Боловсролын салбарын тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын тоо, суралцагчид, төгсөгчид, элсэгчид, багш нарын тоог боловсролын түвшин, бүс, аймаг, нийслэлээр гаргав. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д хамран сургалтын хувь, сурагч-багшийн харьцаа, сургууль завсардалтын хувь, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн анхан, дунд шатны сургуульд суралцагчид, төгсөгчдийн тоог Боловсролын олон улсын стандарт ангиллын дагуу гаргалаа.
Month: August 2018
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгч “Мухиа” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганчимэг, ЗДТГ-ын газрын дарга Ж. Алтангэрэл, Налайх дүүргийн засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Налайх дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Сайн Номун хийдийн тэргүүн хамба С.Нэргүй, Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 109-р дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор, ЕБС-ийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар болон багш, ажилчдын төлөөлөл оролцлоо.
Сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын хөрөнгө оруулагчаар “Жайка” Олон улсын байгууллага ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч компаниар Ивата Чизаки-Дай Нишион компани оролцож байгаа юм. Тус сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг 2020 оны 7 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлсэн үгэндээ улсын хэмжээнд “Жайка”-гийн төслөөр дөрвөн газар, сургуулийн өргөтгөлийн барилгын ажил эхэлж байгаа тухай дурьдсан бол НИТХ-ын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн 3,4-р хороонд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутай. Бага сургууль байрладаг ч дунд ангийн сурагчид хичээлдээ хол явдаг. Энэ байдлыг өөрчилж дунд сургууль барьж байгаад талархалтай байна. Сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг чанар стандартын дагуу, товлосон хугацаанд нь хийж гүйцэтгэн хүүхдүүдийн сурч боловсрох тохилог орчин бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Тус хорооны иргэд тулгамдаж байсан дунд сургуулийн барилгын ажлыг шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байв.
Сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолд оролцсны дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Боловрол судлалын залуу доктор, “Электрон жаал” нэрээрээ нийтэд танигдсан Э.Энхпүрэвийн Налайх дүүргийн 109-р сургуульд хэрэгжүүлж байгаа “Сураад” сургалтын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаатай танилцав. “Сураад” хөтөлбөр нь сурагч бие даан онлайнаар суралцах боломжтой төдийгүй түүнчлэн эцэг эх болон багш нар сурагчийн суралцах явцыг он, сар, өдөр, цагаар нь хянах цахим хувилбартай, математикийн суурь мэдлэг олгох ухаалаг, онлайн систем юм.
Сургалтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ хүүхдүүдийн хувьд хороо, дүүрэгт тулгамдаж буй ямар асуудал байгааг асууж, халуун дотно яриа өрнүүллээ. Энэ үеэр хүүхдүүд гэрэлтүүлэг муугаас болж орой үдэж явахдаа нохойноос айдаг тухайгаа хэлж, мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл дутмаг байгааг дуулгалаа. Сурагчдын хэлсэн саналыг Хурлын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албан тушаалтнуудад хандаж, газар дээр нь шийдвэрлэхийг даалгалаа. 109-р сургуулийн сурагчидтай уулзсаны дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Налайх дүүргийн “Багш нарын бага хурал”-д оролцон хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тус бага хурлаар дүүргийн багш нар өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, 2018-2019 хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлон, Боловсролын хууль, дүрэм, журам, сургалтын хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна.
Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон багш нарын нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож багш нарт хандан мэндчилгээ дэвшүүлэн цаашдын ажилд нь амжилт хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн сурагчдын сурлагын амжилт бусад дүүргээс дундажаас доогуур байгааг дурьдаад цаашид суралцагчдын сурлагын амжилтыг ахиулах тал дээр анхааран энэ чиглэлд хандсан олон талт ажлуудыг хэрэгжүүлэхийг багш нараас хүслээ.
Үүний дараагаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв орж, ӨЭМТ-ийн ажлын хэрэгцээнд зориулан иж бүрэн нөүтбүүк, шүдний оношлогооны аппарат гардуулан өгөв. Тэрбээр НЗДТГ-аас 2018 оныг ‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор НЭМГ-аас хэрэгжүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг дэмжих жилийн хүрээнд тус дүүрэгт эмнэлгийн цогц барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн, ирэх жилээс эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж эхлүүлэхээр төлөвлөж байгааг уламжиллаа. Мөн эмч, эмнэлгийн ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд ЭМТ-өөс санал солилцон хамтран ажиллаж байгаа гэдгийг илэрхийллээ.
Өдрийн төгсгөлд Хурлын дарга Налайх дүүрэгт баригдаж буй ОУ-ын стандартад нийцсэн “Хөнгөн атлетик”-ын зам, талбайн үйл явцтай танилцлаа. Олон улсын олимпийн хорооны буцалтгүй тусламжаар хийгдэж буй 400 метрийн тойрог замын тухай мэдээллийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар нар НИТХ-ын дарга С. Амарсайханд хүргэв. Тус тойрог замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Налайх дүүрэг дэх Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд олон улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор нааж байршуулан, тоног төхөөрөмжийг суурилуулж дуусчээ. “Хөнгөн атлетик”-ын зам, талбайн ажил дуусаж байгаатай холбоотойгоор, үзэгчдийн сандал суудал байршуулах, орчны тохижилт хийх зэрэг асуудалд нийслэлийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж болох талаар санал солилцож, төсөв хөрөнгийн боломжийн тухай ярилцлаа.
“Хөнгөн атлетик”-ын спортын энэхүү төв ашиглалтад орсноор Монгол улс хөнгөн атлетикийн тив, дэлхийн хэмжээний хөнгөн атлетикийн томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой болох юм.
Азийн наадамд оролцож буй манай боксчид амжилтаа ахиулсаар байна. Өнөөдөх манай хоёр боксчин рингэнд гарахаас Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийлээ. Дөнгөж сая манай боксчин Эрдэнэбатын Цэндбаатар Хятадын Жун Шаньтай тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгууллаа.
Ингэснээр Э.Цэндбаатар мөнгөн медалийн болзол хангаж Алтан медалийн төлөө Узбекстаны Ш.Абдурасуловтой өрсөлдөхөөр болж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай улсад айлчилж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан Төрийн сайд хатагтай Рийм Бинт Ибрахим Аль-Хашимиг хүлээн авч уулзав.
Сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Булангийн орнууд, түүний дотор Эмираттай явуулж буй харилцаанд ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглэж, эмиратын талын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар байгуулагдсан Тайширын усан цахилгаан станц шиг томоохон төслүүдийг цаашид хэрэгжүүлэх боломж байгааг онцолж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Эмиратын Төрийн сайд Монгол Улсад анх удаагаа зочлон ирж байна гээд найрсаг дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа мэдэгдэв.
Төрийн сайдыг дагалдан ирсэн албан ёсны төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд болон Хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцохоос гадна 14-р сургууль, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Хатагтай Рийм Бинт Ибрахим Аль-Хашими нь 2020 онд Дубай хотноо зохион байгуулагдах ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулах үндэсний хорооны Ерөнхий захирлын албыг хашдаг бөгөөд монголын тал уг арга хэмжээнд Ерөнхий сайдын түвшинд оролцохоо нотолсонд талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.
Айлчлалын хүрээнд Төрийн сайд Рийм бинт Ибрахим Аль-Хашими Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайдын Гадаад бодлогын Зөвлөх Б.Мөнхжинтэй уулзалт хийв.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар стандартын шаардлага хангасан түргэний шинэ машинтай боллоо. Тус машиныг Швейцарийн “Go help” хүмүүнлэгийн байгууллагын буцалтгүй тусламжаар оруулж иржээ.
Уг машин нь хүчилтөрөгч, эмийн хайрцгаас эхлүүлээд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд манай улсад ийм төрлийн түргэний машин ховор байдаг байна. Стандартад нийцсэн тэрэгтэй болсноор хамгийн гол нь тухайн өвчтөний биеийн байдлыг бүрэн хянаад явах боломжтой болж байгаа аж.
Ийм түргэний машинтай болохыг анх УИХ-ын гишүүн О.Содбилэг санаачлан тус хүмүүнлэгийн байгууллага руу хүсэлт тавьжээ. Энэ талаар “Өргөө” амаржих газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Оюунбилэг “Өмнө нь О.Содбилэг гишүүн шарлагын аппарат, дулаацуулах ширээг мөн буцалтгүй тусламжаар оруулж ирэн хандивлаж байсан. Гэр бүлийнх нь хүн болон өөрөө манай төрхөд амаржиж байсан учраас өлгий газар гэж ярьж явдаг юм. Мөн бидний нөхцөл байдлыг харж, мэдэрсэн болохоор тусалъя гэж шийдсэн байх” хэмээн ярьж байлаа.
“Өргөө” амаржих газар 2015 онд 23 ортой Эмгэг нярайн тасагтай болж байв. Харин тус тасагт нэн шаардлагатай төхөөрөмж нь шарлагын аппарат, дулаацуулах ширээ байдаг гэдгийг хэлж байна.
Тус газарт жилдээ 15-16 мянган нярай мэндэлдэг бөгөөд үүнээс 30 орчим хувь нь ямар нэгэн байдлаар нярайн эмгэгтэй төрдөг аж. Эдгээр нярайг хот хооронд болон хөдөө орон нутаг руу зөөдөг учраас машины хэрэгцээ их байдаг байна. “Өргөө” амаржих газар нь түргэний гар ажиллагаатай нэг тэрэгтэй байсан юм.
Хичэээллийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа маргааш болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчид ЕБС-ийн орчимд замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ.
Энэ зохицуулалтын талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс зарим зүйлийг тодруулахад “Энэ үед сургууль цэцэрлэг тус бүрдээр 1-2 цагдаагийн алба хаагч тухайн сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ.
Мөн томоохон зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Нийслэлийн хэмжээнд 320 гаруй алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ийн орчинд үүрэг гүйцэтгэнэ.
Хичээл сургууль эхлэхээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэг. Тэр дундаа хичээл орох тарах цагуудаар алба хаагчид томоохон уулзварыг бүхэлдээ хяналтандаа авч ажиллахаар төлөвлөсөн. Одоо зарим замуудын засварын ажил хийж байгаа учраас хаалттай байгаа.
Тухайлбал, Олимпын гудамж, ТЭЦ3-наас Яармагийн зам, Цайз захаас хойшоо нэг км авто зам засвартай, хаалттай байгаа учраас замын хөдөлгөөний ачаалал эрс ихэснэ. Иймээс иргэд цагаа зөв төлөвлөж замын хөдөлгөөн оролцох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Өнөөдөр “Жавхаалаг эмэгтэйчүүд” бүлгийг төлөөлж Монголын өв ухаан, хүн судлаач, филисофийн ухааны доктор А.Мягмарсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Жавхаалаг ээжүүд” бүлэгт дөрвөөс арван хүүхэдтэй 2500 орчим ээж нар хүүхдийн хүмүүжил, боловсролыгсайжруулах зорилгоор нэгдсэн байна.
Хурлын үеэр одоо үед хүүхдийн хүмүүжил муудаж, хүн чанар, ёс суртахуун гэдэг зүйл үгүй болж байгаад ээжүүд санаа зовниж байна. Үүнийг үгүй хийж, нийгэмд зөв хүмүүжилтэй хүүхэд бэлтгэхийн тулд ээжүүд анхаарлаа хандуулахыг хүслээ.
Түүнчлэн ээжүүд өр зөөлөн сэтгэлээр, хүүхдээ зөв хүмүүжүүлж, мэдлэг чадвартай гэхээсээ илүү, бусдад тусархаг, эерэг хандлагатай зөв хүүхэд болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэв.
Одоогоор “Жавхаалаг эмэгтэйчүүд” бүлэгт 100 мянган ээж гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд бүх ээжүүддээ “Оюуны хувьсгал” хийхийг уриалж байгаа юм.
Б.ОЮУНЖАРГАЛ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгээс тавдугаар ангийн 400 мянга орчим сурагчид жил бүр 32 тэрбум төгрөгөөр “Үдийн цайны үйлчилгээ” хүргэдэг. Гэвч энэ хэмжээний мөнгөөр хүүхдийн авах ёстой илчлэг, шим тэжээлийг нөхөж чадахгүй байна. Тиймээс нэг хүүхдэд ноогдох үдийн зайны зардал 600 төгрөг байсныг ирэх онд 1200 төгрөг болгон нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.
Хүүхэд үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцэх ёстой. Гэвч хоол үйлдвэрлэгчид 600 төгрөгт багтаан илчлэгээ хангахын тулд нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн үдийн цайнд өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс усны оронд уураг ихтэй буюу сүү сүүн бүтээгдэхүүнтэй үдийн цай сурагчдад хүргэдэг болохоор зорьж байгаа юм. Мөн үдийн цай үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг тухайн сургуулийн удирдлага өөрөө сонгох эрхтэй болжээ.
Сургууль дотор хөлдөөсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, энгийн нүүрс ус ихтэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон.Гэсэн ч хүүхдүүд ийм төрлийн бүтээгдэхүүн авч хэрэглэх нь түгээмэл байгаа тул эцэг эхчүүд хүүхэддээ энэ талаар сайтар зөвлөх шаардлагатай байна.
Хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын нэг энэ удаад бямба гаригт тохиож байгаа. Тиймээс зарим сургуулиуд хичээлийн шинэ жилийн баяраа ирэх даваа гариг буюу есдүгээр сарын гурванд нээхээр болсон билээ. Хичээлийн шинэ жилийн баярт төрийн өндөрлөгүүд оролцдог.
УИХ-ын дарга М.Энхболд есдүгээр сарын гурванд 08.00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм байна. Мөн өдөр 10.30 цагт Улаанбаатар хот дахь ХААИС-ийн, 14.00 цагт Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус тус оролцох аж.
МХЕГ-ын ээлжит цахим шуурхай хурал хуралдаж, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө. 2018-2019 оны хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 тоот албан даалгаврын хүрээнд МХЕГ-ын даргын баталсан 42 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахад онцгойлон анхаарч “Хүүхдэд ээлтэй орчин” бүрдүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Энэ хүрээнд хүүхдийг сургуулиас гэртээ харих замд осол эндэгдэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор гэр бүл, багш, сургуулийн хамтын ажиллагааг сайжруулж эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж, сэрэмжлүүлж ажиллах.
Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, сургуулийн цайны газар, үдийн цай хөтөлбөрт эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан хоол хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхэд хяналт тавих.
Цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагын байрнаас 100 метр зайд архи, тамхи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах, хаах, хүртэл арга хэмжээ авах.
Ахуйн газын аюулгүй ажиллагааны дүрмийг боловсролын байгууллагуудад мөрдүүлэх зэргээр сургуулийн орчмын аюулгүй байдалд үйл ажиллагаа жигдэртэл сайтар хяналт тавьж ажиллахыг бүх чиглэлийн хяналтын байцаагч нарт даалгалаа.
Түүнчлэн ил гарсан цахилгааны утсыг далдлах, аюулгүй ажиллагааг тогтмол дээшлүүлэхийг аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад анхааруулан хүүхдийг цахилгааны аюулд өртөж тогонд цохиулах эрсдэлээс хамгаалах чиглэлээр хяналт шалгалт хийх.
Гар дээрх худалдаанд хяналт тавьж самар, жимс ил задгай худалдаалж байгаатай холбогдуулан энэ талын хяналт шалгалтыг чангатгах, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх.
9 дүгээр сарын 1-ний өдрийг тохиолдуулан зарим аймаг сумдад дааганы уралдаан зохион байгуулах уламжлал тогтсоныг хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зогсоох үүрэг чиглэл өгч биелэлтэд хяналт тавьж ажиллахыг орон нутаг дах МХБ-ын байцаагч нарт үүрэг болгов.
Хурлын төгсгөлд хүүхдийг аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэх, хүүхдийн тоглоомын байгууламж болон гадна тоглоомын талбайн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангах, засвар үйлчилгээний байдалд хяналт, шалгалт тогтмол хийхэд анхааран ажиллахыг тус тус үүрэг болгов.