Categories
мэдээ цаг-үе

Суут Архимед

Сицилийн аралд байсан Сиракус хэмээх Грекийн тусгаар хот улсад нэгэн хөвүүн мэндэлжээ. Тэр хөвүүн бол хожмын суут математикч, агуу эрдэмтэн Архимед байсан юм. Эртний Грекийн агуу математикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч байсан түүний амьдрал ахуйн талаар мэдээлэл тун ч хомсхон. Гэвч тэрбээр механик болоод геометрийн шинжлэх ухааны салбарт хэзээ ч үл балрах суут нээлтүүдийг хийсэн домог билээ. Түүний тухайн үедээ хийж байсан машинууд буюу оньсон техникүүд цаг үеэсээ нэгэнт хол тасарсан байсан юм. Тэр үеийн Ромын түүхчид Архимедийг ихээхэн сонирхож намтар түүх болон амьдрал бүтээлийг нь бичиг туурвилдаа үлдээсэн нь сэргэн мандалтын үеийн эрдэмтэн мэргэдэд чухал түлхэц болохуйц нөлөөг үзүүлж байсан гэдэг. Архимед дэлхий дахины мэддэг теоремуудыг нээсэн бөгөөд түүгээрээ бүхий л цаг үед үл балрах нэрээ сийлэн үлдээсэн юм. Түүхийн судалгаагаар Архимед 75 орчим насалжээ. Эцэг нь мөн л тухайн үедээ гайгүйд тооцогдох Фидиас нэртэй астрономич байж. Мэдээж түүнийг шинжлэхүй ухаанд шимтэхэд эцгийнх нь мэдлэг мэргэжил ихээхэн нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Грекийн зохиолч, гүн ухаантан, ёс зүйч Плутархын бичиж үлдээснээр бол Архимед Сиракусын хаан II Хереонтой хамаатан садны холбоотой байсан гэжээ.

Уг нь Архимедийн намтар түүхийг түүний дотнын найз Греклит их л нарийн бичиж үлдээсэн гэх боловч цагийн саалтад дийлэнх хэсэг нь устаж үгүй болсон нь харамсалтай. Харин түүний математикийн зарим бүтээлүүд нь Александрын номын сангийн эрхлэгчид захидал хэлбэрээр бичигдсэн байдаг ажээ. Греклитийн бичиж үлдээсэн намтар хэрэв бүрэн бүтэн байсансан бол Архимедийн гэр бүл, үр хүүхдийн талаарх мэдээлэл тодорхой үлдэх байсан биз. Тиймээс энэ суут эрдэмтэн үр хүүхэдтэй байсан уу, гэрлэсэн үү гэх мэт нь балархай хэвээр. Түүхэн сурвалжуудад л лав Архимедийн хүүхэд гэх мэдээлэл байдаггүй юм. Архимед бага балчир насаа эртний Египетийн Александр хотод боловсрол эзэмшихээр суралцаж өнгөрүүлсэн гэдэг.

Тэрбээр ертөнцийн жамаар нас бараагүй бөгөөд нийтийн тооллын өмнөх 212 оны хавьд Ромын цэрэгт алуулсан гэж сурвалжид бичжээ. Тодруулбал тухайн онд Ромын цэргийн удирдагч Маркус Клаудус Марселисийн цэргүүд Архимедийн төрөлх хот Сиразусыг эзлэхийн тулд бүхэл бүтэн хоёр жил бүсэлжээ. Тэр үед Архимедийг амь үрэгдсэн гэж үздэг. Энэхүү явдлын талаар Плутарх “Хотыг эзлэн авах үед Архимед математикийн диаграммын талаар их л анхаарч ажиллаж байсан ба тэр үед нэгэн цэрэг ирж түүнийг жанжин Марселистай уулзахыг тушаасан. Гэвч тэрбээр өөрийн хийж буй ажлаа дуусгах ёстой хэмээхэд цэрэг түүнийг алсан” гэж бичиж үлдээсэн байна. Суут Архимедийн сүүлчийн үг нь “Миний цагаригуудад бүү хүр, бүү эвд” хэмээн хэлсэн гэж эх сурвалжуудад өгүүлсэн нь бий. Архимедийн цаг бусын энэ үхэлд цэргийн жанжин Марселис ихэд хилэгнэсэн ч гэдэг. Мөн өөр нэгэн домогт Архимедийн зохион бүтээсэн оньст техникийн тусламжтайгаар төрөлх хот-улс нь жанжин Марселисийн армийг бараг л бут цохисон бөгөөд хэн нэгэн урвагч л хотын хаалгыг нээж өгснөөс хот нь эзлэгджээ. Тэр бүү хэл жанжин Марселис хүртэл “Одоо яахав дээ. Геометрийн эсрэг хийсэн дайнаа зогсоохоос доо” гэж хүртэл хэлсэн тухай домогтой. Бас л анд найз Плутарх нь “Архимед шинжлэх ухааны мэдлэгээрээ дэндүү бардам. Өөртөө их суу алдрыг авчирсан нээлтүүд, зохиол туурвилаа бичиж үлдээсэнгүй” гэснээс үзвэл түүний “Ер нь шинэ санаа оноог бичиж тэмдэглэж аваад байх шаардлага байхгүй. Зүгээр л хийчих хэрэгтэй” гэж хэлсэнтэй нь агуулга дүйдэг. Ромын цэргүүд ч Архимедийн оньсон төхөөрөмжүүдийн нууцыг эс олж чаджээ. Тухайн үед Ромчууд хүчирхэг болон гарч ирж өөрийн газар нутгаа тэлэх дайн байлдаан ихээхэн хийж байсан бөгөөд далай тэнгист хүртэл хяналтаа тогтоон, боомт хотуудаа байгуулахыг зорьж байж. Тархай бутархай хөгжил сулхан хот-улсууд, Грекүүд ч ялгаагүй сайтар зохион байгуулагдсан хүчирхэг армийн эсрэг зогсож чадахгүй байсан нь мэдээж. Харин Архимедийн төрөлх хот нь Ромчуудыг сөрөн зогссон ба тэр байгаагүй бол Сиракуз хот нь зүгээр л бууж өгөх байсан биз ээ. Дайсанд асар их хохирол учруулах мөнөөх оньсон төхөөрөмжүүдийн нэг нь “Шатаах толь” гэгч байж л дээ. “Шатаах толь” нь нарны гэрлийг буцаан ойлгох бөгөөд тухайлсан нэг цэг дээр гэрлийг цуглуулах хүнхэр хэлбэртэй том толь юм. Энэхүү “шатаах толь”-ны тусламжтайгаар дайсныхаа хөлөг онгоцуудыг өдрийн цагаар шатаачихаад байж. Бүхэл бүтэн хөлөг онгоцуудыг нь өлхөн шатаачихдаг энэ зэвсэг дайран ирж байгаа явган цэргүүдийг бол үнс болгочихож дөнгөнө. Шөнө үдэш болохоор усан доор байрлуулсан чулуун дүүгүүр маягийн төхөөрөмжөөр онгоцнуудыг нь хэмх, хэмх цохин живүүлж, эсвэл оньсон дэгээгээр онгоцыг нь дэгээдэн сүйрүүлж байсан гэдэг. Ийм л хөнөөлтэй зэвсэг Сиракуз хотынхонд байсан болохоор дээр өгүүлсэн Марселисийн аргаа барсан үг гарсан байж таарна. Бас “Төмөр савар” хэмээгдэх байлдааны зориулалт бүхий учир битүүлэг төхөөрөмжийн тухай түүхийн зарим эх сурвалжид дурдагддаг. Ямархуу хэлбэр загвартай, ямар зарчмаар ажилладаг байсан нь өнөөг хүртэл бүрхэг байгаа эл төхөөрөмж хөлөг онгоцуудын доод хэсгийг базаж цөмөлдөг, хөмөрдөг, эсвэл дээш нь өргөж өндрөөс шиддэг байсан бололтой.

Архимед цилиндрийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3 нь бөмбөлгийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3-тай тэнцүү гэдгийг баталсан юм. Түүний бунханд ч өндөр болон диаметр нь тэнцүү цилиндрт багтсан бөмбөрцөг байсан гэдэг. НТӨ 75 он буюу түүнийг үгүй болсноос даруй 170 гаруй жилийн дараа Ромын уран илтгэгч Цицерон Сиракус хот дахь бунханд нь очиж зарим нэгэн гар бичмэлийг нь уншиж болохуйцаар чулуун дээр сийлж сэргээсэн байдаг. Ер нь Архимед онолын механикийн судалгаан дээр ажиллаад зогсохгүй математикийн шинэ шинэ теоремыг нээхийн тулд механикийн ололт дэвшлүүдийг ашиглаж болохыг харуулсан юм. Одоогийн Санкт-Петербург хотноо тив хоорондын ачаа тээврийн аварга хөлөг онгоцыг усанд тавих ёслолын ажиллагааны үеэр инженер нь хөлгийн их бие дээрх улаан шугамыг зааж “Энэ бол хөлөг онгоцны далайд хөвөх үеийн усанд дүрэгдэх зааг юм” гэж хэлсэн байдаг. Тэгвэл тэрхүү усанд дүрэгдэх заагийг нарийн тооцоолж гаргах аргачлалыг суут Архимедийн хуульд үндэслэн гаргадаг юм. “Шингэн ба хий нь дотроо агуулагдсан биед эгц дээш чиглэлтэй бөгөөд биеийн живсэн хэсгийн эзлэхүүнтэй тэнцүү эзлэхүүн бүхий хүчээр үйлчилнэ” гэсэн хууль билээ.

Далайчид нэгэн удаа том хөлөг онгоцыг усанд түрж оруулах гэж их л тэвдэж байхыг харсан Архимед элдэв оньст техник ашиглан усанд төвөггүйхэн тавьсан бөгөөд энэ үеэс эхлэн “Надад тулах цэг өг. Би дэлхийг эргүүлье” гэх алдарт үг нь дэлхий даяар түгж эхэлсэн гэдэг. Хэдийгээр тулах цэг нь байлаа ч дэлхийг эргүүлэх боломжгүй ч гэлээ энэ үг өнөөг хүртэл хэлэгдэж ирсэн алдартай үгсийн нэг маргаангүй мөн шүү дээ.

Архимед хааныхаа зарлигаар титэм нь хольцтой эсэхийг шалгах үүрэг авч олон хоног бодолд автаж явсны эцэст хариуг нь мөн олоод гудамжаар гарч гүйхдээ “Эврика” буюу “Оллоо” хэмээсэн нь өнөөдөр ч мөн хэлэгдсээр л байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Нина: Сурагчдадаа үлгэрлэж үзүүлэх нь хамгийн зөв арга байдаг

Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол хэл-Уран зохиолын ахмад багш Б.Нинатай ярилцлаа.


-Хүмүүс янз бүрийн байдлаар мэргэжлээ сонгосон байдаг шүү дээ. Та чухам яагаад багш мэргэжлийг, тэр дундаа хэл уран зохиолын багш болохоор шийдэж байв?

-Бага ангийн сурагч байхдаа л багш болно гэж боддог байлаа. Ангийн минь багш Р.Сосорбарам хичээл их ойлгомжтой сайхан заана. Бас их гоё бичигтэй. Тэр хүнийг хараад л миний өнөөх багш болно гэсэн бодол минь улам лавширч “Яг багш шигээ сайхан бичдэг багш болно доо” гэж боддог байлаа. Би ч гоё бичиж эхэллээ. Багш маань намайг байнга магтана. Цээж бичигт ганц ч алдахгүй. Алдаагүй бичдэг болохоор самбарт гаргана. Дөрөвдүгээр ангийн улсын шалгалтдаа монгол хэлний хичээлээрээ онц авч байлаа. Ингээд дунд ангид ороход манай ангийг монгол хэлний багш Х.Ерэнпил дааж авсан юм. Биднээр цээж бичиг бичүүлнэ. Би бас л магтуулна. Гоё бичиж байна, алдаагүй бичиж байна гэж урмын сайхан үг дуулна. Ийм их урам авсан болохоор монгол хэлний хичээлдээ дуртай болж билээ. Наймдугаар ангид ортол “Жангарын тууль” цээжлүүллээ дээ. Хамгийн түрүүнд цээжилсэн сурагчид гурван Онц тавина гэсэн болзолтой (инээв). Наймын гурван бүлгийн сурагчдаас би ганцаараа “Жангар”-ыг цээжилчихсэн юм даг. Багш маань намайг ангиудаар дагуулж оруулж “Энэ хүүхэд “Жангар”-ыг ингэж бүрэн цээжилсэн байна. Та нар сонсоцгоо” гэж самбарт гаргаж уншуулж бусдад маань харуулдаг байлаа. Тэр үеэс уран зохиолын хичээлд сонирхолтой болж, бүр уран зохиолын дугуйланд явж эхэлсэн юм. Тэгж явсаар ахлах ангид ороод Баян-Өлгий аймгийнхаа олимпиадад байнга л байр эзэлдэг боллоо. Улсын олимпиадад миний материалыг явуулдаг байлаа. Аравдугаар анги төгсөхдөө монгол хэлний шалгалтын 15 онооноос нэг оноог нь алдаж байсан юм.

-Ингээд Багшийн дээд сургуульд элссэн үү?

-Тэгсэн. Тус сургуулийн Монгол хэл-Уран зохиолын ангид орсон.

-Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Сургуулиа төгсөөд л Нийслэлийн VII сургуулиас ажлынхаа гарааг эхэлсэн. Энэ сургуульдаа бараг насаараа л багшиллаа даа. Харин сүүлд 114 дүгээр сургууль шинээр нээгдэхэд тэнд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан юм.

-Бусад хичээлийн багш нар дундаас монгол хэлний багшийн онцлог нь юу байдаг вэ?

-Хүүхдийг зөв сайхан, ярьдаг, бичдэг болгохын зэрэгцээ монгол хэл, өв соёлоо хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхэд гол онцлог нь оршдог. Хүүхэд монгол хэлний дүрмээр юугаа хийх вэ. Дүрмийг цээжлүүлэх нь гол биш, хамгийн гол нь өөрийгөө бичгээр илэрхийлчихдэг, ядаж л хүнийг гуйхгүйгээр өргөдөл биччихдэг, хүнд захидал бичээд явуулчихдаг, цаашилбал, гурван үеийнхээ түүхийг ч болов бичээд үлдээчихдэг тийм л чадвартай болчихвол монгол хэлний хичээл заасны утга учир гарна даа.

-Нэгэн үе эцэг эхчүүд хүүхдээ гадаад хэлний сургалттай сургуульд оруулдаг байсан бол сүүлийн жилүүдэд төрөлх хэлийг нь эхлээд эзэмшүүлэх ёстой юм байна гэдэг болчихож?

-Монгол хэлээрээ зөв ярьж, бичдэг хүүхэд ямар ч хичээлээ сайн хийхэд суурь болдог юм. Бага ангид хүүхдийг бичихээс илүүтэй уншуулж сургах нь өгөөжтэй. Сайн уншаад сурчихсан хүүхэд ямар ч үг, өгүүлбэрийг хаана ч очсон алдахгүй бичдэг болчихсон байдаг. Хий хоосон цээжлүүлээд бичүүлээд хүүхдэд мэдлэг болж үлдэхгүй.

-Ахмад багшийн хувьд залуу багш нарыг хараад юун дээр анхаараасай гэж боддог вэ. Хэлээд авмаар, санаа өгмөөр зүйл байдаг байлгүй?

-Шинэ төгсөж ирж байгаа багш нарт дадлага тал дээр хоцрогдоод байна уу даа гэж харагддаг. Жишээ нь, хүүхдэд “Тийм юм бичээрэй” гэж хэлэхээсээ илүү өөрөө бичээд үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. “Аав” гэдэг зохион бичлэг бичээрэй гэхээр хүүхэд яаж бичих талаар мэдэгдэхүүнгүй байдаг. Тэр олон хүүхэд дунд аавтай, аавгүй, янз бүрийн л амьдралтай хүүхдүүд байгаа. Харин тэгж зохион бичлэгийн нэр өгөөд бичээд ир гэхээсээ өмнө аав гэж ямар хүн байдаг, аавын тухай зарим зүйлийг ярьж өгч, бичихэд нь дөхүүлж өгөх ёстой. Бичээрэй, тэгээрэй, ингээрэй гэхээр мэдлэг байхгүй учраас бичих боломжгүй шүү дээ. Ингээд л бичсэнгүй, юу ч хийхгүй байна гээд сурагчаа загнаад урамгүй болгоод байдаг тал ажиглагддаг юм.

-Та хичээл заадаг өөрийнхөө арга барилаас сонирхуулбал?

-Би дунд ангийн багш. Бага ангиас орж ирж байгаа хүүхдүүд сурлагын хувьд нэгэн жигд биш, харилцан адилгүй байдаг. Янз бүрийн түвшинтэй хүүхдүүд нэг ангид орж ирдэг болохоор бүгдэд нь ганц арга барилаар хичээл зааж болдоггүй. Хүүхэд тус бүрт нь тохируулж хичээлээ заадаг. Би сурагчдадаа биеэрээ үлгэрлэхийг ихэд хичээдэг юм. Би дээр дурдлаа шүү дээ. “Аав” гэдэг сэдэвтэй зохион бичлэг бичүүлэхээр боллоо гэхэд тэр сэдэвтэй ойролцоо, төстэй юм уншиж өгөх ч юмуу, эсвэл аавын тухай ангийнхан дундаа халуун яриа өрнүүлж болно. Уулс шиг түшигтэй аав гэдэг. Уулс гэж ямар байдаг билээ. Яагаад хүмүүст уулс түшигтэй санагддаг вэ гэдгийг тайлбарлаж өгч төсөөлөл бий болгох ёстой. Ингэснийхээ дараа зохион бичлэг бичүүлбэл хүүхдийн төсөөлөн бодох чадвар илүү хөгждөг. Ингээд өөрөө аавын тухай бодож, төсөөлөл авдаг байх жишээний.

-Сүүлийн жилүүдэд монгол хэлний дүрэмд янз бүрийн өөрчлөлт орж түгээмэл бичигддэг зарим үгсийг хоёр, гурван янзаар бичнэ гэж маргалдах юм. Ингэж эх хэлнийхээ дүрмээр оролдох нь хэр зохимжтой бол?

-Монгол хэлний үгсийг олон жилийн өмнө л журамлачихсан шүү дээ. Биднийг Багшийн дээд сургуульд байхад л Ц.Дамдинсүрэн багшийн толийг баримталж бичдэг байлаа. Тэрийг баримтлаад бичиж болоод л байсан. Гэтэл тэнд журамласан үгсийг дахин дахин өөрчилж байгаа нь энгийн хүмүүс, ард иргэдийг чухам яаж бичих юм бол гэсэн эргэлзээнд оруулаад байна. Уг нь бол аливаа үндэстний хэл бол тухайн үндэстний том дархлаа байдаг. Үндэсний хэмжээний хэлтэй орон бол маш том дархлаатай байна гэсэн үг. Нэгэнт журамлачихсан үсгийг үүнээс хойш дахин дахин оролдож баймааргүй байна. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй.

-Нэг хэсэг “чээж” гэж бичдэг байснаа буцаад “цээж” гэж бичдэг боллоо. Ингэж өөрчлөөд байхаар сурагчдын сурлага, мэдлэгт нөлөөлөх л байх даа?

-Сурган хүмүүжүүлэгч хүний хувьд үүнийг би эсэргүүцэж байна. Эх хэлээрээ ингэж оролдож боломгүй. Хүүхдүүд анхнаасаа л “цээж”, “шавьж” гэж бичээд сурчихсан байдаг болохоор хичнээн ч өөрчилсөн анхны тэр байдлаар нь бичдэг юм. Энэ их дэмий өөрчлөлт, хэлний чиглэлийн хүмүүсийн талцал явж явж бидний хойч үе, сурагчдыг эргэлзээтэй байдалд оруулаад байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй.

-Монголчуудын хэцүү гэж ярьдаг хэдэн мэргэжил байдгийн нэг нь багш мэргэжил шүү дээ. Багш хүнд хамгийн хэцүү үе юу байдаг вэ?

-Би өөрөө энэ мэргэжилдээ дуртай болохоор хэцүү санагдаж байсан үе байгаагүй ээ. Багш хүн чинь хүүхдүүдээ, шавь нараа хараад л бахархдаг юм. Тэд маань хичээл номондоо сайн, сурлага нь дээшлээд сайн яваад байвал багш хүн баярлаад л байна. Тэднээрээ бахархаад л байна. Өөрт тулгарсан асуудлаа хийж чадаад урагшаа яваад байвал багш хүнд хэцүү юм байдаггүй юм.

-Та боловсролын салбарт хэдэн жил ажилласан бэ?

-30 жил ажилласан.

-“Би мэргэжлээ зөв сонгожээ” гэж өөрөөрөө, мэргэжлээрээ бахархаж байсан үе гэвэл?

-2005 онд монгол хэлний олимпиадад ангиараа ороод дүүргийн аварга болж байлаа. Манай анги 33 хүүхэдтэй байсан. Ангиараа нэгдүгээр байр эзэлсэн. Тэгээд Улаанбаатар хотын олимпиадад ороод тавдугаар байр эзэлж байлаа. Тэр үед багш болсондоо өөрөөрөө маш их бахархсан юм. Хүн юманд чин сэтгэлээсээ хандаж зоригловол ийм сайхан амжилтад хүрдэг юм байна гэж бодогдсон. Манай сургуулийн багш нар ч манай ангиар бахархаж “Нэг, хоёр хүүхэд биш. Бүхэл бүтэн 33 хүүхдийг олимпиадад бэлтгээд тэгээд өндөр амжилт гаргаж байсан тохиолдол манай сургуулийн түүхэнд байгаагүй юм” гэж билээ. Тэр үед багш болсноороо, ийм сайхан мэргэжлээр ажиллаж байгаадаа бахархсан л даа. Тэр бол миний олон жил хөдөлмөрлөсний үр дүн шүү дээ. Нэг хүүхдийг олимпиадад бэлтгэхэд ямар байдаг билээ. Гэтэл 33 хүүхдийг нэг хүн шиг болгоно, нэг хүн шиг бэлтгэнэ гэдэг уйгагүй ажил шүү.

-Таныг долоон хүүхэдтэй гэж сонссон. Хүний хүүхдүүдийг сургахын хажуугаар өөрийнхөө хүүхдүүдийг өсгөнө гэдэг бас л том даваа шүү?

-Би өглөө гараад л явчихна. Зав гарвал өдөр гэртээ ирнэ. Гэхдээ бараг ирж амжихгүй. Багш нар чинь ажлынхаа дундуур гэр рүүгээ харина гэсэн ойлголт бараг байдаггүй. Орой л гэртээ ирнэ. Том нь багачуулаа хараад л манай хэдэн хүүхэд хүн болсон доо. Миний хань ээлжийн ажилтай байсан болохоор намайг бодвол гэртээ хүүхдүүддээ илүү цаг гаргадаг байсан. Миний ханийг Х.Хангайсайхан гэдэг. Инженер мэргэжилтэй ч уран зохиол судалдаг, орчуулагч хүн. Намайг уран зохиолын хичээлээ зааж сайн багш болоход, уран зохиолын ертөнцийг илүү ойлгоход манай гэрийн номын сан их тусалсан шүү. Хань минь ном их цуглуулна, уншина. Би ерөөсөө ном хайж явж үзээгүй. Хань маань дотоод гадаадын бүх л уран зохиолын номыг номын сандаа олж ирээд тавьчихсан байдаг байлаа. Дэлхийн сонгодог гээд ямар л бол ямар л ном манайд байдаг. Би Пушкины намтар, уран бүтээлийг заалаа гэхэд л гэрээсээ аваачсан Пукшины номуудаа хүүхдүүддээ харуулна, уншуулна. Тэр үед уран зохиолын ном ховор байсныг ч хэлэх үү. Ховор нандин ном манайд л байдаг болохоор манай сургуулийн багш нар ч мэднэ. “Танайд л тийм ном байгаа. Хангайсайханд л ховор номууд бий” гээд ирэхэд тэр ном нь байж л байдаг. “Танайд энэ ном байгаагүй бол хүүхдүүдэд юугаа барьж үзүүлэх байсан болоо. Сургуулийн номын санд ийм номууд байх биш дээ” гэдэг байсан юм.

-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг эзэмшсэн хүн байгаа юу?

-Ууган охин Х.Нарангарав минь МУИС-ийн Монгол хэлний ангийг төгссөн. Миний охин Багшийн дээдийн лаборатори сургуульд байхдаа хотын олимпиадад түрүүлж, улсад тавдугаар байр эзэлж байлаа. Дөрөв дэх охин Х.Наран-Од маань VII сургуульд сурдаг байхдаа монгол хэлний олимпиадад байнга оролцдог байсан. Тэгээд МУИС-ийн Монгол хэл-Уран зохиолын ангид орсон. Энэ хоёр охин маань миний мэргэжлийг эзэмшээд одоо “Ирээдүй” цогцолборт мэргэжлээрээ амжилттай ажиллацгааж байна. Х.Наранхишиг охин маань мөн л ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн. МУБИС-ийн Орос хэл-Монгол хэлний ангийг төгссөн юм.


Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Хаврын бүргэдийн баяр” эхэлж байна

Зураг

Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ өнөөдөр “Чингисийн хааны хүрээ” жуулчны баазад эхэлнэ.

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хот орчимд зохион байгуулдаг уламжлалтай юм.

Өнөөдөр бүргэдээр ан хийх, Көкпар буюу тулам булаацалдах тэмцээн эхлэх юм.Бүргэдээр ан хийх тэмцээнд Н.Айшолпан, Д.Айгерим, Р.Нургайв, Б.Далайхан нарын 20 бүргэдчин оролцохоор бүртгүүлсэн байна. Харин маргааш Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулахаас гадна бүргэдээр ан, тулам булаацалдах, газраас зоос шүүрэх тэмцээний шилдгүүдийг тодруулна.

Categories
мэдээ спорт

Оюутан жүдочид шилдгүүдээ тодруулж байна

Зураг

Жүдо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд эхэлж шилдгүүдээ тодруулахаар оюутан тамирчид ур чадвараа сорьж байна.

Энэ удаагийн тэмцээнд 11 их дээд сургуулийн 170 тамирчин 14 жинд аваргаа тадруулна. Оюутны улсын аварга шалгаруулах 2018 оны тэмцээнд Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас хамгийн их буюу 61 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн гуравдугаар сарын 3-4-ны өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
Categories
мэдээ нийгэм

Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны бүртгэл эхэллээ. Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна. Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрөөр музейд саатаарай

Холбоотой Зураг

Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Нийслэл дэх 10 музейн хаяг, цагийн хуваарь:

Музейн нэр

Хаяг, Утас

Цагийн хуваарь

1

Төрийн түүхийн музей

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 Утас: 51-266435

10:00-17:30 (Даваа-Баасан)

2

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071

Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00

3

Үлэг гүрвэлийн төв музей

Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей Утас: 7000-0171, 9913-8464

Өдөр бүр 09:00 – 18:00

4

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай. Утас: 11326061 , 11323986

Даваа-Баасан 10.00-17.00

5

Монгол цэргийн музей

Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Утас: 261782, 263843

Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00

6

Монголын үндэсний музей

Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд. Утас. 70110911

Ням, Даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30

7

Театрын музей

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд. Утас: 311320

Даваа-Баасан 10.00-18.00

8

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд. Утас: 328547, 324788

Даваа, Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00

9

Улаанбаатар хотын түүхийн музей

Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд. Утас:456799

Даваа-Баасан 09.00-17.00

10

Монголын Уран зургийн галерей

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд Утас: 11-327177, 11-33168

2018.04.31 хүртэл Өдөр бүр 10:00-17:00

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа

mus

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр энэ амралтын өдрүүдэд болно. Гадаад, дотоодын олон аялагч жуулчдын сонирхлыг татдаг энэхүү баяр болох гэж буйтай холбогдуулан холбогдох албанаас иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна. Гэвч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул “Мөсний баяр”-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав. Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Путин шинэ зэвсгүүдээ танилцуулав

Путин зурган илэрцүүдОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр Холбооны хуралд оролцох үеэрээ тус улсын шинэ зэвсэг техникүүдийг танилцуулсан байна. Үүнд дуунаас 10 дахин хурдан пуужин болон өндөр хамгаалалт бүхий шумбагч онгоцуудыг танилцуулжээ.

Дуунаас 10 дахин хурдан пуужин нь агаарт хөөрмөгцөө алсын удирдлагаар чиглэлээ өөрчлөх боломжтой гэдгээрээ дэлхий дээр танилцуулагдаж хамгийн сүүлийн үеийн зэвсэг техник болоод байна. Мөн нөөцөнд дуунаас 20 дахин хурдан пуужин бий гэдгийг ч хэлжээ. Түүнчлэн “Сармат” нэртэй баллистик пуужин нь тусгалын хязгааргүй, хойд ба өмнөд туйл дээгүүр харвах боломжтой, ямар ч хамгаалалтын систем нэвтлэх чадваргүй гэнэ. ОХУ шинэ зэвсэг техникээ танилцуулсан явдлыг олон улсын ажиглагчид АНУ пуужингаас хамгаалах системээ танилцуулсны хариу үр дүн хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш болох “Бүргэдийн баяр”-т Н.Айшолпан охин оролцохоор болжээ

Бүргэдийн баяр зурган илэрцүүд

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4-5-ны хооронд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд олон улсад “Бүргэдчин охин” нэрээр алдаршсан казах охин Н.Айшолпан оролцохоор болжээ. Н.Айшолпан тэргүүтэй Баян Өлгий аймгийн 10 бүргэдчин ирж байгаа гэнэ.

“Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн хавар Улаанбаатар хотноо, харин намар нь Алтайн сүрлэг уулсын бэлд зохион байгуулдаг. Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион явуулна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сард 3,8-аар төгссөн дугаартай автомашин татвараа төлнө

Холбоотой Зураг

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай.Хуулийн дагуу энэ сард 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө. Хуулийн хугацаа энэ сарын 31-нд дуусна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх хуваарьтай юм.

Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж. Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлож чадах юм.