Categories
мэдээ спорт

​”Улаанбаатар цом – 2018″ олон улсын боксын тэмцээн болно

“Улаанбаатар цом – 2018” олон улсын боксын тэмцээн болно. АСА циркэд 20 гаруй орны ширэн бээлийтнүүдийн гал гарсан тулааныг 2018.06.20-06.24-ний өдрүүдэд сонирхох боломжтой. Эмэгтэй боксын жингийн төрөл 2016 оноос эхлэн нэмэгджээ. Энэхүү олон улсын тэмцээн Монголд болсноор гадаадын тамирчидтай хамтран бэлтгэл хийж, туршлага солилцох боломжтой болдог аж. Тиймээс Монголын боксын тамирчид дэлхийн рингэд хүчтэй өрсөлдөгч болдог гэдгийг дасгалжуулагчид цохон тэмдэглэв. Эмэгтэй төрөл нэмэгдснээр Монголын эмэгтэй тамирчид олон жинд медаль хүртэж байв. Тэмцээнийг зохион байгуулагчид “Улаанбаатарын цом” тэмцээн нь маш шударга шүүлттэй, ялсан нь бол ялалтаа авдаг. Ямар нэгэн луйвар гардаггүй гэдгийг хэлэв.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

228000 хүүхдэд дөрөв, тавдугаар сарын мөнгийг нөхөж олгоно

УИХ хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Энэ тогтоолын хэрэгжих хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс гэж заасан байгаа. Ингэснээр сар бүр 20 мянган төгрөг авч байгаа 630 мянга гаруй хүүхдийн тоо 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэж, хүүхдийн мөнгөнд олгож байгаа санхүүжилт 41 тэрбум төгрөгөөр өсөх юм. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахаар болсон 228 мянган хүүхдийн дөрөв, тавдугаар сарын мөнгийг энэ сарын мөнгөн дээр нэмж олгох юм байна.

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгодог болсноор амьжиргааны төвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд буюу 860 мянган хүүхэд үүнд хамрагддаг болсон. Гэхдээ үүний цаана өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй өрхүүдийн 100 мянган хүүхэд энэ халамжийн гадна үлдчихээд байгаа юм. Эдгээр хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг авах боломж нээлттэй гэж салбарын сайд нь хэллээ. Ингэхийн тулд тухайн эхлээд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдах шаардлагатай юм байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгодог болсноор өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэж тогтоосон босго шугам 530 байсныг 670 болгож өөрчилжээ.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуульд оролцогч гадны ажиглагч улс орнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дасгал сургуульд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газруудын алба хаагчид, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, яам, агентлагийн төлөөлөл, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, ШриЛанка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 350 гаруй төлөөлөгч оролцож байна.
Жил ирэх бүр ажиглагч улс орнууд, гадаад, дотоодын оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь сургуулийн үр дүн, цар хүрээ, ач холбогдлыг тодорхойлж байгаа төдийгүй Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэхэд “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль чухал үүрэг гүйцэтгэж байна гэж сургуулийг зохион байгуулагчид дүгнэж байна.
Монгол Улсад долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Говийн чоно” сургалтыг энэ жил “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд баруун бүсийн таван аймгийг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.
Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын газар зүйн онцлог, гамшгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол, Америкийн 80 орчим аврагч хамтран уул, ус, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулж, харилцан туршлагаа солилцож байна.
Мөн ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглахын зэрэгцээ АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай хамтарсан сургалт, дадлагуудыг зохион байгуулж, цаашид юунд анхаарах чиглэлд туршлага судалж байгаагаараа онцлог юм.
Мөн болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, гамшгийн үед эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар харилцан туршлага солилцох сургалтуудыг зохион байгуулж байна.
Түүнчлэн үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилготой команд штабын сургууль үргэлжлэн явагдаж байна.
Команд штабын сургуульд ОБЕГ, НОБГ-ын төлөөллөөс гадна Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдан, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ спорт

“Mongolia Open-2018” тэмцээнд Монголын тамирчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа

Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын тэмцээн 2018 оны зургадугаар сарын 09-10-ны өдрүүдэд болно. “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах уг тэмцээнд ОХУ, Хятад, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, БНСУ, Австрали, Нигери, Гватемал, Монголын 300 орчим тамирчид оролцох юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд дэлхийн болон дотоодын чансааны онооны төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байна. Дэлхийн шилдэг тамирчид олноор өрсөлдөх тус тэмцээнд чөлөөт бөхийн сургалт явуулж буй секц, дугуйлан, спортын клубүүд, нийгэмлэг, спорт хороод бөхийн спортоор хичээллэгч хүүхэд залуучуудыг өргөнөөр хамруулан оролцохыг Монголын чөлөөт бөхийн холбооноос уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Азийн Гран При”-гийн 11 ялагч их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” арга хэмжээг энэ сарын 30-нд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуусыг уриалан оролцох юм. Одоогоор 300 гаруй залуус “Гүйе! Түүе!” арга хэмжээнд оролцохоо мэдэгджээ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Иргэд бид өөрсдөө л хог тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл хот маань хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм. Тиймээс бид хоггүй хотод амьдрахад иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан 5 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуусыг оролцуулж 54,02 тонн хог цэвэрлэсэн.

Энэ удаа бидний үйл ажиллагааг дэмжин “Азийн Гран При Мистер Олимпиа” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуусыг уриалан оролцоно. Шилдэг тамирчин залуус маань нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудыг уриалан өөрсдөө хог цэвэрлэхэд гар бие оролцон үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь сайшаалтай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйнгээ хог түүх их цэвэрлэгээнд сайн дураараа оролцох залууст нээлттэй байх болно” гэв.

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран залуучуудад болон нийгэмд хандсан олон сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэр ажлуудын нэг болох “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг бид дэмжин оролцож байна. Манай холбооны тив, дэлхийн аварга тамирчид, залуу тамирчид маань идэвхтэй оролцоно. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны 5-р сарын 27-ны өдөр БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирсэн. Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль нийт 11 медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн болсон. Тэмцээний ялагчид бүгд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” их цэвэрлэгээнд оролцох юм. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: Монгол, Орос хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгох шаардлагатай

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.07) Улаанбаатар хотноо эхэлсэн “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганыг нээлээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үг чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татав.

Монгол Улс, ОХУ-ынбүс нутаг, хил орчмын муж, аймгууд манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой байр суурь эзэлдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэхдээ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, тогтвортой хөгжүүлэх сонирхол, хүсэл тэмүүлэл байгаа хэдий ч манай хоёр орон эдийн засгийнөргөн нөөц бололцоогообүрэн дүүрэн ашиглахгүй байгааг онцоллоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Манай хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд нийт 1 тэрбум 285 сая ам.долларт хүрч, 2016 оныхтой харьцуулахад 37 хувиар өссөн боловч хоёр талын худалдаан дахь тэнцвэргүй байдал хадгалагдсаар байна. Монгол Улсаас ОХУ-руу чиглэсэн экспортын хэмжээ 67.6 сая доллар байсан бол ОХУ-аас Монгол руу чиглэсэн экспортын хэмжээ 1 тэрбум 217 сая долларт хүрсэн. Монголын экспортын хэмжээ манай хоёр орны нийт худалдааны эргэлтийн 3 хувийг эзэлж байгаа нь чамлахаар тоо юм. Тиймээс бид шинэ боломжуудыг эрэлхийлж, худалдааны тэнцвэрийг бий болгохын тулд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааны илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгоход онцгой анхаарах шаардлагатай байна” гэж хэллээ.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр талын анхаарах чиглэлийг дараах байдлаар тодорхойлов. Тэрбээр “Манай улсын хувьд хил орчмын аймгууд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хөрш орны болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нэвтрэхэд чиглэсэн шинэ арга барилаар ажиллах шаардлагатай байна. Харин Оросын мужуудын хувьд Монголын чөлөөт бүсүүдийг түшиглэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоо болон Япон улсын зах зээлд хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх, Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын транзит тээврийн боломжуудыг ашиглан дэлхийн зах зээлд гарах өргөн боломжууд байна” гэв.
Ийнхүү Шадар сайд Ө.Энхтүвшин тус чуулганыг албан ёсоор нээмэгц Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Оросын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын тухай танилцуулгаа эхэллээ. Түүний дараа Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев Монгол Улсад хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр баримталж буй ОХУ-ын бодлогын талаар, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд “Монгол Улсын Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавих юм.
Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганд хилээр холбогдсон Монголын 9 аймаг, ОХУ-ын 6 муж, хязгаар болон бусад орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал бодлоо солилцох бодит сонирхол байгааг тодоор харууллаа. Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Хэнтий, Баян-Өлгий аймаг, ОХУ-аас Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд НайрамдахТува Улс, Эрхүү муж, Забайкальск хязгаарын засаг захиргааны төлөөлөгчид өөрсдийн орон нутгийн талаар танилцуулж, чуулганы төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг явуулна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Архивын өдөр” болно

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Архивын газрын удирдах албан тушаалтнууд Сонгинохайрхан дүүргийн 13, 14, 15 дугаар хороонд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хариуцан ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах, уламжлан шийдвэрлүүлэх, хорооны үйл ажиллагааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд анхан шатны нэгж, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг ажлын байранд нь сургаж мэргэшүүлэх, төрөөс үзүүлэх иргэний бүртгэл, халамж, нийгмийн даатгал, архив, газрын албаны үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхимд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулж ажиллалаа.

Мөн жил бүрийн 06 дугаар сарын 09-ний өдрийг “Дэлхийн Архивын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Засаглал ба ой санамж, өв” уриан доор үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд дээрх өдөрлөгийн үеэр Сонгионхайрхан дүүргийн 32 хорооны Зохион байгуулагч, Хэсгийн ахлагч болон бусад төрийн байгууллагын ажилтнуудад “Баримт бичгийг боловсруулах арга зүй” сэдэвт сургалт явуулж, нийт 47 төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйгээр хангаж, заавар зөвлөгөө өглөө.

Дээрх арга хэмжээнд нийслэл, дүүргийн холбогдох удирдлагууд болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд байлцаж, нийслэл дүүргээс явуулж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, уламжлан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр 18 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 5 иргэний хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж лавлагаа хуулбарыг үнэ төлбөргүй олголоо гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн зам засварын 20 компанийн хувьчлалыг замчид эсэргүүцэв

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, УИХ-д тодорхой гурван шаардлага хүргүүлэв. Төрийн өмчийн нэр бүхий зам засварын 20 компанийг хувьчлан дуудлага худалдаагаар худалдах асуудлыг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгааг замчид эрс эсэргүүцэж байгаа аж. Замчид цалин хөлсөө тогтмол олгодог, техник тоног төхөөрөмж сайтай, олон ажилчидтай, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа компаниудыг хувьчлахыг буруу гэж үзэж байна. Зам засварын компаниудыг хувьд шилжүүлснээр улсын чанартай автозамууд засвар үйлчилгээний хувьд эзгүйрч, иргэдийн амь нас эд хөрөнгөд хохирол учирч болохыг сануулсан юм.

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дараах шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа юм байна.

  • “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д авто зам засвар арчлалтын нэр бүхий 20 компаниудыг бүрэн хувьчлах гэж заасныг өөрчлөх
  • Харин материаллаг бааз нь бэхжээгүй, өөрийн гэсэн техникгүй, менежмент муутай, ашиггүй ажиллаж байгаа авто замын засвар арчлалтын компаниудыг 51:49-ийн харьцаатай хувьчилж хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
  • Авто зам засвар арчлалтын компаниудын ажиллагсдын ажлын байрны баталгаа, хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр хийх
  • Дээрх нэр бүхий гурван шаардлагыг УИХ-д хүргүүлж, шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээг авна гэдгээ онцлов.
Categories
мэдээ нийгэм

Автомашинд ашигласан масло дахин нэрж, үйлдвэрлэж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид автомашинд ашигласан масло дахин нэрж, масло үйлдвэрлэж худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал “Дорнын Эх” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй ажилласан масло нэрэн дахин тос масло гаргах үйлдвэрлэл эрхэлж байсныг төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоожээ. Иймд үйл ажиллагааг нь таслан зогсоож 3000 нэгж буюу гурван сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Өгөөмөр өдөр” өдөрлөгт нэгдээрэй

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Энэ сарын есний өдөр “Өгөөмөр өдөр”-ийг төлөвлөн хийхээр болжээ. Өдөрлөгт оролцох хүмүүс өөрсдийн хэрэглэхээ больсон эд зүйлсээ хямд борлуулж, бусдад бэлэглэж болох аж. Цэвэрхэн хэрэглэсэн хувцас, тоглоом, тавилга, ахуйн хэрэгсэл юу ч байсан болох юм. Хэрэгтэй нэгэн нь эдгээр зүйлсийг хямд худалдан аваад, хэрэглэх нь экологийн хувьд ээлтэй, эд зүйлсийн хэрэглэх хугацааг уртасгах нь хог хаягдлыг ч бууруулах зорилготойг зохион байгуулагчид цохон хэлэв. Уг өдөрлөгийг Нийслэлийн захирагчийн алба, Хоггүй Монгол төрийн бус байгууллага, Одонтой ээжүүд груп хамтран хийж байгаа юм. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе!” уриатай хуучин эд зүйлсээ худалдах солилцох, үнэгүй өгөх “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг 2018 оны зургадугаар сарын 9-ний бямба гарагт 11-17 цагийн хооронд Улаанбаатар хотын есөн дүүргийн иргэд олноор цугладаг газар зохиохоор болжээ. Үүнд харъяа нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүсэж байгаа юм. Дүүрэг, хороодын засаг дарга нар болон холбогдох хүмүүсийг хамтран зохион байгуулж оролцохыг тэдний зүгээс хүсэв. Байгууллагууд ажилчдынхаа эд зүйлсийг цуглуулан ажлын байр байрлах дүүргийн Өгөөмөр өдөр болох талбайд аваачин өгөх боломжтой. Мөн хувь хүн өөрөө очиж амжихгүй ч хуучин эд зүйлээ өгөхийг хүсвэл харъяа хорооны ажилчдад хандах хэрэгтэй. Өдөрлөг болох байршлууд нь:

Баянзүрх дүүрэг: 55 дугаар сургуулийн гадаа талбай

Баянгол дүүрэг: Байгаль эх цогцолбор

Сонгинохайрхан дүүрэг: Дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбай

Сүхбаатар дүүрэг: Ерөнхий боловсролын III сургуулийн гадаа талбай

Хан-Уул дүүрэг: Ажилчны алдар талбайд

Чингэлтэй дүүрэг: Барилгачдын талбай

Багануур дүүрэг: Д.Нацагдоржийн талбай

Налайх дүүрэг: Соёлын ордны хоёрдугаар давхар

Багахангай дүүрэг: Дүүргийн гадна талбай гэсэн байршлуудыг тогтоожээ.

Одонтой ээжүүд групын төлөөлөл А.Мягмардолжин хэлэхдээ “Манай груп 2016 оноос “Солилцох өдөр”-ийг зохиож ирсэн. Жилд нэг удаа групын хэмжээнд томоор зохион байгуулдаг. Сард нэг удаа хэсэг бүлгээр, хороо дүүргээрээ нийлэн хийдэг. Үүний ач холбогдол нь айл бүрт хэрэглэдэггүй хэрнээ хаяж болдоггүй эд зүйлс байдаг. Энэ зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хямд үнээр өгч солилцох нь өөрт болон бусдад их ач холбогдолтой. Ээжүүдийгээ энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна. Ээжүүд гэрт хаана юу байгааг бүгдийг мэддэг. Юу нь хэрэглэгддэг, юу нь хэрэглэгддэггүйг зөвхөн ээжүүд л мэднэ. Мөн хүүхдүүдтэйгээ хамтраад хүүхдийнхээ тоглохоо больсон тоглоом, өмсөхөө больсон хувцсыг ялгуулаад цэвэрлүүд оролцоорой. Хүүхдүүдэд энэ ажиллагаа ямар ашигтай вэ гэхээр өөрийнхөө эд зүйлсийг гамтай хэрэглэснээр эргүүлээд үнэ хүрдэг, зарж болдог гэдгийг ойлгоно. Нэг оролцоод мэдэрсэн хүүхэд дараагийн удаа өөрийн юмандаа гамтай ханддаг, хайрладаг, цэвэрхэн хэрэглэдэг болдог. Илүү гамтай хэрэглэснээр өндөр үнэд хүрч болохыг ч мэдэрдэг тул юмандаа гамтай хайртай нэгэн болж төлөвшдөг юм шүү” гэв.