Categories
мэдээ нийгэм

Хоёр машин мөсөнд цөмөрч, нэг хүн амиа алджээ

онцгой байдлын газар зурган илэрцүүдӨнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурын эрэг дээр “Хөх сувд” мөсний баяр арга хэмжээ болсон. Харамсалтай нь Хатгал тосгоны Эгийн голын эх гэх газарт мөс цөмөрч хоёр автомашин живж, нэг хүний амь эрсэдсэн талаар онцгой байдлын албанаас мэдээлж байна.

Тодруулбал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар “Ланд-200” загварын автомашин мөсөнд цөмөрчээ. Онцгой байдлын албаныхан Улаанбаатар хотын харьяат 36 настай эрэгтэй Б -ийн цогцсыг, “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрснийг аврагчид татан гаргаж эзэн нь хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран өнөөдөр (2018.03.03) Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэн үгэндээ, Эрүүгийн хууль, тогтоомжийг гардан хэрэглэж, хэрэгжүүлж, судалж байдаг шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид Та бүхнээс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан учирч байгаа хүндрэл, бэрхшээл, зөрчлийн талаар санал, шүүмжийг сонсох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гээд, оролцогч Та бүхэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч санал гаргаж оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дараа нь хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Тэрбээр “Энэхүү хэлэлцүүлгээс дараах үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэх явцад буруу, зөрүүтэй ойлгож байгаа зүйлийг нэг мөр болгох. Хоёрдугаарт хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно” гэсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгээр хөндөж ярилцах хэд хэдэн чухал асуудал байгааг онцлов. Тухайлбал, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй бэрхшээл, Эрүүгийн хуулийн зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг чангатгах, ялангуяа авилга, хээл хахуультай холбоотой албан тушаалтны хөөн хэлэлцэх хугацаа, ялын бодлогыг нэмэгдүүлэх, мөн өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгая гэсэн саналууд урьдчилсан байдлаар бичгээр ирснийг тодотголоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлж, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх байр сууриа илэрхийлэв.

Дараа нь хэлэлцүүлэг хууль сахиулах салбаруудын илтгэлээр үргэлжилсэн. Тухайлбал, “Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, “Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт”, “Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хүний эрхийг хамгаалах ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН “ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,

Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе!

Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Та бүхэнтэй эхлүүлж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр эхлүүлж байгаататварын хуулийн хэлэлцүүлэгт татвар төлөгч, бизнес эрхлэгч Та бүгдийнгаргах санал зөвөлгөө үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлвөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно.

Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална.

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье.

Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна.

Шинээр боловсруулан хэлэлцүүлж байгаа Татварын Ерөнхий хуулийн төслийнүндсэн зарчим, чиглэлийн талаар та бүхэнд товч танилцуулъя.

Засгийн газар жижиг, дунд бизнесийг дэмжин, тэдгээрийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болоход онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй байна, хэрэгжүүлэхэд хялбар биш байна, тайлан тооцоо гаргах цаг хугацаа, зардал их байна гэх шүүмжлэл их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахад ихээхэн анхаарал хандууллаа.

Бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно.

Өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдөөс их хэмжээгээр ирүүлдэг гомдол болох татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцлийг бүрдүүлэх явдлыг бид цаашид таслан зогсооно.

Бизнес эрхлэж, орлого олж байгаа иргэн, бизнес эрхлэгчид улсдаа хуулийн дагуу ногдсон татвараа төлөх ньМонгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлдтусгагдсан иргэн бүрийн зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг юм.

Үндсэн хуульд заасан энэхүү үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд нь бид татвар төлөгчиддөө туслах, зарим талаар эдийн засаг, бизнесийн орчноос хамаарч хүндрэл үүссэн үед нь уян хатан хандах бодлогыг баримтлах болно.

Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.

Учир иймд эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байна.

Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ. Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно.

Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татвар-ын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.

Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Мөн Монгол Улс Татварын зорилгоор мэдээлэл солилцоо, ил тод байдлын олон улсын форум, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрт элсэн орсныг Та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдох өөрийн улсын татварын хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын татварын шилдэг туршлага, стандартуудыг татварын хууль тогтоомжид тусгалаа.

Эдийн засгийн харилцаа гүнзгийрч, улс хоорондын ажил, гүйлгээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын татварын байгууллага гадаад улс орны татварын байгууллагатай хамтран ажиллах, татварын зорилгоор мэдээлэл солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах зохицуулалтыг татварын хууль тогтоомжид тусган өгөх хэрэгцээ шаардлага байна.

Манай Засгийн газар иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид та бүхний татварын хуулийн төслийн талаар гаргасан санал зөвөлгөөг судлан үзэж, хууль тогтоомжид тусган ажиллах болно.

Татварын хуулийг шинэчлэх, өөрчлөх үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар татварын хууль тогтоомжийг амжилттай хэрэгжүүлэх, боловсронгуй болгох,татвар төлөх үүргээ биелүүлэх явдлыг хариуцлагажуулах ач холбогдолтой.

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнууд бүгд л хувийн хэвшил дээрээ тулгуурлан хөгжиж дэвшсэн байдаг. Манай улсын эдийн засгийн 80-аад хувийгч хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна.

Үндсэндээ бизнес эрхлэгчид та бүхэн бол Монгол улсыг нуруун дээрээ үүрч яваа энэ цагийн эгэл баатрууд юм.

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид та бүхний хийж бүтээх бизнесийн орчинг ээлтэй, таатай болгоход өнөөдөр эхлүүлж байгаа татварын хуулийн хэлэлцүүлэг маш чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Та бүхэн ч үүнтэй санал нэгдэх байх.

Татварын хуулийн төслийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг та бүхэндээ уриалж байна. Бизнес, хөрөнгө оруулалт, татварын орчноо сайжруулаcх хэлэлцүүлэгт хамтдаа оролцож Монгол улсаа хамтран хөгжүүлцгээе.

Хуулийн хэлэлцүүлэгт амжилт хүсэе.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: Алтны салбарыг үндэсний хэмжээнд дэмжиж явуулах ёстой

Д.Сумъяабазар: Алтны салбарыг үндэсний хэмжээнд  дэмжиж явуулах ёстойУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын хоёронд алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтын дараа салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Алтны салбарт өнөөдөр тулгамдаж буй зүйл юу байна. Уг салбарыг хариуцлагажуулах, хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Нөхөн сэргээлтээ хийдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байгаа. Мэдээж аж ахуйн нэгжүүд маань ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татвар, хүн амын орлогын албан татвараа төлөөд явж байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуй нэгжүүд маань 25 хувийн татвар төлөх ёстой байдаг. Тиймээс энэ тал дээр жаахан зугтах тал руугаа байна уу гэж бодож байна.

Бид цаашид татварын шаталсан бодлого хэр оновчтой вэ, эсвэл худалдааны нэг татвартай болох юм уу маш ойлгомжтой байдлаар шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудад маш олон жишээ явдаг. Энэ тал руугаа авах ёстой, татвараа улс зайлшгүй авах ёстой. Ер нь хариуцлагатай байх тал руу шахна.

-Орон нутгийн иргэд нөхөн сэргээлттэй холбоотойгоор алт олборлогчдыг их эсэргүүцдэг. Энэ тал дээр цаашид салбар яамны зүгээс хэрхэн ажиллах вэ?

-Орон нутгийн иргэдийн бухимдаж байгаа зарим зүйл байгааг үгүйсгэж болохгүй. Ялангуяа, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал дээр онцгой анхаарах ёстой. Аж ахуй нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээд, байгаль орчиндоо нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна уу, үнэхээр бичил уурхайчид нөхөрлөл хэлбэрээр ороод нөхөн сэргээлтийг буцаагаад бусниулаад байна уу гэдгийн ялгааг бодитоор мэдэх ёстой. Үүний тулд яамнаас тодорхой ажлын хэсэг гаргаж байдал дээр нь очиж үзэх төлөвлөгөө гаргаж байгаа. Гэхдээ яг нарийвчилсан байдлаар урьдчилаад хэлчихээр арга чарга ихтэй болчихсон өнөө үед хариуцах хүмүүс нь зугтаах гэх зэргээр олон хүндрэлтэй зүйл гардаг.

Ер нь цаашид уул уурхайн салбар дотроо алтны салбарыг зайлшгүй үндэсний хэмжээнд дэмжиж явуулах ёстой. Гол нь хариуцлага дутагдаад байна. Бичил уурхайг бид татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг, сум орон нутгийн хөгжилд тус дэмээ өгдөг байвал иргэд олон нийт бухимдахгүй. Үүн дээр ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана.

Юм болгоныг шинэ хууль гаргаж ажиллана гэхээс илүү орон нутаг, хүн рүүгээ чиглэж ажиллах бодлого хамгийн чухал. Хүнийг ажил хийх боломжоор нь хангадаг, эргээд нийгмийнхээ үүргийг ухамсарладаг тал руу явуулах хэрэгтэй. Түүнээс биш болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хуулиас боллоо гэж болохгүй. Үүнээс зайлсийж явах ёстой.

-Сая уулзалтын үеэр Эрдэс баялгийн зөвлөл гурван сарын хугацаанд нэг ч тайлан хэлэлцэж оруулсангүй гэж хэлж байна?

-Шалгалт оруулж, ажил цэгцлэх үүднээс цаг хугацаа алдсан тал бий. ЭБЗ дээр гурван удаагийн шалгалт орсон. Нөөцийг зориудаар өсгөсөн гэх зэргээр хууль бус зүйлсийг шалгах ажлын хэсэг гаргасан байгаа. Мэргэжлийн зөвлөл, тайлан тооцоотой холбоотой асуудал дээр сэтгэл эмзэглэсэн тоонууд гарсан. Хариуцлага алдсан, тайлангаа цаг тухайд нь өгөөгүй. Цаашлаад улсын татвар төлөөгүй гээд маш олон асуудал гарч ирж байгаа.

Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт Монголын бизнес улирлын чанартай явдаг. Тиймээс шинээр байгуулагдсан ЭБМЗ-үүд маш түргэн шуурхай ажиллаж, алдагдсан хугацааг нөхөх боломж байгаа. Илүү цагаар ажиллах шаардлага гарч ирнэ.

-Монголбанкинд алт тушаахдаа иргэдээр дамжуулж байна гэсэн зүйл яригддаг. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Татвараас зугтааж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд сайн судлах байх. Ер нь олон шатлалтай татвар хэр зохимжтой юм бэ, энэ хүртэл та нар яв, үүнээс цааш та нар өөрөө зохицуул гэсэн ойлголтыг өгөөд байна л гэж бодож байгаа. Тийм учраас худалдааны татвар гээд нэг л татвартай болчихвол бүх зүйл ойлгомжтой болно.

-Тусгай зөвшөөрөл олголттой холбоотой асуудлаар тодруулна уу?

-Тусгай зөвшөөрөл олгох комисс шинээр байгуулагдсан. Ер нь өнгөрсөн оны 10 сард ажил авснаас хойш тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байгаа. Хамгийн оргил үедээ тусгай зөвшөөрөл газар нутгийн 45 хувьд хүрч байсан. 2008 онд 31 орчим хувь, 2018 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн нэг хувь, хайгуулынх 4.7 хувьтай тэнцэж байна. Энэ дундаас гадаадын хөрөнгө оруулалттай, дотоодын аж ахуй нэгж, мөн цэвэр 100 хувийн хөрөнгө оруулалттай гэж салгаж гаргасан.

-Цаашид сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн. Хэрхэн явагдах вэ?

-Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн талбай дээр сонгон шалгаруулалт зарлах хуультай. Өнөөдөр зургаан талбай дээр сонгон шалгаруулалт зарлах товтой байгаа. Мөн өргөдлөөр авсан талбайгаа буцаагаад сонгон шалгаруулалтаар оруулах асуудал мөн явж байна. Түүнээс өргөдлөөр талбай олгох хуулийн зохицуулалт байхгүй болсон.

Ер нь салбарыг хөгжүүлье гэж байгаа бол өргөдлийг тодорхой хэмжээнд зэрэгцүүлж явахгүй бол хайгуулийн ажил үнэхээр зогсох юм байна. Би өмнөх шиг замбараагүй лиценз олгох байдлын эсрэг байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр манай ард иргэдийн санаа зовдог, бухимддаг зүйл их байдаг. Тиймээс ил тод нээлттэй, шударга байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг л хэрэгжүүлж ажиллана.

-Тусгай зөвшөөрөл өгөхөд орон нутгийн санал авах уу?

-Авна. Бид хуулиндаа өөрчлөлт оруулаад уурхайг нээхээс эхлэн хаах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цогцоор нь тусгах эрх зүйн зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хариуцлагатай холбоотой тодорхой заалтуудыг тусгаж байгаа.

Геологи хайгуулийн ажлаа гурван жилийн дотор эхлээгүй л бол автоматаар тусгай зөвшөөрлийг цуцалдаг болно. Ингэхээр тусгай зөвшөөрөл тойрсон хууль бус үйл ажиллагаанууд багасна. Дэлхий нийт ч ийм байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н захирал өргөдлөө өгсөн гэж байсан. Энэ нь “Эрдэнэс Монгол” дээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Баялгийн сан байгуулах гэж байгаатай холбоотой юу?

-Ажлаа өгөөгүй. Өргөдлөө ч өгөөгүй. Өчигдөр уулзсан. Ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулаад гарсан.

Цаашид Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, шинээр гэрээ хийх асуудлууд гарах тул уг гэрээг ямар дүрэм журмаар яаж зохицуулах вэ гэдгийг Ерөнхий сайдтай ярьж байж Засгийн хэмжээнд ярьж шийдвэр гаргана. Би дур мэдээд гаргаж болохгүй. Ер нь Тавантолгойн бүлэг орд нэг аж ахуйн нэгж гэдэг утгаараа биш, Монгол улсын үнэт орд гэдэг талаас нь хандах ёстой. Тиймээс гарч байгаа шийдвэр нээлттэй ил тод байх ёстой.

Мөн “Эрдэнэс Монгол”-ыг бид баялгийн сан болгоно. Энэ нь компаниудын нэгдэл байгаа. Жишээ нь 16 стратегийн орд дээр суурилсан 12 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Идэвхигүй байгаа нь 4, идэвхитэй нь 7 байна. Энэ 16-аас гадна 39 орд байгаа шүү. Тиймээс төр өмч рүүгээ ойртох ёстой. Хамгийн наад зах нь 1072 хувьцааг бид бүртгэлжүүлж, баталгаажуулна. Бүртгэлжүүлж баталгаажуулна гэхээр шууд мөнгөн хэлбэрт шилжих юм шиг хүмүүс ойлгоод байна. Энэ бол хамгийн сүүлийн үйл явц байна. Энэ төсөл эхлээд амжилтад хүрэхийн тулд гэрээ хэлцэл хийгдэж, дараа нь үүнийг дагасан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил явна. Үүний дараа ямар хэлбэрээр хөрөнгийн бирж дээр гаргах вэ, хичнээн хувьцааг ямар үнээр гаргах вэ гэсэн нарийн судалгаа тооцоо гарна. Энэ бүхний эцэст хувьцаа мөнгөжих хэлбэр рүү орно. Сүүлд болох ажлыг хамгийн түрүүнд авчирчихаад үржүүлээд тооны машин дээр бодоод байж болохгүй.

-Баялгийн санг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Энэ сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ер нь манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд их явж танилцсан байдаг юм билээ. УИХ-ын гишүүд Норвегийн баялгийн сангаас жишээ татсан байдаг. Энэ нь Хүний хөгжил сан. Хүний хөгжил сан дээр хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж байгаад тэндээсээ зохицуулалт хийх хуулийн төслүүд явсан байдаг. Мөн Ирээдүйн өв сангийн хуулиа бас Норвегийн баялгийн сангаар жишээ татсан.

Гэхдээ Баялгийн сан арай өөр зохицуулалтаар явна. Ер нь Демасек гэдэг бол Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бүртгэсэн бүртгэлийн хэлбэр. Норвегийн баялгийн сан гэхэд тусдаа зохицуулалтаар явдаг. Жишээ нь, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болж хуримтлал үүслээ гэхэд Норвегийн баялгийн сан 9,7 тэрбумыг сан дээрээ татаж, үлдсэн 3 хувийг нь л засаг руугаа өгдөг. Тэндээс төсөв рүүгээ ороод үйл ажиллагаанд зарцуулагдаад явдаг. Харин 97 хувийг хуримтлал болгоод гадаадын хамгийн өндөр үнэтэй аж ахуй нэгжүүдийн хувьцааг худалдаж авдаг. Тэр нь бас хязгаарлалттай. Нэг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр авдаг. Тухайлбал, Фэйсбүүк, Nestle-ийн хувьцааг ч юм уу худалдаж авдаг. 9000 аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж аваад эхний топ 20 дотор өгөөжийг нь хардаг. Жилдээ 20-23 хувийн өгөөжтэй явж байгаа.

Харин бид хуримтлалаа шууд эдийн засаг руугаа оруулаад алдаа хийсэн шүү дээ. Үүнээс болж үнийн өсөлт явагдсан. Энэ бүхнийг Голланд өвчин гэж ярьсан. Тиймээс өнгөрсөн алдаагаа дүгнээд явах хэрэгтэй. Ер нь хязгаарлалтууд тавьж өгөх ёстой юм байна гэсэн бодол байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайдын хүрээнд ярьж зөв шийдлээр явах ёстой. Одоо бид орлогоо олчихоод үрэн таран хийж болохгүй. Ялангуяа халамжийн бодлого огт болохгүй. Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой.

-Цаашид баялгийн санг Ерөнхий сайд удирддаг болж, бүтцийн өөрчлөлт хийнэ гээд байгаа. Энэ тухайд?

-Бүтцийн өөрчлөлт гэхээр хүн халж солих талаасаа биш. Хувь хүн талаасаа байж болохгүй. Бид зарчим л ярих ёстой. Бид хөгжих юм уу? Тийм бол зөв зохион байгуулалтад оръё гэсэн санаа явж байгаа.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжийн нэгдэл буюу баялгийн сан болох ёстой. Дэлхийд амжилттай явж байгаа улс орнуудын гол нууц нь үндэсний баялгийн сантай холбоотой. Норвегийн сангийн жишээг авахад Сангийн сайд голлох бодлогоо баридаг, бодлогын зохицуулалт хийдэг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төвбанк нь өдөр тутамдаа менежментийн зохицуулалт хийж явдаг байгаа. Мөн богино хугцаанд эрчтэй гарч ирсэн Үндэсний баялгийн сан гээд Казахстаныг жишээ татаж яриад байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь өндөр өсөлттэй болсон. Казахстаны Үндэсний баялгийн сан дотор тус улсын 100 аж ахуй нэгжээс 67 томоохон аж ахуй нэгжийг оруулсан. Энэ сангаа Ерөнхий сайд нь ТУЗ-ийн дарга хийгээд бодлогоор удирддаг. Мэдээж гүйцэтгэх ажилтнууд нь мэргэжлийн хүмүүс байдаг. Эмират бас ийм жишээтэй. Ер нь бүх сангууд ийм жишээтэй байгаа.

-Та ямар хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Мэдээж “Эрдэнэс Монгол” ХХК гэхээр компанийн тухай хууль энэ тэр гээд янз бүрийн өнцгөөс нь тайлбар өгөөд байдаг. Би зүгээр Үндэсний баялгийн сан гэж байгуулаад Монгол Улсын Ерөнхий сайд энэ сангаа толгойлоод явбал өмчдөө илүү ойр, шийдвэр гаргах нь хурдан, гадны хөрөнгө оруулагч нарт шууд итгэл төрөх маш зөв бүтэц гэж харж байгаа. Улс төрөөс ангид гэж гоё үг гарч ирээд байгаа. Улс төрөөс ангид 27 жил явсан.

Тэгвэл Норвегийн баялгийн сан удирдаж байгаа Сангийн сайд нь манайхны яриад байгаа, гадныхны манайд ирээд сурталчлаад байгаа ярианы хэлбэр дотор орчихсон байгаа шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн замаар олдсон гар утас, эд зүйлсийг худалдан авсан, борлуулсан тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгана

-ГАР УТАСНЫ ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖИЙН УДИРДЛАГА, ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭГЧ, ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ-

Categories
мэдээ соёл-урлаг

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж байна

90th academy awards\ зурган илэрцүүдЯг одоо Лос Анжелес хотын “Долби” театрт кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна. Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг нэрт хөтлөгч Жимми Киммел хөтөлж буй юм. “Оскар”-ын хамгийн олон номинацид Мексикийн кино найруулагч Гильермо Дель Торогийн найруулсан уран зөгнөлт, драм төрлийн “The Shape of Water” кино 13 төрөлд нэр дэвшсэн байна.

shape of water зурган илэрцүүд

Өнгөрсөн оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шагналын эзний нэртэй дугтуйг сольж, уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулж байсан юм.Тодруулбал Уорен Бэтти, Фай Данэвэй нар шилдэг киноны шагналыг “Moonlight” бүтээлд олгох байсныг “La La Land” хэмээн алдаатай зарлаж байв. Дараах зурган дээр алдааг залруулж байгаа агшныг харуулж байна. Тэр үед дугтуй үнэхээр будилахуйц, тодорхойгүй нэр хаягтай байсныг харж болно.

Ёслолын ажиллагааг зохион байгуулагчид энэ удаад алдаагаа дахин давтахгүйн тулд өвөрмөц арга хэмжээ авсан байна. Шагналын эзний нэртэй дугтуй дээр Оскарын шагналын төрлийг маш том үсгээр бичдэг болжээ.Хамгийн эхний шагнал болох шилдэг хувцасны шагналын дугтуйг Эва Мэри Сэйнт барин тайзнаа гарч ирэх үед хүмүүс энэ өөрчлөлтийг анзаарч, сошиал сүлжээнд мэдээлж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд дугтуйн дээрх төрлийн нэрийг 72pt хэмжээтэй фонтоор бичсэн гэж тодорхойлжээ.


“Оскар”-ын хамгийн анхны шагналын эзнээр жүжигчин Сэм Рокуэлл тодорлоо. Тэрбээр “Three Billboards Outside Ebbing, Missouri” киноны дүрээрээ “Шилдэг туслах эрэгтэй” номинацийн эзэн болов. Харин “Шилдэг туслах эмэгтэй” номинацийн эзнээр “I, Tonya” кинонд тоглосон дүрээрээ жүжигчин Эллисон Жейнни хүртлээ. Тэрбээр анх удаагаа алтан хүний эзэн болж буй юм.


“Шилдэг дууны найруулга” төрөлд “Dunkirk” киноны дууны найруулгыг хийсэн Ричард Кинг, Алекс Гибсон нар ялалт байгууллаа. Ричард Кинг өнгөрсөн оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд мөн уг төрөлд ялагч болж, алтан хүний эзэн болж байсан юм.

“Шилдэг баримтат кино” номинацид “Icarus” баримтат кино тодорч, “Оскар”-ын эзэн боллоо. Уг уран бүтээлд тамирчид сэргээш хэрэглээд карьертээ хэрхэн хар толбо үүсгэж буй талаар гардаг юм.

“Шилдэг богино хэмжээний анимейшн” номинацийн эзнээр бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсчдын нэг Коби Брайнтын бүтээсэн “Хүндэт сагсан бөмбөг минь” анимейшн ялалт байгууллаа.


Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцүүлэгт оролцогчид гаргасан зөвлөмжөө Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургууль дээр хоёр өдөр болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт амьдрал дээр ямар байна. Эдгээр хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд үүсэв. Ямар асуудлууд дээр хууль, шүүхийн байгууллагууд нэг мөр ойлголтод хүрэх ёстойг ярилцахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байна гээд, тухайлбал Эрүүгийн хуулийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа, хэргийг нэмж нэгтгэх, тодорхой төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зэрэг асуудлууд дээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд зарим зүйлийг засаж, тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйлийг нь хуулийн байгууллагууд нэгмөр ойлгох талаар мөрдөх алба, шүүгч, прокурорууд саналаа хэлж байна гэв.

Хуульзүйн шинжлэх ухааны доктор Ж.Болдбаатар уг хэлэлцүүлэгт хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн салбарынхан идэвхтэй оролцож байгааг сайшаагаад “Энэ арга хэмжээ бол хуулийн төслийн хэлэлцүүлэг биш хуулийн хэрэгжилтийн байдлын хэлэлцүүлэг гэдгээрээ онцлог бөгөөд энэ утгаараа Монголын хуульзүйн практикт шинэлэг зүйл боллоо. Эрүүгийн хууль тогтоомж гэдэг бол гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого юм. Тиймээс энэ бодлогод ахиц дэвшил гаргаж, эрүүгийн хууль тогтоомжийг энэрэнгүй болгох учиртай” гэлээ.

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн П.Оюунчимэг “Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр, Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Гантөмөр “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр үндсэн илтгэл тавьж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

2015 оны Эрүүгийн хуулийн хувьд дэвшилтэт зүйл олон байгаа боловч уламжлалт эрхзүйн онолыг хэт үгүйсгэж, өөр соёл, ахуйтай гадаад орнуудын эрхзүйн онол, практикийг хуулбарлаж, гэмт хэргийн ангилал, шалгуурыг үндэслэлгүй хуульчилсан нь хэрэгжүүлэх явцад бэрхшээл үүсгэж байгааг судлаачид онцолж байв. Ийнхүү хоёр өдрийн турш хэлэлцэгчид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч саналууд, зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн яам уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл, орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид 305 удаагийн шүхрийн буултыг хийлээ

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 26 шүхэрчин аврагч нийт 305 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа. Мөн гурван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, долоон удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав

Аварга том бүргэдийг гар дээрээ суулган, өндөр уулын хэц дээр жавар сөрөн зогсох анчны дүр Монгол түмэнд хэдийнээ танил ч гадаадын аялагч, жуулчдад нэн сонин басхүү ховор үзэгдэл юм. Тиймээс Монгол Улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий “Хаврын бүргэдийн баяр-2018” арга хэмжээ энэ сарын 4-нд “Чингисийн хааны хүрээ” жуулчны баазад эхэллээ.

Монгол Улсын төрийн далбааг тэргүүндээ залж, бүргэд, үндэсний хувцас, бүргэд суулган явах тоноглол зэргээр гангарсан 20 морьтон үзэгч олны өмнө жагссан нь өнөөдрийн баярт оролцох 20 бүргэдчин байв. Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан зэрэг 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-т тогтмол оролцож, Монгол түмний дунд хэдийнээ танил болсон эрхмүүдээр манлайлуулсан энэхүү жагсаалд гурван эмэгтэй бүргэдчин багтсаны нэг нь дэлхий дахинаа “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан байв. Н.Айшолпан охиныг “Бүргэдийн баяр-2014”-т түрүүлсэн цагаас хойш бүргэдээр ан хийх сонирхолтой эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн 400 бүргэдчиний 11 нь эмэгтэй аж.

Баярын нээлтийн үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, “Баян-Өлгийчүүд Бүргэдийн баярыг 1999 оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ арга хэмжээ өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж сонирхдог томоохон баяр болсон байна. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монгол Улсын төр засаг дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Мөн 2016 онд БОАЖЯ-наас аялал жуулчлалын шилдэг арга хэмжээгээр шалгарууллаа. Тус баяр нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүнийг даган үйлчилгээ, гар урлал, бэлэг дурсгал, хатгамал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж байгаа” хэмээв.

Жагсаалын дараа Бүргэдийн баяр “Бүргэдээр ан хийх”, “Көкпар буюу тулам булаалдах” тэмцээнээр эхэлсэн юм.

“Бүргэдээр ан хийх” тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний ээлжинд анд урин дуудах буюу анчин бүргэдээ өндөр уулын оройд үлдээж өөрөө морьтойгоо уулын бэлд буун, гуугалан дуудна. Бүргэд эзнийхээ дууг таньж, уулын оройгоос дүүлэн нисч, бэлд морьтойгоо давхих анчны гар дээр буух юм. Харин хоёрдугаар шатанд анчин бүргэдээ мөн л уулын оройд үлдээх бөгөөд өөрөө бэлд нь үнэг, туулайн хэлбэртэй чихмэл олз чирэн давхиж, бүргэдээ дуудна. 500-1000 метрийн өндөрлөгөөс хулгана, зурмыг андахгүй хардаг хурц нүдтэй бүргэд эзнийхээ дуунаар дүүлэн нисч, түүний чирэн давхих олзыг шүүрэх юм. Өмнөх жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг байсан боловч жуулчдын хүсэлтээс хамаарч чихмэл шүүрүүлдэг болжээ.

Энэ үеэр ахмад бүргэдчин Бабй Байтей, “Би 86 настай. Энэ баярын хамгийн ахмад оролцогч. Би 1963 оноос хойш бүргэдээр ан хийж эхсэлсэн. Өнгөрсөн хугацаанд 40 бүргэд анд сургалаа. Түүнчлэн хойч үеэ бэлтгэхэд ч ихээхэн анхаарч байгаа. Залуу бүргэдчидийг 10 настайгаас нь эхлэн бэлтгэж байна. Үүний нэг жишээ нь өнөөдрийн баярын хамгийн отгон оролцогч 12 настай хүү юм. Бүргэдээр ан хийх хугацааг хүн бүр янз бүрээр тооцоолдог. Юутай ч гэсэн хээрийн тэнгэрлэг энэ амьтан өөрийн дураар амьдрах ёстой тул тодорхой хугацааны дараа суллан явуулдаг. Казах ястны ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, урт наслуулдаг гэж үздэг. Өдий өндөр насалчихаад ан хийж яваа минь ч үүнтэй холбоотой гэж сүсэглэдэг юм” хэмээв.

Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах буюу Шувуучлахуйн зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Монгол, АНЭУ, Бельги, Чех, Франц, БНСУ, зэрэг 11 улс хамтран Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд шувуучлахуйн зан үйлийг бүртгүүлж байснаас энэхүү уламжлалыг харж болно. Шувуучлахуйн нэг гол хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн уламжлал манай улсын казах ястны дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан, ёс заншил, аман билгийнх нь салшгүй хэсэг болж өвлөгдсөн нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай үйл юм.

Мөн өдөр эрчүүдийн хүч чадал, авхаалж самбааг сорих нэгэн сонирхолтой тэмцээн эхэлсэн нь “Көкпар буюу тулам булаалдах” байв. Морины давхиан дунд 20-30 кг ямааны тулмыг шүүрч, бусад эрчүүдтэй булаалдан, хамгийн сүүлд авч үлдсэн нь ялагч болно. Ялагч нь тулмаа өөрийн сонгосон айлын гэрийн гадаа үлдээх бөгөөд тухайн айл мах чанаж, идээ будаа бэлдэж, найр наадам хийдэг уламжлалтай юм.

“Бүргэдээр ан хийх”, “Тулам булаалдах” тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Мөн “Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогч”-ийг тодруулах юм.

Зохион байгуулагчдын өгч буй мэдээллээр Бүргэдийн баярыг үзэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, 2017 оны 10 сард Баян-Өлгий аймагт болсон баярыг дэлхийн 20 гаруй орны 1200 орчим жуулчин үзэж сонирхсон нь 2016 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ удаад ч мөн ОХУ, БНХАУ, Япон, Англи зэрэг орны аялагчид бүргэдийн баярыг үзэж, сонирхож байлаа. Энэ үеэр зарим жуулчны сэтгэгдлийг сонслоо.

Австрали улсын иргэн Жорж Макни: Би Австралиас ирсэн. Монголд ирээд зургаан сар болж байна. Монгол үзэсгэлэнтэй сайхан орон юм. Өнөөдрийн баяр бол миний Монголд байх хугацаандаа үзэж буй анхны, сонирхолтой арга хэмжээ байлаа. Анчид бүргэдээ гаран дээрээ суулган давхих нь туйлын сүрлэг харагдаж байна. Мөн бүргэдээ холоос дуудаж, чирж яваа зүйлээ бариулж байгаа зэрэг нь ихээхэн сонирхолтой санагдаж байна. Тэнгэрт дүүлэн нисэх хүчирхэг шувууг хэрхэн сургадаг талаар судлах, Монгол Улсын түүх соёлын талаарх мэдлэгээ улам бүр тэлэх хүсэл төрж байна.

Шинэ Зеланд улсын иргэн Анне Моррис: Монголд анх удаагаа ирж байна. Их хүйтэн байна. Гэхдээ өнөөдрийн баяр туйлын хөгжилтэй, халуун, дулаан уур амьсгал дунд өрнөж байна. Бүргэдээр ан хийх талаар “Бүргэдчин охин” баримтат киноноос үзэж, түүгээрээ төсөөлж байсан. Өнөөдөр өөрийн биеэр үзсэндээ туйлын баяртай байна. Монгол түмний тэр дундаа казах ястны өв соёлын талаар бага ч атугаа мэдлэгтэй боллоо. Дараа дахин ирэх болно.

Бүргэдийн баярын үеэр Сээр хуга цохих тэмцээн, Морьт харвааны үзүүлбэр зэрэг олны сонирхлыг татсан тэмцээн, уралдаан, арга хэмжээ боллоо.

Бүргэдийн баярыг зохион байгуулж, олон улсад сурталчилан таниулснаар Баян-Өлгий аймгийг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Ингэснээр агнасан ан, сүү цагаан идээгээ борлуулж, амьдралаа залгуулдаг байсан казах түмэнд орлого, амжиргааны түвшин нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэхүү баярыг уламжлал болгон зохион байгуулж буй Засгийн газар, БОАЖЯ, НЗДТГ-т талархаж буйгаа Бүргэдийн баярт оролцож буй казах түмэн илэрхийлж байлаа. Мөн энэхүү баяр цаашд улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдаж байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллалаа

Зураг

УИХ-ын дарга М.Энхболд баасан гаригт Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод суманд ажилласан томилолт өндөрлөлөө.

Тэрбээр 2016 оны намраас хойших УИХ-ын ээлжит 3 чуулганаар баталж, хэрэгжүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор энэхүү 5 хоногийн томилолтыг хэрэгжүүлсэн юм.
Баянцагаан суманд энэ өвөл цас багатай, өнтэй өвөл болсон бол Сэргэлэн суманд цас их хэмжээгээр орж, өвөлжилтөд нэлээд хүндрэл учруулжээ. Малын хорогдол харьцангуй бага байгаа ч хавартаа байдал хүндэрч магадгүйг сумын удирдлагууд хэлж байлаа. Дээрх хоёр сумын малчид адуугаа олноор нь шуурганд уруудуулж алдсан бөгөөд цаад тал нь Замын-Үүд хүрсэн гэнэ. Сураггүй алга болсон адуу олон байгаа бөгөөд Сэргэлэн сумын хэмжээнд л гэхэд нийтдээ 12.000 орчим адуу алга болсон талаар сумын Засаг дарга Э.Энхбаяр хэллээ.
Баянцагааныхан 2017 онд малаа таван төрөл дээр нь өсгөж, 293.0 мянган мал тоолуулсан нь тус сумын түүхэн дэх дээд амжилт гэж Засаг дарга Ж.Ганбат танилцуулж байна. Хөдөөгийн сумдын хувьд өнгөрсөн жил зуншлага тааруу болсон тул цас ханзарлаа ч малд идэх юм байхгүй, нэлээд зүтгүү хавар болж магадгүй гэж иргэд үзэж байна. Аймаг, улсаас болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд М.Энхболд дарга ч биечлэн өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа юм байна. Баянцагаанд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хөл хорио тогтоосон ч саяхнаас хорио цээрийн дэглэм буурч байгаа гэнэ.
Аймгийн төв буюу Зуунмод сумынхны хувьд 2018 оныг бүтээн байгуулалтын жил болно хэмээн олзуурхаж байна. УИХ-ын дарга томилолтынхоо үеэр тус сумын Ланс багт жишиг багийн төв, Ланс-Баруунзуунмодыг холбосон хатуу хучилттай авто зам-гүүрийн байгууламж, автовокзалын шав тавих ёслолд оролцлоо. Тус аймагт 2018-2019 онд 230 гаруй тэрбум төгрөгийн 28 объектыг барьж байгуулах ажээ. Дээрх 3 суманд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр малаас гаралтай түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, улмаар том үйлдвэрүүдтэй хоршин ажиллах талаар санаачилга гаргаж, зорилго тавьж буй нь анзаарагдлаа. Баянцагаан, Сэргэлэн суманд үлийн цагаан оготноос бэлчээрээ хамгаалах ажлыг хийхгүй бол горьгүй болж байгааг малчид сануулж байв.
Зуунмод суманд болсон уулзалтын үеэр Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр бүх хүүхдэд олгох, тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөг болгох, татварыг орлогын хэмжээнд нь ногдуулах биш, жишиг татварын тогтолцоонд шилжүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх иргэдийн санаачилгыг бодлогоор дэмжих, татварын дарамтыг цаашид бууруулах зэрэг хүсэлтийг тавьж байлаа. Өмнөх сумдад иргэдийн ярианы байнгын сэдэв болж байсан намчирхлыг зогсоох, төрийн албанд, ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал дээрх сумдад хийсэн уулзалтын үеэр ч хөндөгдөж байна.
УИХ-ын дарга М.Энхболд иргэдийн тавьсан асуултад тодорхой хариулт өгч, төр засгийн бодлогод зайлшгүй тусгах асуудлуудыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Улстөржилт, намчирхлаас хол байж, бодлого үйл ажиллагаагаараа л өрсөлдөж, эв эеэ нэгтгэн нийт Монголын эрх ашгийн төлөө хамтран зүтгэх нь улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллага, нийт иргэдийн эн тэргүүний эрхэм ашиг сонирхол байх ёстой” гээд, “УИХ сахилга хариуцлагыг сахин биелүүлэх асуудлыг өөрөөсөө эхэлнэ. Ирэх хаврын чуулганаар энэ чиглэлийн хуулиудыг батлахаар төлөвлөж байна” хэмээн уулзалтын төгсгөлд хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.