Categories
мэдээ нийгэм

“Залуу зохион бүтээгч” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн нисэх онгоцны загвар, автомашины загвар зохион бүтээх дугуйлангийн сурагчдын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Техник технологийн эрин зуунд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, автомашин, нисэх загвар, техник технологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, инженерийн анхан шатны мэдлэг чадвар олгох зорилготой юм. Үзэсгэлэнд нисэх онгоцны загвар зохион бүтээх дугуйлангаас 14 сурагч, автомашины загвар зохион бүтээх дугуйлангаас 40 сурагчдын нийт 54 бүтээл дэлгэгджээ. Тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Энэ талаар Нисэх загварын багш Д.Лхагваа “Би нисэх пуужин загвараа хариуцаж ажилладаг. Манай дугуйланд гурваас 12 дугаар ангийн хүүхдүүд хичээллэдэг. Бид хүүхдэд ямар нэгэн шалгуур тавьж авдаггүй. Тухайн хүүхдийн сонирхолд тулгуурлаж авдаг. Анхан шатнаас нь эхлэн бүгдийг заадаг. Суралцагч хүүхдүүд шугам зургийн анхны мэдэгдэхүүнтэй болох ёстой. Шугам зургаас бүх юм эхэлнэ. Энэ үзэсгэлэнд манайх 30 гаруй бүтээл гаргасан. Хүүхэд бүхэн харилцан адилгүй. Одооны хүүхдүүд гар утас, компьютертэй ноцолддог болсон. Энэхүү сургалтанд хамрагдсанаар чөлөөтэй шугам зураг зурдаг болдог. Шугам зураг гэдэг бол техникийн цагаан толгой. Хүүхдүүд маань төгсөж гараад техникийн анхны мэдэгдэхүүнтэй болдог” гэлээ.

Авто загварын дугуйлангийн багш Н.Хэнмэдэх “Бид хүүхдийг техник сэтгэлгээтэй болгох, ирээдүйн зохион бүтээгч инженерүүдийг бэлдэх, багаас нь төлөвшүүлэх гэх зэрэгт анхаарч ажилладаг. Манай дугуйланд 70 гаруй хүүхэд явдаг. Өглөө орой хоёр хичээллэдэг. Автозагварын дугуйланд ихэнх хүүхэд сонирхолтой байдаг. Юм хийх хүсэл сонирхолтой хүүхдүүд их байна. Гараараа тодорхой юм хийж сурдаг байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйн мундаг инженерүүд болоход асуудалгүй. Сайн хүүхдүүд олон бий. Манайд техник технологийн үзэсгэлэн ховор гардаг. Хүүхдийг бага наснаас нь өөрийн хүсэл мөрөөдөлд тулгуурлаж хичээллүүлэх нь чухал” гэв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудийг Г.БАЗАРРАГЧАА


Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” шоуны оролцогчид тодорлоо

Яг түүн шиг шоуны шилдгийн төлөө гал гарсан үзүүлбэрүүдээр өрсөлдөх нь. Найман оролцогч тавдугаар сарын 06-нд 20:00 цагаас дэлхийн оддыг нэгэн тайзнаа харах нь ээ.

– Ж. Энэрэл

– Б. Нацагдорж

– Г. Сүндэрмаа
– О. Тэмүүжин

– М. Цэрэндолгор

– Ц. Тэмүүлэн

– Ч. Очгэрэл
– О. Билгүүн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөлийн хувь маш бага байна гэв

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. 2008 онд Улсын Их Хурлаас тус хуулинд Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж батласан юм.

Газар өмчлөлийн талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас тодрууллаа.


-Дэд бүтэц нь шийдэгдээгүй ч цахимаар өмчилсөн газраа очиж амьдарч байгаа хүмүүс бий юу?

-2015 онд цахим газар олголт хувьчлалт эхэлсэн байна. Анх 52 байршлыг сонгож байсан. Үүнээс найман байршил нь боломжгүй болж үлдсэн 44 байршилд 69836 иргэнд газар өмчлүүлсэн. Өмчилсөн газрынхаа шийдвэрийг иргэд өөрсдөө ирж авах ёстой байтал ердөө 70 хувь нь л ирж авчээ. Бусад нь шийдвэрээ ирж аваагүй байгаа. Газар дээр нь үзлэг шалгалт хийж үзэхэд суурь зураг нь сансраас авсан мэргэжлийн хувьд алдаатай гарсан зураг байдаг. Энэ хүрээнд бид эдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Нийслэлээс ирэх жилүүдэд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Сая бид нар хуулийн хугацаа тавдугаар сарын нэгнээс дуусах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах захирамж гарсан. Үүний хүрээнд суурьшлын бүс тогтоолоо. Тэр дотор багтсан бүх иргэдийнхээ өмчлөлийн ажлыг дуусгахаар хоёр удаа аян зохиосон. Үр дүнд нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөлт 86 хувь байсныг 90 гаруй хувь болгов. Хоёрдугаарт дэд бүтэцгүй газруудад хот төлөвлөж, газар өмчлүүлэхэд хүндрэлтэй учраас аймаг орон нутгийн төлөөлөл бас энд илтгэл тавьж байгаа түүн дээр нь санал солилцоод төрсөн газартаа юмуу аль эсвэл хөгжиж байгаа төв газрын зааг уялдааг харгалзан өмчлүүлэх боломж юу байна судалж байна.

-Цахимаар өмчлүүлсэн газрыг хэзээ амь оруулах вэ? Тог цахилгаангүй газар газар олголоо гэх шүүмжлэл их гарч байна?

-Дэд бүтцийн асуудлыг газрын алба мэдэхгүй. Жалга хад асга, уулын оройд таарсан ч юмуу тийм асуудал гарсан амьдрах боломжгүй газрыг бол цэгцэлнэ.

-Цахимаар эзэмшсэн газрынхаа байршлыг сольж болно гэсэн. Яаж солих боломжтой вэ?

-Амьдрах боломжгүй газар таарсан аль эсвэл солих хүсэлтэй бол иргэдээс өөрсдөөс нь санал авч байж шийдвэрлэнэ гэлээ.

Тус форумд Сүхбаатар аймгийг төлөөлөн ирсэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Х.Хишигбадрахтай ярилцлаа

-Сүхбаатар аймагт газар өмчлөлт хэдэн хувьтай явж байна вэ?

-2017 оны жилийн эцсийн байдлаар газар өмчлөлт 16,4 хувьтай байна. Нийт иргэдийнхээ 16,4 хувь нь газраа өмчилж авсан үзүүлэлт гэсэн үг.

-Сүхбаатар аймгийн хувьд газар өмчлөлийн асуудлыг өсөлттөй байлгахын тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-2017 оны арван сард бид газар өмчлөлийн асуудлыг эрчимжүүлэхийн тулд 15 орчим хувьтай байсан газар өмчлөлийг хоёр сарын хугацаатай аяныг эхлүүлсэн. Оршин сууж байгаа газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөлийн эрхгүй байсан иргэдийг өмчлөх эрхтэй болгосон. Энэ аяны хүрээнд Сүхбаатар аймгийн 13 сумын зургаан сумаар яваад дууссан. Ирэх хоёр сард үлдсэн сумдаар явна. Ингэж явсны үндсэн дээр газар өмчлөлийг 1,2 хувиар нэмэгдүүлж чадсан. Ер нь газар өмчлөлийн ажил 15 жилийн хугацаанд маш бага үзүүлэлттэй яваа. Жилд ганцхан хувь л газар өмчилсөн байна гэсэн үг. Газрын хуулийн заалтад “Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа” гэсэн заалт байсныг “Төсөл сонгон шалгаруулалт” гэснийг авч хаяад зөвхөн “дуудлага худалдаа” гэсэн заалт болгосон. Энэ нь зөвхөн Сүхбаатар аймагт ч биш хөдөө орон нутгийн хөгжлийг боймилсон заалт болсон. Хотын төвд үнэтэй газрыг дуудлага худалдаагаар компаниуд аваад ашиг орлогоо гаргаж авах байх. Хөдөө орон нутгийн хөгжил буурай, дэд бүтэцгүй газрыг хэн ч өндөр үнээр аваад байр барилга барихгүй. Баригдсан ч зарагдахгүй. Тэгэхээр хуулийн төсөлд “төсөл сонгон шалгаруулалт” гэдэг заалтыг буцааж нэмэх хэрэгтэй.

-Газар өмчлөлийн хувь бага байгаа шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт дэд бүтцийн асуудал. Хоёрдугаарт хүмүүс газар өмчилчихсөн байхад хэзээ нэг цагт хэрэгтэй гээд газраа өмчилдөг. Тэр газраа хашаа хашлага татдаггүй. Газар аваагүй хүмүүс нь тэрийг нь эзэнгүй газар гэж ойлгоод энэ газрыг авна гээд хүсэлт тавьдаг. Эзэнтэй газар гээд хэлэхээр хашаа хайлсгүй газрыг эзэнтэй гэлээ гээд хэл ам гардаг. Ашиг сонирхлын зөрчил болгодог. Тэр хүн газраа өмчлөх эрхээсээ өөрөө татгалзаагүй тохиолдолд бид өмчлөх эрхийг цуцлах эрх байхгүй. Тэгээд хоосон газар зөндөө байхад хол газар олголоо гэдэг. Энэ бүх асуудлууд нийлээд газар өмчлөлд их саад болдог.

-Хөдөө орон нутагт өмчилсөн газрынхаа байршлыг солих боломж бий юу?

-Тэр хүн тухайн жилийн төлөвлөгөөнд туссан газрыг өргөдлөө өгөөд авч байгаа болохоор солих боломжгүй гэв.

“Газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчныг бий болгосон. 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд 570771 иргэн 57767,26 га газрыг өмчилж аваад байгаа ажээ. Улсын бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулсан иргэдээс худалдсан 63559, бэлэглэсэн 80514, барьцаалсан 220904, түрээсэлсэн 70 иргэн байгаа нь өмчлөлийн газар эдийн засгийн эргэлтэд орж үр шимээ өгч байгааг илтгэнэ. Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьж 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр батлуулсан.

Энэ форумд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Засгийн Газрын Хэрэгжүүлэх Газар, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуучлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Газар зохион байгуулалт, гоедези, зураг зүйн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, нийслэл дүүргийн газрын алба, 21 аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл 150 гаруй төрийн албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач оюутнууд оролцож байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ спорт

Боксчин А.Нурлан аваргын төлөө тулалдахаар боллоо

Зураг

Олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй Казахстаны Атырау хотод “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцож байгаа манай боксчин А.Нурлан аваргын төлөө тулалдахаар болов.

Энэхүү тэмцээнд Узбекстан, Киргизстан, Иран, ОХУ, Казахстаны мужуудын шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдөж байгаа бөгөөд Монголын дөрвөн боксчин хүчээ сорьсон. Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдсан манай тамирчдаас гурав нь хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авсан юм.

Улмаар 56 кг-д өрсөлдөж буй А.Нурлан өрсөлдөгчөө хожиж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. 64 кг-д Э.Цэндбаатар Казахстаны боксчинд хожигдсон бол 69 кг-д Б.Сүххуяг мөн ялагджээ. Өнөөдөр А.Нурлан аваргын төлөө Узбекстаны Кушкаров Абдулаевтай тулалдана.

Монголын баг тамирчид Казахстаны Атырау хотод болж буй тус олон улсын тэмцээний дараа хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнд оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Берлин хотын “Бабилон” театрт ​“Монголын кино үдэш” болжээ

Зураг

“Монголын кино үдэш” арга хэмжээ энэ сарын 25-нд Берлин хотын “Бабилон” театрт боллоо.

Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд кино урлаг судлаач, шүүмжлэгч, сонирхогчид өргөнөөр оролцож, найруулагч Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхсон байна.
Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь “Оскар”-ын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан бүтээл юм. Тус киноны продюссер Д.Дэлгэрцоо, зургийн дарга Г.Цогтгэрэл нар уг арга хэмжээнд оролцож, кино шүүмжлэгч, сонирхогчидтой санал сэтгэгдлээ хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.
Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчтэй амьтанд хазуулахаас урьдчилан сэргийлээрэй

Холбоотой Зураг

Галзуу өвчин нь Антарктид тивээс бусад дэлхийн бүх тивд тархалттай байдаг аж. Дэлхий дээр галзуу өвчнөөр жил бүр хэдэн арван мянган хүн амиа алддаг ба эдгээр тэдгээрийн 95 хувь нь Ази, Африкийн улс орнуудад оршин суудаг хэмээн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Амиа алдагсдын 99 хувь нь зөвхөн нохойд уруулж, ноцуулсан байдаг. Мөн галзуугийн эрсдэлд өртөгсдийн 40 хувь нь 15-аас доош насны хүүхдүүд эзэлдэг байна. Иймд галзуу өвчтэй гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлээс өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж, энэхүү урьдчилан сэргийлэх мэдээллүүдэд анхаарлаа хандуулна уу.

Categories
мэдээ нийгэм

“Дулааны цахилгаан станц-4”-т хяналт шалгалт хийж байна

Дулааны цахилгаан станц-4 зурган илэрцүүд

Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Хамтарсан ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн эзэмшлийн барилга байгууламж, үндсэн болон туслах тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, аюулгүй байдлыг шалгахаас гадна “Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх аж.

Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгнө. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах зорилготой тус шалгалт ирэх сарын 04-ыг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлаар Д.Нарантуяаг томиллоо

Зураг

ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томиллоо.

Анагаах ухааны доктор Д.Нарнтуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрбээр 2001-2003 онд “Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношилгоо, эмчилгээний талаар судалгаа, Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан.

Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн EPOS /THL/Danyalnt,олон улсын төлөөлөгчийн газрын зүрх судасны үндэсний зөвлөх, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн, Монголын зүрхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг юм.

Дэд захирал Д.Бат-Ундрах нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Удирдахуйн ухааны докторант, нийгмийн эрүүл мэндийн удирдлага чиглэлээр удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, мэргэшсэн их эмч юм. Тэрбээр Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-д дуудлагын их эмчээс, “Сургалт гадаад харилцааны менежер”, Баянзүрх дүүрэг хариуцсан салбарын эрхлэгч, дарга, тус төвийнхөө Хяналт үнэлгээ шинжилгээ дотоод аудитын асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Тэрбээр АSEM буюу Ази Европын дээд хэмжээний уулзалтын үед “Яаралтай тусламж” үзүүлэх эмнэлгийн тусламжийн багийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, “Насанд хүрэгчдийн амилуулах тусламж”-ийн удирдамжийг мөрдүүлэх, Яаралтай тусламжийн сургалтыг 21 аймаг 9 дүүргийн “Эрүүл мэндийн төв”, нэгдсэн эмнэлгүүдэд зохион байгуулах, Түргэн тусламжийн үйлчилгээний судалгаа шинжилгээний бүтээлүүдэд хамтран ажиллах зэрэг ажлыг санаачлан удирдан зохион байгуулж ажилласан.

Түүнчлэн АМДА-олон улсын байгууллагын зөвлөх багийн гишүүн, Яаралтай тусламжийн мэргэжлийн холбоодын дэд тэргүүлэгчээр тус тус ажилладаг юм.

Categories
мэдээ улс-төр

“Долдугаар сарын 1”-ний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баярт эрүү үүсгэхийг шаардлаа

Зураг

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын төлөөллүүд өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баярт 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хүний амь нас хохирсон асуудлаар хэрэг үүсгэх талаар мэдээлэл хийлээ.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг “С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үй­мээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үй­мээний улмаас 5 хүний амь нас эрсэдсэн.Энэ хэргийг зохион байгуулалттай гэж ярьдаг, тэр нь ч үнэн. Тухайн өдөр онц бай­дал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, энгийн ард иргэдрүү галт сумаар буудах нөхцлийг бий болгосон. Тухайн үед бүх телевизүүдийг хааж нийгмийг айн цочирдуулж иргэний хөдөлгөөний лидерүүдийг баривчлан 800 гаруй залуусыг хоморголон баривчилсан. Бас албаар намын төв байраа шатааж хохирсон дүр үзүүлж нийгмийн цочирдлыг далимдуулан тэр үеийн “МАХН” буюу одоогийн МАН засгийн эрхийг авсан. Одоо мөрдөн шалгаж буй С.Баяр эрүүл мэндийн шалтгааны улмаас ялаас мултрах гэсэн оролдлого хийж байна. Шалгаж байгаа нөхцөл байдал дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн 5 хүний амь нас, эрүүл мэнд болон амь насаараа хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв.
Энэхүү шаардлага хүсэлтээ ч хуулийн байгууллагад хүргүүлнэ гэдгээ бас мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд хохирогчдын ар гэрээс ч хүмүүс ирсэн байв.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг урьдчилан хорих хугацаа маргааш дуусна

С.Баярцогт, Б.Бямбасайхан зурган илэрцүүд

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Хуульд зааснаар урьдчилан хорих 30 хоногийн хугацаа маргааш дуусч буй тул Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд маргааш 9.30 цагт шүүх хурлыг товложээ.

Тэгвэл, нэр бүхий хүмүүсийг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокурор илгээсэн гэсэн мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн прокурорын газар дахь эх сурвалжаас тодруулахад, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг гаргаагүй байгаа гэлээ.