Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын байгууламж байгуулна

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах нь” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлнэ.

Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарийн Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.

Төслийн багт барилга, байгууламж, сургалт бэлтгэл, техник тоног төхөөрөмж хариуцсан гурван дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 05-10-ны хооронд ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Мотоциклийн дугуй нь хагарснаас осолдож гэмтжээ

ГССҮТ зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногт “ГССҮТ-д мотоциклиос унаж гэмтсэн хүн ирлээ” гэсэн дуудлагын дагуу шалгахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн, 28 настай, эрэгтэй О алдуул малаа хайж яваад мотоциклийн дугуй нь хагарснаас осолдож гэмтсэн байжээ. Тэрбээр яаралтай хагалгаанд орж, эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Мотоциклийн ослын улмаас жолооч, зорчигч нь нас барах, тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авдгийг судалгаагаар тогтоосон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь манай орны нөхцөл байдалд тохирохгүй, засмал замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай нь зам тээврийн осол гарах нөхцлийг бий болгодог. Иймд хамгаалалтын малгай хэрэглэж занших, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогджээ

Ц.Элбэгдорж зурган илэрцүүд

Монгол Улс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шууд санаачилгаар 2012 онд цаазын ялыг халах олон улсын протоколд нэгдэн орж, түүний санал санаачилгаар цаазын ялыг халах талаар олон ажил зохион байгуулсан. Энэ нь Зүүн Өмнөд Азийн бусад улсад нөлөө үзүүлсэн гэж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгожээ. Тус комиссын ерөнхийлөгч, шүүгч Нави Пиллей “Ц.Элбэгдорж бидэнтэй нэгдэж, дэлхийг цаазын ялаас чөлөөлөх үйл хэрэгт хамтран зүтгэх болсонд баяртай байна. Тэр бол 1990 оны дэлхийг хамарсан хувьсгалын удирдагчдыг нэг, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө гаргах тухай хэлэлцэнэ

Хөрөнгө гаргах тухай хэлэлцэнэЗасгийн газрын ээлжит хуралдаан маргааш өглөө 08.00 цагт болохоор товлогджээ. Хуралдаанаар сайд нар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. Үүнд:

  • Тогтоолд нэмэлт оруулж журам батлах тухай
  • Хөрөнгө гаргах тухай /томилолт, урамшууллын зардал/*
  • Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болгох тухай
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Богдхан төмөр зам/
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Улаанбаатар-Дархан 204.6 км зам/ болон болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн нутагт ариутгалын пункт байгуулжээ

ЗурагТурк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирын санаачилгаар Булган аймгийн Булган суманд шүлхий өвчний ариутгал хийх ДИС камер буюу ариутгалын пункт байгууллаа.

Аймгийн төвөөр дамжин Хөвсгөл аймгийг чиглэсэн замд ажиллаж байгаа ариутгалын цэгт энэ пунктыг ашиглаж байна. Ингэснээр замын хөдөлгөөний эрчим ихтэй байдаг замд 4.26 метр өндөр, 23 метр урттай, нэг удаа 4 суудлын автомашин ариутгах багтаамжтай ариутгалын пункт ашиглалтад орж хот хоорондын зорчигчдыг саадгүй нэвтрүүлэх боломж нээгджээ. Уг тоног төхөөрөмжийг Ерөнхий консул Э.Мөнх-Очир “Булган хөгжил” корпорациараа дамжуулан суурилуулж, аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн аж.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчиллээ

Монголын пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болж өнгөрлөө. Гурав дахь удаагийн тэмцээний 105 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 236 кг-ыг шахсан нь Монголд өмнө нь гараагүй амжилт болжээ.

Тэрбээр энэ амжилтаараа алтан медаль хүртэж, хэвтээ шахалтын Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна. Мөн 105 кг-ын жингийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ-ны ТНБД-ыг сонгон шалгаруулна

Төрийн албаны зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар зарлажээ. Энэхүү ажлын байранд агрономич, малын эмч, инженер мэргэжилтэй, төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэд өрсөлдөх боломжтой юм байна. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 265544, 264493 утсаар авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарынхан Канадад чуулж байна

ЗурагКанадын Торонто хотноо Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт энэ сарын 4-7-нд болж байна.

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. Чуулга уулзалтын үеэр зохион байгуулдаг “Mongolia @PDAC 2018” буюу “Монголд хөрөнгө оруулагчдын форум”-д оролцогчдын тоо энэ жил 200 давжээ. Манай улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь Монголд хөрөнгө оруулах итгэл сэргэж байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байв. Монгол Улс эрдэс баялгийн хайгуулд хөрөнгө оруулагчид амжилтад хүрэх өргөн боломжтой улс хэвээр байгааг форумын үеэр танилцууллаа.
Арга хэмжээний үеэр сайд Д.Сумъяабазар Монголын ард түмэн байгалийн баялгийн үр ашгийг хүртэн тогтвортой хөгжилд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтоо хангахад бидэнд хөрөнгө оруулагчидтай тогтоосон урт хугацааны харилцан ашигтай, хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар уул уурхайн томоохон ордуудыг эзэмшдэг. Эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, баялгийн сангийн орчин үеийн үр өгөөжтэй менежментийг явуулахаар чармайн ажиллаж байна” гэв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Канад улс дахь ажлын айлчлалын хүрээнд Канад улсын Олон улсын худалдааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Памела Гоулдсмит Жонестой хоёр талт уулзалт хийсэн юм.
Памела Гоулдсмит Жонес Монгол, Канад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлоод, цаашдын харилцааг улам гүнзгийрүүлэн чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Салбарын сайдын Канад улс дахь айлчлал үргэлжилж байна.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун Сөүлийн бие төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ

medee

Өчигдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун БНСУ-ын дээд түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр, Хойд Солонгосын удирдагч болсноосоо хойш Сөүлийн бие төлөөлөгчтэй уулзаж буй анхны тохиолдол болж байгаа юм.

Арван хүний бүрэлдэхүүнтэй БНСУ-ын төлөөлөгчид цөмийн зэвсэггүй болох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх, цөмийн хөтөлбөрийн асуудлаарх маргааныг эцэслэхэд Ким Чен Уныг ятгах зорилготой гэж албаныхан мэдэгдсэн байна. Мөн талууд Хойд Солонгост хоригдож байгаа Өмнөд Солонгос болон Америк гаралтай гурван хүнийг суллах асуудлыг хэлэлцэж магадгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн мэндчилгээ

Эрхэм хүндэт сэтгүүлч нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, идэвхтэн бичигчид болон нийт ард иргэд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат ажилтнууд, зочид төлөөлөгчид та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжлийн төлөө хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан ахмад сэтгүүлчиддээ гүн талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе.
Одоогоос 105 жилийн өмнө Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин хэвлэгдэн гарсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад 2016 оны жилийн эцсийн байдлаар 125 телевиз, 89 сонин, 80 сэтгүүл, 96 сайт, 56 радио нийт 446 байгууллагад 4726 хүн ажиллаж байгаа тухай судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан нь Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хөгжлийн царааг илтгэж байна.
Өдрөөс өдөрт даяаршиж буй дэлхийн хэвлэл мэдээллийн зах зээлийн глобал өрсөлдөөнд тэсч үлдэх, олон улсын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, интернэтийн өндөр технологид суурилсан мультимедиа сэтгүүлзүйг нутагшуулах хэрэгцээ шаардлага Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тулгарлаа.
Үүний зэрэгцээ, орчин цагийн цахим мэдээллийн сүлжээнд мэргэжлийн цахим сэтгүүлзүйн бодлогыг тодорхойлох, сэтгүүлчийн оюуны болон мэргэжлийн эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн контентын үнэлэмж, зохиогчийн эрхийг хамгаалах зэрэг олон талт асуудлууд ар араасаа урган гарсаар байна.
105 жилийн түүхтэй Монгол Улсын сэтгүүлзүйн салбарт 67 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ-ийн удирдлагын багийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа бататгахын зэрэгцээ салбарынхаа ирээдүйн өөрчлөлтөнд дасан зохицох, шинэ дэвшилтэт хөгжилд манлайлан түүчээлэх, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ бодлого, шинэ менежментийг Монгол Улсынхаа сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байна.
Бид 2018-2022 онд хийж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангах ажлыг орон нутгийн салбар зөвлөлүүдээ дэмжих, чадавхжуулахаас эхэлсэн бөгөөд түүхт 105 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг 2018 ондоо багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол сэтгүүлчийн үг бүр нь үнэ цэнэтэй, үйлс бүхэн нь өөдлөн дэвжихийн ерөөл өргөе.
Монгол Улсын сэтгүүлзүйн салбарын хөгжил мандан бадрах болтугай!