Categories
мэдээ нийгэм

”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн болов

''Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа'' зөвлөгөөн болов

Баянзүрх дүүрэг нь 336,932 мянган хүн амтай, 94,971 мянган өрхтэй, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд олонтой нийслэлийн хамгийн том дүүрэг юм. Дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 118,250 мянган авто машин болон бусад авто машин замын хөдөлгөөнд оролцдог.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Олон Улсын стандартад нийцүүлсэн орчныг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр Баянзүрх дүүрэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” хамтдаа зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулав.

Зөвлөгөөнд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Ганчимэг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Б.Амартүвшин, ЗЦХ-ны Техник, замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч Р.Мөнхбаяр, ЗХАБХ ТББ-ын тэргүүн О.Батжаргал болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр ,”Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Баянзүрх дүүрэг”, “Баянзүрх дүүргийн зам тээврийн осол хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, “Баянзүрх дүүргийн хэмжээнд явуулсан хамгаалах бүсний судалгаа”, “Зам тээврийн осол хэргийг бууруулахад хүүхэд бидний оролцоо”, “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавив. Илтгэлүүдтэй холбогдуулан эрх зүй, онолын түвшинд холбогдох мэдээ мэдээллийг хэлэлцэж, цаашид тус дүүрэгт тулгамдаж буй асуудалд иргэдийн оролцоо, мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хангахад анхаарч ажиллахаар тогтлоо.
Түүнчлэн тус зөвлөгөөнөөс бодлогын болон шийдвэр гаргах түвшний байгууллага мөн хэрэгжүүлэн ажиллах төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын хүрээнд хамтын шийдвэр, зөвлөмж гаргахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Эх орончдын өдөр” тохиож байна

эх орончдын өдөр зурган илэрцүүд

Жил бүрийн энэ сарын 1-нийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын төрсөн өдөр тохиодог билээ.

Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАХН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг юм. Энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Мөн эл өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор боллоо

Засгийн газрын хуралдаан болж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаан болж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор болов

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна.

Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

Товч мэдээ

– Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг мөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхийг дэмжив. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

– Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод Худалдан авах ажиллагааны хяналтын болон Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрх олгов.

– “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баатархүү: НИТХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулах үүднээс С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барьсан

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.


-НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барьсан гэдэг мэдээлэл гарсан. Түүнийг ямар шалтгаанаар огцрох үндэслэлтэй гэж үзэв?

-Бид нэг зүйлийг ойлгомжтой болгох ёстой. НИТХ гэдэг байгууллага нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг. Нийслэлийг хөгжүүлэх, бодлогоор тасралтгүй хангаж ажиллах ёстой л доо. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын бодлогыг хэлэлцэн баталж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага. Бид өнөөдөр хууль эрх тэгш үйлчлэх тухай ярьдаг. Нийслэлийн иргэдэд хууль үйлчлээд НИТХ-ын даргад хууль үйлчилдэггүй байж болохгүй. Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиар хоёрдугаар сарын 20-ны дотор НИТХ-аар Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлээд Засгийн газарт өргөн барих ёстой. Гэтэл өргөн барих асуудалд шаардлага тавьж, хурлын хэлэлцэх асуудалд оруулах хуулийн хэрэгжилтийг хангахад хангалтгүй ажиллаж байна гэж манай бүлэг үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, НИТХ татвар төлөгчдийн мөнгөөр баталсан төсөл хөтөлбөрүүдийн биелэлт ямар байна вэ гэдэг дээр хяналт тавих ёстой. Бид энд хуралдаж төсөл, хөтөлбөр батлаад байдаг. Гэтэл ямар үр дүн гарч байгааг хэмжиж чаддаггүй. Тиймээс хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллая гэж байгаа юм.

Хоёрдугаарт, НИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг хуралдуулж үйл ажиллагааг тасралтгүй хангах ёстой. Сүүлийн хоёр жил НИТХ-ын ажлын хороод ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар хуралдахаа больсон.

-Яагаад ирц бүрдэхгүй гэж вэ. Эрх баригчид чинь үнэмлэхүй олонх биз дээ?

-НИТХ гэдэг байгууллага Улаанбаатар хотод үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуудлыг тавьж эхэлж байна. Цаашдаа НИТХ-ыг байнгын байлгах уу, байнгын биш болгох уу, НИТХ-аас гарсан шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь ямар байх вэ гэдгийг тодорхойлох олон асуудал бий. Зөрчлийн тухай хууль гарснаас хойш НИТХ-ын гаргаж буй тогтоол шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь ойлгомжгүй болсон. Үүнээс болж иргэд хохирч байна. Үндсэндээ дугаарын хязгаарлалт үйлчилж байна уу, үгүй юу гэдэг нь маргаантай асуудал болсон. Энэ мэтчилэн асуудлуудыг тодорхой болгохын төлөө НИТХ-ын удирдлага санаачилгатай ажиллах ёстой. Харамсалтай нь ямар ч санаачилгагүй байгаа учраас С.Амарсайхан даргыг огцруулъя гэж байгаа юм. Бид хэдийгээр сөрөг хүчин ч гэсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, НИТХ-аас гарч буй тогтоол, шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэлийг ойлгомжтой болгох саналуудаа өгчихсөн. Гэтэл 45 суудлын 76 хувийг бүрдүүлж байгаа буюу 34 суудалтай эрх баригчид хурлынхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байна л даа. Засаг даргын институци, НИТХ-ын институци хоёр нь хоорондоо зөрчилдөөд төрийн ажил гацаж байна. Үүнээс улбаалж нийслэлийн иргэд хохирч байгаа. Энэ үндэслэлээр Засаг даргадаа шаардлага тавьж байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёс буюу парламентын засаглалтай орны хамгийн дээд байгууллага болох Иргэдийн хурал үүн дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Энэ бүгдийг хангаж чадахгүй байгаа болохоор НИТХ-ын даргыг огцруулах шаардлагатай гэж үзсэн юм.

-НИТХ-ын эрх баригчид танай бүлгийн саналыг хэр дэмжих бол. Ер нь НИТХ-ын дарга болон Засаг даргаа шүүмжилж буй төлөөлөгчид байх юм билээ?

-НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн хуралдаж энэ асуудлыг ярих байх. Иргэдийн хурлын дарга болон Засаг даргаа хангалтгүй ажиллаж байна гэх төлөөлөгчид бий. Бүлгийн хурлаараа энэ асуудлаа яриад шийдэлд хүрэх байх л даа. НИТХ-ын дарга гэдэг бол бодлого гаргаж буй байгууллагыг удирдаж хэрэгжүүлж буй агентлагийн дарга нарт хариуцлага тооцдог байх ёстой. Энэ хүн хариуцлагатай ажиллуулах үүрэг хүлээчихсэн. Тэр утгаараа хариуцлагыг Иргэдийн хурал өөртөө авъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар муу ажиллаж байвал УИХ хариуцлага тооцдог. Засгийн газар муу ажиллаад байхад УИХ хариуцлага тооцохгүй, УИХ-аас баталж буй хуулиуд чанаргүй гараад байвал УИХ хариуцлагагүй байна гэж үздэг. Тиймээс НИТХ-аас гарч буй бодлогын бичиг баримтууд сүүлийн жилүүдэд чанаргүй болсон. Яг юу хэлэлцээд, батлаад тэр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй болчихсон.

-Удирдлагуудын буруу, тэд хангалтгүй ажиллаж байна гэж үзэх үү. Нөгөө талдаа НИТХ-ын төлөөлөгчдийн чадварын асуудал сөхөгдөх байх л даа?

-Бид эрх зүйн томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэх мэтчлэн хуулиуд дээр нийслэл Улаанбаатар хот юу хийх юм. Хотууд, Засгийн газар, дүүргүүд юу хийх вэ гэдгийг хууль эрх зүйн хувьд ойлгомжтой болгох хэрэгтэй. Энэ утгаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд манай Ардчилсан намын бүлэг анхаарч хэлэлцүүлэг хийе гэж байгаа. Нийслэл яг юу хийх юм. Шийдвэр нь яаж үйлчлэх юм, нутаг дэвсгэртэй байх юм уу, үгүй юм уу гээд олон асуудал бий. Үүний дараа хот гэдэг ойлголт байгаа л даа. Хотын эрх зүйн байдлыг ойлгомжтой болгох хэрэгтэй. Дараа нь дүүрэг гэдэг ойлголт байна. Тиймээс нэгдүгээрт, хууль эрх зүйн талаасаа томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Нийслэлийг бие даасан болгоно гэж ярьдаг. Нийслэл эрх зүй, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан болно гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Харамсалтай нь хуулийг ойлгомжтой болгох чиглэлээр УИХ, нийслэл ч тэр хангалтгүй ажиллаж байгаа. УИХ бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг хүсэж байна. Нийслэл Улаанбаатар хотод засаглалын гажуудал үүсээд үүнээс болж ажил явахгүй байгаа юм.

Хоёрдугаарт, эрх барьж буй МАН-ын талцал, эрх мэдлийн төлөөх тулаан НИТХ-ын 34 төлөөлөгчийг хуваачихаад байна. Ямар сайндаа НИТХ дээр гурван бүлэгтэй юм шиг ажиллах болсон. Үүнээс болж 34 төлөөлөгчтэй эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлээд асуудлаа шийдээд явах боломжоо алдаад байгаа л даа.

-Хурлын дарга хангалтгүй ажиллаж байгаа болохоор талаар цацсан шагай шиг төлөөлөгчидтэй НИТХ-ын ажил гацаанд оржээ дээ?

-НИТХ-ын дарга нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй байна.

-Ц.Сандуй гэж даргатай байлаа. Тэр хүн ажлаа өгөөд явсан. С.Амарсайхан гэж даргатай боллоо. Ахиц гарахгүй байна гээд байгаа юм байна. Огцруулаад дараагийн хүн дарга боллоо гэхэд ажил сайжрах баталгаа байна уу?

-2012 оноос өмнө НИТХ гэдэг байгууллага жилдээ хоёр удаа хуралддаг юу хийдэг нь ойлгомжгүй байсан. 2012 оноос хойш байнгын болгож сар болгон хуралдан НИТХ-аар хэлэлцэж буй асуудлууд ажил амьдралд нь илүү ойрхон юм байна гэж иргэд анхаарал тавьдаг болсон. Харин 2016 оноос хойш НИТХ хурлаа хийгээч, дэгээ мөрдүүлээч ээ гэдэг шаардлагыг бид тавьсаар ирлээ. Иргэдийн хурлын даргыг өөрчлөх санал оруулсан. Ардын намын бүлэг саналаа яаж гаргах вэ гэдгээс шалтгаалж шийдэгдэнэ.

-НИТХ-ын хурлаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлахаар хуралдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн удирдлага 2016 оны долдугаар сарын 6-нд солигдсон. Түүнээс хойш нэг жил найман сар өнгөрчихөөд байхад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн хүрэлцээг нэмэгдүүлэх, орон сууцны бодлогын асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлээгүй. Өнөөдрийг хүртэл өргөн барилгүй явсан. Эрх барих хугацааныхаа тэн хагаст орж байж өргөн барилаа. Гэсэн ч уг асуудал нь хангалттай биш байна. Тиймээс үүнийг сайжруулъя гэж байгаа юм.

Гэр хорооллын иргэдийн газрыг хямд үнээр аваад үүнийгээ дамлан худалдаалах маягаар уг хөтөлбөрийг баталж болохгүй. Бид иргэдийн үндсэн эрх, өмчийг хамгаалж тэр газрын эзэд эдийн засгийн харилцаанд тэнцвэртэй оролцож, өөрсдөө орлоготой болж, орон байрныхаа нөхцөлийг сайжруулах боломжийг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, хувийн хэвшилтэй төр өрсөлдөх маягаар энэ хөтөлбөрийг баталж болохгүй. Хувийн хэвшилдээ орон сууц барих боломжийг нь олгох ёстой. Нийслэлийн шинэ удирдлагууд иргэдийг аз жаргалтай болгоно гэсэн. Аз жаргалтай биш, харин ч гунигтай амьдарч байна. Үүндээ дүгнэлт хийх цаг болсон.

-Нийслэлийн захиргаа болон харьяаны 33 агентлагийг Яармаг руу нүүлгэнэ гэж байна. Хотын түгжрэлээс эхлээд олон зүйл шийдэгдэнэ гэж байгаа. Танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Хотын захиргааг нүүлгэе, төвлөрлийг сааруулъя, Улаанбаатар нэг төвтэй биш, олон төвтэй болъё гэдэг саналыг Э.Бат-Үүл даргын үед гаргаж байсан. Гэхдээ хотын захиргаа гэр хорооллын иргэдийн үндсэн эрх болох газрын үнэлгээг нэмэгдүүлэх үүднээс Баянхошуу руу нүүе. Утааны голомтод очиж тэнд дэд бүтцийг хүргэж, утааг зохих хэмжээнд бууруулж, газрын үнэлгээг бага ч атугай нэмэгдүүлье гэдэг шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь нийслэлийн шинэ удирдлага хотын захиргааг Нүхт рүү нүүлгэе гэж байна. Нүхт бол Улаанбаатар хотын утаанаас ангид хамгийн ая тухтай газар. Нийслэлийн иргэд С.Батболд даргыг утаанаас зугтаж тийшээ нүүж байна гэж харж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батсуурь: Цус ойртолтын үзэгдэл илрээгүй сум гэж байхгүй

Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Биднийг түгшээсэн асуудлуудыг нэг нь цус ойртолт яах аргагүй мөн. Тэгвэл бид цус ойртолттой хэзээнээс нүүр тулгарч эхлэв?

– 1925 онд гарсан Засгийн газрын тусгай тогтоолоор монгол хүний угийн бичиг хөтлөх, овгоо хэрэглэхийг хориглочихсон юм билээ. Овог бол цус ойртолтоос хамгаалах хэрэгсэл. Үүнийгээ бид алдчихсан хэрэг. Сүүлд бол таамаг төдийгөөр овог авсан. Тийм байтал эхнэр нөхөр хоёр өөр овогтой л бол болчихдог юм шиг ойлгодог. Хоёрдугаарт, угийн бичгээ хөтлөлгүй 90 гаруй жил болжээ. Энэ уламжлал орхигдчихоор бид удам судраа мэдэхгүй байгаа юм. Өөрийнхөө эмээ өвөөгөөс цааш бараг л мэддэггүй. Ямар ч монгол хүн өөртэйгөө илэрхий цусан төрлийн холбоотой хүнтэй суухыг хүсэхгүй л дээ. Тэгэхийг хүсэх ч ард түмэн биш. Ёс заншилдаа ч цээрлэдэг. Харин бид угийн бичгээ хөтлөхгүй байгаа учраас л хамаатан саднаа мэдэхгүй, гэр бүл болчихоод байгаа юм. Урьд нь монголчууд бид есөн үеэ мэддэг байсан. Ураг удмаа мэддэг байсан учир ах, дүүсийн хооронд амьд харилцаа, бие биенээ хүндэтгэх ёсон ч өрнүүн байсан юм.

Гуравдугаарт монголчууд бид өргөн уудам нутагт их таруу байршдаг. Өнөөх уудам нутгаа аймаг, сум, багт хуваачихдаг. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх талаасаа зөв, чухал шийдэл. Нөгөө талдаа цөөхүүлээ бид чинь дахин хэд, хэд хуваагдах шаардлагатай болдог. Нэг багийг дунджаар 500 хүнтэй гэж үзье л дээ. Үүний 26 хувь нь хүн амаа нөхөн төлжүүлж, дараагийн үр удмаа бэлтгэх ёстой. Ойролцоогоор эр, эм нийлсэн 130 орчим хүн гэсэн үг. Үлдсэн нь хүүхэд, хөгшид, хүүхэд төрүүлэх нас нь өнгөрсөн хүмүүс юм. Өнөөх 130 залуус хараа, бараандаа явсаар гэр бүл болох тохиолдол нь их. Дээр хэлсэнчлэн эдгээр залууст илэрхий ураг удмын холбоо, сүлбээ харагдахгүй ч холын хамаатан садан байх нь элбэг. Тэд үүнийгээ угийн бичиг хөтөлдөггүй учир мөн л мэдэхгүй. Харин генийн тархалтын хуулиар судлаад үзэхээр элэнц, хуланцынхаа түвшинд гэрлэхэд илэрхдэг цусан төрлийн холбооны үзүүлэлт гарч ирдэг.

-Цус ойртолтоос улбаатай ямар сөрөг үр дагаврууд илэрдэг бол?

-Оюуны хөгжлийн доройтолтой үр удам төрдөг. Оюуны доройтлыг хөнгөн, хүндэвтэр, хүнд, гүнзгий гэж дөрөв ангилдаг юм. 25 настай эрүүл саруул хүний сэтгэцийн чадавхийн түвшнийг 100 хувь гэж үзье. Тэгвэл ижил насны хөнгөн хэлбэрийн оюуны доройтолтой хүн түүнээс даруй 10-20 хувиар доогуур сэтгэдэг. Энэ нь оюуны доройтлын түвшнээс хамаарч улам дорддог. Дээрээс нь ийм хүүхдүүд юм заагаад байхад сурдаггүй. Хэлж өгөөд байхад ойлгодоггүй. Осолдохгүй л хар амиа авч явдаг жишээтэй. Өөрийгөө л бөөцийлдөг. Зарим нь бүр биеэ ч авч явж чаддаггүй. Энэ нь сургалтад ихээхэн хүндрэл учруулах нь бий. Энэ бол цус ойртсны томоохон илрэл. Учир нь шалтгаан нь маш энгийн. Хүн 32,040 гентэй байдаг. Үүнийг эрдэмтэд хэдийнээ тодорхойлчихсон. Үүний 16,020 генийг нь ааваасаа, үлдсэн 16,020-ийг нь ээжээсээ авдаг. Энэ олон ген дотор оюуны хөгжлийн чадавхийг доройтуулаад л байдаг генүүд бий. Тэдгээр генүүд цус ойртсноор ижил байдалд орох нөхцөл бүрддэг. Үүнээс улбаалж оюуны хөгжлийн чадавх сул хүүхэд төрдөг байх нь.

Цус ойртсонтой холбоотойгоор илэрдэг дараагийн сөрөг үр дагавар нь удамшлын төрөл бүрийн өвчин, согогтой хүүүхэд төрөх явдал юм. Тагнай цооронхой, уруул сэтэрхий, гар, хөлийн таван хуруу нь хоорондоо нийлчихсэн. Өтгөн, шингэний сүв нь хаалттай байх зэрэг согогууд илэрдэг. Харахад үнэхээр сэтгэл эмтэрмээр байдаг л даа.

-Амин хувиа хичээх, үг даахгүй байх, тэвчээргүй байх зэрэг нь ч цус ойртсны илрэл гэдэг. Эдгээр нь замын хөдөлгөөнд соёлгүй оролцож байгаа иргэдээс ихээхэн ажиглагддаг. Тэгэхээр энэ нь өнөөх л цус ойртсноос үүдэлтэй уршиг гэж ойлгож болох уу?

-Тэр бол үнэн. Хар амиа бодсон бэртэгчин сэтгэлтгээтэй байдаг. Аливаа зүйлд уужуу тайван хандах, ухаан сийлэх, сэтгэлийн тэвчээр гаргах зүйлээр ядмаг учраас тэр юм. Тийм сэтгэлтгээ төлөвшиж чадахгүй учраас муу, сайн аргаар яаж ийгээд л амиа аргалаад явахыг хичээдэг гэсэн үг. Мөн цус ойртсон гэр бүлээс төрсөн үр удмууд өвчин эсэргүүцэх чадвар сул, үхэл даах чадвар ч маш муу байдаг. Хорт хавдраар өвчлөх нь ч элбэг. Өөрөөр хэлбэл бие махбодийн дархлаа сул байдаг. Энэ сэдвээр миний шавь докторын зэрэг хамгаалсан. Судалгаа, нотолгоотой зүйл л дээ.

Сонирхуулахад, монголчуудыг хар амиа бодсон, эв нэгдэлгүй, өөрөө өөрийгөө мөхөөх байдалд оруулахын тулд угийн бичигийг устгасан болов уу. Улс төрийн далд бодлого байсан юм биш байгаа гэсэн бодол ч төрдөг. Гэхдээ энэ миний л бодол.

-Цус ойртолтын шинж тэмдэг аль аймагт илүүтэй зонхилсон байна вэ. Цус ойртолтод өртөөгүй аймаг гэж байна уу?

-Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эхлээд 21 аймагт төрж байгаа нярайнуудын дунд удамшлын өвчин, согогтой хүүхэд төрж байгаа үзэгдэл байна уу, байгаа бол ямар гажиг согогтой хүүхэд төрж байна вэ гэдгийг судалсан байдаг. Гэтэл бүх аймагт удамшлын гажиг, согогтой хүүхэд төрдөг болох нь тогтоогдсон. 11 төрлийн удамшлын өвчин, гажигтай төрдөг үзэгдэл бий болчихжээ. Хэрвээ ганц, хоёрхон аймагт л дээрх төрлийн гажиг, согогтой хүүхэд төрдөг байсан бол бид магадгүй орчны бохирдол, усны хордлого зэрэг бусад хүчин зүйлстэй холбож болох байх л даа. Гэтэл тийм биш байгаа нь тун харамсалтай. Энэ нь өөрөө хүн ам дахь цус ойртолттой асар өндөр шүтэлцээ холбоотой байна. Энэ нь ч нотлогддог. Цус ойртолтын үзэгдэл илрээгүй аймаг битгий хэл сум гэж алга. Энэ нь хэдийнээ чимээгүй тахал болчихжээ.

-Цус ойртолтоос ангижрах гол хүчин зүйл нь юу вэ?

-Мэдэх хэмжээндээ хүртэл угийн бичгээ хөтлөх. Элэнц, хуланцаа мэдэхгүй юм чинь угийн бичиг хөтлөөд яахав гэж бодож болохгүй. Угийн бичгээ хөтлөхдөө эмээ, өвөө, аав, ээж, тэдгээрийн хамаатан садан, үр хүүхдүүдийг бичнэ. Авга ахын том хүү, түүний эхнэр, охин нь тэдэн настай гэх мэтчилэн. Түүний эхнэр нь тэр нутгийн хүн ч гэсэн болно. Бид угийн бичиг хөтлөх гарын авлага, ном бүтээл ч хийсэн байгаа. Түүнээс санаа авч болох юм.

Угийн бичгээ хадаг яндарт боож, нандигнан хадгалах хэрэгтэй. Улмаар үр хүүхэдээ нас бие гүйцэхэд нь угийн бичгээ өгөх ёстой юм. Өгөхдөө зүгээр ч нэг хараарай, уншаарай гэчихэж болохгүй санагддаг. Ихээхэн ач холбогдол өгч, хадаг яндартай ёслол төгөлдөр өгөх нь чухал. Тэгж гэмээнэ хүүхэд хариуцлагатайгаар удам судраа судалж, хаа газараас гэр бүлийн хүнээ сонгож болох эсэхээ мэднэ шүү дээ. Тэгэхээр айл бүхэн л угийн бичигтэй болох хэрэгтэй байна. Угийн бичиг бидэнд байх хамгийн үнэт баялаг.

Ер нь бол өв соёлоо үр хүүхдэдээ суулгаж, түүнийг уламжлан авч явах чухал үүрэг гэр бүлд байдаг. Өв соёлоо түгээх анхдагч орчин нь гэр бүл юм. Их төрийн доторх бага төр нь гэр бүл гэдэг шүү дээ. Харин гэр бүл задарснаас болж бүхий л зүйл бутардаг. Ядуурал, ажилгүйдэл, архидалтаас болж гэр бүл бутарч байна. Үүнээс үүдэн ёс заншил, өв соёл гээгдэж байгаа. Энэ байдлаас гарахын тулд төрөөс гэр бүлийг ядуурлаас гаргах, ажилтай орлоготой болгох хэрэгтэй. Ингэж чадвал бүтэн гэр бүл бий болно. Улмаар гэр бүлээр дамжуулж уламжлалт соёлоо үр хүүхдэдээ өвлүүлж чадна. Өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлж чадвал бүтэн монгол хүн болно. Ийм л харилцан уялдаа холбоотой зүйл шүү дээ.

-Нутаг нугынхаа хүнтэй гэр бүл болох нь мөн л цус ойртох эрсдэлтэй болов уу. Энэ тухайд?

-Нэг баг, сум, аймгаас гэр бүлээ сонгох нь ураг удмаа гүйцэт мэдэхгүй бидэнд эрсдэлтэй л дээ. Хил залгай аймаг, сумдаас ч хань ижилтэй болох нь мөн л ялгаагүй эрсдэлтэй. Хэдий өөр аймаг, сум гэж нэрлэгддэг болов ч урьдынхаар бол нэг аймаг хошуу байсан гэдгийг бодолцох нь зүйтэй. Аль болох холын нутгийн хүнтэй гэр бүл болох нь юу юунаас чухал юм даа. Ингэж хань ижилээ сонгож чадваас үр удам тань оюуны өндөр чадавхтай, зүс царай, бие бялдар сайтай, сэргэлэн цовоо, ухаалаг, дэг жаягтай, төлөв даруу, бусдыг хайрладаг, эрүүл саруул, өвчин эсэргүүцэх чадвар өндөр, урт настай байх болно. Бурханлаг чанар нь давамгай гэж болно. Сайхан үр удам үлдээнэ гэдэг бахархалтай. Нөгөөтэйгүүр өрх бүр ийнхүү хичээвэл монгол үндэстэн эрүүл саруул, оюун ухааны чадамж бусдаас дээгүүр байх үнэт баялгийг бүтээлцэхэд хувь нэмэрээ оруулж байгаа хэрэг. Хамгийн гол нь хар амиа бодсон бэртэгчин сэтгэлтэнгүүдээс бид сална. Улмаар оюун санаа, сэтгэл зүйн дархлаа эрс өөрчлөгдөнө. Үүнийг ч эцэг, эхчүүд маань үр хүүхдэдээ хэлж ойлгуулж, учир шалтгааныг нь тайлбарлаж байх хэрэгтэй юм.

-Дэлхийн жишигт цус ойртолтоос хэрхэн салсан байдаг юм бэ?

-Үндэстэн бүр өөрийнхөө оюун ухаанаар энэ хүндрэлээс гардаг учиртай. Цус ойртсноос болж тухайн үндэстэн мөхөхөд хүрч байсан тохиолдол түүхэнд зөндөө бий. Тэр бүхнийг арга ухаан сийлээд л туулж гардаг. Тиймээс бид цус ойртолтоос ухаан зарж л гарна. Хүмүүс асуудаг л даа. Гадныхантай суучихвал цус сэлбэгдээд ухаалаг, зүс царай сайтай хүүхэдтэй болчих юм биш үү гэж. Тэгдэггүй юм аа. Өөрт тань тэрнээс илүү агуу генетик нөөц бий. Тэр агуу удамшлынхаа нөөцийг бид ашиглахгүй байна. Ашиглахын тулд холын аймгийн хүнтэй л гэр бүл болчих. Тэднээс ямар сайхан үр удам төрнө гээч.

Categories
мэдээ цаг-үе

В.Баярсайхан: Хувьцаанаас босгон таван тэрбум төгрөгийг шинэ зээлд олгоно

Монголын хөрөнгийн биржийн 2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захиалга өчигдрөөс эхэллээ.Хувьцааны захиалгыг нээх цан цохих ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн албан тушаалтнууд оролцов. Нээлтэд “ЛэндМН” ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Батсүх “ЛэндМН компани хувьцаагаа гаргахдаа салбарын хэмжээнд сайн жишиг тогтооход анхаарна” гэж хэлэв. “ЛэндМН” хувьцааны талаар “АНД глобал” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, -Лэнд МН” хувьцааны төслийн удирдагч В.Баярсайханаас тодрууллаа.


-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

-“ЛэндМН” бол БСББ. Бид шуурхай зээлийн үйлчилгээ үзүүлэх финтек компани.

-Финтек гэдэг нь юу гэсэн үг вэ?

– Финтек гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй шуурхай үзүүлдэг үйлчилгээний хэлбэр. Энэ нь хүн бүрт өгөөжтэй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл гар утастай хүн бүр хаанаас ч энэ үйлчилгээг авах боломжтой.

-Хэдэн төгрөгийн хувьцаа гаргаж байна?

-Нийтдээ таван тэрбум төгрөгийн хувьцааг гуравдугаар сарын 7-ныг хүртэл арилжина. Анхдагч арилжааны үнэ 25 төгрөг. Манай хувьцааг гар утаснаасаа, брокерын салбарууд, манай компани дээр ирж авч болно.

-Хөрөнгө оруулалтыг юунд зориулах вэ?

-Манай компани зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани. Тийм учраас хувьцаанаас орсон хөрөнгийг шинэ олгох зээлд зориулна.

-Зээлдэгчид нэмэгдэж байна гэсэн үг үү?

-Зээлдэгчдийн тоо хурдтай өсөж байгаа. Бидний тооцоогоор 2018 онд 18 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс таван тэрбум төгрөгийг хувьцаанаас босгож байна.

-Өнөөдрөөс эхлээд хувьцаа авсан иргэд ББСБ-ын хувьцаатай боллоо гэж ойлгож болох уу?

-Болно. Манайх Монголд анх удаа хувьцаат компани болж байгаа ББСБ.

-БНСУ-ын иргэдтэй ямар харьцаатай вэ?

– Өнөөдрийн гаргаж байгаа таван тэрбум төгрөгийн бондыг стратегийн болон энгийн гэж хоёр хувааж байгаа юм. Өнөөдрийн гаргаж байгаа хувьцааны тал стратегийн томоохон хөрөнгө оруулагчдад очно. Тэд их хэмжээний, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниуд байгаа юм.Энэ утгаараа өнөөдөр солонгосын Rhinos Asset Menejment компани нэг тэрбум төгрөгний хувьцааг авч байгаа.

-Энэ хэр найдвартай компани бол?

-Энэ бол хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани. Дэлхийн 170 оронд 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн компани.

– Нууц биш бол өнгөрсөн хугацаанд хэр үр дүнд хүрэв?

-Одоо манай компанид нууц зүйл байхгүй болсон. Хувьцаат компанид нууцлах зүйл байх ёсгүй. Манай байгууллагын үйлчилгээ 2017 оны нэгдүгээр сараас олон нийтэд хүрч эхэлсэн. Дөрөвдүгээр сараас эхлээд албан ёсны үйл ажиллагаа явуулсан. 2017 онд хөрөнгө оруулалтаа нөөөд 30 сая төгрөгийн ашигтай ажилласан. Оны өмнө бид 23 мянган хэрэглэгчтэй болсон. Өнөөдөр энэ тоо нэлээд өссөн.

-Цахимаар зээл авна гэдэг нь биткойнтой адил сонсогдоод байна.

-Биткойнтой огт адилгүй. Бусад бүх хувьцаатай адилхан хувьцаа. Авах өгөх хэлбэр нь цахим болохоос бусад бүх ажиллагаа нь ердийн хувьцаатай адилхан.

-Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хүндрэл үүссэн үү?

-Бидний ажигласнаар монголчууд шинэ зүйлийг соргогоор хүлээж авдаг. Гэхдээ цаана нь ямар нэгэн айдас байдаг.

-Өмнө нь ХЗХ, Жавхланг бадруулагч гээд томоохон дуулианууд дэгдсэн.

-Харин тийм. Түүнтэй ч холбоотой байх. Мөн ийм үйлчилгээ байдагт эргэлзэх, ялангуяа манай ББСБ-ууд ойлгоход нэлээд хугацаа орсон. Шинэ хэлбэрийн үйлчилгээ нь ямар нэгэн хардалт үүсгээд, тэр хардалт нь цочирдолт болоод жаахан хугацаа алдсан тал бий. Гэхдээ монголчууд юмны амтанд орохдоо их амархан. Нэг удаа хэрэглэж үзээд л дахин ашиглана. Бусдад түгээнэ.

– Гүйлгээний баталгаа нь юу вэ?

– Бид банкууд, ББСБ-уудтай хамтарч ажилладаг. Гүйлгээний баталгаа банкны билл. Гүйлгээ банкуудаар л дамжиж хийгдэнэ.

-Банкууд танай өрсөлдөгчид үү?

-Үгүй харин ч хамтрагчид.

-Та нар зээл тараах өрсөлдөөнд байгаа биз дээ?

-Банкуудын өндөр зардалтай жижиг зээлийг маш бага зардлаар илүү олон хүнд хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Мянга нэгэн амлалтын үлгэр” хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“АНУ-д ажиллах хүч зуучлах компанид тусгай зөвшөөрөл олгоно” сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хараарай.

Мөн дээрх нүүрнээс Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцсаныг хүлээн аваарай.

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болов. Уг хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.

“Манай улсад хорт хавдартай 18 мянга гаруй хүн байна” зэрэг мэдээ мэдээллийг улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Мянга нэгэн амлалтын үлгэр” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн цуврал нийтлэл болох “Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар”-ыг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийсэн нь тавдугаар нүүрэнд гарчээ. Тэрээр “Монголынхоо эсрэг явсан хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэжээ.

МУГЖ, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцсаныг XIII нүүрнээс хараарай. Тэрээр “Ээжээ” жүжгийн дууг анх дуулах гэсэн чинь хоолой зангираад огшсон хэмээжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ