Categories
мэдээ нийгэм

ЭЕШ болох байршлууд

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт болно. Шалгаруулалтын дүн, оноог долдугаар сарын 1-ний өдрийн 9 цаг хүртэл www.eec.mn дээр тавих юм байна.

Шалгалтыг зохион байгуулах газрын байршлууд болон цагийн хуваарьтай танилцна уу.








Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
гадаад мэдээ

Израйлийн Ерөнхий сайд Нетяньхуг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Израйлийн аюулгүй байдлын албаныхан, тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньхуг хөнөөх зорилготой террорист ажиллагааг таслан зогсоожээ. Энэ талаар мэдээллийн “i24 news” портал мэдээлснийг “Лента” уламжлав.

“Newsru.co.il” цахим хуудаст мэдээлснээр, мөн террористууд Иерусалимын захирагч Нир Баркатын амь насанд халдахаар төлөвлөж байжээ. Террористуудын үйл ажиллагааг Сирийн нутаг дэвсгэрээс хянаж байсан аж. Тус террорист бүлэглэлд “Палестиныг чөлөөлөх ардын фронт” террорист бүлэглэлийн гурван гишүүн байжээ.

Мөрдөн байцаалтын үеэр “Палестиныг чөлөөлөх ардын фронт”-ын дайчин, 30 настай Мухаммед Жамаль Рашадэг саатуулжээ. Тэрээр Иерусалимын зүүн хойд хэсэгт байрлах Гуафат дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан аж.

Одоогийн байдлаар Израилийн Засгийн газрын тэргүүн Европын орнуудаар айлчилж буй юм байна. Одоогийн байдлаар Израилийн Засгийн газрын тэргүүн Европын аялалд явж байна. Зургадугаар сарын 4-ний даваа гаригт тэрбээр Берлин хотноо Германы канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийсэн байна. Зургадугаар сарын 5-нд тэрээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзах бол маргааш Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хэлэлцээ хийх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэгчдээс 40 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

“Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг өнөөдөр МХҮАҮТ-д боллоо. Уг арга хэмжээг 2015 оноос эхлэн ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтран үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, төрийн худалдан авалтад нийлүүлэх зорилгоор зохиогддог юм.

Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ “ХХААХҮЯ-аас Эрүүл монгол хүн зорилт тавин “Атрын III аян”, “Мах сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор “Үйлдвэржилт 21:100”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулан батлууллаа. Цаашдаа ХХАА, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байгаа” гэлээ.

Мөн МХҮАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа ярихдаа “Энэ арга хэмжээнд нийтдээ есөн салбарын 70 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Төрийн болон төрийн бус орон нутгийн байгууллагуудыг бараа бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдэж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчдэд сурталчлах тэдгээрийн саналыг авах зорилготой. 2017 онд нийт 4500 гаруй тендер зарлагдсан. Үүний 3500 тендерийн үр дүнг олон нийтэд танилцуулсан. 2017 онд дотоодын үйлдвэрлэгчдээс төр 40 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Нийт 12 салбарын бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан юм. Үүнд оёмол, сүлжмэл, хүнсний хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг түлхүү худалдан авсан байгаа юм. Дотоодынхон уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэгчид чанар стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төр худалдан авалт хийх бүрэн боломжтой” гэлээ.

ХХААХҮЯ-ны ЖДҮХБҮЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан ярихдаа “Захиалагчдын зүгээс зарим бүтээгдэхүүнийг худалдан авах гэсэн боловч чанарын шаардлага хангахгүй байна гэдэг. Бид хамгийн бага үнийн санал гаргасан дотоодын үйлдвэрлэгчийг сонгодог. Энэ нь тендерийн хуульд заалттай байдаг юм. Энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм билээ. Хэрвээ гадныхан бага үнийн санал өгөөд, дотоод үнэтэй байсан ч дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор сонгоход төрийн албан хаагч хариуцлага хүлээх заалт байдаг. Ихэнх бизнес эрхлэгчид дотоодын үйлдвэрээсээ бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой болсон байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй төрийн байгууллагын төлөөлөл үзэсгэлэнг сонирхсон байна. Үүнээс 30 гаруй төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авах сонирхлоо илэрхийлсэн байна” гэлээ.

Үзэсгэлэнд оролцож буй мэргэжлийн холбоод, ААНэгж байгууллагууд худалдан авах чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтын хүрээнд салбар бүрээр оролцож байгааг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, дэмжин хөгжүүлэх нь аж ахуйн нэгж, иргэн бүрийн үүрэг. Иймд төрийн байгууллага бүрийг үндэсний эрх ашгийг дээдлэн дотоодын үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийхийг уриаллаа.

Б.НОМИНЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хурал боллоо

“Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн анхны хурал боллоо.

Хурлаар Төрийн албаны зөвлөлийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын академийн “Ажлын байрны шинжилгээ” илтгэлийг сонсч хэлэлцүүллээ.

Хурлаар төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, танилцуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Удирдлагын академийн захирал С.Зүльфикараар ахлуулан байгууллаа. Дэд ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи зэрэг холбогдох байгууллага болон мэргэжлийн хуульч, судлаачдыг оруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэдийн хэрэглээний зээлийн нийт дүн 7.1 их наяд төгрөгт хүрчээ

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 30 минутад эхэлж дөрвөн асуудал хэлэлцэхээр боллоо. Хуралдаанаар эхлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов. Мэдээллийн эхэнд 2011 оноос хойших эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдаад 2015-2017 оны эдийн засгийн хүндрэлээс үлдсэн хэд хэдэн сургамжийг онцолсон. Жижиг, түүхий эдээс өндөр хамааралтай эдийн засгийн бүтэцтэй манай улсын хувь санхүүгийн нөөцийн бодит чадавхиас нь давсан, хэт тэлсэн байдлаар макро бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаандаа тогтворгүй байдлыг бий болгодог. Хувийн болон улсын секторын санхүүгийн чадавхийг эрсдэл даахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ дотоод, гадаад санхүүгийн чадавхийг давхар харгалзах, Төв банкны хараат бус байдлыг хадгалах гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцууллаа.

Монгол Улсын макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд байсан хүндрэлийг гадаад нөхцөл, хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллага, оновчтой бодлогын арга хэмжээгээр харьцангуй богино хугацаанд даван туулж улмаар эдийн засаг сэргэлтийн төлөвт шилжээд байна гэв. Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарлсан байна. Инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргажээ. Түүнчлэн улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл дурдлаа. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хомсдлыг шийдвэрлэхэд шаардлагатай 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн байна. Оновчтой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав.


Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, эдийн засгийн гадаад орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байгаа аж. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цаашдын төлөв эмзэг байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулгынхаа үеэр тэмдэглэлээ. Экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгааг тэрбээр онцлов. Эдийн засгийн дунд, урт хугацааны төлөвийг авч үзвэл 2020-2024 онд төлөх гадаад төлбөрүүдийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах шаардлагатай гэв. Тодруулбал, 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн зээлийн эргэн төлөлт дээрх хугацаанд таарч байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусгавар болох юм байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг голлон тэтгэж буй эдгээр хүчин зүйлс нэгэн зэрэг ийнхүү зогсох эрсдэлтэй байгаа учир макро бодлогын оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн бат бэх чадавх, валютын нөөцийн хүрэлцээт хуримтлалыг бий болгох нь чухал гэв.

Хүрсэн үр дүнг бататгах, макро эдийн засаг, банк санхүүгийн салбарын дунд урт хугацааны тогтвортой байдлыг бүрэн хангах, эдийн засгийн суурийг бэхжүүлэх чиглэлээр бодлого боловсруулагчдын зүгээс авч хэрэгжүүлэх цөөнгүй арга хэмжээ бий гэдгийг мөн танилцуулгад дурдсан юм. Төсвийн сахилга батыг сахиж, зардал нэмэхгүй байх, орлогын хуримтлал үүсгэн төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага хэвээр байгаа гэв. Санхүүгийн нөөц, чадавхийг хуримтлуулах, банк санхүүгийн салбарын тогтолцоо, хяналт шалгалтыг бэхжүүлэх шаардлагатайг мөн дурдлаа. Мөн эдийн засгийн бүтцийг сайжруулж, төрөлжүүлэх стратегийг урт хугацааны туршид тууштай хэрэгжүүлэх, том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнд шаардлагатай эх үүсвэрийг гадаад зах зээлээс бүрдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав.

Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсгох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм. Тэрбээр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нар ажиллажээ. Тус ажлын хэсэг Монголбанкны танилцуулга мэдээллийг сонсон, удирдлагын зөвлөл болон газар, хэлтсийн дарга нартай уулзахын зэрэгцээ Монголын банкуудын холбоо, Монголбанкны Хяналтын зөвлөлтэй тус тус уулзалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дэмжих замаар ажлын байр болон иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж ажиллах, Монголбанк-Засгийн газрын хамтын ажиллагааг сайжруулах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үр дүнд үүссэн өр, зээлийн үлдэгдлийг эдийн засагт дарамт учруулахгүй байдлаа шийдвэрлэх зэрэг саналыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн “Чиглэл өгөх тухай” тус тогтоолын төсөлд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэгж жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгах арга хэмжээ авах, УИХ-ын 2017 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын эрсдлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийг бий болгох, валютын нөөц зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, “Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар чиглэл өгөх тухай” Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Монголдбанкинд чиглэл болгожээ.


Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Дефолт зарлах эрсдэлтэй нөхцөлд тулаад байсан үед Монголбанк хангалттай сайн ажилласан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүрт хүргэх, эдийн засгийг тэлэх бодлогыг Төв банкнаас хэрэгжүүлэн аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих шаардлага бий гэдгийг хэлж байв. Ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв хэдий ч өнөөдрийг орхигдуулж болохгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих шаардлага бий гэдгийг сануулсан. Харин эдийн засгийн хөгжил бол циклээр үргэлжилдэг тул ирээдүйн нөхцлийг урьдчлан тооцож, эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хуримтлал үүсгэх чиглэлээр Монголбанк ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлээд цаашид Монголбанк, Сангийн яамны уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлага бий гэдгийг хэлсэн. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дүнд үүссэн өр, зээлийн асуудал болон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтөд анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээг Засгийн газар, Монголбанк авч хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах шаардлагатайг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон. Түүний тодруулсны дагуу иргэдийн хэрэглээний зээлийн нөхцөл байдлын талаар ажлын хэсэг мэдээлэл өглөө. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 14.4 орчим их наяд төгрөг байгаагийн 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл бол 7.1 их наяд төгрөгийн зээл аж ахуйн нэгжид олгогдсон гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа танилцуулав. Бүтцээс харвал ихээхэн хэмжээний зээлийн багц иргэдийн хэрэглээний зориулалтаар олгогдож байгаа бөгөөд үүнд сайн тал бий ч хэт өсвөл иргэдийн амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг тайлбарласан. Иргэдийн хэрэглээний зээлийн дээрх дүн нь Монгол Улс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй түгээж буй давуу талын илрэл ч гэлээ энэ хэвээр өсөлт нь үргэлжлэх юм бол иргэд зээлийн дарамтад орох эрсдэлтэй гэв. Тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татдаг. Банкууд хэрэглээний зээлийн төлбөртөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авч байгаа. Хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хугацааг нь нэмэгдүүлэх хэлбэрээр зээлийг нь нэмэх байдлаар зохицуулдаг. Иргэн ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой байдаг бол өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байна. Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаад байгаа сөрөг нөлөөтэй. Бизнесийг дэмжих зээлийн санхүүгийн эх үүсвэр дутагдах нэг шалтгаан гэж тодорхойлож болох аж. Монголбанк энэ нөхцөл байдалд тандалт, ажиглалт хийж байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын санхүүгийн гүйлгээг Монгол Улс дахь банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах асуудалд тал бүрээс анхаарал хандуулж, ажил хэрэг болгох саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд нар хэлж байв. Аливаа улс орны Төв банк нь Засгийн газар болон арилжааны банкуудтай л харилцдаг жишиг байдаг хэдий ч Монголын нөхцөл, онцлогт тохируулан тодорхой зохицуулалт хийх боломжийн талаар Н.Баяртсайхан ерөнхийлөгч хариулт өгсөн. Их хэмжээний валютын орлоготой зарим аж ахуйн нэгжийн дансыг Монголбанкин дээр байршуулах, үүний тулд хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай юм байна. Харин энэ талаарх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулаад хууль санаачлагчид хүргүүлээд байгаа гэв.

Монголбанк өнгөрсөн хугацаанд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд үүссэн шиг гадаад, дотоодын нөлөөлөлтэй эдийн засгийн хүндрэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй учраас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тайлбарласан. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй байх ёстой талаар заасан байдаг бөгөөд өнөөгийн нөхцөлд 6-7 тэрбум ам.долларт хүргэх шаардлага бий гэдгийг хэлсэн юм. Гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс Монгол Улсын гадаад өрийн дэлгэрэнгүй мэдээлэл, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хүргэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөнгөний нийлүүлэлтийн нөхцөл байдал, иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт, түүнээс үүдэх эрсдлийн талаарх таамаг зэрэг асуудлуудаар мэдээлэл өгсөн.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан олборлосон алтаа дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, алтны экспортыг зогсоох чиглэлээр санаачилгатай ажиллах, ингэж чадвал үндэсний аюулгүй байдалд болон нөөцийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолж, холбогдох тодруулгыг хийсэн юм.


Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа мэдээллийг сонсох явцад гишүүдээс төсөлтэй холбоотойгоор гаргасан саналыг тусган “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр тогтоол батлагдлаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Одоо мөрдөгдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 24 жилийн өмнө батлагдсан байна. Энэ хугацаанд нийслэлийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн байдал, хүн амын тоо асар их өөрчлөгдсөн гэдгийг тэрбээр дурдав. Судалгаагаар нийслэлийн хүн амын тоо 1.5 саяд хүрсэн бөгөөд олон хүн амтай дэлхийн хотуудын жагсаалтын 400-д бичигдэж байгаа аж. Нийслэлд хөдөлмөрийн насны иргэд 981.256 амьдарч байгаа, улсын ДНБ-ий 65 орчим хувь нь нийслэлд үйлдвэрлэгдэж, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 15.7 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Мөн Монгол Улсад бүртгэлтэй 145.080 аж ахуйн нэгжийн 72 хувь буюу 104.477 аж ахуйн нэгж нийслэлд бүртгэлтэй байдаг аж. Улаанбаатар хот бол есөн дүүрэг, 152 хороотой. Хотын төвлөрөл их, хүн амын огцом өсөлттэй уялдуулан дээрх хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн бөгөөд нийслэлийн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, аж үйлдвэр, аялал жуулчлалын олон улсад өрсөлдөх чадвартай, нээлттэй, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлсан сайн засаглал бүхий томоохон хот болгох зорилтыг дэвшүүлээд байгаа юм байна.

Хүн амын огцом өсөлтөөс үүдэн хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд зохион байгуулалтгүй суурьшлын бүс олноор бий болж, нийслэл төлөвлөлтгүй өргөжин тэлж байгаа нь гэмт хэргийн эрсдэл, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгааг дурдав. Түүнчлэн соёл, боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ гээд хүн ам зүйн бүхий л харилцаанд хүндрэл үүсгэж байгаа учир төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага үүссэн болохыг ЗГХЭГ-ын дарга танилцуулагадаа дурдсан.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 75 орчим хувь нь нийслэлд замын хөдөлгөөнд оролцдог, тэдгээрийн 80 орчим хувь нь Бага тойруу, Их тойруу орчмын авто замаар зорчдог талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдэд танилцууллаа. Дээрх байршилд нэг өдөр хөдөлгөөнд оролцож буй 300-400 мянган автомашины хөдөлгөөнийг зохицуулах нь Замын цагдаагийн газарт амаргүй байдаг. Иймд хотын авто замын төлөвлөлт, стандартыг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Улсын хэмжээнд авто зам барих стандарт нэг байгаа учир ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуйн зам гэх мэт нийслэлийн авто замын шаардлага, онцлогийн талаар тусгайлан томъёолж, төсөлд тусгасан байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн 5, 6 дугаар бүлгүүдэд нийслэлийн авто зам, тээвэртэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан бөгөөд энд хурдны зам, төлбөртэй зам, автотээврийн терминал зэрэг ойлголтуудыг томъёолсон байгааг тэрбээр тайлбарласан. Нийслэлийн эрх зүйн байдал нь үүсээд буй олон асуудлыг шалтгаан бөгөөд хуулийн төсөл батлагдан, хууль хэрэгжих өдрөөс эхлээн тэдгээрийг засах, сайжруулах, шийдвэрлэх ажлууд эхэлнэ гэв.

Нийслэлийн авто замын засвар арчилгааны асуудлаар тодруулсан Б.Баттөмөр гишүүний асуултад тэрбээр хариулт өгсөн. Дэлхийн улс орнууд авто замын арчилгаа, засварын зардлаа хураамжаараа нөхдөг жишиг бий, нийслэлийн авто зам ашигласны хураамж одоо 38 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүгээр засвар, арчилгаа, бүтээн байгуулалтаа бололцоогоороо шийддэг гэдгийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. Иргэдэд чанартай авто замаар зорчих нөхцөл бүрдүүлэхийн тулд зайлшгүй төлбөртэй авто замын дэд бүтцийг нэвтрүүлэх шаардлага байгааг тэрбээр дурдаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх чиглэлээр парк шинэчлэл, авто замын бүтээн байгуулалтууддаа анхаарч байгаа гэв. Төслийн хэлэлцүүлгийн явцад олон нийтийн анхаарлыг татахуйц байдлаар хөндөгдсөн газрын талаарх асуудлаар мөн тайлбар өгсөн. 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс хүсэлт гарган 5 жилийн хугацаатай газрыг ашиглаж болно гэсэн заалттай бөгөөд ингэхдээ дуудлага худалдаагаар эрхээ авна гэдэг заалттай. Одоо мөрдөгдөж буй энэ хуулийн энэ заалт дээр энэ төслийн хүрээнд “биржээр дамжуулж” гэдэг үгийг нэмэхээр тусгасан. Харамсалтай нь үүн дээр улс төрийн өнцгөөр хандах, олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээх асуудал үүсээд байгааг тэрбээр тайлбарласан. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад холбогдох саналуудыг тусгах боломжтой гэдгийг мөн хэлсэн. Ийнхүү асуулт, хариултын дараа Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Дараа нь Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 29-ний өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсөлтэй сайтар танилцаж, судалгаа хийх шаардлагатай. Бүлэг энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх нь зүйтэй. Завсарлагын хугацаанд хувьчлалд хамрагдах байгууллагуудын удирдлага болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээлэл, байр суурийг сонссоны дараа эцсийн шийдвэрээ гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна” гээд тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Ийнхүү хэлэлцэж буй асуудлаар УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдээд дараагийн асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай болно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаан 14 цаг 50 минутад 52.6 ирцтэй эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан сүүлийн үед олон улсын зарим бичиг баримтад “тусгай хэрэгцээт” гэсэн нэршил хэрэглэгдэх болсон байна, иймээс төсөлд тусгагдсан “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэсэн нэр томъёо нь оновчтой эсэхийг ажлын хэсгээс тодруулсан юм.

Гишүүний асуултад Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаян өгсөн хариултдаа, манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид энэ томъёог хэрэглэж байгаа, тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт ямар хүнийг хамааруулах талаар тодорхой зааж өгсөн. Мөн олон улсын гэрээ, конвенцид ч энэ томъёог хэрэглэж байгаа. Харин Боловсролын тухай хуульд “тусгай хэрэгцээт” гэсэн нэр томъёо тусгагдсан байдаг гэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Иймээс “Тогтооллын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан. Уг хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм.

Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх бөгөөд 2018 онд нэмэлт орон тоо шаардахгүй. Харин уг төвийн дэргэдэх улсын төсөвт үйлдвэрийн гурван газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу шинээр байгуулагдах ерөнхий газрын дэргэд ажиллахаар зохион байгуулах аж. Харин аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж эхлэв

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн багийн ахлагч доктор, профессор Жон Вайдмэнтэй уулзлаа.

Азийн хөгжлийн банк, БСШУСЯ, Сангийн яам өнгөрсөн хоёрдугаар сард энэхүү техникийн туслалцааны төслийн санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн баг тавдугаар сарын 11-нээс эхлэн ажиллаж байна.

Уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай тэргүүлэх чиглэлийн асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

Энэ удаагийн боловсролын салбарын мастер төлөвлөгөө нь өмнөх гурван мастер төлөвлөгөөтэй харьцуулахад нийгэм, эдийн засгийн хөгжлийн болон боловсролын салбарын шинэ хэрэгцээ шаардлагыг сайтар харгалзсан, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ зөв, оновчтой тодорхойлон боловсруулах ёстойг салбарын сайд онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр мастер төлөвлөгөө нь урт хугацааны боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах чадавхийг бүрдүүлж, бүх шатны сургалтын хөтөлбөр, стандартыг чанаржуулж, түүнийг тогтвортой мөрдөх, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний ашиглалтад нарийвчилсан үнэлгээ өгч, тэдгээрийг боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг болгох шаардлагатай байгааг дурдлаа гэж БСШУСЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гурван тулгуурт хөгжлийн бодлого эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоно

Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого нь гурван зорилт, есөн бүлэг, 27 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг юм.

Тус хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулж 2015 онд баталсан. Засгийн газрын зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон, өрсөлдөх чадвараа эрс дээшлүүлж, цаашдын үсрэнгүй хөгжлийн суурийг бэлтгэж үүнийгээ шударга ёс, сахилга хариуцлагатай, төрийн тогтолцоогоо бэхжүүлж, улмаар хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдээ ажлын байраар бүрэн хангаж, амьдралын түвшинг нь эрс сайжруулахад чиглэхийг онцолсон.

Тодруулбал, Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэл, Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах засаглалын шинэчлэл, Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын шинэчлэл бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур гэдгийг томъёолсон.

Нэгдмэл төлөвлөлт бол Гурван тулгуурт бодлогын суурь юм. Хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн гэдгээрээ үнэ цэнэтэй, бодитой төлөвлөгөө болж буйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Эдийн засгийн чуулганы үеэр онцолсон.

Гурван тулгуурт бодлогын хүрээнд хүнсний экспорт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх юм байна.

Стратегийн ордуудаа ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орлогоо эрс нэмэгдүүлж, Ирээдүйн өв сан, Баялгийн сангуудад хуримтлал үүсгэн, бий болсон хөрөнгөөс хөдөө аж. ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарт эн тэргүүнд хөрөнгө оруулахаа Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.

Мөн Засаглалын шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт, Хуулийн засаглалын шинэчлэл, Төрийн албаны шинэчлэл хийхийг зорьж байна. Харин иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Нийгмийн бодлогын шинэчлэлээр баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль, Монгол хүний хөгжлийн хөтөлбөр, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх аж. Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлээ сонсож, хамтарч ажиллах юм байна. Улмаар Хөгжлийн бодлого, татвар, нийгмийн даатгал, авилга, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах зорилготой Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулаад байгаа юм. Тиймээс ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхлэх нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Мэс заслын төв байгуулах талаар санал солилцов

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АНУ-ын Ютагийн их сургуулийн Дэлхийн мэс заслын төвийн дарга Рай Прайс, Ютагийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн дарга Хуан Карлос, АШУҮИС-ийн профессор О.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АШУҮИС, Ютагийн их сургуультай хамтран мэс заслын чадавхийг сайжруулах Азийн төвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Дэлхийн мэс заслын төвийн дарга Рай Прайс Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн байдлыг өргөжүүлэн, хөгжүүлэхийн тулд олон улсын сургалтын төвийг бий болгох шаардлагатай. Шинээр байгуулах мэргэжлийн сургалтын төв нь ард иргэдийн дунд эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, мэс заслын үйлчилгээ, чанар, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг багтаасан болохыг онцлоод БСШУС-ын сайдад төслөө өргөн барьж Засгийн газар, салбар яамны зүгээс уг төслийг дэмжин ажиллахыг хүсэв.
Ютагийн мэс заслын төв нь оюутан, хүн амын эрүүл мэндийн боловсрол, багш нарын ур чадварыг дээшлүүлэх Америкийн мэс заслын коллежоор магадлан итгэмжлэгдсэн төв юм. Хоёр улсын Засгийн газар зөвшилцөлд хүрч уг мэс заслын төвийг байгуулснаар дотоодын мэс заслын үйлчилгээний чанар сайжирч, мэс заслын эмч нарын чадавхи дэлхийн стандартад хүрч, улмаар хилийн чанад руу чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хараат байдлыг бууруулах ач холбогдолтой аж.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ютагийн их сургуулийн төлөөлөгчдөд 10 гаруй жил монгол иргэдийн эрүүл мэндийн үйлсэд сэтгэл, зүтгэл гаргаж, судалгаа хийж, төв байгуулах төсөл танилцуулж байгаад талархаж буйгаа хэллээ. Мөн тэрбээр салбар яамнаас дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгох бодлого баримтлан ажиллаж буйтай уг мэс заслын төв байгуулах төсөл нийцэж буйг онцлоод төслийг салбар яамны зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын төлөөлөгч ДАШТ-ийн нээлтэд оролцоно

БНХАУ-ын даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ОХУ-д зохион байгуулагдах Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирнэ. Энэ тухай Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Хятадын Төрийн Зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ДАШТ-д оролцохоор энэ сарын 12-15-нд Орост айлчилна” гэжээ.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох билээ. Энэ сарын 14-нд “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн тоглолтод Орос болон Саудын Арабын багууд тоглох юм. Шигшээ тоглолт мөн л тус цэнгэлдэх хүрээлэнд болох аж.