Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Үндэсний хөрөнгөтнүүд үндэстнээ аврах уу”хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үндэсний хөрөнгөтнүүд үндэстнээ аврах уухэмээх нийтлэлийг бичжээ.

“Улс төр” нүүрт С.Чинзориг: ОУВС-тай хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар дахин хэлэлцээр хийнэ хэмээн ярьсан байна.

Х.Тэмүүжин: Сүнс шүглэсэн Засгийн газар эртхэн огцорсон нь дээр дээ хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Өөрөөс нь нүүрт Монгол Улсын төрийн соёрхолт түүхч О.Батсайхан: Хятадад дагаар орж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголд бий хэмээн өгүүлэв.

Баримт үйл явдлын долоодугаар нүүрт “Төмөр замын гэх хэрэг замхарч, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгожээ” хэмээн бичсэнийг сонирхно уу.

Дэвжээ нүүрт “Өнөө жилийн наадмаар Н.Жаргалбаяр заан түрүүлнэ. Гэвч арслан цол авах нь эргэлзээтэй” хэмээн бичжээ.

Багш нүүрээс Ч.Баттуул: Аль ХХ зууны үеийн мэдлэгийг одоогийн сурагчдад хүчээр чихээд байж болохгүй хэмээн өгүүлснийг уншина уу.

Трамп, Ким нарын уулзалт Капелла зочид буудалд болно хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хороо хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсн юм.

Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм.


Өнөөдөр Төрийн ордонд болсон зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар тэмцээний бэлтгэл ажлыг хангаж дууссан талаар ярилцсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн найман орны баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгснөөр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болсон байна.

Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн багийн тэмцээнд тамирчид нэг далбаан дор жагсан орж ирэхээр болсон талаарх мэдээллийг өгөв. Энэ нь БНАСАУ болон БНСУ анх удаагаа зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа тохиолдол юм байна.

Тэмцээнийг найман орны 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

“Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, “Орос-Монгол-Хятад”-ыг холбох эдийн засгийн коридорын төслийг танилцууллаа.

Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченкогийн танилцуулгад дурдагдсанаар энэхүү коридорыг гурван орны хөгжлийн бүс гэж үзэж байгаа бөгөөд үе шаттайгаар хөгжүүлснээр нэн тэргүүнд байгалийн хий, цахилгаан эрчим хүч дамжуулах боломжтой юм байна. Мөн энэхүү гарц нь хуурай замаар Евразийг холбох хамгийн дөт зам тул транзит тээвэр хурдацтай хөгжиж, эдийн засгийн үр өгөөжөө богино хугацаанд өгнө гэж тооцоолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбон орших Монгол Улсад транзит тээвэр хөгжинө гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн бөгөөд удаан яригдсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох шаардлагатай гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт аравдугаар цэцэрлэгийн санхүүжилт шийдэгдлээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон жил яригдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын барилгын санхүүжилтийн асуудал шийдэгдлээ. Тус цэцэрлэгийг барихад шаардагдах 5,3 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгасанаар орчин үеийн шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлэй хүүхдүүдийн хэрэгцээг хангасан анхны жишиг цэцэрлэг ашиглалтад орох юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий сайд зургадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлсаны үр дүнд энэхүү шийдвэр гарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг учраас багшийн зүгээс илүү арчилгаа, сувилгаа авдаг. Өөрөөр хэлбэл ердийн цэцэрлэгээс илүү төсөв хөрөнгө шаардлагатай байдгаас барилгын ажил саатаад байсан юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны жишиг цэцэрлэг барих төсвийг шийдүүлсэндээ салбар яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэв.

Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагдсан байна. Ингээд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо.

Categories
мэдээ нийгэм

​Хүүхдэд тохиолдож байгаа хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэж байна гэв

Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний мэндэлсний 90 жилийн ойд зориулж, Эмгэг судлалын үндэсний төвөөс “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч Г.Ганхүү Тэмбүүгийн халдварыг ураг нярай ихэст эмгэг судлалын аргаар илрүүлсэн дүн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.

Жирэмсний хяналтдаа хамрагддаггүйгээс төрөлхийн тэмбүүтэй нярай төрөх нь их байна

-Тэмбүүгийн халдвар сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байна гэлээ?

-Тэмбүүгийн халдварын сүүлийн таван жилийн судалгааг харахад өссөн дүнтэй байгаа. Нийт тэмбүүгээр халдварлагдсан хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 14-25 насны иргэд 42.8 хувийг эзэлж байна. Эдгээр нь нөхөн үржихүйн насны хүмүүс байгаа учраас жирэмсний үеийн тэмбүү байх өндөр магадлалтай. Жирэмсэн үедээ тэмбүүтэй байх нь ураг, нярайд халдвар үүсгэдэг. Манайд 2012-2016 оны хооронд 174 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн. Энэ бага тоо биш. Тэмбүүгээр өвчлөгсөд нэмэгдэж байгаа учраас эрт илрүүлэг зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан судалгааны ажил хийжэхэлсэн. Тэмбүү эхээс урагт цусаар дамжин халдварладаг. Эхэд бэлгийн замаар халдварладаг учраас сэргийлэх боломж бүрэн бий.

Тэмбүү тусахаас гадна энэ нь өөр өвчний эх үүсвэр болж нярайд халдварлах уу?

-Тэмбүүгээр халдварласан ураг шарлах, элэг дэлүү томрох, арьсан дээр цэврүү тууралт гарах, дутуу төрөх эрсдэлүүд үүсгэдэг. Тэмбүү өөр ямар нэгэн өвчин үүсгэхгүй. Гадаадын судалгаанаас харахад тэмбүү гажиг үүсгэх нь бага. Харин олон эрхтэн системийг хамарсан үрэвслийн процессыг идэвхжүүлж, ураг эх дотроо амьгүй болох, дутуу төрөх, төрөөд стандарт эмчилгээ хийгдэхгүй бол эндэх аюултай байдаг.

Төрөлхийн тэмбүүтэй ураг эдгэрэх боломжтой юу?

-Стандарт эмчилгээ эрт хийгдсэн, өвчин хүнд хөнгөн зэргээс шалтгаална. Төрөлхийн тэмбүүтэй, хүнд зэргийн өөрчлөлттэй байвал эндэх тохиолдох их байдаг. Жирэмсний тээлтийн үед хэдий хэр хугацаанд халдварлагдсан гэдгээрээ харилцан адилгүй. Тээлтийн хугацаанд стандарт эмчилгээ хийгдвэл урагт халдварлагдахгүй байх боломжтой. Урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн эх тээлтийн хугацаанд хоёр удаа шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Халдвартай эхчүүд хяналтдаа гүйцэд хамрагдахгүй эсвэл огт хамрагдахгүй байх нь их. Үүнээс болж төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд ихээр төрж байна.

Хүүхдэд тохиолдож байгаа хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэж байна

Мөн энэ үеэр ЭХЭМҮТ-ийн эмч Ч.Дэлгэрцэцэг ярихдаа “Хүүхдийн цусны эмгэгийн хавдар судлалын тасаг 21 аймагт хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хавдар нь дотроо 16 төрөл, 100 гаруй дэд төрлийн хавдрууд хүүхдэд тохиолддог. Үүнд хамгийн их тохиолддог хавдар нь цусны хавдар. Манайд жилд дунджаар цусны хорт хавдраар шинээр 35-40 хүүхэд оношлогдон эмчилгээ хийлгэж байна. ЭХЭМТөвд гол эмчилгээ оношилгоог хийгддэг. Хүүдүүдэд химийн эмчилгээ хийдэг. Цусны хавдрын шалтгаан одоо ч дэлхий нийтэд тодорхой биш байгаа. 95 хувь нь шалтгаан тодорхой биш, таван хувь нь ямар нэгэн генийн нөлөө байж болох юм гэж үздэг. Насны хувьд харилцан адилгүй. Том хүн ч цусны хавдраар өвчилдөг. Цусны хавдраар өвдсөн хүүхдүүдийн 70 хувь нь бүрэн эдгэрч байна. 30 хувь нь эндэж байгаа. Жилээс жилд хүүхдэд тохиолдож байгаа хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэж байна. Маш удаан хугацааны хүнд эмчилгээний дараа хүүхэд эдгэрэх боломжтой. Хавдрууд өөр өөрийн шинж тэмдэгтэй байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа хавдруудад түгээмэл шинжүүд илэрдэг. Ханиад хүрсэн юм шиг байдлаар илэрч байна. Мөн цусны хавдрын үед хүүхэд ядарч сульдах шалтгаангүй халуурах \шалтгаантай гэдэг нь ямар нэгэн вирусын нянгийн гаралтай халдварууд\ нян вирус байхгүй атал 21 хоногоос дээш удаан хугацаагаар халуурах цонхийх гэх мэт энгийн зүйлээс илэрч байгаа. Бид Европ, Америкт мөрдөгдөж байгаа эмчилгээ хийдэг. Улсаас үнэ төлбөргүй хийгддэг эмчилгээнүүд юм” гэлээ.

Мөн Нийслэлийн Амгалан амаржих газрын нярайн эмч Р.Намуунсүрэн ярихдаа “Манай эмнэлэгт саяхан нярайн тасаг нээгдсэн. Нярайн өвчлөлийн дотор нярайн эмгэг шарлалт зонхилж байгаа. сүүлийн жилүүдэд нярайн шарлалт ужиграх байдал ажиглагдаж байгаа нь оношлогоо эмчилгээнд багагүй хүндрэлтэй байгаа. TORCH гэдэг нь жирэмслэлтийн явцад урагт нөлөөлж ургийн гажиг үүсгэдэг халдварт бүлэг өвчин. Нийслэлийн Амгалан амаржих газрын нярайн эмгэгийг эмчлэх тасагт эмгэг шарлалт оношоор хэвтэн эмчлүүлсэн 59 нярайг судалгаанд хамруулсан. 19 хүүхдэд TORCH халдварын шинжилгээ хийсэн. Эдгээр хүүхдүүд эмгэг шарлалттай цитомегаловирусын халдвар авсан байсан. TORCH халдвар нь бүрдэл халдвар бөгөөд эхээс урагт дамждаг. Шинжилгээнд хамрагдсан нярайд хоёроос гурван хавсарсан халдвар илэрсэн. Эх ахуйн замаар халдвар авдаг. Жирэмсэн байх үед биеийн дархлаа сулрах архаг хууч өвчин нөлөөлснөөс халдвар хүүхдэд дамждаг. Энэ халдварыг жирэмсний аль хугацаанд авснаас шалтгаална. Шарлалтын хэд хэдэн шалтгаан байдаг. Физиологийн, удам зүйн, бөглөрөлшилтийн гэх мэт. Нярайн салбар залуу шинжлэх ухаан. Дөнгөж төрөнгүүт шарлалтыг оношлох үйл явц сайн хөгжөөгүй байна. Бид биохимийн шинжилгээгээр TORCH халдварыг илрүүлсэн. Хувийн лабораторид хийгддэг шинжилгээ. Урьдчилан сэргийлэх боломжтой. Эхчүүд мах, ногоогоо ангилж хэрчдэггүй. Шүүрхий махнаас халдвар авах боломжтой байдаг” гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөговийн иргэд “Жорлонгоо өөрчилье” сургалтанд хамрагдаж, эко жорлонгийн зээл авах боллоо

“Капитрон” банкныхан эко жорлонд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Эхний ээлжинд Өмнөговь аймгийн есөн сумын иргэдэд энэ боломж нээгдэх юм. УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл” сан, “Капитрон” банкныхан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Капитрон” банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр ярихдаа“Капитрон банк байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, хамтран ажиллахыг эрмэлздэг. Манай банкны бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд ч байгаль орчинд ээлтэй бол бид илүү дэмжих чиглэл баримталдаг. “Нутгийн шийдэл” сан төрийн бус байгууллага монголчуудад, тэр тусмаа орон нутгийн иргэдэд хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй төслийг хэрэгжүүлж байгаа нь бидэнд таалагдсан. Эко жорлонг дэмжих хөнгөлөлттэй зээл гаргахыг дэмжиж, ашиг харалгүйгээр, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай банкны зүгээс эко жорлонг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Бид бас тухайн орон нутгийн иргэдэд жорлонгоо өөрчлөх мэдлэг олгох сургалтыг санхүүжүүлэх юм. Эхний ээлжинд бид 500 сая төгрөгний санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Явц нь ямар байхаас шалтгаалаад энэ тоог нэмэгдүүлэх боломжтой. Эхний ээлжинд зургаан сардаа орон нутагт сургалт хийнэ. Иргэдэд шаардлагатай мэдээлэл өгсний дараа хөнгөлөлттэй зээл олгох ажил долдугаар сараас эхлэнэ гэлээ.

“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” сургалтыг орон даяар хийсний дараа хувийн хэвшлийнхнийг энэ ажилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа. Хувийн хэвшлийнхэн энэ ажилд оролцсоноор жорлонгоо өөрчлөх ажил жинхэнэ утгаараа хэрэгжнэ. Ялангуяа санхүүгийн байгууллагууд дундаас “Капитрон” банк анхдагч болж байгаад баяртай байна. Бид эхний ээлжинд Өмнөговь аймгийн есөн сумын иргэдийг хамруулсан гурван сургалт хийнэ. Өмнөговийн сургалтанд оролцсон иргэд ямар технологийн жорлон сонгож байна. Тэр сонголтыг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай болох вэ, хэдийг нь зээлээс санхүүжүүлэх хүсэлтэй байгааг иргэд тодорхойлно. Энэ сургалтыг зээлийн хөтөлбөртэй хамт зохион байгуулсанаар иргэдэд жорлонгоо өөрчлөхөд нь тус дөхөм болно гэж найдаж байна. Зээл гэхээр мөнгө өгөөд орхичихгүй. Энэ удаагийн зээлийг авахаас өмнө хүмүүст жорлонгийн технологийн сургалтыг хийж, дараа нь иргэд сонголт хийх нийгмийн дэмжлэг бий болгож өгье. Дараа нь эко жорлонгоо барьж байгуулахад санхүүжилтээр нь туслая гэсэн гурван шаттай нийгмийн хариуцлагын хөтөлбөр явах юм.

-Эхний удаа зөвхөн Өмнөговийнхонд эко жорлонгийн хөнгөлөлттэй зээл олдох боломжтой гэсэн үг үү?

-“Нутгийн шийдэл” сангийн зүгээс “Капитрон” банкинд санал тавьсан юм. Хөрөнгө бололцоо байвал мэдээж орон даяар хэрэгжүүлэхийг хүснэ. “Нутгийн шийдэл” сангийн зүгээс тодорхой санал тавьсан. Тодорхой нутаг дэвсгэрт, тодорхой технологи дээр, тодорхой хүмүүсийг сонгож эхний ээлжинд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амжилт гаргасны дараа орон даяар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Эхний ээлжинд жишиг тогтоохын тулд Өмнөговь аймгийн есөн суманд хэрэгжүүлье гэсэн санал тавьсан юм.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа: Өмнөговь аймагт “Капитрон” банкны таван тооцооны төв касс байдаг. Энэ салбаруудаараа дамжуулж хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймаг онцлогтой. Уул уурхайн чиглэлээр олон компаниуд ажилладаг, ус, байгаль орчны асуудалтай байдаг учраас сонгосон гэв.

-Гэр хорооллын жорлонгуудаас гадна эко жорлон барьж байгуулах, жорлон цэвэрлэх, ялгадсыг боловсруулах гэх мэт үйлчилгээ үзүүлэх жижиг дунд үйлдвэр, компаниудыг дэмжих үү?

Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа: Яг энэ төслийн хүрээнд хараахан энэ тухай яригдаагүй байна. Энэ удаа эко жорлонг барьж байгуулахыг дэмжих юм.

“Нутгийн шийдэл” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь: 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийсэн “Жорлонгоо өөрчилье” сургалтанд 3000 хүн хамрагдсан. Сургалтын явцад дадлага ажил хийх үеэр иргэд ямар жорлон хүсч байгаагаа өөрсдөө тодорхойлдог. Ихэнх хүмүүс жорлонгоо өөрчлөх аргаа олж мэдсэнийхээ дараа санхүүгийн асуудалтай тулгардаг. Жорлонгоо өөрчлөхөд “Ногоон зээл”-ийн хүрээнд туслаач гэсэн санал иргэдээс олон удаа гарсан. Иргэдийн саналыг бид “Капитрон” банкинд уламжлахад дэмжсэнд баяртай байна.

Одоо хийх сургалтын үеэр бид иргэдийн саналыг бас авна. Гүйцэтгэх, нийлүүлэх компаниудыг санхүүжүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах юм. Аливаа зүйл дороосоо дээшээ явж байж амжилтанд хүрдэг. Иргэдийн хүссэн, дэмжсэн өөрчлөлт хэрэгжих боломжтой. Үүний дараа хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандартыг шинэчлэх ажлууд хийгдэх учиртай. Эко жорлонгийн шинэ стандарт батлагдаж байж гарааны компаниуд энэ ажил руу орж ирнэ шүү дээ. Одоохондоо эко жорлонгийн стандарт батлагдаагүй учраас компаниуд масс үйлдвэрлэл явуулж чадахгүй. Иргэд жорлонгоо хүссэнээрээ байгуулах боломж бас бий.

“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл: Нутгийн шийдэл сан 2007 онд байгуулагдсан. Сүүлийн таван жилийн турш жорлонгийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хугацаанд оюутнуудын хүчээр янз бүрийн эко жорлон барих, хэрэглээнд сургах жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. Хүнд бэлэн жорлон барьж өгөөд, жорлонгоо өөрчлөх ажил хүссэн үр дүнд хүрдэггүй юм байна. Хүмүүс учир шалтгаанаа ойлгож, нийтээрээ өөрчлөгдөхгүй бол цөөхөн хэдэн хүн төслийн жорлонтой бол хөрс, ус бохирдохоос сэргийлж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас бид 2017 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Жорлонгоо өөрчилье” үндэсний хэмжээний сургалтын кампанит ажлыг эхлүүлээд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаар тойрсон. Энэ сургалтаар жорлонгоо өөрчлөхөд шаардлагатай технологийн мэдлэг, санхүү болон зохион байгуулалт, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгосон. Хүмүүс жорлонгоо өөрчилье гэхээр санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болдог. Энэ санхүүжилтийг бий болгохоор “Нутгийн шийдэл” сангийнхан хүмүүст хандсан. Яг жорлонд чиглэсэн зээл байдаггүй юм байна. Энэ яриа хэлэлцээр маань амижлтанд хүрсэнд баяртай байна.

-Нэг айлын жорлонг өөрчлөхөд ямар хэмжээний санхүүжилт шаардагдах бол?

-Бид сургалтынхаа явцад “Жорлонгоо өөрчилье” номонд багтсан гадаад дотоодод хэрэгжсэн 17 төрлийн жорлонгийн технологийг танилцуулдаг. Өмнөговь аймагт өмнөх сургалтын явцад жорлонгийн технологи сонгох дадлагын үеэр иргэд хамгийн их таашаасан рейтинг өндөртэй таван технологийг сонгож нарийвчилж заах юм. Жорлонгийн бүхээг хэсгийг хуучин материал оролцуулаад хямд өртгөөр хийх боломжтой. Бүх материалаа шинээр аваад үнэтэй жорлонтой болох ч боломж бий. Ерөнхийдөө бид 300 мянган төгрөгнөөс 2 сая төгрөгт багтах өрхийн жорлонгийн технологийг сургалтын үеэр танилцуулах юм. Тодорхой газар нутагт олон хүн зэрэг өөрчлөлт хийхэд гарах үр дүнг бид харахыг хүсч байна. Мянган жорлонг орон даяар тараагаад гарах эрүүл мэндийн өөрчлөлтийг бид тооцох боломж бага. Харин мянган хүн нэг суманд жорлонгоо өөрчилчихвөл тухайн суман дахь элэгний өвчлөл буурсан уу, гэдэсний халдварт өвчин багассан уу, арьсны харшил цөөрсөн, хөрсний бохирдол буурсан эсэхийг харах боломжтой. Жорлонгоо өөрчилсөнөөр хөрс орчны бохирдол буурах, хүний эрүүл мэндэд гарах шууд нөлөөг хэмжихийн тулд тодорхой цэгийг сонгосон. Бид дараагийн долоо хоногт Өмнөговийг зорих гэж байна. Энэ зундаа багтаад хүмүүс жорлонгоо өөрчлөх бололцоотой гэв.

21 аймагт сургалт хийх үеэрээ “Нутгийн шийдэл” сангийнхан “Та жорлонгоо өөрчлөхөд мөнгө гаргах уу” гэж асуужээ. Цөөнгүй хүмүүс төслийн жорлон хүлээдэг бол Өмнөговь аймгийн сургалтанд хамрагдсан бүх хүн гараа өргөж, жорлонгоо өөрчлөхөд хувь хүн өөрөө мөнгө гаргах боломжтой гэсэн хариуг өгсөн байна. Жорлонгоо өөрчлөхөд мөнгө зарцуулна гэдгээ баянхонгорчууд бас илэрхийлсэн гэнэ.

“Капитрон” банкныхан эко жорлон байгуулахад жилийн найман хувийн хүүтэй зээл олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор 112 удаа зориудаар үүлэнд нөлөөлжээ

Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс эрчимжүүлэн ажилладаг. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд зориудаар нөлөөлсөн байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох, сэргэх чадварыг дэмждэг байна. Мөн хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах зэрэг ач холбогдолтой юм. Манай улсын хувьд үүлэнд зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Хуурайшилтаас шалтгаалж жил бүр 1000-2000 ширхэг пуужин ашигладаг байна. Өнгөрсөн жилийн хувьд харин 1000 орчим пуужингийн нөөцтэй байсан нь нэлээд хүндрэл учруулжээ. Тиймээс энэ жилийн хувьд одоо байгаа нөөц дээрээ 1200 пуужин нэмж авахаар захиалга өгчээ. Пуужинг урд хөршид захиалгаар хийдэг бөгөөд нэг бүрийн үнэ нь 350-450 мянган төгрөг байдаг юм байна.

УЦУОСМХ-ийн мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар “Аль аймгийн аль сум хуурайшилт ихтэй байна тэнд анхааруулж аймгийн цаг уур орчны шинжилгээний төвийн дарга нарт албан ёсоор мэдээлдэг. Тэд ч байгаль орчин, төлөв байдлынхаа тандалт байдлыг хийгээд үйл ажиллагаа явуулж байна. Манайд пуужин түлшний нөөц хангалттай байгаа. Бидний үйл ажиллагаа улсын төсвөөр явдаг. Тиймээс улсын төсөвт суулгаад энэ жил 1200 ширхэг пуужин авахаар захиалгаа өгөөд байгаа. Бидний захиалгаар уг пуужинг БНХАУ-д захиалан хийлгэж байгаа. Хувь хүн үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин захиалан авч хэрэглэх боломж, бололцоо байхгүй. Учир нь энэ үйл ажиллагаа хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар явдаг” хэмээх тайлбарыг өглөө.

Ус цаг уураас 21 аймгийн салбар хэлтсүүддээ үүлэнд зориудаар нөлөөлөх пуужинг хуваарилдаг байна. Дунджаар нэг аймагт 40 пуужин ногддог.

Монгол орны 21 аймгийн нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх 42 хөдөлгөөнт экспедиц, Алтай, Хангай, Хэнтийн нуруу, тэдгээрийн салбар уулсад суурин 40 генератор ажиллаж цаг агаарт нөлөөлж зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна. Гэхдээ салхи болон үүлнээс шалтгаалж үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа амжилтгүй болох тохиолдол байдаг.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдана

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй хаах чиглэлээр тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Зөвлөлдөх зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Зөвлөл ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн доктор, профессор Б.Чинзориг, Үндсэн хууль судлаач, Улсын бага хурлын гишүүн асан Д.Лхамжав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Налайх дүүргийн өндөр настан Т.Охолбал тэргүүтэй 9 гишүүнтэй.

Зөвлөлдөх санал асуулгын эхний үе энэ сарын 8-10ны өдрүүдэд Налайх дүүрэгт болно. Түүврийн аргаар сонгосон 940 иргэн санал асуулгад оролцоно. Дараагийн шатанд 470 иргэн оролцох юм.

Зөвлөлдөх санал асуулга хуулийн дагуу иргэдээс санал авч анх удаа орон нутгийн асуудлыг иргэдийн санал, оролцоотой шийдвэрлэх гэж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Гавьяат уурхайчин, Налайх дүүргийн өндөр настан Л.Дамдинсүрэн “Налайхын уурхай 1995 онд хувьчлагдсанаас хойш их уурхайг хаах менежментийн бодлогын буруугаас олон уурхайчин ажилгүй болсон. Үүний уршгаар зарим нь зөвшөөрөлгүй, зарим зөвшөөрөлгүй хөдөлмөр хамгааллын ямар нэг дүрэм баримтлалгүй ажилласаар ирсэн. Энэ санал асуулга Налайх дүүргийн иргэдэд ихээхэн ач холбогдолтой. Налайхын уурхайн энэ сургамж бусад уурхайд давтагдах вий гэдэг үүднээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр иргэдийн саналыг сонсож төр засгийн шийдвэрт тусгуулах юм” гэлээ.

Налайхын уурхайн ашиглалт, ил болон далд уурхайн асуудлаар хийгдэх энэ ажлыг иргэд уурхайг хааж, үйл ажиллагааг зогсоох нь гэж шууд ойлгож болохгүй юм. Иргэдийн саналд тулгуурлаж, шийдвэрлэх учраас энэ санал асуулгад оролцох нь чухал. Цаашдаа налайхын уурхайд хууль бусаар аюултай орчинд ажиллаж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх, налайхчуудад нүүрлээд байгаа ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэх, уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг олон цогц асуудал энэхүү санал асуулгын хүрээнд яригдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“ULAANBAATAR TRAVEL EXPO” боллоо

Энэ зун амралтаараа хаашаа аялахаар төлөвлөж байгаа иргэдэд зориулан өнгөрсөн амралтын өдрүүдээр “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээж, хүрэлцэн ирсэн олонд мэндчилэн “Аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдсэн энэ үед энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж нийслэлчүүддээ амралт, чөлөөт цагаараа эх орондоо төдийгүй хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх мэдээллийг нэг дороос өгч байгаагаараа онцлог болж байна” хэмээлээ.

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдын тоог тэргүүлдэг манай урд хөрш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны Хамтын ажиллагааны газрын орлогч дарга Му Вей болон Эрээн хотын орлогч дарга Ду Дэ Шин тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид үзэсгэлэнгийн үеэр улс орноо, аялал жуулчлалаа сурталчлав.

“Цайны замаар аялахуй” уриан доор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд дараах гадаад дотоодын байгууллагууд оролцлоо:

  • Ховд (түнш аймаг), Төв, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Хэнтий аймгуудын аялал жуулчлалын газрууд
  • Горхи Тэрэлж болон Богдхан уулын ТХГ, Хустайн цогцолборт газар
  • Палеонтологи, геологийн хүрээлэн
  • Монгол Улсад суугаа БНСВУ-ын болон Унгар Улсын Элчин сайдын яамд
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд
  • Оросын шинжлэх ухаан, соёлын төв
  • БНСУ-ын “KTO Улаанбаатар” болон Тайванийн төлөөлөгчийн газар
  • ерөнхий ивээн тэтгэгч Mobicom корпораци
  • сувилал амралтын газрууд, хүүхдийн зуслан, гэр баазууд
  • музей үзмэрийн газрууд
  • тур оператор байгууллагууд
  • нислэгийн болон тийз захиалгын компаниуд
  • банк, аяллын даатгалын компаниуд
  • Playtime festival

Арга хэмжээний үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын илтгэлүүд хэлэлцүүлэгдснээс гадна Улаанбаатар чуулгын авьяаслаг уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтоо толилууллаа. Мөн спорт сонирхогч залуусын дунд зохион байгуулсан “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээнд Хороолол баг тэргүүн байрыг эзэлсэн байна гэж нийслэлийн Аялал, жуулчлалын газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

В.Путин Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэжээ

Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч ирж магадгүй хэдий ч хамгийн хүчтэй нь ялах нь тодорхой” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох билээ.