Categories
мэдээ нийгэм

Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн Оюутолгой компанид дахин шаардах бичиг хүргүүллээ

Улсаа аврах үндэсний хөдөлгөөний гишүүд өнөөдөр Оюутолгой компанийн төв байранд мэдэгдэл хийлээ. Тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга, Оюутолгой компанийн ажлыг дүгнэх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүн А.Эрдэнэбаяр “Бид Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торресд албан бичиг өгч байна. Учир нь ажлын хэсгийн хурлын үеэр Геологийн төв лаборатори болон Оюутолгой компаниуд нууц гэрээ хийснийг ажлын хэсгийн хуралдааны үеэр бид олж мэдсэн. Нууцын гэрээний улмаас Геологийн төв лаборатори дээжийн шинжилгээ болон сорьцын хариу, бусад дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь хууль бус үйлдэл юм” гэж хэлэв.

Харин тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Зэсийн баяжмалд хяналтын дээжийн шинжилгээ сорьц авдаг. Зэсийн баяжмалд 24 төрлийн элемент байдгаас Монгол Улс зэс, алт, мөнгө, гэсэн гурван элементийг л үнийг нь тооцож үлдсэн 21 элементэд ямар нэгэн үнэлэлт шинжилгээ хийхгүй байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай асуудлыг хаалттай хэлэлцлээ. Уг асуудлыг үдээс өмнөх болон үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ талаар удахгүй Монгол банкнаас мэдээлэл өгөх аж.

Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан өнгөрсөн онд арилжааны банкуудад активын чанрын үнэлгээ оруулсан. Активын чанрын үнэлгээгээр манай дотоодын арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан билээ. Энэ дагуу Төв банкнаас бодлогын арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Сергей Лавров Ким Чен Унтай уулзав

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын удирдагч Ким Чентай уулзсан байна. Энэ талаар ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус яамны мэдээлэлд, Сергей Лавров айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той БНАСАУ, ОХУ-ын хоорондын найрамдалт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хэтийн төлөв байдал болон энэ онд тохиож буй 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцсэнийг тэмдэглэжээ. Мөн хоёр улсын харилцаа болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, уулзалтын үеэр Сергей Лавров Орос улс Өмнөд болон Хойд Солонгосын хэлэлцээг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг ОХУ-д айлчлахыг урьжээ.

Categories
мэдээ нийгэм

Техникийн хяналтын үзлэгийн төвүүд хүүхэд багачуудад бэлэг барив

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн техник, хяналт, үзлэг оношлогоог нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэсэн гурван төвд хийж гүйцэтгэдэг. Тус төв олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүр “Хүүхэд-аюулгүй тээвэр” өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Тус өдөрлөгийн хүрээнд өнөөдөр тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалын үйлчилгээнд хамрагдсан жолооч нарын хүүхдүүдэд гарын бэлэг гардуулжээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга С.Давааням хэлэхдээ “Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд, иргэд, жолооч, эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, шаардлага, стандартын дагуу тээвэрлэх нь чухал болоод байна. Улаанбаатар хотод хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, ард иргэд, жолооч нарт хүүхдийг хэрхэн аюулгүй тээвэрлэх талаар заавар зөвлөгөөг танилцууллаа. Зөвхөн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвөөр жилдээ 100 мянга орчим тээврийн хэрэгсэл үзлэг, оношлогоонд орж, техникийн үйлчилгээ авдаг” гэлээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран тээврийн хэрэгслүүд аюулгүй, стандарт шаардлага хангасан эсэх, ямар стандарт шаардлагын дагуу тоноглогдсон байх талаар таниулан сурталчилж байсан аж.

awto teewer

tehnikiin hynalt vzleg

Categories
мэдээ нийгэм

Олон улсын дадлагад манай улсын гал унтраагчид орж байна

Япон улсын Токио хотноо энэ сарын 30-наас зургадугаар сарын хоёрны өдрүүдэд “Азийн Галын дарга нарын олон улсын холбоо”-ны 30 дугаар хурал болж байна.

Тус хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр тэргүүтэй манай төлөөлөгчид оролцож байна. Хурлын үеэр олон улсын хамтарсан гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургууль болж буй юм. Тус дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр нар оролцож олон улсын аврагчидтай туршлага солилцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Зарим аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг явуулна

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос ирэх сарын 24-нд зарим аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах болжээ. Энэ талаар өнөөдөртус хорооноос мэдээлэл хийв.

Нөхөн болон дахин сонгуулийг 11 аймаг, 29 сумын 41 хэсэгт зохион байгуулах бөгөөд нийт 83 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх сарын 02-нд гардуулах бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, 17 хоног үргэлжилнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр дээрх 41 хэсэгт насанд хүрсэн 23.4 мянган иргэн байгаа аж.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, “Сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулна. Одоогоор санал тоолох цахим машин, саналын хуудас зэргийг сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж байна. Дахин сонгуулийг анхны сонгуулийн үеэр хууль зөрчсөн аливаа үйлдэл нь батлагдаж, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд зохион байгуулдаг. Харин нөхөн сонгуулийг ИТХ-ын төлөөлөгч нас барсан, төрийн албанд шилжиж, ажлаа хүлээлгэж өгсөн, өөр аймаг, суманд шилжин суурьшсан, өөрөө хүсэлтээ гаргасан зэрэг үндсэн шалтгаанаар явуулдаг. Нөхөн сонгуулийг нас барсан 22, гэмт хэрэг үйлдсэн нэг, төрийн албанд шилжсэн зургаа, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гурван хүний орон тоон дээр зохион байгуулна. Харин дахин сонгуулийг гурван хэсэгт явуулна” гэлээ.

Categories
мэдээ спорт

3×3 сагсанбөмбөгийн “U23 Nations League”-д оролцох БНХАУцын тамирчид ирлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны хөгжлийн хөтөлбөр Улаанбаатарт хэрэгжиж байгаа бөгөөд Ази-Африк тивийн FIBA-гийн 3×3 сагсанбөмбөгийн “U23 Nations League” тэмцээн зургадугаар сарын 1-3-нд төв талбайд болно.

FIBA-гийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд болох уг тэмцээнд оролцох БНХАУ-ын U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид лхагва гарагт Монгол Улсын нийслэлд ирлээ. Маргааш эхлэх FIBA 3×3 сагсан бөмбөгийн “U23 Nations League” тэмцээнд БНХАУ, Индонез, Шри-Ланк, Уганда, Монголын багууд өрсөлдөнө. Манай улсаас U23, U18 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцон ур чадвараа сорих юм.

Categories
мэдээ спорт

Монголын бодибилдинг, фитнессийн тамирчид “Азийн Гран При”тэмцээнээс 11 медальтай ирлээ

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны тавдугаар сарын 27-ний өдөр БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

“MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээн нь “IFBB professional league” холбооноос Азид зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээн болох “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй дөрөв, нийт 16 тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, нэг тамирчин “PRO CARD”-ын эзэн боллоо.Багийн ахлагчаар Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар, зурагчнаар П.Энхжаргал нар ажиллалаа.

Алтан медаль хүртсэн тамирчид:

Men’s physique junior болон Men’s physique Class B open ангилалд Э.Батдорж хос Алтан медаль,

– Bodybuilding 75 kg ангилалд Л.Саруулбат,

-Bikini Class B ангилалд Г.Уянга,

Мөнгөн медаль хүртсэн тамирчид:

  • Men’s physique Class C ангилалд У.Нямтулга,
  • Men’s physique Junior ангилалд М.Мөнх-Од,
  • Bodybuilding Master ангилалд Т.Чахар
  • Men’s physique Class C open ангилалд М.Мөнх-Од,
  • Men’s physique Class A open ангилалд Б.Лхагвадорж,
  • Bikini Class B open ангилалд Г.Уянга,
  • Bikini Novice ангилалд А.Ичинноровтус тус медалийн эзнээр тодорлоо. гэж Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос мэдээллээ.

Хүрэл медаль хүртсэн тамирчид:

  • Men’s physique Class C open ангилалд М.Мөнх-Од,
  • Men’s physique Class A open ангилалд Б.Лхагвадорж,
  • Bikini Class B open ангилалд Г.Уянга,
  • Bikini Novice ангилалд А.Ичинноровтус тус медалийн эзнээр тодорлоо. гэж Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Цэнгээнт бүжгийн шилдэг хос-2018” тэмцээний аваргууд тодорлоо

Монгол цэргийн музейн нэрэмжит “Цэнгээнт бүжгийн шилдэг хос-2018” шалгаруулах тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа боллоо. Энэ сарын 30-ны өдөр Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 5 анги, байгууллагын 19 хос бүжигчин ур чадвар, авьяас билгээ сорин шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тус тэмцээнийг нээж Монгол цэргийн музейн захирал, Соёлын тэргүүний ажилтан, хурандаа З.Баярмагнай хэлэхдээ “Цэнгээнт бүжиг нь цэргийн алба хаагчдын бие хүний төлөвшил, гоо зүйн хүмүүжилд ач холбогдолтой юм. Цаашид тус музейн хамт олон Цэнгээнт бүжгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байх болно. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдсэн” гэж онцлон тэмдэглэв.
Цэнгээнт бүжгийн илдэг хос шалгаруулах тэмцээний Ерөнхий шүүгчээр “Соёмбо” сонины эрхлэгч, бэлтгэл хурандаа Б.Отгонбаяр, гишүүдэд ЗХЖШ-ын Иргэн-харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Т.Мөнхсаруул, тус хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа О.Ганбаяр, “Монгол цэргийн гэрэгэ” бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Батбаяр нар оролцож, тэмцээнийг шүүлээ.
Тэмцээний эцсийн дүнгээр Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Цэлмэг, ахлах ахлагч Ж.Туяацэцэг, хоёрдугаар байрт 310 дугаар ангийн ахлагч Д.Ганжигүүр, ахлах ахлагч Х.Одгэрэл, гуравдугаар байрт 120 дугаар ангийн ахмад П.Бэхбат, ахлах ахлагч Г.Баяраа, тусгай байрт 013 дугаар ангийн байлдагч Б.Эрдэнэсайхан, энгийн ажилтан Ц.Будан, 120 дугаар ангийн ахмад Б.Бат-Эрдэнэ, энгийн Б.Энх-Отгон нар шалгарч “Шилдэг хос бүжигчин” Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Харин багийн дүнгээр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бүжигчид шалгарч анги хамт олноороо Монгол цэргийн музей төлбөргүй үзэх эрхийн “Батламж” гардаж авлаа. Бүжгийн тэмцээнийг Монгол цэргийн музей санаачлан ЗХЖШ-ийн Иргэн цэргийн харилцааны хэлтэс дэмжиж “Монгол цэрэг бүжгийн холбоо” хамтран зохион байгуулжээ.
Шилдэг хос шалгаруулах бүжгийн тэмцээнд оролцогсод вальс, вальс бостон, удаан болон хурдан фокстрот, танго зэрэг сонгодог бүжгээс гадна монголын “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”, ёохор зэрэг аялгуунд бүжиглэж ур чадвараа сорьсон байна.
Categories
мэдээ нийгэм

500 иргэнд стандартын хамгаалалтын малгайг үнэ төлбөргүй өглөө

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Мотоциклын бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Өмнөговь аймаг “Мотоцикль бүхий өрх бүрт хамгаалах малгай аян”-аар үргэлжлүүлж байна. Уг аяны хүрээнд Гурвантэс сум дахь цагдаагийн тасгаас нийт 500 иргэнд стандартын хамгаалалтын малгайг үнэ төлбөргүй өглөө.

Арга хэмжээ тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх сумдад үргэлжлэн зохион байгуулагдах юм.