Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн 17 сумын 10 гаруй нь хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд байна

Ихэнх нутгаар хур бороо бага орж, хуурайшилттай байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.

Сэлэнгэ аймгийн хувьд 17 сумын 10 гаруй нь хуурайшилтын зэрэглэл нэн аюултай зэрэглэлд байна. Ерөө суманд 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан ойн түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 250 гаруй хүн ажиллаж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Иймд, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж Сэлэнгэ аймгийн агентлагийн дарга нар, Онцгой комиссын гишүүд болон бүх сумдын Засаг дарга нарыг оролцуулсан аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

Мөн цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, УЦУОШГ-н дарга О.Рэгзэдмаа нар танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Жэ Намыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа бүх салбарыг хамран өргөжиж буйг тэмдэглээд цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр Элчин сайдтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд зориулан БНСУ-ын Засгийн газраас олгосон 500 сая ам.долларын зээлийг шуурхай хэрэгжүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв. Сайд Д.Цогтбаатар сүүлийн үед Солонгосын хойгийн байдалд эерэг нааштай чиг хандлага гарч, холбогдох талуудын хооронд яриа хэлэлцээ идэвхжиж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Элчин сайд Жон Жэ Нам найрсаг, дотно харилцаатай Монгол Улсад томилогдож ажиллах болсондоо баяртай байна гээд Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, ялангуяа, зээл, тусламжийн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн соёл, боловсролын салбарт хамтран ажиллах нөөц боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа, монгол иргэд БНСУ-д зорчих визийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр судалж буйг дурдаад, цаашид энэ чиглэлээр ГХЯ-тай санал солилцож нягт хамтран ажиллана гэв. Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор Солонгосын бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж буйг Элчин сайд онцлон тэмдэглэв. Мөн ЗХА-ийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монгол Улсын зүгээс тавьж буй хүч чармайлтад талархаж байна гээд “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг дэмжиж, холбогдох арга хэмжээнд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.
Categories
мэдээ улс-төр

Төсвийн хөрөнгийн хууль бус, хяналтгүй зарцуулалтыг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.07) хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.


Ингээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтэд “УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” хэмээжээ. Түүнчлэн УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэжээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, О.Баасанхүү нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Батнасан хариулт өглөө. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.2 хувь нь дэмжлээ.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Дараа нь 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гишүүн Н.Учралынөргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.


Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэсэн 24.6 дахь хэсгийг нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж нэгтгэн өөрчилж найруулахаар Төсвийн байнгын хороо шийдвэрлэжээ. Үүний хамт “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар тодрууллаа. Улсын төсвийн орлого нь хуулиар тогтоосны дагуу татварын болон татварын бус орлогоос бүрддэг, мөн зээл тусламжийн дүнг нэгтгэн улсын төсөв бүрдэж байгааг УИХ-ын гишүүн Ч. Улаан хэлээд “Холбогдох хуулиудыг шат шатандаа чанд мөрдөн ажиллавал төсвийн орлого, зарлагын хяналт үр дүнтэй байх бололцоо бий” гэв. Стандарт, норм, нормативыг баримтлах агуулга бүхий өөрчлөлт хуульд орж байгаа нь зөв зүйтэй хэдий ч зураг төслийн талаарх стандарт, төсвийнх нь талаарх норм, нормативын талаарх баримт бичгүүд бий эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуусан. Бүхий л салбарт норм, норматив, стандартыг шинэчлэх шаардлага бий, иймд цаг үеийн шаардлага, нөхцөлд тохируулан зарлага, зардал, зарцуулалтын стандарт, норм, нормативыг өөрчлөн шинэчлэх үүргийг тодорхой салбаруудад үүрэг болгож байгаа аж. Хуулийн төсөл батлагдвал салбарууд зарлага, зардал, зарцуулалтын стандарт, норм, нормативын баримт бичгээ цэгцлэх, үүний дараа эдгээрт тулгуурлан боловсруулснаар улсын төсвийн үндэслэл сайжрах томоохон ахиц дэвшил гарна хэмээн үзэж буйг тайлбарлав. Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжин, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Н.Учрал: Татвар төлөгчдөөс төвлөрүүлсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг УИХ өнөөдөр бүрдүүллээ

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төсвийн захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийг зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэхээр тусгасан Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгажээ. Мөн урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар төсөлд тусгасан байна. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.


Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хэлэлцэж буй тогтоолын төсөл нь Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал тэмдэглэн хэлсэн. “Энэ хууль бүх шатанд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын түвшинд ч хэрэгжих ёстой. Засгийн газар болон шат шатны байгууллагууд төсвийг боловсруулахдаа төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгаа дээшлүүлэхдээ төсвийн эрх захирагчдын төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулахад, мөн татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг УИХ өнөөдөр бүрдүүллээ. Одоо хуулийг хэрэгжүүлэх ажил үлдэж байна. Ирэх оны төсвийг боловсруулж, батлахад норм, нормативтай, зураг төсөлтэй, хөрөнгө оруулалтууд нь бүгд стандарттай, орон тоог хүртэл тодорхой хэм хэмжээнд нийцүүлдэг байдал руу шилжих нь зүйтэй. Энэ төрлийн баримт бичгүүдээ дагаж, мөрдөж ажиллах юм бол өнөөдөр хүлээгдээд байгаа хөрөнгө оруулалтын олонажил ургашлах бололцоо бүрдэж байна” хэмээсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцэж буй төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах нь чухал. Норм, норматив, стандартын баримт бичгийг боловсруулж, батлаад орхиж болохгүй. Салбар, салбараар анхаарч ажиллах нь зүйтэй. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжид иргэд, олон нийт сэтгэл ханамжгүй байдаг. Монгол Улс 330 сумтай. 1000 хүрэхгүй хүн амтай сумын эмнэлэг, сургууль, дотуур байр нь 6000 хүн амтай сумынхаас өөр гэдгийг бүх талдаа тооцдог байх нь зөв. Цаашдаа төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутгийн хүн амын тоо, нийслэлээс алслагдсан зай гэх зэргийг харгалзсан норм, нормативыг мөрддөг байх шаардлага бий” гэлээ. Мөн тэрбээр шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн урсгал зардлын асуудал 2022 оноос хойших улсын төсөвт нэлээд ачаалал үүсгэх магадлалтайг тэмдэглээд 2019, 2020 оноос үүнийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатайг санууллаа. Бүхнийг төр зохицуулж, төсвөөс санхүүжүүлэх гэсээр эцэстээ санхүүжүүлж чадахгүй, ажилтнуудынх нь цалин, хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь зүйтгэй гэдгийг хэлсэн юм. Өнөөгийн энэ нөхцөл байдал, хойшдын үр дагаварыг цогцоор нь тооцсон төсвийн зарлагын бодлого, төсвийн урсгал зарлагын реформыг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага бий гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ.


Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь уг саналыг дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь дэмжснээр “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Эрх зүйн сургалт зохион байгуулав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх сургалт өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал дүүргийн 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар нь 4 бүс болгон хувааж эрх зүйн сургалт явуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус сургалтад II бүс буюу 5, 9, 16, 17, 19, 22, 24 дүгээр хорооны нийт 100 албан хаагч хамрагдлаа.

Сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн мэргэжилтнүүд орж Зөрчлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн ач холбогдол, үр нөлөө, онцлох заалтуудыг танилцуулсан юм. Мөн Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад танилцуулав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбасайханы өмгөөлөгч мэдээллээ хойшлууллаа

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээний асуудлаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг АТГ-аас гэрчийн мэдүүлэг авахаар дуудаж баривчлаад хоёр сар өнгөрч байна.
Уг асуудлаар өнөөдөр түүний өмгөөлөгч Н.Цог Нийслэлийн прокурорт очиж мэдээлэл хийнэ гэсэн ч тодорхой шалтгааны улмаас өмгөөлөгч нь мэдээллээ хойшлуулсан байна. Б.Бямбасайханыг өнгөрсөн 4 дүгээр сарын 1-ний ням гарагт гэрчээр мэдүүлэг авна хэмээн дуудаж АТГ-аас баривчлан ШШБЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018” арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ.

Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэх явдал юм.

6 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ Монголын тал ОХУ-тай хоёр болон гурван талын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв. Тэрээр Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатны гол зорилт болж буйг онцолж, “Монгол– Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Нээлтийн ажиллагааны үеэр Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга И.Е.Левитин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Монгол-Оросын санаачилга – 2018” цуврал арга хэмжээнд зориулан илгээсэн илгээлтийг уншиж танилцуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлтдээ Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ Улаанбаатар хотноо нээгдэж буйд баяр хүргээд, ОХУ-ын төр, засгийн зүгээс Орос, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэсэн байна.

Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров мөн үг хэлэв. Тэрээр Оросын тал Орос, Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх өргөн боломжтой гэж үздэгийг онцлон тэмдэглэв.

Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэнд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд К.В.Молодцов зэрэг албаны хүмүүс илтгэл тавив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавьсан илтгэлдээ Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргахын тулд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хоёр улсын төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хоёр талаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхийг санал болгов.

“Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны чиглэлийн олон арга хэмжээг зохион байгуулна.

Тухайлбал, Эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанууд 7, 8-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд, Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд 7, 8-ны өдрүүдэд, Фото зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 7-ны өдөр, Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болон залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Categories
мэдээ нийгэм

“Өгөөмөр өдөр” арга хэмжээ болно

Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт болох гэж байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Хоггүй монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам, “Одонтой ээжүүд” группын төлөөлөл А.Мягмардолжин нар мэдээлэл хийлээ. Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм. Өдөрлөг бямба гарагийн 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт доорх байршлуудад зохион байгуулагдана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Баянзүрх дүүрэг – 55-р дунд сургуулийн талбайд
  • Баянгол дүүрэг – Байгаль эх цогцолборт

/Ачлал их дэлгүүрийн зүүн талд/

  • Сонгинохайрхан дүүрэг – СХД-ийн ЗДТГ-ийн өмнөх талбайд
  • Сүхбаатар дүүрэг – Монгол 3-р дунд сургуулийн талбайд
  • Хан-Уул дүүрэг – Ажилчны алдар талбайд /19-ийн автобусны буудал/
  • Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбайд
  • Багануур дүүрэг – Нацагдоржийн талбайд
  • Багахангай дүүрэг – БХД-и өмнөх талбайд
  • Налайх дүүрэг – Налайх дүүргийн соёлын ордны 2 давхарт


Categories
мэдээ нийгэм

Монголын зэс корпораци мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон Төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга, гишүүд гэх хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар хуралдаж үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах зорилготой хийж байгаа дээрх бүтцийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон болон 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, түүнийг дагаж хийгдсэн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түдгэлзүүлсэн. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дээрх Засгийн газрын тогтоол, хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэрэг 10 захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.

Зургууд дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

Төрөөс 100 хувь томилсон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай уландаа гишгэсэн, албан тушаалаа хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хэт улайрсан үйлдэл юм.

Иймд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай зөрчиж, хууль бус ТУЗ-ийн хурал зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнууд, ТУЗ-ийн дарга, гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах болохыг мэдэгдье.

Categories
мэдээ улс-төр

660 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2018.06.06/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд, хуулийн салбарын эрдэмтэн судлаачид, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хурлын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлаг сүүлийн жилүүдэд УИХ-ын Тамгын газрын чадавхийг дээшлүүлэх, парламентын хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, нийгмийн зүгээс өнгөрсөн хугацаанд парламент хууль тогтоох ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул байгааг шүүмжилдэг гэдгийг онцолж байлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, Өнөөдөр Монгол Улсад 660 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Ерөнхийдөө 2020 оноос цааш 750 орчим хууль, тогтоомж Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцааг зохицуулна гэсэн таамаглал байгааг дурдав.

Мөн тэрбээр, парламентын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажил хоцрогдоод байгаагийг шалтгааныг УИХ-ын үе үеийн Тамгын газар, удирдлагуудын зүгээс энэ чиглэлээр цөөхөн хүн ажилладаг, боловсон хүчний чадавхи сул, хяналт шалгалт, үнэлгээ хийх аргачлал нь тодорхой бус байдаг нь тулгамдсан асуудал байдгийг онцолдог. Өнөөдрийг хүртэл парламентын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх тогтсон аргачлал, тодорхой гарын авлага, тодорхой шийдэл байхгүй байгааг онцолж байлаа.

Бидний хувьд УИХ-аас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг байнгын тогтолцоог байгуулахад анхаарч, бүтцийг нь томсгож Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийг байгуулан ажиллаж байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр УИХ-ын холбогдох Байнгын хороо, Тамгын газар хамтраад хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг эхлүүлж, тайлангаа гаргаад байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Швейцарийн Парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнд УИХ-ын Тамгын газраас дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаатайгаар хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын загварыг гаргахаар ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ дурдав.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэллээ.
Эрдэм шинжилгээний хурлын эхний сэдэв “Парламентын хянан шалгах чиг үүрэг ба хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт”-ын хүрээнд болж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудлууд”, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбилэгт “УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, тулгамдаж буй асуудлууд”, Швейцарийн Парламентын хяналт шалгалтын нэгжийн дарга, доктор Николас Грожан “Швейцарийн Парламентын хяналтын тогтолцоо: Хяналтын хороо болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний тухай” сэдвээр илтгэл тавьж, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэлдээ, Хууль тогтоомжийн тухай хууль 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр эргэлт гарч, өөдрөг өөрчлөлтийг авчирсан гэдгийг онцлов. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хууль тогтоомж нь тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаанд үндэслээгүй, тухайн хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоо дутуу дулимаг байсан. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал нь хууль УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион багуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийн талаар хууль санаачлагчдад мэдээлэх, тайлагнах асуудлыг бүрэн зохицуулсан. Хууль тогтоомжийн боловсруулалтыг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Харин түүний хэрэгжилтийг хяналт шинжилгээ, судалгаанд суурилан харж, хянаж чаддаг болбол төрийн бодлого зөв, түмний сэтгэлд нийцтэй болно гэдгийг илтгэлдээ дурдав.

Түүнчлэн Швейцарийн Парламентын хяналт шалгалтын нэгжийн дарга, доктор Николас Грожан илтгэлдээ тус улсын Парламентын Хяналтын хорооны үйл ажиллагаа, хамрагдах байгууллага, мэдээлэл авах эрх, бүтэц орон тоо, хараат бус байдал, үнэлгээ хийх, хяналтын үйл ажиллагааны эерэг, сөрөг талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн парламентын хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх засаглалтай харьцуулахад нөөц бололцоо тэнцвэртэй бус, гүйцэтгэх засаглал илүү мэдээлэлтэй, өөрийн гэсэн ашиг сонирхолтой байдаг нь бэрхшээл учруулдаг гэдгийг онцолж байлаа.

Харин дараагийн сэдэв нь “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх онол, практикийн асуудлууд”-ын хүрээнд болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж буй өнөөгийн байдал, түүнийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, доктор, дэд профессор А.Алтанзул “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, онол арга зүйн асуудлууд”, доктор Д.Зүмбэрэллхам “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Доктор Д.Зүмбэрэллхам илтгэлдээ, Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин харьцангуй бүрдэж, тодорхой бүтэц, үйл ажиллагааг хуульчлан зохицуулсан хэдий боловч тухайн зохицуулалтуудын харилцан уялдаа сайн хангагдаагүй, хуульд заасан байнгын тогтолцоо бүрдээгүй, түүнээс шалтгаалаад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил одоогийн байдлаар тогтмолжоогүй гэж үзэхээр байна. Хууль тогтоомж нэг бүрийн хэрэгжилтийг хүчин төгөлдөр болж үйлчилсэн хугацаанаас нь хамааруулан төвлөгөөтэйгөөр хянан шинжилж үнэлгээ хийдэг, ерөнхий хяналтын сонсголыг тодорхой зорилгоор тогтмол давтамжтай явуулдаг, Улсын Их Хурал болон Засгийн газарт тэдгээрийн үр дүнг жил бүр хэлэлцдэг үйл ажиллагааны хоорондоо авцалдаатай нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газар дагнан хариуцаад түүнийгээ УИХ-ын холбогдох Байнгын хороонд үр дүнг танилцуулан тогтмол хэлэлцүүлдэг хэлбэр байж болохыг цаашид судалж үзмээр байна. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийн хүрээнд Байнгын хороодод хэлэлцсэн тухай нэгдсэн дүнг жилийн эцэст Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлдэг байж болох юм. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд “хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” асуудал багтдаг бөгөөд хууль тогтоох байгууллагын хувьд чухам энэхүү хянан шалгах агуулга, байр сууриа хадгалах хувилбарыг түлхүү баримтлах нь зүйтэй болов уу хэмээн эцэст нь дүгнэн хэлсэн. Хуралд оролцогч эрдэмтэн судлаачид, салбарын багш, мэргэжилтнүүд илтгэлүүдийн хүрээнд сонирхсон асуултад хариулт авч, санал солилцож, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Д.Гантулга, Б.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар хуралдана

УИХ дахь намын бүлгүүд Д.Гантулга, Б.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар хуралдах гэж байна. Улсын ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн байна. Хүсэлтийг 48 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай учир бүлгийн дараа байнгын хороод энэ асуудлаар хуралдах чигтэй байна. Маргааш чуулганаар хэлэлцэхээр яригдаж байгаа аж.