Categories
гадаад мэдээ

ДАШТ-ийг үзэхээр 5000 км замыг дугуйгаар туулж буй залуу

Гэрэл зурагчин мэргэжилтэй, хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч 24 настай Мохамед Нуфал сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаагаа ДАШТ-ий шилдэг 32-т шалгарч үлдсэн улсынхаа шигшээ багийг дэмжихийн тулд дугуй унан Орос улсыг зорьжээ. Одоо тэрбээр Беларусь улсад явж байгаа юм. Ойрын өдрүүдэд Смоленскийн районоор дамжин Оросын хилээр нэвтрэхээр төлөвлөж байна.

Нуфал дөрөвдүгээр сарын долоонд Каир хотын Тахрирын талбайгаас аяллын гараагаа эхлэхэд нь түүнийг ээж нь үдэн гаргаж өгчээ. Тэрбээр тавдугаар сарын 31-нд Орост очихоор төлөвлөж байсан боловч замд дугуй нь эвдэрсэн байна. “Энэ бол ДАШТ-ийг үзэх гэсэн зүгээр нэгэн аялал биш ээ. Шинэ газар орон үзэх боломжийг надад хувь тавилан олголоо. Зөвхөн тэмцээн үзэх зорилготой байсан бол би онгоцоор явах байлаа” хэмээн Нуфал ярилаа.

Мохамед бол нэлээд туршлагатай аялагч аж. “Орос руу аялах тухайгаа гэрийнхэндээ хэлэхэд тэд маш их баярлаж, намайг дэмжсэн. Өмнө нь би 2017 онд Габон улсад болсон Африкийн цомын тэмцээнд шигшээ багаа дэмжихийн тулд таван улсын нутгаар дамжин 90 хоног дугуйгаар аялж байсан” гэж тэрбээр дурсан ярьсан юм.

Нуфал эх орноосоо гараад Иордан улсын нийслэл Амман хотод иржээ. Цаашаа Сириэр дамжин явах ёстой байсан боловч тэнд нөхцөл байдал түгшүүртэй байгаа учраас Болгарын Софи хот руу онгоцоор ниссэн байна.

Хэдийгээр бэлтгэлээ сайтар хангасан боловч Украины хил дээр очих үед нь визний асуудал үүсч, аяллыг нь золтой л тасалдуулсангүй. “Би өдөрт дунджаар 80 км замыг туулж байсан. Миний хувьд аяллынхаа маршрутыг өөрчилнө гэдэг л маш хэцүү байлаа. Визний асуудлаас болж Украины нутгаар дамжин явж чадсангүй. Иймээс хэсэг хугацаанд Бухарестад саатахад хүрсэн. Ингээд Бухарестаас Беларусь улсад онгоцоор нисч очоод тэндээс аяллынхаа сүүлчийн үе шатыг эхэлсэн “хэмээн Мохамед ярилаа.

Аялах явцдаа тэрбээр мөнгөө хэмнэхийг хичээж байсан хэдий ч энэ нь түүний спортын сонирхолтой л холбоотой гэнэ. Аяллын зардал нь 20 мянга орчим ам.доллар болох төлөвтэй байсан боловч бодит байдал дээр хамаагүй хямд тусчээ. Учир нь, ихэнх улс оронд египет залууг хүндэтгэн угтаж, хоноглох газар олж, хоол хүнсээ базаахад нь хүмүүс түүнд тусалж байв. Хүмүүс гэр орондоо урьж байснаас гадна тэрбээр радио, телевизэд зочилжээ.

Мохамед 7-ны өдөр Москвад ирэх ёстой. Гэхдээ түүний аялал үүгээр дуусахгүй юм. Тэрбээр 15-нд Екатеринбург хотод болох Египет-Уругвайн хэсгийн тоглолтын тасалбарыг худалдан авснаас гадна Москва, Санкт-Петербург, Волгоград, Грозный хотуудад очих ажээ.

Уругвайчуудаас гадна Оросын шигшээ баг /19/VI/, Саудын Аравийн шигшээ баг /25/VI/ нь египетчүүдийн өрсөлдөгчид билээ. “Харамсалтай нь, би Оросын багийн талаар бараг мэдэхгүй. Гэхдээ Оросын хөлбөмбөгчид шилдэг 16-д үлдэх эрхийн төлөөх тоглолтод Египетийн багтай маш ширүүн өрсөлдөх нь ойлгомжтой” хэмээн Мохамед ярилаа.

Тэрбээр Египетийн шигшээгийн тоглогчдын хамт тусгай нислэгээр эх орондоо харихаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банк авто замын чиглэлээр дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ.

Хотын гудамж, зам, гүүр, уулзвар зэргээс бүрддэг авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент тааруу мөн урт хугацааны төлөвлөлт дутагдалтай байснаар хотын авто замын сүлжээний завсар, арчлалтын хязгаарлагдмал төсөвтэй Нийслэл хотоос иргэдэд хүргэх авто зам, тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж байна. Мөн одоо ашиглаж буй авто зам, тээврийн дэд бүтэц гэнэтийн үер, шуурга, өвлийн улиралд авто замын мөстөлт зэрэг цаг ууртай холбоотой аюулт үзэгдэлд өртөмтгий байгаа нь хотын зам тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хотын авто замын хөрөнгийн ангилал, үндсэн мэдээллийг агуулсан хөрөнгийн тооллого, бүртгэлийн системийг бий болгоход Дэлхийн Банкнаас Нийслэлд туслалцаа үзүүлнэ. Мөн Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтай авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн төлөвлөгөөний эхний үе шатыг боловсруулахад туслах аж.

Уг төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах, дасан зохицох чадавхийг сайжруулахад нэн тэргүүнд шаардлагатай засвар, арчлалтыг хийхэд чиглэсэн хотын авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө байх юм байна. Эцэст нь улсын болон хотын засаг захиргааны авто зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, арчлалтыг хариуцсан албаны хүмүүст хөрөнгийн судалгаа, хөрөнгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр сургалт явуулах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“АА койн” цахим мөнгийг танилцуулав

Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн компани болох “MCC клауд” ХХК-ийн шинээр гаргаж буй “АА койн” цахим мөнгөний танилцуулга өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтад Азийн шилдэг цахим мөнгө гаргагчид болон олборлогчид оролцож, байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн MCC клауд ХХК-ийн Ерөнхийлөгч Рен Мин Е болон гүйцэтгэх захирал Танг Чин Хай, Цахим мөнгөний арилжааны платформ хариуцсан захирал Шин Пенг, Avex ХК-ийн ТУЗ-ийн дарга Фунаки Юкихиро, КМЖ стандарт ХХК-ийн гүйцэтгэх захирал Такахаши Акихиро нарын хүмүүс оролцлоо.

MCC клаудын гаргаж буй цахим мөнгөн нь койн хоорондоо гүйлгээ хийх мөн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийгдэх боломжтойгоороо онцлогтой аж. “АА” цахим мөнгийг нийт хоёр тэрбум олборлох бололцоотой юм. Энэхүү койныг дан ганц улс бус томоохон гүрнүүд хамтарч байгаа нь эрсдэл багатайг харуулж буй аж. Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо энэ оны гуравдугаар сарын 20-нд албан ёсоор байгуулагдсан байна. Холбооны ерөнхийлөгчөөр Д.Батбаяр ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг ойлголттой байдаг

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энд зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн асуудал яригдаж байгаа юм биш. 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энд 12 мянган айл өрхийн орон сууц баригдах байсан ч, арван жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аравхан хувьтай хэрэгжсэн байна. Түүнчлэн энэ хавийн айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийн сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг арай өөр төвлөрсөн орчинд явуулах газрыг бүрдүүлнэ. Энэ оны нэгдүгээр улиралд батлагдсан тогтоол шийдвэрийн дагуу ажлаа явуулж байна. Энд олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон. Үйлдвэрүүдийг үйлдвэр технологийн парк руу шилжүүлнэ. Тиймээс төмөр, чулуу, шохой, будаг, модны үйлдвэрийг Үйлдвэр технологийн паркид үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс зам, дэд бүтцийг шийдэж байна. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, төвлөрсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Бизнес эрхлэгчдийг хөөж туусан асуудал байхгүй. Бид газрыг нь гаргаж өгч байгаа. Улаанбаатар хотын баруун, зүүн, зуслангийн чиглэлд тараад үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Хотын зүгээс түрээс төлөхгүйгээр газраа эзэмшиж, өмчлөөд үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгч байна” хэмээн ярилаа.

НМХЕГ-ын ажилтан н.Даваацэрэн хэлэхдээ “НМХЕГ-аас 100 айл орчимд хяналт шалгалт хийж, гурван төрлийн зөрчил илрүүлсэн. Автозамын зорчих хэсэгт буюу нийтийн эзэмшлийн талбайд худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжүүд олон байна. Автозамын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй нийт 37 ТҮЦ, павилон бий. Мөн 70 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас чулуу болон төмрийн 26 үйлдвэр байна гэсэн тооцоо гарсан. Харин ил задгай худалдаа эрхлэгчдийг шаардлагын дагуу нүүлгэсэн. Нийслэлийн газрын албатай хамтран 46 байгууллагад өмчилсөн болон эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг тавьж байгаа. Суурьшлын бүсэд хориглосон үйлдвэрлэл явуулж байгаа зөрчил их бий. Тухайлбал, чулууны үйлдвэрлэл явуулж байгаа нь тоос шороо ихээр үүсгэж байна. Мөн төмөр, мод модон бүтээгдэхүүний цехүүд болон хаалга цонхны үйлдвэрүүдэд суурьшлын бүсэд явуулж буй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл хүргүүлээд байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дүүргийн болон нийслэлийн прокурорт мэдэгдэж зөрчлийн хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь хязгаарлах акт үйлдсэн. Гэтэл иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг ойлголттой байдаг. Бид эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг л цэгцлэх ажил зохион байгуулж байгаа юм. Тэрнээс биш барилгын материалын худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагааг хориглох гээгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давсан үзүүлэлттэй байна

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд “Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт” сэдэвт хэлэлцүүлэг зохиолоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтарсан судалгаагаар орон сууцны нийлүүлэлт иргэдийн эрэлтээс давсан гэх дүнгийн тухай мэдээлсэн байна. Тодруулбал, нийслэлд 217 мянган айл өрх гэр хороололд амьдардаг ч, таван мянга 882 айлын орон сууц ашиглалтад орчихсон борлуулалт байхгүй, эзнээ хүлээж байгаа аж.

Энэ талаар Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хэлэхдээ “Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давсан үзүүлэлттэй байна. Яг одоогоор 217 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа ч энэ хэмжээний эрэлт байгаа гэсэн үг. Хамгийн гол нь орон сууц худалдан авах чадвартай холбоотой асуудал” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа-2018” хөтөлбөр хэрэгжиж эхлэлээ

“Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа-2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх зорилготой. Арга хэмжээнд 40 оюутан цагдаа хамрагдаж тэд зургаадугааp сарын нэгний өдрөөс наймдугаар сарын 13-ны хооронд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг үнэ төлбөргүй хийнэ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээний програмыг заахаар болсон. Мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохиож, дадлага давамгайлсан, инновацилаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаагийн элсэлтээр Вэб дизайны ангид 30, ЖАВА хөгжүүлэгчийн ангид 22 иргэн гуравдугаар сарын хугацаанд суралцах болно.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв нь 72 компьютертой гурван сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 онд нийт 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаснаас, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 150 гаруй залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрөөд удаагүй ээж амиа хорложээ

ЭХЭМҮТ-д эрүүл саруул амаржсан эх эмнэлгийн цонхоор унаж амиа хорлосон харамсалтай хэргийн шалтгааныг шалгаж байна. Энэ сарын нэгэнд буюу Хүүхдийн баярын өдрийн 06 цагийн орчимд уг хэрэг гарчээ. Амиа алдсан 27 настай бүсгүй тавдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд эмнэлэгт 4-5 хоног сахиуртай байжээ. Гэвч сахиур нь түүнийг ийм үйлдэл хийснийг мэдэлгүй, унтаж байсан бололтой. Болсон явдлыг нягтлан шалгаваас ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн, юуны учир амиа хорлох болсон нь тодорхойгүй байна. Хэргийн шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хохирол ихтэй гэмт хэргийг илрүүлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайлах гэмт хэргийг Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгний үнэтэй, алтаар бүрсэн эмээл, 2018 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгний алт мөнгөн эдлэл алдагдсан хэргүүдийг илрүүллээ.

Мөн 2017 оны аравдугаар сард “Чансаа” дэлгүүрийн 50 орчим сая төгрөгний бараа, материалыг бүлэглэн хулгайлсан гурван эмэгтэйг илрүүлэн шалгав. Тэдний хоёр нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн байгууллагуудад шалгалт явуулжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга тушаалаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот доторхи болон хот орчмын чиглэлд явдаг дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд түвшин тогтоох, шалгалт явууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалтын удирдамж, түвшин тогтоох шалгалт явуулах журмыг батлан дүнг нэгтгэн Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллэв.

Тээврийн байгууллагуудад явуулсан түвшин тогтоох шалгалтын дүнг баталгаажуулах тухай тушаалаар “бүрэн хангалттай” үнэлгээтэй зургаа, “хангалттай” үнэлгээтэй 13, “хангалтгүй” үнэлгээтэй нэг, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлагыг хангахгүй нэг аж ахуйн нэгжийн үнэлгээг баталгаажуулсан байна.

“Бүрэн хангалттай” үнэлгээтэй дүгнэгдэж, салбартаа мөрдөгдөх стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарсан аж ахуйн нэгжид Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга батламж гардуулж амжилт хүсэв.