Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Авто Шоу 2018” маргааш болно

Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2018 оны шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “Улаанбаатар Авто Шоу 2018″ зохион байгуулагдах гэж байна. Уг шоу “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд зургаадугаар сарын 8-10-нд гурав хоног үргэлжилнэ. Энэ жил “Улаанбаатар Авто Шоу 2018” “Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалъя” уриан дор болох юм.

Categories
мэдээ нийгэм

Т.Нямжаргал “Приус-30” машины эзэн болов

Монгол туургатны бөхийн барилдаан энэ сарын 2-нд Төв цэнгэлдэхэд болж нэг азтай үзэгч тодруулахад Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Т.Нямжаргал “Приус-30” машины эзэн болов.

Тэгвэл түүний азын шагналыг өчигдөр барилдааныг зохион байгуулагчид гардуулж, шинэхэн машины бичиг баримтыг өгсөн байна. Нутгаасаа автобусаар ирж бөхийн барилдааныг үзэхдээ азын сугалаагаар машинтай болсон Т.Нямжаргал хэдхэн хоногийн өмнө жолооны курс төгсчээ. 20 настай тэрбээр жүдо бөхөөр барилддаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах санал хүргүүлжээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр болно. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал ирүүлсэн байна. Тодруулбал, тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлжээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт галзуу өвчин гарчээ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн гэх газарт үнэгнээс ямаанд галзуу өвчин халдсан нь батлагдсан тул хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тус газарт нэг үнэг айлын гадаа ирсэн бөгөөд нутгийн иргэд түүнийг хөөсөн боловч дахин ирээд байхаар нь мотоциклиор дайрч алаад үнэгний сэг зэмийг устгалгүй орхисон байна.

Хэд хоногийн дараа тэр орчимд зусаж байсан айлын ямаа үхэж эхэлсэн бөгөөд малын эмч дуудан үхсэн ямаанаас дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь батлагджээ. Тус сумын Засаг даргын А/53 тоот захирамжаар энэ сарын 02-ноос эхлэн 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож мал амьтныг вакцинжуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн 1405 сурагч ЭЕШ өгнө

Баян-Өлгий аймгийн 1405 сурагч энэ сарын 16-20-ны өдрүүдэд болох элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 103 хүүхдээр байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1953 сурагч 12 дугаар ангийг төгсөж байгаагаас 1388 нь дээрх шалгалтад орох юм. Үлдсэн нь өнгөрсөн онуудад шалгалт өгөөгүй, тэнцээгүй, оноогоо ахиулах хүсэлтэй хүүхдүүд байна.

Өнгөрсөн онд Улаанбаатар болон орон нутгийн цагийн зөрүүг ойлгоогүйгээс болж 60-аад хүүхэд шалгалтаас хоцрон орж чадаагүй ажээ. Иймд эцэг эх, багш, сурагчид цагийн асуудалд онцгой анхаарахыг албаны хүмүүс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбасайханы өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нар цагдан хорих 461-р ангид цагдан хоригдоод даруй хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байна. Өнөөдөр Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт 14:00 цагт Нийслэлийн прокурорт Б.Бямбасайханы эрх зөрчигдөж байгаа тухай гомдол гаргахаар болжээ. Түүнчлэн энэ үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

Б.Бямбасайхан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт зүрхний хүнд оношийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрээр хоригдсоноосоо хойш 13 кг жин хасчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Сүнс шүглэсэн Засгийн газар эртхэн огцорсон нь дээр дээ

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү, ажиглагчийн статусаа хадгалж үлдэх үү гэдэг асуултыг тойрон улстөрчид болон дипломатчид байр сууриа илэрхийлж байна. Төрийн тэргүүн, Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх цаг нь болсон гэдэг утга бүхий зүйлийг хэлээд байгаа. Харин та эсрэг байр суурьтай байгаагаа цахим хуудаснаа байнга бичиж байна. Албан ёсоор таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Өнөөдөр болж байгаа үйл явцыг харахаар эсрэг гэхээсээ илүү энэ яриа ямар процесс ямар үйл явдлуудын дараа болж байна вэ гэдгээрээ уялдаа логик нь таалагдахгүй байгаа юм.

-Ямар логикийн юу нь таалагдахгүй байна гэж?

-Учир нь Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх, түүн дотроо тоглоомын улс биш, бие даасан байдлаараа өөрсдийн хувь заяаг шийдэх гэсэн 28 жилийн түүхийг үгүй хийхэд чиглэсэн шийдэл рүү түлхэж байна. Зангилааг нь тайлах үүднээс энэ санаачилгыг гаргасан эрх мэдэлтнүүдийн хэлж байгаа үгийг сонсохоор “эдийн засгийн интеграцид орох гэж байна, тодорхой нэр бүхий том төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна, бодит тоотой мөнгө авч байгаа” гэх зүйл яриад байна лээ. Энэ яриа нь өөрөө хамгийн их таалагдахгүй байгаа.

Бид улс төрийн хувьд хүссэн хүсээгүй хоёр хөрштэйгөө эв найртай, аль нэгэнд нь тал алдахгүй, аль нэгнээс нь хэт хамаарчихгүй байх маш чухал гэдгийг олон мянган иргэнийхээ цус, амиар ойлгосон. Гэхдээ зөвхөн хоёр хөршийнхөө суганд байхаас илүүтэй гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийтэй ярилцагч улс байхыг хүсч 28 жил урагшилсан. Улс төрийн нөлөөнд орох, харилцан ашигтай худалдааны түнш байх гэдэг хоёр өөр зүйл. Энэ байр суурийн илэрхийлэл нь Хятад болон зүүн өмнөд Азийн эдийн засаг хурдацтай өсч, үйлдвэржилт хөгжиж байгаа бүс нутаг руу байгалийн баялаг, өөрсдийн эдийн засгийн оролцоогоор нэг интеграцид орох боломж 10 гаруй жилийн өмнө бий болсон. Үүний тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй байлаа.

Уг дэд бүтцийг хувийн компаниуд, бизнесийн зарчимаар гаднаас хөрөнгө босгоод төрийг оролцуулалгүй харилцан итгэлцээд, эрсдэлээ үүрээд дэд бүтцээ байгуулаад бүс нутгийн интеграцид орох боломж байсаар атал тэр бүгдийг гацааж, зогсоож, нураачихаад “Бид хийнэ” гэж төр рүү чирч олон сая ам.долларын өрөнд оруулчихаад “Төр хийж чадахгүй боллоо” гээд Монгол Улсын тусгаар тогтнолыг барьцаалах замаар хавханд оруулж байна. Монголын төр юунд ч оролцолгүй, ямар ч хавханд оролгүйгээр хувийн компани өөрсдөө эрсдэлээ үүрээд хийчих зүйлийг “төр хийнэ” гэсэн. Харамсалтай нь сүүлд нь “чадахгүй боллоо” гээд биднийг улсаар нь худалдах гэж байна. Энэ логик нь буруу байгаа учир надад таалагдахгүй байна. Хавх руу түлхсэн улс төр 10-аад жил явсан нь эртнээс төлөвлөсөн урвалт биш биз гэж харахад хүргэж байна.

Хамгийн хорон нь дотроо өөрсдөө санаачилж хэл ам гаргачихаад “Нэгэнт ийм яриа эхлүүлчихсэн, үгүй гэвэл хоёр хөрш бүр буруу ойлгоно. Тиймээс орохоос өөр аргагүй” гэдэг шахаа руу түлхэж байгаа нь хавх, занга холилдсон хөгийн юм болгож байна.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүхий л боломжийг “танк” ярьж гацаачихаад одоо улс төрийн тэлэлтэд нь багтах ёстой гэж дуугарах бол эх орончын дүр огт биш л дээ.

-Хавх гэж хэлэх нь арай хурц биш үү?

-1919 онд монголчууд өөрсдөө хүссэн юм гэж хэлээд Богд хаант улсын автономит эрхийг үгүй болгоод Хятадын нэг хэсэг болгож байсан түүх бий. Хиагтын гэрээ адил хоёр хөрш сууж байгаад Монгол Улсыг яахыг шийддэг, аль нэг тал нь сулрах, эсхүл өөртөө хожоотой гэж үзсэн тохиолдолд наймаалцаад нөгөөдөө өгчихдөг тийм тоглоомын хэсэг бид болгочих гээд байх шиг. Их мөнгө, гоё үгээр халхавчилсан улс төрийн хяналтад сайн дураараа гүйж орох гэсэн үйл явц болж байгаа нь анзаарагдаад байна.

Надаас дээш гурваас дөрөв дэх үеийн өвгүүд маань цусаа урсгаж, зарим нь хэлмэгдэж байж энэ тусгаар тогтнолыг олсон. Тэр олон хүний амь, цус өнөөгийн энэ улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгосон. Түүнийг нь юман чинээ тоохгүй “Бид тэдэн тэрбумыг авах гэж байгаа юм” гэдэг зүйл ярих, наймаачин аятай, панзчин төрхтэй хүмүүсийн гарын салаагаар яагаад Монгол Улс урсах ёстой гэж. Үүнд нь л эгдүү хөдлөөд байна.

ШХАБ эдийн засгийн интеграцийн байгууллага биш. Терроризм, экстрим үйл ажиллагаа, хил хязгаарын маргаантай асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой улс төр, хүчний нэгдэл маягийн эвсэл. Эдийн засгийн интеграцид орох боломжийг нь боож, хаачихаад тэс өмнөө зорилготой байгууллага руу нь бид нэгдэн орно гэдэг яриа гаргаж байгаа нь ухаанд нь чөтгөр шүглэсэн, хорон ажиллагаа. Монгол Улсын хувьд урвагчийн дээд урвагчдын л хийх ажил. Би ингэж л харж байгаа.

-Гэхдээ зарим дипломатчид “ШХАБ-д элсэх цаг нь болсон. Өнөөдрийг хүртэл улс хөгжөөгүй гол шалтгаан нь энэ байсан” гээд ярьсан байна лээ. Монгол Улсын Засгийн газар хүртэл элсэх нь зөв гээд байгаа шүү дээ…

-Дипломатчдын байр суурь харин ч эсрэгээрээ байна. Монгол Улсын гадаад харилцааны алтан аргамжааг богиносгох, Монгол Улсыг олон улсад олон талаас нь харах, ухаалаг бөгөөд прагматик алхам хийх үүд хаалгыг хааж байгаа гэдгийг хэлцгээсэн байна лээ. Ганц хоёр нэр бүхий дипломатч “Орос ах нараа бид гомдоосон учраас гомдлыг нь тайлах ёстой” гэх зүйл бас ярьсан харагдана лээ. Ер нь худалдаа хэлцлийнхээ үр дүнгээр бид эдийн засгийн интеграци болон хөгжлөөс хувь хүртэх арга замууд байсаар атал тэр бүгдийг нь Хятадын аюул гэж гацааж, зогсоочихоод “Одоо ганцхан энэ зам л байна” гэж ярьж байгаа нь хамгийн увайгүй. Үүнд л хамгийн том эргэлзээ, бухимдал үүсч байгаа.

Бид 10 жилийн өмнө төмөр замаа тавьж, хөгжиж буй урд бүсийн эдийн засгийн интеграцид байраа эзэлсэн байсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ бүгдийг гацааж гацаачихаад “Бид ШХАБ-д орохгүй бол нүүрсээ зарж чадахгүй боллоо” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ. 10 жил нүүрс зарах боломжийг нь үгүй хийж, өрсөлдөж буй зах зээл дээрээ томрох бүх боломжийг нь нээж өгчихөөд одоо “Тэдний хүссэн тоглоомоор тоглохгүй бол бид явахгүй нь” гэдэг зүйл ярьж байгаа хүмүүс10 жилийн өмнөөс Монголыг хорлосон юм байна. 10 жилийн өмнөөс өнөөдрийн энэ үр дүнд хүрэхийн тулд мундаг зүтгэжээ гэж ойлгоно.

-Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй юм уу. Эсвэл элсэх шаардлага бүр байхгүй юм уу?

-ШХАБ-ын үндсэн зорилго, гэрээ хэлцлүүд нь бидний хүсч байгаа хүлээлтэд хариу өгөхөөр харагдахгүй байна. Бидэнд тэр улсуудад байгаа шиг терроризмын аюул, хил хязгаарын маргаан, цэргийн зарим эвслийн эсрэг сөрж зогсох хэрэгцээ алга. Гэтэл яагаад ШХАБ-д орж байж эдийн засгийн асуудлаа шийднэ гэх яриа гарах болов. ШХАБ-д элсэхгүйгээр эдийн засгийн асуудлаа шийдэх боломж байсан ч бүх зүйлийг хэн, хэзээ үгүй хийлээ. Өөрсдийнхөө хийсэн гайг халхлахын тулд түүгээр яваа гайг энд дууддаг нь яаж байгаа юм.

-Ардчилал хөгжсөн Энэтхэг, Пакистан зэрэг орнууд ноднин ШХАБ-д гишүүнээр элсэн орсон. Монгол Улс элсэхэд алдах юм байхгүй гэж бас ярьж байна. Манай гуравдагч хөрш орнууд хэрхэн хүлээж авах бол?

-Бид газар нутгийн байршлаараа хоёр хөршөөс ангид юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бүх итгэл найдвар, хөгжлийн загвараа хоёр хөршөөс авч болохгүй. Тиймээс 1990 оноос хойш тоглоомын улс байхгүйн тулд гуравдагч хөршийн бодлого буюу аль нэг цэргийн эвсэлд нэгдэхгүйгээр, хурц зөрчилдөөнт байдлын аль нэг талд шууд оролгүйгээр тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэдэг гадаад бодлогын үзэл баримтлалтайгаар 28 жил явлаа, бид. Энэ концепцийг үндсээр нь үгүй хийх гэж байгаа байхгүй юу. Эдийн засгийн биш, гадаад бодлогын концепци юм шүү дээ. Дээр яриандаа хэлсэн дээ. Монгол Улсын гадаад бодлого хоёр хөрштэйгөө найрсаг байх. Үүний сацуу гуравдагч хөрш гэдэг цонхоор дэлхийтэй харьцана. Дэлхийтэй харилцах цонхоо хааж байна. Өөрсдөө хүсч, зарлаж үүнийгээ том дэвшил мэт ойлгуулж байгаад цонхоо хааж байна. Тэгэхээр манайтай харилцах бусад орнуудын харилцаанд өөрчлөлт гарах л байх.

ШХАБ-д элсэх асуудал дээр зарим эрх мэдэлтний амнаас ардчилал, чөлөөт зах зээл болохгүй, Монголд таарахгүй байгаа учраас гэх яриа гарч байна лээ. Харамсалтай нь энэ 28 жилд ардчилал, зах зээлийн буянаар хамгийн их мөнгө олж авсан, хамгийн өндөр эрх мэдэлд хүрсэн нөхдүүд явсан зам дээрээ өөрсдийнхөө үлдээсэн авлигын мөр, луйврын хог, шарилжаа ардчилал, зах зээлийн буруу мэтээр зарлаж цааш ардчилалгүй, зах зээлгүй дарангуйллын замаар өөрсдийгөө улируулан эрх мэдэл дээрээ үлдээнэ гэх бодлоо халхавчилж байх шиг байна лээ. Энэ атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын тусгаар тогтнолыг золих байдлаар гүйцэтгэж болохгүй. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн үр шимийг нь хангалттай хүртэж хоолойгоороо гарч, амаараа гулгитлаа хулгайлчихаад өөрсдөө насан туршийн эрх мэдэлтэй байхаар шунах нь үнэхээр гутамшигтай. Ийм дүр зураг харагдаад байгаа. Тиймээс ШХАБ-д нэгдэх тухай яриа дэлхийн болзошгүй хуваагдал, ардчиллын жижиг сорилтоор халхавчилж хамгийн арчаагүй, атгаг хувийн өчүүхэн санаагаа хэрэгжүүлэх гэж төлөвлөж буй хурган дарангуйлагчийн алхам юм болов уу даа?

-Үүний ард том төслүүд бий болно гээд байгаа?

-Хүмүүс том төслүүд гэхээр гайхаад юу билээ гээд харж байна. Өмнө нь төрөөс том төсөл нэрээр мөнгө хулгайлчихаад, хулгайлсан хүмүүсээ шүүх, хуулийн байгууллагаар хэрэгсэхгүй болгочихоод дахиад бүр их мөнгө хулгайлах боломжийг хайж, том төсөл ярьж байгаа юм болов уу л гэж бодоцгоож байна. Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх, 28 жилийн бие даасан байдал, арай гэж иргэддээ өгсөн эрх чөлөөний үзэл санаа хулгайн төлөвлөгөөнд золиослогдож болохгүй байх аа. Ардчилагчид уул нь “Монголын тухай Москвад гардаг байсан шийдвэрийг Улаанбаатарт авчирлаа” гэж ярих их дуртай байсан сан. Одоо авлигачид “шийдвэрээ Шанхайд авааччихлаа” гэж ярих байх даа.

Зарим Их хурлын гишүүд ШХАБ-ыг зэр зэвсгийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн боломж гэж хар. Даяарчлагдаж буй нийгэмд өөр болсон гэх юм. Таны байр суурь өөр байх шиг байна?

-Байгуулсан гэрээ, хамтын үйл ажиллагааны зорилтыг нь уншаад үз. Тэнд нь юу байгааг харахгүй юу. Тэдний ярьж байгаа шиг тийм сайхан зүйлс байна уу. 100 жилийн өмнө амласан их мөнгөнд толгойгоо төртэйгөө худалдаад 64 зүйлийн гэрээ гэгчээр тусгаар тогтнолоо сольчихсон ноёд байсан. Тэдний сүнс сэрчихсэн юм биш биз. Тийм сүнс шүглэсэн Засгийн газар эртхэн огцорсон нь дээр дээ.

-ШХАБ-д элсэх цаг нь болоогүй юм бол монголчууд хэдий хугацаанд ажиглагчийн статустай явах юм бэ. Эрх баригч намын бүлэг ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Яахав дээ, төрөө тэрбум тэрбумаар зарчихдаг хүмүүс улсаа түүнээс их мөнгөөр зарахад сэтгэл нь өвдөхгүй байх л даа. 100-гаад жилийн өмнө зохиосон дууг би арга ядаад цахим хуудссандаа бичсэн.

“Тэвэр тэвэр мөнгөөр

Төрөө зардаг ноёдуу даа

Уут уут мөнгөөр

Улсаа зардаг ноёдуу даа” гээд байгаа шүү. Улс дотроо нэг нэгэндээ төр зарах нь дүүрч. Гадагшаа улсаа зарах нь арай хэтэрч байна.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуровыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Засгийн газарт Аж үйлдвэр, худалдааны сайдаар дахин томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээ тогтмолжин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, бизнес эрхлэгчдийн харилцаа улам нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2017 онд 37 хувиар нэмэгдсэн нь үүний тод илрэл гэлээ.

Улаанбаатар хотноо болж байгаа “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ нь харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Энэ арга хэмжээний үеэр “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах болсон нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэв.

Монгол Улс ОХУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх сонирхолтой. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ОХУ-ын стандарт, шаардлага хангасан махны хамтарсан үйлдвэр байгуулах, “Ноолуур” төсөлд оросын талтай хамтран ажиллах саналтаа илэрхийллээ.

ОХУ Монгол Улстай харилцах харилцаа, тэр дундаа соёл, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэмдэглэв.

Хоёр орны худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байна гээд Монголын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох, нисэх онгоц угсрах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, нисдэг тэрэг нийлүүлэх сонирхолтой байна гэлээ. Мөн Дулааны III станц, “УБТЗ”-ын өргөтгөл шинэчлэл, хурдны зам тавих зэрэгт оролцох сонирхлоо илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Өргөө амаржих газарт 100 сая төгрөг хувиасаа хандивлахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаанд зориулж хувийн зүгээс 100 сая төгрөг хандивлахаар болжээ.

Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, хувийн зүгээс хандив өгч байгаа тул хэвлэлийн мэдээ гаргаагүй гэлээ.

Хандивыг тус газрын хамт олон төрөх орыг шинэчлэхэд зарцуулна гэдгээ илэрхийлсэн байна. Олон нийтийн зүгээс төрөх эмнэлгийн орыг шинэчлэх нь зүйтэй гэсэн санаачилга гаргаад байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Учрал гишүүний өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Төсвийн байгууллагууд их хэмжээний мөнгө төсөвлөх, түүнийгээ хуулийн тодорхой зохицуулалтгүйгээр зарцуулах, хөрөнгийг үр ашиггүй үрэх тохиолдол аудитын байгууллагад цөөнгүй бүртгэгддэг байна. Иймд төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн байна. Уг дүгнэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэжээ. Чуулганы хуралдаанаар Үндэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар шийдвэрлэж, хууль хоорондын зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон тогтоол батлав.