Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас дөрвөн хурандаа төрлөө

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/582 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Батбаяр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Х.Буяндэлгэр нарт албан тушаалын хурандаа цол олгосныг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хурандаа цол хүртсэн алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн түргэн тусламжийн төвд тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд өчигдөр НЭМГ, нийслэлийн Түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн тус үйл ажиллагаанд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын гамшгийг бууруулах олон улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюунцэцэг: Шилдэг гэдэгтээ итгэчихсэн хүүхдүүдтэй

“Этүгэн” бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Л.Оюунцэцэг дөрөв дэх жилдээ багшилж байгаа. Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийг төгсчээ. Архангайн Өлзийт сумынх гэнэ.


-Анх бага ангийн багш болохын сайхныг хэзээ мэдэрсэн бэ?

-Багшилж эхлээд мэдэрсэн дээ. Жаахан хүүхдүүд хөөрхөн шүү дээ. “За багш аа” гээд гүйгээд байдаг.

-Орчин үеийн бага ангийн багш хэн бэ. Урьд нь анхны багш, А заасан багш гээд маш их хүндэтгэдэг байсан?

-Одоо ч хэвээрээ. Миний санаанд ч бага ангийн багш маань байсаар л байгаа. Би ч бас хүүхдүүдийнхээ зүрхэнд тэгж үлдэхсэн гэж хүсдэг.

-Бага насны хүүхдүүдийн арга эвийг олох хэцүү. Хүүхэд бүр өөрийнхөөрөө байх гэдэг?

-Эхлээд хүүхдээ сонсоно. Тухайн нөхцөлд зохицуулаад эвийг нь олно доо. Бага багаар ятгасаар байгаад өөрийнхөө тал руу эргүүлчихдэг шүү дээ.

-Хүүхэдтэй юу?

-Манай хүүхэд нэг нь хоёрдугаар анги, нөгөө нь хоёр настай. Оюутан байхдаа ээж болчихсон.

-Сурагчид амжилттай сурч байна уу?

-Хүүхдүүд маань сургуулийнхаа бага ангиуд дунд цойлдог л анги. Ямар ч байсан олимпиад уралдаануудад амжилт үзүүлж, медаль “зулгаадаг”. Сая хүртэл ангиа чимж байхдаа “Манай анги хамгийн гоё болно гэдэгт итгэлтэй байна” гээд хоорондоо ярьж байгаа юм. Өнгийн цаасаар цагираг, гинж хийгээд бүтээлүүдээр нь ангиа чимсэн. Ангийнхан маань бүгд өөртөө итгэлтэй. Шилдэг гэдэгтээ итгэчихсэн хүүхдүүдтэй.

-Бага ангийн багш нар бүтээлч байх юм аа. Олон юмыг хийж чаддаг. Тэр мэдлэгээ хаанаас олж авдаг юм бол?

-Заримдаа интернэт ухна. Заримдаа гэнэт гоё санаа аяндаа орж ирдэг.

-Зургаан настай хүүхдийг яаж хичээлд дуртай болгох вэ?

-Нэгдүгээрт, багш сайхан ааштай байх учиртай. Хоёрдугаарт, хүүхдүүдээ залхаахгүйг хичээдэг, зандарч загнаад байдаггүй. Манай ангийн хүүхдүүд ч гэсэн намайг багш гэхээсээ найз нь юм шиг л байдаг. Бүгд шавчихсан, тас тэврээд, зулгаагаад явж байдаг. Би багш, чи сурагч учраас тэгэх, ингэх ёстой гэж тулгадаггүй.

-Хүүхдүүдийнхээ ямар амжилтаар бахархдаг вэ?

-Нэгдүгээр анги авчихаад хавар төгсөх шалгалт өгөх үед хамгийн их бахархсан. Сургалтын менежер орж ирж шалгалтаа авсан. Материал тараагаад 20-30 минутын дараа хүүхдүүд “Бодчихсон” гээд өгөөд байсан. Сургалтын менежер “Үнэн үү, та нар бодчихсон уу” гэж асуугаад. Шалгалтын материалаа зассан чинь 80-аас дээш хувьтай гарсан. Сургалтын менежер “Танай ангийнхан нээрээ тачигнуулж байна аа” гэхэд их баярласан.

-Бага ангийн багш маргаашийн хичээлдээ хэр их бэлтгэдэг бол?

-Маш их бэлтгэнэ. Манайх 8.40-16.30 хүртэл завсаргүй ажилладаг. 14:00 цаг хүртэл хичээлээ хийчихээд, зарим нь гэрийнхээ даалгаврыг хийнэ, зарим нь дугуйландаа орно. Тэр үед нь орхиж болдоггүй. 17:00 цаг өнгөртөл хүүхдүүдээ эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг. Түүнээс хойш л сулардаг. Бэлтгэхгүй бол болохгүй.

-Бага ангийн хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг эцэг эхчүүдийн хувьд бэрх даваа болсон. “Бидний үеийнхээс өөр болчихож” гэцгээдэг, хүүхдийн даалгаврыг хийлгэхийн тулд эцэг эхчүүд юу анхаарах вэ?

-Манай сургуулийн бага ангийнхан сургууль дээрээ гэрийн даалгавраа хийчихээд харьдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хичээл тарж очингуут “Даалгавраа хий” гээд шахаад байдаг. Байнга “Хичээл хий, даалгавар хий” гэж болохгүй. Залхаахгүй байх хэрэгтэй. Гэртээ тоглох үед нь тоглуулчихаад “За одоо хичээлээ хийгээрэй, миний хүү” гэх нь дээр. Гэрийн даалгавраа сургууль дээрээ хийж байгаа хүүхдүүд цаашдаа бие даан даалгавраа хийдэг болно.

-Бага насны хүүхдүүд хариулахад хэцүү асуулт гэнэт тавих үе байдаг. Тийм үед яадаг вэ?

-Шинжлэх ухаан, гариг эрхэс, электрон, нар сар гэх мэт олон зүйлийг сонирхож асуудаг. Мэдэж байвал хариулаад, мэдэхгүй бол “Багш нь мэдэхгүй байна. Мэдчихээд хэлж өгье” гэдэг. Их юм уншиж, үзэж харахгүй л бол хэцүүднэ. Манай ангид зохион бүтээгчийн дугуйланд явахын бөөн хүслэн болсон нэг хүүхэд байдаг. “Багш аа, би энэ сэнсийг зайгаар ажиллуулчихаж чадна ш дээ” гэдэг. Нар туслаа л бол тэр сэнс эргэдэг. Дэвтрийнхээ цаасыг ураад юу л бол юу хийдэг авьяастай сүрхий хүүхэд.

-Дэлхий ертөнц хувирч өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд зохицож амьдрах иргэд бэлтгэхэд анхаардаг уу. Робот багшийн давуу талын тухай ч сүүлийн үед яригдаж эхэллээ?

-Хүүхдүүдээ насан туршдаа суралцах чадвартай болгохыг бид хичээдэг. Робот багш ажиллана, цахим орчинд өөрсдөө сурчихна, багш хэрэггүй гэх мэт яриа байдаг. Гэхдээ тэр роботод сэтгэл зүрх гэж байхгүй ш дээ. Багш байж л тэр хүүхдүүдийг сургана. Нийгэм хөгжихийн хэрээр багш нар ч адилхан хөгжөөд явах байх гэж боддог.

-Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг уу?

-Сургалт семинарууд хааяа болдог л доо. Тэрэнд нь суухад хэрэгтэй юм их сонсдог. Юм уншиж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Олон дугуйлан ажилладаг гэж сонссон?

– Манай сургуульд соробан сампин, теннис, шатар даам, төгөлдөр хуур, морин хуур, гоцлол дуу, гимнастик, цаасан хуйлмал, уран зураг гээд 13 төрлийн дугуйлан хичээллэдэг. Хүүхдүүд маань үндсэн хичээлээ үзчихээд дараа нь өдрийн хоолондоо орж, дугуйлан дамжаандаа хамрагдан, гэрийн даалгавраа хийчихээд харьдаг. Манай сурагчид бас бүгд бишгүүр тоглодог. Гуравдугаар ангиас нь дуу хөгжмийн хичээл дээр бишгүүр орж ирдэг юм.

-Багш өөрөө хэр авьяастай хүн бэ?

-Жаахан авьяастай байхгүй бол болохгүй. Урлагийн үзлэг болоход ангийнхандаа өөрөө бүжиг заачихна. Дуулчихна, зурна, юмханаар юм хийчихнэ.

-Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг яаж сургуульд бэлтгэх вэ, ямар чадвар суулгасан байх ёстой вэ?

-Сургуульд орчихоод гэртээ байгаа юм шиг байж болохгүй гэдгийг анхааруулах нь чухал. Сууж чаддаггүй хүүхдүүд байдаг. Ядаж гурван минут төвлөрөөд суудаг бол болчихмоор санагддаг. Бусад нь яах вэ, жаахан хүүхэд тоглож үсэрч харайхыг цагдаж болохгүй. Яг чухал үед, хэрэгтэй юм ойлгуулах гээд хичээж байхад багшийгаа анхаараад хэсэгхэн суучихдаг бол болчихно.

-Гарыг нь зураг зурж, юм бичихэд дасгах шаардлагатай юу?

-Цэцэрлэгт явдаг хүүхдүүд тийм чадвартай байдаг. Явдаггүй бол тийм биш л дээ. Бичих дасгал хангалттай хийлгээд, сарын дотор зүгширээд ирнэ. Хамгийн гол нь чухал үед хэдхэн хором анхаарлаа төвлөрүүлчихдэг бол болчихно. Одоо бичиж, зурж чаддаггүй хүүхэд орж ирэх нь ховор. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаардаг болчихсон. Сургуульд бараг уншиж бичдэг хүүхдүүд орж ирдэг. Бас сургуулиас өмнө уншиж бичиж сургах гээд залхаачихвал хэцүү. Сонирхол буурна. Шинэ үсэг заах гэхээр “Өө тийм үсэг ш дээ наадах чинь” гээд хайнга суух тохиолдол байдаг.

-“Этүгэн” сургуулийн сургалтын онцлог байдаг уу?

-Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж хичээдэг. Бас сурагчдаа эрүүл зан үйлд сургахад анхаардаг юм. Сурагчид маань хоол идэх тоолондоо гар, шүдээ угааж хэвшсэн. Өвөлдөө жамц давстай усаар хоолойг нь зайлуулдаг. Манай анги болгон ус шүүгчтэй. Ус уухад хүүхдүүд маань ядрахгүй байх бас нэг үндэс гэж бид үздэг. Сургууль маань эрүүл мэнд, санхүүгийн боловсролыг хүүхэд бүртээ олгохыг хичээдэг.


Categories
мэдээ спорт

“Түүхийг бүтээгчид” нэртэй уг үзэсгэлэн гарна

ОХУ-д болох Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр Москва хотын Шинэ Арбатын гудамжинд байрладаг “Hyundai Motorstudio” галерейд ДХБХ-ны музейгээс бэлтгэсэн томоохон хэмжээний үзвэрийг тавих аж.

“Түүхийг бүтээгчид” нэртэй уг үзэсгэлэн нь ДАШТ эхлэхээс тав хоногийн өмнө буюу зургаадугаар сарын есөнд нээгдэнэ. Долоодугаар сарын 20 хүртэл ажиллах аж. Өөрөөр хэлбэл тэмцээн дууссанаас хойш дахин 5 хоног нээлттэй байх бөгөөд үзвэрийг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүс тэмцээний түүх болон хөгжөөн дэмжих янз бүрийн соёлуудан талаар мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн үзвэрийн голд байрлуулах дэлгэцээр ДАШТ-ний хамгийн онцлох мөчүүд болон түүхэн дэх агуу тоглогчдын дүрс бичлэгүүдийг үзүүлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хураасан зөөснөө аваад “буцаж” болдог

Чиний нүглийг би угаахгүй

Бурхан багш

Нэг

Би ингэж сонссон юм. Тээр жил дээрхийн гэгээн Далай ламтан Нисэхийн спортын цогцолборт ном айлдсан билээ. Тэрээр, ертөнцийн тогтоцын тухай ламын шашны эртний ном сударт гардаг төсөөллийг сөхөн яриад, дараахь тайлбарыг хийж билээ. “…Ертөнцийн төв Сүмбэр уулыг тойрон дөрвөн далай оршдог хэмээх төсөөллийг сонссон байх аа. Орчин цагийн хүмүүс бид тив алгасан нисэж явахдаа, ийм тогтоц олж хардаггүй нь Буддын шашныг буруутгах шалтгаан биш юм аа. Учир нь Буддизм нь материаллаг ертөнцийг судлахад бус харин хүний сэтгэл оюунд зориулагдсан номлол сургаал юм аа…” гээд Бурхны бүхий л сургаал, загварчлал зөвхөн хүний сэтгэл оюунд зориулагдсан тухай номлосон билээ.

(Дашрамд дурдахад дэлхий ертөнцийн үүсэл гарал ба тогтоцын тухайд шашин бүхэн өөр өөрийнхөө төсөөллийг сүсэгтнүүддээ үлдээсэн байдаг нь хүмүүс өөрийн хүрэлцэн мэдэрдэг бодит ертөнцийн талаар ямар нэг төсөөллийг нэхэж байсантай холбоотой болов уу)

Буддизм хүний сэтгэл оюунд зориулсан дасгал, бодлого, ухааран ойлгохын хэрээр гэгээрэн хөгжих хөтөлбөр учраас ёгт утга, тайллаар дүүрэн. Ганц ном уншаад, гагцхүү Бурхан байдагт итгээд л хамаг юм болчихгүй. Тухайн шатанд хүрээгүй сүсэгтний нүдээр харахад тоогүй олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл шиг санагдах нь буй.

Тэр ч байтугай, миний сургаал номлолд мухар сохроор итгэж болохгүй, түүний оронд эргэлзээгээр шалган, яг л алтан эдлэлийн хуурамч эсэхийг зүйл бүрээр тэнсдэг шиг тунгаах ёстой гэж хамгийн түрүүнд сануулжээ. Түүгээр ч барахгүй, “чиний урьд өмнийн нүгэл хилэнцийг би угаахгүй” гэдгээ хэлсэн байна.

Олж харваас орчлон үнэхээр л сүмбэр уул төвтэй дөрвөн их далайн дунд оршино. Хүн бол сэтгэлийн амьтан. Хүн хэмээх оюун сэтгэлтний оршихуйн Сүмбэр уул нь төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэсэн дөрвөн далайн дунд оршдог гэдгийг боддог болтлоо бид “Сүмбэр уул гэж Хималайг хэлсэн юм болов уу, тэр үеийнхэн Умард мөсөн далай ба Атлант, Номхон, Энэтхэгийн далайг заасан нь тэр болов уу” хэмээн эргэлзэх болно.

Бурхны шашин хүний сэтгэлд зориулагдсан болохоор тэнд зөвхөн чиний оюун санааны газар зүй л дурдагдах билээ.

Хоёр

Бурханд итгэсэн төдийгөөр Буддист болдоггүй юм бол, гэм алдсыг минь цайруулан адислаад ивээлдээ авдаггүй юм бол Бурхны шашны хэрэг нь юундаа байна гэсэн асуулт гарна.

Бидний хувь тавилан зөвхөн үйлийн үрдээ л захирагддаг.

Өөрийн хийсэн үйлийн үрийг

Алгасах юм шиг горьдох хэрэггүй

Өрөөл бусдын үйлийн үрийг

Амсах юм шиг дагжих хэрэггүй

Тийм учраас “үйлийн үр”-д итгэдэг бол Буддист болох тухай “Бодь мөрийн зэрэг” сударт айлджээ.

Будда хүн төрөлхтнийг “аврагч ба авруулагч” болгон ангилаагүй. Хамаг амьтныг авраад өөрөө захиран сууж жаргуулна гэж амлаагүй.

Харин тэрээр хүн төрөлхтнийг бүгдээрээ “нойрсож буй Будда нар” гэж хэлсэн юм. Харин тэр өөрөө биднээс түрүүлж сэрсэн аж. (Будда гэдэг нойроос сэрсэн гэсэн утгатай самгарьд үг гэх бөгөөд слав хэлэнд тэр чигээрээ орсон нь манайхны мэдэх “Будить, будильник” хэмээх “сэрэх, сэрүүлэг” гэсэн утгатай орос үгийн үндэс болно)

Тэгээд Бурхан Будда хүн төрөлхтнийг “нойрсож буй Будда нараа, сэрцгээ” хэмээн ном сургаалаа айлджээ. Тэрээр та нарын нүглийг би ариутгаж авахгүй ч гэсэн араасаа дагуулан явж, өөрийн замналаар Будда болоход чинь тусална хэмээн амласан бөлгөө.

Хүн төрөлхтөн үйлийн үрийг таниснаар зовлонгийн үрийг устгаж, жаргалын үрийг цацсаар улам ариусан гэгээрнэ. Хүсэл бүхэн биелдэг диваажинд төрөхийн оронд хүсэх шунахаас ангижирсан гэгээрэлд хүрэх болно. Тэнд Будда бидний захирагч, жанжин болоод бид үгнээс нь гаралгүй жаргах юм биш, харин цөмөөрөө түүний зиндааны гэгээрэгч бурхад болоод хамаг амьтныг авралцах болно.

Дорнын зарим орнуудад нойрсож буй Бурхан багшийн баримал шүтээн их байдаг. Энэ нь нэгэнт гэгээрсэн Буддагийн тухайд гэхээсээ илүү, мунхагийн нойрноосоо сэрж амжаагүй Будда нар буюу хүн төрөлхтний бэлгэдэл болон харагддаг бүлгээ.

Гурав

Хүсэл мөрөөдөл бол бясалгал. Хүнийг бурханд ойртуулдаг алхам ч хүсэл мөрөөдөл. Юу бясалгасан нь чухал болохоос хэнд гэж бясалгасан нь сонин биш. Бусдад хүссэн болгон чинь чам дээр биелж ирнэм. Харин өөртөө хүссэн болгон чинь өрөөл бусдад биелж очно. Тийм учраас Бурхны шашинтны алив залбирал “Надад…” гэж эхэлдэггүй, харин “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тул…” хэмээх зориулга ерөөлийн оршилтой байдаг. Иймээс та “Тэр тэгээсэй”, “Энэ ингээсэй”, “Тэрэнд гай тохиолдоосой” , “Энэ үхээсэй” гэж бодож байгаа бол өөртөө л тэр бүхнийг захиалж байгаа гэсэн үг.

Эмээ бид хоёр адилхан адармаатай үгтэй хоёр байж, бие биенээ их цаашлуулдаг сан. Тэр маань “Хөгшин ээж нь хүүгийнхээ төлөө, олон амьтны үр хүүхэд сайн сайхан яваасай гээд л залбирч суудаг” гээд л ярих. Эмээгээ “Ээ, та одоо тэр сайхан залбирлаа ингэж тарамдуулах ямар хэрэг байна аа. Наад залбирал чинь олон хуваагдаад надад жоохоон юм л ногдоно ш дээ” гээд явуулдагд сан. Хөөрхий, юм хэлэхийн оронд нүдээ аниад л залбирах. Бодвоос, ухаан муутай жулдрай надад үүнийг ойлгох боломж олгохыг нь гуйн залбирсан байх аа.

Дусал ус далайд унаваас далай ширгэх хүртэл орших хутгийг олдог шиг, хэн нэгэнд зориулсан залбирал хамаг амьтны төлөөх гэсэн мөргөлийн далайд нийлэхээрээ хамаг амьтан байгаа цагт орших болно. Тийм болохоор “олон амьтны үр хүүхэд” оршсоор байгаа цагт эмээгийн минь залбирал байсаар л байх болно.

…Ертөнц нэг талаасаа гайхамшигтай, нөгөө талаасаа гайхам юм ер үгүй. Гайхамшигтай гэдэг гайхамшиг байдагт орших. Харин гайхам юмгүй гэдэг нь тэр бүхэн маш энгийн байдагт л орших.

Бурхан багшийн их дүйцэн өдрөөр хүмүүс мацаг барьж, цагаан хоол идэж, амны бэлгийг эрхэмлэн байгааг магтууштай. Гэхдээ маргаашаас нь мах идээд, хар санаагаа сэрээгээд явбал “нэг алхам урагш, гурван зуун жаран дөрвөн алхам арагш” гэмээр явдал болно.

Иймээс биеийг цагаан хоолоор аргалахаас гадна, сэтгэлийг цагаан хоолоор тэжээгтүн гэж. Хүн бол махан тэжээлтэн, өвсөн хоолтон гэхээсээ илүү бодол санааны хоолтон, сэтгэлийн амьтан. Учир иймээс, ариун цагаан бодолтой оюун санааны өдрүүдийг бүтээгтүн. Оюун санааны мацаг тэр билээ.

Сэтгэл оюунаа муу бодлоор тэжээн тэжээсээр байвал тархи толгой чинь муу бодлоор хооллодог араатан болон хувирна. Санаандгүй бяцхан гомдол, үндэсгүй гэхийн аргагүй жоохон бухимдал л сэтгэл санааны ариун хөрсөнд хорслын үрийг цацаад эхэл-дэг хэмээнэ. Өчүүхэн жаахан гэлтгүй гомдол, хорслыг ариун бодлоор хоргүйжүүлж, ариуслын цэнгэг агаарыг дотоод ертөнц рүүгээ юүлэхгүй л бол тэнд хүлэмжийн орчин үүсээд муу муухайгийн тариалан дорхноо цэцэглэдэг.

Түүнийг тэжээхийн тулд чи муу муухай санааг завсар зайгүй тариалах хэрэг гарна. Хорон санаанд махассан тархи улам л их идэш нэхэж, тэр хэрээр чи муу муухайгаас өөр бодох юмгүй болно. Сэтгэл санаа чинь хогийн ургамалд идэгдсэн бууц шиг болоод эрүүл өвс, цэцэг ургах зайгүй болдог. Үүнийг орчин үеийн хүмүүс “стресс”, “депресс” гэхчлэнгээр нэрлэж уудаг эмээр анагаахыг оролдож байна.

Үнэн хэрэгтээ уудаг эмээр биш “боддог эм”-ээр л түүнийг анагаана. Учир нь тэр өвчнийг бид бодож олдог, иймээс сайн бодол ууж л эмчилнэ гэсэн үг.

Дөрөв

Өмч хөрөнгийг буруушаах, өмч хөрөнгөнд шунахыг буруушаах хоёр ондоо. Хэрвээ олох, хураахыг эрхэм болгоод шунал нь хэтэрвээс нүгэл хилэнцийн уурхай болно.

Хамаг амьтныг дутах гачигдах, өлсч цангахын аюулаас аврахын төлөөнөө хийсэн сайн үйлийн үрээр хөрөнгө чинээтэй болж төрдөг хэмээн сургадаг. Харин ч хүн өлөн зэлмүүн, дутуу гуцуу амьдарч байвал гол зогоох хоол болон өмсөх зүүхдээ санаа зовсоор байгаад “хамаг амьтныг аврах, гэгээрэх” тухай бодох зав гарахгүй тухай бас сургадаг.

Гэтэл хувийн өмчгүй, коммунист дэглэмд гурван үеэрээ амьдарсан монголчууд марксизмаас авсан үзлээрээ шашнаа ойлгож “баян хүн бол нүгэлтэн” гэж ухаарах нь олонтаа. Үнэндээ бол, шашин өөрөө өглөгийн эздийн хандив дээр тогтдог. Өлссөнд өгөх хоол, даарсанд нөмөргөх дээл, тэнэмлийг хонуулах оромжтой байж л өглөг буяныг үйлдэнэ биз дээ.

Хүмүүн бээр биеийг олж төрсөн сэтгэлийн амьтан учраас сүнсээ орогнуулах цогцсоо орхиод явна гэдэг ч үнэн. Биеийг үүрд эзэмшихгүй байтал өмч хөрөнгийг хэлэх юун. Аль алин нь энэ хорвоогийн юм, харин бид сэтгэл хэмээх өөр ертөнцийнх.

Энэ биеийг зээлийн байшин шиг сана

Зарим хүн үүнийг “хүний юманд хүйтэн ханд” гэсэн утгаар тайлбарладаг. Гэтэл бид гэгээрэлд хүрэн хүртлээ сансар хорвоогоос “бие” зээлдсээр байх болно. Банк найдвартай зээлдэгчдэд дахин зээл олгож, түрээслүүлэгчид гамтай хэрэглэгчдэд үйлчлэхдээ дуртай байдаг. Тийм болохоор энэ биеийг гамтай эдэлж, хүний юмыг өөрийн сэтгэлээр эзэмших үүрэгтэй. Яруу тансаг хорвоод бие зээлдэн амьдарсныхаа хувьд түүнийг сайхнаар нь байлгаж, бас өөрийгөө түүний үзэсгэлэнт эевэргүү чимэг болгон амьдрах үүрэгтэй билээ, бид.

Хөрөнгө чинээтэй нэгнээ “Үхэхдээ аваад явахгүйгээс хойш” хэмээн зэмлэдэг. Үнэхээр үхэхдээ орхих баялгийг хураах нь тэнэг, бас үхэн үхтлээ хэрэг болох зүйлээс татгалзах нь ч тэнэг.

Үнэн хэрэгтээ, энэ төрөлдөө хураасан буянаа аваад явж болдог юм. Хөрөнгө чинээ, чадал тамиртаа дулдуйдан үйлдсэн сайн үйлс, өглөг буяны үр боловсроод хожим хойтын төрөлд боловсрон үрждэг нь хөрөнгөө аваад одож байгаагаас юуны өөр билээ.

Бид гадаадад явахдаа төгрөгөө доллар, юань гэхчлэн очих орныхоо валютаар солиулаад явдаг. Яг түүн шиг бид хураасан хөрөнгө, хадгалсан мөнгө, хүрсэн эрх мэдлээ “буян” хэмээх хойт төрлийн валютанд хөрвүүлэн аваад явж болдог…

Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаантай үүрд хамт байх болтугай!

…Тийм ээ. Хамаг амьтан байгаа цагт энэ ерөөл оршсоор байх болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 31-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: УСУГ-ын худгууд,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:30-18:00 цагт: 1, 4-р хороо 2-р хорооллын 1-6, 2А, 3А, 4А, 5А, 6А, 7А, 90, 30-р 017, 018, 17, 27, 29/1, 29/2, 29, 30-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 2-р хороо Шинэ үе цэцэрлэг, 10-13, 14-15-р байр, Шижир зул дэлгүүр, Хаан банк, Прокурор, Цогтүвшин дэлгүүр, Худалдан авах үйл ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний хэлтэс14.00-17.00 цагт: 2-р хороо 35-39-р байр, ЗДТГ, Мэрри ресторан, Шүүх, Шинэ 5 давхар байр болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уламжлалт зуухыг орлох эко цахилгаан халаагуурууд 800 мянгаас 2.5 сая төгрөгийн үнэтэй байна

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлээд өчигдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр байгальд ээлтэй халаагуур, Монголд үйлдвэрлэсэн барилгын дулаалгын материал зэргийг ихэвчлэн худалдаалж байна. Иргэд хамгийн их сонирхож байсан нь монгол гэрт зуухны оронд хэрэглэх боломжтой, паартай дулаалгын халаагуур байлаа. Тодруулбал, “Мөнхийн амар дулаан” ХХК-ийн бүтээсэн тус халаагуур нь тулга шиг дугуй хэлбэртэй, ус хийгээд, цахилгаанаар халдаг мөртлөө паарыг давхар залгаж өгсөн. Дээрээ индукцин плиткатай юм байна. Энэ халаагуур 100-180 кв-ыг халаах хүчин чадалтай аж. Нэг айл уламжлалт нүүрс түлдэг зуухаа ашиглахаа больсноор өвөлдөө үүнийг хэрэглээд гэрээ 24 цаг дулаан байлгаж, бүх хоол хүнсээ плиткан дээр хийлээ гэхэд сардаа 40-70 мянган төгрөгийн л цахилгааны зардал гаргадаг гэж байна. Уламжлалт зуухаа ашиглахад дунджаар сард 100 мянган төгрөгийн нүүрс авах шаардлагатай болдог аж. Дугуй монгол гэрийн тулга шиг болон дөрвөлжин хоёр янзын хэлбэртэй хийгдэж байгаа юм байна. Халаагуурын дэргэд байрлуулж өгсөн паар нь усаар халдаг, орон сууцны паартай төстэй учраас эрүүл мэндэд хоргүй гэнэ. 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй. Нэг жилийн хугацаатай зээлээр авах боломжтой аж. Мөн үүнээс гадна нам даралтын зуух, аяллын газан плитка зэргийг уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулан үйлдвэрлэжээ. Мөн монгол тулган хэлбэртэй, ширмэн тавцантай халуун тогооны суурь хийсэн байв.

Энэ талаар “Мөнхийн амар дулаан” ХХК-ийн захирал Г.Мөнхбатаас зарим зүйлийг тодруулахад “Манайх бүтээгдэхүүндээ хоёр жилийн баталгаа өгдөг. Манайхаас халаагуур авсан айлууд өнөөдрийг хүртэл ганц нэг удаа гар ажиллагааны тень солих зэрэг асуудлаар л бидэнтэй холбогдсон. Ер нь их амар юм байна. Нүүрс түлж утаа гаргахгүй, цэвэрхэн байна гэж байгаа. Энэхүү халаагууруудын сэлбэг нь хүртэл хямдхан худалдаалагддаг учраас эвдэрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд өөрсдөө ч сольчих боломжтой. 2008 оноос хойш 800 гаруй айл, 70-аад байгууллагад цахилгаан халаагуур, нам даралтын зуух зэргийг суурилуулж өгсөн байна. Мөн цэцэрлэг сургууль, нийтийн байр, Онцгой байдлын газар гэх зэрэг янз бүрийн байгууллагад төхөөрөмж суурилуулсан. Саяхнаас эхлэн 12 сарын хугацаатай лизингийн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байна” гэв.

Мөн дээрх бүтээгдэхүүнтэй төстэй, монгол гэр жижиг байшинд тохиромжтой халаагуур нь “ЭКО тулгат” зуух байв. Дуковтой плиткатай төстэй, дөрвөлжин хэлбэртэй, дээрээ хоёр ширэмтэй халаалтын төхөөрөмж. Үүнийг ашиглахын тулд шөнөдөө цахилгаанаар халааж хоноод, дулаанаа хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа 24 цагийн турш гэр халаах боломжтой. Мөн монгол гэрийн зуухтай адил тал, тал тийш дулаанаа тараана. Үнийг евро стандартаар Монголд үйлдвэрлэсэн. “Монватт” компани нь энэхүү бүтээгдэхүүндээ хоёр жилийн баталгаат хугацаа болон 30-35 жилийн ашиглалтын хугацааг амладаг байна. 3-6 ханатай гэр буюу 35-45 м2-ийг бүрэн халаах чадалтай. Шөнийн цахилгаан хямдралтай үед шөнөдөө залгаж хонох ба дүүрэн цэнэглээд дахин 24 цаг огт тогонд залгахгүйгээр ашиглаж болно. Өвөлдөө сард дунджаар 52 мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг аж. Энэ төхөөрөмж нь хоёр сая 580 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж байв.

Зөвхөн монгол гэр гэлтгүй зуслангийн болон гэр хорооллын амины сууцны хувьд дулааныг хялбараар шийдэх технологиуд олноор нэвтэрч байгаа ажээ. Тухайлбал, дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн графен ашигласан шалны халаалт байв. Графен гэдэг нь нүүрстөрөгчийн атомоос тогтсон маш нимгэн утсан материал. Үүнийг ашиглан Монголд шалны халаагуур бүтээжээ. Энгийн шалны халаагууртай харьцуулахад цахилгааны зардлыг 50 хувь хэмнэх бөгөөд 50 жил хүртэл ашиглах боломжтой гэнэ. Энэ халаагуур нь удирдлагатай, удирдлагаар асааж, унтрааж болно, мөн wi-fi холболттой учраас давхар утсаараа халаалтын төхөөрөмжөө удирдаж болох юм байна. Ер нь графен хэмээх энэхүү утсыг ашиглан халдаг паркетан шал, халдаг хивс, халдаг ханын гоёл зэрэг бүтээгдэхүүнийг “Graphene owners” компани монголд үйлдвэрлэж байгаа аж. “Самсунг” хүртэл энгийн цэнэглэгчээс тав дахин хурдан цэнэглэдэг хамгийн сүүлийн үеийн цэнэглэгчийг графен хэмээх уг утсаар гаргах гэж байгаа гэж байв.

Энэ мэт дулаалгын эко төхөөрөмжүүдийг монголчууд үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн вакум уурын бойлуур байна. Үүнийг гэр хороолол, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй албан газар сургууль цэцэрлэгт суурилуулж, вакум бойлуураар халааж, гэр хорооллын утааны асуудлыг шийдэх боломжтой ажээ. Мөн үүнээс гадна Хятадаас оруулж ирж буй ялтсан халаагуур байна. Халаагуураа тогонд залгаж ажиллуулчихаад, дээр нь нойтон даавуу тохчихвол орчныг чийгшүүлээд өрөөний агаарыг илүү таатай болгодог гэнэ. Үнийн хувьд 130-150 мянган төгрөг юм байна. Мөн ухаалаг тоолуур нэлээд гарчээ. Дулааны хэрэглээ, зарцуулалтыг нарийвчлалтай тооцоолдог европ технологийн тоолуурууд. Мөн халаалт, хөргөлт агааржуулалтын системийн энергийг тооцоолдог бөгөөд 960 цагаас 15 жилийн турш ч мэдээллийг хадгалдаг байна.

Үзэсгэлэнгийн үеэр “Монгол базальт”-ын дулаалгын материалууд, МАК-ын үйлдвэрлэсэн сайн чанарын дуу тусгаарлагчтай, галд, газар хөдлөлтөд тэсвэртэй блок гарсан байв. Мөн хонины ноосоор дулаалгын төхөөрөмжийг “ECO WOOL” компани хийжээ. Энэхүү хонины ноосон барилгын дулаалгын материал нь галд тэсвэртэй, химийн найрлагагүй, хортон шавьжаас хамгаалах боломжтой, дулаан хадгалах өндөр чадвартай зэрэг давуу талтай гэнэ.

Энэ үеэр үзэсгэлэн сонирхож байсан иргэн Г.Мөнхөөс зарим зүйлийг тодруулахад “Үзэсгэлэнд харьцангуй цөөхөн бүтээгдэхүүн тавигдсан байна. Монгол гэрт байрлуулах боломжтой төхөөрөмжүүд амьдралд ойр санагдлаа. Нэг авчихсан байхад сардаа цахилгаанд 40-100 мянган төгрөг зарцуулаад нүүрс түлдэг асуудлаасаа салж болох нь байна. Ямар ч байсан ирэх өвлөөс өмнө нэг халаагууртай больё гэж бодож байгаа. Гэр хороололд тавих боломжтой халаагуурыг хөнгөлөлттэй олгодог, зээлээр өгдөг асуудлыг төрөөс дэмжиж өгмөөр байгаа юм. Гэрт амьдарч байгаа айлууд барагтай бол нэг, хоёр сая төгрөг гаргаад халаалтын төхөөрөмж авчихаж чадахгүй учраас нүүрс, хамер түлсээр байна шүү дээ. Зуух тарааж байхаар, ийм төхөөрөмж үнэгүй тарааж болдоггүй л юм байх даа” гэлээ.

Л.Анударь

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар 15 хуулийн тогтоол, төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл багтжээ. Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны үеэр гишүүд хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 06 дугаар сарын нэгний өдрөөр тогтоох зарчмын зөрүүтэй санал гаргасан аж. Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Н.Учрал тайлбарласны дараа дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав.

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.52-т “Биеийн тамир, спортын эрх зүйн орчинг боловсронгуй болгож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах бодлого, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж заасан аж. УИХ-аас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оноос эхлэн мөрдөж байгаа.

Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

Мөн УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-д “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна” гэж заасан байдаг.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заажээ.

Иймд УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж, төвлөрөлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцолсон.

Иймд төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн “Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага” гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн “Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт” гэсэн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө хэмээн нэмж тусгажээ.

Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө гэсэн хэсэг мөн хуульд нэмэх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Иймд төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн “Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага” гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн “Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт” гэсэн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө хэмээн нэмж тусгажээ.

Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө гэсэн хэсэг мөн хуульд нэмэх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Би Н.Энхбаярын өмгөөлөгч нь байсан. Намайг олигтой өмгөөлөөгүй гэж худлаа ярьж яваа юм билээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Н.Энхбаяр дарга МАХН-ын ээлжит бус Их чуулганыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Үүний өмнө Бага чуулганаа хийсэн. Тэндээс намынхаа дүрмийн шинэчилсэн найруулгыг хийж Улсын дээд шүүхэд өгөхөөр болж байгаа гэсэн. Ээлжит бус Их чуулган зарлах боломжтой юу?

-МАХН дүрэмтэй. Уг дүрмийн хүрээнд МАХН-ын дарга Их чуулганыг зарлаж болдог. Бага чуулганы ги-шүүдийн гуравны хоёрын шаардлага өгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд зарлаж болно. Гүйцэтгэх товчоо мөн зарлаж болох дүрэмтэй. Дүрмийн дагуу МАХН-ын Бага чуулганы гишүүд гээд анхдугаар чуулганаар батлагдсан 139 хүн байсан. 104 хүн нь Бага хурлаа зарлаад хуралдсан. Бид тухайн үедээ 70 гаруй хүний гарын үсэгтэйгээр хурлаа хийх шаардлагаа намын даргад өгөхөд Уламбаяр гэдэг залуу манай намын ахмад гишүүн Магнайбаяр гуайг зодсон. Хуулийн байгууллага 100 мянган төгрөгөөр торгосон. Биднийг “ална, хядна” гэсэн заналхийлэл хэрээс хэтэрч байсан ч 104 хүн маань аймаг бүрээсээ төлөөллүүдээ авч ирэн 800 хүнтэйгээр арванхоёрдугаар сарын 8-9-нд намын Их хурлаа хийсэн. Биднийг хурлаа хийсний дараа Н.Энхбаяр дарга Бага хурлаа хуралдуулъя гэсэн ч боломжгүй байсан учраас Улсын циркт мянгат, түмтийн зөвлөгөөн гэдэг юм хийсэн. Ихэнх дарга нар нь байгаагүй. Тэндээсээ 21 дүгээр зууны хоёрдугаар Их хурлаа хийе гэсэн шийдвэр гаргасан. Тэр нөхдүүд 1000 хүн авч ирлээ гээд том шоу хийсэн. Тэгээд материалаа дээд шүүхэд өгсөн ч Бага хурлаараа Их хурлаа зарладаг юм байна гээд буцаасан. Дараа нь тэд тэр хүнийг тэгж халсан, чөлөөлсөн гэсэн бичиг Улсын дээд шүүхэд аваачиж өгсөн. Тавдугаар Үндсэн хуулийг баталлаа гээд байгаа. Нэгдүгээрт, улс төрийн нам тавдугаар Үндсэн хуулийг баталдаг байгууллага биш. Хоёрдугаарт, тавдугаар Үндсэн хуулийн дагуу гээд зүйлс бичсэн байна. Та нар тавдугаар Үндсэн хууль гэдэг зүйлээ эшлэх эрх байхгүй. Хамгийн гол нь Бага хурал чинь Их хурлаа зарлаагүй байна гээд буцаасан. Тэд үнэнд гүйцэгдсэн.

АН, МАН-аас мөнгө авч хурал хийсэн гэж намайг гутаан доромжилж, манай намын гишүүдийг зодсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг дайрч доромжилсон л доо.

-Өвөл таны хуралдуулсан хурлыг хүчин төгөлдөр бус гээд байсан даа…

-Хүчин төгөлдөр гэдгийг Н.Энхбаяр гэдэг хүн хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-ын дагуу бид шүүхэд гомдлоо гаргаад явсан. Тэд манай бүртгэлийг татгалзуулах гээд Их хуралд янз бүрийн хүн орсон гэдэг яриа гарсан. Ядарсан хүмүүсээр гарын үсэг зуруулж, гомдол гэж юм бичүүлээд аваачиж өгөнгүүт шүүх “Намын доторх маргаанд оролцохгүй” гэсэн. Харин биднийг шахчихсан байхгүй юу. Н.Энхбаяр даргын тойрон хүрээлэгчид булчинтайдаа бардаад байна. Ардчилсан нам тэр дундаа С.Эрдэнэ энэ хүнийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаагийн баталгаа нь тэд илгээлт өгсөн. МАН мөн дэмжиж байгаа юм. Тэдэнд О.Баасанхүү биш, Н.Энхбаяр гэдэг хүн хэрэгтэй байгаа байхгүй юу. 2012-2016 онд энэ хүнийг дэргэдээ байлгаж байгаад ямар зүйлсийг амжуулсан билээ дээ. Эрдэнэтийн 49 хувийг авсан, Оюу толгойн Дубайн гэрээг хийсэн, хүүхдийн мөнгийг 60 хувь болгож, эдийн засгийг хямраасан. Түүний дэргэд байсан сайд дарга нар буруудаж зарим нь шоронд орсон.

МАХН-аас сонгогдсон ганц гишүүний хувьд ард түмэндээ амласан зүйлээ биелүүлэхийг хүсээд байгаа юм. Хэдийгээр би ганцаараа ч гэсэн энэ улсыг цэвэрлэхийн төлөө зөв баг, зөв бодлого, зөв хөтөлбөр, зөв хүмүүстэй хамтарч ажиллах зорилгоо биелүүлэхийн тулд ингэж янз бүрээр хэлүүлээд явж байна.

-Н.Энхбаяр даргатайгаа муудалцаад байх юм. Нэг дээвэр дор багтахаа больчихсон хүмүүс юм уу?

-МАХН гэдэг бол Н.Энхбаяр даргатай муудалцах биш. Бид хоёрын аль нэг нь буруу үйл ажиллагаа явуулсан бол буруугаа үүрээд явъя. Н.Энхбаяр дарга бүх сонгуульд ялагдуулсан. МАН-тай эвсэж сонгуульд орж болох байсан ч тэгээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Нарангэрэл академчийг дэвшүүлж болох байсан шүү дээ. Ядаж орон нутгийн сонгуульд ялах боломж байлаа. Дандаа буруу зүйл хийсэн. Нэг голын усанд хоёр удаа сэлдэггүй гэдэг байх аа. Н.Энхбаяр дарга байхдаа олон сайн зүйл хийсэн гэдэгтэй маргахгүй. Харамсалтай нь буруу хүмүүстэй буруу аргаар нөхөрлөөд энэ намыг унагаасан гэдгийг намынхан маань хэлээд намаа шинэчилье гэж байгаа юм.

Одоо шүүхийн байгууллагыг татан буулгана гээд хувьсгалд уриалж, хүчирхийлэлд турхирч байна. Ийм байж болох уу. Н.Энхбаяр дарга УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх албан тушаалыг хашсан. Оюу толгойн гэрээ ингэж буруу явсанд Н.Энхбаяр дарга шууд холбоотой. Фрийдландад яагаад А лиценз өгсөн юм. 2009 оны тавдугаар сарын 16-нд Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарч байхад яагаад болиулж болоогүй юм. Үүнийг үндэслээд Их хурлын тогтоол гарсан байна. Бүх эрх мэдэл өөрт нь байсан шүү дээ. Шүүх, прокурор, цагдаагаас эхлээд бүх зүйл дээр өөрийнх нь хүн байсан болохоор хүссэн бүхнээ хийдэг байсан. “Албан тушаалаас илүү ард түмний дэмжлэг хэрэгтэй” гэж номондоо бичсэн шигээ байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадаагүй учраас дараагийн үе нь ингэж өндийж байгаа юм.

-Одоо Н.Энхбаяр дарга МАХН-ын дарга уу, та намын дарга уу. МАХН гэж нэг нам байна уу, хоёр нам байна уу?

-Улсын дээд шүүх шийднэ. МАХН нэг нам. Таны асуулт мөнгөтэй нь намын дарга уу, мөнгөгүй нь намын дарга уу гэж асууж байгаа юм шиг санагдлаа. МАХН гишүүд дээрээ суурилсан нам мөн юм бол би намын дарга. Тойрон хүрээлэгч, хэвлэл мэдээллээрээ өөрийгөө сурталчилсан, компанийн засаглалаар удирдах ёстой гэвэл Н.Энхбаяр намын дарга юм шиг байна. Би намынхаа гишүүдэд хандаж мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон. 50 мянган хүнийг ажлын байртай болгоё, таван үйлдвэр барья гэж байгаа юм. Одоо гудамжны тэмцлээ хойш нь тавиад 50 мянган хүнийг ажилтай болгоё. Түүнээс биш үнэгүй орон суууцанд оруулж, юу ч хийгээгүй байхад нь таван сая төгрөгийн цалин олгоё гэж явахгүй. Хуулийг хэрэгжүүлдэг хуулийн засаглалтай болох ёстой. Нам, дарга хууль биш ээ. Хууль гэдэг бол батлагдсан мөрдөх ёстой зүйлийг дарга, цэрэг гэлтгүй бүгд дагах ёстой. Тиймээс бид тэгш үйлчлэх зарчмыг оруулж ирье гэж байгаа юм. Настай юм даа больё доо, Ерөнхий сайд байсан юм даа хөөрхий дөө, Ерөнхийлөгч байсан юм даа эвий дээ гэлгүй буруу зүйл хийвэл хариуцлагаа хүлээдэг болох цаг болсон.

Манай намын гишүүд тавдугаар Үндсэн хууль гээд байгаа зүйлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Бид одоогийн Үндсэн хуулийг сайн гэж байгаа юм биш. Яагаад өнөөдрийн Үндсэн хуулийг оролдохгүй байна вэ гэхээр бид 26 тэрбум ам.долларын өртэй байна. Бид Украины араас ормооргүй байна шүү дээ. Үнэндээ бид Тимошенко шиг болчихлоо. Ленин гадаадад очоод гадны мөнгөөр хувьсгал хийсэн байдаг. Эцсийн зорилго нь ахыг нь шоронд алсан учраас тэр. Аймшигтай биш үү. Сүүлдээ Ленин нялх хүүхдийг хүртэл буудаж алсан. Тэр хүний агуу ихийн дэмийрэл нь өс хонзон дээр суурилсан байсан байхгүй юу. МАХН 100 жилийнхээ түүхэн дээр шинээр алхам хийх ёстой. Сайн зүйлээ улам сайжруулж, муу зүйлсээ засаад явцгаая. Түүнээс биш бидэнд хэмжээгүй эрхт хаант засаг хэрэггүй. Халамжийн улсыг бий болгох гээд байх юм Энхбаяр дарга. Мөнгө дуусна шүү дээ. Кадаффи ард түмэндээ 1000 ам.доллар өгдөг байхад ард түмэн нь яагаад дургүй байдаг байсан юм. Учир нь болохгүй байна гээд бодлого ярих гэхээр мөнгө өгчихдөг. Бүр болохгүй бол буудаад алчихдаг байсан. Өөрөө алтан жорлон дээр суудаг байсан тул ард түмэн нь түүнийг эсэргүүцдэг байсан шүү дээ. Үүнийг нь гадныхан өдөөгөөд явсан. Манайд гадаадад олон жил болсон хүмүүс тэдний гар хөл болж Монгол Улсыг мөхөл рүү явуулж байна. Өс хонзонгоо авлаа гэхэд ард нь улс байгаа гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүйсэн. Таван толгойгоо зараад мөнгийг нь ард түмэнд өгье гэх юм. Хэн авах гээд байгаа юм бэ.

-Засгийн газар Таван толгойгоо эргэлтэд оруулж, 30 хувийг нь IPO болгон олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөв гарвал болно. Дахиад булхай явбал хэцүү. IPO гараад бэлэн мөнгө орж ирвэл тэр мөнгөөрөө өөрсдөө ашиглалтаа сайжруулаад цаад хүмүүстээ 30 хувийн ашгийг нь өгөөд бид 70 хувийн ашгаа авцгаая. Ингээд явж болно. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг яваад яах вэ дээ. Асуудлын гол нь энэ чинь 100 тэрбум ам.долларын өртөгтэй компани байхгүй юу. Хашаандаа нүүрс буулгах гэж байгаа юм шиг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Өмнө нь Таван толгойг хувийн компанид өгөх гэж байхад нь Өргөдлийн байнгын хороон дээр гомдол ирээд Засгийн газарт “Хувийн компанид өгч болохгүй. Ард түмнээсээ асуу” гэдэг чиглэлийг би өгч байсан. Үүний дараа намайг Өргөдлийн байнгын хорооны даргаас шууд огцруулсан. Ардчилсан намынхнаас асуусан чинь “Танай дарга чинь л гуйсан шүү дээ” гээд Ж.Батзанданг даргаар нь тавьж байгаа юм даа. Зөв юм хийхээр ингэдэг байхгүй юу.

-Таныг зодсон гээд байх юм. Нөгөө хэсэг чинь таныг зодоогүй гэх юм. Ер нь ямар учиртай юу болчихсон юм бэ?

-Хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ талаар би ямар ч байр суурь илэрхийлээгүй. Танай сонинд ч илэрхийлж болохгүй. Задлахгүй гээд гарын үсэг зурчихсан юм. Хуулийн байгууллага нь шалгана биз. Нөгөө нөхдүүдийн хэлж байгаагаар би буруутай бол буруугаа үүрье. Миний бодож байгаагаар тэд буруутай бол тэд буруугаа хүлээгээд явах ёстой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш. Үүнийг тайлбарлаад хэвлэлийн хурал хийх дэмий шүү дээ. Ялангуяа Ц.Оюунбаатар ийм зүйл ярих хэрэггүй. Сайн муу ч гэсэн дөрвөн жил нэг ширээнд суусан. Эрдэнэжамьян ийм зүйл ярьж болохгүй. Хоригдох гэж байхад нь хойноос гүйж харайгаад явсан хүн нь би. АТГ-т оччихсон бүгд хаяад зугтсан байхад нь би гүйж очиж өмгөөлж, хамгаалж үлдээсэн. Ц.Шаравдорж ч ийм юм яриад байх шаардлагагүй. Тэнд яриад байгаа хүмүүс нь ичмээр шүү дээ. Манай хамаатан шахуу хүн тэнд очоод суучихсан Хяналт, ёс зүйн хороон дарга ч гэнэ үү юм яриад сууж байсан. Энэ хүмүүсийг ийм байдалд оруулах хэрэггүй.

-2020 оныг угтаад л замаа цэвэрлээд байгаа юм биш үү?

-Гишүүн болох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм бэ. Гишүүн болох нь эцсийн зорилго уу, зөв бодлого дэвшүүлэх нь эцсийн зорилго уу. Тэд ямар гишүүн болж үзээгүй биш. Н.Энхбаяр дарга төрийн хамгийн дээд өндөрлөгт очсон уу очсон. 2012-2016 онд бид боломж өгсөн үү өгсөн. Багаа удирдаж явж чадаагүй. 2020 онд шинэ бодлого, чиглэлээр авч явах ёстой. Ингэлээ гээд улсаа сүйрүүлэхийн төлөө явж болохгүй. Улсын дээд шүүхийг татан буулгая гээд байгаа. Шүүхээ татан буулгая гэдэг чинь төрөө устгая гэсэн үг. Төрийн эсрэг гэмт хэрэг.

Их хурлыг тараая гэх юм. Тарааж болно. Маргааш ямар хуулиар сонгууль явах юм. МАН, АН-ын 50, 50 хувь нь орчих гээд байна. Яриад байгаа зүйлд нь хүрэлгүй үгүйсгэлийн бүр үгүйсгэлийн хуулиар явж болохгүй.

-Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг томилсон. Таны байр суурийг сонирхъё?

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн санал бүрийг унагаадаг хэрнээ дэмжвэл иймэрхүү маягаар л дэмжиж байна. Хүүхдүүдээсээ 12 тэрбумыг хармаллаа шүү дээ. Цэцийн гишүүн боллоо гээд бүгд долоолоо шүү дээ. Би юм болгонд нь орж яриад яахав. Манай намын үед ийм зүйл хийгдэхгүй. Хатуу хэлэхэд манай нам МАН, АН-тай төрийн эрх ашгийн үүднээс тохирч болохоос албан тушаалаар тохирч болохгүй.

Би Н.Энхбаяр даргын нэг зүйлд баярладаг. Тэр нь намайг сайд болгоогүй явдал. Туршлагагүй хүн сайд хийгээд хэрэггүй.

-Яагаад?

-Монгол Улсын эрх ашгийн өмнөөс гээд гарын үсэг зуруулдаг. Гарын үсэг чинь гэмт хэрэг болдог. Гарын үсэг зурахгүй бол ажил хийж болдоггүй, зурахаараа шоронд орчих гээд. Тэгээд шившгийн хөндийгөөр явдаг. Тэд шударга ёс тогтоож чадахгүй гэдэг нь эрх баригчидтай биш, ганцхан надтай тэмцэж байгаагаас харж болно. О.Баасанхүүг эгүүлэн татъя л гээд байдаг. Нөгөө 75 дотроос нь татах хүн олдохгүй байгаа юм байх аа. Сүүлд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгнө гэнээ. Надаас бусад нь ёс зүйтэй юм байх аа. Өмнө www.tug.mn сайтыг ажиллуулдаг хүнтэй ойрхон байсан нэг хуульч надаас 10 тэрбум төгрөг нэхэж, аав, ээжийг минь дарамталсан шүү дээ. Хачин юм болж байсан. Энэ бүгдийг бий болгосон хүн ямар аргаар хүнийг шившгийн хөндий болгох вэ гэдгээ мэдэх байхгүй юу. Тиймээс өнөөдөр би зоригтой байгаа. Надад айдас алга. Хойд Солонгост Зим Ир Сен гэж агуу хүн байж. Монголд цор ганц агуу хүн байгаа нь Н.Энхбаяр. Үндсэн хууль бичээд өгчихье гээд “болохгүй” гэсэн хүн бүр буруутай болж байна. Н.Энхбаяр дарга нийгмийн хувьд амиа хорлож байгааг хараад харамсч байгаа. Хууль дүрэм гэж байгаа. Одоо зогс. Галт тэрэг явчихсан. Дүү шигээ хүнийг шоронд хийгээд өгөөч ээ гээд өөрийн гар хөлүүдээр бичиг өгүүлж яаж чадаж байна аа. Би өмгөөлөгч нь байсан хүн шүү дээ. Баасанхүү олигтой өмгөөлөөгүй гэж худлаа ярьж яваа юм билээ. Би ТВ9 телевизийг чинь Японд очиж Засгийн газарт нь ноот бичиг явуулаад хамт олондоо авч өгч байсан. Би ТВ9-д ажилладаг байсан шүү дээ. Намайг биш МАН, АН-ыг шүүмжил л дээ.