Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Эрдэнэтийн 49 хувийн хувь заяа гэж…

БГД-ийн 19 дүгээр хорооны иргэн Зөвлөх инженер Д.Батаа

ОХУ-аас худалдан авч ирсэн 49 хувийг “Монголын төр”, “ХХБ”, хоёр булаалдаад гурван жил болох гэж байна. “ХХБ”-ын охин компани болох “Монгол Зэс корпораци” хоёроос гурван ч удаа Монголын ард түмэнд хандаж мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд айлган сүрдүүлсэн, ард түмний тархи угааж цөөхөн хэдэн олигархуудын эрх ашгийг хамгаалсан, тэд авч баяжиж л байвал ард түмэнд хамаагүй гэж байна! Хэдийд цадаж ханадаг юм бол оо! Уг нь ард түмэндээ авч ирээд өгсөн бол баатрууд хэмээн нэрлэх байлаа!! УИХ 49 хувийг худалдан авахдаа ард түмэндээ мэдэгдээгүй. Хулгайн маягаар оруулж ирснийг бичиг үсэг тайлагдсан, сонсох харах чадвартай бүх хүн мэдэж байгаа!! Худалдан авч оруулж ирсэн мөнгө нь бас л хулгайн замаар . . Ямар ичих булчирхай энэ хүмүүст байх биш!!! Ард түмэндээ 40-45 хувийг өгөөд үлдэж байгаа хувийг нь тэд өөрсдөө авбал болоо юм биш үү !!! Оросууд Энэтхэгийн 49 хувийг 400,0-хан сая доллараар зарсан гэхэд бизнесмен хүний хувьд гайхаад байдаг юм. Ямар ид шидийн аргаар тийм хямд салгав.Үнэн бол үнэхээрийн гайхамшиг!!! Хожмын ашгаас жил бүр Орос ноёд авахаар тохирч хийсэн гэх дүгнэлтэд хүрч байна. Орос хүн зарсан бол зарсан зарчим үйлчилдэг гэдгийг Оросууд хэлээд байгаа!!! Монголчууд шиг долоо хоноод наймаа буцдаг юм биш гэж байв. Оны өмнөхөн Улсын Дээд Шүүхийн шийдвэр “ХХБ”-ын талд гарч, тэд хязгааргүй баярлаж байна. Гэтэл уг худалдан авсан мөнгө гэрээ байгуулахаас жилийн өмнө шилжиж эхэлсэн сураг дуулдсан!! “ХХБ” болон Эрдэнэбилэгтүүд өөрийн мөнгөөр худалдаад авсан бол өөр хэрэг!! Тэд авах ёстой !! Хулгайн замаар авсан бол үнэнийг хэлж, ард түмэндээ ярьсан хувиа тохироод өгч, авч болох юм бишүү !!! Үүнд Тагнуулын генерал асан Б.Хурц орчихсон цохиж яваа гэж байгаа!!! Одоо хүртэл төр нь үнэн зөвийг тогтоож чадахгүй. Үндэсний бөхийн холбоотой Дээд Шүүхийн шийдвэр арваад жилийн өмнө гарсан сураг байдаг. Шийдвэрт ямар ч хүч үйлчилдэггүй нь сонирхолтой!! Улсын Дээд шүүхийн шийдвэрээ ээ гэж…

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89029199 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн: Б.ҮРЖИГ

У.ПҮРЭВСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Бүх дүүрэгт хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

Хатгалгааны эсрэг вакцин зурган илэрцүүд

Өнөөдрөөс нийслэлийн бүх дүүрэгт 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийж эхэллээ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийхээр болсон юм.

2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин: Хэлэлцэж тохирсноо бодит ажил болгох үлдлээ

ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан өндөрлөв

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 21 дүгээр хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 26-28-нд ОХУ-ын Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

Комиссын ээлжит хуралдааны хүрээнд талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, санхүү, зээл тусламж, хүрээлэн буй орчин, түлш, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13, Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа. Мөн Эрчим хүчний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Барилга, хот байгуулалтын яамд хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, олон чухал асуудлыг хэлэлцэв.

Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний сацуу Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохирсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаанаар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хороонд 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг үзэглэж, соёлын салбарт 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар тохиролцов.

Комиссын Монголын хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон бусад албаны хүмүүс орж ажиллалаа.

Гурван баримт бичигт гарын үсэг зурлаа

Өчигдөр (2018.02.28) хуралдсан нэгдсэн хуралдааны төгсгөлд ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны төгсгөлийн баримт бичиг буюу Протокол, Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгууллаа.

Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ эхэнд ЗГХК-ын хуралдааныг мэргэжлийн өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулахад Монгол, Оросын талууд хүчин чармайлт гарган идэвх зүтгэлтэй ажилласныг онцлов. “2016 онд Улаанбаатар хотноо хуралдсан 20 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүд үндсэндээ амжилттай хэрэгжиж байгаа ч хэрэгжилт нь хоцорч буй зарим асуудалд талууд цаашид анхаарч ажиллах шаардлага байгаа. Зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа харьцангуй идэвхтэй хөгжиж ирсэн байна. Харин барилга, соёл, эрүүл мэнд зэрэг чиглэлд илүү анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж ажиглагддаг. Хоёр улсын хооронд нэг удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй маргаантай асуудлууд байгаа. Бидэнд шийдлээ олох бүрэн боломж бий. Олон жил хуримтлагдаад байсан зарим асуудлыг энэ удаагийн хуралдаанаар ойрын хугацаанд ойлголцох түвшинд хүргэлээ. Одоо ярьж тохирсноо бодит ажил хэрэг болгох л үлдэж байна. Ингэж чадвал 21 дүгээр хуралдааныг “маш амжилттай боллоо” хэмээн үзэж болно. 21 дүгээр хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бид чармайн ажиллах болно” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын сэтгүүлчдэд хэллээ.

Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшиний хийсэн мэдээллээс ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үр дүнг товчлон тоймолъё.

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирсон.

-Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талыг хамарсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцсон.

-УБТЗ-ыг хөгжүүлэх чиглэлээр өмнө тохирсон арга хэмжээний үр дүнд УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэлээд нэмэгдсэн. УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцсэн.

-Эрчим хүчний салбарт Оросын талаас хамтын ажиллагааны тодорхой санал дэвшүүлсэн. Энэ чиглэлээр манай холбогдох компаниуд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон.

-Хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монголын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон.

-Хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай талын саналыг тус холбооны нөлөө бүхий гишүүний хувьд дэмжиж өгөхийг Оросын талд тавьж, энэ асуудлаар ажил хэргийн хэлэлцээ цаашид үргэлжлүүлэхээр тохирсон.

-Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спортын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхээр тохиролцсон байна.

Шадар сайд Ө.Энхтүвшинээс Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч Монгол Улсад усан цахилгаан станц байгуулах төсөл зогссон, эсэх талаар асуухад тэрбээр “Усан цахилгаан станцын талаар бид олон жил ярьж байгаа. Ажлын хэсгүүд судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж байна. Ялангуяа хоёр талын эрдэмтдийн судалгааны үр дүн яаж гарахаас бидний цаашдын алхам шалтгаална” хэмээн хариуллаа.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв

Шадар сайд Ө.Энхтүвшин ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааг дуусмагц Москва хотын Братьев Фонченкогийн гудамжнаа орших Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирж “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв.

Энэхүү хөшөөний суурийн хананд “Монголын ард түмэн аугаа эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн сийлжээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын тогооч нарын их наадмаас 45 медаль хүртжээ

ЗурагОлон улсын тогооч нарын 16 дахь удаагийн их наадам Турк улсын Истанбул хотноо болж Монгол тогооч нар нийт 45 алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ.

Энэхүү олон улсын тогоочдын Их наадам 2 дугаар сарын 22-25-нд болсон бөгөөд 18 орны 2000 тогооч 70 төрөлд өрсөлджээ. Манай улсаас хоёр шүүгч, 23 оролцогч, 6 дэмжигч оролцсон бөгөөд багийн болон ганцаарчилсан дүнгээр 8 алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль тус тус хүртэж, ур чадвараа гайхууллаа. Мөн 6 мастер тогооч Олон улсын шүүгчийн сургалтад хамарч ганзага дүүрэн олзтой эх орондоо ирэв.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг гэнэтийн шалгалт хийж байна

Зураг

Төрийн албаны зөвлөлөөс аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх салбар зөвлөлүүдэд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэнэтийн шалгалт хийж байна.

Ээлжит шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгаас эхэлж, тус салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа аж. Мөн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулж, сул орон тоог эзэнжүүлэх ажлыг хийж байна.

Орон нутагт ажиллаж буй ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Энэ ер нь ямар учиртай ширээ вэ?

Уламжлал судлагч Утгач овгийн Ц.Цэрэн-Очир

“Улаанбаатар хотын музей” гэж навтар байшин Бөхийн өргөөний зүүн хойно байгаа. Түүний урд оройд өеөдөөд, амь тэмцэн тийчилж буй амьтан санагдуулам хүрэн ширээний дөрвөн хөлийг тэнгэр харуулаад хэвтүүлчихсэн байна. Түүний учир начрыг мөшгөвөөс ийм учиртай аж.
МАХН-ын Төв Хорооны товчооны гишүүн агсан Т.Рагчаа гуай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Цогт Бадамжав өөрсдийн эзэн хааныг ширээнээсээ хальж, төр нь мөхөх дор төрийн бэлэвсрэл хэмээн ёслон гашуудаж, өрнөдийн заншлаар ширээ гэдрэг харуулан тавьж эмгэнэсэн юм гэнэ лээ” хэмээн ярьсан байдаг. Харин нийслэлийн түүхчид цахим сүлжээндээ “оросын хаан ширээ унахыг бэлгэдэн, ингэж тавьсан” гэх ухааны юм бичжээ. Тэгэхлээр нэгэн зууныг гэтэлж буй энэ ширээ Монголын төрд шүглэсэн хараал байж мэдэх. Хараал гэдэг бол төрийн ч бай, түмний ч бай сүлд хүчийг эвддэг. Өнөө үеийн ойлголтоор бол долгионы (квант) зэвсэг гэхэд ойртох байх.
Уламжлалт жишгээр бол гашуудал хүнийх 49 хоног, төрийнх жил байдаг. Гэтэл оросууд Цогтыг 1931 онд шоронд хийж тусгаарласан.1937 онд хороосон аж. Ингээд байлгаад байгаа нь эмгэнэл энэ тэр гэдэг ч эргэлзээтэй.
Уг ширээ бол түүхийн нандин үнэт зүйл биш. Оросын цагаан хааны үхэл, мөхлөөр халхавчилж, төр улсыг түйвээн, дээдсийг нь суудалгүй, доодсыг нь гүйдэлгүй болгон, эрхшээж байхын тулд нийслэлийн маань төвд тавьсан хараалын шинжтэй эд биш үү. Тэгээд хойд “эрхмүүд” уяаныхаа нохдоор “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн цуурхал дэгдээсэн байхыг хэн байг гэх вэ. Энэ ширээг ийнхүү дурсгал хэмээн дээдлээд байвал хэрхэхийг төсөөлөхөд бэрх.

Хан төр, хамаг ардаа боддоггүй юм гэхэд улаан нүүр, унгасан толгой тань хайран биш ээ, дээр суугаа хэдээ?! Явдал мөрөө самууруулаад, нөгөө хэдийнхээ араас цувах нь дутаагүй юм бол танагтай дээр нь татаж аваасай. Энэ бол манай төрд шүглэсэн маш хүнд нэг архаг өвчин. Засал нь ердөө л түрүүчийнх.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89029199 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн: : Б.ҮРЖИГ

У.ПҮРЭВСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Владимир Путин Пёнчаны медальтнуудад BMW автомашин гардууллаа

putin pyeongchang bmw зурган илэрцүүд

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд медаль хүртсэн тамирчдадаа цоо шинэ BMW загварын автомашинуудыг гардуулжээ.

Алтан медальтнууд BMW X6, мөнгөн медальтнууд BMW X5, хүрэл медальтнууд BMW X4 автомашины түлхүүр хүлээн авсан байна. Уран гулгалтын Алина Загитова болон хоккейн эрэгтэй багийнхан нийт 26 ширхэг X6 машин авсан бол 13 тамирчин X5, долоон тамирчин X4 загварын төмөр хүлэгтэй болжээ.

Мөн өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өвлийн олимпийн медальтнуудад “Найрамдлын одон”, “Эх орны төлөө” 1, 2 дугаар зэргийн төрийн одон гардуулсан юм.

ОХУ-ын үндэсний олимпийн хороо сэргээшний хэргээр шийтгүүлж Пёнчаны олимпийн наадамд оролцох эрхгүй болсон тул тамирчид нь олимпийн далбаан дор оролцсон. Оросын тамирчид энэ удаа нийт 17 медаль зүүсний 2 нь алт, 6 мөнгө, 9 хүрэл медаль байжээ.

Тэгвэл BMW X6 автомашины эзэн болсон Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын олимпийн аварга, 15 настай тамирчин Алина Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө гэж ярьжээ.

Тэрбээр хэлэхдээ “Бэлгэнд авсан машиныг ээж аав хоёр барина. Би жолооны дүрмээ судлах болно. Би илүү өндөрлөгт хүрэхийг зорьж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнүүд болно. 2 дахь удаагаа олимпийн аварга болж болно шүү дээ. Энэ ялалтыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эцэг эх болон дасгалжуулагч нартаа талархаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Дорждулам: Хүүг минь олж өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна

Алга болсон хүүг эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган олсон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдад талархал ирүүллээ.

Тус дүүргийн иргэн Г.Дорждуламаас “Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон, тус хэлтсийн алба хаагч цагдаагийн ахмад н.Ганзориг, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Гансүх нарт талархсанаа илэрхийлье. Манай 12 настай хүү ор сураггүй алга болоход цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл саруул оллоо. Цагдаагийн сүр хүч, хүний төлөө гэсэн зүрх сэтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын цагдаа иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй байгааг мэхийн хүндэтгэе. Та бүхний амаргүй алба саадгүй байг” хэмээсэн талархал ирсэн байна.

Тэрбээр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар дамжуулан алба хаагчдад баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Албан үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдадаа амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Булган аймагт ажиллана

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлгийн үржлийн газрын дарга П.Ганхуяг нар Булган аймгийн удирдлагуудтай малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурал хийлээ.

Хурлаар тус аймгийн зарим сумдад гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо.

Түүнчлэн өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдрөөс эхлэн тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.02.28) үдээс хойш 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг монгол иргэд олноор оршин сууж байгаа улс орнуудтай байгуулах ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-д манай улсын 4000 орчим иргэн амьдарч байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд БНТУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авч байгаа. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг.

Иймээс хоёр улсын хоронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд, хоёр дахь шатны хэлэлцээг БНТУ-ын Анталя хотод 2016 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтсон.

Уг хэлэлцээрт Монгол Улс болон БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэн хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж олгох зэрэг асуудлыг тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцээргийн төслийг Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан боломж байсан бол ийм хэлэлцээрийг эрт байгуулах байсан юм, гэхдээ монгол иргэд олноор ажиллаж амьдардаг улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр хийж байгаа нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын баталгааг хангахад чухал ач холбогдолтой юм гээд хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.