлогч сайд үүдэндээ нарийн бичгийн даргагүй байсан. Жинхэнэ сайд л нарийн бичигтэй байлаа. Харин одоо газрын дарга хоёр, гурван орлогчтой болж. Газар, хэлтсийн дарга бүхэн үүдэндээ нарийн бичгийн даргатай байна. Гүзээ нь томроод биеэ даахаа байсан хүн шиг боллоо, энэ төр. Хуучин цаг шиг дунд шатны албан тушаалтнуудыг хардаг, хянадаг, цэгцэлдэг төрийн байгууллага байдаг юм уу. Дунд шатны хүмүүсийн орон тоог цөөлж, тэр хэмнэсэн мөнгөөр багш эмч нарынхаа цалинг нэмэх боломж асар их байгаа.

Бас нэг асуудал байна аа. Монголчууд цөөхүүлээ байж гадаадад байгаа монголчуудаа дайсан мэт үзэх юм гээч. Саяхан гадаадад байгаа монголчуудын хурал боллоо. Тэнд олон асуудал хөндөгдсөн. Би энэ зовлонг нүдээр харж, чихээр сонсч ихэд харамслаа. Гадны иргэнтэй гэр бүл болсон монгол хүмүүс олон бий. Америк, Солонгос, Герман гээд гадаадад төрсөн хүүхдүүд нас бие хүрчихээд эх орноо санагалзаад ирэхэд нь Монголын төр үл тоодог гэж байна. Цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага харгис хүлээж авдаг гэнэ. Монголынхоо төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг авах гэхээр “Чи гадаадад төрж өссөн, тэндэхийн иргэн” гээд халгаахгүй, арай ч шоронд барьж хорихгүй байна. Тэгэхээр гадагшаа явсан улсууд яаж Монголдоо ирэх юм. Ингэж явсан нь энэ хүмүүсийн буруу биш. Төрийн буруу. Төр ард түмнээ тэжээж чадахаа байгаад гадагшаа гарч, цагаачилж, боолын хөдөлмөр хийж амьдраад байна шүү дээ. Тиймээс төр өөрөө гадагшаа яваад ирж байгаа хүмүүстээ элгэмсүү, зөөлөн хандах хэрэгтэй. Тэднийг байхгүй хойгуур нь болсон улс орны шийдвэрүүд, процессыг танилцуулж, дэмжиж өгөхийн оронд шууд бүх бичиг баримтыг нь хурааж аваад, хуурамч материал бүрдүүллээ гээд шийтгээд шүүхэд өгч болохгүй л баймаар. Монголчууд олуулаа болно л гээд байдаг. Хэрэв гадаадад төрсөн монголчуудаа хүлээж авахгүй юм бол яаж олуулаа болох юм бэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцэгдарь: Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 61 хос гал голомтоо бадраана

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр зуу зуун хос гал голомтоо бадраадаг. Билэгт сайн өдөр хэдэн хос гал голомтоо бадрааж байгаа талаар Гэрлэх ёслолын ордны захиргаа хариуцсан менежер Ж.Цэцэгдарьтай ярилцлаа.


-Монголчууд хурим найрын ёслолыг гол төлөв намрын улиралд тэмдэглэдэг шалтгаан юу вэ?

-Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гэдэг нь хүчин төгсөхийн барилдлагатай, буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд жилийн бусад бүх сайн өдрүүдийн дотроос онцгой, нэн өлзийтэй сайн өдөр л дөө. Монголчууд энэ өдрийг хүлээж, сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг ёстой. Уламжлалт ёс заншлаа дагаад хурим, найрын ёслолыг гол төлөв айраг цагаа дэлгэсэн намрын улиралд тэмдэглэдэг байх.

-Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны өдөр тохиож байна. Дашням, Балжинням давхацсан өдөр Гэрлэх ёслолтын ордонд нийт хэдэн хос хурим хийхээр захиалга өгөөд байна вэ?

-Өнөөдөр 61 хос Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраана. Эдгээр хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгсөн. Өмнөх жилүүдийн энэ өдөр 50-55 хосын хурим Гэрлэх ёслолын ордонд болж байсан. Энэ жилийн тухайд бага зэрэг өсөх хандлагатай байна.

-Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол хийхийн ач холбогдол, гоё сайхан нь юу вэ?

-Ер нь хурим хийнэ гэдэг нь улсдаа өрх нэмж буйгаа эцэг, эх хамаатнуудынхаа өмнө хүндэтгэлтэйгээр ёсолж байгаа хэрэг л дээ. Хуримлах ёслолын үед нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод өөрөө аягалж барина. Үүний дараа цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зүүж өгнө. Эхний галыг нөхөр нь асаадаг нь “Эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна, бөгж солилцдог нь бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлнэ. Хуримын үед солилцох бөгж ихэвчлэн хаан бугуйвч, хатан сүйх хээтэй байдаг. Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай. Амьдралынхаа алтан хормыг Гэрлэх ёслолын ордонд үлдээж эрхэм хүмүүсийнхээ өмнө гэр бүл болох нь хосуудад илүү тод томруун гэгээлэг дурсамж үлдээж, хайр сэтгэлийг нь илүү бат бөх болгож гагнаж өгдөг л дөө. Төрийн Гэрлэх ёслолын төв Азид ганц буюу Улаанбаатарт л байдаг. Өөр хаана ч хуримын ёслол хийх зориулалттай ордон байхгүй.

-Гэрлэх ёслолын ордонд нэг ёслол хэд орчим минут үргэлжилдэг бол?

-Ёслолын үйл ажиллагаа 35-40 минутын турш үргэлжилдэг. Гол танхимд орж ёслол үйлдэх, зориулалтын хаалганы өмнө гэрэл зураг татуулах зэрэг үйл ажиллагаа явагдахад дуусах хүртэл цаг орчим л болно доо.

-Гэрлэх ёслолын ордонд Монголын улс төр, урлаг спортын нэр алдартай эрхмүүдээс хэн хэн гал голомтоо бадрааж байв?

-Олон ч төр нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын одод Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадрааж амьдралын алтан хормоо тэмдэглэж өнгөрүүлсэн дээ. Одоо заримыг нь мартаж. Мэргэжлийн сумод Монголын нэрийг анхлан дуурсгаж байсан гавьяат тамирчин Н.Цэвэгням гал голомтоо бадраахаар арын Японоос Гэрлэх ёслолын ордонг зорьж ирж байлаа. Хамгийн сүүлд л гэхэд соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Идэржавхлан, “Маск” продакшны жүжигчин Отгоо нар энэ танхимд хуримласан.

-Хүндэтгэлийн танхим хэд орчим хүний багтаамжтай байдаг вэ?

-Заалны багтаамж, зураг бичлэгэнд орох зэргийг тооцоолоод бид хүргэн бэрийн талаас ах дүү, төрөл төрөгсөд нийлээд 40-өөс илүүгүй хүнтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Хэтэрхий олон хүнтэй болохоор ёслолын үйл ажиллагаа замбараагүй болох гээд байдаг талтай.

-Үнэ ханшийн тухайд танилцуулахгүй юу. Ачааллаас шалтгаалаад харилцан адилгүй байх уу?

-Ачааллыг бууруулах зорилгоор намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр сая хоёр зуун далан зургаан мянган төгрөгийн ханштай байдаг. Ид ачааллын үед 30 орчим ажилчид давхар давхар үүрэг гүйцэтгэж тасралтгүй 20 орчим цаг ажиллах нь бий. Энэ их ачааллыг бууруулах зорилгоор үнээ өсгөж өгсөн л дөө. Заавал энэ өдөр хийгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Билэгт сайн өдөр гээд бүх хосууд, хүн бүрт сайн юм байдаг биш. Хосуудын жилд ээлтэй энгийн сайхан өдрийн сайн цагт гал голомтоо бадрааж болно шүү дээ. Бусад энгийн ажлын өдрүүдэд 759 мянга, амралтын өдрүүдээр 803 мянга, ажлын өдөр цайны 780 мянга байдаг. Гэрлэх ёслолын ордон үйлчлүүлэгчээсээ зүгээр мөнгө аваад гар хоосон буцаадаггүй. Хосуудын гурван машины чимэглэл, гарын бэлэг, ирсэн зочдод сүү цагаан идээгээр үйлчлэх зэрэг урамшуулал өгдөг. Мөн хосуудад 30 зурагтай цомог, бичлэг хийж үйлчилнэ. Нийгэмд зүгээр юм аваад гаргаад байгаа юм шиг ойлголттой хүмүүс мэр сэр байдаг.


Categories
гадаад мэдээ

Селфидэх гэж байгаад амиа алдагсдын тоо өсчээ

Өндөр хадан хавцал, ангал, 180 метрийн өндөр байшин, өндөр уул нуруудын оройд гарч селфи зураг авах явцдаа санамсаргүй байдлаар сүүлийн гурван жилд амиа алдсан хүний тоо эрс өсчээ. Зөвхөн селфи зураг авах гэж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болж амиа алдагсдын тоо 2016 онд 98 байсан бол 2017 онд 93 байв.

Гэтэл одоогоос долоохон жилийн өмнө буюу 2011 онд дэлхийн дахинаа ердөө 3-н ийм төрлийн тохиолдол бүртгэгдэж байсан аж. Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны байгууллагаас гаргасан судалгаагаар, энэ төрлийн золгүй ослоор амиа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь 30-аас доош насныхан, харин хүйсээр нь авч үзвэл тэдний зөвхөн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа гэнэ. Мөн энэ төрлийн ихэнх ослын тохиолдол Энэтхэг, Орос, АНУ болон Пакистан зэрэг улсуудад хамгийн олон бүртгэгджээ.

Зөвхөн өндөр байшин барилга, уул хад гэлтгүйгээр галт тэрэгний хажууд зогсож байхдаа, мөн араатан амьтны хажууд зураг авахуулах үедээ амиа алдах, далайн усан доор селфидэх гэж байгаад живэх, автомашин жолоодож байх үедээ селфи зураг авах гэж байгаад осолд орох тохиолдол цөөнгүй байна.

Иймээс эрдэмтэн судлаачид болон Америкийн үндэсний номын сангийн анагаах ухааны салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд “селфигүй бүс” байгуулахыг санал болгожээ. Ялангуяа, аялал жуулчлалын бүсэд энэ төрлийн анхааруулга, сэрэмжлүүлэг байгуулах нь селфи зураг авах явцдаа амиа алдах эрсдлийг хоёр дахин бууруулах боломжтой гэж тэд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд зориулсан зоорины асуудлыг шийднэ

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн Азийн асуудлыг хариуцсан газрын дарга хатагтай К.Өллерс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэд өнөөдөр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийж тус аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, харилцан ярилцаж санал бодлоо солилцжээ.

Зочдыг зөвлөлийн гишүүн, аймгийн Засaг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзсан байна. Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөл нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон нутгийн хөгжилд төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш оролцоог ханган уялдаа холбоотойгоор хамтран ажиллах зорилготой юм.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны зүгээс Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд зориулсан зоорины асуудал дээр хамтран ажиллахаар судалгааны ажлаа хийж байгаагаа илэрхийлжээ.Хөргүүртэй зоорь барих, одоо ашиглаж байгаа нүхэн зоорийг илүү орчин цагийн хэв маяг загварт оруулах гэсэн хоёр арга хэлбэрээр судалгааг хийж байна гэдгээ хатагтай К.Өллерс онцолжээ. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зарим бараа бүтээгдэхүүний танилцуулга үзэсгэлэнг зочдод сонирхуулсан байна.

Германчууд Сэлэнгэд ногооны зоорь барихад дэмжлэг үзүүлнэ

Германчууд Сэлэнгэд ногооны зоорь барихад дэмжлэг үзүүлнэ

Германчууд Сэлэнгэд ногооны зоорь барихад дэмжлэг үзүүлнэ

Германчууд Сэлэнгэд ногооны зоорь барихад дэмжлэг үзүүлнэ

Categories
мэдээ спорт

​Азийн паралимпын наадам эхэллээ

Азийн паралимпын наадам өнөөдөр Индонезийн нийслэл Жакарта хотод нээлтээ хийж байна. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх энэхүү пара олимпийн наадамд 42 улс орны 2831 тамирчин спортын 18 төрлөөр 546 алтан медалийн төлөө хүч чадлаа сорих юм.

Азийн пара олимпийн наадам эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж аян замд гарна уу

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.Түүнчлэн цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээ цасанд хаагдан хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах хүндрэл үүсдэг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг сануулав.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас замын хөдөлгөөнд оролцогчид гар утас, чихэвч ашиглахыг хориглоно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Тус дүрмийн төсөлд тусгасан олон заалт жолооч төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй. Анхны Замын хөдөлгөөний дүрмийг 1925 онд Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм нэртэй баталж байжээ. Түүнээс хойш нийтдээ 11 удаа шинэчилж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Замын хөдөлгөөний дүрмийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, автотээврийн салбарын бүтээн байгуулалт, автомашинжилт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилт, эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан улам бүр боловсронгуй болгох зайлшгүй нөхцөл үүсчээ. Учир нь тус дүрмийг 2004 онд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл нэмэлт, өөрчлөлт оруулалгүй 14 жил хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм. Тиймээс хэд хэдэн үндэслэлтэйгээр Замын хөдөлгөөний дүрмийн төслийг боловсруулсан байна.

Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орсон. Арваннэгдүгээр сарын 1-нээс шинэ дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнө жолооч, явган зорчигчид уншиж танилцах хэрэгтэй. Жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Жишээ нь, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа жолооч утсаар ярилгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг. Гэтэл хурдтай явж байгаа энэ үед 47 метр газрыг туулж байгаа юм. Мөн жолооч хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон. Зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Түүнчлэн явган зорчигч зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно.

Скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд мөргүүлсэн тохиолдолд таны буруу болно. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо эргэлзэхийг хориглосон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2019 онд нисдэг машин худалдаанд гарна

“Terrafugia” компани нь нисдэг автомашиныхаа захиалгыг авч, 2019 онд гэхэд ашиглалтад оруулахаа албан ёсоор мэдэгдлээ. “Transition” маркийн энэхүү машиныг туршихын тулд тус компани Нью-Хэмпширт хувийн онгоцны буудал түрээслэн авсан байна. БНХАУ-ын “Geely” концернийн харъяа “Terrafugia” компани энэ оны аравдугаар сараас нисдэг машины захиалгаа авч эхэлсэн бөгөөд хоёр хүний суудалтай, залгаа далавчит, түлш болоод цахилгаанаар ажиллах боломжтой, агаарт цагт 160 км хурдлах чадвартай гэж бүтээгдэхүүнийхээ талаар мэдэгдэж буй.

Нисдэг машины үнийг эцэслэн тогтоогоогүй ч 300 мянга орчим ам.доллараар худалдах төлөвтэйг үйлдвэрлэгчид онцолсон байна. 2006 онд АНУ-ын Бостон хотод MIT-ийг төгссөн таван залуу хамтран үүсгэн байгуулсан тус компанийг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “Geely” концерн хоёр жилийн өмнө худалдан авч, ажилтан ажиллагсад болоод инженерүүдийнх нь тоог нэмэн, нисдэг машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

“Terrafugia” компани ирэх онд нисдэг машин худалдаанд гаргана