Categories
мэдээ нийгэм

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ болно

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор энэ сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Монгол, Оросын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээний хүрээнд эдийн засгийн чуулга уулзалт, дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн тоглолт, спортын уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

6 дугаар сарын 7-нд Төрийн ордонд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжлэх “Эдийн засгийн чуулга уулзалт”-аар худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал бодлоо солилцох юм. Харин Сүхбаатарын талбайд болох “Оросын дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж машин, техникээ дэлгэн танилцуулна. Хоёр улсын соёл урлаг, спортыг сурталчлах хүрээнд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэх тоглолт, Игорь Моисеевын нэрэмжит чуулгын тоглолт, жүдо бөхийн нөхөрсөг тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын парламентын холбооны УЗ-ийн шийдвэрийг судлах ажлын хэсгийг томиллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсов.

Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар ажиллажээ. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны шийдвэрийг судалж үзэхэд С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан эрүүгийн хэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлууд хөндөгдсөн байна.

Дээр дурдсан асуудлаас хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд ажлын хэсэг ажиллах нь зүйтэй хэмээн үзжээ. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцад үлджээ. Иймд ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд уг материалтай танилцах боломжгүй хэмээн үзсэн байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохиргчийн хууль ёсны төлөөлөгчидтэй уулзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авч ажиллажээ. Ийнхүү дараах гурван саналыг Байнгын хороонд оруулж буйгаа Ц.Нямбаатар гишүүн танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцахаар заасан байдаг. Иймд тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар тус дэд хороо судлан үзэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэжээ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомж, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажилласан талаарх Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах зэрэг саналыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурджээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Алтан хальс индепендент кино наадам” үргэлжилж байна

БСШУСЯ болон Соёл, урлагийн газрын зүгээс ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Алтан хальс” холбооны “Алтан хальс индепендент кино наадам” (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) 06 сарын 2 – 8-ны өдрүүдэд “iCinema” кино театрт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдож байна. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад өндөр тоо юм. Өнгөрсөн жил 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл хэн нь шилдэг болохоо мэдэхээр өрсөлдөж байсан билээ. Энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсон бөгөөд эндээс 17 нь Монгол кино байна.

Энэ жил гадаадын алдартай найруулагч, уран бүтээлчдийг кино наадамдаа урьж оролцуулан, мастер класс хийж байгаа нь тун үр өгөөжтэй байна.

6/6-нд Онцлог авангард бүтээл, Унгарын найруулагч Дёрдь Пальфигийн ‘’Зогьсуулалт’’ (2002),

6/7-нд Дэлгэцийн сонгодог, Найруулагч Н.Уранчимэгийн ‘’Аргамжаа’’ (1992)

6/8-нд Хаалтын үзвэр: “Nguyen-ийг хэрхэн дуудах вэ?” буюу Кэрол Уэний урын сангаас толилуулах болно.

Мөн наадмын гол утга учир болсон уралдаант хэсэгт шалгарсан кинонуудыг та бүхэн хүрэлцэн ирж үзэх боломжтой. Шилдэг богино хэмжээний кино шалгаруулах шүүлтийг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар явуулж, шидэг бүтээлүүдийг зарлана.

Мөн энэ жил олон сонирхолтой зочид хүрэлцэн ирнэ. Германы найруулагч Юлиан Радлмайер, Олон улсын өсөж буй авъяаслаг кино уран бүтээлчдийн холбоо (IEFTA)-ны Дэлхийн кино илэрхийлэл хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Бүтээлүүд нь 100 гаруй кино наадамд шалгарч байсан найруулагч Кэрол Уэн, Брисбений олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, наадмаар гарах Кувейт киног бидэнд үзэх боломж олгож буй Кувейтийн соёлын яамны зочид, шинэ залуу найруулагчид гэх мэтчилэн олон хүн энэ наадамд оролцож байна.

Мөн бүх мастер классууд үнэ төлбөргүй явагдах тул та бүхэн авьяаслаг, чадварлаг, туршлагатай хүмүүсийн тусгай хичээл, хэлэлцүүлгийг сонсож, суралцах боломжтой юм.

Бүтэн долоо хоногийг кино урлагаар амьсгалж, шилдэг шинэ бүтээлүүдтэй танилцан өнгөрөөх боломжийг “Алтан Хальс Индепендент Кино Наадам” та бүхэнд олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг “Altan Khalis Independent Film Festival” пэйж хуудаснаас хүлээн авна уу. Холбогдох утас: 95154422

Categories
мэдээ нийгэм

Ж.Уранчимэг сувилагчид хоёр өрөө байр бэлэглэжээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарлаж байсан билээ. Тэрээр өнгөрсөн сард “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдан оролцсон. Тэгвэл Ж.Уранчимэгийг тус нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнтэй холбогдож байр бэлэглэхээр болсноо дуулгасан аж.

Сайхан сэтгэлт залуу хос сувилагч бүсгүйд хэлсэндээ хүрч байрныхаа түлхүүрийг өчигдөр гардууллаа. Энэхүү үйл явдлыг “Цензургүй сурвалжлага” багийнхан шууд дамжуулсан юм. Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эмэгтэй юм. Өвчиндөө шаналж явсан түүнд туслахыг хүссэн хүмүүсийн цуглуулсан хандиваар эмчилгээний зардал нь бүрдэж ирэх долоо хоногт Энэтхэг улсыг зорихоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад А.Манлайтай ярилцлаа.

-Хууль бусаар ан агнах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсч байгаа талаар сонсогдох болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн хувь нь бага юм шиг боловч улс эх орон болоод байгаль орчинд учрах хохирлын хэмжээ маш өндөр байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар ан амьтан хууль бусаар агнах төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг 2017 онд нийт 50 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 66 хувиар өссөн дүн гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс мэргэжлийн хяналт болон бусад чиглэлийн байгууллагуудтай хамтран гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж байна.

-Манай иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд санамсаргүй байдлаар холбогдохоос урьдчилан сэргийлж юуг анхаарах вэ?

-Манай ард иргэдийн дунд аливаа өвчинг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан, амьтан агнах гэмт хэрэг зөрчил их үйлдэгдэж байна. Мөн зарим хүмүүс гоёл чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнаж байгаа бол зарим нь тэдгээрийн гаралтай яс, бугын эвэр, чих, засаа зэргийг худалдан борлуулах, гадаадруу гаргах, өндөр ашиг олох зорилгоор агнах сэтгэлгээтэй холбоотойгоор хууль бусаар ан агнах гэмт хэргүүд гарч байна. Тиймээс иргэд маань үндэслэлгүй цуу ярианд итгэж, хууль бусаар ан агнахгүй байх, мөн эрхзүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж, зохих зөвшөөрлийн дагуу ан агнаж байх хэрэгтэй байна.

-Ховор ан амьтдыг агнах зөвшөөрлийг хаанаас олгодог, юуг анхаарах вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад орсон байдаг. Үүнд Цөөвөр чоно, Гангар хун, Цоохор ирвэс, Гургуул, Мазаалай баавгай, Тахь адуу, Хавтгай тэмээ, Цаа буга, Борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн 3 төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховон, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

Түүнчлэн Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай.

-Залуучууд зугаа цэнгэлээ гаргах гэж зөвшөөрөлгүй ан амьтан агнадаг?

-Алжаал тайлах, галт зэвсгийг хэрэглэхдээ ангийн хорхойгоо дарж ан амьтан буудаж хорхойгоо дардаг залуучууд байдаг. Эсвэл буугаа шалгах гэж гараад зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт ан амьтан буудчихаад ирдэг. Манай иргэдийн хууль,эрх зүйн мэдлэг дутмагаас болоод улсын тусгай хамгаалалттай газар нутаг хаанаас эхлээд хаана дуусч байгааг мэдэхгүйгээсээ болж тусгай хамгаалалттай газарт нэвтэрч ан амьтан агнах явдал гардаг.

Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог гэдгийг анзаарахгүй байх үйлдүүд гардаг.

-Улсын тусгай хамгаалалтай газарт ямар газар нутаг орох вэ?

-“Улсын тусгай хамгаалалттай газар” гэдэг нь манай оронд болон дэлхий дахинд нэн ховордсон ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, байгалийн үзэсгэлэнтэй нутгийн унаган төрхийг хамгаалах зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас хамгаалалт тогтоосон газар нутгийг хэлнэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж дөрөв ангилдаг. Үүнд:

Дархан цаазат газар – Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Байгалийн цогцолборт газар – Байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Байгалийн нөөц газар Байгалийн тодорхой хэв шинж ,аль нэг нөөц, баялгийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Дурсгалт газар – Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлийн ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг тус тус хэлнэ.

-Зөвшөөрөлгүй ан хийх асуудалд хэрхэн хяналт тавих в?

-Амьтны тухай хуулинд тарвага, зээр, чоно зэргийг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг. Зөвшөөрлийг тухайн орон нутгийн сум, аймгийн засаг даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад торгох арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын шугамаар давхар хяналтаа тавиад ажилладаг.

-Нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ?

-Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг. Харин агнахыг хориглосон ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тохиолдолд ямар нэгэн хохирлын хэмжээ шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заагдсан байдаг. Энэ гэмт хэрэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг шаарддаг.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болонхорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин нэн ховор амьтныг 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ.

-“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, БОАЖЯ, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран энэ сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд “ Байгалиа хамгаалъя” аяныг эхлүүлээд явж байна.

Энэ ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд бүгд хамаардаг. Тухайлбал хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, байгаль орчиныг бохирдуулах, гол, ус мөрөнг бохирдуулах гэмт хэрэг, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах зэрэг гэмт хэргүүд орж байна. Тиймээс тус арга хэмжээний хүрээнд интернэт цахим орчинд олны танил хүмүүсийн хэлсэн үг, хуулийн үг хэллэг, дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ гэх мэтчилэн иргэдэд ухуулга нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Мөн дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5-10 минутын богино хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн, видео шторкуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажиллаж байна. Иргэддээ ойлгомжтой байх үүднээс төрөл бүрийн контентуудыг хүргэхийг зорьж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Солонгост удахгүй 5G сүлжээг ашиглана

Одоогоос таван жилийн тэртээ бидний өнөөгийн хэрэглээнд ашиглаж буй 4G сүлжээний дараагийн үе болох 5G-г Өмнөд Солонгосын “Samsung” корпораци нэвтрүүлэхээр ажиллаж буй талаар “BBC” агентлаг мэдээлж байв. Мөн тус мэдээлэлд 5G нь асар хурдтай бөгөөд 2 км-ын орчинд 1Gbps датаг дамжуулах хүчин чадалтай, энэхүү шинэ технологийг нэвтрүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүнээ 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж буй бөгөөд уг төсөлд нийтдээ 35 сая фунт стерлинг зарцуулна хэмээн бичсэн байв.

Эдүгээ Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны эцсээр солонгосчууд 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Одоо ашиглагдаж буй 4G сүлжээтэй харьцуулвал 5G нь өгөгдлийг 20 дахин өндөр хурдаар дамжуулах техникийн боломжтой юм байна. Ингэснээр гар утсан дээрээ өндөр чанар, нягтралтай дүрсийг хэд хэдэн сувгаар ямар ч гацалтгүйгээр хүлээн авч үзэх боломжтой болох ажээ.

Бэйсбол зэрэг солонгос хүмүүсийн үзэх дуртай спортын тэмцээнүүдийн үед бөмбөг цохиж буй тоглогчийг хэд хэдэн талаас нь шууд харуулах боломжтой болвол фэнүүд нь гар утсан дээрээсээ нэвтрүүлэг үзэхийн тулд гар утасны үнэтэй үйлчилгээг байнга хэрэглэх нь дамжиггүй. Иймд БНСУ-ын оператор компаниуд ийм хэрэглэгчдийг урьдчилан татахын тулд эртнээс хүчтэй өрсөлдөөнд орсон талаар салбарын шинжээч нар онцолжээ.

Солонгосын Засгийн газар “Солонгост хязгааргүй хэрэглээтэй үйлчилгээ хямдарч байгаа тул дагаад гар утасны төлбөр буурч, иргэдийн халааснаас гарах холбооны зардал багасна” гэж үзэж байгаа аж.

5G сүлжээний хурд жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү байх тухай мэдээлэл нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Өмнөд Солонгост 5G сүлжээний хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад илүү шаардлагатай байгаа ажээ.

Саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд зарцуулна гэж дурдсан байна.

Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү их шаардлагатай болсон байна. Анх 3G сүлжээ хэрэглэж байсан бол ухаалаг утасны хүчин чадал, үзүүлэлтүүд нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурдыг өсөх шаардлага тулгарчээ.

1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн байна. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээ хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж, 2010 оноос 4G ашиглаж буй.

Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөтэй харьцуулахад бага юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлдэг байна.

5G сүлжээнд шилжих гол давуу талууд:

Шинэ бодит байдал. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл, ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл, гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.

Агшин зуурын үйлчилгээ: Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегавит хүрдэг. Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм байна. Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.

Аянга цахилгаан мэт хурдан хариу: 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь, нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах бол 5G сүлжээнд 1 миллисекунд хэрэгтэй аж.

Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. “AT&T”, “Nokia Networks” компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа бол “Deloitte & Touche” зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ.

“Alcatel-Lucent” компани бүр 2025 оноос нааш олон нийтийн хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа ажээ. Ямартаа ч мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Алтан хальс Индепендент кино наадам” болж байна

БСШУСЯ болон Соёл, урлагийн газрын зүгээс ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Алтан хальс” холбооны “Алтан хальс индепендент кино наадам” (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) 06 сарын 2 – 8-ны өдрүүдэд “iCinema” кино театрт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдож байна. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад өндөр тоо юм. Өнгөрсөн жил 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл хэн нь шилдэг болохоо мэдэхээр өрсөлдөж байсан билээ. Энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсон бөгөөд эндээс 17 нь Монгол кино байна.

Энэ жил гадаадын алдартай найруулагч, уран бүтээлчдийг кино наадамдаа урьж оролцуулан, мастер класс хийж байгаа нь тун үр өгөөжтэй байна.

6/6-нд Онцлог авангард бүтээл, Унгарын найруулагч Дёрдь Пальфигийн ‘’Зогьсуулалт’’ (2002),

6/7-нд Дэлгэцийн сонгодог, Найруулагч Н.Уранчимэгийн ‘’Аргамжаа’’ (1992)

6/8-нд Хаалтын үзвэр: “Nguyen-ийг хэрхэн дуудах вэ?” буюу Кэрол Уэний урын сангаас толилуулах болно.

Мөн наадмын гол утга учир болсон уралдаант хэсэгт шалгарсан кинонуудыг та бүхэн хүрэлцэн ирж үзэх боломжтой. Шилдэг богино хэмжээний кино шалгаруулах шүүлтийг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар явуулж, шидэг бүтээлүүдийг зарлана.

Мөн энэ жил олон сонирхолтой зочид хүрэлцэн ирнэ. Германы найруулагч Юлиан Радлмайер, Олон улсын өсөж буй авъяаслаг кино уран бүтээлчдийн холбоо (IEFTA)-ны Дэлхийн кино илэрхийлэл хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Бүтээлүүд нь 100 гаруй кино наадамд шалгарч байсан найруулагч Кэрол Уэн, Брисбений олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, наадмаар гарах Кувейт киног бидэнд үзэх боломж олгож буй Кувейтийн соёлын яамны зочид, шинэ залуу найруулагчид гэх мэтчилэн олон хүн энэ наадамд оролцож байна.

Мөн бүх мастер классууд үнэ төлбөргүй явагдах тул та бүхэн авьяаслаг, чадварлаг, туршлагатай хүмүүсийн тусгай хичээл, хэлэлцүүлгийг сонсож, суралцах боломжтой юм.

Бүтэн долоо хоногийг кино урлагаар амьсгалж, шилдэг шинэ бүтээлүүдтэй танилцан өнгөрөөх боломжийг “Алтан Хальс Индепендент Кино Наадам” та бүхэнд олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг “Altan Khalis Independent Film Festival” пэйж хуудаснаас хүлээн авна уу. Холбогдох утас: 95154422

Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв” каталогид оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А-228 тоот тушаалын дагуу “Монголд үйлдвэрлэв” каталогид мэдээллээ оруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд доорх шаардлагын дагуу мэдээллээ илгээнэ үү. Үүнд,

  1. Аж ахуйн нэгж байгууллагын нэр
  2. Үйл ажиллагааны чиглэл
  3. Гол нэрийн бүтээгдэхүүн
  4. Борлуулалтын цэгүүд
  5. Хаяг, байршил
  6. Утасны дугаар
  7. И-мэйл
  8. Цахим хуудас /веб сайт/
  9. Фэйсбүүк хаяг
  10. Төрийн худалдан авалт (монгол хэл) Экспорт (англи хэл) 2 хувилбарын аль хэсэгт орох хүсэлтэй эсэх

Мэдээллийг 2018.06.05-11-ний өдрүүдэд erdenesaikhan.ya@mofa.gov.mn, badmaa5@yahoo.com, batbaatar@mofa.gov.mn гэсэн мэйл хаягуудаар хүлээн авна.

Холбоо барих утас: 99096344, 99017633, 99088109

Засгийн газрын 336-р тогтоолыг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 115 айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс маргааш Чингэлтэй дүүргийн 14-р хорооны /5 буудал/ байранд зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламж үзүүлэхээр боллоо.

Тус нийгэмлэг энэ жилийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд асрамжийн газрууд болон Улаанбаатар хотын харьяа Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараахаар төлөвлөжээ. Мөн Туркийн Рамадан сарыг тохиолдуулан жил бүр Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1000 гаруй өрхөд хүнсний туслалцаа үзүүлэх юм.

Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчид оролцоно.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд Катарын Эрхэм дээд Эмиртэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Катар Улсын Зөвлөлдөх зөвлөл (парламент)-ийн дарга Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудтай уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харьцангуй богино хугацаа буюу 20 жил өнгөрч байгаа ч хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглээд, ноён Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудыг Катарын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Монголын хууль хяналт, төрийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулж буйд УИХ-ын дарга М.Энхболд талархал илэрхийллээ.

Тэрбээр дэлхийд томд тооцогдох, нэр хүндтэй Катарын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татаж, цахилгаан эрчим хүч, төмөр зам, зэс, нүүрс боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхол бидэнд бий. Манай Засгийн газраас энэ талаарх саналаа хүргүүлсэн. Катарын Зөвлөлдөх зөвлөл болон ноён Ахмед Аль Махмуд таныг эдгээр асуудал болон салбаруудын хамтын ажиллагааны нэгэнт тогтсон гэрээ, хэлэлцээрүүдийг парламентаараа соёрхон батлахад анхаарал тавьж, дэмжихийг хүсэж байна гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Сайн харилцаатай, анд нөхдийн хувьд бид Катарын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг. Асуудлыг зөвшилцлийн замаар харилцан ойлголцож шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Ноён Ахмед Аль Махмуд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа ямагт өндрөөр үнэлдэг. Парламент хоорондын болон эдийн засгийн харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах болно. Холбогдох байгууллагууд төсөл, хөтөлбөрийн асуудлаар шууд харилцаж байх нь зөв. Элчин сайд, яамд ойр дөт ажиллах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ.

Тэрбээр Катарт үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, Монгол Улс, Монголын парламент Катарыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах асуудлыг хөндөж, Катарын Эрхэм дээд Эмир Монголд айлчлах урилгатай, Монгол Улсын Ерөнхий сайд Катарт айлчлахаар төлөвлөж буйг УИХ-ын даргын зүгээс дахин нотлов. Түүнчлэн Парламентын хоёр тэргүүн харилцан бие биенийг тус тусын улсдаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.