Categories
мэдээ нийгэм

Г.Анхбаяр: “Д.Сугар, С.Баяр нарыг эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” гэв

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2008 онд 180 орноос 102-т жагсаж байсан бол 2017 оны байдлаар 180 орноос 103 дугаарт жагссан байна. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж олон нийтийн зөвлөлөөс дүгнэжээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн А.Саруул хэлэхдээ “Авлигын тайланг жил бүр дэлхийн улс орнууд гаргадаг. Гэтэл Монгол Улс хэзээ ч авлигын тайлан гаргаж байгаагүй. Дэлхийн авлигын тайланд Монгол Улс 2007 онд нэг удаа оролцож байсан. Энэхүү тайланд ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 2.9 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон гэх мэтээр манай улсын хууль эрхзүйн системийг хүчтэй шүүмжилсэн байсан. Логик дүгнэлт хийхэд төр засаг нь авлигад бага идэгдсэн атлаа эрүүл мэнд, боловсролын салбарт авлига өндөр байна гэх нь утгагүй. Монголд системээрээ авлигад идэгдсэн учраас дэд салбарууд нь авлигад идэгдсэн байх нь аргагүй. Системийн авлигаас ангид аль нэг салбарын авлига өндөр байна гэж байхгүй. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг нь дүгнэхийг олон нийтээс хүсч байна” хэмээв.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ярихдаа “Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их автсан байна. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Монгол улс системийн буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлигад бүрэн идэгдсэн.Монголын Авлигын эсрэг Хараат бус газар гэж Олон улсад нэрлэгддэг АТГ нь УИХ-ын байгууллага буюу босоо удирдлагатай, зөвхөн даргын шийдвэр эцсийн байдаг, цэрэгжсэн, хангалттай төсөвтэй, төрийн тусгай байгууллага юм. Бусад улс орон арван жилийн хугацаанд байнга урагшилж байна. Үгүйдээ гэхэд байрандаа байна. Харин манай улс хойшоо ухарч, авлигатай тэмцэхгүй байгаагаа Олон улсад харуулсан ч Монгол дахь Транспэрэнси Интернэшнл байгууллагаас АТГ сайн ажиллаа гэж дүгнэсэн. Авлигын индекс ухарсан нь АТГ-т хамаарахгүй гэж илэрхийлж Монголчуудыг басамжиллаа.

Авлигатай тэмцэх гэж тусгай байгууллага байгуулснаар авлига улам нэмэгдэж байгаагийн шалтгаан нь юу вэ? гэдгийг Олон нийтийн зөвлөлөөс гаргалаа. Үүнд:

  • АТГ нь УИХ байгууллага учраас УИХ дахь авлигачдын дарамт шахалтад байна.
  • Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын үүрэг сул байдгийг АТГ-ын удирдлагууд нь далимдуулдаг.
  • Төрийн өндөр албан тушаалтан авлигын гэмт хэргээс мултрах, хөнгөн ял авах боломжтойгоор 2017 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийг УИХ баталсан. Жишээлбэл уг хуульд Авлига авбал нийтийн албанд томилогдох хугацааг хасах, торгуулах, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох боломжтой олон төрлийн ял байх нь зөв үү. Мөн Авлига авсан албан тушаалтны гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамааруулах нь оновчтой юу? Энэ мэт хуулийн цоорхойтой байна.
  • АТГ-ын дарга нь УИХ-ын даргатай сайн найзын харилцаатай байгаа нь илэрхий ашиг сонирхлын зөрчил үүсч байна.
  • Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь АТГ-ын даргын дур зоргын хэрэг болсон. Тиймээс, төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт, УБҮ-г барьцаалсан хэрэг, Уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига гэх мэт албан тушаалтны гэмт хэргүүд сураг тасрах шинжтэйгээр цаг алдсаар байна.

Мөн хэвлэл мэдээллийн хараат бус байдал, иргэдийн хүчтэй дуу хоолой, иргэний нийгмийн байгууллагууд ил тод, төрөөс ямар ч дарамтгүйгээр, шинэ аргачлалаар ажилласан үед л авлигачдын амьсгал давчидна. Бас авлигын гэрч, мэдээлэгч, хохирогч, шүгэл үлээгч нарыг хүчтэй хамгаалсан цагт авлига гишгэх газаргүй болно. АТГ нь цэрэгжсэн бус иргэншсэн хэлбэрээр ажиллах, төрийн өндөр албан тушаал хашиж буй авлигачдыг шийтгэж, хариуцлагыг хүлээлгэн, улсад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан цагт авлига зогсох боломж бүрдэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Олон нийтийн зөвлөлөөс “Авлига үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна” гэж үзэж буй саналаа хүргүүлнэ” гэв.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалсан асуудалтай холбогдуулан Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Анхныбаяр ярихдаа “Ард түмний өмч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцох үүрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ нь дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байна. Мөн УИХ Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг ИБУИНВУ-д суух Элчин сайдаас тус тус эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” хэмээв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой ямар мэдээллүүд байна вэ? Цагдаагийн газраас өрөөнд нь нэгжлэг хийсэн гэж байсан.

-Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Жил хоёр сар болж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа.

-Оюутолгой компанитай холбоотойгоор Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нартай холбоотой мэдээлэл өгөөч?

-Олон нийтийн зөвлөл өөрсдийн ажиллах журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт дээр хөндлөнгөөс оролцох нь хаалттай байдаг. М.Энхсайхныг шалгаж байгаа гэдэг асуудал дээр та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд манай улсын авлигын нөхцөл байдлын асуудлаар хандсанаар зөвлөл ямар ажиллагаа явуулах эрхтэй вэ?

-ҮАБЗ-ийн үйл ажиллагааны зарчимд Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны бүрэн байдал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмууд байгаа. Энэ зарчмууд авлигын асуудлаас болоод бүгд эвдэгдчихлээ.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Н.Цамбанүрдэв: Д.Жавзандорж лхаарамба хоногт хоёроос гурван цаг л унтдаг байсан

Ардын хувьсгалаас хойш анх удаа Монгол лам лхаарамба цолыг амжилттай хамгаалжээ. Тодруулбал Энэтхэгийн Гомондацанд суралцаж байсан Монгол лам Д.Жавзандорж энэхүү цолыг хүртсэн байна.Лхаарамба цол нь буддын гүн ухааны дээд цол аж.

Өнөөдөр түүний шавь нар болон Сумади төвөөс Д.Жавзандоржлхаарамбыг цолоо амжилттай хамгаалсан талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийв. Энэхүү мэдээллийг хүргэхээр Егүзэн хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжил, Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, Сумали Гирди төвийн тэргүүлэгч Н.Ариунтунгалаг нар хүрэлцэн ирлээ.

Н.Цамбанүрдэв “Д.Жавзандоржлхаарамба багш мэргэдийн орны мэргэн боллоо. Лхаарамба цолыг хэр баргийн хүн авдаггүй. Тэрээр энэхүү цолыг хүртэхийн тулд асар их хөдөлмөр гаргасан. Түүний хажууд багаасаа байсан хүний хувьд Д.Жавзандоржлхаарамба хоногт хоёроос гурван цаг л унтдаг байсан. Энэтхэгт 16 жилийн дотор гүн ухааны таван ботийг судалсан. Улмаар шигшигдэж лхаарамбын шалгалтанд орох эрхээ авсан. Үүний дараа зургаан жилийн шалгалтад тэнцэж байж лхаарамба цолыг хүртдэг юм. Тэрбээр зургаан жилийнхээ дөрөвт нь тэргүүлж хоёр жилд нь дэд байрт жагссан. Ийнхүү Энэтхэгийн буддын ертөнцийн анхаарлыг татаж, дэлхий даяар шуугиж байна.Тэр Монгол хүний суу ухааныг харуулсан” гэв.

Лхаарамба Д.Жавзандорж анх 1991 онд буюу 11 настайдаа Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилж Бурханы ном үзэж эхэлсэн байна. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Лашчойлин хийд, Гандэнтэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд Буддын гүн ухаанд суралцаж байгаад 1998 оны эхээр Энэтхэгийг зорьж, үргэлжлүүлэн суралцах болжээ. Д.Жавзандорж лхаарамба нь энэ жил лхаарамба цолоо мөн л тэргүүн байрт хамгаалж, анги дамбын лхаарамба болсон. Ирэх жил нууц тарнийн ухаанд үргэлжлүүлэн суралцаж аграмба цолыг хүртэхээр төлөвлөж байгаа юм байна.

Д.Жавзандорж лхаарамба /Тэрээр 300 гаруй шавьтай/


Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аж. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын энэ сарын 4-ний өдрийн 84 тоот захирамжаар тус аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна.

Захирамжаар голомтын бүсийг тогтоох, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан шуурхай бүлэг, Хотонт, Өгийнуур сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батсүх: Ирэх хавраас орон сууцны үнэ өснө

Сошиал орчинд BARILGA EXPO 2018орон сууц, ногоон барилгын олон улсын үзэсгэлэнгээс шинэ орон сууцнуудын үнэ ханшийг харьцуулж ипотек болон компанийн хувь зээл, шинэ дэвшилтэт техник технологийг танилцуулна гэсэн мэдээлэл гарав. Тиймээс энэхүү үзэсгэлэнг сурвалжлахаар Мишээл экспо төвийг зорилоо.

Үзэсгэлэнд ирэхэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ жил 100 гаруй компани энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа юм. Мөн худалдан авагчид их ирсэн бололтой. Үзэсгэлэн нээлтээ хийж шанз гурав хамтлаг өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж дараа нь тууз хайчлах ёслол болов.

-ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 6-ЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭНЭ-

Нээлтийн дараа тус үзэсгэлэнг зохион байгуулагч Г.Батсүхтэй хэсэг хором ярилцлаа. Тэрээр “Энэ жил эдийн засаг харьцангуй сэргэсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил ихээхэн хийгдэж эхэлж байна. Мөн эдийн засгийн өсөлттэй холбоотой ард иргэдийн орон сууц авах эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ үзэсгэлэн яармагт орон сууц борлуулж байгаа хэрэгжүүлж байгаа компаниуд оролцож урамшуулалтай худалдааг явуулж байгаа. Мөн ногоон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, амины орон сууцын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал бүхий амины орон сууцаа танилцуулж байна.

-Орон сууцын эрэлт, нийлүүлэлт хэр байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилд орон сууцны нийлүүлэлт эрс буурсан. Барилгын салбарт жилд 10-15 мянга орчим орон сууц зах зээлд нийлүүлэгддэг байсан бол өнгөрсөн онуудад энэ тоо эрс буурч буусан байгаа. Харин эсрэгээрээ эрэлт нэмэгдэж байна. Орон сууцны үнэ 2014 оноос тасралтгүй буурсан. Энэ хавраас орон сууцны үнэ өсөх хандлагатай байна. Яагаад гэвэл зах зээл дээр борлуулагдаж байгаа барилгын үндсэн материалууд болох арматур, цемэнт, цахилгаан сан гэх мэт импортоор авдаг материалуудын үнэ өсөж байгаа. Тиймээс орон сууцыг одоогоос бага үнээр барих боломжгүй болж байна.

-Үзэсгэлэнд буй орон сууцууд ипотекийн зээл олгож байгаа юу?

-Өнөөдөр үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд ипотекийн зээл олгож байгаa. Арилжааны банк оролцоод ипотекийн зээл, эрчим хүчний хэмнэлттэй барилгын зээлийг олгож байна. Эдгээр нь арилжааны банкиудаас харьцангуй бага хувийн хүүтэйгээр хувь зээлийн үйлчилгээ, бартерийн үйлчилгээ, компаниуд өөрсдөө мөн ипотекийн бага хүүтэй зээлийг олгож байгаа.

-Үзэсгэлэнгийн гурван хоногийн турш хамгийн хямд үнэ буюу супер хямдралыг зарлачихсан. Үзэсгэлэнгээс орон сууц авч байгаа иргэдэд хямд орон сууц авах боломжийг олгож байгаа. Үзэсгэлэнд оролцож компаниудын хувьд хамгийн доод үнэ нь м.кв нь нэг сая 350 мянган төгрөгтэй байна. Энэ нь өнгөрсөн жилээс харьцангуй бага үнэ гэв.

Мөн тэрээр “Энэ жил оролцогчдын тоо эрс нэмэгдсэн. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотой компаниудын борлуулалт нэмэгдэж байна. Тиймээс барилга бүтээн байгуулалтын ажил нилээн өрнөх хандлагатай байгаа” гэж онцлов.

Нээлтийн дараа үзэсгэлэнд оролцож буй компаниудтай танилцлаа. Ихэнхи орон сууцууд 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг санал болгож байв. Харин борлуулагчид хувь лизинг санал болгож байсан юм. Энэ нь 2-5 жилийн хугацаатай аж. Мөн төлбөрт үл хөдлөх хөрөнгөөр бартер хийж болно гэв.

-УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРТ НЬ БАЙР МАШИНАА ОРОЛЦУУЛЖ БОЛНО-

Зайсанд байрлалтай “Энхжин” хотхон нь бүсчлэлээсээ болж үнэ нь тогтуун байна. Тус хотхон нь худалдан авагчдаа найман хувийн зээлийг олгож байгаа юм. Үнэ нь хоёр сая 200 мянгаас хоёр сая 400 мянган төгрөгийн хооронд байна. Урьдчилгаа төлбөрт нь байр машинаа оролцуулаад Голомт банк болон аль нэг банкны найман хувийн зээлд хамрагдах боломжтой аж. Мөн өөрсдийн байраа тавиад урьдчилгаа 30 хувиа төлөлгүйгээр зээлд хамрагдах боломжтой юм гэдгийг тус хотхоны борлуулалтын менежэр Б.Адьяадорж ярилаа.

Дашрамд сонирхуулахад “Дулаан байр” төслийг хэрэгжүүлэгч “Эм эй ти” прожект компаин ICF технологи бүхий ханатай байшин барьж байгаа юм байна. Энэ талаар тус компаний гүйцэтгэх захирал Э.Батбилэг “Манай байгууллага дулаан байшин төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Иргэд байшин худалдаж авахад маш их зардал гардаг. Худалдаж авсан байшин нь өвөл нь хүйтэн их зардлаар халдаг. Үүнээс улбаалан байшинтай болсны утга учир нь алдагддаг. Бидний хийж байгаа төсөл үүний эсрэг байгаа. Манай байшингийн давуу тал ньдулаан алдагдалгүй. Энэ нь ямар ч зардлаар байшингаа халаасан дулаан маш бага алдах юм. Мөн зун нь сэрүүхэн гэдгийг онцлох хэрэгтэй.

Манай компани энэ сарыг дуустал байшингуудаа м.кв-ын сая 200 мянган төгрөгөөс сая төгрөг болгож хямдруулсан. Мөн 10 сая төгрөгийн гаражийг нь үнэгүй барьж өгч байгаа. Байшингуудынхаа хэмжээнээс хамаарч 1-2 сарын хугацаанд барьдаг. Байшингын хийцийн хувьд хоёр хэв хашмал дунд дулаалгаа хийгээд арматурчлаад битоноо зутгаж бүрэн цутгамал хана хийдэг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ICF буюу энэ технологиор хийж байна. Манай компани Монгол дахь загварыг нь хийж байгаа гэсэн үг.

Та байшингаа зээлээр авах боломжтой. Голомт, Хас банкны 10 жилийн хугацаатай 8 хувийн зээл бий. Үл хөдлөх хөрөнгө барьцаалбал банкнаас 100 хувь урьдчилгааг нь өгч зээлд хамруулна гэлээ.

BARILGA EXPO 2018орон сууц, ногоон барилгын олон улсын үзэсгэлэнөнөөдөр дуусч буй тул та бүхэн яараарай.

Б.АМАРТҮВШИН





Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандорж: Ээж минь нутагтаа шагшигдсан дуучин хүн байсан

“Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хос шарга”, “Элээх тавилан” зэрэг олон түмний хайртай дуунуудын зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, дуучин Норовын Баасандоржтой уулзаж ярилцлаа.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолтоо хийх сураг байсан. Ямар нэртэй тоглолтоо хаана толилуулах гэж байна?

-Энэ жил би “Мартагдашгүй Мартын 8” нэртэй тоглолтоо толилуулахаар бэлтгэлдээ ороод ажиллаж байна. Гуравдугаар сарын 8-ны 17 цагаас “Шөнийн зах”-ын Пирамид эвент халл гэсэн шинээр ашиглалтад орсон ресторанд хийхээр төлөвлөсөн. Би жил жилийн хавар Монголынхоо сайхан ээжүүдэд зориулж тоглолтоо хийдэг юм.

-“Мартагдашгүй Мартын 8” тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байх бол?

-Энэ тоглолт маань концерт хэлбэрээр биш, цэнгүүн маягаар тусгай суудалтайгаар зохиогдохоороо онцлогтой. Тасалбарын үнийн хувьд 80 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарынхаа үнэнд хоол, архи, вино, ус, ундаа, чихэр, жимс, зууш таташ гээд яг л хүлээн авалт ямар болдог билээ тиймэрхүү маягаар зассан ширээ зочдыг маань хүлээж байх юм. Нэг ширээ арван хүнтэй байна.

-Тоглолтод уран бүтээлчдээс хэн хэн оролцох вэ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүү, миний амьдай “Харш” хамтлагийн дуучин Баасандорж, 80, 90-ээд онд хүчээ авч байсан “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ирж дуулна. Зочдод маань сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс “Мөнгөн харандаа” хамтлагтай би эстрад дуу хамтарч дуулахаар бэлтгэж байна. Би өөрийн урын сангаас нэрийн хуудас болсон хориод хит дуугаа дуулна. Тоглолт хоёр гурван цаг үргэлжлээд Мартын 8-ны үдэш “Пирамид” ресторандаа баярын үйл ажиллагаагаа тав тухтай үргэлжлүүлж болно.

-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл хийж байна даа?

-Тоглолтдоо гурван ч шинэ дуу дуулна. Өмнөд монголын Оргилсайхан гэдэг найрагчийн шүлэг “Бүсгүй чи минь”, “Чи минь”, “Монгол хорвоо” гэсэн дуунууд байгаа.

-Ойрд говь, тал, хангай гурван бүсийн цэнхэр орон болсон Баянхонгор нутаг руугаа явав уу?

-Ойрд би төрсөн нутаг руугаа явсангүй шүү.

-Өөрийг чинь Бөмбөгөр, Гурванбулаг гэсэн хоёр ч сумынхан “Манай нутгийн уугуул” гээд булаалдаад байдаг юм билээ?

-Би Гурванбулаг суманд төрж, өссөн хүүхэд. Манай аав Бөмбөгөр сумын хүн л дээ. Бөмбөгөр сумынхан маань намайг яг л тэр нутагт төрж өссөн юм шиг хайрлаж хүндэлж явдагт би их баярладаг.

-“Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Хос шарга” гээд олон ч сайхан цомгийг ард түмэндээ хүргэсэн. Одоо ямар цомог бэлдэж байна?

-Дээрх цомгууд маань одоо надад олдохоо больжээ. Өөрийнхөө хийсэн дууны уран бүтээлийг анзаараад байсан чинь Өвөрхангай аймгийнхантай нутгийнх нь тухай арваад дуу бүтээсэн байдаг юм байна. Тиймээс өнгөрсөн жил тэдгээр дуугаа нэгтгэж “Өврийн сайхан хангай минь” цомог хэвлүүлсэн маань дуусчихсан. Энэ хавраас шинэ цомгийнхоо ажилд орно доо. Өөрийнхөө дуулсан дуугаар цомог гаргах уу, эсвэл би аялгууг нь зохиож залуу дуучид дуулсан уран бүтээлээ эмхэлж цомог гаргах уу гэдгээ бодоод л явна.

-Дуучин шавь олонтой болж байна уу?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг ноднин жил төгссөн Амартүвшин гэдэг залуу Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн шүлэг “Ээжийн минь сэтгэлийн үг” дууг сайхан дуулсан. Удахгүй дүрсжүүлж цацах байх. Манай Баянхонгорын Хүрээмарал сумын харьяат Эрдэнэ-Очиртой хамтарч шинэ дууны уран бүтээл хийлээ. Соёлын тэргүүний ажилтан Чулуунчимэг, А.Түмэн-Өлзий нартай хамтарч шинэ дуунууд хийж л байна. Соёлын тэргүүний ажилтан Ёндонгийн Батмөнх гэж Гурванбулаг сумын маань авьяаслаг сайхан залуу миний “Шар усан гол” зэрэг нэлээд олон дууг дуулсан. Миний тоглолтод урилгаар оролцож ая дуугаа өргөх юм.

-Танай ангийнхан гэж авьяасын ундарга болсон нөхөд бий дээ. Хамтарсан цэнгүүн, уран бүтээлийн тоглолт хийх болоогүй юу?

-Багшийн сургуулийн хөгжмийн ангид 1990-1994 онд хамт суралцаж төгссөн хэдэн сайхан хөгжмийн зохиолчид байна. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбат, Сүхбаатар бид нар хэдэн жилийн өмнөөс л хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийе гэж ярьцгаасан л даа. Зохион байгуулалтан дээрээ л жаахан гацаад байгаа болохоос бидний уран бүтээл бэлэн байгаа юм чинь нэг зоригловол ч юухан байх билээ. Ярьсаар байтал хоёр гурван жил өнгөрчихөж. Эрт, орой хэзээ нэгэн цагт хамтарсан тоглолтоо хийх л байх. Мөн Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн нөхөд маань бас байна.

-За, хэн хэн байдаг билээ?

-Дуучин Лосолын Болдбаатар маань гавьяат болчихлоо. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Банзрагч, Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Даариймаа, Сайнбаяр нарын олон сайхан дуучин байдаг. Эдэнтэйгээ нийлж тоглолт хийе гэж бас л яриад яваад байгаа.

-Та морины сэдэвт дуу олныг туурвисан. “Хос шарга” дуу шигээ тусгайлан зориулсан ямар дуу байх юм?

-Морины тухай олон дуу зохиосон. Дархан аварга Агваансамдангийн Сүхбатын “Далай зээрд”-ээс өгсүүлээд олон сайхан уяачид, алдарт хурдан буянуудын талаар бүтээл хийсэн л дээ. Саяхан гэхэд оны өмнөхөн Монгол Улсын морин спортын анхны эмэгтэй гавьяат Цэвэлмаа эгчид зориулж яруу найрагч Ундраагийн Баярсайханы шүлгээр “Эрэмгий” гэж дуу хийлээ. Цэвэлмаа гавьяат маань “Алтай констракшн”-ы захирал Бат-Эрдэнийн ээж шүү дээ. Энэ дуугаа тоглолтод бас дуулна даа.

-Мартын найман болж байна. Ээжийнхээ тухай яриач!

-Ээж маань Баянхонгорын Гурванбулагийн хүн л дээ. Би эхээс наймуулаа. Ээж маань энгийн л нэг малчин ардын хүүхэд юм. Сумынхаа ясли, цэцэрлэгт ажилладаг байлаа. Үг цөөнтэй гэж жигтэйхэн. Хүүхдүүддээ үглээд загнаад байдаггүй ч нэг тэсрэхээрээ буулт нь чанга хүн байсан. (инээв. сур) “Аливаа зүйлийг ул суурьтай, чин сэтгэлээсээ хийж бай. Битгий халтар хултар юм хийж бай” гэсэн сургаал нь үр хүүхэд бидний аж төрлийн алтан мөрдлөг болж дээ. Их сайхан дуулна. Манай ээжийн тал чинь нутагтаа дууч удамтай хүмүүс байсан. Сумын концертонд байнга орж дуулна. Хүүхэд байхад ээжийнхээ дуулахыг сонсох мөн ч сайхан байж дээ. Ээж минь ноднин шинэ жилийн өмнө бурхан болоод би жил бүхэн хийдэг тоглолтоо нэг жил өнжсөн дөө.


Categories
гадаад мэдээ

Фрэнсис МакДорманд “Оскар”-ын шагналаа хулгайд алджээ

oscar“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үдэш Фрэнсис МакДорманд алтан хүн шагналаа хулгайд алдсан талаар CNN агентлаг мэдээлжээ. МакДормандын төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ “Шагнал гардуулах ёслолын дараа түүний шагналыг нэг хүн авч явсан. Гэвч удалгүй шагнал эзэндээ буцаж ирсэн” хэмээн хэлсэн байна.

Лос Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр, ням гаригийн үдэш 47 настай нэгэн эрийг “Оскар”-ын шагнал хулгайлсан хэргээр баривчилжээ. Гэхдээ тус шагнал МакДормандынх гэдгийг батлаагүй байна.

Жүжигчин бүсгүй өмнө нь 1997 онд “Fargo”-д тоглож, “Академи Эвардс”-ын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байв. МакДорманд хоёр дахь “Оскар”-ын шагналаа өнгөрсөн ням гаригт “Three Billboards Outside Ebbing, Missouri” драмаараа хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хоолны дуршил яагаад буурдаг вэ

Хүүхдийн хоолны дуршил яагаад буурдаг талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Зөвлөгөө №1

Сүүлийн үед худалдаанд гарч буй жүүс, ундааны найрлагад хүүхдийн хоолны дуршил бууруулах бодис агуулагдах нь ихэссэн байна. Тиймээс та худалдан авалт хийхдээ сонор сэрэмжтэй байна уу.

Зөвлөгөө №2

Чихэрлэг байнга идэх нь хоолны дуршил буурдаг байна.

Зөвлөгөө №3

Хорт муу зуршлыг улмаас. Ойр байгаа хэн нэг нь архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг бол хүүхдийн хоолны дуршил буурдаг аж.

Зөвлөгөө №4

Сайн унтаж, амарч чадахгүйгээс болж хүүхдийн хоолны дуршил байна.

Зөвлөгөө №5

Эм, тариа байнга хэрэглэх.

Зөвлөгөө №6

Хэрвээ таны хүүхэд мах идэхгүй байгаа бол амин дэм ихтэй жимс, жимсгэнэ байнга идүүлж, алдагдаж буй амин дэмийг нь нөхөхийг хичээгээрэй.

Зөвлөгөө №7

Олон шалтгааны улмаас хоолны дуршил буурч болно. Тиймээс та хүүхдээ заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Зөвлөгөө №8

Хоолой өвдсөний улмаас хоол идэх нь багасдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын гурван өвийг ЮНЕСКО-д бүртгэж, батламжиллаа

Манай улс 2017 онд гурван өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Тухайлбал,

Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад

“Уул овоо тахих монгол зан үйл” өвийг Соёлын биет бус жагсаалтад

“Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийг баримтат өвийн жагсаалтад бүртгүүлжээ.

Эдгээрийн батламжийг гардуулах ёслол өнөөдөр ГХЯ-нд боллоо. Ёслолыг нээж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэн, өвийн батламжийг холбогдох хүмүүст гардуулан өгөв.

Монгол Улс, ОХУ-тай хамтран Дагуурын ландшафтыг хил дамнасан Дэлхийн байгалийн өвөөр 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЮНИСКО-д бүртгүүлсэн. Дагуурын чийглэг хээр тал нь том, жижиг нуур, цөөрөм, гол горхи, намгархаг газар бөгөөд Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүдэллэдэг халуун орны усны болон эргийн шувуудын өндөглөн зусдаг өвөрмөц онцлогтой бүс нутаг учир биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг юм.

Харин “Уул овоо тахих монгол зан үйл”-ийн тухайд тахилгат газар нь байгалийн онгон, дархан газар төдийгүй ард түмэнд уламжлагдан ирсэн соёлын өв, ёс заншил хэмээн дэлхийн өвд бүртгүүлжээ.

Монгол Шунхан Данжуурын 226 ботийг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авчирсан дурсгалд зориулан 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г бүтээжээ. Уг хөшөөг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийг баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн байна.

Дашрамд дурдахад Монгол Улс ЮНЕСКО-д өдгөөгөөс 56 жилийн өмнө элсэн оржээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Цолмон: Хүүхдийг сургуульд оронгуут үсэг, тоо заах, уншуулж бодуулахаасаа илүү сурах дадал, арга барилыг олгох нь чухал

Хүүхдийг Ивээх Сангаас “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлын талаар төслийн зохицуулагч Г.Цолмонтой дэлгэрэнгүй ярилцлаа.


-Сайн байна уу. Та хэрэгжүүлж буй төслийнхөө талаар мэдээлэл өгөх үү?

-Хүүхдийг Ивээх Сангаас 2015 оны гуравдугаар сараас “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн санхүүжүүлэгч нь Япон улсын Гадаад хэргийн яамны төрийн бус байгууллагуудын хөтөлбөрийг дэмжих санюм. Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага юу байсан бэ гэхээр сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан. Төсөл эхлүүлж байх үед Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд элсэж байгаа хүүхдүүд олон байсан. Сургуульд бэлтгэгдээгүй хүүхдүүд сургуульд элсэхээс өмнө эзэмшсэн байх ёстой тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоонь дараа бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэлзүйн бэлтгэлгүйн улмаас айдастай байх, сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшсэн байвал зохих наад захын дадал чадварт суралцаагүй хүүхэд сургуульд элссэнээр багш, сургууль, эцэг эх төдийгүй хүүхэд өөртөө сурах зан үйлийг хэвшүүлэхэд хугацаа алддаг. Энэ бүхэн зургаан настнуудыг сургуульд элсэхэд нь, сурах үйл явцад нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байсан. Тиймээс бид энэ асуудал зонхилж байгаа нийслэлийн хамгийн олон хүн амтай, шилжин суурьшигчид хамгийн их төвлөрдөг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийг сонгон төслөө эхлүүлсэн.

-Эдгээр сургуулийг сонгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

-Сургуулийг сонгохдоо зөвхөн сургуулийн ачааллыг харсангүй. Тухайн сургуулийн хамрах хүрээ, гэр хорооллын бүсэд оршдог, сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн хэчнээн хувь нь цэцэрлэгт хамрагдаагүй байна вэ, эцэг, эхчүүдийнх нь амьжиргааны түвшин, хүүхэддээ тавих анхаарал, 1 дүгээр ангид элсэн суралцагчдад үзүүлэх дэмжлэгийн талаархойлголт, тухайн сургуулийн захирал, удирдлагууд манай төслийг хамтран хэрэгжүүлж, тодорхой чадавхтай болох хүсэл эрмэлзлэл нь хэр байна вэ зэргийг тандаж судалсны дүнд гурван дүүрэг дэх 50 гаруй ЕБС-иас тус бүр дөрөвбуюу 12 сургуулийг сонгосон. Ингээд төслийн хоёрдугаар шат буюу 2016 оны гуравдугаар сараас хүрээгээ өргөжүүлж, тухайн дүүргүүдээс нэмж дөрөв дөрвөн сургууль хамруулж, нийт 24 сургуульд төслөө хэрэгжүүлж байгаа.

-Зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажилласан бэ?

-Төсөл маань үндсэн дөрвөн зорилт тавьсан. Нэгдүгээрт,хүүхдийг сургуульд анх ороход нь тосож авч байгаа хамгийн анхны сурган хүмүүжүүлэгч ньбагш. Тиймээс багшийн зургаан настнуудтай ажиллах сургалтын арга зүйг тодорхой судалгаа, үндэслэлийн дагуу чиглүүлэх. Зургаан настай хүүхдийн онцлог, тэдний сурах арга барил ямар байдаг вэ, түүнд нь тохирсон боловсролыг хэрхэн олгох вэ, боловсролын системд хүүхэд тохирч суралцах уу, хүүхдэд тохирсон арга зүйгээр боловсролыг олгох уу гэсэн үндсэн ойлголтбагш нартөгөхийг, тодорхой арга зүйг эзэмшүүлэхийг зорилоо. Хоёрдугаарт, сургуулийн бодлого боловсруулагчид, удирдлагууд, нийт хамт олны оролцоо, дэмжлэггүйгээр тухайн хүүхдийг сургуульд дасан зохицуулах, суралцах үйлд дуртай болгоно гэдэг бэрхшээлтэй. Тиймээс сургуульд элсэгчдэд тохирсон бодлого, төлөвлөлтийг сургуулийн удирдлагууд үйл ажиллагааныхаа гол суурь болгох, хамтын ажиллагааг зохицуулах механизмыг сайжруулахзорилт. Гуравдугаарт, хүүхдийн хамгийн анхны зөв төлөвших, зөв дадал хэвшилтэй болох орчин бол гэр бүл, үүнд туслах хүмүүс нь эцэг эх, асран хамгаалагчид. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхэд тэдний туслалцаа, дэмжлэггүйгээр суралцана гэдэг маш хүнд асуудал. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдээ нэгдүгээр ангид элсэхээс нь өмнө хэрхэн бэлтгэх, ямар дэмжлэг үзүүлэх ёстой болон сургуульд элссэний дараа багш, сургуулийн хамт олонтой хамтарч, хүүхдийнхээ сурах арга барилд сурган, сурагч болон төлөвших дадлыг хэрхэн суулгах вэ, тэр нь хүүхдийг суралцахад хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэсэн чиглэлээр хамтран ажиллах зорилт байлаа. Дөрөвдүгээрт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжууландээрх гурван зорилтын үр дүн, загварыг боловсролын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчдээр хүлээн зөвшөөрүүлэх, цаашид үр нөлөөг тогтвортой байлгахын төлөөх зорилтюм.

Ингээд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд төсөлд хамрагдсан сургуулиудын багш, удирдлагууд болон номын санч, нийгмийн ажилтан эмч,туслах ажилтнууд, эцэг, эх, асран хамгаалагчид,түүнчлэн тус бүсийн цэцэрлэгийн удирдлагууд, бэлтгэл бүлгийн хүүхдийн багш нарт арга зүйн сургалт, семинаруудыг шат дараатайгаар тогтмол зохион байгуулсан.

-Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сургалтын шинэлэг арга барилуудаас дурдвал?

-Багшийг чадавхжуулах ажлын хүрээнд нэг шинэлэг агуулга оруулж ирсэн. Тэр нь сурагчийн хувийн мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг хүүхдийн суралцах чадвар ахицыг нь үнэлэхэд ашиглах юм. Энэ арга барилыг төсөлд хамрагдсан багш нарт сургалтын үеэр дадуулахыг хичээсэн. Өмнө нь хүүхдийг сургуульд элсэхэд эцэг, эхийнх нь талаарх анкетыг л авдаг байснаас биш тухайн сурагчийн талаарх мэдээлэл, сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан эсэх, чадвар, авьяас, сонирхол нь, зан авирын онцлог чанар, эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл судалгааг багш тэр бүр хийдэггүй байсан.Харин манай төсөлд хамрагдсанаар уг мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх, цаашид хэрхэн хөтлөх, сургалтын үйл ажиллагаатэй хэрхэн уялдуулан ашиглах, дүгнэх зэрэг арга зүйд суралцсан. Түүнчлэн хоёр дахь зорилтын хүрээнд мөн шинэлэг гэж болохоор нэгэн хөтөлбөрийг боловруулж, хэрэгжүүлж, үнэлсэн. Тодруулбал, нэгдүгээр ангийн суралцагчдыг хүлээж авах, сургах, ойлгож дэмжих, ер нь сургууль гэдэг. настны хувьд цоо шинэ орчинд дасахад нь сургууль хэрхэн бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна вэ гэдгийг сургуулийн өөрийн үнэлгээний аргачлалаар зургаан шалгуураар, 1-5 оноогоор үнэлдэг болсон. Энэхүү үнэлгээний дүнд үндэслэн нэгдүгээр ангид элсэгчдэд сургалтын таатай орчин бүрдүүлэхэд юу хэрэгтэй байна вэ, эцэг эхчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна уу, сургуулийн бодлого, чиглэлийн агуулга дутмаг байна уу, багш, ажилтнуудын ур чадвар, хамтын ажиллагаатааруу байна уу гэх мэтээр асуудлаа тодорхойлж, засч, сайжруулах тодорхой асуудлуудаа “Сургуульд дасан зохицох, суралцах чадварыг дэмжих” сургуулийн хөтөлбөртөө тусган ажиллах болсон. Төсөлд хамрагдсан сургуулиуд маань уг хөтөлбөрөөхичээлийн жилийн эхэнд эргэн нягталж баталгаажуулдаг, дунд хугацааны үнэлгээг олон талт оролцоотойгоор хийдэг, жил бүр хэрэгжилтээ дүгнэдэг болсон. Гурав дахь зорилтын хүрээнд эцэг, эхийн оролцоог сайжруулахын тулд Эцэг, эх багштай харилцах дэвтрийг нэгдүгээр ангийн сурагчдад зориулан нэвтрүүлэн туршиж, гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Гол үр дүн нь тухайн сурагчийг багш, эцэг, эхчүүд хамтран өмнөхөөсөө илүү үнэлдэг болсон. Сурагчийн чадвар, ололт амжилт, ахицыг үнэлдэг, багш эцэг, эхчүүдтэй байнгын харилцаатай болж,тэдний хамтын ажил сайжирсан гэж болно. Эцэг, эхчүүдэд багш хааяа нэг “Танай хүүхэд сайн, эсвэл дундаж байгаа” гэх мэт бүдэг бадаг мэдээлэл өгдөг байсныг халж, тодорхой асуумж, үзүүлэлтийг ашиглан тогтмол үнэлгээг хийж хүүхдийн суралцаж байгаа байдлын талаар харилцах дэвтэрт тэмдэглэснээр багш, эцэг эх аль аль нь хүүхдийнхээ талаарх тодорхой мэдээллийг авдаг болсон. Мөн харилцах дэвтэрт багшийн тэмдэглэсэн зүйлсэд эцэг, эхчүүд ач холбогдол өгч, засаж сайжруулах, хүүхдэдээ анхаарах зэрэг эерэг үр дүн ихтэй. Түүнчлэн уг дэвтрийн хавсралтад эцэг, эх багш нарт зориулсан зургаан настай хүүхдийн суралцах арга барилын талаар мэдээлэл оруулж өгсөн нь ихээхэн үр дүн өгч байгаа. Дөрөв дэх зорилтын хүрээнд боловсролын шат шатны удирдах байгууллагуудын 13 төлөөллөөс бүрдсэн төслийн Удирдах зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлийг байгуулснаар бидний төслийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, заавар чиглэлээр хангах, төслийн үр дүнг цаашид түгээн дэлгэрүүлэх, холбогдох боловсролын бодлогод шингээх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөлөөр дамжуулан нөлөөллийн үйл ажиллагаа явуулсаар хэвшил болгох зорилттой.

-Зургаан настай хүүхдийн суралцах арга барилын талаар мэдээлэл өгөх үү?

-Зургаан настай хүүхэд тоглонгоо суралцдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан зүйл.Тэдний бодит үйлийн сэтгэхүй түлхүү хөгжсөн байдаг. Тоглож, бусадтай харилцангаа сургах, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь илүү үр дүнтэй гэсэн үг.

-Төсөлд хэчнээн багш, эцэг эх гэх мэт хүн хамрагдсан бэ?

-Гурван жилийн турш хэрэгжиж буй төсөлд нийт 204641 хүн хамрагдсан. Үүнээс бага ангийн багш давхардсан тоогоор 1523, сургуулийн удирдах ажилтан болон туслах 135 ажилтан, нийгмийн ажилтан, эмч, номын санч гэх мэт боловсон хүчин 231, 12198 эцэг эх сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцож, тодорхой мэдлэг, аргазүйг олж авсан.

-Өмнө нь ерөнхий боловсролын сургуульд элсэхийн өмнө бэлтгэл ангид явж, зурлага, дүрс зурж, бэлтгэдэг байсан нь маш их үр дүнтэй байсныг танай төсөл баталж, одоогийн сургуульд орсны дараах бэлтгэл хөтөлбөрийг сайжруулахад ихээхэн түшиц болсон гэсэн. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?

-Сургуульд элсэх хүүхдэд зориулж хавар бэлтгэл хөтөлбөр гэж өмнө нь хичээллэдэг байсан. Тэр үед хүүхдүүд 7, 8 тайдаа сургуульд ордог байсан. Харин 2008 оноос ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүдийг зургаан настайгаас нь элсүүлдэг болсон. Иймд хүүхдийг сургуульд оронгуут үсэг, тоо заах, уншуулж, бодуулахаасаа илүү сурах дадал, арга барилыг олгох нь чухал гэдгийг багш нар, сургуулийн удирдлагууд, бодлого боловсруулагчид, БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд олон жилийн практик туршлага, судалгаанд тулгуурлан тодорхойлж, бэлтгэл хөтөлбөр байх ёстой гэсэн шийдэлд хүрсэн. Нэг завшаантай зүйл нь манай төсөл батлагдаж, БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байх үед яам ажлын хэсэг байгуулан нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийг хянан сайжруулах ажлыг эхлүүлж байсан. Тиймээс бид хамтран ажиллаж, төслийн үр дүнгээ харах нэгэн боломж энэ болсныг цохон тэмдэглэх ёстой. Яам болон холбогдох судалгааны байгууллагын мэргэжилтнүүд бэлтгэл хөтөлбөрийг илүү боловсронгуй болгоход маш их хичээл, зүтгэл гаргаж ажилласан. Бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг 60 цагт хэрэгжүүлэхдээ хүүхдийн сургуульд элсэхэд учирдаг бэрхээлийг даван туулахад туслах, сургалцах анхан шатны арга барилтайболгох хэрэгцээг хангахад чиглүүлсэн. Мөн нэгдүгээр анги дааж авах багш нарт зориулсан практикт тулгуурласан зөвлөмжтэйгээр гаргаж байгаа нь нэг давуу тал. Ингээд бэлтгэл хөтөлбөр болон түүнд хэрэглэгдэх Дасгал ажлын дэвтрийг төсөлд хамрагдаж буй сургуулиуд болон хөдөө орон нутгийн зарим сургуульд туршсаны дараа дахин сайжруулсан. Нэгдүгээр бэлтгэл хөтөлбөрийг БСШУСЯ-наас баталгаажуулж, улсын хэмжээнд мөрдүүлснээр төслийн үр дүнг үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болсон. 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлэх “Сурах бичгийн нэгдсэн жагсаалт”-д оруулж батлуулсан. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 1 дүгээр ангийн нийт 73,545 хүүхдэд “Дасгал ажлын дэвтрийг” түгээж, бэлтгэл хөтөлбөрийн ургалтад ашигласан. Цаашид нэгдүгээр ангид элсэгчдийн байнгын сурах бичиг болох юм.

-Бодлогын хүрээний үр дүн маш сайн гарч байгаа юм байна. Зургаан настнуудад чиглэсэн тэднийг суралцах арга барилд сургах тухайд хэр үр дүнтэй байна вэ?

-Оюуны хөрөнгө оруулалтаас гарах үр нөлөөг шууд хүлээх нь зохимжтой бус. Үүний нэг адил манай боловсролын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнг одоо дүгнэж, цэгнэх нь эрт байна. Гэхдээ бид тодорхой хэмжээнд үр дүн тодорхойлохын тулд төслийнхөө хүрээнд зарим судалгаануудыгхийсэн. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хоёр жилээс дээш хамрагдсан, огт хамрагдаагүй, манайхаас хэрэгжүүлсэн гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх зуны гурван сарын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг харьцуулан судалсан. Үүнээс харахад сургуульд дасан зохицох чадвар, бие бялдрын хөгжил, бие даах чадвар СӨБ-д хамрагдаагүй хүүхдүүдэд маш дутмаг байдаг хэдий ч энэхүү ялгаа тодорхой хугацааны дараа багасч, хүүхдүүд харьцангуй жигд түвшинд хүрч хөгждөг. Дээрх ялгаа зөрүүг арилгахад багшийн арга зүй, эцэг эхийн оролцоо, сургуулийн дэмжлэгийн хүчинд хүүхдийн орчиндоо богино хугацаанд дасах нөхцөл бололцоог бий болгодог.

Олон улсын эрдэмтэн судлаачдын хүүхдэд сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдалт, тухайн үеийн туршлага хэрхэн нөлөөлдгийг 40 жилийн дараах тухайн хүний ямархуу амжилттай, амьдралын түвшин нь хэр байгаатай уялдуулан гаргасан судалгааны талаар би уншиж байсан. Тиймээс төсөл хэрэгжүүлснээр хүүхэд болон бусад төслийн үр шимийг хүртэгчдийн хувьд гарах гарах үр нөлөөг цаг хугацаа харуулах байх. Гэсэн хэдийн ч манай төслийн сургуулиудын багш нар заах арга зүйгээ шинэчилж,эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах арга барил, түүнд зориулах цаг нэмэгдэхийн хэрээр хүүхдүүдийн суралцах чадварт ахиц гарч байгааг дээр дурдсан. Жишээ нь, багш нарын дунд сурагчдыг эгнээгээр суулгадаг нийтлэг аргыг өөрчлөн бүлгээр ажиллуулах гэх мэтээр өөр хувилбараар хичээлээ зохион байгуулан сурагчдын сурах сонирхлыг төрүүлэх, илүү бүтээлч байх хандлагыг дэмжин, хамт олонч болох, бусдынхаа тусламжтайгаар хичээлээсээ хоцрохгүй ижил түвшинд явах зэрэг хүүхдэд сайнаар нөлөөлдөг энгийн жишээ олон бий.

-Нэгдүгээр ангид элсэгчдэд зориулсан сургалтын орчин ямар байх ёстой вэ?

-Төсөл хэрэгжсэний үр дүнд сургуулиуд нэгдүгээр ангид элссэн сурагчдад зориулж анги танхим, номын сан, бие засах газар зэрэг газрууддаа тэдний ойлгох хэлээр буюу зурган таних тэмдэгбайрлуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байна. Түүнчлэн сургуулиуд намар сургуульд элсэх хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хавар сургалтад хамруулах, хүүхдүүдэд зорицлсан сургуультай танилцах өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах замаар сэтгэлзүйг нь бэлддэг болсон.Үүнээс гадна сургууль эцэг эхэд ээлтэй, нээлттэй болж эцэг, эхийн хурал зэрэг хэвшмэл ажлуудыг илүү мэдлэг мэдээлэл олгох сургалтын үйл ажиллагаа болгон хувиргасан. Ингэснээр “Би чухал мэдээллээс хоцорчих вий” гэж яардаг, сургууль руу дуртай ирдэг болж байна.

-Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй арга зүй, санал санаачилгуудыг төслийн Удирдах зөвлөлийнхөн боловсруулж, нэвтрүүлсэн үү, эсвэл Японы ч юм уусургалтын системийн арга, технологиос тусгасан уу?

-Манай төслийн менежер япон хүн, төсөл маань Япон Улсаас санхүүжсэн ч өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн төслийн арга зүйг монгол хүүхдэд, монгол багшид, монгол сургалтын арга зүйд нийцүүлэх үүднээс манай төслийн сургалтын модулиудыг боловсруулан багш нарыг сургахад зөвлөхүүд асар их үүрэг гүйцэтгэсэн. Японд бол хүүхдийг төрснөөс нь эхлээд л сургах, сургуульд бэлтгэх явц нь эхэлдэг юм байна. Гэтэл манайх одоогоор хавар нь, зарим нь бүр намар нь хичээлийн хэрэглэлийг нь бэлдээд багшид нь өгчихдөг. Энэ буруу дадлыг өөрчлөх, хүүхдийг багаас ньсурах аянд нь бэлтгэж байх ёстой гэдгийг бид ямагт анхаарах нь чухал. Зөвхөн зөв уншиж, бичиж чадаж байгаа эсэхэд нь анхаарах бус хүүхдэд ямар зөв дадал хэвшлийг хэрхэн олговол зохих вэ, сургуульд ороход нь дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэглэлээс гадна хүүхэддээ тохиолдож болзошгүй бэрхшээлийг хэрхэн багасгах, даван туулах вэ, хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ гэдгийг томчууд бодох хэрэгтэй.

-Төслийн хугацаанд бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу. Байсан бол засаж, залруулах гарц, гаргалгаа нь юу гэж харж байна вэ?

-Нийгэм, цаг үеийн хэрэгцээ шаардлагад төслийн хэрэгжилт нийцсэн, хэрэгтэй цагт нь тодорхой хэмжээгээр орон зайг нөхсөнучраас төсөл хэрэгжих явцад азаар бэрхшээл гэхээр зүйл төдийлэн байсангүй. Сургуулиудад байнга шахуу очдог гэнэтийн шалгалтууд, багш нарыг бичиг цаасны ажлаар дардаг байдал, дарга, удирдлага нь ойр ойрхон солигддог, дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгдөггүй, дахин бүгдийг эхнээс нь ойлгуулах гэх мэт асуудал тулгарч байсан ч бидхамтран ажиллагчид, багш нарынхаа хүчээр нэлээд ажлыг амжууллаа. Мөн үйл ажиллагааны зорилгыг сургуулийн удирдлага ойлгож, дэмжиж байгаа цагт ямар ч асуудал түвэггүй шийдэгддэгийг төслийн явцаас ойлгосон.

-Манай бага ангийн багш нарын хүүхэдтэй ажиллах чадвар ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бага ангийн багш шиг ажилдаа үнэнч, махруу, сэтгэл, зүтгэлтэй, бүхнээ зориулдаг, сурагчдынхаа төлөө хэзээд бэлэн байдаг ажилтан, албан хаагч олж харсангүй. Маш их ачаалалтай мөртлөө л шинэ зүйл сурах, мэдэх маш их хүсэлтэй нь ажиглагдаж байсан.Тэднийг зөв удирдан зохион байгуулдаг сургалтын менежерүүдийн чадвар, зүтгэлийг үнэлээд баршгүй.

-МУБИС-д бага ангийн багш нарт зориулсан загвар анги нээсэн байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Бид МУБИС-ийн Багшийн сургуульд оюутнуудыг төгсөөд ажил дээр гарсныхаа дараа бус оюутан байхдаа л хүүхэдтэй хэрхэн ажиллах, ямар арга зүй, тоглоом наадгайгаар юу зааж болох, шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг өөрсдөө эзэмшсэн, судалгааны арга зүйд суралцсан байхад нь туслах зорилгоор 10 сая төгрөгийн өртөг бүхий загвар анги нээж өглөө. Багшид тохиолдох бэрхшээлийг даван туулахад нь туслах дадлага хийх хэрэглэгдэхүүнүүд, бичиг хэргийн тоног төхөөрөмж гэх мэт зүйлээр хангасан.

-Тэгэхээр энэ төсөл хэрэгжсэнээр өмнө нь хүүхэд нь онц, муу сурах, сургуульдаа дуртай байх нь анги даасан багштай нь л хамаатай мэт байсан ойлголтыг халж, бүгд хамтарч байж боловсролтой, мэдлэгтэй, сурах эрмэлзлэлтэй хүүхдийг бий болгоно гэх ойлголтыг хөндөж, заримд нь хэвшил болгосон байх нь. Үүнийг цаашид бусад сургуульд төдийгүй сургалтын байнгын арга барилд хэвшүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Төсөлд хамрагдсан сургуулиуд, хамтран ажилласан байгууллагууд өнгөрсөн хугацаанд боловсруулж, санаачилж хийсэн бүхнийг холбогдох салбарынханбодлогын түвшинд аваад явна, нийслэлийн бусад дүүргүүд болон орон нутагтүргэлжлүүлэн түгээнэ гэдэгт итгэж байгаа.Нийслэлийн боловсролын газар, төсөлд хамрагдсан 3 дүүрэг, сургуулийн захирал, багш нар маань графикт сургалтдаа манай арга зүйг тусгаад явсан байхад үргэлжлээд л, улам шинэчлэгдэж, сайжраад л яваад байна гэсэн үг. Түүнчлэн сургалтын модуль, арга зүйн зөвлөмжүүдээ холбогдох вэб сайтуудад нээлттэйгээр байршуулсан. Хэн ч түүнийг татаж аваад ашиглах боломжтой.

Үүнээс гадна бид төслийн хугацаанд зөвхөн төсөл хэрэгжүүлж байгаа 24 сургуульдаа л арга туршлагаа хэрэгжүүлнэ гээгүй. Эхний хоёр жил сургуулиуддаа төвлөрч ажилласан бол сүүлийн жилд туршлага, загвараа бусад сургууль, багш нарт түгээн дэлгэрүүлэх, төслийнхөө талаарх мэдээллийг нийгэмд хүргэхэд чиглэж ажиллалаа. Гурван дүүргийнхээ төсөлд хамрагдаагүй 36 сургуулийн багш нарыг хамруулсан сургалтууд, өдөрлөгүүд зохион байгуулсан.

Энд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тус нийгэмлэгийн олон төсөл хөтөлбөрт оролцож, бэлтгэгдсэн чадварлаг, өргөн мэдлэгтэй сургагчбагш нар маань сургалтуудаа удирдаж ирсэн. Хамтран ажилласан БСШУСЯ, НБГ,Дүүргүүдийн Боловсролын хэлтэс, МУБИС, БМДИ, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгтбайгууллагынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Түүнчлэн цаг үеэ маш зөв олсон, үнэхээр хэрэгтэй байсан энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон багшид нэгийг бодуулж, урам зориг өгсөн, Монголын боловсролын салбарт шаардлагатай байгаа шинэлэг арга зүйг түгээж, сургуулиудыг тодорхой чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн, эцэг, эхчүүдийг тодорхой чадавхид суралцуулсан, хүүхдийг багаас нь суралцахуйд бэлтгэх, сурч эхлэхээс төгсөх хүртэл хамтран суралцах баг бүрдүүлэхэд өгөөмөр туслалцаа үзүүлж, санхүүжүүлсэн Японы Засгийн газарт маш их баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

“Лантуун дохио” ТББ-аас жагсаал хийж байна

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан хэрэг өнгөрөгч оны наймдугаар сард гарсан.

Уг хэргийн хэлэлцүүлэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2018.03.06/ болж байгаа. “Лантуун дохио” ТББ-ын хүчирхийллийн эсрэг эрчүүдийн клубээс тус шүүхийн гадна талбайд жагсаал зохион байгуулж байна.

Уг клубээс охины ар гэрийнхний сэтгэл санааны хохирлыг нөхөн барагдуулах шаардлагыг прокурорт дахин тавьж буй бөгөөд мөн охины шүүх шинжилгээний хариу алдаатай гарсан зэрэг асуудлыг тавьж жагсаал хийж байгаа аж.