Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд боллоо. Энэхүү “Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Оюутан цэрэг-2018” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан нар болон МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг их сургуулиудын захирлууд оролцов.

Сургалтыг нээж ҮБХИС-ийн захирал, хурандаа П:Жаргалан үг хэлэв. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оюутан цэргүүдэд баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ

-“Оюутан цэрэг” сургалтыг оюутан залуус, ард иргэд сайн мэддэг, үүнд хамрагдахыг хүсч тэмүүлж байгаа нь нэн сайшаалтай. Бид оюутан залуусынхаа энэ хүсэл санаачилгыг бүрэн дэмжиж Батлан хамгаалах яамтайгаа хамтран бололцоотой бүх арга хэмжээг авах болно. Энэ жилд багтаан соёл хүмүүжлийн ажил явуулах задгай театр барьж өгөх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэнийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Энэхүү сургалт оюутан залууст өгөөжтэй, үр дүнтэй, цэргийн албаны шинэ хэлбэр болон хөгжиж байгаа тул бид цаашид бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа наймдугаар сард оюутан цэргүүдтэй эргэн уулзаж юу сурч мэдсэнтэй танилцана гэдгээ хэлсэн юм.

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон уг сургалтад 2018 онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагдаж байна. Эдгээр оюутан залуус дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 01-ний хооронд онолын сургалтад хамрагдсан бол өнөөдөр ийнхүү цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа эхлүүлж байна.

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

Categories
мэдээ нийгэм

Үндэсний баяр наадмаар тав хоног амарна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход ердөө 10 хоногийн хугацаа үлдлээ. Энэ жил үндэсний их баяр наадмаар тав хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Өнөө жил долдугаар сарын 11-ний өдөр лхагва гаригт таарч буй. Тиймээс лхагва гаригаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16-аас ажилдаа орох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс 2018 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан юм.

Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.

2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж, 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд, 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцсон Улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалалтын технологийн талаар харилцан санал солилцсон. Энэ үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийг хийсэн. Мөн Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-уул, Увс, Ховд, Дорноговь аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлыг өрнүүлж байна. Одоогоор ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчиддаа сурталчлан таниулан, хэрэгжилтийг хангаж байна.

2017 оны ургацаас гурлын үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Түүнчлэн 2018 оны тариалалтад зориулан Тарилан эрхлэлтийг дэмжих сангаас олгох 31.8 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7 тэрбум төгрөг зарцуулж, мөнгөн бус дэмжлэг анх удаа үзүүллээ.

ҮРИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, ШАТАХУУНЫ ТАЛААР

Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн. Дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5.9 мянган мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын үр, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 2.0 мянган тонн үр нийтдээ 10 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлж, үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлэв.

2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан, тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоосон юм. Үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусад аймагт 30 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо. Ийнхүү 600 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 29.5 мянган тонн үрийн буудайг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор тариалалтын ажил эрчимжсэн.

Түүнчлэн төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14 нэр төрлийн 23 тонн үр нийлүүлэн, өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үнэгүй олгож, дэмжлэг үзүүллээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор 123 тонн эрдэс бороо, хүлэмжийн тариалан эрхлэгчдэд зориулан, 70 000 м2 нийлэг хальсан хучлага, 230 ширхэг гар үрлэгчийг ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгосон юм.

Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.4 сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 700 орчим аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.

ТЕХНИК ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж, тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж, тухайн улсуудын холбогдох банкнаас хөнгөлөлттэй зээл авахаар хэлэлцээр хийж байна.

БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 3.2 сая еврогийн хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай 11 нэр төрлийн 544 ширхэг техникийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Улсын төсвийн 334 сая төгрөгийн хөрөнгөөр төмс үйлдвэрлэлийн зориулалттай 15 иж бүрдэл техник нийлүүлж, ногоочдод 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 5 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

“Орос-Монголын санаачилга” цуврал арга хэмжээний хүрээнд ХАА-н үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй дэвшилтэт техникийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд 15 ААН оролцож, хөдөө аж ахуйн зориулалттай 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж танилцуулсан.

УСАЛГААТАЙ ТАРИАЛАН, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТАЛААР

Улсын төсвийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар сонгон шалгаруулалтыг орон нутагтай хамтран зохион байгуулж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд 1100 га талбайд услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих, усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 10 сумын усалгаатай тариалан эрхлэлт, услалтын системийн ашиглалтын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргаад байна.

Түүнчлэн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр ариутгалын бодис 13.8 тонн, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх бодис 480.4 тонн, нийлмэл бордоо 2020 тонн, гумины бордоо 184 тонныг тус тус нийлүүлж, давхардсан тоогоор 514 иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон.

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг мал8 амьтнаас хамгаалах зорилгоор талбайг хашаажуулахаар эхний ээлжинд аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт 430.5 км хашаа барих нээлттэй худалдан авах ажиллагаа зарлаад байна.

Тариалангийн талбайг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортойгоор сайжруулах зорилгоор хашаалсан талбайд ойн зурвас байгуулахаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчийг сонгохоор ажиллаж байна.

ЖИМС ЖИМСГЭНЭ, ХҮЛЭМЖ, ЗООРЬ АГУУЛАХЫН ТАЛААР

“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд нийт 166 га талбайд тариалах 211 мянган ширхэг чацаргана, үхрийн нүд, алим, чавганы суулгацыг нийлүүлж, 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээлээр олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд 5 га-ийн 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байгаа юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслөөр алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас импортоор авч туршиж, нутагшуулах ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулан, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Урьдчилан тооцож байгаагаар төмс, хүнсний ногооны хадгалах хүчин чадлыг 30 гаруй мянган тонноор нэмэгдүүлэх боломжтой.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт 400 сая, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт тус бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний ногооны зоорь байгуулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, зургаан аймагт 3.3 мянган тоннын багтаамжтай механикжсан зоорь байгуулах сонгон шалгаруулалт зарлаад байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

– “Артын III аян”-ыг үргэжлүүлэх зорилтын хүрээнд газар тариалангийн түүхэн ой угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинээр батлагдсан “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулна.

– Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбогдуулан, хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлнэ.

– Таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэн, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бүрдүүлнэ.

– Үр үржүүлэг, сорт сорилтын салбарын үйл ажиллагааг шинэчлэн, таримал ургамлын үрийн чанар, хангамжийг сайжруулна.

– Тариалангийн салбарт ОХУ, БНХАУ, ХНБГУ, Беларусь, Польш улсын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ.

– Тэг болон цомхотгосон эрдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлж, тариалангийн талбайг хашаажуулах улмаар ойн зурвас байгуулна.

– Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж, ашиглалтыг сайжруулан, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулахыг зорьж байна.

– Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах болно.

Categories
мэдээ спорт

Мас-рестлинг буюу модон бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодруулав

Мас-рестлинг буюу модон бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах 3дахь удаагийн тэмцээн /УАШТ/ нийслэлийн ЧД-ийн Спорт хорооны танхимд амжилттай болж, шилдгүүдээ тодруулав.

Тэмцээн эрэгтэй 70, 80, 90, 105, -125 кг, эмэгтэй 65, 75, +85 кг жингийн ангиллаар боллоо. Энэхүү УАШТ-д нийслэлийн Сүхбаатар, СХД, ХУД, ЧД, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг, “Алдар”, “Сүлд” спорт хороо, Булган аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Дотоодын цэргийн 05 дугаар анги, “Дархан-Атланта фитнесс”, нийслэлийн “Чандмань фитнесс” клуб, АУШУИС, ШУТИС зэрэг биеийн тамир, спортын хороо, байгууллага, клубын эрэгтэй, эмэгтэй нийт 70 гаруй тамирчид өрсөлдлөө.

Жин тус бүрт түрүүлсэн тамирчдад энэ оны 11 дүгээр сард ОХУ-ын Якутск хотноо болох мас-рестлингийн ДАШТ-д, мөнгөн медаль хүртсэн тамирчид Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн III наадамд оролцох эрхтэй болж байна. Харин эрэгтэй -125 кг-д түрүүлсэн Б.Банзрагч ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох мас-рестлингийн хүнд жингийн ДАШТ-д оролцох эрх олгосон юм.

Төв аймгийн тамирчин Б.Ганчулуун, Б.Нямжав нар улсын хошой аварга боллоо. Эрэгтэй 90 кг-д түрүүлсэн Б.Ганчулуунд “Дурсгалын Цом” гардуулж эрэгтэй 80 кг-д түрүүлсэн М.Билгүүнд Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэваанчиг хувиасаа ОХУ-ын Якут улсаас авчирсан очир алмааз бэлэглэсэн тун содон шагнал болов.

Тэмцээний дүнг танилцуулахад, Эрэгтэй: 70 кг-д 1. Цэрэндоржийн Батсүх /Өвөрхангай аймаг, 256 дугаар анги/

2. Дамдинсүрэнгийн Содбаяр /Төв аймаг/

3. Машбатын Алтайбаатар /”Чандмань фитнесс” клуб/

80 кг-д 1. Мөнхбаатарын Билгүүн /Төв аймаг/

2. Бат-Амгалангийн Алтангэрэл /Дотоодын цэргийн 05 дугаар анги/

3. Гантөмөрийн Мөнхтэмүүлэн /Төв аймаг/

90 кг-д 1. Базаррагчаагийн Ганчулуун /Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Төв аймаг/

2. Балжиннямын Мөнгөн /”Алдар” спорт хороо/

3. Баттулгын Бат-Эрдэнэ /Төв аймаг/

105 кг-д 1. Батдоржийн Намхай /ШУТИС/

2. Тогообатын Адьяатөмөр /Өвөрхангай аймаг,

“Монголын хүчтэн” клуб /

3. Равдандоржийн Багахүү /Улаанбаатар хот/

-125 кг-д 1. Баттөрийн Банзрагч /Чингэлтэй дүүрэг/

2. Дүгэрсүрэнгийн Нацагдорж /Чингэлтэй дүүрэг/

Эмэгтэйчүүдийн 65 кг-д 1. Банзрагчийн Нямжав /Төв аймаг/

2. Алтангэрэлийн Нарантуяа /Сонгино-Хайрхан дүүрэг/

75 кг-д 1. Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ /Хан-Уул дүүрэг/

2. Думаагийн Лутбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг/

3. Намсрайн Энхтуяа /Дотоодын цэргийн 05 дугаар анги/

+85 кг-д 1. Ягаанбандийн Батжаргал /Сонгино-Хайрхан дүүрэг/

2. Батбаатарын Эрдэнэ-Болор /Улаанбаатар хот/

3. Дэмбэрэлдуламын Баттуяа /”Сүлд” спорт хороо/

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр худалдаа эрхлэх аж ахуй нэгжид дараах зүйлс хориотой

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, ний 610 цэгт зөвшөөрөл олгох юм байна. Тиймээс баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ хориглох зүйлсийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танилцууллаа.

  • Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх
  • Согтууруулах ундаа, тамхи худалдах
  • Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг
  • Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.
Categories
мэдээ спорт

Уругвайчууд Португалын шигшээг 2:1-ээр хожлоо

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 16-гийн буюу 1/8 шигшээгийн хоёр дахь тоглолт манай цагаар шөнийн 02 цагт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд Уругвай-Португалын шигшээ багийн халз тулаанаар үргэлжилж, уругвайчуудын /2:1/ ялалтаар өндөрлөв.

Энэ тоглолтын эхний гоолыг 7 дахь минутад довтлогч Саурес Луисын дамжуулалтаар довтлогч Кавани Эдисон Португалын хаалганд хийсэн юм. Харин тоглолтын хоёрдугаар хагасын 55 дахь минутад Португалын хамгаалагч Пепе, өөрийн хамгаалагч Геррейру Рафэалийн дамжуулалтаар тэнцээний гоолыг оруулсан.

Харин энэ гоолоос 7 минутын дараа буюу 62 дахь минутад дахин Кавани Эдисон, хагас хамгаалагч Бентанкур Родригогийн дамжуулалтаар хожлын гоол хийж Уругвайн шигшээ баг, португалчуудыг нутагт нь буцаалаа.

Тоглолтын сүүлийн хагасын 30 гаруй минутад португалчууд шургуу довтолгоо /нийт 20 удаа цохилт хийсэн/ хийж мэрийсэн боловч Уругвайн хаалганд бөмбөг оруулж чадаагүй юм.