Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагаа хүлээх цаг болсон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал УИХ-аар хэлэлцэгдээд дэмжсэнгүй. Хуулийн төсөл батлагдсан бол ямар зохицуулалт хийгдэхээр байсан бэ?

-Банк санхүүгийн үйл ажиллагаа төрөөс ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл 28 жил ямар ч дарамт шахалтгүй, чөлөөтэй явж ирсэн гэсэн үг. Төрийн зохицуулалт хийгдэхгүй явснаас болж банк, санхүүгийн байгууллага монополь болсон. Бүр вант улс шиг болчихсон юм. Сүүлийн арван жил банк санхүүгийн байгууллагын нийт актив зээлийн эх үүсвэр 6.8 дахин өссөн. Ингэж өссөн хэр нь зээлийн хүү ерөөсөө буураагүй. Нөгөөтэйгүүр зээлийн эрэлт, нийлүүлэлт тодорхой хэмжээгээр зохицуулагдах ёстой. Гэтэл зээлийн эрэлт өндөр хэвээрээ байхад нийлүүлэлт нь хуучнаараа бага буюу хомсдолтой байгаад байдаг.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр надад “Сүүлийн жилүүдэд арилжааны банкуудад Монголбанк долоон их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэж ярьсан. Үнэхээр дэмжлэг үзүүлсэн бол энэ мөнгө хаашаа орсон юм бэ. Монголд банк, санхүүгийн байгууллагуудад төрийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарчихсан байна. Нийт мөнгөний урсгал буюу активийн 95 хувь нь арилжааны банкуудад төвлөрчихсөн байгаа. Яагаад арилжааны банкууд ийм их хэмжээний мөнгөний урсгалыг бариад байна гэхээр өндөр хүүтэй хадгаламжийг төлдөг болчихсон юм. Тэгэхээр өндөр хүүтэй хадгаламж байгаа цагт хувь хүн байна уу, аж ахуйн нэгж байгууллагууд ч байна уу ялгаагүй өөрийнхөө мөнгийг ямар нэгэн хөрөнгө оруулалтад хийж, эрсдэлтэй байдал үүсгэж байхаар гээд шууд хадгаламжинд байршуулдаг. Ингээд амар тайван, ямар ч алдагдал, эрсдэлгүй, хуулийнхаа дагуу хүүгээ хүртээд суудаг. Мэдээж энэ нь тэдэнд ашигтай. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд гадаадаас маш бага хүүтэй мөнгө татаж оруулж ирээд түүнийгээ Монголын арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгаламжинд байршуулдаг болж. Тэр дундаас нь мөнгө хүүлж, хөлждөг. Ямар ч ажил хийхгүй, зүгээр сууж байгаад зардалгүй, эрсдэлгүй хүүгээр мөнгө хүүлэх ийм үйл ажиллагааг ч явуулж байна.

Энэ бүгдийг таслан зогсоохын тулд уг хууль өндөр ач холбогдолтой байсан.

Хоёрдугаарт, Монголд хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байна вэ. Яагаад улс орны бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоо бага байна вэ. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт, эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр тогтож байна шүү дээ. Энэ бүгд үндсэндээ банкны гаж тогтолцоонд байгаа юм. Тийм учраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгье, тэрхүү хязгаараас давсныг нь мөнгө хүүлэлт гэж үзээд хариуцлага тооцдог байхаар энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан.

-Заавал төрийн зохицуулалт хийх шаардлага байгаа юм уу?

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлаад өгөхөөр банкны хадгаламжийн хүү дагаад буурна. Хадгалам-жийн хүү буурахаар банкинд мөнгөө хадгалуулж хүүгээр нь хөлждөг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөр ашигтай зүйл рүү хөрөнгөө чиглүүлдэг болно. Энэ дагуу тэр хүмүүс хаана, ямар ашигтай хөрөнгө оруулалт, бизнес байна гэдгийг эрж хайж эхэлнэ. Ингэснээрээ улсын эдийн засагт томоохон хөшүүрэг болж өгөх юм болов уу гэж харсан. Тэр утгаараа уг хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ дан ганц зээлийн хүүг бууруулах гээд байгаа юм биш.

Нөгөө талаасаа баялаг бүтээж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй байгууллага, хувь хүмүүст банкны зээлийн хүү гэдэг үнэхээр хэцүү дарамт болдог. Хамгийн багадаа жилийн 20, 30 хувийн хүүтэй зээлийн дор босч, ашигтай ажиллана гэдэг боломжгүй, хэцүү зүйл. Хамаг юмаа барьцаанд алдана, сүүлдээ дампуурна. Юун нөгөө бизнес, үйлдвэрлэл. Ингээд ядуурал руу явж орж байгаа хүмүүс их байна. Тэгэхээр ийм нөхцөл байдал амьдрал дээр байгаа учраас үүнийг зөв болгохын тулд төрийн зохицуулалт хийе л гэсэн юм.

-Зээлийн хүүг бууруулах талаар байнга ярьдаг хэрнээ яагаад уг хуулийн төслийг дэмжээгүй юм бэ?

-Ер нь арилжааны бан-куудын зээлийн хүүгийн дээд хэмжээг боломжийн хэмжээнд тусгаж өгсөн гэж харж байгаа. Тэгэхээр арилжааны банкуудад алдагдалтай зүйл биш байсан. Харамсалтай нь уг хуулийн эсрэг банкуудын лобби маш хүчтэй явлаа. Дээр нь арилжааны банкуудын лоббиг Монголбанк бодлогын хувьд дэмжлээ. Монголбанк чинь төрийн байгууллага шүү дээ. Мөнгөний бодлого, банк санхүүгийн тогтвортой байд-лыг хангаж ажиллах ёстой байгууллага. Харамсалтай нь өөрөө арилжааны банкуудын талд орчихоод лоббиг хүчтэй явууллаа. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн байнга хороон дээр үг хэлсэн гишүүд бүгд дэмжсэн хэр нь санал өгөхдөө бүгд эсрэг өгсөн. Тэр гишүүдэд хүсэл зориг байгаа мөртлөө санал нь эсрэг явж байна гэдэг лоббид орсны л илрэл.

-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүнд хувийн эрх ашгийн сонирхлоор хандсан гэсэн үг үү?

-Тийм. Арилжааны бан-кинд хэдэн тэрбумын хадгаламжтай гишүүд байж л байгаа. Өөрөө биш юм гэхэд ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь өндөр хадгаламжтай байгаа. Тэдэнд ашиг сонирхол шууд л үйлчилнэ шүү дээ.

-Хуулийн төслийг дэмжээгүй. Одоо яах бодолтой байна вэ?

-Олон нийтэд илүү их таниулж, сурталчилна. Ямар ч байсан Монгол Улсад шударга, өөрсдийгөө бус ард түмнээ хүндэтгэдэг, улс орны эдийн засгийг боддог улс төрийн хүчин ялах цаг ирнэ биз дээ. Ийм хүмүүсээр олонх нь бүрдсэн Их хурал бий болох цаг ирэх байх. Тэр үед нь уг хуулийг батална даа.

-Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг та өргөн барьсан. Их хурал хууль санаачлагчид нь буцаалаа. Их хурал үүнийг дэмжээд явах боломж байсан уу. Нам харгалзаад унагачихав уу?

-Энэ хуулийг анх өргөн барихдаа хэдэн хүнд төрөөс хөнгөлөлт үзүүлэх төдийгөөр асуудлыг авч үзээгүй юм. Аливаа улсад түүхэн үйл явдлууд байдаг. Нийгмийг өөрчилсөн томоохон хувьсгал хөдөлгөөнүүд тэр нь тухайн улсдаа түүх болж үлддэг. Хорьдугаар зууны төгсгөл хориннэгдүгээр зууны босгон дээр Монголд болсон том содон үйл явдал гэвэл ардчилсан хувьсгал байсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Ардчилсан хувьсгалын түүхэн ололт амжилт, үнэ цэнийг ярих цаг болсон. Тэр утгаараа түүхийн томоохон өөрчлөлт хувьсгалыг санаачлан эхлүүлж, ардчилсан хөгжлийн замыг сонгоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг амьд сэрүүн байгаа дээр нь гавьяа зүтгэлийг нь үнэлэх үүднээс хуулийг санаачилсан. Түүнээс Ардчилсан намын болон МоАХ-ны хэдэн хүнд байр, мөнгө өгөх гэж байсан юм биш.

Эрх баригчдын зүгээс мэдээллийн хэрэгслүүдээр ардчиллыг гутаах гэсэн явуулга сүүлийн үед явж байна. Социализмыг магтан дуулсан үйлдвэртэй бол үйлдвэртэй байсан, хүмүүс ажилтай бол ажилтай, элбэг хангалуун сайхан нийгэм байсан юм байх. Яг бодит байдал ямар байсан бэ гэхээр магтан алдаршуулаад байгаа социалист нийгэм тэнд амьдарч байсан хүмүүс өнөөдөр 45-аас дээш насныхан болчихсон байна. Үүнээс доош насныхан тухайн үеийн нийгмийн амьдралыг бараг ойлгохгүй. 30-аас доош насныхан мэндлээ ч үгүй байсан. Тиймээс ардчилал гарчихсан бүх зүйл нээлттэй болчихсон, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх нь чөлөөтэй болчихсон байсан юм. Тэд бүх цаг үед ийм л байсан гэж ойлгодог. Ийм нөхцөл байдалд залуучуудын уураг тархийг угаах, хордуулах ажлыг эрх баригчдын зүгээс зориуд хийж байна. Тиймээс ийм цаг үед энэ хуулийг батлуулах, төслийн үнэ цэнийг хүүхэд залуучуудад коммунизм, социализмын хөнөөл юу байсныг бодитоор ойлгуулах нь чухал болсон. Уг хуулийг эрх баригчид унагалаа. Гэхдээ ямар үндэслэлээр энэ хуулийг баталж болохгүй гэдгээ тайлбарлаж чадаагүй. Ардчилал гэдэг нэр зүүсэн болохоор энэ хууль унасан.

-Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 70 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ их мөнгө байхгүй гэж Ардын нам яриад байсан. Тийм их мөнгө шаардлагатай байсан уу?

-1990 онд ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудад байр, тэтгэмж өгсөн. Тэр хүмүүс хэний, юуны хүчинд АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн болж байсан юм. Хөрс суурийг бэлдэж шинэ Үндсэн хуулийг хэн санаачилсан юм гээд яривал олон зүйл бий. Тухайн үеийн депутатуудын гуравны хоёр нь тухайн үеийн МАХН-ын гишүүд байсан. Ингээд яриад байвал аль намын гаралтай хүн нь ардчилсан хувьсгалын ололтын үр дүнг хүртэж ямар нь хүртдэггүй юм. Үндсэн хуулиар хүний нийгмийн гарал, үзэл бодол, шашин шүтлэг гэх мэтээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ынхан алхам тутамдаа Үндсэн хууль зөрчиж байна. Хүүхдийн мөнгөн дээр мөн л Үндсэн хууль зөрчсөн. Өөрсдөө суурь хуулиа зөрчсөнөө ойлгохгүй юм. Хүүхэд хаана ч төрсөн бай төрийн хайр хишгийг адилхан хүртэх ёстой. Харамсалтай нь Ардчилсан намтай холбоотой, ардчилал орсон үг бүхнийг үзэн яддаг хэсэг бий.

-Хүүхдийн мөнгийг мөн 100 хувь олгох асуудлыг хэлэлцсэн дэмжээгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээгээ зөрчиж болохгүй гээд байсан…

-Ардын намынхан Ардчилсан нам хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох шийдвэр гаргаж байсан гэж баахан зөрүүлж бухав даа. Тэд асуудлаа ялгаж салгаж ойлгохгүй юм. Тухайн үед нийгмийн хамгааллын зорилтот бүлгийг тодорхойлох асуудлын хүрээнд 19 категориор өрхийн амьжиргааны түвшинг тогтоосон. Зорилтот бүлгийн хүүхдүүддээ хүүхдийн мөнгөө өгөөд амьжиргааны түвшин дээгүүр өрхийн хүүхдүүд хүсвэл хүүхдийн мөнгөө авдаг, хүүхдийн мөнгөө авахгүй байгаа бол хүүхдийн мөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй байхаар шийдэж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийх замаар хуульчилсан. Үүнийг хольж хутгаад АН хүүхдийн мөнгийг 60 хувьд өгсөн юм шиг яриад байгаа юм. Хэмнэсэн хүүхдийн мөнгөөр таван аймгийн хүүхдийн зусланд огт засвар хийгээгүй байсныг их засварт оруулж байсан. Хүүхдийн хөгжлийн найман төв байгуулж байсан юм. Энэ нь шууд бус утгаараа хүүхдэд чиглэсэн ажил болж байгаа байхгүй юу. Эцэг, эхчүүд нь хүүхдийн мөнгийг аваагүйгээрээ нийт хүүхдэд хөрөнгө оруулж байгаа юм шүү дээ. Энэ зөв хуулийг Ардын намынхан гарч ирээд хүчингүй болгосон. Ардын намынхан гарч ирээд хүүхдийн мөнгийг дандаа байхгүй болгодог. 2012 онд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр олгож байсныг Ардын намынхан бүр байхгүй болгосон байсныг нь 20 мянга болгож байсан юм, бид.

Улс оронд мөнгө байхгүй гэж худлаа яриад байгаа хэр нь өөрсдийнхөө тансаглалыг бүрдүүлээд л явж байна. Сүүлдээ Сангийн сайд нь цагаандаа гарч “Мөнгө байгаа, гэхдээ ОУВС зөвшөөрөхгүй байна” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ юу гэсэн үг юм. Монгол Улсыг ОУВС удирдах ёстой юм уу, шийдвэр гаргадаг болчихсон юм уу. Тэгвэл тэр ОУВС-даа төрийнхөө эрх мэдлийг тамга, тэмдэгтэй нь хамт өгчих хэрэгтэй шүү дээ. Хэрэв бие даасан тусгаар улс мөн л юм бол бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Ер нь бол хүүхдийн мөнгийг нийт хүүхдэдээ олгох ёстой. Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ, конвенцид нэгдчихсэн. Уг конвенцид хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчлахгүй байна гэж заасан байдаг. Гэтэл эрх баригчид Монголын хүүхдүүдийг эцэг, эхээр нь, баян, ядуугаар нь ялгаварлаж байна. Ийм байж болохгүй шүү дээ.

Хүүхдийн мөнгө чинь эрх баригчдын яриад байгаа шиг халамж биш. Хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Эрх баригчид мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр ол-гоно гэчихээд хамгийн их ялгаварлаж байгаа хүмүүс. Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гээд юмыг эрүүлээр хардаг гишүүд эрх баригчид дунд бий. Даанч тэднийгээ нүд үзүүрлээд байх юм. 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эрх баригчид юу ч хэрэгжүүлсэнгүй. Өрийг өрөөр дарахгүй гэсэн хэрнээ өрийг өрөөр дарсан. Баялаг бүтээж бодит хөрөнгө босгож өр дараагүй л байхгүй юу.

Ардын нам гараад нэг км авто зам ч тавьсангүй. Өнгөрсөн жил Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг дуусгаж шоу хийлээ. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орчихсон байгаа тул эрх баригчид авсан тэр их зээлээрээ юу хийснээ тайлагнах цаг болсон. Нэг удаа тэтгэврийг 27 мянгаар нэмсэн. Өөр юу хийв. Эмч, багш нар нь талбайдаа гарчихсан жагсаал цуглаан хийгээд л. Би тэднийг дэмжиж байгаа. 400 мянган төгрөгөөр тэд яаж амьдрах юм. Ам.долларт шилжүүлбэл 100 гаруй доллар болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар тайлангаа тавих цаг болсон. Үүрэх үүрэг хариуцлага гэж байдаг бол хариуцлагаа хүлээх болсон. Шоуддагаа боль. 2012-2016 онд АН-ыг муулсаар байгаад нэр хүндийг нь унагаасан. Одоо ч гэсэн өмнө нь тэгсэн гээд ярих юм. 65 суудалтай МАН-д бүх боломж бий. Ямар нэгэн хуулийн гацаа алга. Хүрэхгүй гэх эрх мэдлийн зовлон алга.

-Ардчилсан намын зүгээс хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндсөн ч асуудал нам жим боллоо. Юу болж байна вэ?

-Бидэнд албан ёсоор хариу ирүүлээгүй. Сошиалаар л ийм хариу өгсөн гэдэг юм яриад байгаа. Бусад оронд улстөрчдийн хүлээх үүрэг хариуцлага өндөр байдаг. Ямар нэгэн асуудалд холбогдсон л бол огцордог, шалгуулдаг ёс зүйтэй байж чаддаг. Монголд нотлогдчихоод байхад “Би гэм буруугүй” гээд гүрийдэг. Ц.Нямдорж сайд байранд мөнгө төлөхгүй сууж байгаа, хүүхдийнхээ Эрдэнэт үйлдвэрт шахсан шахааг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс илүү яаж нотлох юм. Ч.Хүрэлбаатар сайд өмнө нь мөнгөтэй холбоотой асуудал, Хотгор шанагын уурхайг зарсан асуудал нь нотлогдчихоод байхад “Би гэм буруугүй” гээд суугаад байдаг. Энэ чинь ёс зүйгүй байгааг харуулаад байгаа юм. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нар хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадсан юм уу. Чадсан гэж хэн ч хэлж чадахгүй. Хууль зөрчсөн хоёр сайдаа илт хамгаалаад байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрөө хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадаж байна уу. Чадахгүй байна шүү дээ. Бид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг ингээд орхихгүй. Үндсэн хуулийн Цэцэд асуудлыг тавина.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Colors” хамтлаг EP цомгийнхоо нээлтийг хийнэ

“The Colors” хамтлагийн “Би тэнгэрлүү унаж байна” шинэ EP цомог бидний гар дээр ирэхэд цөөхөн хоног үлдсэн байна. Тэд зургаан дуунаас бүрдэх EP цомгийнхоо нээлтийг зургаадугаар сарын 27-нд “Sky Resort”-ын задгай талбайд хийхээр товоо зарлалаа. Хамтлагийн хоёр дахь уран бүтээл энэ удаад пянз хэлбэрээр, цөөн тоотой гарч байгаагаараа онцлог болжээ.

Урьд өмнө нь Соёл-Эрдэнэ, Баянмонгол, Өргөө зэрэг Монголын хөгжмийн томоохон төлөөллүүд пянзан дээр дуугаа мөнхөлсөн байдаг бол, 2013 онд Хурд хамтлаг 20 жилийн ойдоо зориулан пянз гаргаж байсан удаатай. Дашрамд дурдахад, пянзнаас гарах аялгуу нь тоон систем дээр бичигдсэн дууг бодвол илүү сүнслэг, бодит мэдрэмжийг төрүүлдэг бол материаллаг чанарын хувьд үнэт зүйлийн шинжтэй байдаг билээ.

Уг цомог дээр хамтлгийнхан гурван жил ажилласан бөгөөд цомогт багтсан дуунуудыг “The Library Records” студид бичүүлж, миксийг хамтлагийн гишүүн Оохоо Номт хийснээс гадна, Нью-Йорк хотын “Sterling Sound” студид мастеринг, харин хэвлэлтийг Герман улсад хийлгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дурсгалт газруудын хамгаалалтыг ахиулах шаардлагатай болжээ

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан УИХ-ын гишүүд Дорноговь аймагт ажиллалаа.

Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа болон холбогдох албаны хүмүүс багтсан бөгөөд тус аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан ой, Өлгий хийд, Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо богд, Сайншанд сумын нутаг дахь Хамрын хийд зэрэг байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцав.

Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл одоогоос 120 сая жилийн тэртээд буюу Юри болон Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний ховор тогтоц бүхий гайхамшигт газар боловч гадаад, дотоодын ашиг хонжоо хайгчдын тонуулд өртсөөр өдгөө 0,5 га талбайд үлджээ. Сүйхэнт уулыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан хэдий ч хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байж иржээ.

Мөн 1745 онд байгуулагдсан цагаасаа хүрээгээ тэлсээр арван дацан, мянган шавьтай болсон ч 1930-аад оны сүүлчээр сүйтгэгдсэн Өлгий хийдийн тууриар оров. Анхны хийдийн барилга байгууламж, лам нарын амьдрал, дэг журмыг илэрхийлэх хийдийн туурийг сэргээх ажил тус хийдийн унаган шавь нарын санаачилгаар 1990 оноос эхэлсэн хэдий ч номын дугана, цөөн суварга, гэр өргөө төдийхөн байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг байгаль, түүхийн дурсгалт газрууд олз омог хайгчдын гарт өртөж, өдрөөс өдөрт үнэт чанараа алдсаар байгаад харамсаж байна гээд өв соёлын гал голомт болсон эдгээр газруудын хамгаалалтын зэргийг ахиулж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа нөхцөл байдлыг газар дээр нь ирж харлаа. Хамгаалах нь зайлшгүй болжээ. Одоо хамгаалах оновчтой аргыг сонгож, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүйхэнтийн хувьд бага талбай үлдсэн учраас хашаалах боломжтой юм гэв. Дараа нь гишүүд тооройн төгөлөөр дайрч, Дорноговь төдийгүй зэргэлдээ аймгуудын сүсэгтэн олны их мөргөлийн газар Өлгий хийдэд очив.

Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр Өлгий хийд болон Сүйхэт уул хоорондоо 10 км зайтай. Мөн тэдний дунд нэн ховор тооройн төгөл бий. Эдгээр гурван газрын талбайг нийлүүлсэн томоохон талбайг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтэй байна. Гэхдээ Өлгий хийд орчмын хоёр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь бэрхшээл үүсгээд байна гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

“Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалт өндөрлөж, Хамтарсан тунхаглал гаргалаа

ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” Олон улсын чуулга уулзалт өндөрлөлөө.

Хууль тогтоох засаглалын нийгэмд болон дэлхий дахины эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэх үүрэг, аюулгүй байдлыг хангах, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тэргүүн туршлагаа харилцан солилцох, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг олон талт асуудлаар хоёр өдөр чуулсан чуулганаас Тунхаглал гаргалаа.

Монгол Улсын парламентын төлөөлөгчид чуулганы нээлт, хаалт, үндсэн болон салбар хуралдаануудад идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.

Чуулганы үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийсний дотор ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл, Төрийн Дум, Засгийн газрын удирдлагууд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөлтэй хийсэн уулзалтууд, хөндөж ярилцсан асуудлууд чухал ач холбогдолтой болов.

Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар А.В.Гордеев томилогджээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеевтай ОХУ-ын Засгийн газрын ордонд уулзав.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн, Оросын талаас ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.В.Лушников, Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко, Эрчим хүчний орлогч сайд В.М.Кравченко, Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздев, Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов, Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн Холбооны албаны орлогч дарга Н.А.Власов, Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишарин нар оролцов.

Ноён А.В.Гордеев сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол Улсын хооронд өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, “Манай Засгийн газраас Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргын түвшинг ахиулж, намайг тус хэсгийн даргаар томилох шийдвэрт Ерөнхий сайд Д.А.Медведев гарын үсэг зурсан” гэж мэдээллээ.

Тэрбээр хоёр тал Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэдгээрт шаардлагатай хөрөнгө, санхүүгийн асуудлыг хоёр тал ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлүүлэх саналтай байна гэлээ.

Түүнчлэн төмөр замын тээврийн салбарын гэрээ хэлэлцээр, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, түүний дотор малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтран ажиллах, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх, Халхын голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Ноён А.В.Гордеев хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “2017 онд хоёр орны худалдааны эргэлт дорвитой өссөн таатай мэдээлэл бий. Энэхүү эрчийг хадгалж, ойрын хугацаанд 2.0 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Тэрбээр энэ 6-р сард Улаанбаатар хотноо хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ болохоор байгааг онцлоод, “Эрхэм хүндэт УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлыг хөндсөн тул энд хүрэлцэн ирсэн манай яам, байгууллагуудын төлөөлөгчид салбарынхаа асуудлаар товч танилцуулга хийнэ үү” гэлээ.

Энэ дагуу ноён А.С.Мишарин, А.В.Лушников, В.М.Кравченко, А.Н.Морозов нар тус тусын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөв, зорилго чиглэлийн талаар тодорхой танилцуулав.

Танилцуулгад хөндөгдсөн зарим асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд тайлбар, мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Гордеев “Өнөөдөр эрхэм хүндэт ноён М.Энхболд Тантай уулзсандаа тун баяртай байна. Ойрын хугацаанд Монгол Улсад дахин уулзана хэмээн найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад миний мэндийг уламжлахыг Танаас хүсье. Өмнө нь ноён Х.Баттулга болон миний бие Монгол Улс, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар хамтран ажиллаж байсан сайхан түүх бий” гэлээ.

Е.В.Бушмин: Монгол бол бидний итгэлт сайн нөхөр, ойрын хөрш, гол түнш мөн

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Евгений Викторович Бушмин Холбооны зөвлөлийн байранд УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогчоор томилогдсоны зэрэгцээ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг тэргүүлэх болсонд нь Алексей Васильевич Гордеевт баяр хүргэлээ.

Тэрбээр “Монгол Улс хөрш орнууд, тэр дундаа ОХУ-тай хөгжүүлж буй харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгч, стратегийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталдаг. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг илэн далангуй ярилцан шийдвэрлэх замаар идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж бид үздэг” хэмээлээ.

Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. 2017 онд Монгол Улсаас ОХУ-д 67.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.2 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрснийг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг ОХУ дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв.

Уулзалтын эхэнд ноён Е.В.Бушмин Москва хотноо болж буй Олон улсын парламентчдын чуулга уулзалтыг чухал ач холбогдолтойд тооцож, Монголын парламентын төлөөлөгчид өндөр түвшинд оролцож буйд нь талархал илэрхийлээд, удахгүй болох гэж буй Олон улсын парламентаризмын өдрийн мэндийг УИХ-ын дарга М.Энхболдод дэвшүүлэв.

Ийм өдөртэй болох санаачилгыг ОХУ-ын Холбооны зөвлөлөөс дэвшүүлж, 2017 онд Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаар жил бүрийн 6-р сарын 30-ны өдөр тэмдэглэж байхаар баталжээ. ОУПХ-ны анхны хуралдаан 1889 оны 6-р сарын 30-нд болж байсныг үндэслэн энэ өдрийг сонгож авсан юм байна.

Ноён Е.В.Бушмин “Монгол Улс бол бидний итгэлт сайн нөхөр, ойрын хөрш, гол түнш билээ. Энэ бол ердийн хэлээд өнгөрөх үг биш, манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөл, олон жилийн түүхэн харилцааны үнэ цэнийг илэрхийлсэн үг юм. Бидний бүх түвшний харилцаа тогтвортой, үр ашигтай, тууштай үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Бид Монгол Улсын хөгжил дэвшлийг ямагт дэмжих болно” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэсэн юм.

Тэрбээр энэ удаагийн уулзалт удахгүй болох гэж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Орос, Монголын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог юм хэмээн тэмдэглэлээ. “ШХАБ-ын үйл ажиллагааны нэгэн чиглэл нь парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа юм. Тиймээс та бид энэ чиглэлд онцгой анхаарах нь бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай өрнөхөд чухал юм” гэж тэрбээр онцлов.

2017 онд Улаанбаатарт болсон “Монгол Оросын хамтын ажиллагаа” эдийн засгийн чуулган, энэ онд болсон Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн тохирсон асуудлууд, гэрээ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагууд бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байна гэдгээ ноён Е.В.Бушмин илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулган дэлхийн улс орнуудын парламент хамтын ажиллагаа, хүчин чармайлтаа нэгтгэж, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэдгийг онцоллоо.

Тэрбээр сүүлийн 2 жилд хоёр орны харилцаа идэвхжиж, бодит үр дүн гарч байгаад талархалтай байгаагаа тэмдэглээд, төмөр зам, хөдөө аж ахуйн салбарыг онцгойлон дэмжих, бусад салбаруудад нэгэнт боловсруулагдсан хөтөлбөрийг ажил хэрэг болгоход парламентын зүгээс анхаарна гэдэгт итгэж байна гэж хэлэв.

Хоёр орны Ерөнхийлөгч нарын санаачилгаар ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж буй “Монгол, Оросын санаачилга-2018” уулзалтад парламентууд дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал. Түүнчлэн 2019 онд тохиох Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн бэлтгэлийг эртнээс хангаж, өргөн хүрээнд тэмдэглэх нь Монгол, Оросын ард түмний халуун цусаар гагнагдсан хамтын нөхөрлөлийн түүхийг дархлах онцлог үйл явдал мөн. Парламентын бүлэг, Тамгын газар, бүтцийн байгууллагууд, гишүүд хоорондын харилцааг цаашид идэвхжүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй зэрэг асуудлаар байр суурь нэгтэй байгаагаа тэмдэглэв.

Мөн 2025 оны ЭКСПО үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн ОХУ-ыг дэмжихийг хүссэн ноён Е.В.Бушминий саналыг анхааралдаа авснаа УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Уулзалтад Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашников, Төсөв, санхүүгийн зах зээлийн байнгын хорооны орлогч дарга М.М.Ульбашев, Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны орлогч дарга М.И.Дидигов, Хойд нутаг болон нутгийн өөрийн удирдлага, бүс нутгийн бодлого, холбооны засаглалын асуудал хариуцсан байнгын хорооны гишүүн В.В.Наговицын нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Тухайлбал, Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон УБТЗ-д томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж шинэчлэх, ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын шинэ техник, технологийг Монголд ашиглах боломжийг өргөн хүрээнд дэмжих асуудлыг Холбооны зөвлөлөөс анхаарал тавьж, дэмжихийг хүслээ.

Катарын Эрхэм дээд Эмирийг Монголд айлчлахыг урив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Катар Улсын Зөвлөлдөх зөвлөл (парламент)-ийн дарга Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудтай уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харьцангуй богино хугацаа буюу 20 жил өнгөрч байгаа ч хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглээд, ноён Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудыг Катарын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Монголын хууль хяналт, төрийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулж буйд УИХ-ын дарга М.Энхболд талархал илэрхийллээ.

Тэрбээр дэлхийд томд тооцогдох, нэр хүндтэй Катарын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татаж, цахилгаан эрчим хүч, төмөр зам, зэс, нүүрс боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхол бидэнд бий. Манай Засгийн газраас энэ талаарх саналаа хүргүүлсэн. Катарын Зөвлөлдөх зөвлөл болон ноён Ахмед Аль Махмуд таныг эдгээр асуудал болон салбаруудын хамтын ажиллагааны нэгэнт тогтсон гэрээ, хэлэлцээрүүдийг парламентаараа соёрхон батлахад анхаарал тавьж, дэмжихийг хүсэж байна гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Сайн харилцаатай, анд нөхдийн хувьд бид Катарын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг. Асуудлыг зөвшилцлийн замаар харилцан ойлголцож шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Ноён Ахмед Аль Махмуд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа ямагт өндрөөр үнэлдэг. Парламент хоорондын болон эдийн засгийн харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах болно. Холбогдох байгууллагууд төсөл, хөтөлбөрийн асуудлаар шууд харилцаж байх нь зөв. Элчин сайд, яамд ойр дөт ажиллах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ.

Тэрбээр Катарт үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, Монгол Улс, Монголын парламент Катарыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах асуудлыг хөндөж, Катарын Эрхэм дээд Эмир Монголд айлчлах урилгатай, Монгол Улсын Ерөнхий сайд Катарт айлчлахаар төлөвлөж буйг УИХ-ын даргын зүгээс дахин нотлов. Түүнчлэн Парламентын хоёр тэргүүн харилцан бие биенийг тус тусын улсдаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ханги-Мандал боомтод ажиллалаа

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Ундраа нар Ханги-Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авав.

Боомт дээрх гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллага, орон нутгийн удирдлагын төлөөлөл оролцсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байгалийн дурсгалт болон хүний гараар бүтээгдсэн өв соёлын зүйлс тоногдон алдагдаж, улмаар хил гаалиар нэвтрэх зөрчил цөөнгүй байдгийг дурдаад тус боомтын хувьд энэ төрлийн зөрчил, оролдлого хэр байдгийг тодруулав.
Дорноговь аймаг дахь Гаалийн газрын дарга Ц.Отгонжаргал Ханги дахь гаалийн салбарт гаалийн хяналт, шалгалтын явцад түүх соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан томоохон зөрчлийг таслан зогсоосон. Нийт 121.1 сая төгрөгийн үнэ бүхий 1786 ширхэг бурхан шашин, эд өлгийн зүйлс хураагдсанаас 195 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг харьяаллын дагуу холбогдох шүүхийн байгууллагад хүргүүлж, үлдэгдэл 1591 ширхэг нийт эд зүйлсийг 2017 оны зургадугаар сарын 20-ны өдөр ГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст улсын орлого болгон хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш энэ төрлийн өөр зөрчил гараагүй. Гол төлөв малын мах, дайвар бүтээгдэхүүн хил нэвтрүүлэх оролдлого хийгддэг гэв.

Аливаа зөрчлийг илрүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр байдгийг УИХ-ын гишүүд тодруулахад Ханги-Мандалын боомт нь орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжих зорилгоор улирлын чанартай түр боомтоор анх 2002 онд нээгдсэн. Хожим 2015 оны 12 сараас байнгын ажиллагаатай болсон. Тиймээс бусад томоохон боомттой харьцуулах хэмжээнд бэхжээгүй байна. Байцаагчдын ажил, мэргэжлийн ур чадвараар л илрүүлдэг. Дохиолол-хяналт-хамгаалалтын нэгдсэн системээр тоноглохоор ажиллаж байна гэсэн юм.
Ханги-Мандалын боомт дахь гаалийн бүрдүүлэлтийн 2 хувийг импорт, 98 хувийг экспортын буюу уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүдэлтэй замын нөхцөл байдал, тоосжилт, ундны ус, малын бэлчээрийн доройтол, хомсдол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Эрдэнэболдоос тодруулахад манай сумын нутгаар хоёр уурхайгаас нүүрс, нэг уурхайгаас төмрийн хүдэр тээвэрлэгддэг. Салаалсан олон зам, түүний эвдрэл, тоосжилт, зам дагуух хог хаягдлын асуудлаар компаниуд болон малчид, орон нутгийн удирдлага оролцсон гурван талт уулзалтыг өнөөдөр (2018.06.06-нд) зохион байгуулж, нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.

Ажлын хэсгийг Дорноговь аймагт ажиллах үед тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хойд бүсийн найман суманд “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд малчдын зөвлөгөөн, “Малчны мянган ухаан-Бүтээлч малчин” уралдааны шалгаруулалт явагдаж тохиов. Малчдын зөвлөгөөнд оролцогчид ч говь нутгийн байгаль экологи болон нүүдлийн ахуй, соёлын доройтол, уул уурхайн олборлолт тээвэрлэлтийн үр дагаврын талаар санаа зовниж байлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 06-нд болох үйл явдал

09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана.

09.30 цагт ЭХЭМҮТ-ийн III байранд Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурал, Сургалтын танхимын нээлтийн ёслол болно.

10.00 цагт Монголбанкинд Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” Улсын анхдугаар уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 14-р хороонд Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс зорилтот бүлгийн 115 айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ. Утас:89004465

11.00 цагт Нийслэлийн 127 дугаар сургуульд “Зориг сан”-гийн хэрэгжүүлсэн Номын өргөө төслийн нээлт болно. Утас:86154949, 89115992

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Хамгаалах бүс, хамгаалал малгайн хэрэглээг хэвшүүлэх” төслийн нээлт болно.

11.30 цагт Улаанбаатар чуулгын байранд Инновацийн өдөрлөг, Инновацийн төвийн нээлтийн ёслол болно. Утас:91113191

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Парламентын хяналт:Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлэг болно.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Монголын Хуульчдын Холбоо”-ны гишүүн Г.Лхагвасүрэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ХҮН-аас Монгол Улс “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-д элсэх талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Швейцарь улс руу визгүй зорчино

Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэхүү хэлэлцээрээр энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Categories
мэдээ цаг-үе

Д.Адьяасүрэн: Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай бизнесийнхэнд том зах зээл нээгдэнэ

Олон улсын худалдааны эдийн засагч, Төв Азийн бүс нутгийн худалдааны эксперт, СЭЗИСийн докторант Д.Адьяасүрэнтэй ярилцлаа.


-Манай улс Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэж Ерөнхийлөгч саяхан мэдэгдсэн. Та эхлээд энэ холбооны талаар сонирхуулахгүй юу?

-2010 онд Беларусь, ОХУ, Казахстан гэсэн гурван улс нэгдэж гаалийн холбоог байгуулж, Евразийн эдийн засгийн комиссын суурь тавигдаж байсан. Тэд зах зээлээ тэлэх, дотоод болон гадаад бараа эргэлтээ нэмэгдүүлэх үндсэн чиглэлтэй байгуулагдсан. Явцын дунд өргөжөөд бүс нутгийн интеграцичлалын хэлбэрт орж, нэгдсэн эдийн засгийн холбоог бий болгож байгаа юм. Өнөөдөр Евразийн эдийн засгийн комисс эгнээндээ Армен, Киргизстан хоёр улсыг нэмсэн. Манай улсын хувьд энэ холбоотой өмнөх парламентын үеэс хамтарч ажиллаж байгаа.

-Евразийн эдийн засгийн комисстой худалдааны хэлэлцээр байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Манай хоёр талд Орос, Хятад гэсэн асар том зах зээл байна. Хятад ихэвчлэн түүхий эд авдаг. Тэгвэл Евразийн комиссын таван улс руу манайхаас бараа, бүтээгдэхүүн төдийлөн гарахгүй байгаа. Эдгээр улсын зах зээлийг аваад үзэх юм бол манайхаас бэлэн бүтээгдэхүүн болон уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхолтой. Энэ том зах зээл Монголын талд нээгдчихвэл бидэнд маш их ач холбогдолтой. Комиссын гол бодлого нь худалдааны, гаалийн, барааны тарифын бодлогыг хэрэгжүүлдэг. Бараа болгон дээр ялгавартай тариф ашигладаг. Энэ таван улсын аль руу нь ч бараа бүтээгдэхүүнээ гаргасан бүгд ижил гаалийн тарифтай. Ерөнхийдөө тариф нь өндөр. Яагаад гэвэл Евразийн эдийн засгийн холбооны улсууд дотоод зах зээлээ хамгаалах үүднээс ийм зохицуулалттай. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд дээр өндөр тарифтай.

-Манай улсын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлох сонирхолтой. Хэлэлцээр байгуулснаар бид ямар боломжуудыг эдлэх вэ?

–Евразийн эдийн засгийн комисстой хамтран ажиллах ажлын хэсэг болон судалгааны баг ажиллаж байгаа. Ямар, ямар бүтээгдэхүүн дээр бид татвараа яаж бууруулах уу, алийг нь тэглэх үү гэдгийг хэлэлцээрийн ширээний ард суугаад ярих юм. Дээрх таван улсын зах зээлд Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүнүүд комиссын мөрддөг тарифыг дагана. Евразийн эдийн засгийн комисс өнгөрсөн хоёрдугаар сараас шинэ тарифаа мөрдөж эхэлсэн. Бид хэлэлцээрийн ширээний ард суухдаа “Танайх энэ тарифаа багасгаач ээ. Манайх энийгээ багасгая” гэж харилцан тохиролцох юм. Манай улс Евразийн эдийн засгийн комиссын зах зээлд үнэхээр гаръя гэвэл боломжууд байна. Жишээлбэл, Казахстан руу Баян-Өлгий, Ховдоор, ОХУ руу Сэлэнгээр гарах боломжтой. Беларусь улсын хөдөө аж ахуйн салбар сайн хөгжсөн. Евразийн эдийн засгийн комиссын орнуудын зах зээлийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр 100 хувь хангаж байна. Тэгэхээр бид гаалийн өндөр тарифаар сүү, сүүн бүтээгдэхүүнээ тус улс руу гаргах шаардлагагүй. Харин мах, махан бүтээгдэхүүний тухайд Беларусь улс зах зээлийнхээ 40-50 хувийг нь хангачихсан. Үлдсэн 50 хувьд нь бидэнд боломж байна гэсэн үг.

-Ер нь Монгол Улс Евразийн эдийн засгийн комисст гишүүн орноор нэгдэх шаардлагатай юу?

-Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалт маш өндөр. Зах зээл бүр өөрийн гэсэн стандарттай байдаг. Тэгэхээр гишүүн орноор элсье гэвэл зах зээлийнх нь тэр стандартыг хангах шаардлагатай болж байгаа юм. Евразийн эдийн засгийн комисст эхний гурван улс шууд нэгдчихсэн гэж дээр хэлсэн шүү дээ. Гэвч тухайн үед Беларусь хамгийн их хохирлыг амссан. Харин Армен улс комиссын гишүүн орноор элсэхдээ бүтэн хоёр жилийн турш дотоодын бүтээгдэхүүнүүдийнхээ техникийн зохицуулалтуудыг хангаж өгсөн. Ингэснээр тус улсын экспортын тоо хэмжээ 70 хувь өссөн.

Евразийн эдийн засгийн комиссоос манай улсыг гишүүн орноор нэгдээч гэсэн байр суурийг тавьдаг л даа. Гэтэл бизнес эрхлэгчдийн зүгээс аваад үзэх юм бол комиссын гишүүн орноор элсвэл дотоодын зах зээлд хүндрэл үүснэ. Одоо манай дотоодын үйлдвэрлэл дөнгөж хөл дээрээ босч эхэлж байна. Хамгийн түрүүнд дотоодын зах зээлээ хамгаалах ёстой. Тэгж байж эдийн засаг өснө шүү дээ. Гэтэл ийм хамгаалалтгүй байхад нь Евразийн эдийн засгийн комисст нэгдчихвэл таван улсын бараа бүтээгдэхүүн манайх руу чөлөөтэй ороод ирнэ. Энэ нь манай дотоодын үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй. Иймд манай улс Евразийн эдийн засгийн комиссын гишүүн орноор элсэнэ гэхээсээ илүү чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ёстой.

-Энэ холбоо хэдэн улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан юм бэ?

-Ганцхан улстай хэлэлцээр байгуулсан. Тэр нь Вьетнам. Тэд хэлэлцээр байгуулахын тулд бараг найман жил үргэлжилсэн. Тус эдийн засгийн комиссын Вьетнамтай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн тарифын хэмжээг аваад үзэхэд ялгавартай хандсан байгаа юм. ОХУ-ын зах зээлд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн гаргавал гаалийн өндөр тариф тавиад өгчихсөн. Энэ бол Вьетнамаас хэзээ ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээл рүү оруулахгүй гэдэг нь ойлгомжтой. Бас Вьетнамын ганц экспортолдог бүтээгдэхүүн болох цагаан будаанд нь хүртэл өндөр тариф тавьсан. Гэхдээ 2020 он хүртэл үе шаттайгаар багасгана гээд заагаад өгчихсөн байгаа юм билээ. Бид Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Вьетнамын хэлэлцээрийн туршлагыг судлах хэрэгтэй. Ажлын хэсгүүд нэлээд өндөр даалгавар хүлээж байна гэсэн үг.

-Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломжтой гэж Ерөнхийлөгч тодотгосон байна лээ?

-Аль, аль талаасаа татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Бүр татваргүй болно гэсэн ойлголт байхгүй. Манайх гаалийн тухай хуулиараа гурван төрлийн татвар хэрэглэж байгаа шүү дээ. Нэн тааламжтай, тааламжтай, хөнгөлөлттэй тариф. Олон улсын гэрээ хэлэлцээр байгуулсан улс орон экспорт, импортын үйл ажиллагаандаа хөнгөлөлттэй тарифыг ашиглана. Үүнтэй адилхан манайх Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм Монголын бүтээгдэхүүн таван улсын зах зээл дээр хөнгөлөлттэй тарифыг ашиглана. Нөгөө талаар таван улсын зах зээлээс бараа бүтээгдэхүүн манай улсад хөнгөлөлттэй тарифаар орж ирэх юм.

-Манайх хоёр хөрштэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй. Монголын бараа бүтээгдэхүүн энэ хоёр том зах зээл рүү гарч байж дэлхийд гарна биз дээ. Яагаад өнөөдрийг хүртэл Орос, Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй юм бэ?

-Хятадын тал манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэхээсээ илүү нөгөө л ШХАБ-д элсэх саналаа тавьдаг. Гэтэл 10 жилийн өмнөөс Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэсэн үйл явц эхэлсэн. Одоо зогсонги байдалтай байна. Яагаад гэвэл Хятадын талд манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь төдийлөн ашигтай биш. Бас бид ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй. Оросын зах зээлтэй хил орчмын хэлэлцээр байгуулах хамтын ажиллагааны хэлбэрүүд байдаг. Энэ нь хоёр улсын хил орчмын аймгуудад ашигтай байх ёстой л доо. ОХУ-ын Алс дорнодын эдийн засгийн сайд саяхан манай улсад айлчилсан шүү дээ. Тэгэхээр ОХУ алс дорнодоо хөгжүүлэх эдийн засгийн том бодлогууд хэрэгжүүлээд эхэлж байгаа. Магадгүй тэрэндээ ч тулгуурлаад манайхтай бүс нутгийн хэлэлцээр байгуулахыг үгүйсгэхгүй. Ингэснээр Тува, Буриадын эдийн засаг нэмэгдэж болно. Тэр утгаар нь айлын тал хараад, сайд нь манайд ач холбогдол өгч байгаа байх.

-Манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ч үр дүн нь тааруу байна гэдэг. Бас Европын холбоо руу 7000 нэр төрлийн бараа, экспортын татваргүй, тоо хэмжээ харгалзахгүйгээр гаргах боломж байдаг ч тэр бүр ашиглахгүй байна. Гэтэл Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихаад бас боломжоо эдэлж чадахгүй байх юм биш биз дээ. Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээр идэвхтэй бус байгаа нь юутай холбоотой вэ. Хууль эрх зүйн орчны зохицуулалт хангалтгүй байна уу?

-Худалдааны хууль дөрвөн Засгийн газар дамнасан. Хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд худалдааны нэгдсэн бодлого хэрэгтэй. Улс орон болгон өөрийн гэсэн тусгайлсан худалдааны бодлоготой байдаг. Жил болгон худалдааны бодлогыг хэрэгжүүлсэн үндсэн бичиг баримтаа гаргадаг. Ингээд ирэх оныхоо худалдааны бодлогынхоо прогнозыг гаргадаг л даа. Гэтэл Монгол Улсад ийм бодлого алга. Худалдааны бодлогыг гаргадаг тусгайлсан төрийн байгууллага байх ёстой. Худалдаа эдийн засгийн яам ч юм уу. Өнөөдөр Гадаад харилцааны яам дээр гадаад худалдааны бодлогыг зохицуулж байна. Харин Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам дотоодын худалдаагаа хариуцаж байна. Уг нь энэ хоёр яам нэгдмэл худалдааны бодлогоо гаргаж ирэх ёстой шүү дээ. Дээрээс нь экспортыг дэмжих бодлого гаргаж ирж байна. Дотоодын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого гарч байна. Энэ хоёр хоорондоо уялдах ёстой. Манай улсад худалдааны салбарын эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байна.

Бид Евразийн эдийн засгийн комисстой хэлэлцээр байгуулахдаа илүү туршлагатай болсон. Яагаад гэвэл Японтой байгуулсан хэлэлцээрийн алдаа, оноогоо мэдэж байгаа. Магадгүй Европын холбоо руу гарч чадахгүй байгаа бүтээгдэхүүн дээрээ ч анхаарлаа хандуулах боломжтой болно.

Японтой байгуулсан зарим төрлийн бүтээгдэхүүн дээр татвар нь тэглэгдээгүй. Эсгий, эсгий бүтээгдэхүүн гэхэд Японы зах зээл рүү татвартай орж байна. Тэгвэл тус улсын зах зээл энэ төрлийн бүтээгдэхүүн эрэлттэй байгаа. Тухайн үед хоёр улс хэлэлцээр хийхдээ манай талаас энэ бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх ёстой гэдэг дээр анхаараагүй болохоор туршлага дутсан тал бий.

-Өмнөд Солонгос манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаа байх аа?

-Солонгосын талын ажлын хэсэг манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гээд хурдацтай явж байгаа. Тэдний сонирхлыг зөвхөн автомашин дээр авч үзье л дээ. Манайх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар тус улсаас орж ирэх шинэ тээврийн хэрэгслийн гаалийн татварыг тэглэчихсэн шүү дээ. Харин Солонгосоос орж ирж байгаа автомашин өндөр татвартай байна. Тэгэхээр Солонгосын тал хурдан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэх нь аргагүй.

Хэрэв бид Евразийн эдийн засгийн комисстой гаалийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал Оросоос машинууд бас хямд орж ирнэ. Беларусаас алдартай тракторууд, машин механизмууд оруулж ирснээр хөдөө аж ахуйн салбарын техник, технологийн парк шинэчлэгдэнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн салбар маань хөгжинө гэсэн үг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Сүндэрмаа: Нийгэм хар бараан байхад хүмүүсийг баяр баясгалантай болгодог шоу байгаа нь сайхан

“Яг түүн шиг-3” шоуны оролцогч, “Swee­tymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.


-“Яг түүн шиг-3” шоуны дөрөв дэх дугаарын ялагч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Энэ удаагийн шоуны эрэгтэй оролцогчид хүчтэй байна. Харин эмэгтэй оролцогчдоос хэн нь ялалт байгуулах бол гэсэн битүүхэн хүлээлт байсан шүү?

-Өмнөх жилүүдийн цувралыг харж байхад ерөнхийдөө эрэгтэй ялагч их байсан юм билээ. Энэ удаагийн эмэгтэй оролцогчид хүчтэй, мундаг хүмүүс. Ч.Очгэрэл бол өөрийн гэсэн байр сууриа олчихсон, кино жүжигчин, дуучин. Ж.Энэрэл загварын хүрээндээ амжилттай яваа, сайхан дуулдаг бүсгүй. М.Цэрэндолгор ОХУ-ын урлагийн сургуулийг төгсөөд ирсэн, жүжигчний хувьд маш авьяастай гэдэг нь харагдаад байгаа юм. Жүжигчин болох гэж төрсөн мэт дүрдээ маш сайн ордог, дүрдээ нэг орвол гардаггүй онцлогтой. Манай гурав авьяастай, салбартаа амжилттай яваа бүсгүйчүүд.

-Олны танил, дэлхийн хэмжээний одыг дуурайсан юм уу, эсвэл хүйсээ сольж дүр бүтээсэн тохиолдолд ялагч болоод байх шиг байна. Гэтэл таны хувьд монголчуудын төдийлөн сайн мэддэггүй, Английн дуучин LP-ийн “Lost on you”-г дуулаад ялагч болчихлоо?

-Харин тийм ээ.

-Таныг “Яг түүн шиг” шоун дээр “Lost on you”-г дуулснаар монголчууд LP-ийг бараг бүгд мэддэг боллоо?

-Би ч бас тэр дуучныг мэддэггүй байсан. Баззераар тэр дуучныг таарахад “Ийм дуучин байдаг юм уу. Хаанахын дуучин юм бол” гэхэд Г.Ганхүү шүүгч “Английн дуучин, продюсер, ая зохиогч хүн. Сүүлийн үед өөрөө дуулдаг болсон” гэж бага сага түүхийг нь ярьж өгсөн юм. Дараа нь би LP-ийг судлахад их мундаг дуучин юм билээ. Би өөрөө түүний шүтэн бишрэгч нь болсон. “Lost on you” дууг нь сонсоход их гоё, дотортой дуу байна лээ. Би бодсон юм аа “Энэ дуучныг монголчууд маань бүгд сайн мэдэхгүй байх. За яахав, оноогдсон дүрээ өөрийнхөө хэмжээнд чадах ядахаараа тултал хийж номероо хүргэе” гэж. Гэхдээ фэйсбүүк хуудсандаа дараагийн шатанд LP-ийг дуурайх болсноо зарлахад олон хүн түүний шүтэн бишрэгч, дуунд нь дуртай гэдгээ илэрхийлсэн. Үүнээс нь бас ч гэж санасныг бодоход монголчууд маань мэдэхгүй биш, мэддэг юм байна гэж итгэл төрсөн л дөө. Ингээд шоун дээрээ дууг нь дууллаа, олон хүн дуунд нь дуртай болсон. Дараа нь “Харанга”-ын Чука ах (Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатыг хэлэв.сурв) утасдаад “Баяр хүргэе. LP гэж ямар сонирхолтой, ямар өвөрмөц хоолойтой дуучин юм бэ. Чи хоолойг нь яг дуурайсан байна” гэсэн. Тэгэхээр тэр дуучныг жаахан ч гэсэн хүмүүст танилцуулах боломж надад гарсан юм байна гэж харсан.

LP-гийн дүрээр дөрөв дэх дугаарын ялагч болсон нь ганцхан миний ялалт биш юм. Энэ дүрийг яг түүн шиг болгож өгсөн баг хамт олны маань бүгдийнх нь ялалт.

Маск хийгээгүй хэрнээ нүүр будалтаар яг LP шиг болгож будаж өгсөн Хосоо, “Mirake” салоны үсчин Баяраа, Наку, жижиг хэрэглэл дээр ажилласан Анка, Одноо, хөгжим дуугаралт дээр ажилласан Мөнхөө, Туанаа, тайз, дэлгэцийн багийнхан, найруулагч Даймаа ахдаа баярлалаа.

-Шоу их нүсэр юм. Бэлтгэл ажил гэж их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг байх. Оролцогчид өөрсдийн хувь уран бүтээл, ажлаа хойш тавьж байгаад шоундаа анхаарлаа хандуулж байна гэцгээж байсан?

-Эмэгтэй хүн, айлын эзэгтэй гэдэг утгаараа заримдаа ажил төрлөө хойшлуулаад шоуны бэлтгэл, дуугаа давтахад цагаа зориулж байгаа. Долоо хоногийн дотор нэг уран бүтээлчийг судалж, дуулалт, жүжиглэлт, бүжиглэлтийг нь дуурайж сурна гэдэг хэцүү. Бид бүгд ачаалалтай байгаа. Гэхдээ эхэн үеэ бодвол ачаалалдаа дасаад харин ч ачаалалтай байх тусмаа шоуны амтандаа ороод хэмнэлдээ орчихсон гэх үү дээ. Өглөө фитнесстээ явчихаад гэртээ ирж цай ундаа уучихаад хүүхдээ хичээл сургуульд нь хүргэчихээд дуугаа давтаад дүрээ хараад суучихдаг. Гар утсаа оролдохоороо л фэйсбүүк, инстаграмаа хардаг байсан бол одоо youtube-ийг нээгээд дуурайх хүнийхээ клипийг үзээд, судалгаа хийгээд суух жишээтэй. Миний хувьд хэтэрчихсэн хэт ачаалал алга. Хамтлагаараа тоглолтдоо бэлтгэхэд тодорхой хэмжээний ачаалал ирдэг л дээ. Тиймэрхүү дайны ачаалал байна аа, байна. Гэхдээ ингэж ачаалалтай байх нь надад гоё санагдаад байгаа. Завгүй байх чинь сайхан юм.

-Шоуны оролцогчдын цаана хамтлаг, продакшн, уран бүтээлчид, загварынхан гээд түлхэц өгөх, туслах, дэмжих бүхэл бүтэн багууд байна гэж харагдаад байгаа. Таны хувьд ч ялгаагүй. Таны ард “Sweetymo­tion” хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат байгаа. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Тэдний минь тус нэмэр их. Дуугаа Ц.Сарнай, Б.Чинбаа, Б.Ганболор гуравтайгаа ярьж зөвлөнө. Б.Чинбат маань дуулалтын тал дээр тусална. Хамтлагийнхан маань миний ард асаалттай танк шиг зогсч байгаа нь түшигтэй санагддаг. Хэрвээ тэд маань байгаагүй бол би өөрийгөө хэрхэн дуулж байгаа, зөв, буруу дуугарч байгаагаа мэдэхгүй ч байсан юм билүү. Үнэнээр нь, шударгаар хэлээд өгчихдөг найз нөхөдтэй байх сайхан юм. Бас гэр бүл минь, хань минь байна. Хүүхдүүд минь байна. “Ээж ээ, та ямар сонин хөдлөөд байна аа. Энэ хүн шиг хөдлөхгүй байна шүү дээ” гэж яг үнэнийг шууд хэлдэг. Ойр дотныхон, гэр бүл, найз нөхөд маань миний ар талд бат бөх зогсоцгоож байна.

-Шоуг ням гаригийн орой гарахад гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч байна вэ?

-Би өөрийгөө зурагтаар харж чаддаггүй юм. Шоу дууссаны дараа гэрийнхнээсээ “За яаж байна, ямар байна” гэхээр “Зүгээр л байна ш дээ” гэдэг юм (инээв). Манай гэрийнхэн, ойр дотныхон цагаа гаргаж их төвлөрч үзэцгээдэг.

-Б.Зангад гуайг дуурайх баззер таарахад “Яана аа” гэж бодогдсон?

-Би бас яана аа гэж бодсон. Бид 2015 онд “Зүрхэн аялгуу” кино концерт хийхдээ Б.Зангад гуайтай холбогдож “Тунгалаг Буянт” дууг нь дуулах зөвшөөрөл авч байсан юм. Түүнээс хойш дахин уулзалдаагүй л дээ. Баззер дараад Б.Зангад гуай таарахад өөртэй нь холбогдохоос эмээсэн л дээ. Настай хүнийг дуурайхад өөрийг нь элэглээд ч байгаа юм шиг, шоолоод ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлчих болов уу гэж дотроо нэлээд эмээсэн шүү. Тэгээд л өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд номероо үзүүлсэн. Оросоос ирсэн маскийн багийнхан үнэхээр сайн ажилласан. Дуулалтын хувьд өөрийнхөө хэмжээнд хичээсэн. Тэр мундаг хүний дуулалтыг би яаж 100 хувь дуурайж чадах билээ.

-“Яг түүн шиг” шоу монголчуудын хувьд амралтын өдрийн орой гэр бүлээрээ ширээгээ тойрч сууж байгаад үзэх, буйдандаа тухалж байгаад сонирхох нэвтрүүлэг болж чаджээ. Нэг ёсондоо халуун дулаан уур амьсгалыг айл гэрт бий болгоод байна гэж хэлж болохоор байна?

-“Яг түүн шиг” гарах өдөр гэртээ ширээ засч тойрч сууж байгаад, баяр ёслолын байдалтайгаар шоугаа үздэг айлууд байдаг юм байна.

Гадуур УИХ-ын гишүүд, оффшор гээд л элдэв хар бараан үйл явдал өрнөж байхад ийм шоу гарч хүмүүсийг хөгжөөж байгаа нь, ийм цаг үед хүмүүсийг баяр баясгалантай болгодог шоу байгаа нь гоё байгаа байхгүй юу. Тийм болохоор “Боловсрол” телевизийнхэндээ ч баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Ийм гоё контентийг гурав дахь жилдээ Монголын ард түмэндээ хүргэж байна.

-Энэ шоунд оролцох санал анх ирэхэд танд юу бодогдсон бэ?

-Айсан л даа. Дуучин хүн өөрийн гэсэн хоолой, темпер, өнгө аястай байх ёстой гэсэн хатуу тавилтаар бид чинь 15, 16 наснаасаа дуулж эхэлсэн. Өөр хүний хоолойг дуурайгаад жүжиглээд, бүжиглэнэ гэхээр надад төсөөлөгдөхгүй байсан. Миний хоолой хувирах болов уу, би жүжиглэж чадах болов уу, би бүжиглэж чадах уу гэж их сонин бодлууд орж ирсэн. Миний хоолой хувирах болов уу гэдэг дээр л хамгийн их айж байсан.

-Танай шоуны бас нэг сонирхолтой хэсэг бол шүүгч Г.Ганхүү. Тэр хүний хөгжмийн талаарх мэдлэгийг бишрээд барахгүй юм?

-Явдаг Wikipedia (Нэвтэрхий толь) гээд байгаа шүү дээ (инээв). Ам нээх болгондоо түүх ярьдаг нь гоё. Хүнийг танин мэдүүлээд тухайн дуучныг судалмаар болтол нь ярьж танилцуулж, ойлгуулж өгдөг.

-Танай хамтлаг ойрын үед юу хийж байна, цомог, тоглолтын сураг байна уу?

-Есдүгээр сард Б.Чинбат маань бие даасан тоглолтоо хийнэ. Одооноос тоглолтын бэлтгэл нь эхэлж байгаа. Наадмын дараа л бүгдээрээ ханцуй шамлан тоглолтын бэлтгэлд нь орно доо. Ц.Сарнай маань эзгүй байгаа. Ирэх сард эх орондоо ирнэ. Бид чинь хамтлагийнхаа 20 жилийн ойг тэмдэглэж чадаагүй. Манай хамтлаг 1997 онд байгуулагдаж байсан. 21 жил болчихож шүү. Өнөө жилдээ багтаагаад бид гурав нийлээд тодорхой хэмжээнд нүсэр биш багахан хэмжээний тоглолт хийнэ гэж төлөвлөчихсөн байгаа. Гоё гоё юм яригдаж байгаа. Хувь уран бүтээлээ ч хийнэ. “Яг түүн шиг” шоу “Би ямар стиль жанраар дуулж болох вэ” гэдэг сэдэл санааг надад өгөөд байгаа байхгүй юу.

-Г.Сүндэрмаа соло цомог гаргавал LP-гийн “Lost on you” дууг багтаах болов уу?

-(Инээв). Хүмүүс тэгээд л байгаа. LP шиг доогуур өнгөөр дуулаач. Нэгдүгээр шатанд солонгос хип хопоор дуулсан. Тэрэн шиг дуулж үзээч гэсэн санал ирээд байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Яагаад гэнэт ШХАБ-д элсэхээр болов?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “ Яагаад гэнэт ШХАБ-д элсэхээр болов?“ хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт Я.Содбаатар: ШХАБ-ыг улс төр, цэргийн эвсэл талаас нь дахин судлах шаардлагатай хэмээн ярьсан байна.

О.Батнасан: Улсын мал эмнэлгийн ерөнхий газар гадаад зах зээлд сайн тоглогч болно хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы “Эдийн засаг” нүүрт Монголбанк арилжааны банкуудад хариуцлага тооцож эхэллээ хэмээн өгүүлсэн байна.

Ганцаардмал амьдралыг таалдаг яст мэлхий “Сав шим” нүүрт өгүүлжээ.

Т.Саруултөгс: “Яг түүн шиг” шоу оролцогчид болоод тайзны ард ажиллаж байгаа хүмүүсийг асар их туршлагажуулж байна “Цаг үе,залуус” нүүрт ярьжээ.

“Дурсахуй” нүүртР.Самдандовж: Алтайн домогт хүрэн бүргэд Лоохууз Монголын шинэ нийгмийн үзэгдэл байлаа хэмээн ярьсан байна.

Хордлогод орсон 77 хүүхдийн 47 нь эмнэлэгт эмчлүүлж байна хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Японы Ерөнхий сайд маргааш АНУ-г зорино хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ