Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын уран нугараачид “Аватар” үзүүлбэрээр гран при шагнал хүртэв

Монголын циркийн хөгжлийн төвийн найман уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртлээ.

Тодруулбал, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон юм.

Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Буриад, Монгол зэрэг орны циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлдөв.
Энэхүү наадамд эх орноо төлөөлөн Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран бүтээлчид оролцсоноос Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ шилдгийн шилдгээр шалгарч Гран при шагнал хүртлээ. Харин “Модерн цирк” төвийн нугараачид хоёрдугаар байр эзэлжээ.
Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүлэн, маргааш эх орондоо ирэх юм байна.
Дашрамд дурдахад, Монголын циркийн хөгжлийн төвийн Ц.Сэлэнгэ багшийн шавь нар нь Дю Солейн цирк болон дэлхийн алдартай циркүүдэд ажилладаг бөгөөд Санкт-Петербург хотын “Avtovo” циркийн анхны олон улсын фестиваль, Залевскийн цирк, Мантово хотод Италийн телевизийн наадам, Варшав, Красноярск, Итали, Латин, БНХАУ-ын циркийн олон улсын наадамд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаж байв.

Categories
мэдээ нийгэм

А СЕМ-ын төсвийн санхүүжилтээс завшсан этгээдүүддарга

АСЕМ-ын бэлтгэл ажилд 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт нэг тэрбум 957 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс 507.3 сая төгрөгийг АСЕМ-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулсан гэдгийг Үндэсний аудитын газраас тогтоосон байна.


“Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн тодорхойгүй байна

АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж БНСУ-ын олон улсын “Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн нь тодорхойгүй байгаа юм. АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын олон улсын “Койка” байгууллагаас нийт 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тусламжаар ирсэн гэнэ. Гадаад харилцааны яамны сайдын 2016 оны хоёрдугаар сарын 29-ний А/17 дугаар тушаалаар БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагаас ирэх буцалтгүй тусламжийн хүлээн авах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна. Гэвч уг ажлын хэсгийнхэн хөрөнгө хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг мэдээлэл Гадаад харилцааны яаманд байхгүй байгаа юм. Уг бүрэлдэхүүний ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон Гадаад харилцааны яамны АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Д.Баясгалан, Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Амарсанаа, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын тасгийн дарга хошууч Ж.Гантөмөр, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэндбаяр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлын удирдах газрын Орон нутгийн аэродром, инженерийн албаны дарга Г.Мөнхболд, Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Болорцэцэг, Гааль, татварын ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын байцаагч О.Мөнхзул, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, Монголын Зочид буудлуудын холбооны ажилтан Б.Содгэрэл нарын гишүүдтэй байжээ. Иймд “Койка” байгууллагын тусламжтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.

Томилолт нэрийдлээр АСЕМ-ын зардлаас завшжээ

Гадаад харилцааны сайд, мэргэжилтнүүд АСЕМ-ын үйл ажиллагаатай холбогдолгүй гадаад томилолтод 263.9 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг Үндэсний аудитын газраас нотлох баримттай тулган шалгажээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, сайдын туслах Г.Учралт нар 2015 оны есдүгээр сарын 9-нөөс сар орчим хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцохоор явжээ. Уг томилолтын сайдын зочид буудлын зардлыг нэг хоногт 5000 ам доллар, туслахын зочид буудлын зардлыг нэг хоногт 200-400 ам.доллараар тооцжээ. Гэтэл гүйцэтгэлээр сайдын зочид буудалд нэг хоногт 1500 ам.доллараар тооцон, 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөг илүү олгосон аж. Харин туслахын зочид буудлын зардлыг нийт 600 ам.доллар буюу 1.2 сая төгрөгөөр илүү олгосон аж. Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин нарын 2016 оны хоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардлыг Л.Пүрэвсүрэн 4.0 сая, Г.Амартүвшин 2.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн олгожээ.

Иргэн Д.Бат-Эрдэнэ АСЕМ-ын хөрөнгөнөөс 16.7 сая төгрөгийг завшсан байна

Ази, Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ойд зориулан хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” хөшөөг барьсан. Уг хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээхээр “АСЕМ”-ын Бэлтгэл ажлын албаны олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-ын тэргүүн А.Чадраабал нар 2016 оны наймдугаар сарын 2-нд гэрээ байгуулжээ. “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-д гэрээний дагуу Гадаад хэргийн яамнаас тус оны наймдугаар сарын 3-нд 500 сая, “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас уг уран баримлыг БНХАУ-аас оруулж ирэх гаалийн татвар 58.1 сая, бусад нэмэлт зардалд 22 сая төгрөг, нийт 580.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна. Уг хөшөөг Сүхбаатарын талбайн урд нүүлгэн шилжүүлэх ажилд “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” 88.6 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар “Шандаст хонгор” ХХК-д нийт 71.9 сая төгрөгийг олгосон байна. Мөн хөшөөний ажилтай холбоотойгоор иргэн Д.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүй 16.7 сая төгрөгийг бэлнээр олгосон байна. Ийнхүү “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон “Энхтайваны хонх” хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээж авсан акт, хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй байгаа юм. Тиймээс “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ, “Шандаст хонгор” ХХК болон иргэн Д.Бат-Эрдэнэ нарыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон гэнэ.

Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан 17 аж ахуйн нэгж зээл авчээ

АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад болон “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үеэр бас нэгэн асуудал гарчээ. Ингэхдээ нийт 275.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн дүн бүхий Хөгжлийн банкны үнэт цаасыг дотоодын арилжааны банкаар дамжуулан зургаан жил хүртэлх хугацаатай, жилийн дөрвөн хувийн хүүтэйгээр арилжаалж, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна. Үүний хүрээнд 17 аж ахуйн нэгжид зээл олгосон хэдий ч зээлийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн, эргэн төлөгдөх нөхцөлгүй зэрэг олон зөрчил илэрсэн аж.

Тодруулбал, “Скай Резорт” ХХК АСЕМ Вилла цогцолбор 125,000.0

Макс ложинг ХХК Рамада зочид буудал 2,500.0

Макс хотелс ХХК Холидэй Инн Улаанбаатар 24,496.1

Пума империал ХХК Империал зочид буудал 21,384.0

Хурд интернэшнл ХХК Foir Point by Sheraton 14,000.0

Сэлбэ плаза ХХК UB City зочид буудал 967

Хасэбэ-интернэшнл ХХК Цэцэг зочид буудал 1,612.5 Дүн 189,960.4

Голомт банк Чингис хаан цогцолбор ХХК Чингис зочид буудал 9,400.0

Дизайнер клуб ХХК Спрингс зочид буудал 303.1

Номадс Рэзиденс ХХК No­tel nine Ulaanbaatar 12,296.9 Дүн 22,000.0

Улаанбаатар банк Сити тоувер хотел ХХК City tower зочид буудал 11,320.0 Дүн 11,320.0

ХААН банк Амури Оргил ХХК Grand Hill зочид буудал 900.0

Премиум Палас Улаанбаатар Премиум Палас ХХК

Континснтал ХХК Континснтал зочид буудал 800.0

Хаан палас ХХК Кэмпински зочид буудал 729.0 Дүн 2,429.0

Төрийн банк Чингис хааны хүрээ ХХК Чингис хүрээ цогцолбор 6,500.0

Мика интерпрайз ХХК Мика зочид буудал 1,216.0 (сая.төгрөг)

Иймд дээрх 17 аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон гэв. Хөнгөлөлт зээл авсан компаниуд дундаас “Скай резорт” ХХК гэхэд энэ оны гуравдугаар сарын 19-ний байдлаар 125.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүд 23.8 тэрбум төгрөг төлсөн ба 95.1 тэрбум үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэлтэй гэх зөрчил илэрсэн байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Time Mashine” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Зураач С.Заяасайхан эх орондоо хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ “Time Mashine” нэртэйгээр ирэх долоодугаар сарын 1-5-нд “Q-Art Gallery”-д нээхээр болжээ.

Зураач С.Заяасайхан өмнө нь Тайваны Тайпэй, АНУ-ын Нью-Иоркд үзэсгэлэнгээ гаргасан төдийгүй эх орондоо “Зөгнөл мөрөөдлийн ертөнцдөө эгэхүй” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2017 онд зураач С.Заяасайханд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, түүний уран бүтээлээр дамжуулан монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдэг.

Сүүлийн 17 жил АНУ, Япон, Франц, Хонг Конг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр өдгөө Японд ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж байна.

Түүний бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын байцаагчийн нэрээр луйвар хийж байсан этгээдийг баривчилжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан удаа дараагийн хэрэг гарчээ. Тус этгээд нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ.

Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг байна.

Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг зөвлөж байна.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлстийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандана уу гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10.000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Шаардах бичигт:

-Монголын ард түмэнд Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх;

-Өмнөговь аймагт дагуул хотуудыг барьж байгуулах;

-Байгалийн гүний цэвэр усыг ашиглахгүй, саарал ус ашиглах технологийг нэн яаралтай хэрэгжүүлэх гэсэн 3 үндсэн шаардлага тавьсан байна.

Түүнчлэн Оюутолгой төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнг танилцуулахдаа ил тод, нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, иргэний нийгмийн төлөөллийн ажлын хэсгийн гишүүд О.Бум-Ялагч, Б.Жагар, А.Эрдэнэбаяр нарын санал дүгнэлтийг УИХ-д сонсгох, “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бээжин, Х.Оюунцэцэг, Г.Алтанцэцэг, Г.Нямдаржаа, Ц.Хандсүрэн, Ц.Өнөржаргал нарыг чуулганы хуралдаанд оролцуулах шаардлагыг тавьжээ.

Энэ үеэр тус хөдөлгөөний зарим гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. Иргэн Ц.Бээжин “Монгол төмөрлөг” нийгэмлэгээс гаргасан Оюутолгойн ордын нөөц, үнэ цэнэ, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний согог, үүссэн зөрчилт нөхцөл байдал, засаж сайжруулах арга замын талаарх саналыг тусгасан бичгийг мөн гардуулж өглөө.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Өнгөрсөн тавдугаар 23-нд миний бие захирамж гаргаж, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэний нийгмийн төлөөллийг аль болох түлхүү оруулах ёстой гэж үзсэн. Одоогоор Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн хүрээнд 200 гаруй хүн ороод ажиллаж байна.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцтай би байнга танилцаж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай уулзсан. Ажлаа шуурхайлах, дүгнэлтээ тодорхой гаргах, улмаар УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн.

Маш олон баримт бичигтэй танилцах, судлах, дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа учраас тодорхой цаг хугацаа шаардагдаж байгааг ойлгоорой. Энэ удаагийн хаврын чуулган хуулийн дагуу ирэх баасан гарагт завсарлах учраас хэлэлцэж арай л амжихгүй болов уу. Гэхдээ УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах болно. Та бүхний надад хүлээлгэж өгсөн эдгээр баримт бичгийг УИХ-ын гишүүдэд тарааж өгье. Хаана хаанаа нэгдмэл ойлголттой, нэг байр суурьтай байх ёстой гэж хэлэв.

Уулзалтын төгсгөлд хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Монголчууд бид эвтэй, нэгдмэл бодлоготой байх ёстой. Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгаас давсан хувийн компанийн эрх ашиг, нууц гэж байх ёсгүй. Таныг ард түмнийхээ талд бат зогсоно гэдэгт итгэж байна” гэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүдээс бохирдлын хэмжээ өндөр гарчээ

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, нмхг-ын Төв лабораторитой хамтран “Хар хорин” худалдааны төвийн гадна талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэдийн худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн болон худалдагчийн гараас арчдасын шинжилгээ авч, газар дээр шинжилгээний хариуг гаргаж бохирдол өндөр байгаа талаар Монголын үндэсний олон нийтийн телевиз, НD Монгол телевизээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлэн ажиллалаа.

    Categories
    мэдээ спорт

    Ө.Бат-орших, Э.Даш хоёр наадамд барилдана

    Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарын бөхчүүд өнгөрсөн жил сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, заал болон наадмын барилдаанд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.

    Харин тэд энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх тэдний гомдлыг хэлэлцэж, улсын цолтой бөхчүүд ялалт байгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээхээр болсон талаар тэдний өмгөөлөгч Я.Батханд ярьжээ.

    Тэрбээр “Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарын зүгээс барилдах эрхээ үндэслэлгүйгээр хоёр жилээр хасуулсан тул 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Шүүхэд хандсанаас хойш хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд Монгол Улсын шүүх хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, бөхчүүдийн /Ө.Бат-Орших, Э.Даш/ барилдах эрхийг үндэслэлгүйгээр хассан болохыг тогтоосон. Хоёрдугаарт, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ-нд даалгаж, цаашид уг бөхчүүдийн барилдах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан үйлдэл гаргахгүй байхыг даалгасан.

    Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд нөгөө талд давж заалдах эрх бий. Харин хууль бус шийдвэр гаргасан МҮБХ-ны тэргүүлэгчид давж заалдаагүй учраас 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Одоо гарьд, начин хоёр маань барилдахад ямар ч асуудалгүй болсон” гэжээ.

    Categories
    мэдээ нийгэм

    Авлигатай тэмцэх газраас энэ сард хийсэн ажлын тайлангаа танилцууллаа

    Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

    Авлигатай тэмцэх газраас 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчоор хүргэе.

    Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах буюу соён гэгээрүүлэх, мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр

    Олон нийтийн төвд “Авлигын эсрэг сургалт”-ыг 9 удаа зохион байгуулж, нийт 926 төрийн албан хаагчийг хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын байгууллагуудын санхүүгийн ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцсон 151 хүн, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 50 хүн, Батлан хамгаалах салбарын санхүүгийн асуудал хариуцсан 180 хүн, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл хийв.

    • Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх ажлын хүрээнд “Өөр ирээдүй” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
    • МҮОНТ-тэй хамтран ажиллаж “АТГ-ын мэдээлэл” нэвтрүүлгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч байгаа нийтлэг зөрчил дутагдал, АТГ-аас яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой тус бүр 10 минутын 5 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэв.
    • Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүүхэд, залуучуудад шударга ёс, зан чанарын талаар мэдлэг, ур чадвар олгох болон хариуцлагатай, ухамсартай, оролцогч иргэн болгон төлөвшүүлэх агуулгыг бага, дунд, ахлах ангийн Иргэний нийгмийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар БСШУСЯ, АТГ хамтран ажиллахаар тохиролцлоо. Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хандив, төлбөр хураамжийг хавтгайруулан хураах, зориулалтын бусаар зарцуулах, боломжгүй, гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй талаарх гомдол мэдээлэл АТГ болон Нийслэлийн боловсролын газарт маш их ирж байна. Түүгээр зогсохгүй ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан дураараа мөнгө хураах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах үзэгдэл газар авч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Иймд салбарын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм журмын зохицуулалтыг илүү тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АТГ болон БСШУСЯ, НМХГ хамтран ажиллахаар боллоо.
    • Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах зорилгоор яам, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд ажиллаж байна. Үүний хүрээнд хийгдэж буй зарим ажлуудаас дурдвал:
    • Нийслэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн 2018 оны баталсан төсвөөс “магадалшгүй ажил” гэж төлөвлөсөн 5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Нийслэл өөр дээрээ авч үлдсэн, нийт 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судлан үзэж байна.
    • “Эрдэнэс Монгол” ХХК нь 2017 онд 89 сая төгрөгөөр уул уурхайн цахим систем худалдан авсан гэх боловч зах зээл дээрх ханш нь 40 сая төгрөг байсан, мөн 2017 оноос хойш тус компани нь “Компани засаглалыг сайжруулах төсөл” боловсруулж санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас 35 сая долларын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр босгосон ба төслийн зөвлөхөөр ажиллаж буй гадаадын иргэдэд нэг жилийн хугацаанд 2 сая гаруй долларын цалин олгосон асуудлыг судалж байна.
    • “Монголросцветмет” ХХК-ийн 2017, 2018 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд хэрэгждэггүй, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаас болж компанийн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор томилогдоогүй, улмаар тус компанийн худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой Төрийн худалдан авах ажиллагааны системд вэб хуудас нээж хөтлөх эрх нь нээгдээгүй байна. Мөн төлөвлөгөөг ил тод зарлаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаагүй байхад урьдчилгаа төлбөр олгосон, харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг зөрчил бүхий нийт 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг судлан үзэж байна.
    • Налайх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах явцад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан. Тухайлбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо дүүргийн татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тамхины тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдээс тус тус гэрчилгээний үнэ гэж төлбөр төлүүлж байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамж гэж ажлын хэсэг үзсэн. Дүүргээс дээрх хууль бус хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар тогтсон.
    • Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас 2017 онд 7 аймаг, 2 яам, 3 агентлаг, 3 дүүрэг, 4 төрийн өмчит хуулийн этгээдийн 22 байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бодитой арилгуулах, улмаар таслан зогсоох, авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллагуудын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт хангуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

    Нийтийн албан тушаалтны ХАСХОМ, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгах чиглэлээр

    • Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2 албан тушаалтанд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. Цаашдаа НДЕГ-ын удирдлагууд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Энэ талаар АТГ-аас зөвлөмж, чиглэл хүргүүллээ.
    • АТГ 6 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 809 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, 809 иргэн төрийн албанд шинээр томилогдсон, албан тушаал дэвшсэн, ажлын байр сэлгэн болон шилжин томилогдсон гэж ойлгож болно. Энэ хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн олон ХАСУМ ирүүлсэн. Тэгэхээр эдгээр байгууллагуудад боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн илүү олон хийгдсэн гэсэн үг.
    • АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Зөвхөн сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар амралтын өдрийг оруулаад өдөрт 3 гомдол, мэдээллийг АТГ шийдвэрлэж байна гэж ойлгож болно. Яг одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Тэгэхээр АТГ-т иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийн тоо нэмэгдэж байна гэж үзэж болно, мөн тэр хэрээр АТГ-ын ажлын ачаалал их байгаа гэж дүгнэж болно.
    • Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Нийтийн албан тушаалтнууд энэ төрлийн зөрчлүүдийг илүү ихээр гаргаж байна.
    • Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдсон зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал Г.Саранцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй тул Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

    Мөрдөн шалгах ажлын чиглэлээр

    • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан. 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж байна.
    • АТГ энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. 34 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүллээ. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.

    Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

    • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь Компанийн тухай хууль, дүрмийг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
    • “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
    • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Р, Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
    • Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

    Прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

    • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл,
    • Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12 дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн байж болзошгүй үйлдэл,
    • “ТОСК” ТӨҮГ-т удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин 2015 оны 8, 9 дүгээр сард нэр бүхий компаниудад зээл олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэл,
    • Буянт-Ухаа спортын ордон төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компани буюу бэрийнхээ харуул хамгаалалтын компанийг хууль бусаар сонгон шалгаруулж давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлээд байна.

    Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

    • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал нь тус сумын Засаг даргыг огцруулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэг,
    • УБЕГ-ын харьяа Нийслэлийн бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн иргэн C-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдын эзэмшил рүү хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
    • “Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
    • МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар нийт 24 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

    Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн товч мэдээлэл:

    • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
    Categories
    мэдээ энтертаймент-ертөнц

    Ч.Очгэрэл яг түүн шиг шоуны найм дах дугаарын ялагчаар тодорлоо

    ochgerel“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг өчигдөр буюу ням гаригт найм дахь дугаараа үзэгчдэдээ хүргэлээ. Дугаарын ялагчаар Ч.Очгэрэл дуучин “Dua-Lipa”-г дуурайсан үзүүлбэрээрээ тэргүүлсэн юм. Шоу нэвтрүүлэг эхэлснээс хойш Ч.Очгэрэл анх удаа түрүүлсэн нь энэ байлаа. Тэрбээр “Шоуны уран бүтээлчдэдээ талархаж байна. Цаашдаа улам хичээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Дашрамд дуулгахад, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг арван дугаар гарсны дараа найман оролцогчдоос хоёр нь хасагдах юм. Үлдсэн зургаан оролцогч шоуны ялагчийн төлөө финалын шатанд өрсөлдөх аж.

    Categories
    мэдээ нийгэм

    Сайншандын 50 ортой төрөх эмнэлэг энэ онд ашиглалтанд орно

    САЙНШАНДЫН 50 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллалаа. Тэрээр он гарсаар 2 дахь удаагаа Дорноговь аймагт ажиллаж буй нь энэ юм. Аймгийн иргэдтэй уулзах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал Сайншанд сумын 50 ортой төрх эмнэлэг, Замын-Үүдийн 100 ортой эмнэлгийн барилга хэзээ ашиглалтанд орох талаар иргэд сонирхож асуусан юм. Сайд хариулахдаа Эдгээр барилгууд ямар учир шалтганаас товлосон цаг хугацаандаа ашиглалтад ороогүй ингэж олон жил зогсонги байдалд орсонтой миний бие энэ оны нэг сард танилцсан, УИХ-гишүүн О.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой мэдээллүүдийг авч, тухайн үед газар дээр нь шийдвэрүүдийг гаргасаны үр дүнд барилгын ажлууд одоо хэвийн явж байна. Замын-үүд cумын 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг 2018 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа талаар хэллээ.
    ДОРНОГОВЬ АЙМГИЙН
    НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЖ ӨГӨВ
    Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ЭМЯ-наас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байдаг түргэн тусламжийн автомашиныг олгож байна. Энэ удаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорнговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай фургон автомашиныг гардуулж өглөө. Тэрээр хэлэхдээ 2017 онд өмнөх сайдын үед нийт сумдын 50 хувьд автомашин олгосон. Үлдсэн 50 хувийг автомашинаар хангах ажлыг бид эрчитэй хийж байна. . Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Он гарсаар эрүүл мэндийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 20 гаруй түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.


    ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН
    СУУЛГАСАН ИРГЭДИЙН СПОРТЫН III ТОГЛОЛТ БОЛЛОО

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол энэ сарын 23 нд Сүхбаатарын талбайд боллоо.

    Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн зэрэг олон хүн оролцсон юм.

    Дэлхийн анагаах ухаан эрхтэн шилжүүлэн суулгах замаар хүний эрүүл мэндийг аврах, нөхөх чадварыг эзэмшээд 60 гаруй жил өнгөрч, эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн ажил амьдрал сэргэж, биеийн тамир спортоор хичээллэн амжилт үзүүлсэн жишээ цөөнгүй. Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдээс олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн хүмүүс ч төрөн гарсан байдаг.

    Анх 1978 онд Английн Уэссэкс мужид Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт зохион байгуулагдсанаас хойш олон улс орнууд дагах болж дэлхийн тоглолт нь 17 удаа зохион байгуулагджээ. Монгол Улсад Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт 2008, 2015 онд зохион байгуулагдаж байсан. Өнөөдөр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн спортын 11 төрлөөр явагдах юм.

    Манай оронд Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолтыг санаачлагчид нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэгчдийн нэг, нэрт мэс засалч, доктор, профессор Маурис Слапак болон Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Эрүүл мэндийн дэд сайд, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь юм.

    ГАЗАР ДЭЭР НЬ ЯВУУЛЫН
    ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
    “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлт боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, болон Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм. Ингэсэнээр алс хол эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсд газар дээр нь урьдчилан сэргийлэх , оншлох зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

    Явуулын тусламж үйлчилгээ үзүүлж буй цүнхэн дотор Зөөврийн ЭКГ буюу зүрхний цахилгаан бичлэг хийдэг аппарат, зөөврийн ЭХО, Даралт хэмжигч, цусан дахь сахар, холестерин хэмжигч, биеийн өндөр, жин хэмжигч, Samsung tablet, iPad, Зөөврийн компьютер, ДОХ, тэмбүү, хепатит Б, С, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд зэрэг багаж тоног төхөөрөмжүүд бий. Эдгээрийг ашиглан 3 жилийн хугацаанд 13000 гаруй хүнийг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, орон нутгийн болон алслагдсан эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн байна. Ингэсэнээр Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд чухал юм.

    2015 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн чиглэлээр 12 аймгийн 14 сум, 3 дүүргийн 3 хороонд, 2016-2017 онд 11 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүргийн 4 хороонд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд Баян-Өлгий Улаан хус, Ховд аймгийн Чандмань сум, Завхан аймгийн Баянтэс сумын, Нийслэлийн Багануур дүүргийн 2, 4-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн 21-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн 21-р хорооны, Хан-Уул дүүргийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд дээрхи төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд нийт 40 эмч, мэргэжилтнүүдэд чадавхижуулах 7 хоногийн сургалтыг хийгээд байна.