Categories
мэдээ нийгэм

Жуулчлалын салбарт брэнд үйл ажиллагаа “Hunnu Music Festival 2018” болно

Орчин үеийн хөгжим тэр дундаа шинэлэг өнгө төрхийг илэрхийлэгч залуусын хүсэн хүлээдэг олон улсын хөгжмийн “Hunnu Music Festival 2018” энэ сарын 29-нд Чингисийн морьт хөшөөт цогцолбор буюу Цонжин Болдогт болно.

Энэхүү фестивалийг “ON AD” agency, “Jenco Tour Bureau” ХК хамтран зохион байгуулж буй юм.

Тав дахь жилдээ болох тус шоу Монголын аялал жуулчлалын салбарт брэнд үйл ажиллагаа болж чадсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг фестивальд progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан DJ нараас гадна энэ жил урилгаар “The Black Eyed Peas” хамтлагийн дуучин Apl.De.Ap хүрэлцэн ирэх аж.

Реппер продюссер Apl.De.Ap нь 1995 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд соло сингл уран бүтээлээ 2012 оноос толилуулж байна. Тэрбээр 2013 онд “Voice of the Philippines” шоунд шүүгчээр ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Ариунболд: Нийлүүлэгчээ байнга сольдог нь бизнесийн хөгжлийг гацааж байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт боллоо. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд оролцож байна.

Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр чуулганы талаар “Мэргэжлийн холбоод, гадаад, дотоодын байгууллагууд хамтарсан баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа эхэлсэн. “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хууль, татварын багц хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Мөн татварын багц хуулиудын төсөл хэлэлцэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн уулзалт, форумыг зохион байгуулж байна. Эдгээр хууль батлагдан гарснааржижиг дунд бизнесийгдэмжих таатай боломжууд бүрдэх юм” хэмээн ярилаа.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн сан, сум хөгжүүлэх сангийн зээлүүд зорилтот эзэндээ хүрч чадахгүй байгаа талаар чуулганд ирсэн орон нутгийн төлөөллүүд дурдаж байлаа. Ховд аймгийн ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Ш.Нохойжав “Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэлийг дэмжих зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Мөн эдгээр зээл, төсөл хөтөлбөртэй холбогдуулан шийдвэр гаргахад иргэний нийгмийн болон, төрийн бус байгууллагуудыг оролцуулах шаардлагатай. Орон нутгийн хэмжээнд улсын төсвөөс болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн хөрөнгө оруулалт их байдаг. Манай аймгийн хувьд эдгээр зээл, хөтөлбөрүүд нийт бизнес эрхлэгчдийн ердөө таван хувьд хүрсэн байна. Зээл тусламж зорилтот бүлэгтээ хүрж байж улс орны эдийн засаг хөгжинө. Үүний тулд иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан шийдвэр гаргах хэрэгтэй. Манайд бол төрийн чиг үүргээ баримтлаад төрдөө ойрхон мэдээлэл авч чаддаг нь зээлд хамрагддаг. Энэ нь даамжирч цөөхөн хэдэн аж ахуй нэгж, үйлдвэр төрийн сангаас зээл авдаг уламжлал болон тогтоод байна. Үүнийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодыг оролцуулснаар өөрчлөх боломжтой. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулинд энэ талаар тусган, чиг үүргийг нь тодорхой болгоосой гэж хүсч байна” хэмээлээ.

Тус холбооны Сүхбаатар аймгийн салбар хороон дарга О.Батсайхан экспортыг нэмэгдүүлэх талаар “Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол зэрэг үзүүлэлтийг онцгой анхаарч эхлэвэл гадаадын зах зээлд экспортлох боломж байна. Энэхүү боломж нь төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд бий болох юм. Энэ чиглэлээр гадны орнуудтай хэлэлцээр хийж санамж бичиг ихээр батлагдаж байна. Санамж бичгүүдэд мэргэжлийн холбоодыг оролцуулж чадаж байна уу гэдэг учир дутагдалтай байна. Мэргэжлийн холбоодыг оролцуулснаар гадаадын зах зээл дэх эрэлтийг өсгөх, санамж бичгийгхэрэгжүүлэх арга замыг бий болгож чадна” гэв.

Бизнесээ тогтвортой хөгжүүлэх, амжилтад хүрэх талаар “Монгол базальт” ХК-ийн захирал Л.Ариунболд “Компани өөрөө ашиг олохын зэрэгцээ хамтрагчаа хөгжүүлж чаддаг байх нь амжилтад хүрэх боломжийг бий болгодог. Өөрөө ашиг олохоос илүү хамтарч ажиллаж байгаа компаниа хөгжүүлснээр чанар, стандартыг мөрдөж чаддаг юм. Томоохон төслүүд хэрэгжиж чадахгүй байдаг шалтгаан нь нэг талд илүү ашиг хүртэх сонирхол нь урт хугацаандаа өөрийнхөө нийлүүлэгчийг авч явах чадамжгүй болгодогтой холбоотой. Манай компани японы зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлохын тулд зургаан жил оролдсон. Хятадын 10 доллараар нийлүүлдэг бүтээгдэхүүнийг манайх нэг доллараар нийлүүлэе гэсэн ч аваагүй. Учир нь хөрөнгө мөнгөнөөс илүү нийлүүлэх бүтээгдэхүүн тогтвортой, чанартай, урт хугацаанд нийлүүлэх чадамжийг голчилон үздэг. Манайд энэ жишиг хэрэгждэггүй, нийлүүлэгчээ байнга сольдог нь бизнесийн хөгжлийг гацааж байна” хэмээн ярьсан юм.

Тус хэлэлцүүлгээр Олон улсын байгууллагууд болох “ЖАЙКА” компанийн засаглалын талаарх судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Судалгаанд түүврийн аргаар 500 компанийг хамруулсан. Эдгээр компаниудын 59 хувь нь компаний засаглалын зарчмуудыг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс 20 гаруй хувь нь компаний засаглалыг хэрэгжүүлдэг аж. Мөн нийт компаний 43 хувь нь өөрсдийн мэдээллээ вэб хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэдэг бол үүнээс гуравны нэг нь хөрөнгө оруулагчийнхаа мэдээллийг нийтэд хүргэдэг. Харин найман компани тутмын нэг нь вэб хуудсандаа үйл ажиллагааныхаа мэдээллийг хангалттай байршуулдаг гэсэн үр дүн гарчээ.

Компаний засаглалын талаарх ойлголт, мэдээлэл бизнес эрхлэгчдэд дутмаг байна хэмээн судлаачид хэлж байв. Компаний засаглалыг оновчтой хэрэгжүүлснээр менежмент сайжирч, санхүүжилтийн нөхцөл мөн сайжирдаг талаар мөн танилцуулсан юм. Хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг учир компаний засаглал хөгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөгөөг тус судалгааны байгууллагаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өгсөн юм.

Э.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкт малыг эрүүл эсэхийг ээмэг хэлбэрийн чипээр хянадаг

Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” сэдэвт олон улсын бага хурал болов. Блуй скай зочид буудалд ХХААХҮЯ-ны оролцоотой Америк-Монголын хамтарсан Жарвис Монгол, Хятадын Хуавей, Монголын Аригү Грүо компаниуд хамтран зохион байгуулж, дотоод гадаадын ХАА-н болон бизнесийн салбарынхан хуралдав.

“Эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан малын эрүүл бүс байгуулах” сэдвээр Жарвис Монгол компанийн ерөнхий менежер Э.Ууганбаяр илтгэл тавилаа. Тус илтгэлд “Монгол малчид тоонд анхаараад чанарыг хайхрахаа больжээ. Монголчууд 300-450 мянган тонн махыг жилдээ хэрэглэдэг. Махныхаа 12.7 хувийг л үйлдвэрийн аргаар нядалдаг. Мөн мал төхөөрөх 48 үйлдвэр, дулааны аргаар боловсруулах 60 гаруй үйлдвэр байна. Эдгээр нь хүчин чадлынхаа 2-10 хувийг л ашигладаг. Мал бэлтгэл, эрүүл ахуйн доголдолтой. Махны чиглэлийн таваарлаг мал Монголд цөөхөн. Мал бэлтгэн хангах суваг манайд хөгжөөгүй. Нэг газар өвчин гарахад уг бүс нутаг тэр чигээрээ өвчний голомт болдог. Энэ нь бидний экспортын чадамжийг маш ихээр боож байгаа. Тиймээс таван бүст ангилан малаа эрүүл өсгөж үржүүлэх төсөл боловсруулсан. Үүнд: Эрүүл бүс буюу мал бордох, махны үйлдвэрийн, тэжээл боловсруулах, бэлчээрийн, сургалт болон оффисийн бүс гэж ангилсан. Махны үйлдвэрийн хөгжил нь үйлдвэр баригдаад зогсох асуудал биш. Үйлдвэрээ бариад мал бэлтгэлийн системтэйгээ хамтран явах шаардлагатай. Үүнд мал бордох систем их чухал. Сүүлийн үеийн шинэчилсэн техник болох чип суулгах арга нь малыг хаана явааг мэдэгдэх бүрэн боломжтой. Мөн биеийн дулааныг байнга хянадаг. Хэрэв мал ямар нэгэн халдварт өвчин тусвал чип нь биеийн дулааныг хянах учир урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа. Энэ нь өвчнийг тархахаас өмнө арга хэмжээ авах, сэргийлэх боломжийг нээж өгч байгаа хэрэг” гэсэн юм.

Харилцан туршлага солилцох зорилгоор АНУ-аас уригдан ирсэн ковбое Марк Арчибалд ярихдаа “Би малаа Казакстан Орос руу экспортлодог. Малаа хаана бэлчиж байгаа, эрүүл эсэхийг чипээр хянаж мэддэг. Энэ програм нь энгийн ээмэг маягаар хийгдсэн. Давуу тал нь хариулж байхдаа ээмгийг хараад таних бүрэн боломжтой. Програмын тусламжтай тэжээлийн холимогийг бас гарган авч болдог. Бидний зохион бүтээсэн төхөөрөмж малын аюулгүй байдлыг хангасан, гэмтээхгүй, стресдүүлэхгүй аргыг хэрэгжүүлсэн. Хүн хэрэглэхэд ч хялбар, аюулгүй. Манай фермер дороосоо халдаг системтэй. Бидэнд эрүүл бүс, мал бордох бүсчлэлийн схемийг гаргаж өгдөг сервис үйлчилгээ байдаг. Өдөр бүр малдаа цэвэр ус өгдөг. Малын усны савыг байнга угаадаг. Нэг л өдөр усны савыг цэвэрлээгүй байвал жингийн нэмэгдэл 12 хувиар буурдаг. Энэ сав нь цахилгаанаар халдаг. Өвөл хөлдөхгүй технологиор шийдсэн” гэв. Тэрээр малдаа хэрэглэдэг техник технологиудыг нэгбүрчлэн зураг дээр тайлбарласан юм.

Мал залуу байх тусам маханд байх ашиг шим нь их байдаг. Хүний биед хэрэгтэй уураг, амин дэм нь их. Хүнсний хэрэгцээнд тохирохуйц зөөлөн, шим тэжээлтэй байх үед нь хэрэглэх нь зөв гэнэ. Бэлчээрийн малын мах нь хордлого тайлах үйлчилгээтэй. Биед хэрэгтэй ашиг шимийг хүртэхийн тулд малын эрүүл бүсийг тогтоож эрүүл өсгөх нь хамгийн чухал асуудал болоод байна хэмээн зөвөлгөөний үеэр яригдаж байв.

Categories
мэдээ спорт

ДАШТ-2018 өнөөдрийн хуваарийг танилцуулж байна

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрөөс эхлэн хэсэг бүрийн гурав дахь тоглолт эхэлнэ. Одоогоор зарим хэсгээс шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорч эхэлсэн бол Испани, Португал, Аргентин зэрэг багууд хүнд байдал байгаа юм.

Өнөө шөнө ‘А’, ‘В’ хэсгийн тус бүр хоёр тоглолт болно.

‘А’ хэсгээс ОХУ, Уругвай хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан. Хоёр багийн өнөөдөр хэсгээ тэргүүлэхийн төлөө өрсөлдөнө.

А хэсэг:

  • ОХУ – 6 оноо (2 хожил)
  • Уругвай – 6 оноо (2 хожил)
  • Египет – 0 оноо
  • Саудын Араб – 0 оноо

Харин ‘В’ хэсэг сонирхолтой өрнөж байна. Энэ хэсгийн сүүлийн хоёр тоглолт маргааш өглөө болно. Испани-Морокко, Иран-Португал. Хэрвээ Иран Португалыг хожвол хасагдах шатанд өрсөлдөх боломж байгаа. Тиймээс өнөө шөнийн тоглолтын үр дүнгээс цааш өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно.

В хэсэг:

  • Испани – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Португал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Иран – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  • Марокко – 0 оноо (2 хожигдол)

Тоглолтын хуваарийг хүргэе.



Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас шаардлага хүргүүллээ

Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлтийг эсэргүүцэн, УИХ –ын дарга, МАН –ын бүлгийн дарга, АН –ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлжээ.

УИХ–аас 2015 онд “Захиргааны ерөнхий хууль” –ийг баталсан нь төрийн ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлсэн, захиргааны үйл ажиллагааны нэгдсэн стандартыг тогтоон шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог баталгаажуулсан, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад ахиц гаргасан. Гэвч Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төв болон төрийн захиргааны бусад байгууллагад хууль үйлчлэхгүй тухай нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас санаачилж, өргөн барьсан байна.

Шаардлага хүргүүлэх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлав.

Нэг. Засгийн газрын дур зоргоор авирлах боломжийг хязгаарласан, Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг баталгаажуулсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өөртөө хэмжээгүй эрх олж авахаар санаархаж байгаа нь хууль тогтоох байгууллагын эрх мэдэлд халдаж буй бүдүүлэг алхам гэж үзсэн.

Хоёр. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээс татгалзаж байна гэж үзсэн.

Гурав. Монгол Улсын иргэн бидний Үндсэн хуулиар олгогдсон ;… эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх” баталгаат эрхийг үгүйсгэж буй учир.

Дөрөв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.7 –д Засгийн газрын “улс төрийн шийдвэр гаргах” үйл ажиллагаанд уг хууль үйлчлэхгүй, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 –д уг шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй талаар тодорхой хууль зүйн зохицуулалт байгаа учир.

Хэрэв дээрх нэмэлт өөрчлөлтийг УИХ хүлээн авбал Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа зөрчихийн зэрэгцээ, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох нөхцөлийг бүрдүүлж, сонгуулийн амлалтаасаа ухрахад хүрэх болно. Тиймээс УИХ –ын бүрэн эрхэд халдахаар завдаж буй энэ увайгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна гэжээ.

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас гадна нийт 20 гаруй эвсэл холбоо, 200 гаруй төрийн бус байгууллагууд мөн орон нутгаас Баянхонгор, Архангай, Орхон гэх зэрэг аймгууд тэдэнтэй санал нэгдэж эсэргүүцэх хүсэлт ирүүлcээр байна.

Энэхүү эсэргүүцэлд нэгдсэн Хүний эрхийн форумын төлөөлөл Г.Уранцоож хэлэхдээ “МАН-ын мөрийн хөтөлбөрийн урианд “Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” гэсэн байдаг. Бид хамтдаа гэдэг нь ардчилал, иргэдийн оролцоо, иргэний хяналт юм. Иргэний хяналтыг бодитойгоор хэрэгжүүлэх механизм нь захиргааны хэргийн шүүх юм. Энэхүү шүүх нь төр эрх мэдлээрээ давамгайлж, дарангуйлж, иргэдийнхээ эрх ашгийг хохироохоос хамгаалах чухал байгууллага. Гэтэл захиргааны байгууллагуудыг хянах гэсэн заалтыг байхгүй болгочихвол энэ иргэдийн оролцоо маань хаачих билээ. Засгийн газар болон гүйцэтгэх эрх мэдлийн бусад байгууллагуудын шийдвэр захиргааны шүүхээр хянан хэлэлцэгдэх боломжийг ийнхүү нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлаж байгаа нь захиргааны шүүхийн ажлын 70-80 хувийг байхгүй болгож байгаагаас ялгаагүй” гэж ярив.

Н. ЭНХТЭНГЭР

Ц. УЯНГА

Categories
мэдээ нийгэм

​Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдсээр байна

“Мансуурлын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэлхий дахинаа мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь ихсэж, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл ихсэх болсон. Иймд НҮБ-ын байгууллагын санаачлагаар 1989 оноос эхлээд жил бүрийн зургадугаар сарын26-ны өдрийг “Мансууруулах эм , сэтгэц идэвхит бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, олон улсын өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Энэ жилийн хувьд “Эхлээд сонсъё- Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна. Монгол Улсад мансууруулах бодисын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, сануулах, энэхүү уриаг хэрэгжүүлэх зорилготой юм.

2016 оны НҮБ-ын Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тайланд, дэлхий дахинд 15-64 насны мансууруулах бодис хэрэглэдэг 200 сая гаруй хүн байдаг. Үүнээс29 сая хүн мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний 1/6 нь эмчилгээнд хамрагддаг. Мөн мансууруулах бодис хэрэглэгчдийн 1.5-1.6 сая нь ХДХВ/ДОХ болон вирус гепатит С- ээр халдварлагдсан байна.

Монголд НЭМГ болон бусад байгууллагатай хамтарч хийсэн 2010 оны “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаарх нийт судалгаанд хамрагдагсадын: 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн.

Мөн 2012 онд хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Нийгмийн Эрүүл Мэндийн Газар/НЭМГ/, Сэтгэцийн эрүүл Мэндийн Үндэсний Төв/СЭМҮТ/ болон бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах бодис хэрэглэгч 100 хүний дунд хийжээ. “Мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис хэрэглэгчдийн хэрэглээ, тэдний мэдлэг хандлага, хор уршгийн талаарх тандалт судалгаа”-ны үр дүнд хэрэглэгчдийн 56 хувь нь нь 16-25 насандаа анх мансууруулах бодис, эм хэрэглэж эхэлсэн. Энэ нь залуучуудын дунд мансууруулах бодис , эм бэлдмэл зонхилж байгааг уг судалгааны тайлан харууллаа.

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Мансууруулах бодистой ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүсээс экпертиз явуулахад 2011 онд 11 хүн, 2015 онд 90 хүн, 2016-139 хүн байсан бол, 2017-239 хүн болж нэмэгдсэн” гэв.Мөн өсвөр насны хүүхдүүдийн мансуурч байгаа дийлэнх шалтгаан нь “Найз нөхөдтэй болох гэж” гэсэн хариултууд байсан ажээ. Иймд нэгдүгээрт хэн нэгэн эрсдэлтэй санал тавихад “Үгүй” гэж хэлж сурах, хоёрдугаарт эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, ярилцах нь үр дүнтэй гэсэн юм.

ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр “Эхний таван сарын урьдчилсан байдлаар хар тамхитай холбоотой 84 гэмт хэрэгт 186 хүн одоогоор шалгагдаад байгаа бөгөөд 40 хувь нь 18-35 насны, 11 хувь нь 18 хүтэлх насны хүмүүс. Мөн ОХУ, Хятад улсаас хар тамхи, мансууруулах бодис ихэвчлэн зөөвөрлөдөг. Мансууруулах бодис зөөвөрлөх гол шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой” гэж тэрээр хэлсэн юм. Мансууруулах бодис зөөвөрлөгчдийн ихэнх нь амьжиргааны түвшин доогуур, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс бол, хэрэглэгчдийн хувьд чинээлэг айлын хүмүүс зонхилж байна. Харин зарж борлуулдаг хүмүүс ихэвчлэн амьжиргааны дундаж түвшинтэй хүмүүс байдаг гэнэ.

Дашрамд иргэдэд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийг ухуулан таниулах зорилготой СЭМҮТ, ЦЕГ, “Эрхэм инээмсэглэл” ТББ-тай хамтарч хийсэн “Амьдралын өнгө” нэртэй богино хэмжээний кино үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Ц.УРАНБОЛОР

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдөр зам тээврийн ослын улмаас таван хүний амь эрсэджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 537 дуудлага хүлээн авснаасзам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 24 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын Давааны замд “Landcruiser-100” маркийн автомашин онхолдож жолооч 29 настай эмэгтэй А, 52 настай эмэгтэй С-ийн амь нас хохирч, зорчигч 3 хүн гэмтсэн.

Орон нутагт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг асфальтан замд Номгон гэх газар улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл онхолдож жолооч А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 18 осол, онхолдох хэлбэрээр1 осол бүртгэгдсэн байна.

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 зөрчлийг илрүүлсэн бөгөөд үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас осолд өртөж, холбогдсон явган зорчигч 4, жолооч 1 байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хүчирхийлэгчдийг хар жагсаалтад оруулж, мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардав

Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт муугаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл өнгөрсөн жилээс 70 хувиар өссөн хэмээн өнөөдөр МҮЭСТО-нд болсон “Хүүхдэд хайртай монгол” хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч А.Батсүх онцлов.

Мөн тэрбээр “ЦЕГ-аас хүүхдийн эсрэг үйлддэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаа боловч эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал халамжгүйгээс хүүхэд хүчирхийлэлд өртөх, дээрэм, хулгай, танхайн хэрэгт холбогдох нь ихэссээр байна. Энэ оны 5 дугаар сарын байдлаар нийслэлд 1060 гаруй хүүхэд гэрээсээ төөрч алга болсон. Эдгээр хүүхдийг гэр бүлд нь эрүүл саруул хүлээлгэн өгсөн боловч дахин төөрөх, зугтах асуудал гарсаар л байна. Хүүхдийн эсрэг үйлддэг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл, сурган хүмүүжүүлэгчид анхраалтай байж, тэдэнтэй ярилцаж, тэдний юу хүсч мөрөөдөж буйг цаг зав гарган сонсох хэрэгтэй байна” гэв.

НЗДТГ, “Эх орон бүтээн байгуулалтын танхим” ТББ хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд иргэд, эцэг эх, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөгөө өгсөн юм.
Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэрээсээ дайжих, эцэг эхдээ хаягдах, төөрөх зэрэг асуудал ихсэх болсон нь эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч, олон нийтийн анхаарал халамж, хараа хяналт сул байгааг харуулж байна. Тиймээс тэдний идэвх оролцоо, үүрэг хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэхийг хэлэлцүүлгийн үеэр онцгойлон анхааруулж байв.
“Хүчирхийлэгч багш нарт ногдуулдаг хариуцлага хэтэрхий хөнгөн, ажлаас нь халах юм уу торгоод өнгөрдөг. Гэвч тухайн багш ажлаа солиод дахин хүүхэд хүчирхийлдэг. Хүүхдийг хоолоо идсэнгүй гэж алгадсаар байгаад чихийг нь гэмтээсэн, ам руу нь аалз хийсэн зэрэг аймшигтай хэрэг гарсаар байхад чимээгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн жил 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж, үүний улмаас 127 хүүхэд амь насаа алдсан, бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байсан. Хүүхэд хүчирхийлдэг, эрхэнд нь халддаг этгээдүүдийг хар жагсаалтад оруулж, тэдний мэдээллийг олон нийтэд ил болгомоор байна. Ингэснээр цаашид хүүхэд хүчирхийлэгч этгээдийг олон нийт таньж, энэ хэргийн гаралт буурах болно” хэмээн хэлэлцүүлгийн зохион байгуулагч, сэтгүүлч С.Хүрлээ хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Автомашины хүүхдийн суудал худалдаж авснаар гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

Монгол улсын хэмжээнд 2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд хохирчээ. Үүний 55 тохиолдол нь зам тээврийн ослын улмаас нас баржээ. Эцэг эхчүүд зориулалтын суудал хэрэглэдэггүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөж бэртэж гэмтэх улмаар нас барах тохиолдол буурахгүй байгаа. Яагаад хэрэглэдэггүй талаар эцэг эхчүүдийн дунд судалгаа хийхэд “Хэт үнэтэй” гэх хариултыг өгчээ. Тиймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан хувийн хэвшлийн компаниудтай хамтарч,автомашины хүүхдийн хамгаалалтын суудлыг хямдруулан 63 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. Мөн эцэг эхчүүд зориулалтын суудал худалдаж авснаар хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэг жил үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

Ирэх наймдугаар сарын дундаас эцэг эхчүүд хямдралтай үнээр хүүхдийн суудал худалдан авч болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

​АТГ: С.Баяр, Ч.САйханбилэг нарын хэрэг шалгалтын шатандаа явж байна

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, энэ оны зургадугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээллээ. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.

– Хууль зүйн сайдыг АТГ-т шалгуулах хүсэлтийг өмгөөлөгчид гаргаад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

10 минутын өмнө тус өргөдлийн талаар мэдээлсэн. Бид өргөдөлтэй танилцсаны дүндшалгалтаа эхлүүлээд байна.

– С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийн нэмэлт мэдээлэл байна уу?

– Хэрэг шалгалтын шатандаа явж байна. Өргөн хүрээг хамарсан хэрэг тул хугацаа их шаардагдаж байна. Хэн нэг албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт, шаардлагаар аливаа хэрэг, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэж байхгүй. Бид шаардлагатай баримт, бичгүүдийг цуглуулж, шалгалт хийдэг. Хүний гэм буруутай, буруугүй гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах, эсвэл цагаатгах нотлох баримтыг прокурорын хяналт дор цуглуулдаг. Энэ чиг үүргээ биелүүлж, хуульд заасан ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

– АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотой 17 албан тушаалтныг АТГ-т шалгаж байна гэсэн мэдээлэл байгаа ч нэр нь тодорхойгүй байна. Тэдгээр хүмүүсийн нэрийг зарлах боломжтой юу?

Шинээр мөрдөгдөж буй хуульд “Хэрэг мөрдөлтийн шатанд байгаа тохиолдолд ААН, байгууллага, хүний нэрийг гэм буруутай нь тогтоогдохоос наана дурдаж болохгүй” гэж заасан.Харин шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдвол бид эдгээр хүмүүсийн нэрийг зарлах болно. АСЕМ-тай холбоотой асуудалд хэрэг нээн, мөрдөн шалгасан. Мөн төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн шалгасаар байна.

– УБТЗ-ын даргаД.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлт гаргасан гэсэн. Энэ үнэн үү?

– Шинэ хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлдэг болсон. Прокурор үзээд мөрдөн байцаах явцад цугларсан нотлох баримтаас яллагчаар татах нотлох баримт цугларсан гэж үзвэл тогтоол үйлддэг. Тогтоолыг хүлээн авснаар тухайн хүндээ танилцуулж, байцаалтын үйл явц үргэлжилдэг. Прокурорт хүргүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтаар яллагчаар татах хүсэлтийг хүргүүлсэн. Зарим тодорхой зүйлийг нэмж хийх шаардлагатай гэж үзэн буцаасан.Тиймээс нотлох баримтуудыг дахин шалгаж, прокурорт хянуулж байна.

– Нийслэлийн архивын газрын даргыг яагаад шалгахгүй байна вэ?

– Нийслэлийн архивын газрын даргааражиллаж буй албан тушаалтантай холбоотой гомдлыг хүлээж авч шалгасан. Шалгалтын ажиллагаагаар энэ хүний буруутай нь тогтоогдоогүй тул хэргийг хаах хүсэлт прокурорын газарт шилжүүлсэн.

– Албан тушаалтан авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээж авч шалгаснаас хойш ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ? Тодорхой хуулийн хугацаа заасан байдаг уу?

– 2017 оны VII сарын 01-ээс хойш мөрдөж байгаа хуулиар иргэдээс ирсэн гомдлыг хууль хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүрэгтэй албан хаагчид тав хоногийн дотор хүлээж авч, урьд өдөр нь шийдвэр гаргана гэж заасан. Манайд ирж буй мэдээлэл өргөн цар хүрээтэй, шалгуулах асуудал ихтэй байдаг. Аймаг, орон нутгаас гомдол их ирдэг боловч тухайн орон нутагт АТГ-ын албан тушаалтан, төлөөлөгчид байдаггүй. Иймээс тав хоногт шалгах бололцоо тун бага байдаг.

– 60 тэрбумын хэрэг юу болсон бэ?

Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь олдоогүйгээс гадна тус бичлэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа. Шинжээчид интернетэд тавигдсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн бичлэгийн эх хувь олдоогүй. Эдгээр дүгнэлтэд үндэслэн Прокурорын байгууллага дүгнэлтээ гаргасан байдаг.

– Г.Баянмөнх аваргаас ирсэн бөхчүүдийн допингийн асуудал яаж шийдэгдсэн бэ?

– “Допингийн эсрэг үндэсний төв”-ийхнийг авилгал авсан хэмээн гомдол ирүүлсэн. Гомдлын хүрээнд тус хэргийг шалгаж байна.

Э.АНУДАРЬ