Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж, иргэдээ хамгаалах цогц арга хэмжээг авна

Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг НББСШУБХ-оос зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар нэмэгдэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зовоосон асуудал болсон. Мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна. Засгийн газраас анхаарч, эмч, сувилагчдын багийг шинээр бэлтгэн ажиллуулах бодлого явуулна гэж Ерөнхий сайд хэллээ.

“Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Өнөөдөр та бид Сүрьеэгийн аюулын талаар ярьж, энэ өвчлөлийг бууруулах, тархаахгүй байхад цаашид Монголын төр, засаг юунд анхаарч, салбарын яам, мэргэжлийн байгууллага, холбоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу хийх вэ гэдгийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

Үгийнхээ эхэнд би та бүгдэд хоёр гуравхан тоо баримт хэлье.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь сүрьеэгийн халдвар авсан байна.

Зөвхөн 2016 онд, дэлхий дээр 10 сая 400 мянган хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1 сая 300 мянга нь энэ өвчнөөр нас барсан гэсэн статистик гарсан байна.

Энэ гуравхан тооноос харахад л сүрьеэгийн өвчлөлийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул тодорхой. Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй юм.

Манай Улс сүрьеэгийн өвчлөлөөр Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд хамрагддаг 37 орноос дөрөвдүгээрт орж байна.

Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана 3 дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байна.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, хөдөлмөрийн ид насны залуучууд, 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөлийн тархалт өндөр байгаа нь санаа зовоосон асуудал юм.

Дараагийн анхаарал татсан бас нэг том асуудал бол бэлгийн замаар дамжих халдвар юм.

Ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, иргэдийн дунд архи хэтрүүлэн хэрэглэх, түүнтэй холбоотой эрсдэлт зан үйл газар авсны улмаас өвчлөл эрс нэмэгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

Сүүлийн 3 жилд, төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн тоо 140-д хүрээд байгаа нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулах боллоо.

Заг хүйтэн өвчнөөр 2017 онд 4422 тохиолдол бүртгэгдсэний 90 хувь нь 15-39 насны залуучууд байна.

Манай улсад Хүний дархлал хомсдолын вирусын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2018 оны 04-р сарын 10-ны байдлаар нийт 260 тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна.

Энэ мэтчилэн сэтгэл түгшээсэн тоо баримт олныг дурьдаж болно. Гэхдээ статистик үзүүлэлт бүртгээд, тоо хараад суух биш шийдвэртэй ажил хийх цаг болсон байна.

Мэдээж үе үеийн Засгийн газар, салбарын яамд зүгээр суугаагүй. Төр засгаас анхаарал хандуулж, асуудлыг шийдэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн, ажиллаж ч байгаа.

Хэдий тийм ч манай улсад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин буурахгүй, тархалт өндөр байсаар байгаа нь энэ асуудалд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Тиймээс энэ чиглэлд Монгол улсын ерөнхий сайдын хувьд онцгой анхааран ажиллаж байгаа.

Ганц нэг жишээ дурьдахад, эдгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулж, халдварыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилготой захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ ажлыг чанартай, сайн зохион байгуулж, бодит үр дүн гаргахад Ажлын хэсгийн ахлагч, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та анхаарч ажиллаарай!

Сүрьеэгийн эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй, нөхцөл хүнд байгааг үндэслэж Сүрьеэгийн шинэ эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг надад танилцуулсан.

Юуны өмнө эмнэлгийн зургийг бэлэн болгох, цэвэр агаартай эрүүл орчинд эмнэлэг барих 3 га газрыг шийдвэрлэх талаар зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн байгаа.

Сүрьеэгийн эмнэлгийн барилга барих санхүүжилтыг 2019 оны төсөвт суулгах талаар Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баатарбилэг, Сүрьеэтэй тэмцэх парламентчдийн лобби бүлэг идэвхи, санаачлагатай ажиллаж байгаад талархлаа илэрхийлье.

Түүнчлэн Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр ажиллах мэргэжлийн эмч, мэргэжилтний тоо хүрэлцэхгүй, стандарт орон тооноос 2 дахин бага байгааг би дуулсан.

Энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүд дутмаг байгаа нь бидний ярьж, хэлж байгаа зорилго биелэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс Эрүүл мэндийн сайд энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй!

Эцэст нь хэлэхэд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Нийгмийн халдварт өвчин, ялангуяа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлэн, иргэдийг уг өвчинд өртүүлэхгүй байх цогц арга хэмжээг авна гэж заасан.

Энэ амлалтаа биелүүлнэ. Биелүүлэхийн төлөө манай Засгийн газар хичээн ажиллана гэдгээ илэрхийлье.

Ганц Засгийн газар биш өнөөдөр энд цугласан Та бид бүгд сэтгэл зүтгэл, гарган ажиллаж байж л Монгол Улсад Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулж, ард иргэдээ эрүүл энх амьдруулж чадна.

Монгол хүн бүр эрүүл байхын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе!

Categories
мэдээ цаг-үе

Чинагийн Галсан: М.Ю.Лермонтов шиг найрагч болно гэдэг байлаа

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.


-Хоёр л зүйл таны хувь тавиланг хөтөлжээ гэж харагддаг. Эхнийх нь төрсөн газар нутаг, нөгөөх нь герман хэл судалсан явдал?

-Би Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төрсөн хүн. Хонин жилтэй. 75 нас зооглох гэж байна. Тува ястан. Тэр үед Цэнгэлхайрхан гэж Монгол Улсын хамгийн баруун талын сум байсан юм. Цэвэр тува сум. Дөрвөн багтай, их газар нутагтай том сум байлаа. Тувачууд түүхэндээ бичиг үсэгтэй байж үзээгүй. Уран зохиолоо ярьж өгдөг болохоор тууль их хөгжсөн. Дуулдаг, шүлэглэдэг ард түмэн. Бичиг бол сайхан. Бичиг хэрэгтэй. Бичиг байхгүй байх бүр сайхан. Яагаад вэ гэвэл бичих юм байхгүй учир маш сайн тогтоож цээжилж сонсдог. Тууль хайлж байхад хүүхдүүд чихээ наагаад сууж байна. Туулийг бадаг, шадаар нь тогтоочихно. Тувагийн тууль дуулж, ярина. (Тувагаар тууль хайлж эхлэв. сурв)

Эртийн эрт цагт

Юм бүхэн эхэлж байх үед

Бөмбөрцөг нь өнхөрч

Чингис нь төрж байх

Тэр цагт юм гэнэ

Уул газрын өвс

Чонын сүүл шиг намирч байсан цаг юм гэнэ

Тал газрын өвс

Үнэгний сүүл шиг ганхаж байсан цагт юм гэнэ

Энэ юм бол

Тэр цагт болсон юм гэнэ билээ хүүхдүүд гэж тууль эхэлнэ. Тийм учраас цээж их сайтай. Харсан юмаа андахгүй, сонссоноо мартахгүй. Би тэгж тууль хайлж, үлгэр сонсч, дуулж сурсан. Миний хамгийн анхны сурсан ухаан бол дуу дуулах. Таван настайдаа дуулж сурсан. Мал хариулж явахдаа бүх юмыг ажиглана. Газар дэлхий, байгаль, үүл, тэнгэрийг уншаад л явна. Бидний уншдаг ном бол байгаль.

Тэгж байтал хасгууд орж ирлээ. Хасгууд Монголын баруун аймгийнхантай их нөхөрсөг харилцаатай байлаа, тэр үед. Орон гэргүй тэнэж явсан хасгуудыг Монголын ард түмэн маш халуунаар хүлээж авсан. Хэн ч байсан сайхан хүлээж авдаг нь нүүдэлчний ёс юм даа. Тэгээд бид хасаг айлуудтай хамт өвөлжиж, зусна. Дотно сайхан харилцаатай. Миний хувьд нэгдүгээрт сурсан гадаад хэл бол хасаг хэл.

Долоо, найман нас хүрч сургуульд орлоо доо. Сургуулийн черта гэж байлаа. Зураас гэсэн орос үг л дээ. Сургууль гэж нэг жижигхээн навтгар модон байшин бий. Тэрийг тойруулж дөрвөлжин хэлбэр гаргаж чулуугаар зураас татна. 500 метр урттай юм уу даа. Тэр черта руу орсон тохиолдолд тувагаар ярих хориотой. Монгол хэлтэй сургууль учраас монгол хэлээр ярих ёстой. Тэгтэл багш нар нь бүгд тува. Зун манайд ирж хонож өнжиж, надаар морь, малаа авахуулж байсан ах нар чинь манай багш нар болчихсон байдаг. Би тэр жил сар гарны дараа аравдугаар сарын дундуур хичээлдээ сууж эхлэв. Ах, эгч хоёр минь сургуульд явдаг байсан болохоор тэдний ном, дэвтэр рүү өнгийсөөр байгаад бичиг, үсэг сурчихсан байсан юм. Даанч монгол хэл байдаггүй. Тэгээд ангидаа орлоо доо. Хир тос болчихсон, тарвага, зурамны цус, тостой салбархай тэрлэгтэй. Тэр үед эрэгтэй хүүхдүүд алчуурыг хойноо уядаг. Охид эрүүн дотороо зангиддаг байлаа.

-Цагаан өнгийн алчуур уу?

-Эрээн даавуун алчуур. Настай эрэгтэй хүмүүс алчуурыг магнай дээр зангидаж уяна. Одоо үед урлагийнхан тэгж алчуур зангиддаг мода байх шиг байна. Алчуураа өвөртлөөд орлоо. Олон хүүхэд жирийгээд сууж байна. Тэгтэл надаас багш нэг юм асуулаа. Тэгэхээр нь “Юу гээд байгаа юм, ах аа” гэж тувагаараа асуулаа. Тэгтэл нэг хүүхэд “Нэрийг чинь асууж байна. Энэ хүнийг ах аа гэхгүй. Энэ хүн чиний багш” гэж байна. Тэгтэл багш өвөр рүү минь зааж бүсээ тайл гэж байна. Бүсээ тайлтал модон шалан дээр нэг юм тогхийгээд уналаа. Хартал гаанс минь.

-Гаанс аа?

-Далны ясан гаанс. Тамхи татдаг байсан юм. Гэхдээ тамхичин биш. Уушгилаж татахгүй, утааг нь үлээгээд л сууна. Миний тамхи гэж юу байх вэ. Элдэв ургамал татаад, сүүлд туулайн баас татсан юм даг. Туулайн баас чинь хаа ч очиж хамгийн амттай нь байдаг юм шүү. Алтан шар өнгөтэй, хэвлэчихсэн юм шиг жижиг хээтэй. Имэрч байгаад гаансандаа хийгээд татахад гоё гэж жигтэйхэн. Би зогсоо зайгүй татна. Утааг нь залгихгүй. Ингээд гаанс, ууттай туулайн баасаа багшдаа хураалгачихлаа. Манай ангийн Ишгей (Ишгэн) гэж охин надад багшийн ярьсныг орчуулж өгнө. Багш миний нэрийг асуухаар нь Журук-Уваа гэлээ. Тэгтэл хүүхдүүд нирхийтэл инээлдлээ.

-Журук-Уваа гэдэг нь ямар утгатай юм?

-Хөдсөн Маамуу гэж байгаа юм (инээв). Багш “Ийм нэр болохгүй ээ” гэж байна.

-Гэрийнхний тань дууддаг нэр байж л дээ?

-Тийм, тийм. Одоо ч нутагтаа очиход намайг Журук-Уваа гэнэ л дээ. Багш маань монгол нэр олж ирж гэлээ. Ээжийн маань ээж их номтой, цээж сайтай хүн байсан юм. Эмээ “Галдан гэдэг нэртэй бол” гэв. Галдан бошигтыг бодож л дээ. Ингээд би Галдан гэдэг нэртэй боллоо доо. Маргааш нь хичээлдээ очлоо. Намайг хамгийн урд талын ширээнд суулгалаа. Багш надаас нэрийг минь асууж байна. Тэгтэл би эмээгийнхээ өгсөн нэрийг мартчихаж. Гал…Гал…Гал…юу билээ гээд бодлоо. Сургуулийн үүдээр орж ирэхэд сургуулийн манаач өвгөн Улаан нүдэн Галсан тааралдсан юм. Тэр хүн санаанд ороод Галсан! гээд хэлчихсэн чинь багш “За боллоо” гээд бичээд авчихав. Ингэж Галсан гэдэг хүн долоо, найман насандаа анх төрсөн нь тэр.

-Таныг арван жилийн сургуулиа төгсөхдөө бичсэн бүх шүлгүүдээ шатааж байсан гэдэг?

-Би хоёрдугаар ангиасаа эхэлж шүлэг бичсэн юм. Ханын сонин гаргах боллоо. Тэгтэл шүлэг бич гэж байна. Шүлэг гэж ямар юм байдаг юм гэсэн чинь “Яагаав, толгой холбож ярьдаг юм” гэж байна. Хоёрдугаар ангид монгол хэлэндээ овоо ч болчихсон байлаа. Тэгээд шүлгэрхүү юм бичлээ дээ. Одоо бодоход,

Шаргал намрыг ирэхэд

Шар бух нь мөөрөлдөнө

Шалбааг, гол, мөрнүүд

Уураа бадруулан үерлэнэ гэсэн мөр л санаанд бууж байна (инээв). Ингэж толгой холбож байгаа юм. Юун шүлэг байх вэ дээ. Багш маань ихэд олзуурхаж байгаа бололтой. Дараа нь ханын сонин гарах болгонд шүлэг бичиж өгдөг боллоо. Гэхдээ би шүлэглэх ухааныг хөдөө хээр дуулж явахдаа, үүл, уул, тэнгэрийг харж явахдаа сурчихсан байсан юм чинь. Шүлэглэх ухаан цээжинд минь орчихсон байсан. Аймагт ирээд тавдугаар ангид ороод баахан шүлэг бичлээ. Төвөөс очсон Дашдорж гэж халх багш байсан. Тэр хүн надаар шүлэг бичүүлнэ. Намайг дэмжиж, их магтана. Би ч нээрэн юм байх гээд л шүлэг бичээд жил болгоны эцэст Уран зохиолын шагналыг нь авдаг байлаа. Аравдугаар ангиа ч төгслөө. Дотуур байрандаа орж ирээд харсан чинь модон хайрцаг минь байна. Хүнд гэж жигтэйхэн. Онгойлгосон чинь 96, 48 хуудастай “Тетрадь” гэсэн зузаан дэвтрүүд. Дүүрэн шүлэгтэй. Эхнээс нь гаргаж ирээд үзлээ. Одоо энэ дэвтрүүдээ яана даа. Харихад ачаа юм даа гэж бодлоо. Уншсан чинь шал дэмий. Зүгээр л одооны зохиолчдын бичдэг юм шиг л. Би тэр үед М.Ю.Лермонтов шиг найрагч болно гэдэг байлаа. Манай ангийнхан ч намайг Лермонтов гэнэ. Лермонтов чинь 27 насандаа Кавказын ууланд дуэль хийгээд буудуулж үхсэн, Оросын хоёр дахь том найрагч. А.С.Пушкиныг нас барахад “Шүлэгчийн үхэл” гэж харамсан шүлэг бичээд цөллөгт явсан.

Би Лермонтов болно гээд л. “Эр хар сур” дотор,

Эрт эхэлж эрт дуусгахаар

Эрхэс гаригт ам гарсан юмсан

Оргилыг давж оргил болохоор

Омголон Лермонтовт шавь орсон юмсан

Хуй дэврүү хүүхэд насаа

Худалч болгохыг би хүссэнгүй

Бүхнээс өндөр оргил болох

Бүл надад үнэхээр дутлаа

Довон дунд дов байхыг

Дотроо би өөрөө чамлалаа

Хан Алтайд үндэстэй надад

Харь Оросын хувь зохисонгүй

Хүүрнэл зохиолын хүнд буулганд

Хүчээ гаргаж хэрдээ зүтгэлээ

Төрийн биш уншигчийн сүлдэнд

Төмөр үзэг минь алтартал гийлээ

Үхэж биш амьдарч алдарших

Үйлийн заяа намайг хөтөллөө гэж учраа мэдэж, оршил хэсэгт бичсэн юм.

Тэгээд би шүлэг бичихгүй явсаар байгаад бүр сүүлд нэртэй зохиолч болчихоод монголоор хэдэн шүлэг бичсэн юм. Германаар бол тоймгүй их шүлэг бичсэн л дээ. Шүлгийн найман түүвэр.

-Таны хайрын шүлгүүд Германд их алдартай юм билээ?

-Алдартай. Сонгодгуудынх нь тоонд орно. Намайг зөвхөн Монголын зохиолчид төдийгүй Германы зохиолчид дуурайсан нь бий. Дуурайхад нь баярладаг.

-Германд сурсан тухайгаа хуучилбал?

-Зохиолч ч болсон юм байхгүй явж байгаад ерөөсөө эрдэмтэн болъё гэж бодсон. Германд очоод баахан эрдмийн юм хийлээ. Зургаа дахь жилдээ дипломын ажлаа бичих гээд сууж байтал гэнэт уран зохиол санаанд орж ирлээ. Тэгэхээр нь дипломын ажлаа хажуудаа тавьчихаад нэг амьсгаагаар гурав, дөрвөн уянгын богино өгүүллэг биччихэв. Тэрнээс хойш өглөө болгон уянгын богино өгүүллэгүүдээ бичдэг боллоо. Дипломын ажлаа ч сайн хийж сургуулиа амжилттай төгслөө. Тэр жилийн төгсөгчдийг төлөөлж намайг үг хэл гэдэг юм байна. 15 минутын хугацаанд үг хэл гэхээр нь би ёстой асгаж гарлаа. И.В.Гётегийн “Фауст”-ыг орчуулна л гэлээ. Л.В.Бетховены IX симфонийг Монголд хүргэнэ л гэлээ. Бас герман хэлийг гурван үгээр баяжуулна гэж хэллээ. Өө, намайг дэмжээд тэнд цугласан бүх хүн алга ташаад л байсан. Сүүлд бодоод байх нь ээ ичээд байдаг юм. Жижигхэн, сэргэлэн, ази нөхөр ирчихээд жигтэйхэн том юм амлаж байхад багш нар инээлдэж ирээд л алга ташаад байсан. Хөөрхий, сэтгэл нь хөдөлж дээ, яриг яриг гэж бодсон байх даа. Тэр үйл явдал Лейпциг хотын захиргааны хүндэтгэлийн танхимд болсон юм.

-Хэдэн онд та германчуудад тэгж ам гарч байв?

-1968 оны долдугаар сарын 13-нд тэгж санаанд багтамгүй тэр их юмыг хийнэ гэж амлажээ. Тэгсэн чинь яг 33 жилийн дараа өөр нэг хотын захиргааны байрны хүндэтгэлийн танхимд шагнал авдаг юм байна.

-Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолчдод олгодог Х.Додрерийн шагнал уу?

-Тэгсэн. Их том шагнал юм. 30 мянган дойч марк дагалддаг шагнал. Өмнө нь би хэд хэдэн шагнал авчихсан байсан. Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберг фон Шамиссогийн шагнал, Уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу амрах цагаар” туужийн номоороо авчихсан байсан үе. Герман хэлийг хөгжүүлэхийн төлөө оруулсан хувь нэмрийг минь үнэлж Х.Додрерийн шагналыг олгож байна гэсэн чинь дотроо айгаад явчихлаа. “Ээ хайрхан, ямар том шагнал вэ. Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан л юм байх даа” гэж бодлоо. Өнөө гурван үгээ олоогүй, олно доо л гэж бодоод яваад байсан хэрэг. Сонссон чинь нээрээ л шагнал өгвөл ч өгчихмөөр, герман хэлэнд өөрчлөлт хийжээ.

-Ямар?

-Мартагдсан юмыг эргүүлээд мушгиад хувилгаад нүүдэлчний ухаанаар санаа авахуулаад тэдний хэлдэггүй байдлаар хэлэхээр уншигчдад их таалагддаг юм байна л даа. Улсууд “Энэ бол манай герман хэл биш. Энэ чиний герман хэл байна” гэцгээсэн. Тэгээд тэр шагналыг нь авчихлаа. Амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр тийм юм болдог л юм билээ. Би гоц авьяастан биш. Гоц авьяастан Монголд төрөөгүй байна. Намайг ялгаж байгаа хоёрхон юм бий. Нэгдүгээрт, би хар багаасаа ажилсаг төрсөн. Аав жигтэйхэн ажилсаг, ээж ч ажилтай. Ажилтай аав, ээжийн гэрт өссөн учраас ажилсаг. Аав биднийг ер зүгээр суулгадаггүй. Битгий дэмий суугаад бай. Ядаж бие засаад ир гэнэ шүү дээ. Ядаж наад нусаа сайн нийчихээд ир. Аргал түүвэл сайныг, ан агнасан ч мөндөл сөндөлхөн рүү биш эр, сувайг нь олж буудах хэрэгтэй гээд л сургадаг байсан. Хоёрдугаарт, цагийг маш сайн баримталж сурсан, Германд. Ямар ч герман хүнийг айхаар хэмжээнд цаг баримтална. Хүн суръя гэвэл болдог юм билээ. Энийг даваад гарна гэсэн бол давж гарах хүртлээ авирдаг. Тийм учраас зүтгэлтэй болсон байх гэж боддог.

-Та зохиол бүтээлээ Монголд туурвих боломж байсан уу?

-Монголд бичсэн номууд байна шүү дээ. Долоон ном байна.

-Яагаад Германд номоо хэвлүүлээд байдаг юм?

-Манайхан намайг ерөөсөө урагшаа гишгүүлэхгүй байна шүү дээ.

-Монголын зохиолчдын хүрээнд үү?

-Энэ олон жилд Зохиолчдын эвлэлээс зохиосон ажилд нэг ч удаа оролцож үзээгүй.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ соёл-урлаг

А.С. Пушкины мэндэлсний 219 жилийн ой, “Олон улсын орос хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

ОХУ-ын Аугаа их нэрт яруу найрагч А.С Пушкины мэндэлсний 219 жилийн ой, “Олон улсын Орос хэлний өдөр” тохиолоо.

Энэ хүрээнд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвөөс “Орос хэлний өдөр”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт хот, хөдөөгийн ЕБС-иудын багш, сурагч нийлсэн 100 гаруй зочин, төлөөлөгч оролцов.
ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Ч Будаева, “Орос хэлийг Монгол түмэнд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдөрлөгийн ач холбогдол оршино. Орос хэлний өдрийг 2010 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ удаад Улаанбаатар хот болон орон нутгийн сургуулиуд нэгдэж өдөрлөг зохион байгуулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Өдөрлөгийн үеэр сурагчдын жүжигчилсэн тоглолт, Орос үндэсний хоолны танилцуулга болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн бага болон дунд ангийн сурагчдын дунд зарласан “А.С Пушкины үлгэрээр аялах нь” сэдэвт гар зургийн уралдааны ялагчийг тодруулав.

Соёл болон хэлний олон хэлбэрийг хөгжүүлэх үүднээс жил бүрийн энэ өдрийг “Олон улсын Орос хэлний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ 2010 оны 2 дугаар сард гаргасан байна. НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох Орос хэлээр дэлхийн 260 сая хүн ярьдаг гэсэн судалгаа гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалт 80 хувьтай байна

2018 онд улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.

6 дугаар сарын 05-ны байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, 10.8 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 40.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 399.8 мянган га-д тариалалт хийснээс Үр тарианы тариалалт 78.9 хувь, төмс 69.9 хувь, хүнсний ногоо 65.4 хувь, тосны ургамал 95.6 хувь буюу хаврын тариалалт 80 хувьтай явагдаж байна гэж Тариалалтын штабаас мэдээлж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын 1 тонн элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 560 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгож байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харанга” “Хайрла” тоглолтоо толилуулна

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлаг 30 жилийн ойгоо угтан “Хайрла” нэртэй тоглолтоо үзэгчдэдээ дэлгэхээр зэхэж байна. Тэд зургаадугаар сарын 8, 9-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагт болох “Хайрла” тоглолтоороо үзэгч, фенүүдтэйгээ уулзахаар болсон. 2019 оны аравдугаар сарын 26-нд тохиох 30 жилийн ойдоо зориулан ийнхүү цуврал тоглолт, шинэ дуунууд, шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаагаа “Харанга” хамтлагийн дуулгалаа. Энэ үдэш зөвхөн “Харанга” хамтлагийн үе үеийн хит дуунууд эгшиглэх нь.

“Харанга” хамтлагийнхан мянга мянган сонсогч, үзэгчдээ баярлуулахаар 30 жилйин ойн арга хэмжээгээ бүтэн жил зургаан сарын хугацаанд зохион байгуулах юм байна.

Түүнчлэн “Харанга”-ынхан 30 жилийн ойдоо зориулсан цуврал тоглолтуудаа Монгол Улсын 21 аймаг болон гадаадад суугаа монголчууддаа хүргэхээр төлөвлөжээ.

“Хайрла” тоглолтын тасалбар 35, 50 мянган төгрөг бөгөөд Ticket.mn сайтаар захиалан авч болох аж.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримт бичиг батлагдлаа

Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ын хугацаа дууссан, салбарын бодлогын шинэчлэлийг хүлээж хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод байгаа зэрэг нөхцөл байдлаас үүдэн газрын тосны салбарын бодлогыг шинээр тодорхойлж, боловсруулан батлуулах шаардлага зайлшгүй тулгарсан.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Газрын тосны тухай хуулийн 6.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, холбогдох мэдээллийг яам, агентлаг, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсрууллаа.

Уг бодлогын баримт бичиг нь зорилго, зорилтууд, бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын хэрэгжүүлэх үе шат, бодлогын үр нөлөө бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдсэн.

Бодлогын баримт бичигт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих, газрын тосны салбарын мэдээлэл, судалгаа, шинжилгээний төвийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, газрын тосны төрийн болон төрийн өмчит компани байгуулж, салбарыг хөгжүүлэх гэсэн зорилтуудыг тусгасан.

Манай Улсад газрын тосны эрэл, хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэсний компани байхгүй, мэргэшсэн боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаар тус салбарт хийгдэж байгаа ихээхэн хэмжээний гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь гадаадаас авсан ажил, үйлчилгээний төлбөр, ажиллах хүчний ажлын хөлс хэлбэрээр гадагшаа урсаж байна. Газрын тосны эрэл, хайгуул судалгаа дахин сэргээд хорь гаруй жил өнгөрсөн ч чичирхийллийн хэмжилт хийх, гүнийн цооног өрөмдөх, цооногт геофизикийн болон техникийн хэмжилт, туршилт, үйлчилгээ явуулах, цахим мэдээллийг боловсруулах, тайлал хийх, шинжилгээний лаборатори ажиллуулах мэргэжилтэн хангалттай бэлтгэгдээгүй, тоног төрөөрөмж, техник хэрэгсэл байхгүй, боловсруулах үйлдвэр баригдаагүй, дотоодод боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанарын хяналт, хадгалалалтын тогтолцоо хангалттай сайн бүрдээгүй.

Иймд мэргэжлийн боловсон хүчин инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, газрын тосны төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж, салбарыг хөгжүүлэх талаар энэхүү баримт бичгийн төсөлд тусгасан.

Тус бодлого батлагдсанаар газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүчний чадавх сайжирч, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасгах, үндэсний төрийн болон төрийн өмчийн оролцоотой улсын компани бий болж чадавхжих, газрын тосны салбарын үйл ажиллагаа эрчимжиж, орон нутагт орох өгөөж нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа сайжрах юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Categories
мэдээ спорт

Хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг Фитнесс клубууд

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо”-той хамтран бялдаржуулах клубуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бий болгосон. Доорх клубууд даваа-баасан гаригийн 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн залууст 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршил

Хөнгөлөлт үзүүлэх клубүүдийн нэрс

Холбогдох утас

Хаяг, байршил

1

Чийрэг Монгол клуб

2

Proteam клуб

7709-7777

СБД 7 хороо Саруул хотхон 2-р орц 3-р давхарт

3

Perfect клуб

4

California клуб

7010-6666

3,4-р хороолол, хуучнаар “Од” кино театрын зүүн талд “JSD” төвийн 4 давхарт

5

Golden gym-1 клуб

7777-0099

Тусгаар тогтнолын ордон, 4 давхарт

6

Golden gym-2 клуб

7707-0099

Американ дэнж хотхоны баруун талд

7

Golden gym-3 клуб

7709-0099

Тэнгис кино театрын урд талд Виктори центрийн 5 давхарт

8

Golden gym-4 клуб

7717-0099

Нарны зам дагуу Замын цагдаагийн эсрэг талд Бодиз автомотивийн 3 давхарт

9

Golden gym-5 клуб

7705-0099

3-р хороолол, Сансар төвийн 3 давхарт

10

Winner клуб

9918-9255

Циркийн зүүн талын Oriflame center – н зүүн талын 2б 1а байр

11

Хүннү фитнесс клуб

8002-9001

Налайх дүүрэг 2-р хороо

12

Эрүүлмаа клуб

13

Iron bulls клуб

8877-8870

10 дугаар хороолол, Хаан банкны 4 давхарт

14

Ripped фитнесс клуб

15

Star клуб

9928-6777

Баянгол дүүрэг 16-р хороо Амарсанаагийн гудамж, Гандан-58

16

Magic клуб

3,4-р хорооллын эцэст

17

Tiger клуб

18

Од клуб

19

Crown клуб

Holiday Inn Зочид буудлын 36 давхарт

20

HR клуб

8010-5005

БГД 3-р хороолол, Өргөө кино театрын ард Дако бизнес центрийн 7 давхарт

21

Park gym клуб

9010-8484, 7700-8484

БЗД 26-р хороо, Нарлаг төвийн 2 давхарт

22

Enthusiast бодибилдинг, фитнесс клуб

7711-0311

Бага Тойруу, Залуучуудын өргөн чөлөө, ЭСК төв

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл нар танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ.

Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа найруулагч хэллээ.

Засгийн газрын хуралдаанаар баяр наадмын төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд засвар, тохижилтын ажлуудыг энэ оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг тус хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.

Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг аймаг, сумдад сурталчлах, мөрдүүлж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн юм. Иймээс тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжлээ.

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээн тодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана”, мөн хуулийн 7.4 дэх хэсэгт “Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” хэмээн заасан байна.

Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна. Хууль тогтоомжийн эдгээр заалт болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм.


Харин Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд таван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд, хуулийн салбарын эрдэмтэн судлаачид, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хурлын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлаг сүүлийн жилүүдэд УИХ-ын Тамгын газрын чадавхийг дээшлүүлэх, парламентын хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, нийгмийн зүгээс өнгөрсөн хугацаанд парламент хууль тогтоох ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул байгааг шүүмжилдэг гэдгийг онцолж байлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ,Өнөөдөр Монгол Улсад 660 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Ерөнхийдөө 2020 оноос цааш 750 орчим хууль, тогтоомж Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцааг зохицуулна гэсэн таамаглал байгааг дурдав.

Мөн тэрбээр, парламентын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажил хоцрогдоод байгаагийг шалтгааныг УИХ-ын үе үеийн Тамгын газар, удирдлагуудын зүгээс энэ чиглэлээр цөөхөн хүн ажилладаг, боловсон хүчний чадавхи сул, хяналт шалгалт, үнэлгээ хийх аргачлал нь тодорхой бус байдаг нь тулгамдсан асуудал байдгийг онцолдог. Өнөөдрийг хүртэл парламентын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх тогтсон аргачлал, тодорхой гарын авлага, тодорхой шийдэл байхгүй байгааг онцолж байлаа.

Бидний хувьд УИХ-аас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг байнгын тогтолцоог байгуулахад анхаарч, бүтцийг нь томсгож Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийг байгуулан ажиллаж байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр УИХ-ын холбогдох Байнгын хороо, Тамгын газар хамтраадхуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг эхлүүлж, тайлангаа гаргаад байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Швейцарийн Парламентын Тамгын газартай хамтран ажиллажбайгаа ажлын үр дүнд УИХ-ын Тамгын газраас дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаатайгаар хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын загварыг гаргахаар ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ дурдав.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэллээ.
Эрдэм шинжилгээнийхурлын эхний сэдэвПарламентын хянан шалгах чиг үүрэг ба хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт”-ын хүрээнд болж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудлууд”, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбилэгт “УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлж байгаа дэмжлэгтуслалцаа, тулгамдаж буй асуудлууд”, Швейцарийн Парламентын хяналт шалгалтын нэгжийн дарга, доктор Николас Грожан “Швейцарийн Парламентын хяналтын тогтолцоо: Хяналтын хороо болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний тухай” сэдвээр илтгэл тавьж, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэлдээ, Хууль тогтоомжийн тухай хууль 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр эргэлт гарч, өөдрөг өөрчлөлтийг авчирсан гэдгийг онцлов. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хууль тогтоомж нь тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаанд үндэслээгүй, тухайн хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоо дутуу дулимаг байсан. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал нь хууль УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион багуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийн талаар хууль санаачлагчдад мэдээлэх, тайлагнах асуудлыг бүрэн зохицуулсан. Хууль тогтоомжийн боловсруулалтыг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Харин түүний хэрэгжилтийг хяналт шинжилгээ, судалгаанд суурилан харж, хянаж чаддаг болбол төрийн бодлого зөв, түмний сэтгэлд нийцтэй болно гэдгийг илтгэлдээ дурдав.

Түүнчлэн Швейцарийн Парламентын хяналт шалгалтын нэгжийн дарга, доктор Николас Грожан илтгэлдээ тус улсын Парламентын Хяналтын хорооны үйл ажиллагаа, хамрагдах байгууллага, мэдээлэл авах эрх, бүтэц орон тоо, хараат бус байдал, үнэлгээ хийх, хяналтын үйл ажиллагааны эерэг, сөрөг талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн парламентын хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх засаглалтай харьцуулахад нөөц бололцоо тэнцвэртэй бус, гүйцэтгэх засаглал илүү мэдээлэлтэй, өөрийн гэсэн ашиг сонирхолтой байдаг нь бэрхшээл учруулдаг гэдгийг онцолж байлаа.

Харин дараагийн сэдэв нь “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх онол, практикийн асуудлууд”-ын хүрээнд болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж буй өнөөгийн байдал, түүнийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, доктор, дэд профессор А.Алтанзул “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, онол арга зүйн асуудлууд”, доктор Д.Зүмбэрэллхам “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Доктор Д.Зүмбэрэллхам илтгэлдээ, Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин харьцангуй бүрдэж, тодорхой бүтэц, үйл ажиллагааг хуульчлан зохицуулсан хэдий боловч тухайн зохицуулалтуудын харилцан уялдаа сайн хангагдаагүй, хуульд заасан байнгын тогтолцоо бүрдээгүй, түүнээс шалтгаалаад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил одоогийн байдлаар тогтмолжоогүй гэж үзэхээр байна. Хууль тогтоомж нэг бүрийн хэрэгжилтийг хүчин төгөлдөр болж үйлчилсэн хугацаанаас нь хамааруулан төвлөгөөтэйгөөр хянан шинжилж үнэлгээ хийдэг, ерөнхий хяналтын сонсголыг тодорхой зорилгоор тогтмол давтамжтай явуулдаг, Улсын Их Хурал болон Засгийн газарт тэдгээрийн үр дүнг жил бүр хэлэлцдэг үйл ажиллагааны хоорондоо авцалдаатай нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газар дагнан хариуцаад түүнийгээ УИХ-ын холбогдох Байнгын хороонд үр дүнг танилцуулан тогтмол хэлэлцүүлдэг хэлбэр байж болохыг цаашид судалж үзмээр байна. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийн хүрээнд Байнгын хороодод хэлэлцсэн тухай нэгдсэн дүнг жилийн эцэст Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлдэг байж болох юм. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд “хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” асуудал багтдаг бөгөөд хууль тогтоох байгууллагын хувьд чухам энэхүү хянан шалгах агуулга, байр сууриа хадгалах хувилбарыг түлхүү баримтлах нь зүйтэй болов уу хэмээн эцэст нь дүгнэн хэлсэн. Хуралд оролцогч эрдэмтэн судлаачид, салбарын багш, мэргэжилтнүүд илтгэлүүдийн хүрээнд сонирхсон асуултад хариулт авч, санал солилцож, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.