Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөлийн аяныг дахин эхлүүллээ

Газар өмчлөлийн аяныг дахин эхлүүллээ

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ. Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Д/д

Дүүргийн нэр

Гэр хорооллын суурьшлын бүс бүхий хорооны тоо

Газар өмчлөх боломжтой нэгж талбарын тоо

1

Баянгол

8

212

2

Баянзүрх

17

5729

3

Сүхбаатар

7

323

4

Сонгинохайрхан

17

579

5

Чингэлтэй

13

4852

6

Хан-Уул

11

126

7

Багануур

5

221

8

Баганхангай

2

135

9

Налайх

7

1286

Нийт дүн

13463

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 3 сарын аяныг зохион байгуулж, нийт 5423нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 2571 иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Аяны хүрээнд зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн газраа өмчилж авах боломжийг бүрдүүлж өгсөн гэж нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Эрдэнэтийг тойрсон улс төржилтийн ард луйварчид нь үлдэх гээд байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийг тойрсон маргаан манайхны ганц сэдэв болчихоод байна. ОХУ-аас Монголд авч ирсэн гэгдээд буй 49 хувийнхан нь шүүхээр асуудлаа шийдүүлэхээр явж байгаа. Гэтэл нөгөө талд нь 51 хувийнх нь хувь заяа тун бүрхэг болчихлоо л доо. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст групп зээл авч хүү, алдангитайгаа 109 сая ам.долларыг төлнө гэж байна. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон маргааныг та хэрхэн харж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийг тойрсон энэ асуудлууд өнөөдөр гэнэт гарч ирчихсэн юм биш. Эртнээс улбаатай л даа. УИХ-ын чуулганы хуралдаан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө хэлж байсан. Харамсалтай нь эрх баригчид үүнийг огт авч хэлэлцээгүй. Уг нь эртхэн анхаарал хандуулаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал өөр байх байсан юм. 2016 оны намрын чуулган эхлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох үед нь “Лондонгийн Арбитрын шүүх дээр ийм маргаан байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр илүү анхаарал тавьж ажиллаарай” гэж захиж байсан. Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, барьцаалан их хэмжээний зээл авч, тэр компанийг энэ их хэмжээний өрөнд үлдээх сонирхол зарим хүмүүст байна шүү гэдгийг би тухайн үед анхааруулан хэлж байсан л даа.

МАН тухайн үед огт чимээгүй байсан. Учир юу гэхээр өмнө нь МАН-ын удирдлагад байсан зарим хүн Эрдэнэтийг барьцаалсан асуудалд холбоотой байсан учраас энэ талаар огт яригдахгүй байсаар өнөөдөр ил боллоо. Үнэнд гүйцэгдэж, Арбитрын шүүхийн шийдвэр гарч Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх хүртэл байдал хурцадсан үед МАН-ынхан аргагүйн эрхэнд дуугарч байна. Эрдэнэтийн асуудлаар огт чимээгүй явж байсан, энэ тухай л битгий яриасай гэж залбирч байсан хүмүүс гэнэтхэн 51 хувийн талаар ярьж эхэллээ. Сонин байгаа биз.

-Хэдэн улстөрчөөс л боллоо гэж ойлгох уу?

-Энэ нь зарим улстөрчдийн увайгүй үйлдлийн тусгал. 1990-ээд оны үед Монгол Улсын цорын ганц саалийн үнээ гэгдэж, биднийг тэжээж ирсэн ганц үйлдвэрийн толгойг залгих дээрээ тулчихлаа.Чимээгүй явсан улстөрчид гэнэт хэлд орж Эрдэнэтийн 51 хувийн талаар ярьж, улс төржүүлж эхэллээ. Ингэж улс төржүүлснээрээ Эрдэнэтийн 51 хувийг юу ч биш болгож хувиргаж байгаа юм. Энэ их улс төрийн ард луйварчид нь үлдэх гээд байна шүү дээ. Луйварчдыг зүгээр орхихгүйн тулд заавал хариуцлага тооцох ёстой.

-Сүүлийн үед бол Эрдэнэтийн 51 хувийн асуудал сөхөгдөх гээд байсан тул зориудаар 49 хувийн асуудлын өндрийг авахуулсан гэх юм?

-1990-ээд оны эхэнд Монгол, Орос 50:50 хувь эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийг яаж Монголдоо авч ирэх вэ гэдэг хүсэл эргэмзэл байсаар ирсэн. Үе үеийн Засгийн газар, төрийн үед ийм бодол байсан юм аа. 1990-ээд оны эхээд Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг болоод бид хичнээн их баярлаж байв. Сүүлд нь монгол компани 49 хувийг нь Монголд авч ирснийг би чухал үйл явдал болсон гэж боддог. Харин авч ирсэн үйл явц нь хууль журмын дагуу явсан уу гэдэгт тодорхой эргэлзээ надад байдаг. Ямар ч байсан Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирсэн нь чухал юм шүү. МАН-ынхан Ардчилсан намынхан Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн гэж харлуулах гэж оролддог. Нэгэнт дотооддоо аваад ирсэн юм чинь бид асуудлаа дотроо шийдэх боломж бүрдсэн. Гэтэл 51 хувиа бид Монголоосоо алдах хэмжээнд тулчихлаа. Арбитрын шийдвэрийн дагуу 50 сая ам.доллараа хүү, алдангийн хамт 100 гаруй сая ам.долларыг төлөхгүй бол Стандарт банкны эзэмшилд шилжих нөхцөл бүрдсэн. Стандарт банкны 70 хувийн хувьцааг нь хятадууд худалдаад авчихсан. Нэг хэсэг нь ОХУ-аас 49 хувиа авч ирдэг, нөгөө хэсэг нь 51 хувиа хятадуудад өгөх нөхцөл байдал үүсчихлээ. Тиймээс асуудлаа яаралтай шийдэхгүй бол болохгүй.

Лондонгийн арбитын шүүх дээр монголчууд амжилт гаргах боломж байсан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хуурамч гарын үсгээс эхлээд бусад асуудлаа дотоодынхоо хуулийн дагуу ямар хариуцлага хүлээсэн бэ гэдгийг гаргаж ирсэн бол Арбитын шүүх дээр хэлэлцэх нөхцөл бүрдэх байсан.

-Одоо оройтчихлоо доо, тийм үү?

-Стандарт банкнаас мөнгө зээлсэн хүмүүсийн хууль бус, увайгүй үйлдэл байсан гэдэг шийдвэр гаргаад тэр хүмүүстээ хариуцлага тооцсон бол Арбитын шүүх зарим нэг зүйл дээр хөнгөвлөх нөхцөл бүрдэх байсныг хаацайлж явсаар өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг Монголын төр, төрийн өмчит компаниар төлүүлэх сонирхол нэг хэсэг бүлэг хүнд бий. Тийм учраас энэ асуудал шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүрчихсэн юм. Би ингэж л харж байна.

Зарим хүмүүс энэ мөнгө Эрдэнэтийн дансаар орж ирээгүй гэж ярьдаг. Харамсалтай нь энэ бүх мөнгө нь Эрдэнэтийн дансаар ороод гарчихсан. Зарим нэг хүмүүсийн уснаас хуурай гарах гэж буй оролдлого бүтэхгүй. Эрдэнэтийн тодорхой албан тушаалтнуудын гарын үсгээр ороод гарсан. Ингэж дансаар нь орно гэдэг чинь Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаснаа нотолж байгаа юм.

-Нэг хүний авсан зээлд нийтээрээ самгардаад байх нь зөв юм уу. Нэгэнт л зээл авсан хүн нь тодорхой байхад зээлээ төлүүлээд явчихаж болдоггүй юм байх даа?

-Тэр олон сая ам.доллар зүгээр л усанд хаячихсан юм шиг алга болохгүй. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан авсан тэр мөнгө нэг оффшор дансанд л байгаа. Үүнд гар бие оролцсон хүмүүс мөнгөө хувааж аваад оффшор дансандаа хадгалсан гэж бодож байна. Үүнийг илрүүлж тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг. Монголын төрд шударга хүн гэж яригдаж буй нь Ц.Нямдорж сайд. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ мөнгө хаашаа орсныг шалгах ёстой. Иргэдийн зүгээс зарим мөнгө нь албан тушаалтнуудын дансанд орсон гэж хардаж байна. Тиймээс энэ эргэлзээг тайлах нь Ц.Нямдорж сайдын үүрэг.

-Ц.Нямдорж сайд 49 хувь дээр л юм ярихаас биш 51 хувийн тухай ерөөсөө дуугарахгүй байгаа шүү дээ?

-Монголын төр хэн нэгэн луйварчин, албан тушаалтны өмнө толгой гудайж байгаагүй. Төр үргэлж хүчтэй байсан. Монголчуудыг олон жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэртээ хайртай ард түмэн. 1990 оны нийгмийн хатуу ороо бусгаа эдийн засгийн амаргүй цагийг бид Эрдэнэтийнхээ буянаар л даван туулж ард нь гарч байсан. Ийм үйлдвэрээ гадныханд алдахгүй, битүүмжлүүлэхгүй байх хэрэгтэй. Харин ч олон улсын зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нөхцөлд улам идэвхтэй үйл ажиллагаа явуулж зэсийн баяжмалаа гаргах ёстой. Эрдэнэт үйлдвэр саатах ёсгүй. Тиймээс хуулийн байгууллагынхан хариуцлагатай ажиллах шаардлагатай. Хэн нэгэн сайд хууль бус үүрэг өгсөн ч гэсэн хуулийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй.

-Авсан зээлээ төрөөр даалгаад сурчихсан хэсэг бүлэг байна гэж ойлгож болох уу. Эрдэнэтийг барьцаанд тавьсан гэх “Жаст”-ын Ш.Батхүү мөн л Хадгаламж банкаар баталгаа гаргуулаад “Алтжин”-гийн Алтангийн хүү Эдвард Сүрэнгээс их хэмжээний мөнгө зээлсэн гэдэг яриа бий. Түүний зээлсэн мөнгө болох 51.5 тэрбум төгрөгийг нь Төрийн банк төлөх гэж байна гэх юм?

-Энэ том луйврууд ардаа томоохон албан тушаалтнуудтай байж явагддаг. Чи бид хоёр нийлээд бид гэрээ байгуулсан гээд хэн нэг хүн дээр очоод “Энэ мөнгийг гаргаад өг” гэхэд өгөх хүн байх уу. Ингээд очиход үүнийг нь шийдээд мөнгө өгөх боломж байхгүй. Тиймээс ийм хэмжээний томоохон луйврыг төрийн өндөр албан тушаалтан ард нь байж хийдэг гэдгийг дахин хэлье. Ийм луйврыг жирийн бизнесмэн хийж чадахгүй. 51.5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан тухайн үеийн Хадгаламж банк одоогийн Төрийн банкнаас луйвардаж байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг луйвардаж буй нэг хэлбэр. Үүний ард томоохон албан тушаалтан бий.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан, Хадгаламж банкийг барьцаалсан асуудал тун ойрхон үзэгдэл юм аа…

-Эрдэнэтийн 51 хувь, Төрийн банкнаас гарч буй 51.5 тэрбум төгрөг бүгдээрээ холбоотой.


Categories
мэдээ цаг-үе

Н.Жалбажав: Монгол хүний уг мөн чанарт эх орноо хайрлах үзэл хадгалагдаж хамгаалагдсаар байдаг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хошууч генерал, доктор, профессор Н.Жалбажавтай ярилцлаа.


-Эх оронч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Эх оронч байхын тулд яах ёстой вэ?

-Сүүлийн үед эх оронч үзлийн тухай бишгүй ярих боллоо. Цаг үетэйгээ уялдан урган гарч ирж, тэрхүү шаардлагаар дэвшигдэн яригдаж байгаа асуудал байх. Монгол Улс хүн төрөлхтний үнэт зүйл болсон зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, ардчиллыг сонгож аваад 30 шахам жил боллоо. Их хичээж зүтгэж байна. Гэхдээ учирч байгаа хүндрэл бэрхшээл яггүй байна. Нийгмийн ухамсрын түвшинд цоо шинэ нөхцөл байдал бүрэлдэж бий болж байна. Үүнтэй холбоотой, нэгдүгээрт, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн ерөөсөө нийгмийн социал ялгарал, орчин нөхцөлийг бүрдүүлдэг жамтай. Урьд нь Монгол Улсын хүн амд байгаагүй шинэ давхаргууд бий боллоо, баячууд, чинээлэг хэсэг, дундчууд, ядуучууд, үгээгүйчүүд гэх мэт. Урьд нь цул, нэгдмэл гэж хэлж болохоор байсан байдал алдагдаж янз бүрийн ашиг сонирхол, үзэл бодол нийгэмд төлөвшиж үндэсний аюулгүй байдлын дотоод шинэ орчин бий боллоо. Хоёрдугаарт, бид даяаршлын үед аж төрж байна. Нийгмийн бүхий л хүрээлэл гадны нөлөөнд өртөж байна. Барууны соёл урлаг, гудамжны шар урлаг гэгдэж байсан зүйлс өнөөдөр манай нийгмийн амьдралын хэм хэмжээ болж, хүмүүсийн ухамсарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Гуравдугаарт, зах зээл, амьдралын төлөөх хатуу ширүүн өрсөлдөөнд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай уялдан үнэт зүйлсийн чиг баримжаа өөрчлөгдлөө.

-Тэгж байна.

-Бид урьд нь эх орон минь, ард түмэн минь гэж сүсэглэж “Төр минь” гэж залбирдаг байсан бол одоо хувь хүн өөрийнхөө амьдралыг залгуулж, хувь хүний эгоист үзэл ноёрхох боллоо. Ямар ч үнээр хамаагүй баяжих, эд хөрөнгөтэй болох, шунах, хөрөнгө мөнгөний ашиг хонжоо хайсан сохор зоосны сэтгэхүй нь нийгмийн ухамсарт ноёрхож байгаа юм. Гадна дотны эдгээр өөрчлөлтийн нөлөөн дор хүний эх орноо хайрлах, эх орныхоо төлөө чин үнэнч, шударгаар зүтгэх энэ үзэл байдал, үнэт зүйлсийн чиг баримжаанд зарим төрлийн өөрчлөлт гарч байна. Зарим эрдэмтэн, судлаачид эх оронч үзэл, хүмүүжил бүдгэрч байгаа тухай ярьж байна. Би зарим зүйлтэй санаа нийлдэггүй. Монгол хүний ухамсар, хүмүүжил доройтож, эх оронч үзэл мартагдаж байна гэдэг бол энэ нийгмийн шалдар булдар зүйлстэй холбоотойгоор өнгөц гарч байгаа дүгнэлт болохоос биш Монгол хүний цаад уг, мөн чанарт эх орноо хайрлах элгэн халуун үзэл хадгалагдаж хамгаалагдсаар байдаг. Харин энэ үзлийг бадрааж хөгжүүлэх, эх орны бүтээн байгуулалт, үндэснийхээ эв нэгдлийг хангах, их хүчин болгох тэр арга хэрэгсэл тогтолцоо, механизм л дутагдаж байна.

-Эх оронч гэхийг эх орноо хамгаална гэсэн үйл үг дагадаг. Өнөө цагт улс орнууд зэвсэглэлээс татгалзъя гэж бүгд ярьдаг мөртлөө цаагуураа цэрэг, армийн хүчээ зузаатгасаар байгаа. Таван замын байлдаан буюу үхэр жилийн үймээний үеэр манай тал ялагдал хүлээх болсон шалтгаан нь бууны сумгүй байсантай холбоотой гэдэг. Хэрвээ тухайн үед бид өөрсдөө сумаа цутгадаг, эсвэл аль нэг улсаас хараат бусаар сумны нийлүүлэлтээ шийдсэн байсан бол гэсэн асуулт гарч ирдэг л дээ?

-Сум, бууны сум гэх мэтийг эх оронч үзэлтэй хольж хутгавал буруу дүгнэлт гарч мэднэ. Сум хийх хэрэгцээ шаардлага манайд өнөөдөр байгаа юм уу. Дэлхийн гадаад дотоод харилцаа, шинжлэх ухааны ололт, амжилт эрчимтэй өрнөж байна. Өнөөдөр гадаад орнуудад армийн зэвсэглэл гэдэг жил ирэх бүр шинэчлэгдэж байна шүү дээ. Үүнийг дагаж л бид гадаад харилцаа, хамтын ажиллагааныхаа хүчин зүйлийг ашиглаж эх орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, зэвсэгт хүчний зэвсгийг шинэчлэх, техникийн шинэчлэл хийнэ үү гэхээс биш монголчууд өөрсдөө байлдааны техник хэрэгсэл үйлдвэрлэж бий болгох, сум цутгах онцын чухал хэрэгцээ шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Юмыг улс орон өөртөө үйлдвэрлэх, өөрийнхөө эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах явдал нь төрийн бодлогын хөдлөшгүй зарчим байх ёстой. Гэхдээ сум цутгах төдийгөөр энэ асуудлаар үүнийг хязгаарлаж болохгүй. Сум цутгана гэдэг чинь дээр үеийнх шиг цахиур буунд сум цутгахтай адил юм биш шүү дээ. Шинжлэх ухааны маш нарийн технологийг шингээсэн цэргийн үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр сайн бодох хэрэгтэй. Юуг өөртөө үйлдвэрлэх вэ, ямар потенциалыг бий болгох вэ гэдгийг бодохгүйгээр өөрөө өөрийгөө зэвсэглэнэ гэдэг бүтэшгүй асуудал.

Монгол Улс хүнд үйлдвэрлэл, тэр дундаа цэргийн зэвсэг, техник үйлдвэрлэл байгуулах потенциалыг бий болгох, үгүй ядахдаа хүн ам зүйн боломж байхгүй. Тийм шаардлага ч байхгүй.

-Швейцарь улс төвийг сахидаг. Тус улсын эрчүүд нь бүгд шахуу буутай, маш хүчтэй армитай. Улс нь армийн зэвсгээ шинэчлэхдээ хуучнаа иргэддээ хямд үнээр зардаг. Эмэгтэйчүүд нь буу эзэмшдэг. Үе удам дамжсан буунуудаа дарс шиг л гэрийнхээ агуулахдаа өрчихсөн байдаг. Амгалан тайван, жаргалын орон гэдэг ч үнэндээ тэнд тийм л амьдрал цогцлоод хэдэн зуун жил болжээ. Энэ улсын иргэд бүгд буутай харьцаж чаддаг. Манайд тийм зүйл байдаггүй?

-Байдаггүй гэх нь юу юм бэ. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Засгийн газраас улс орны батлан хамгаалах тогтолцооны эрхзүйн шинэчлэлийн тухай их ярьж байна. Их зүйл хийж байна. Батлан хамгаалах үзэл баримтлал, номлолоо шинэчиллээ. Орон нутгийн хамгаалалт гэдэг зүйл байгаа юм. Эрдэмтэн судлаачид үүнийг янз янзаар ярьдаг л даа. Төрийн баримталж байгаа албан ёсны баримт бичигт юу гэдэг вэ гэхээр орон нутгийн хамгаалалт бол Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны зохион байгуулалтын үндэс гэж хүлээж аваад байгаа юм. Таны яриад байгаа Швейцарь, төвийг сахисан үзэл баримтлалтай орнууд байна шүү дээ. Монголтой төстэй цөөн хүн амтай орнуудад орон нутгийн хамгаалалтаар дамжуулж нийт ард түмнээ, эх орноо зэвсэглэн хамгаалахад бэлддэг. Тийм тогтолцоо байдаг. Тэр улс орнуудад цэргийн насны залуучууд нь тодорхой хугацааны дотор цэргийн сургуулилт, дадлагад хамрагддаг. Жишээлбэл, Швейцарьт хүмүүс ярьдаг л юм билээ. Гэрт нь буу, зэр зэвсэг нь байж л байдаг гэж. Унадаг дугуй, аранз, зэвсэг, байлдааны хэрэгсэл бүрэн. Бүгдийг нь үүрч очоод л жагсаалд орж үүргээ гүйцэтгэхэд бэлэн байх сургуулилтууд явагддаг. Жилд богино хугацааны түргэвчилсэн сургалт, шаардлагатай бол хугацааг нь сунгадаг. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд, төрийн төв болон нутгийн байгууллагууд, иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэн болгон батлан хамгаалах талаа хүлээсэн үүрэгтэй. Тэр үүргийг нь хууль тогтоомжид маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Манайх одоо яг тэр чиглэлээр явж байх шиг байна.

Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомжийнхоо үндсийг бүрдүүлэх тал дээр батлан хамгаалахын салбар болон бусад холбогдох салбарын бүхий л хүмүүс цуглаад ажиллаж байна. Тэр тогтолцоогоор Монгол Улс шиг хүн ам цөөтэй ийм улс оронд орон нутгийн хамгаалалтын асуудал, нийт иргэний оролцоонд урьдчилсан хамгаалах тогтолцоогоо тулгуурлан хөгжүүлэх нь үнэхээр чухал. Нийт иргэний оролцоонд урьдчилсан хамгаалах тогтолцоогоо тулгуурлахын нэг чухал үндэс нь орон нутгийн хамгаалалт юм. Түүнээс биш орон нутгийн цэрэг байгуулаад байх асуудал биш. Баян-Өлгийн цэрэг, Говь-Алтайн цэрэг, Увсын цэрэг гэж байж таарахгүй л дээ. Холбооны улсуудад хүртэл батлан хамгаалах тогтолцоо нь нэгдмэл байдаг. Нэгдмэл тогтолцоог алдагдуулах ёс байж болохгүй.

-Монголчуудын гарыг мухарлаж буутай харьцах сэтгэлгээг нь дарж “Буу бол маш аймшигтай эд, ойртоод ч хэрэггүй зүйл” мэтээр олон арван жилийн турш сурталдсан. Үүний гороор гэртээ буутай айл цөөн, буутай харьцаж үзсэн хүн ч бараг байхгүй болсон. “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг үг хүртэл гарсан. Өнөө дайнч тулаанч, эрэмгий эрстэй ард түмэн хоосон буунд хүрэхээс айдаг болно гэдэг юутай холбоотой вэ?

-Цаад оросууд чинь байна шүү дээ, харин ч “Танай Монгол Улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын өмнөд хил. Танайх энэ хилийг хамгаална” гээд манайхыг цэрэгжүүлсэн. Зөвлөлт, Монголын харилцааны үед Монгол хамгийн их цэрэгжсэн улс байсан юм. Азид байхгүй танкийн том армитай, хамгийн том зэвсэгт хүчин, дайчилгааны нэгдсэн том системтэй байлаа. Монгол Улсдаа ахадсан тийм армичлагдсан систем байсан юм шүү.

Харин монгол хүний, үндэсний ухамсрыг мохоосон, социалист, интернационализмын үзэл санааны дор монгол хүний өөрөө өөрийнх нь Монгол гэсэн үндэсний эх оронч үзэл бүдгэрсэн тал байхыг үгүйсгэх арга байхгүй.

-Галт зэвсгийн хуулиар хагас болон бүрэн автомат буу хэрэглэхийг хориглосон. Гэтэл манайд гуравдагч орны буунууд орж ирж байна. Гэтэл ямар нэг гэнэтийн зүйл болж сумны хэрэгцээ гарлаа гэхэд тэр буунуудад хойд хөршийн сум таарахгүй. Үүний цаана зориуд гэмээр юм яваад байна уу гэж сэрдэж болмоор?

-Манай аль цэргийн анги барууны зэвсгээр зэвсэглэчихэж вэ. Хувийн буу зэвсэгээ хаанаас юугаар худалдаж авах нь чөлөөтэй байна шүү дээ. Тэгэхдээ үүнийг маш сайн журамлахгүй бол дарин дээр суусан шувууны үлгэр шиг л болно. Аюул заналыг өөртөө бий болгож байгаа байхгүй юу. Та нар Америкт юу болж байгааг мэдэж байна уу. Хүн болгон буу зэвсэг чөлөөтэй хэрэглэх эрхтэй. Сурагчид нь багшийгаа бууддаг. Одоо АНУ-ын Ерөнхийлөгч Трамп дунд сургуулийн багш нарт буу эзэмшүүлэх тухай асуудал хөндөж тавина гэж байна. Ийм нөхцөлд буу зэвсгийн наймаа, худалдаа аюултай. Хүн амыг ингэж зэвсэглэж болохгүй. Ялангуяа Монгол шиг цөөн хүн амтай, халуун цустай, цочмог, омгорхог, цөсөрхөг улсууд цугаараа гэртээ хурдан буутай болчихвол нэг хэрэлдээд л нэг рүүгээ буу чиглүүлэх аюул тулгарна.

Цэрэг армийн зэвсэг хуучин хэвээрээ байгаа. Зөвлөлтийн зэвсэглэлтэй. Нэг л улс орны зэвсэглэл манайд бий.

-Ямар нэгэн юм болвол сум нийлүүлэхгүй болчихвол яах вэ. Энгийн жишээнүүд байгаа шүү дээ. Хятад, Орос хоёр цаагуураа их найзархаг болохоор уул уурхай, дэд бүтцийн салбарт нэг нэгнийхээ үгийг ихэд авч манайхыг үл ойшоож байсан тохиолдол бий. Эгийн голын цахилгаан станц дээр хоёр хөрш маань хавсайдсан?

-Байлгүй яах вэ, хангалттай сум байгаа. Зэвсэг техникийг газар газрын эрээвэр, хураавар байлгах нь үндэсний аюулгүй байдалд аюултай. Харин хэрэгтэй үед нь сумыг нь өгөхгүй байх зэрэг асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх, тогтолцоо, механизм, хадгалалт, хамгаалалтыг бүрдүүлэх ёстой. Түүнээс биш улстөрийн бодлого зорилттой адилхан гуравдагч улсын ашиг сонирхлыг Монгол Улсад бүрдүүлнэ гээд байна шүү дээ. Өөр гүрний буу зэвсгийг авчирч гуравдагч гүрний зэр зэвсгээр зэвсэглэнэ гэдэг яавч зөв онол биш. Орос оронтой найрамдал харилцаа, итгэлцлээ бэхжүүлэх, зэвсэглэл техникийн шинэчлэл, солилцооны механизмыг тохируулж харилцаагаа бэхжүүлэх нь чухал. Таны дээр асуусан бууны сум үйлдвэрлэх тухай асуудлыг бүрэн үгүйсгэхгүй байна л даа.

Манай Батлан хамгаалах сургуулийн хэсэг инженер залуучууд сум үйлдвэрлэх технологийг бүтээчихсэн. Сум үйлдвэрлэхэд бэлэн. Даргалах бүрэлдэхүүний гар буу, автоматын сум үйлдвэрлэх технологийг манайх шийдвэрлэчихсэн. Тэрийг массовая буюу өргөн хэрэгцээнд үйлдвэрлэх тийм асуудал байгаа. Магадгүй улс орны батлан хамгаалах хүч ямар зэвсэгтэй байна вэ, тэрэндээ тохирсон сум галт хэрэгслийг үйлдвэрлэх, жижиг зүйлүүдийг үйлдвэрлэх нөхцөл бололцоо боломжуудыг судлан шийдвэрлэж байна. Энэ бол зүгээр л нэг цэрэг дайнд бэлдэх асуудал биш. Үндэсний инженерүүдийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих бас нэг л арга хэрэгсэл шүү дээ.

-Эх орноо үзэл бодлоороо хамгаалахын сацуу буу зэр зэвсгээрээ ч давхар хамгаалж байх ёстой шүү дээ. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Хэнд ч итгэхийн аргагүй болсон цаг. Ямар нэг халдлага түрэмгийлэл орж ирэхэд би өөдөөс нь юугаа барьж тэмцэх юм бэ. 3000 танкны өмнөөс 300 бөөгөө дэвхцүүлэх үү, чавхаа барих уу?

-Эгэл жирийн ухамсрын түвшинд тэгж ойлгож байна л даа. Монголын хилийн ойролцоо Хятад цэргийн хэд хэдэн том парад зохион байгуулсан. Сүрдмээр, аймаар парадуудыг зохион байгууллаа шүү дээ. Монголыг сүрдүүлэх гээд ч парадлаад байгаа юм уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

-Сүр хүчээ харуулж байгаа явдал байх?

-Сүр хүчээ харуулж байгаа. Гэхдээ үнэхээр цэрэг зэвсгийн хүчээр өрсөлдөж, цэрэг зэвсгийн хүчээр эх орноо хамгаална гэдэг бүтэхгүй асуудал. Янз бүрийн арга байна шүү дээ. Өөрийгөө хамгаалах цэрэгтэй байх ёстой. Эх орноо батлан хамгаалах чадвартай байх ёстой. Түүний зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадавх, хүн амын улс орноо батлан хамгаалах бэлтгэл, тогтолцоог хангасан байх явдал, хүн амын хэрэгцээ, шаардлагатай үед зэвсэгт хүчний эгнээнд ороод үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангасан байх, эх орноо хамгаалах үзэл хүмүүжил төлөвшсөн байх ёстой. Хамгийн гол нь Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдлынхаа бодлогыг шинэчлэх шаардлагатай болчихоод байгаа юм.

Монгол Улсын аюулгүй байдал гаднаас биш дотроо нүүрлэчихээд байна. Та ойлгож байна уу.

-Үүнийгээ дэлгэрүүлж яривал?

-Бид сая “Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай” гэсэн эрдэм шинжилгээний хурал хийлээ. Том том эрдэмтэд оролцож илтгэл тавьсан. Их том төсөл хэрэгжиж байгаа юм. Манай Т.Соронзонболд доктор илтгэл тавилаа. Уул уурхайн үйлдвэрлэлд эрдэс баялгийн олборлолт явсаар хуваарилалтын шударга бус байдал бий болоод гадны, дотны үндэстэн дамнасан корпорациуд гарч ирээд Монгол Улс дайны байдалтай байна гэсэн. Уул уурхайгаас болж Монголд дайн болж байна. Далд, тайван байдлаар дайн өрнөж байна гэсэн. Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хувь заяаг шийдвэрлэх дайн болж байна гэж илтгэлдээ дурдсан. Би хэлсэн л дээ “Чи арай туйлширч байгаа юм биш биз дээ, нөхөр минь. Дайн байлдаан нь юу юм, түвэгтэй байдалд байгаа нь үнэн” гэж. Гэтэл хүмүүс үүнийг маш зөв дүгнэсэн байна гэсэн.

Монгол Улсын их хурал гадны улс гүрнүүдтэй ялангуяа уул уурхайн салбарын баялаг олборлолтын гэрээ байгуулахдаа гадны нөлөөнд автсан, гадны ашиг сонирхлыг хамгаалсан хэлэлцээрүүд хийдэг. Дотоодын цөөн тооны баячууд Монголын хүн амын тав хүрэхгүй хувь 30 орчим өрх айл, бүр тодорхой хэлбэл хүн амын материаллаг баялгийн 90 гаруй хувийг гартаа атгаж дээрээс нь мэдээллийн хэрэгслүүдийг гартаа оруулчихсан байна. Эрх мэдлийг ч гартаа атгачихсан. Ингэхээр чинь дайны байдалтай байна гэж үзээд байгаа юм.

Эх оронч гэхийг эрдэмтэд янз янзын өнцгөөс тодорхойлдог. Судлаад үзэхэд эх орончийг тодорхойлсон 460 гаруй тодорхойлолт байдаг юм байна.

-Америкт ямар хүнийг эх оронч гэж үздэг вэ?

-Ерөөсөө татвар төлдөг шударга иргэнийгээ “Энэ эх оронч” гэдэг. Би үүнийг хамгийн зөв ойлголт гэж үзэж байна.

Манайд байдаг эх орон, эх орончийн тухай өдий төдий юм яриад, ард түмнээ хайрлан хамгаалдаг дүр эсгээд байгаа мундаг хүмүүс чинь гадаадад өөрийнхөө орлогыг нуугаад оффшор дансанд мөнгөө байрлуулчихдаг. Тэднийг чинь ямар эх орончид гэдэг юм.

-Манай генералууд эх оронч гэхийг юу гэж тодорхойлдог юм?

-Монгол Улсын иргэний эх орноо хайрлах, соёл иргэншил, түүхийн үнэт зүйлсээр бахархах үндсэн дээр төр улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах, бэхжүүлэх, хөгжил дэвшлийн төлөө амь, бие, авьяас билэг, эрдэм боловсрол, хүч чадлаа зориулах чин хүсэл эрмэлзэл, санаа зориг, тэвчээр хатуужил, бэлтгэгдсэн байдлын цогц гэж хэлж байгаа юм.

Зөвхөн “Би эх орноо хайрлана” гэсэн сэтгэлтэй байх биш. Тэр сэтгэлийг биелүүлэх бие сэтгэлийн зориг тэвчээр, хатуужил, бэлтгэгдсэн байдал нь байж байж сая эх оронч болдог. Хичнээн сүрхий эх орноо хайрладаг, эх орны тухай гоё юм ярьдаг, зүүдэлдэг, харь газар явж байхдаа санадаг байлаа ч юу ч хийхгүй, юу ч хийх бэлтгэл, мэдлэг чадвар, тэсвэр хатуужил байхгүй бэлтгэгдээгүй хүнийг эх оронч гэж үздэггүй гэдэг нь Оросын алдарт зохиолч Василь Быковын цэрэг дайны сэдвээр бичсэн зохиол бүтээлүүдээс харагддаг юм. Даяарчлагдаж байгаа энэ дэлхий дээр эх оронч гэж нэг их ярихаа байсан. Тийм үзэл гаргахаа больчихсон. Манайх шиг жижиг, буурай, бага, хүн ам цөөтэй, эмзэг буурай улс орнуудад л ярьдаг асуудал байхгүй юу.

-Чечений дайнд арваадхан настай хүүхэд есөн танк сөнөөсөн тухай яриа байдаг. Дэлхий нийтээрээ буу зэвсгээс айхаа больж энэ чиглэлийн спортууд ч хөгжиж байна. Хүүхдээ 13 нас хүрэнгүүт л буу бариулж, буудуулж сургахдаа байлд гэж биш, буу эзэмшээд сурчих гэсэн ойлголтоор хандах нь их болжээ?

-Би бол цэргийн хүн. Галт зэвсгийг нийгэмд тодорхой хүмүүс л эзэмшиж байх ёстой юм. Энэ бол миний хатуу байр суурь.

Эх орноо хамгаал гээд хурдан бууг нь үүрүүлээд хурц зэвсгийг нь бариулаад хараа нүдийг нь хурцлаад тавьчихсан чиг үүргийг нь хүлээсэн тэр хүмүүс буу зэвсгээ сайн эзэмших ёстой. Хоёрдугаарт, цэргийн үүрэг гүйцэтгэх насны улсууд эх орноо хамгаалах бэлтгэл хангах хүрээнд орчин үеийн армийнхаа зэвсэглэлд байгаа, эх орноо хамгаалах үндсэн чиглэлийн зэвсгүүдийг зохих хэмжээнд анхан шатны мэдлэг эзэмшсэн байх ёстой. Түүнээс биш насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүдэд галт зэвсэг эзэмшүүлэх тухай ярьж болохгүй.

-Эмэгтэйчүүд бид буу эзэмшихгүй ч яаж бууддаг, хэрхэн ажилладгийг нь мэдээд авчихад илүүдэхгүй?

-Эмэгтэйчүүд гэж би буруу ярьчихлаа. Иргэд өөрөө өөрийгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангах зохих мэдлэг хүмүүжилтэй байх ёстой. Мөн гэмт халдлага, гэнэтийн аюултай байдлын орчноос иргэнээ хамгаалах нь төрийн үүрэг. Түүнээс гадна байгалийн гамшиг, хүнд бэрхшээл тохиолдсон үед иргэн хүн өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлчих хэмжээний мэдлэгтэй, бэлтгэлтэй байх ёстой. Түүнээс биш бид хүн цөөтэй, хоёр их гүрэн хүчтэй гээд хүүхэд хүртэл зэвсэглэх тухай хэрхэвч ярьж болохгүй.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Баасансүрэн: Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй…

Сэтгүүлзүйн судлаач доктор Т.Баасансүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын дарга М.Энхболд таны бичиж нийтлүүлсэн судалгааны өгүүлэлтэй заргалдаж нэр төр, ажлын алдар хүндэд халдаж гутаан доромжилсон гэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэж сонслоо. Үнэн юм уу?

– Үнээн, шороон нохой жилийн ажлын анхны өдөр шүүхээс мэдэгдэл хүлээж авсан. Өнгөрсөн тахиа жилийн хоёрдугаар хагасад миний хийсэн томоохон судалгааны ажил. “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ”, “Улстөрийн тойм” “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин” зэрэг өдөр тутмын долоо, найман сонины 120-иод нийтлэлд ажиглалт хийж үнэлгээ дүгнэлт өгсөн 140-өөд хуудас судалгааны материалыг бэлэн болгоод байгаа билээ. Агуулгынх нь хураангуй 14,5 хуудсыг нь сонинд нийтлүүлсэн юм.

“Зууны мэдээ” сонины 2018 оны № 3/5710/, ба № 5 /5715/-д миний бичиж нийтлүүлсэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” нийтлэл нь 2017 оны VII-X сарын дээрх нэр бүхий өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн иргэд сонгогчид, түүний дотор МАН-ын гишүүд дэмжигчдийн санал сэтгэгдэл, өдөр тутмын сонинуудын өөрсдийнх нь судалгаа шүүмжийн нийтлэлүүдэд тулгуурлан хийсэн сэтгүүлзүйн судлаачийн судлагааны бүтээл. Иш татсан баримтуудын эх үүсвэр нь тодорхой. Өөрөөр хэлбэл Монголын чөлөөт хэвлэлүүдэд дурдагдсан үнэн бодит баримтуудыг судлагаандаа ашиглаж, судалгааны үр дүнгээ иргэд сонгогчдод, бас улстөрчдөд хүргэсэн хэрэг юм. Сургамжтай байх болов уу гэж бодсон хэрэг.

М.Энхболд дарга төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийнхөө хувьд иргэд сонгогчдоос хэвлэлээр дамжуулан өгч буй үнэлэлт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж засаж залруулахын оронд ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг шүүхдэлцэхээр заргалдаж байгаад ихэд гайхаж бас харамсаж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, МАН-ын даргын албан тушаалаас огцорсон нь М.Энхболдын нэр төр болон намын даргын ажил хэргийн алдар хүнд иргэд, сонгогчид, намын хамт олныхоо дунд ямар түвшинд байсны бодит хэмжүүр, няцаагдашгүй нотолгоо шүү дээ. Энэхүү бодит үр дүн, үнэлэмжийг шүүхийн шийдвэрээр өөрчлөн сэргээх боломжгүй. Иргэд сонгогчид өөрсдийн үнэлгээ дүгнэлтээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн өөрсдийн саналаараа нэгэнт илэрхийлчихсэн.

-Нэр төр, ажил хэргийн алдар хүндийг гутаасан гэж үзэж байгаа гэсэн. Таны судалгааны өгүүлэлд тийм зүйл орчихсон юм уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд өрнөсөн санал шүүмжүүд нь дээр дурдсан өдөр тутмын сонинуудад ихэд дэлгэрэнгүй тусгалаа олжээ. Монголын сонинууд чөлөөт хэвлэлийн зарчимд үнэнч байж чадсан байна. Тэдгээрийг нэгтгэн судалж үзэхэд, М.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан намын даргын хувьд Ерөнхий сайдын албыг хүлээн авч ард түмэндээ өгсөн сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой байлаа. Тэгсэнгүй, үүнд нь олон хүн эргэлзэн гайхалзсан байна. Сонгуулийн ялалтдаа хэт бяралхаж, бусад нэр дэвшигчдэдээ боломж олголгүй намын даргаараа түрий барьж Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшсэн нь уучилж болшгүй алдаа болжээ. Ж.Эрдэнэбатын засгийн газрын алдаатай бодлого, бүтэлгүйтэл, оновчгүй томилгоо, улс орны нийгэм-эдийн засгийн байдлаас үүдэлтэй эргэж буцсан шийдвэрүүдийн улмаас иргэдийн санал бодолд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлж дүгнэж чадсангүй. Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас явуулсан санал асуулга, социологийн судалгааны бодит үр дүнд ач холбогдол өгөлгүй, намын байгууллага, гишүүдийнхээ хэвшиж тогтсон зохион байгуулалт, урьд хожид байгаагүй их хэмжээний мөнгөнийхөө хүчинд хэт эрдсэн нь нэр дэвшигчийг ялагдалд хүргэжээ гэж төвийн сонинуудад бичсэн байна. Энэ алдаа нь түүнийг МАН-ын даргын албан тушаалаас огцрох үндэслэл болж, цаашдын ирээдүйдээ хор уршигтай, өөрөөр хэлбэл лидер улстөрчийн хувьд “авсныхаа нүхийг урьдчилан зэхсэн” бодлогогүй алхам болсон гэж хэлэхэд хилсдэхгүй юм.

Сонгуулийн сурталчилгаа, санал хураалтын явцад нэр дэвшигч М.Энхболд СЕХ-ны хүчийг ашигласан, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг хууль бус өдөөн хатгалгыг зохион байгуулсан гэх хардлага олон түмний дунд маш хүчтэй тархсан нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байдаг.

“60 тэрбумын” бичлэгээр дэлгэгдсэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн “Бид “ХАР МАШИН”-ы учрыг олчихсон шүү дээ, дарга аа” гэсэн сайрхал нь уг машины тохируулга, нууцлал, ажиллагааг хариуцсан СЕХ-ны оролцоогүйгээр “учрыг олчих” зүйл биш бөгөөд сонгуулийн санал тооллогын эцсийн мөчид буюу унтаад босоход М.Энхболдод олон мянган санал огцом нэмэгдсэн нь “амьгүй албатаар санал нэмсэн”, “санал луйвардсан”, “хар машиныг хакердсан” гэх хардлага, дургүйцлийг нийгэмд газар авахад хүргэсэн гэж үзэх бүрэн үндэстэй хэмээн хэвлэлүүдэд бичжээ. Иргэд сонгогчид, түүний дотор сэтгүүлчид хардах, хардлагаа төрийн холбогдох байгууллагуудаар шалгуулах эрхтэй. Харамсалтай нь эрх бүхий байгууллагууд энэ мэт асуудалд хашин хойрго хандаж нэг бус тохиолдолд шалгаж магадлахаас цааргалж байгаа нь иргэдийн сэжиг хардлагыг улам л лавшруулсан байна.

Сонгуулийн явцад хууль хяналтын байгууллагуудын тэгш бус хандлага иргэд сонгогчдыг хамгийн ихээр бухимдуулж байсныг, энэ хэрээр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын нэр хүнд тасралтгүй унаж байсныг тухайн үеийн санал асуулга, судлагааны дүнгээс харж болно.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль иргэдийн саналыг худалдан авах гэсэн эрээ цээргүй оролдлогоороо рекорд амжилт тогтоосныг бүх нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Нийтлэлд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар ганцхан М.Энхболдыг онцлоогүй, бүх нэр дэвшигчдэд тэгш хандсан. Харин хууль хяналтын байгууллагынхан тухайн цаг үедээ тэгш бус хандсан нь үнэн. Төрийн эрхийг хууль бусаар булаан авах, төрийн албыг наймаалцах гэмт санаархлыг илчилсэн 60 тэрбумын бичлэгийг Ц.Сандуй гэдэг хүн өөрөө хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөөр байхад цагдаа, тагнуулын байгууллага шалгаагүй атлаа уг бичлэгийг хийж, үнэн бодит байдлыг иргэд сонгогчдод илчилсэн иргэн Доржзодовыг хамгаалалтад авах шаардлагатай гэдгээр халхавчилж баривчлахаар улайран дайрсныг ард түмэн нүдээрээ харсан. Арай мартаагүй байгаа байлгүй дээ. Прокурорынхан төрийн албыг наймаалцах гэсэн 60 тэрбумын дуулиант хэргийг батлагдахгүй байна, 280 сая ам.долларын төмөр замын хэрэг гэж байхгүй болсон гэж ил тод мэдэгдсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт, түүнчлэн Дорноговь аймагт баригдаж хураагдсан машин дүүрэн мөнгө иргэд сонгогчдын гарыг цайлгахад зориулагдаагүй цэвэр мөнгө байсан. Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр М.Энхболдоос хэдэн зуу, мянган иргэнд тарааж гарын салаагаар урсгасан 50, 100, 200 мянган төгрөг хахууль биш байжээ гэж өнөөдөр хэлж, бичих болсон ч албан ёсоор шалгаж мэдээлэх үүрэгтэй хууль хяналтынхан огт дуугарахгүй байгаа. Тэгсэн атлаа МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос иргэнээс 50 сая вон авсан нь тогтоогдлоо гэж цагдаа, прокурорынхан яаравчлан мэдээлж, зарим хэвлэл, сайтаар цацаж, улмаар тухайн асуудлыг шалгаж нягтлах үүрэгтэй шүүгч түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хаслаа гэж шийдвэрлэн мэдээлэл тараасан билээ. Тусгаар тогтносон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ноцтой нөлөөлөхийг оролдсон Солонгос улсын иргэн болон зуучлагч нэртэй өдөөн хатгагч нарт хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүрлээ. Ийм тэгш бус хандлагын ард шударга бус явдал нуугдаж байдаг нь нууц биш. АН-аас бэлтгэж олон телевизээр цацсан “Аархал” нэврүүлгийг үзсэн олон зуун мянган үзэгчид өөрсдийн дургүйцэл зэвүүцлээ хэвлэлээр илэрхийлсэн нь нэг биш бий.

Хуулийнхны тэгш бус хандлагын талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлан эсэргүүцэл илэрхийлсэн байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч өөрийн байр суурийг хэдэнтээ илэрхийлсэн. УИХ-д суудалгүй улс төрийн намуудын удирдлагууд ч энэ тухай бишгүй хэлж ярьсан.

Эдгээр баримтуудыг нийтэд дэлгэж шүүмжилсэн төвийн сонинуудын нийтлэлд хийсэн миний дүгнэлт, сануулга нь нэхэмжлэгч М.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах ямар ч санаархалгүй, М.Энхболдын зүгээс намын дарга, нэр дэвшигчийн хувьд гаргасан алдаа, хойшид сургамж болохуйц баримтуудад үнэлэлт өгсөн судлаачийн судалгааны материал юм. Би зохиолч, сэтгүүлч хүн. Санаа бодлоо хурцаар илэрхийлсэн байж болзошгүй. Тэгэхдээ тэр нь миний гэхээсээ илүүтэйгээр өдөр тутмын сонинуудын үнэлгээ, шүүмж юм.

-Та М.Энхболдын алдар хүндийг яаж гутаасан юм бэ?

-Сонгуулийн дараахан болсон МАН-ын их хурлын өмнө болон эргэн тойронд МАН-ын дарга М.Энхболдын нэр дээр хаягласан, түүний бузар булайг илчилсэн шүүмжлэлт нийтлэлүүд эрс нэмэгдсэн байдаг юм байна лээ.

М.Энхболд өөрийн дүрс, дуу хоолой бүхий “60 тэрбумын” гэгдэх 90 минутын бичлэг дэх төрийн албыг наймаалцах, сонгууль луйвардах хууль бус хуйвалдаан, “Аархал” бичлэгээр дэлгэгдсэн баярхуу, бардам ихэмсэг дүр төрх, хуулийнхан голдуу тойрон хүрээлэгсдийнх нь бялдуучлал зэрэг олны дургүйцлийг хүргэсэн асуудлууддаа зохих тайлбарыг нь өгдөггүй хүлээцтэй гэхээсээ илүүтэй дэндүү нууцлаг, битүү байдаг нь миний судалгааны өгүүлэл гарахаас өмнө түүний алдар хүндэд сэв суулгачихсан байсан шүү дээ. Юу үнэн-энэ үнэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал МАН-ын гишүүдэд, ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн шинэчлэгч үзэл санаатай залуу голдуу гишүүдэд хүчтэй нөлөөлж, М.Энхболдыг С.Баяр, Сү.Батболд, Т.Бадамжунай, М.Эрдэнэбилэг нартай хамтран намын эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн, эд хөрөнгийн асар их хуримтлал үүсгэсэн, “М.Энхболд- Ц.Элбэгдорж- С.Баяр” гэсэн МАНАН-ын амьд гурвалжинг үүсгэн төр засаг, эд баялгийн эрх мэдлийг хязгааргүйгээр өөрсдөдөө төвлөрүүлэх гэж байна, өөрийн дуулгавартай хүнийг залгамжлагчаараа тодруулах гэж байна гэсэн дургүйцэл тэдний дунд хүчтэй өрнөж У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын залуу гишүүдийн тэмцэл нам болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг зарим сонины нэрлэснээр “Хар хүчнээс” салган авч чадсан нь болж өнгөрсөн бодитой үйлдэл мөн биз дээ?

Намын гишүүд нь М.Энхболдыг алдар хүндийн хувьд МАН-ын дарга байх боломжгүй гэж үзсэн хэрэг. Их хурлаараа ингэж шийдвэрлээ биз дээ?

М.Энхболд хууль бус, ёс зүйгүй үйлдлүүдээ шударгаар хүлээж сонгогчид, намын хамт олноосоо уучлал гуйвал, эсхүл олны бухимдлыг тайлж нууцлаг асуудлууддаа үнэн зөв тайлбар өгвөл алдар хүндэд нь нэмэртэй гэж бодож байна. Энэ бол түүнээс өөрөөс нь л шалтгаалах асуудал.

-Гутаасан, гүтгэлгийн шинжтэй зүйлс судалгааны өгүүлэлд бий юү?

-Гүтгэлгийн шинжтэй, М.Энхболдыг гутаан доромжилсон зүйл огт байхгүйг судлагаанд ашигласан баримтууд нотолно. Судлаачийн хувьд хийсэн миний дүгнэлтээс ч тодорхой харагдана. Нийгэмд тогтсон харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан зүйл ерөөсөө байхгүй.

Нэхэмжлэгч М.Энхболд миний бичиж хэвлүүлсэн нийтлэлээс өөртөө хамааралтай гэж үзсэн бүхнээ утга агуулгыг нь үл харгалзан түүвэрлэж авсан гэж хэлж болохоор байгаа юм.Тухайлбал, …60 тэрбумын хэрэг явдал, оффшор дансны луйвар булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв, … 60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн яаж хагалахыг ард түмэн анхааралтай ажиглан харж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ба АН урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан, …Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулж, энэ нам бат цул, эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэлгүй хэмээх үлгэрийг таягдан хаяв… прокурорын газраас 60 тэрбумын хэрэг явдал, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280 сая ам.долларын асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд гайхал эргэлзлийг төрүүлж байна гэх зэрэг өгүүлбэрүүд ганцхан М.Энхболдод ч хамааралтай биш. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг гашуун сургамж энэ юм. Алдаанаасаа сургамж аваад арилгаж цэвэрлээд явбал Монгол Улс, монголчуудад л хэрэгтэй.

АНУ баруун Европын улс орнуудад Ерөнхийлөгчийн болоод парламентын ээлжит сонгуулийн дараа тухайн сонгуулийн үр дүн, үлдэж хоцрох сургамжийн талаар хэвлэлд судалгааны материалууд цөөнгүй гардаг. Авах юмаа авч, гээх юмаа гээхэд нь тусалдаг учраас улс нийгмийг удирдаж буй удирдагчид, улстөрчид нь ч үүнд багагүй ач холбогдол өгдөг юм билээ. Харин манайд ийм практик үгүй байна. Тийм учраас миний судалгаанд зарим хүн цочирдсон байж болно. Шинэ зүйл, шинэ үг эхлээд эсэргүүцэлтэй тулгарах нь бий. Гэвч яваандаа аяндаа дасаж хэвшил болдог. Монгол дахь улстөрийн сонгуулийн явц, үр дүн, сургамжийн асуудлаарх чөлөөт хэвлэлүүдийн нийтлэл нэвтрүүлгээр сэтгүүлзүйн бусад судлаачид үгээ байнга хэлдэг байгаасай гэж би хүснэ. Энэ нь улс нийгэм урагшлан хөгжихөд, улстөр цэвэршиж ариусахад хэрэгтэй юм.

М.Энхболд дарга саар муу асуудалд хэт их нэр холбогдсоноор иргэд, намын гишүүдийнхээ өмнө нэр төр, ажил хэргийнхээ нэр хүндэд өөрөө сэв суулган үнэлэмжээ алдаж гээж байгаа болохоос биш, миний судалгааны бүтээлээс болж нэр хүндээ алдаж байгаа юм биш.Судалгааны зохиогч нь Т.Баасансүрэн, харин баримтуудыг дэлгэн тавьж шүүмжилсэн нь өдөр тутмын сонинууд, Монголын ард түмний төлөөллийн санаа бодол, сануулга дохио. Ийм зүйлд улстөрчид уг нь эмзэглэж хандах учиргүй юм. Дохио санамж л гэж хүлээн авах ёстой. Ардчилал өндөр хэмжээнд хөгжсөн бүх улс оронд ийм байдаг. Манайд харин арай өөр юм шиг байна. Азид үлгэр жишээ үзүүлэхүйц ардчилсан нийгмийг Монгол Улс байгуулж чадаагүй байгаа юм байна.

М.Энхболд даргын заргыг би надад өөрт хамаатай гэхээсээ илүүтэйгээр Монголын чөлөөт хэвлэл рүү хандсан “дайралт” гэж ойлгож байгаа шүү. Хэрэв тийм бол бүр ч тусгүй. Эцэст нь нэг зүйлийг хэлье. М.Энхболд дарга бид хоёрын хувьд ямар ч “өш хонзон” байхгүй. Харилцан бие биедээ хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Шинжлэх ухааны ажил, судалгааны өгүүллээс болж ингэх юм гэж огт санасангүй. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэсэн мэргэн үг л санаанд өөрийн эрхгүй орж ирж байна.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хогийн сав

Эх орны маань өнөөгийн хөгжлийн баталгаа, бэлгэ тэмдэг болсон сүрлэг сүрлэг өндөр барилгуудын дундуур сэтгэл тэнүүн алхнам. Мянга мянган цонхноос ойх нарны туяа нүдийг минь гэхээсээ сэтгэлийг гялбуулах нь юутай бахархам. Гэтэл нүдэнд минь гэнэт эвгүй юм туслаа, юу гэвэл энэ сайхан гял цалыг эвдэх гэсэн юм шиг өмд гутлын тасархай, хагархай лонх, хоосон лааз, дутуу мөлжсөн яс, хаа гуя нь салчихсан хүүхэлдэй зэрэг есөн шидийн новш амсраараа сагуулан цувуулсан ёнхгор том хар хогийн сав өмнө минь хөндөлдөнө.

Хогоо дор дор нь ачдаггүй хот тохижуулалтынханд, хэрэггүй новшоо замбараатайханхаяж сураагүй орчны оршин суугчдад ялимгүй уур хүрэн, сэтгэл бага зэрэг хөрсөн авч “манай үеийн бахархал болсон сүрлэг орд харшийг энэ муу ганцын зэрэг хогийн сав гутаах нь гайгүй хэвтэнэ, ажиглахгүй л бол барав” хэмээн өөрийгөө тайтгаруулав.

Гэтэл юу вэ! Хогийн савны амсар хөндөлдөөд хэн нэг хүний зүрх хэвтэж байх юм. Бүр амьдаараа… цохилоод байж байдаг байгаа? Хэн нэг нь нөгөөдөө өгсөн хэрэг… цаадах нь…

Уул нь зүрх гэдэг манай монголчуудын эр зоригийн эрхтэн билээ. Нэг үгээр хэлбэл зүрх нь мянга мянган жилийн турш зоригийг нь авч явсан, магадгүй ертөнцийн хагасыг байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ч байж болох юм. “Зүрх үхэх”, “зүрх хүрэх”, “том зүрх гаргах”, “зүрх гэж чулуу” гэж одоо хэр нь хэлдэг нь чухамхүү энэ өнгөрсөн сэтгэлгээгээ хэл яриандаа авч үлдсэний гэрч болов уу. “Зүрхний хийтэй”, “зүрх өвчтэй”, “зүрх хөөрүү” гэж ярьдаг нь зүрхэндээ гаазтай, эсвэл зүрхний импарктай гэсэн санаа огт биш, харин өөрийн ухаангүй, ухаан зориг хоёр нь тусдаа явдаг хүн гэсэн үг.

Ардын хувьсгал ялснаас хойш бидний зүрх сайн сайхан юманд зориулагдах боллоо. Учир нь аль гуч дөчөөд оны үед “Зүрхний амраг чи минь Зүүднээс ердөө салдаггүй” гэж дуулалдан, зүрхийг хайр дурлалд зарж эхэлсэн билээ. “Зүрхээ чамдаа тушаая” гэсэн чамин үг аль хэдийнээ яруу найргийн түүврээс халиад амных нь салиа арилаагүй адгийн бандийн хэлдэг үг болжээ. “Эцэс сүүлд нь шархалсан ерэн есөн зүрх”, “зүрхэнд шивсэн зүү” мэтийн хэллэг жорлонгийн хана, хаалганы самбар, сурагчийн тэмдэглэлийн дэвтэр… ер нь хаал бол хаана тааралдана. Чинжаалд дүрүүлээд цус дуслуулж буй зүрхний зураг ямар нэг юмнаас айжээ гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй биз дээ?

Бид одоо зүрхээ сэтгэл харамгүй өгч, авалцан солилцож байна. “Би чамд дурлаж байна, чамдаа зүрхээ өгье, зүрхийг минь ав” хэмээн дотор нь шатсан хархүүгийн хашгирах, тэчъяадсан бандийн уухилах, дурласан хүүхний шивнэх, байж ядсан охины бувтнах дуун дөрвөн зүг, найман зовхист сонстоно. Зүрх өгч авалцах нь трактор комбайны бүхээгт, үйлдвэрийн суурь машины дэргэд, уурхайн гүнд, хонины бэлчээрт, сургуулийн танхимд, Сүхбаатарын талбайд, хотын цэцэрлэгт, голын цэнгэлдэхэд, орцны үүдэнд… ер нь сайхан эх орны маань өнцөг булан бүрд буцалж байна.

Энэ олноос би юугаараа дутах билээ. Өнчин зүрх минь хэдий болтол өрөөсөн явах болж байна гэж бодоод би өчигдөр дурласан ганц амрагаа гэрээс нь дуудаж гаргаж ирээд өмнө нь цээжээ хага яран зүрхээ суга татан өгсөөн. Хэдийгээр одоо цээжиндээ цохилох зүрхгүй ч түүнээ хайрт янагтаа өгчихсөн юм шүү гэж бодохоор сэтгэл нэг л сайхан.

Энэ чинь юу вэ!?? Хогийн саван дотор миний зүрх байна уу даа? Мөн байна! Дүрээрээ! Зүүн ховдол дээрээ тод хар мэнгэтэй, яг мөн байна! Аа муу п…и…з…д… а – аа – ааа – аааа – ааааа!!!

1981

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Хогийн сав” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хийсэн ярилцлага тэргүүн нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрт учирсан хохирлыг буруутай этгээд нь төлөх ёстой” гэжээ.

Өчигдөр сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ талаарх сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хараарай.

Монгол Улсаас Швейдийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлжээ. Үүний тухай сурвалжилгыг тэргүүн нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Хогийн сав” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Гишүүд Ерөнхий сайдад асуулга тавилаа”, “Туул голын сав газар элс хайрга олборлохыг зогсоох тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв” зэрэг мэдээ мэдээллүүдийг тавдугаар нүүрнээс үзээрэй.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өчигдөр хэвлэлийн хурал хийв. Энэ талаар баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс харах боломжтой.

МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, зохиолч С.Эрдэнэчимэгтэй ярилцсаныг өд бэх нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Өлзийт хаан шиг өндөр ёс суртахуунтай хүмүүс л дээдэс байдаг” гэж онцлон хэлжээ.

Монгол Улсын ардын жүжигчин Аюурзанын Долгортой хийсэн ярилцлага XII нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Бодлын цагаан хун надад даль жигүүрээ хайрласан дуу” хэмээжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх манай хоёр орны харилцаа улстөр, боловсрол, соёлын чиглэлд хөгжсөөр ирсэн цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр идэвхижүүлэхийг зорьж байна.

Монгол Улс хосолмол эдийн засгийн бодлого хэрэгжүүлж хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж хөрш орнуудад нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй. Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг дэмжин зохион байгуулах болно.

Мөн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээх талаар Туркийн Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ. Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр түвшинд анхаарч байгаа явдалд талархал илэрхийлье.

Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад ирэх сард айлчлах хүсэлтэй байгааг уламжиллж, өмнө нь Станбул хотын захирагч байхдаа харилцаатай байсан нь хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхэд дөхөм байх болно хэмээн найдаж байна гэлээ. Монгол, Туркийн хооронд агаарын тээврийн урсгал, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол буйг илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өргөдлийн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.03.06/ хуралдаан 12 цаг 15 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдаанаар тус Байнгын хорооноос гаргасан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02, 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг зохион байгуулах болсон талаар тайлбарлахдаа, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, эдийн засаг сэргэхийн зэрэгцээ шинээр баригдах зам, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолууд түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлохыг хориглосон тогтоол болсон хэмээн шүүмжлэл дагуулж байна. Иймд өнөөдрийн хуралдаанаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлт болоод албаны хүмүүсийн байр суурийг сонсохоор хуралдаж байна гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн, Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын:

3.Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох,

9.Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,5 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх,

10.”…түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргаагны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан.

Дээрх заалтуудын хэрэгжилтийг сонсох хуралдааныг Өргөдлийн байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүдийн саналыг үндэслэн 7 заалт бүхий Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоол гаргасан болно. Байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэрийн гол агуулга нь Туул голын ай сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулах, хүний амь нас, мал, амьтан эрсдэх, лицензийн наймаа, бусад хууль бус үйл ажиллагаанаас сэргийлж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн болно гэв.

Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, 2018 оны 3 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын 82 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 74 тусгай зөшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хувьд 2020, 2021 онууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байх хуульд заасан эцсийн хугацаа болно. 2016 онд 4 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол 2017 онд өргөдөл хүлээн аваагүй. Харин 2018 оны 02 дугаар сард 3 аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл ирүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн дагуу Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тогтоолуудын хэрэгжилтийн хувьд өнгөрсөн хугацаанд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг бүрэн зогсоосон, харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эрх зүйн хүрээнд нээлттэй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.УИХ-ын гишүүд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлох асуудлыг бүрэн зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу дараагийн хуралдааныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах санал хэлж байлаа.

Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, гол, мөрний сав газар, хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх ажлыг хориглох, шинээр лиценз олгохгүй гэсэн Өргөдлийн байнгын хорооны тогтоол хэвээр хүчин төгөлдөр байх болно. Харин уулын газруудаас хайрга, дайрга олборлох асуудал хэвээр хүчин төгөлдөр үйлчлэх ба тухайн Засаг захиргааны нэгжийн даргад олгох эрх мэдэл нь хэвээр байгаа. Иймд бүтээн байгуулалтын ажилд тус Байнгын хорооноос гаргасан тогтоол хүндрэл учруулаагүй болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулна

russia“Россотрудничество” нь гадаадад амьдарч буй ОХУ-ын иргэд болон Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ази-Номхон далайн бүс, Африк, Ойрхи Дорнод, Европ, ТУХН-ийн орнууд, Хойд, Төв болон Өмнөд Америкт албан ёсны 90 төлөөлөгчийн газар бүхий Холбооны Агентлаг юм.

Тус агентлаг нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвлөмжийн дагуу тухайн жилд Монгол Улсаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах мэргэжил, элсэлтийн төлөвлөгөөг хийдэг.

Монгол дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар – “РЦНК” нь 2017/2018 хичээлийн жилд Монгол Улсад 450 квот(тэтгэлэг) олгосон байна. Үүнд:

Бакалаврын зэрэг/ мэргэжилтэн (техникийн мэргэжил) – 88

Бакалаврын зэрэг (хүмүүнлэгийн мэргэжил) – 106

Бакалаврын зэрэг/ мэргэжилтэн (химийн мэргэжил) – 41

Төмөр замын мэргэжлээр – 84

Тусгай мэргэжлийн дунд боловсрол – 1

Урлагийн чиглэлээр – 20

магистрантурт – 59

аспирантурт – 23

ординатурт – 4

дадлагажигч – 24 (орос хэлний зуны сургалт) нийт 450 иргэн хамрагдсан байна.

“Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар нь 2018/2019 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр Оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Уг сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй.

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дээр 2018 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018” зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хүүхэд, залуучууд ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулийн тухай болон сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэх нөхцөл

– ОХУ-ын боловсролын стандартаар ажилладаг сургуулийн төгсөгчид;

– Орос хэлийг гүнзгийрүүлэн судалдаг сургуулийн төгсөгчид;

– Орос хэлийг энгийн, бага түвшинд эзэмшсэн, ЕБС-ийн төгсөгчид;

– РЦНК-аас зохион байгуулсан орос хэл, математикийн олимпиадын ялагчид;

– Их, дээд сургуулиудын эхний дамжааны оюутнууд;

– РЦНК-ын орос хэлний дамжааны сонсогчид;

– ОХУ-ын их дээд сургуулиудын бэлтгэл дамжааны оюутнууд;

Элсэгчдэд тавигдах үндсэн шаардлага

– Бакалавр, магистр, мэргэжлийн хөтөлбөр горилогч;

– Орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, ОХУ-ын боловсролын стандартаар 5 (онц), 4 (сайн) дүнтэй төгсөгч;

– Монгол Улсын боловсролын стандартаар “А”, “В” үнэлгээтэй төгсөгч;

– Сонгосон мэргэжилд хамааралгүй 1-2 хичээлд 3 (дунд) буюу “С” үнэлгээтэй төгсөгч хамрагдаж болно.

Элсэлтийн бүртгэл

ОХУ-д суралцах сонирхолтой горилогч нь шалгаруулалтанд орохын тулд http://russia.study/ цахим мэдээллийн системд заавал бүртгүүлж систем дахь анкетыг бөглөх шаардлагатай.

Элсэлтийн бүртгэл Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр болон Russia.Study цахим хуудсаар 1-р сараас 2-р сарын хооронд явагдана.

Элсэлтийн бүртгэл эхлэх тухай мэдээлэл 2018 оны 1-р сард дараахь цахим хуудсанд тавигдана.

-Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, http://www.mongolia.mid.ru/,

-Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газар (РЦНК),

http: //mng.rs.gov.ru/,

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,http://www.meds.gov.mn/frontpage

2017 онд төгсөгчид элсэлтийн бүртгэлд орохдоо дараахь баримт материалыг бүрдүүлнэ.

Russia.Study цахим мэдээллийн системд орж бүртгүүлэхдээ:

-Холбогдох анкетыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх

-Анкетад цээж зураг заавал наасан байх

-Гадаад паспортыг сканердаж хавсаргах

-Бөглөсөн анкетыг хяналтад илгээх

Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж очно. Үүнд:

-Гадаад паспортын хуулбар;

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн горилогчдын хувьд захирлын гарын үсэг бүхий 10/11 дүгээр ангийн сурлагын дүн (12-р ангийн эхний хагас жилийн дүн)-г хавсаргах

-Захирлын гарын үсэг, тамга бүхий тодорхойлолт;

-Олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн гэрчилгээний хуулбар, сүүлийн 2 жилийн хугацаанд гаргасан амжилтын талаарх мэдээлэл;

Мэргэжлийн шалгалт зохион байгуулах

Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс хяналтын шаардлага хангасан анкет, шалгалт өгөх огноо, байрны тухай мэпээллийг Russia.Study мэдээллийн системээр дамжуулж РЦНК http://mng.rs.gov.ru/ цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан цаг тухайд нь мэдэгдэнэ.

Инженер техникийн болон химийн мэргэжлээр элсэх, горилогчид математик, химийн шалгалтад орох бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн горилогчид орос хэлний ярилцлагад орно. Хоёр шалгалтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.

Хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлээр элсэх горилогчид, орос хэлний /аман/ шалгалт, ярилцлагад орно. Орос хэлний мэдлэг хангалтгүй элсэгчдийг ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл дамжаанд 1 жилийн хугацаатай суралцуулж тэтгэлэг олгоно.

Гадаадын иргэн суралцахаар ирэхэд зайлшгүй бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Сонгон шалгаруулалтад тэнцсэн горилогчдын нэрсийн жагсаалтыг Россотрудничество агентлаг руу илгээдэг. Үүнд:

-Өнгөт цээж зураг, өргөдөл бүхий бүрэн бөглөсөн анкет; (анкет нь иргэний намтар, иргэншлийн талаар 30 орчим санал асуулгатай)

-Мэргэжлийн нэр, шифр;

-Орос болон бусад гадаад хэлний түвшин, мэдлэг;

-Бэлтгэл дамжаанд суралцах шаардлага;

-Ололт, амжилтын жагсаалт;

-10/11 дүгээр ангийн сурлагын амжилт, хамгийн сүүлийн магадлан итгэмжилсэн тодорхойлолт;

-Дархлалын олдмол хомсдол (ХДХВ), ДОХ-ын вирусгүйг нотолсон эмнэлгийн тодорхойлолтын хуулбар;

-ОХУ-д суралцахад эрүүл мэндийн хувьд тэнцэх тухай эмнэлгийн дүгнэлт (маягт У-086);

-Гадаад паспортын хуудасны хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орж ирснээс хойш 18 сараас доошгүй байх;

-Улсын болон олон улсын уралдаан, олимпиадад шалгарсан ялагчид олгосон гэрчилгээний хуулбар;

Горилогч нь сонгон шалгаруулалтын дүн зарлагдсаны дарааhttp://www.russia-edu.ru/ вэб сайтаас 6 сургуулийг урьдчилан сонгоно. (Холбооны 1 дүүрэгт болон Москва, Санкт-Петербург зэрэг хотуудад 2-оос илүүгүй сургууль сонгох)

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд иргэн бүр гар бие оролцохыг уриаллаа

Хан-Уул дүүргээс өнөөдөр /2018.03.06/ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА ШИЙДЬЕ” анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан зэрэг нийслэл болон холбогдох яам агентлагын төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачдыг оролцуулан явагдлаа.

Уг зөвлөгөөн нь зам тээврийн хэрэг, осол, авто замын түгжрэл, замын зохион байгуулалт болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргаа, үйлчилгээ, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад чиглэгдсэн бөгөөд зөвлөгөөнд оролцсон байгууллагуудын хариуцлагатай үүрэг хүлээсэн удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нарын хийсэн мэдээлэл, гаргасан санал, судалгаа, дүгнэлтийг үндэслэн “Зөвлөмж” боловсруулан, дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтэд хүргүүлэв.

Зөвлөгөөнд оролцогчдоос “Бид бүхэн нэг ч гэлтгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтдаа шийдэж чадвал хамтран ажилласны үр дүн гарах бөгөөд аюулгүй, амар тайван нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм” хэмэээн дээрх гарсан зөвлөмжийг иргэн бүр хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.