Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот инновацийн төвтэй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, эдийн засагч Д.Жаргалсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж буй өнөө үед Монгол Улсад анх удаа инновацийн төв байгуулагдаж байгаа нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн үр дүнтэй арга болж байгаа юм. Залуучуудыг шинэ санаа, инновациа бодитоор хэрэгжүүлэх, ажил хэрэг болоход тушаа болдог офиссын асуудлыг шийдэж байгаагаас гадна энэ төвөөр дамжуулан тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж, зөвөлгөө авах боломжийг олгож байгаа юм.

“Монгол Улсын хувьд анх удаагаа ийм төв ашиглалтад орж байна. Энэ төвийг байгуулах нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт байсан. Түүнчлэн миний мөрөөдөж байсан төслүүдийн нэг юм. Инновацийн төвийг байгуулаад, энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулах нь манай нийгмийн тулгамдсан асуудал. Том утгаараа харах юм бол Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэхтэй холбоотой асуудал. Бид уул уурхай, ХАА хараад суух биш Монгол залуусын оюуны чадварыг ашиглаад дэлхийд нэрээ дуурсгах компаниудыг өсгөн бойжуулах хэрэгтэй. Мөн экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжих хэрэгтэй байна. Маш сайхан санаа гаргаад ажлаа эхлүүлэх гээд явж буй залуучуудад ажлын байр, тоног төхөөрөмж, лаборатори дутмаг байсан. Энэ төвд энэ бүгдийг бүгдийг багтаасан. Хуучин энэ байр нь Залуучуудын соёлын төв байсан. Өнөөдрийг хүртэл төрийн болон төрийн бус байгууллагууд конторын чиглэлээр ашиглаж байсан. Үүнийг бүгдийг нь чөлөөлөөд, залуучуудад эргүүлэн өгч байна. Энд төвд залуус олноор ирж, шинэ санаануудаа уралдуулаад, Монголын нэрийг дэлхийд дуурсгасан компаниуд бий болгоно гэдэгт бий итгэж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Энэ төвөөр дамжуулан гарааны компаниудыг бойжуулаад, бүтээгдэхүүнийг дотоодын болоод гадаад зах зээл гаргах зорилготой ажиллана. Манай залуучууд мэдээллийн технологийн чиглэлээр гадны зах зээл дээр гарч, хүрээгээ тэлж байна. Энэ чиглэл дээр бид инновацийн төвдөө анхны загвар турших орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон лаборатори бий болгосон. Мөн энэ төвөөр дамжуулан Монголдоо анх удаа технологийн биржийг нэвтрүүлэхээр шинжлэх ухааны технологийн биржтэй тохирчихоод байгаа” хэмээлээ.

Инновацийн төвд офиссын өрөө, хурал, сургалтын танхимууд, амралтын өрөө, уулзалтын өрөө, лаборатори зэрэг бүхий боломж нөхцлийг бүрдүүлсэн байна.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид бодит байдал дээр төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг зүйлийг эндээс харж болж байна. Хотын зүгээс залуучуудаа дэмжиж байгаа сайн үлгэр дууриалал болж байна. Бид эдийн засгаа төрөлжүүлж, солонгруулъя гэж ярьдаг. Харин бодитоор төр засгаас ямар нэг ажил хийж байсангүй. Залуучуудаа дэмжиж бодит ажил болгож чадсан хотын дарга С.Батболд болон таны ажлын хамт олонд талархснаа илэрхийлж амжилт хүсье” хэмээв.

Төвийн зохион байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг болгож амжилттай яваа гарааны бизнес болох “UNREAD” төслийнхэн хийхээр болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал маргааш болохгүй

МАН-ын хорооны Бага хурал зурган илэрцүүд

Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал энэ сарын 7-нд буюу маргааш зохион байгуулагдахаар товоо зарлаад байсан. Гэвч Нийслэлийн МАН-ын хороо дотоод асуудлын улмаас үл ойлголцолд хүрч, хойшлоход хүрээд байгаа юм. Эх сурвалжуудын зүгээс “Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал маргааш зохион байгуулагдахгүй. Энэ сарын 15-ны дотор зохион байгуулагдана гэсэн асуудал яригдаж байгаа. Бага хурлын асуудлаар үүсэн маргааныг шийдвэрлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг байнга хуралдаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байна.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-тэд ч бас авто зогсоол баригдаж, нисдэг тэрэг буудаг болно

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гаднах тохижилтын бүтээн байгуулалтын талаар Авто зам хөгжлийн газраас мэдээлэл өглөө. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил маргааш эхлэх юм байна. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм. Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол баригдах аж. Түүнчлэн зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан ЭХЭМҮТ рүү орж гарах замыг ээлжлэн хаах тул анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандахыг нийслэлийн Авто зам хөгжлийн газраас зөвлөжээ.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийгдэх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхэлсэн байна. Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тус ажил нь наймдугаар сард дуусах ажээ. Түүнчлэн “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдсан байна. Тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг гүйцэтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ, АТГ-ын олон нийтийн зөвлөл хамтран ажиллана

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нар авлигын эсрэг хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран хэлэлцүүлэг, зөвлөгөөн, нийтийн сонсголыг зохион байгуулах, ШШГБ-ын алба хаагчдын дунд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд мэтгэлцээн, онол практикийн бага хурал, сургалт зохион байгуулах, авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллах юм. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Анхбаяр, С.Отгонгэрэл, А.Саруул, Б.Энхбат, Э.Батсуурь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Хуулийн хэлтсийн дарга, ахмадН.Цэвээн нар оролцов. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр хэлсэн үгэндээ манай байгууллага авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн орж та бүхэнтэй хамтран ажиллахаар болж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг Сахилга хариуцлагын жил болгосонтой холбогдуулан харьяа анги, байгууллагуудад Сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулж, алба хаагчид эрхэлсэн ажилдаа сахилга хариуцлагатай хандаж, ажиллах үүрэг чиглэлийг албан даалгавраар өгч, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл энэ ажлыг үйл ажиллагаандаа жигдрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгийг онцлов гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас уг хуулийн төслийг Иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтыг сайжруулах, бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн арга зүй, бодлого, чиглэлээр хангах зорилгоор 6 бүлэг, 30 зүйлтэй байхаар боловсруулсан юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс нийт 19 зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Уг саналыг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Тухайлбал, гадаадын иргэн Монгол Улсаас харъяалалгүй хүүхдийг үрчлэн авахтай холбоотой заалтыг хуулийн төслөөс хасах санал гаргасан байна. Уг асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг тул давхар заалт оруулах шаардлагагүй хэмээн үзжээ. Мөн иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын хаяг дээр оршин суух хаяггүй иргэнийг бүртгэх зэрэг санал гаргажээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү зарчмын зөрүүтэй 19 санал тус бүрээр санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө завшсан солонгос иргэдийг 40 сая төгрөгөөр торгожээ

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүжээ. Улмаар Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгосон бол Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг юм. Тус төвд 103 хүн ажилладаг. “Өнөр бүл хүүхдийн төв” 800 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлснээс гадна эцэг, эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ.

“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ

СХД-т үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх үрсийн баярын өдөр энэ төвд зочилж хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцсан. Энэ үеэр газраа өөрийн мэдэлд авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байсан юм. “Эрдэм төв”-ийг 2006 онд нэг гэр бүл байгуулснаас хойш 100 гаруй хүүхдийг асарч өсгөн нас биед хүргэсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Товч мэдээ

– “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталлаа. Ингэснээр газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүчний чадавхи сайжирч, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурна. Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасган, үндэсний төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани бий болж, орон нутагт орох өгөөж нэмэгдэх юм.

– Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ. Хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

– “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-тэй холбоотой Зээл болон төслийн гэрээний төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийг ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан тосон таслуур, реле хамгаалалт, тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

– Эрдэс баялгийн салбарт үйлчилж байгаа хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– Бүгд Найрамдах Казахстан Улсад байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэд, Монгол Улсад байнга оршин сууж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд хялбаршуулсан журмаар харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяалалгүй болох, хоёрдмол харьяалалтай болохоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэлэлцээр байгуулахыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

– Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– Булган аймгийн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэхээр тогтоов. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг энэ өдрүүдэд аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр орон нутгаас хүсэлт ирүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм спорт

“Монголиа Опен-2018”-д зодоглох Буриадын бөхчүүдийн нэрс тодорлоо

“Монголиа Опен-2018” олон улсын тэмцээнд оролцох ОХУ-ын Буриад улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг бүхий л шилдгүүдээ манай оронд илгээхээр болжээ. Монголчуудын эчнээ танил “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга Александр Богомоев, “Сингапур-2010” өсвөр үеийнхний анхдугаар олимпийн аварга, залуучуудын Европын хошой аварга Алдар Бальжинимаев, “Монголиа Опен” олон улсын тэмцээний аварга Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Алексей Боровицкий, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга Баяр Цыренов, Даши Шарастепанов, Цыбик Максаров тэргүүтэй 20 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарын дэвжээнд хүч үзэхээр боллоо.

Багийн ахлагчаар Буриадын бүгд найрамдах улсын спортын сайд Вечяслав Дамдинцурунов, дасгалжуулагчаар Цыбик Максаров нар ирэхээр болжээ. Энэ жилийн “Монголиа Опен”-д монгол, буриад эрчүүдийн гал гарсан сонирхолтой барилдаан олон гарах нь дамжиггүй.

БУРИАДЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • 57 кг: Жаргал Дамдинов, Алексей Мантатов, Базар Батоболотов
  • 61 кг: Алдар Бальжинимаев, Эрдэм Будажанаев, Булат Баясхолонов
  • 65 кг: Александр Богомоев, Баяр Цыренов, Даши Шарастепанов, Чингис Цыренжапов
  • 70 кг: Евгений Жербаев, Алексей Боровицкий, Очир Доржиев
  • 74 кг: Арсалан Будажапов
  • 79 кг: Алексей Сабидаев
  • 92 кг: Батор Санжинмаев, Булат Дашинимаев
  • 125 кг: Балдан Цыжипов, Цыбик Максаров, Эрдэм Цыренжапов
Categories
мэдээ соёл-урлаг

“Бахчисарайн оргилолт булаг” балетыг тайзнаа толилуулна

УДБЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 09-10-нд тайзнаа толилуулна.

Дөрвөн бүлэгт энэхүү балетыг анх 1823 онд тухайн үеийн Кировын Дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Мариинскийн театрт тоглож байсан бол 1956 оны зургаадугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа тавьсан түүхтэй. Эл бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, зураачаар Ардын зураач Л.Гаваа, туслах найруулагчаар Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг.
Хайр дурлалын гашуун түүхийг мөнхөлсөн эл балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт 2016 онд тус театрын тайзнаа болсон билээ.

Уг балетын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
энтертаймент-ертөнц

“Don’t stop” дуу Азийн шилдэг 50 дууны жагсаалтанд багтжээ

“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр өнгөрөгч 2017 онд “Don’t stop” гэх уран бүтээл туурвисан. Уг дуу Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад ч багтсан байна.

Дуучин Д.Уламбаяр энэ сарын 8,9-нд “Don’t stop” дуугаа нэрлэсэн дөрөв дэх шинэ цомгийнхоо баярын тоглолтыг “Крокус эвент холл”-д тэмдэглэхээр тов зарлаад байгаа. Түүний уг цомог олон улсад худалдаалж эхэлсэн бөгөөд “Don’t Stop” дуу нь “Asian Hip Hop Billboard Album”-д багтсан байна.

Сонирхуулахад “Don’t stop” дууг “Youtube” сувгаар 4 сая 262 мянган удаа тоглуулжээ.