Categories
мэдээ спорт

Рагби спортоор өвлийн улиралд ч хичээллэх боломжтой

Рагби (RUGBY) нь 1823 онд Их Британийн Рагби хотод Уилльям Вэбб Эллис гэх хүү хөл бөмбөгийн бэлтгэл дээр бөмбөгийг гартаа барин гүйж эсрэг талын шугамыг давуулан тавьсан нь энэхүү спортын үндэс суурийг анхлан тавьсан гэдэг.

Рагбигийн спорт нь хурд хүч, авьяас чадвараас гадна амжилт гаргах хамгийн том үндэс суурь болох багийн ажиллагаа, харилцан хүндэтгэл, эв нэгдэл, тамирчин хүний ёс зүй, зарчимч байдлыг дээд зэргээр спорт бөгөөд Монгол Улсад тус спортоор хичээллэгч тамирчид болон үзэгч сонирхогчдын тоо улам бүр нэмэгдэж байна.

Рагби нь бүтэн биеийн контакттай /мөргөлттэй/ багийн спорт ба өвлийн улиралд контактгүй төрөл буюу точ рагби /touch rugby/ төрлөөр “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Улаанбаатар хотын аваргаа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд энэ амралтын өдрүүдэд шалгаруулна.

Манай улсын улсын тамирчид олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог ба Монголын Рагбигийн Холбооноос тус спортын дотоодын хөгжилд анхааран шинэ залуу тамирчдыг төрүүлэн бэлтгэж улсын хэмжээний тэмцээн уралдааныг зохион байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Тэмцээний үеэр үзэгчдийн дундах тэмцээн явагдах тул та бүхнийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт хүрэлцэн ирж рагби спорттой танилцан эрүүл агаарт амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан Намаас тавьсан шаардлагад УИХ хариу өгчээ

Ардчилсан Намаас 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 010 тоот албан бичгээр татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн 3 асуудлыг хөндсөн шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ.

Уг шаардлагын хариуг УИХ-аас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр тус намд хүргүүлсэн байна.

“Шаардлагын хариу” бичигт хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурдсан байна.

Тухайлбал, “Улсын Их Хурал энэ өдрүүдэд хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, түүнчлэн эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээх, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гарч болох, тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх байсныг 3 сар болгож бууруулах асуудлаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэцэж байна” гэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэд хэдэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гаргаад байна. Түүнчлэн БОХХАА болон НББСШУ-ны байнгын хороодын хамтарсан тогтоолоор Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний талаар санал боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар уг төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт АН, түүний төлөөллийг оролцуулж, харилцан зөвшилцөх, нэгдсэн ойлголцолд хүрэх арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд чиглэл болгосон талаар мэдээлсэн байна.

Албан бичигт “…Танай намын шаардлагад дурдсан зарим асуудал бүрэн шийдэгдэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гарах нь тодорхой болсон тул олон түмний санаа бодлыг үймүүлэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье” гэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Нефтийн зах зээлийг аль, аль намынх нь гишүүд барьж байгаа шүү дээ

Related imageУИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-БНСУ-ын хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар болсон. Яг юунд зарцуулах вэ гэдэг нь анхаарал татаж байна?

-Агаарын бохирдол бол улс төр, популизм хийдэг сэдэв биш. Улаанбаатар хотод утаа гаргаж байгаа гол хүчин зүйлийг нэрлэхэд түүхий нүүрс түлж буй гэр хорооллын 220 мянган өрх, замын хөдөлгөөнд оролцож байгаа 350 мянга орчим тээврийн хэрэгсэл, цахилгаан станц, бага оврын уурын зуух гэсэн гол хэдэн эх үүсвэрүүд бий. Хамгийн гол эх үүсвэр бол түүхий нүүрс түлж байгаа явдал байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрдэмтэн, мэргэдийн үгийг сонсч шинжлэх ухаанчаар хандах ёстой. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулах, дэд бүтэц татах чиглэлд зарцуулна гэж хоёр тал харилцан тохиролцсон гэж би ойлгосон. Улаанбаатар хотын 220 мянган өрх айлыг гурван бүлэгт хувааж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, орон сууцжуулах бүс, хоёрдугаарт 100 хувь цахилгаан эрчим хүчээр халаах бүс, гуравдугаарт, сайжруулсан зуух гэсэн үе шаттайгаар явах нь зүйтэй. Түүнээс нэг дор бүгдийг орон сууцжуулах боломж байхгүй. Эрчим хүчний дамжуулах шугам сүлжээний нөөц боломж ч байхгүй. Хамгийн сүүлийн үеийн технологитой зуухыг тараах, цаашлаад түүхий нүүрс хэрэглэхгүй угаасан нүүрс хэрэглэх замаар гуравдугаар бүс буюу алслагдсан гэр хороолол арга хэмжээ авах нь зүйтэй. Өнөөдөр зуух тараах тухай ярилаа гээд зарим нэг улстөрчид XXI зуунд зуух ярьдаг чи хэн бэ гэж шүүмжилж байх шиг байна. Сүүлийн үед бид чинь бие биенээ үгүйсгэж туйлшрахдаа хамгийн гаргууд болсон хүмүүс шүү дээ. Гэтэл бид V цахилгаан станцаа барьж чадаагүй арав гаруй жилийг үдсэн. Бид нэг дор бүгдийг орон сууцжууллаа гэхэд эрчим хүчний нөөц хангалттай биш байна. Өнөөдөр нэг зүйлийн тухай огт ярихгүй байна. Улаанбаатар хотын ундны усны нөөц ойрын хэдэн жил болоод дуусахаар аюулын харанга дэлдсэн хэмжээнд байгаа. Орон сууцжуулах төсөлтэй хамт гадаргын ус ашигладаг усан сан байгууламж барих чиглэлээр ажил хийхгүй бол төд удалгүй усгүй хот болох аюул нүүрлэсэн. Тиймээс алслагдсан гэр хороололд түүхий нүүрс биш угаасан нүүрс хэрэглэх нь хамгийн зөв гарцын нэг мөн. Дулаан хангамж, эрчим хүчний хангамж, усны хангамжийг агаарын бохирдлыг бууруулахтай хамт давхар шийдэж явахгүй бол зөвхөн хэдэн орон сууц бариад агаарын бохирдлоос буурчихна гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салах ёстой юм.

-Ерөнхийлөгч Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр асашёорюү Д.Дагвадорж тус дүүрэгт өгсөн хандивын зүйлс алга болсон талаар ярьсан. Та дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүний нэг?

-Сонгинохайрханчууд, дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан асашёорюү Д.Дагвадоржоос нэг ч төгрөгийн бараа материал аваагүй.

Нэг ч төсөл аваагүй. Дандаа сонгуулийн сурталчилгааны үе шиг амьдарч болохгүй л дээ. Хүмүүсийг гүтгэж гүжирдэж, хийрхэж болохгүй. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын тойрогт гээд 2013 онд эмнэлгийн хуучин автомашин Японоос авчирч өгсөн гэж би сонссон. Би дүүргийн удирдлагуудаасаа сая дахин дахин тодрууллаа. Өөр ямар ч өгсөн барьсан зүйл байхгүй юм байна. Д.Дагвадорж гэдэг хүн баримттай ярих хэрэгтэй. Ийм хэмжээний бараа материал иргэддээ өгөөрэй гээд Дагвадорж Нямбаатарт өгсөн гэсэн баримтаа гаргаад өгчих. УИХ-ын сонгууль болох үед Д.Дагвадорж намайг дэмжиж, ирж үг хэлж байсан. Би үүнийг надад сайндаа биш циркийн хувьчлалыг хөндөж ярьсан О.Магнайд дургүйдээ өсөрхсөндөө намайг ирж дэмжсэн гэж би ойлгож байгаа.

-Хоёрдугаар сарын 1-ний өдөр АН-аас жагсаал хийж Засгийн газрын хуудуутай шийдвэрийг эсэргүүцнэ гэж байгаа. Татвар нэмэгдсэн, шатахууны үнэ өссөн гэх мэтээр энэ Засгийн газрын гаргаж буй шийдвэр иргэдэд дарамт ачааг үүрүүлж байна гэж үзэж байгаа?

-Одоогийн АН-ын нөхдүүд эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн хүмүүс. Эдийн засгийг аврахын тулд тодорхой төрлийн татварыг нэмэгдүүлж, эдийн засгийг сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүлэх процесс өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд хийгдлээ. Тэдний тавьсан өрийг дарахын тулд эдийн засагт бүсээ чангалах, Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийг авахаас өөр аргагүй зүй ёсны шаардлага тулгарсан. Хэрэв хөтөлбөрт хамрагдаагүй бол бид дампуурчихсан улсын жагсаалтад орчих байсан. Өр тавихыг нь тавьж дампууруулчихаад тэрийг нь засч, аврах гэж буй нөхдүүдийг баалдаг буруу үйлдлээ зогсоогооч. Хоёрдугаар сарын 1-нээс жагсана, цуглана гэж хамгийн их дуугарч буй хүмүүс хамгийн их эдийн засгийг “алсан” хүмүүс шүү. Өнөөдөр Олон улсын Валютын сантай дахин хэлэлцээрт орж зарим төрлийн татварыг буулгах хэлэлцээр үргэлжилж байна. Шатахууны хувьд нэг зүйл хэлэхэд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллараас 70 орчим ам.доллар болж өсч байна. Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Дэлхийн зах зээлийг сөрж үнэ барих гэдэг маш хүнд. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Онцгой албан татварыг тэглэх байдлаар үнийг зохицуулах бодлогын ажлуудыг хэрээрээ хийж байна. “Роснефть”-ийн төлөөллүүдийг урьж хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна. Ер нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн нь энэ Засгийн газрын буруу гэж үзэж байгаа юм уу?

-Шатахуун импортлогчид дэлхийн зах зээлд үнэ унах үед шатахууны үнээ бууруулж байгаагүй. Үнэндээ улстөрчид тэр дотроо МАН-ын нөхдүүд нефть импортлогч нартай хувийн эрх ашгийн холбоотой талаар яригддаг. Манай улс нефтийн үйлдвэрийг өнөөдрийг хүртэл бариагүй нь эрх ашгийн үүднээс гэж харагддаг?

-Нефтийн зах зээлийг аль, аль намынх нь гишүүд барьж байгаа ш дээ. Томоохон импортлогч нарын тоонд “Шунхлай” орно байх. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү чинь “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч биз дээ. Зах зээлийн үндсэн онолоор үнэ эрэлт дээр тогтдог. Нефть импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болгох ёстой юм. Ингэж үнийг нээлттэй байлгаснаар зах зээлийн зарчмаараа шударга өрсөлдөж үнэ буурна. Бид хэт нэг талыг барьж муйхарлаж болохгүй. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байхад борлуулж байгаа хүмүүс өссөн үнэтэйгээр авч байгаа учраас зах зээлтэйгээ уялдаж явах ёстой. Буурч байхад адилхан буурах ёстой л доо. Ингэж зах зээлийн зарчмаараа явах ёстой. Төр үнийн бодлогод хэтэрхий их оролцоод байвал тухайн салбар урагшаа явахгүй. Нефтийн үйлдвэр барих ажлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хоёрдугаар улирал гэхэд барилга угсралтын ажил эхлэхээр болсон. Манай улсын олборлож буй түүхий нефтийн нөөц хангалттай биш байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Наранхүүг эргүүлэн татахаар Үндсэн хуулийн Цэцэд иргэд гомдол гаргасан байгаа. Та Н.Наранхүү гишүүний хуралдаа суудаггүй байдлыг юу гэж харж байна вэ?

-Зөвхөн энэ удаагийн парламент ч биш хоёр парламент дамжин энэ хүний асуудал яригдаж байгаа. УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж дуу хоолой болж, элч төлөөлөгч болно гэж тангараг өргөж, УИХ-д орж ирдэг. Гэтэл Н.Наранхүү гишүүнийг сонгосон тойргийн гишүүдийн төлөөллийн эрх зөрчигдөөд байна гэдэг агуулгаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэж би ойлгосон. УИХ-ын гишүүн төрийн хууль тогтоох байгууллагыг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаатай яг адилхан гэж хэлж болно. Аль ч газар хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд ажлаас нь халдаг тогтолцоо байдаг. Манай Үндсэн хуулийн суурь бол хүн бүр хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэсэн зарчим үйлчилдэг. Нэг компанийн ажилтан шалтгаангүйгээр ажлаа 3-4 жил таслаад явбал хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжлээд явах боломжгүй. Яг түүнтэй адил байдлаар хандах байлгүй дээ гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Энэтхэгийн зээлийг ашиглан нефтийн үйлдвэр барих нь бидэнд байгаа том боломж

Эдийн засагч, профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа.


– Бид нефтийн үйлдвэртэй болъё гэж маш их ярьж байгаа. Олон ч удаа оролдлого хийж өчигдрийн засгийн хуралдаанаар энэ тухай асуудлыг шийдсэн. Гэхдээ яг бүтэлтэй болсон зүйл одоогоор алга. Юунаас шалтгаалан өдийг хүртэл цалгардаад байна вэ?

-Дотоодын нөөцөө ашиглаад үйлдвэр барих юу юунаас чухал л даа. Бид жижиг хэмжээний нефтийн үйлдвэр барих бололцоотой. Монгол Улс 1950-иад оны үед өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй ч байсан. Зүүнбаянд байсан энэ үйлдвэр осол аваарын улмаас хаагдсан байдаг. Тэгэхээр тэр хэмжээний жижиг үйлдвэр барихыг үгүйсгэхгүй. Харин орчин үеийн нефтийн үйлдвэр заавал “Евро-5” гэсэн стандартыг хангаж байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Энэ нь цэвэрхэн шаталттай, утаа бага гардаг, хорт бодисын агууламж багатай шатахуун үйлдвэрлэх ёстой гэсэн үг. Ийм сайн чанарын шатахуун хийхийн тулд мэдээж орчин үеийн үйлдвэр байх ёстой. Орчин үеийн үйлдвэрийг том зах зээлд зориулж барих гэхээр өндөр зардалтай. Дээрээс нь Зүүнбаянгийн нефть тослог ихтэй. Амархан царцдаг. Өвлийн улиралд халаахаас нааш гарч ирдэггүй бэрхшээлтэй. Харин Тамсагийн нефть харьцангуй сайн. Өмнө нь байгуулсан гэрээгээр ихэнх хувийг нь түүхий байдлаар нь экспортод гаргах ёстой байдаг. Монголд үлдэж байгаа хэсэг нь харьцангуй бага байдаг л даа. Тэгэхээр нефть байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэг дээрээ хангалтгүй байна. Тэр хэмжээндээ зориулаад үйлдвэр барья гэхэд зардал нь импортолсноос өндөр болчихож байгаа юм.

Үе үеийн Засгийн газрууд энэ асуудлыг их судалсан. Зарим төслүүд ч ТЭЗҮ-ийг хүртэл хийж байсан. Миний мэдэхийн Налайх болон Дарханд үйлдвэр барих төслүүд нэлээд судлагдсан. Мөн аль аль нь ОХУ юм уу өөр улсаас түүхий нефть авчираад боловсруулах төслүүд байсан. Гэсэн ч хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай болох байсан. Дарханы үйлдвэр тэрбум гаруй ам.долларын зардлаар бүтэхээр яригдсан. Тэр их мөнгийг гаргахад хөнгөлөлттэй тусламж өгөхүйц орнууд байгаагүй. Төрийн зүгээс ч гаргах боломжгүй байсан. Хувийн хөрөнгө оруулагчид тэрбум ам.долларыг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Гаргасан ч нэг шийдвэрийг тууштай хэрэгжүүлэх боломж бидэнд бага. Дөрвөн жил болоод л Засгийн газар солигддог учир хувийн хэвшлийнхэнд эрсдэлтэй, айдастай. Шийдсэн тохирсон гэрээг нь дараагийн яам нь өөрчилчихдөг. ТЭЦ-5 ч гэсэн яг ийм түүхтэй. 2012 оны тавдугаар сард гэрээг нь хийн, хотын зүүн талд байгуулахаар төлөвлөөд гарын үсэг зурах л дутуу байсан. Гэтэл дараагийн Засгийн газар дахиад судалгаа хийж, байршлыг нь буруу сольсон. Тэгээд тэр том төсөл зогссон. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл нефтийн үйлдвэртэй болж чадаагүй. Харин энэ удаад Энэтхэгийн тэрбум ам.долларын зээл нефтийн үйлдвэр барихад зориулагдаж орж ирж байгаа.

-Бид нефтийн үйлдвэртэй болсноороо ямар давуу талууд бий болох вэ?

-Нефтийн нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 33-т ордог. Гэхдээ батлагдаад гарч ирсэн нөөц нь харьцангуй бага байгаа. Одоогийн төслийн хүрээнд Сайншандад нефтийн үйлдвэр барихаар яригдаж байгаа. Төмөр замын зангилаан дээр байгаа учир нөөц бага ч импортоор газрын тос авчран боловсруулахад асуудалгүй. Бидний нэгэн давуу тал нь “Түүхий нефтийг экспортлож өгье, боломжтой үнээр борлуулья” гэсэн түнш улс бий. Нэн тэргүүнийх нь Кувейт улс. 1991-1992 оны үед Ирактай байлдаж байх үед Монгол Улс Иракийн довтолгооныг буруушааж байсан. Үүнд Кувейт улс талархснаа илэрхийлж “Хэрэв Монгол Улс нефтийн үйлдвэр байгуулах юм бол бид газрын тос нийлүүлэх болно” гэж амалсан. Кувейтээс гадна Ази дотроо олборлож байгаа Веьтнам зэрэг орнуудаас авчихаж болно. БНХАУ-аас ч авч болно. Дэлхийн зах зээлд түүхий эдийн дутагдал бол байхгүй шүү дээ.

Дээрээс нь манайд эрчим хүчний нүүрс гэж байдаг. Мөн занар бий. Энэ хоёрын аль алиныг нь боловсруулж шатахуун үйлдвэрлэж болно. Бензин, дизель хоёуланг нь гаргаж авч болдог. Нүүрс боловсруулах үйлдвэрийг Багануур дээр байгуулах гэж “Энержи Ресурс” компани олон жил хөөцөлдсөн. Эдийн засаг, зах зээлийн байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулах бололцоо гараагүй. Мөн занарын үйлдвэрийг дөрвөн жилийн өмнө Төв аймагт байгуулах гэсэн боловч нутгийн ард иргэд эсэргүүцсэн юм. Манайх занарын нөөцөөрөө дэлхийд эхнийн аравт ордог шүү дээ. Хэрэв тус үйлдвэрийнг байгуулсан бол өөрийн гэсэн шатахуун үйлдвэрлэчих бололцоо байсан. Уг нь бид хэд, хэдэн төрлийн эх үүсвэрээс шатахууны зах зээлээ хангавал нэг компаниас хамаарч донслох нь багасна. Давуу талууд маш их бий.

Газрын тосны үйлдвэрийн хувьд бензин эсвэл дизель гэсэн сонголт хийх ёстой байдаг. Аж ахуйн хэрэглээндээ дизель илүү. Хувь хүний хэрэглээнд мэдээж бензин илүү байгаа. Энэ сонголтыг бас бид хийх ёстой. Мөн нефтийн үйлдвэртэй болсноор янз бүрийн химийн бодисууд гарна. Үүгээр пластик, синтетик, эм зэргийг хийх түүхий эд бий болдог. Энэ нь дараа дараагийн үйлдвэрүүдэд хэрэгтэй шүү дээ.

Харин одоо бидэнд байгаа том боломж бол дээр дурдсан Энэтхэгийн зээлийг ашиглан томоохон нефтийн үйлдвэр барих юм. Энэтхэгийн инженерүүд ирж газар дээр нь судалгаа хийсэн. Ийм боломж олдсон дээр нь Засгийн газраас шийдвэр гаргаад, тууштай хэрэгжүүлэх нь зөв. Үүнд ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй.

-Тусгаар улс байх нэг тулгуур нь шатахууны хэрэгцээ мөнөөс мөн. 1990 оноос хойшхи бүхий л нам, эвслүүд үүнийг ярьдаг боловч өнөөдөр бид нефтийн үйлдвэргүй бахь байдгаараа л байна. Энэ нь хэн нэгний бодлого уу. Тэр дундаа манай орны шатахууны хэрэгцээг хангадаг ОХУ-ын оролцоо байдаг юм биш байгаа?

-Монгол Улс бол тусгаар улс. Тусгаар тогтнолоо бэхжүүлэх нь зүй ёсны хэрэг. Тусгаар тогтнолын гурван гол зүйл нь хүнс, эрчим хүч, шатахуун юм. Засгийн газрын зүгээс хүнсэн дээр “Атрын аян” гэх бодлогыг хэрэгжүүлсэн. Буудайгаар 100 хувь хэрэгцээгээ хангах бололцоотой болсон. Мөн төмсөөр 100 хувь, хүнсний ногоогоор 60 хувь хангах боломжтой. Тодорхой хэмжээгээр биелчихсэн. Эрчим хүчний салбар цахилгаанаа гаднаас авч байна. Үүнд их мөнгө зарцуулж байгаа. Иймд өөрийнхөө цахилгаан станцуудыг барих нь зүйтэй. Ус, нар, салхи, нүүрснийх гэх мэт. Гуравт, шатахуунаа 100 хувь гаднаас авна гэдэг нь туйлын эмзэг асуудал болчихож байгаа юм. Тэгэхээр шатахууныг дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг зөв шийдэл. Дээрх гурван асуудлыг бид шийдчихвэл эдийн засгийн байдал тун тогтворжино. Хөгжлийн суурь бэхжинэ.

Яахав манай хойд хөрш Эрхүүд нефтийн томоохон үйлдвэртэй л дээ. Түүнээс гарах бэлэн бүтээгдэхүүнийг манайхан авч хэрэглэдэг. Чанарын хувьд сайн, харьцангуй бага үнэтэйд тооцогддог. Хойд хөршийн хувьд бэлэн бүтээгдэхүүнээ бидэнд борлуулах сонирхол илүү байгааг үгүйсгэхгүй. 2014, 2015 онуудад Монголын компаниуд Санктпетербургийн эдийн засгийн чуулганд очиж дөрвөөс таван жил ОХУ-аас шатахуун авах гэрээг тэрбум ам.доллараар хийж байсан түүхтэй. Одоогоор хойд хөршийн эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Экспортынхоо гуравны хоёр орлогыг газрын тосноос олж байна. Ийм үед жижигхэн зах зээл боловч Монголыг алдахыг хүсэхгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ манайх газрын тос, нүүрс, занартай хэрнээ шатахуун үйлдвэрлэхгүй байгаа нь асуудал шүү дээ.

– Шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх гол арга нь нөөцлөх байдаг. Манай орны хувьд ч шатахуунаа нөөцлөх агуулах барих бүрэн боломжтой. Гагнуурчид нь бэлэн байна. Электрод, төмрийн үйлдвэр нь байна…

-Шатахууны нөөц ямар ч улсад байх ёстой. Зах зээлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлдэг энгийн болоод үр дүнтэй арга нь агуулах бол мөн. Тиймээс агуулах барих, нөөцөө цуглуулах нь зайлшгүй чухал. Энэ аргыг АНУ-ын Засгийн газар ч хэрэглэдэг. Америк улс бензины үнэ өсөнгүүт агуулахаасаа шатахуунаа авч зардаг. Зах зээлийн жамаар үнийг нь бууруулаад тогтворжуулдаг. Хямд үед нь авч нөөцөлдөг Манайх ингэж чадахгүй учир захиргаадалтын аргаар шийдээд байна. Захиргаадалтын арга нь өөрөө хомсдлын нэг эх үүсвэр болдог.

Манай улсын хэмжээнд нөөцийн агуулах байгуулах бүрэн боломжтой. Бүр шаардлагатай. Ер нь агуулах бий болгох нь бидний хувьд дийлдэшгүй хүнд ажил огтоос биш. Манайд хэдэн мянган гагнуурчин, электрод, төмрийн үйлдвэр байна шүү дээ. Газар нутгийн хувьд ч хязгаарлагдах зүйл байхгүй. Тэр бүү хэл агуулахаа дизель, бензин, онгоцны түлш зэргээр ангилан байгуулах нь ч зөв. Хүнсний ногоо, буудай зэрэгт орчин үеийн сайн агуулахууд байх хэрэгтэй. Агуулах барих асуудлыг зөвхөн энэ удаагийн шатахууны үнэ өсөлт гэхээсээ илүү эдийн засгийн тогтвортой байдалтай холбож ойлгох нь чухал. Цаашдаа ч бид шатахуун үйлдвэрлэдэг болох юм бол агуулах барих нь гарцаагүй.

– Чөлөөт зах зээлийн жамаараа явах нь мөн л дээрх хүндрэлд хүргэхгүй байх нэг арга гээд байгаа?

-Зарчмын хувьд бол тийм. 2006 он хүртэл ийм асуудал төдийлөн үүсдэггүй байсан. Учир нь чөлөөт зах зээлийн жамаараа явж байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл манайд ч бас өснө. Буурвал ч адилхан буурдаг байсан. Ерөнхийдөө 2000-аад оны эхээр дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн юм. Харин 2008 оноос эхлэн дэлхий даяар шатахууны үнэ өсч эхэлсэн. Тэр үед төрийн зүгээс үнийг тогтворжуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнээс хойш төрийн оролцоо энэ салбарт ихээр үүсэх болсон юм. Үнэ барихын тулд үнийг нэмж болохгүй, ийм үнээр нийлүүл гэсэн гэрээг шатахууны компаниудтай байгуулсан. Улмаар 2014, 2015 онуудад нефтийн үнэ дэлхийн зах зээлд буурсан юм. Энэ үед нь Засгийн газар нефтийн үнэ буурахыг зөвшөөрсөн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй. Зах зээлийн жамаараа явсан бол мэдээж эрүүл байх боломж байсан.

Хэрэв үнийг тогтвортой байлгая гэвэл гарч байгаа зардлыг бууруулахын төлөө ажиллах нь зөв байх. Энэ нь валютын ханш, онцгой татвар хоёр юм. Онцгой татварыг тэглэх нь тийм ч мундаг шийдвэр биш боловч хавар, зундаа үнийг тогтворжуулах, шатахуун импортлогч компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог олгоно. Түр хугацаанд намжаах арга гэсэн үг. Харин урт хугацаанд шийдье гэвэл 2006 оны өмнөх үе шиг зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Данзанхорлоогийн Дашпүрэв: Дэлхийн философи “Хүн төрөлхтөн яавал хүний ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвтэй ярилцлаа.


-Та бол Монголын нэртэй философичдын нэг. Их сургуулийн философийн анги анх нээгдэхэд элсэж суралцсан гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Миний бие Булган аймгийн хуучнаар Намнан сумын бага сургуульд орж гуравдугаар анги хүртлээ суралцсан. Тэгээд манай сум татан буугдаж одоогийн Хутаг-Өндөртэй нийлсэн юм. Би гэдэг хүн аймгийн төвийн арван жил рүү шилжээд жаран таван онд төгссөн. Дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, уран зохиолын дугуйлангийн идэвхтэй сурагч байлаа. “Пионерийн үнэн” сонинд хоёр, гурван ч өгүүллэгээ гаргачихсан,“Монгол Улс” нэртэй оросоор гардаг сэтгүүлд мөн өгүүллэгээ хэвлүүлчихсэн, сүрхий амьтан байлаа. Хүүхдүүд намайг зохиолч болно л гэнэ. Харин есдүгээр ангид орох жилээсээ би философич болъё гэж шийдсэн. Монгол Улсын их сургуульд философийн анги анх нээгдэхэд элсэж орсон минь тийм учиртай. Философич болно гэж зорьж ирсэн болохоор хичээлдээ онц сурна. Манай ангид чинь математик, хими, биологи, физик гээд байгалийн ухааны хичээл орно. Тэр бүгдэд би маш сайн суралцдаг байсан. Хоёрдугаар ангид байхад “Онц сурдаг сайн оюутан байна. Москвагийн олон улсын харилцааны сургуульд явуулна” гэж Гадаад яамнаас дуудсан. Норовсамбуу багш тэнхимийн эрхлэгч байсан. Тэр хүн намайг гадагшаа явуулахгүй гэж авч үлдсэн. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, жаран долоон онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор социалист орнуудын оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Их сургуулиас гурван оюутан шалгарч оролцов. Философийн ангиас би шалгарсан юм. Бид гурав Москвагаар аялаад, Ленинградад олон улсын хуралд илтгэл тавьж байсан түүхтэй.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллав. Үндсэндээ таны ажил амьдралын гараа хаанаас эхэлсэн бэ?

-Далан онд их сургууль төгслөө. Төв хорооны шийдвэрээр Намын дээд сургуулийн философийн тэнхимд багшаар явуулдаг юм байна. 1974 он хүртэл багшилсан. Тэгээд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академийн философийн тэнхимд гурван жил суралцсан. “Социализмын үе дэх онол практикийн харилцааны диалектик” сэдвээр одоогийн Ph.D доктор буюу дэд эрдэмтний зэрэг 27 насандаа хамгаалж байв. Тухайн академид хамгаалсан хамгийн залуу эрдэмтэн болж байлаа.Тэр үедээ хүнд сэдэв байсан, аргагүй зоригтой байж дээ. Төгсөж ирээд намын дээд сургуульдаа нэг жил багшлаад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал болсон. Нэг жил ажиллаад өөрийн хүсэлтээр ШУА-ийн философийн хүрээлэнгийн секторын эрхлэгч болсон. Тэнд 10 жил ажилласан.1990 онд Энэтхэг улсад Энэтхэгийн нэгдүгээр зэргийн сургууль болох Жавахарлал Неругийн нэрэмжит Улсын их сургуульд багшаар очоод 1995 он хүртэл багшилсан. Монгол Энэтхэгийн Засгийн газар хоорондын соёлын харилцааны шугамаар эндээс томилогдоод явж байгаа юм. Неругийн их сургуульд “Төв Ази дахь улс төрийн бодлого ба Монгол Улс”, “Монгол дахь нийгмийн өөрчлөлт ба улс төрийн бодлого” гэсэн хоёр лекц уншдаг байсан.

-Оросын большевикүүдийн коммунист ноёрхол дарангуйллын сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Оросод хамгаалсан байдаг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, ерэн таван онд ОХУ-ын Философийн хүрээлэнд философийн шинжлэх ухааны докторын зэргийг “Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе шатууд” сэдвээр хамгаалсан юм. Яагаад ийм сэдэв хөндөх болов гэхээр Монгол оронд ардчилал шинэчлэл эхэлсэнтэй холбогдуулж Монголын нийгмийг судалдаг байсантай холбоотой. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт 1920-иод оноос эхлээд үе шаттай, системтэй явагдсан шүү дээ. Тэр тухай судалгааны ховор, нууц материалууд надад их цугларсан байсан. Ерэн хоёр онд Энэтхэгт байхдаа англи хэл дээр “Монгол дахь аюумшгийн ноёрхол” ном бичиж гаргасан. Социализмын үед чинь үзэл суртал, улс төрийн талаар буруу юм ярьчих вий гэхээс айдаг байсан. Төрийн эсрэг хэрэгтэн, японы тагнуул болчих вий гэхээс айна. Энэ бүх аюумшиг ерэн оныг хүртэл явагдсан. Улс төрийн тэрхүү аюумшигт хэлмэгдүүлэлтийн тухай бичээд англиар хэвлүүлсэн юм. Хар үйл явдал бичиглэсэн ном учраас хар хавтастай хэвлүүлсэн.Ингэж “Дашпүрэвийн хар ном” гэх нэршил бий болсон. Уг бүтээл монгол дээр гараагүй. Америк, Энэтхэгт хэвлэгдсэн л дээ. Хэлмэгдүүлэлтийн тухай уг бүтээл бол хүмүүсийн бичдэг зүгээр нэг түүхийн ном биш. Философи судлал, улс төрийн анализ юм. Оросын коммунист большевикүүд ийм аюумшигт террор хийсэн гэж би үзсэн. Үндсэндээ улс төр болоод соёлын террор, үзэл суртлын дарангуйлал, улс төрийн хэлмэгдүүлэлт давхар давхар болсон.

-Орос руу ингэж айхтар дайрсан бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалахаар Оросын эрдэмтдийн өмнө зогсох амаргүй байсан нь мэдээж?

-Ийм зүйл бичсэн хүн чинь Оросын том том философичид оролцсон эрдмийн зөвлөлийн өмнө зогсоно гэдэг эр зоригийн асуудал байсан.Хамгаалж чадахгүй унах байх л гэж бодож байв. Ерэн таван он гэхэд Орос тийм ч их нээлттэй болоогүй байсан үе. Тэрхүү эрдэмтэн профессорууд бүгд коммунизмын үед бэлтгэгдсэн хүмүүс. Оросын шинжлэх ухааны академийн дорно дахины хүрээлэнгийн Монголыг судалдаг хоёр, гурван том эрдэмтэд ирсэн байв. Тэд хэлмэгдүүлэлтийг магтаж бичдэг. Миний хамгаалах гэж байгаа бүтээл эсрэг байж байдаг. Удаж удаж нууц санал хураалтын дүн гарахад 100 хувь гэдэг юм. Би магнай хагартал баярласан гэж жигтэйхэн. Эндээс миний бие нэг л зүйлийг сайтар ойлгосон. Шинжлэх ухааны эрдэмтэд гэдэг аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс хардаггүй, юманд туйлширч ханддаггүй өөр хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Энэтхэгт байхдаа хоёр ном хэвлүүлсний нэг нь тэр дуулиан шуугиан болсон “хар ном”, нөгөө нь 1993 онд мөн англиар хэвлүүлсэн “Монгол:Хувьсгал ба тусгаар тогтнол” гэж ном бий. Монголын тусгаар тогтнолд хуучин ЗХУ том үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг огт үгүйсгэж болохгүй. Гэхдээ Монголыг тусгаар улс байлгах нь Зөвлөлтийн геополитикийн бодлогод түлхүүр асуудал байсан. Монгол шиг тусгаар тогтносон завсрын улс байхгүй бол Зөвлөлтийн алс дорнод хязгаар хамгаалалтгүй байсан байхгүй юу. Том гүрний бодлого гэдэг энэ л дээ. Түүнээс Монголд хайртайдаа биш. Агуу их зөвлөлтийн алс дорнодын аюулгүй байдалд Монголын газар нутаг геополитикийн түлхүүр цэг байсан учраас тусгаар тогтнолыг нь олж өгсөн. Мөн монголчууд ЗХУ болоод большевикийн Засгийн газарт төлөх ёстой өрөө хангалттай төлсөн. Тусгаар тогтнол, хөгжлийн замаа маш өндөр үнээр авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж би хэлдэг. Үндсэндээ 100-гаад мянган хүний амиар авсан. Манайхан 30 хэдэн мянган хүнийг буудаж алсан гэдэг. Тэр бол гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийн тоо юм. Гэвч 1922 оноос хэлмэгдүүлэлт эхэлсэн. Бодоогийн хэрэг байна, тайж Эрэгдэндагвын хэрэг гээд олон байна. Жил бүр буудаж алдаг байсан. Гадны судлаач эрдэмтэд миний ном бүтээлийг л бодит судалгаагаа болгодог.

-“Монгол нийгэм: философийн анализ”судалгааны томоохон бүтээл оны өмнөхөн хэвлэгдсэн. Уг бүтээлийн тухай Д.Ганболд доктор нарийвчилж бичсэн байна лээ. Монгол оршихуйн геополитик, геостратегийн асуудал зэргийг гаргасан байдаг?

-Сүүлийн таван жилийн судалгааны үр дүн л дээ. Өмнө нь би дээр өгүүлсэнчлэн англи хэл дээр хоёр ном гаргасан. Мөн “Монголын философийн товч түүх” маань Японд хэвлэгдсэн. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Биднийг иргэншилгүй ард түмэн гэж үзэх нь бий. Манайхан өөрсдөө ч үүнийг дагах тал байдаг. Харин миний хувьд Монгол бол иргэншилтэй ард түмэн гэж үздэг. “Монгол нийгэм” ном энэ тухай өгүүлсэн. Монголчууд одоогоос 3000-аад жилийн тэртээгээс өөрийн иргэншлээ өвөрмөц аж амьдрал, соёл энэ бүхнээ бүтээсэн. Түүнийг нотолж, үндэслэсэн бүх үзэл санааг монгол нийгэм гэж бичсэн. Иргэншилтэй ард түмэн түүхтэй, түүхээ бичдэг бичиг үсэгтэй, нэн тэргүүнд иргэншсэнийг нь харуулсан өөрийн төр засагтай байдаг. Энэ зүйлүүд бүгд байсан. 3000 жилийн өмнөх эртний Хятадын түүхийн эх сурвалжаас үндэслэсэн.19 дүгээр зууны Германы сонгодог философичид гэж байлаа. Тэдний хамгийн том төлөөлөл нь Гегель юм. Тэрээр “Түүхийн философи” номондоо“Хүн төрөлхтний түүх хэзээ эхэлсэн бэ” гэдэг асуултыг тавьсан байдаг. Тэгээд тухайн ард түмэн төрөө байгуулаад, бичиг үсэгтэй болоод эхлэхээр сая түүхээ байгуулдаг гэж бичсэн. Үүнд улбаалж эртний монголчууд хятадтай хамтарч хүн төрөлхтний түүхийг эхлүүлсэн байна гэж үзсэн. Монголчуудын түүхийг устгах гэсэн Хятадын эртний хаадын том бодлого байжээ.

Хятад эртнээсээ л монголчуудыг зэрлэг бүдүүлэг байлгах гэж үзсэн байна. Тэд зөвхөн Монголыг ч биш эргэн тойрон дахь бүх улсаа бүдүүлгүүд гэж үздэг байсан аж. Тухайлбал, зүүн хойд талын одоогийн Солонгос, манж нарын өвөг дээдсийг, урд талд байсан Вьетнам, Лаос, Мъянмарыг бүдүүлэг гэж үзнэ. Гималайн нурууны дагуу байгаа улс орнуудыг ч тэгж үзнэ. Тэгээд энэ бүдүүлэг нөхдүүдтэйгээ дайн байлдаан хийхдээ түүхийг нь устгах гол зорилго тавьдаг байсан. Эрдэмтдийн баг явуулж бичиг үсэг юу байна, бичсэн ном зохиолыг нь хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь шатаадаг байж л дээ. Ингэж түүхийг нь устгах бодлогыг хятадууд явуулж,бичиг үсгийг нь мартуулахыг эрмэлзэж байсан байна. Хятадын эртний хаадын энэ бодлого хүн төрөлхтний түүх монголоос эхэлсэн гэдэгт эргэлзээ төрүүлэх хэмжээнд хүргэдэг юм.

-Монголчууд иргэншилтэй ард түмэн гэдгийг судалгаагаар та нотолжээ. Гэтэл өнөөдөр нийгмээ харахад бид чинь иргэншээгүй, соёлжоогүй хүмүүс шиг санагдах юм. Замын хөдөлгөөний соёл, олон нийтийн газар нус цэрээ хаяж байгаа байдал, нэгэн рүүгээ араатан шиг дайрч байгаа, үр хүүхдэдээ бүдүүлэг хандаж байгаа нь аймшигтай…?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгд, бид нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдлийн иргэншил соёлтой хүмүүс. Европын биш, хятадынх биш. Хятад бол цагаан хэрэмний цаадах хашаан доторх соёлтой. Нөгөө нэг нь Монгол Улс 200 жил манжийн эрхшээлд байсан. Тусгай төр гэж байсангүй. 1268 оноос Хубилай төрийн эргэлт хийж Монголын нийслэлийг Бээжинд аваачсан. Төвдүүдийн хатгаасаар шарын шашныг хүчтэй дэлгэрүүлсэн. Өөрийнх нь багш Пагва ламын урсгал буюу буддизм дэлгэрсэн. Дараа нь Тогоонтөмөр хөөгдсөнөөс хойш шарын шашин бүр хүчтэй дэлгэрсэн.Төвдөөр дамжсан төвд хэлбэрийн буддизм монголчуудын соёл иргэншлийг их өөрчилсөн. Энэ бүхнээс болоод европын иргэншилтэй харьцуулахад дэндүү хоцрогдсон болхи бүдүүлэг харагдаад байгаа. Хэт их шашинжаад соёлыг сайн хөгжүүлээгүйн гор л доо. Ялангуяа бид ахуй амьдралын соёлыг сайн аваагүй. Хуучин хоцрогдсон уламжлал нь үргэлжлээд байна. Хүчтэй нэвтэрч байгаа барууны соёл иргэншилд сайн идээшиж өгөхгүй, хотжиж чадахгүй байна.Түүнээс монголчууд соёлжоогүй, иргэншээгүйдээ биш юм.

-Философийн эрдэмтний хувьд асуухад, одоо бид ямар философитой явбал аз жаргалтай, амар амгалан амьдрах вэ. Орчин үеийн философийн шинжлэх ухаан юуг чухалчлаад байна?

-Нийгэмд тийм ийм философи хэрэгтэй, тэгвэл хүмүүс уур уцааргүй, аз жаргалтай амьдарна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Магадгүй ямар ч философи хэрэггүй байж болно шүү дээ. Чингис хааны үед ямар философи байсан юм. Тэнгэрийн үзэл л байсан. Гол нь бид нийгмээ л хөгжүүлэх хэрэгтэй. Хүн бүр л ажилтай хариуцлагатай болох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд боломж дүүрэн байна. Юу дуртайгаа хийж болно, дуртай орон руугаа явж ажиллаж, сурч болно. Ийм эрх чөлөөг ухаалгаар, зөв зүйтэй ашиглах нь чухал. Хүн төрөлхтний философийн ухаан өндөр хөгжсөн. Өнөө жил дэлхийн философичдын 24 дүгээр их хурал Бээжин хотод болно. Миний бие очиж илтгэл тавина. XXIII хурал Грекийн Афинд болсон. Би тэнд илтгэл тавьсан. Дэлхийн филосифичдын өдрийг тэмдэглэхэд ЮНЕСКО-гоос зардал мөнгийг маань даагаад Парисын хуралд оролцуулж байсан. 2009 онд Харвардын их сургууль дээр болсон феноменологийн философийн олон улсын нийгэмлэгийн 33 дугаар ээлжит хуралд мөн оролцож байлаа. Энэ олон хурал, чуулганд оролцож, илтгэл тавьж, дэлхийн нэртэй том философичидтой санал солилцож явдгийн хувьд хэлэхэд, дэлхийн философи “хүн төрөлхтөн одоо яавал хүний ёсоор, хүмүүнлэгийн ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна. Арслан, барс, араатан жигүүртэн шиг биш. Зүгээр л хүний ёсоор хүнлэг байх, хүний эрх чөлөөг хүндэтгэхийг чухалчилж байна. Ямар ч арьстай, ямар ч шашин шүтлэг, үзэлтэй хүн байж болно. Түүнийг хүнийх нь хувьд хүндэтгэхийг эрмэлзэх болсон. Гол нь нэгэндээ дайсан болж болохгүй. Философийн олон урсгал бий. Тэр бүгд үүн дээр тогтож байгаа.

-Та Олон улс судлалын дээд сургууль гэсэн том сургуулийг удирддаг. Философи, социологи, политологийн хүрээлэн нь гадаад дотоодын мэргэжсэн эрдэмтэн судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллага болсон. Ингэхэд багш, оюутнууддаа юу гэж зааж сургадаг бол?

-Хүн болгон өөрийнхөө амьдралын эзэн нь байх ёстойг хэлдэг. Тэгэхийн тулд бид дэлхийн иргэншил, соёлд суралцах хэрэгтэй юм. Би 1970 оноос эдүгээ хүртэл дотоод гадаадын их дээд сургуульд 48 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Их хурлын гишүүн байхдаа ч сургуульдаа багшилж л байсан. Төрийн түшээ хүнийг сургуульд багшлахыг зөвшөөрдөг. Хагас зуун жил шахам философио зааж байна. Монгол хүмүүс орчин цагийн иргэншил соёлд илүү өөриймсгөөр сэтгэл зүрхнээсээ итгэл үнэмшилтэйгээр суралцах хэрэгтэй байна. Нүүдэлчин ахуй амьдралтай Монголын түүх мэдээж чухал. Гэхдээ хоцрогдсон зүйлийг хүн мартах л хэрэгтэй.Хуулийг сахих чухал. За тэгээд ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ингэж л хэлье.


Categories
мэдээ цаг-үе

Цагаан сар ба тест-баяр

Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ…

Ардын цэцэн үг

Нүүдэлчид нийгмийн ялгарал багатай. Байдаг жаахан ялгааг хувь заяа нь үе үе тэгшитгэнэ. Нэг өдөр ноён явтал маргааш нь “хөрст дэлхий хөрвөж” олзны хүн, хоньчин болчих жишээний. Өвөг дээдсийн түүх маань “Ван хаан тариа нүдэж…Тэмүжин унгастай тэргэнд хоригдож… хятадын хааныг хулгайлан авчраад хонинд явуулж…” гэхчлэн хүүрнэнэ. Хэний ч хувь заяа баталгаатай биш.

Алба хэргэм, эрх мэдэл донсолгоогүй явлаа ч гэсэн хөрөнгө мал найдвартай биш. Нэг өвлийн зуданд “хот нь харлана” гэдэг нь цайрч харагдах хонь үгүй болж бууц нь бараантан үлдэнэ гэсэн үг. Орчин үеийн ойлголтоор бол цалингийн карт нь “цайрч”, дэлгүүрээс юм аваад бичүүлэх гэтэл урдаас “таны үлдэгдэл хүрэхгүй байна” гэж нүүр түлэхтэй адил ойлголт.

П.Козловын тэмдэглэлд байдаг даа, Алтайн нурууны хөндийгээр нүүмэр аядаж яваа ноён. Хөөрхий зуданд хамаг малаа алдаж ачлагын тэмээгүй болчихсон, хэдэн зарц нь унь ханыг нь үүрчихсэн мачийж явдаггүй юү. 1919 оны мал тооллогын дүнгийн хавтгайд 10 хүрэхгүй хоньтой ноён, хохь тайж нар байдаг нь Чингисийн алтан ургийнхан юм шүү дээ.

Ийм учраас нүүдэлчдийн хувь заяаны судар “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” хэмээн хэлэлцэж, “Хаад ноёдын хэрэг нь буруутахад, Харц биднээс юуны ялгаа” хэмээн тавлангуй дуулалдана.

Ерөөсөө л сайн яваад байгаа, угаасаа л баян тарган хүн байх боломж хомс хээр талд “Хэний нь үр сайн явна вэ” гэдгийг хэрхэн мэдэх билээ?

ЦАГААН САР БОЛ ТЕСТ-БАЯР

Монгол хүний сайн яваа нь найр наадам дээр л харагдаж иржээ, зуу зуун жил. Харин наадам баярын оргил нь цагаан сар. Цагаан сарын гоёл, идээ шүүснийх нь байдал, бэлэг хадагны чансаа нь тухайн айл энэ жил сайн явна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлнэ. Тийм болохоор “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ, Залуудаа сайн явсан нь өтлөхөд мэдэгдэнэ” хэмээн сургасаар иржээ.

Ийм учраас цагаан сар бол монгол айлын “амьжиргааны түвшингийн индекс”-ийг харуулах үзүүлэлт, өрхийн амьдралын чанарын түвшинг тогтоох тест-баяр байсаар ирсэн ажгуу. Чухам энэ өдөр л бусдадаа төрүүлсэн сэтгэгдэл нь жилийн турш хадгалагдаж явсаар хойтонгийн цагаан сарыг хүргэнэ.(Цагаан сар нь үндэсний ёс уламжлал, бэлгэдэл, монгол хүний үнэт өв соёл гэдэг нь тусдаа сэдэв гэж үзээд нүүдэлчдийн баяр наадамд хандах байдал талаас нь өгүүлж байгаа юм шүү.)

Ийм учраас цагаан сарыг сайн тэмдэглэх, энэ өдөр хүний дор орохооргүй харагдах гэж нийтээрээ хичээнэ. Сайн хичээвэл “жилдээ сайн явсан” гэж хүмүүс ойлгоно. Ийм эрмэлзэл нь сагсуу сайрхуу заримыг нь хөлдөө чирж ч байсан бололтой.

Хүрээний онигоонуудад “гэрээ зарж цагаан сар хийсэн”, “нэг баярхуу айлын тэнгэрт тулам таваг санаангүй нуртал дотор нь өрөөстэй тоосго илэрчээ” гэхчлэн гардаг. Оргүй ч биш бололтой.

Гэхдээ, улсын шалгалтыг бусдаас хуулаад ч болов өгчихвөл диплом баталгаатай авдаг. Яг түүн шиг яаж ийгээд зээлж хуйлаад ч болов чанартай шинэлээд хаячихвал “жилдээ сайн явжээ” гэдэг тодорхойлолт ч баараггүй олно гэж итгэдэг байсных болов уу?

Монгол хүн учраас л сайн амьдрахаас илүү сайхан баяр хийх нь чухал гэж ойлгоод ирсэн ч юм биш. Бие биенээсээ алс зайдуу нүүдэллэн амьдардаг учраас нь ямар ч наадам цэнгээн хүнтэй уулзах, нийлэн хөгжилдөх боломж олгох тул тиймэрхүү шалтаг шалтгааныг алдана гэж байхгүй. Ганцаардан уйдаж явдаг малчин хүнд наадан цэнгэх байтугай зүгээр нэг хүнтэй тааралдан, яриа өрнүүлэх нь ямар их таашаал өгдгийг хотынхон мэдэхгүй.

Залуу хөвүүд харахад эрх чөлөөтэй боловч ээж ааваас нь өөр ярилцах хүн байхгүй. Хүссэн зүгтээ явж болох ч адуу малаас өөр тааралдах амьтан байхгүй. Гоё дээл, ганган чимэг байх боловч түүгээрээ гоёод алхахад хонь малаас нь өөр харж гайхах амьтангүй. Чи орь залуу нас, уран гол шиг бие, үзэмж төгс дээл, үнэ цэнэтэй зүүсгэлтэй байгааг хэн ч харахгүй, мэдэхгүй бол ямар байх вэ?

Малчин амьдрал нь ийм тавилан руу хөтөлнө. Малчид дөрвөн цагийн улиралд тааваараа нүүдэг гэж бахдан ярилцах боловч үнэн хэрэгтээ малынхаа бэлчээрийг дагах тул мал нь хүнээ дагуулан нүүдэг гэвэл зохилтой юм. Мал нь хүнийг хүнээс улам холдуулна. Ийм болохоор баяр наадмыг хүнтэй уулзах уйдаагаа гаргах боломж төдийгүй, өөрийгээ сурталчлах, хувийн “пиар” хийх чөлөө учрал гэж харна.

Гэхдээ наадам, цагаан сар хоёр жаахан ялгаатай. Наадам нь олонтой газар очиж гоёх гангарах, хувь хүнийхээ чанарын сурталчилгааг хийх боломж олгоно. Бас наадамд хүний дээл, бусдын мориор гангараад, эргүүлж өгөх боломжтой учраас үзэгчдийг “төөрөгдүүлэх” магадлалтай. Монголчууд “Хуримын хувцас олдоно, хурын хувцас олдохгүй” гэж хэлэлцсээр ирсэн нь хүний дээлээр наадамд гангарч болно, харин борооноор хүний цувыг гуйвал “өөрөө өмсөнө” гээд харамлаж мэднэ гэсэн санаа.

Харин цагаан сараар айлын таваг, айлын идээ шүүс гуйж хэрэглээд эргүүлж өгөх боломжгүй. Бас амьтан хүний гар цайлгах бэлгийг өөрөөсөө л гаргахаас өөр мэхгүй. Хүнээс дээл гуйж болох ч цаадах нь хамгийн сайнаа өөрөө л өмсөж таарна. Чухам иймээс тухайн айлын амжиргааны чанарын жинхэнэ үзүүлэлт наадмаас илүү цагаан сараар харагддаг байсан байх.

“ХҮНИЙ ЧАДДАГ”-ИЙН ОРОНД “ӨӨРИЙН ЧАДДАГ”

Он жилүүд улирсаар, нэгэн үе хаагдаж, дараа нь “нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зөвхөн хөдөө тэмдэглэхийг зөвшөөрч явсан цагаан сар сэргээд гучаад жил өнгөрөв.

Монгол хүний жилдээ сайн явсан нь жилийн турш мэдэгддэг боллоо. Заавал түүнийг цагаан сараар шинжих хэрэггүй болсон гэсэн үг. Энэ утгаараа цагаан сар нь жинхэнэ өв уламжлал, ёс журам, үндэсний соёлын илэрхийлэл байх боломж бүрдэж ирлээ гэсэн үг.

Жил болгон маргаан дагуулдаг юм бол цагаан сарын бэлэг. Ер нь бол амьтан ах дүүсийн гар дээр тавих юмтай байх нь монгол хүний аз жаргалын нэг итгэлцүүр юм. Хүндэт хүмүүс, эцэг дээдэс, ах дүүсээсээ бэлэг авах нь бас л сайхан зүйл.

Зарим нь оймс бэлэглэх нь буруу л гэнэ, нөгөө нь зөвхөн дотоодын оймс бэлэглэвэл дээр л гэнэ. Юу бэлэглэх нь хамаагүй, гол нь бэлгэдэлдээ л, түүнийгээ хэрхэн тайлбарлаж байгаад л орших байх. Жишээлэхэд, монголчууд урт зам туулж, амьдралын туршлага хуримтлуулснаа бусдадаа гайхуулж “Би чамаас илүү (олон) оймс элээсэн” гэж ихэрхдэг. Энэ утгаар нь “урт насалж, хол зам туулахыг бэлгэдэн оймс бэлэглэдэг” болгож тайлбарласан ч болно.

Цагаан сараар уламжлалт бэлгээ өгөх, дотооддоо хийсэн бараагаа бэлэглэхийг их уриалдаг болж. Зарим нь бүр Чингис хааны нэрийг барин миний хийсэн юмыг авч идэхгүй бол монгол улс сөнөнө хэмээн авирласан ч харагдана. Уг нь Чингис хаан бол гадаадын хамгийн сайн барааг монгол хүнд эдлүүлсэн хүн юм л даа. Иймээс “Миний хийснийг авахгүй бол Монгол Улс сөнөнө” гэж дүвчигнэхийн оронд “Хүний чадахгүйг бид хийнэ” гэж зоригловол харин ч дэмжээд гүйчихмээр санагддаг.

Гэхдээ бас учиртай. Ганц хот, ганц гэрээр явдаг нүүдэлчин хүн бүх юмаа өөрөө хийдэг, хийхгүй ч бол болдоггүй байсан. Харин монголчууд ХХ зуунд хотшин суурьшаад хөдөлмөрийн хуваарьтай иргэншилд орсон. Ер нь ХХ зуунд хийсэн монголчуудын дэвшлийг “Хөдөлмөрийн хуваарьгүй нүүдэлчний хэвшлээс хөдөлмөрийн хуваарьтай хотшилд хийсэн шилжилт” хэмээн томьёолж болно.

Чухам үүний буянаар л хонио өөрөө төхөөрөөд, нэхийгээ өөрөө элдээд, дээлээ өөрөө оёод, өөрөө оёсноо өмсөөд, хүүхдээ өөрөө хүмүүжүүлээд, аргалаа өөрөө түүгээд, гэрээ өөрөө дулаацуулаад, хоолоо өөрөө хийгээд явдаг амьдрал өөрчлөгдөж зөвхөн өөрийн чадахаа хийдэг болжээ.

Жишээлэхэд, багш хүн хичээлээ л заахаас биш махыг нь идэх гэж хонь маллах шаардлагагүй, гэрээ дулаацуулах гээд нүүрс малтах, аргал түүх хэрэгцээгүй болж. Багш өөртөө гутал оёж, оймс цойлдох хэрэггүй, харин “адидас, найк”-аас эхлээд нэрд гараагүй эвтэйхэн брэндийн гутал худалдаад авчихна. Үүнийг л хөдөлмөрийн хуваарь гээд байгаа юм. Хүн зөвхөн чаддагаа хийж амьдрах, хүн зөвхөн чаддаг нэгнийхээ хийснийг хэрэглэх боломж олгосон түүнийг бахдан дуулмуй.

Дээр үед бэр сонгохдоо, “үйл үртсэнд сайн” гэдэг үзүүлэлтийг голлодог байж. Энэ нь царай зүснээс илүү “юм оёж, дээл хийж чаддаг эсэх” гэдэг шалгуур тавигддаг байж. Бас “царайны сайхнаар цай чанахгүй” гэдэг үг ч тэндээс гарч. Гэтэл хотшиж, хөдөлмөрийн хуваарьтай болсны буянаар юм оёж чаддаггүй боловч хөөрхөн эхнэр авах боломж бүрдэж. (Цай чанаж чадахгүй боловч царай сайхантай гэргий авч чадсан бол хөдөлмөрийн хуваарьт талархууштай)

ТАВАН НҮДЭНГИЙН “ТАВАН СУРГАМЖ”

Бид “хүний чадаагүйг бид чадах” боломж хаана байгааг олж харалгүйгээр “самсунг” байхад утас хийж, “адидас” байхад пүүз оёж, “тоёота” байхад машин зохиож өөрийгээ зовоогоод яах ч билээ. Тийм болохоор “Энийг Монгол хүн л чадна”(гэхээсээ илүү “Энийг л монголын нэрээр гаргаж болно” хэмээн томъёолмоор) гэмээр юм юу байгааг эрж, бүтээж , чадаж байгаагийн нэг нь “Говь” брэнд байна. Эртүүд гадаадад таарсан гадаад хүнд “Говь”-ийн ноолуур бэлэглэсэн чинь “Ой…гооби” гээд, таниад сүйд байна лээ.

Бас тэр “Таван нүдэн” гэж гэж шинэ брэнд гарч. Ангийн хутганаас эхлээд хэт хутга, зоог шүүс хөндөх хутга, бүүр яс мөлжих богинохон нь хүртэл байдаг юм байна.Таван нүдэн бидэнд таван хичээл хэлж байна.

Нэгдүгээрт, бөөн мөнгө шавж, угалзаар зодоод тэрийгээ “монгол хийц” гэж ойлгодог бусад бүтээгдэхүүнээс өөр харагдах аж. Уламжлалыг сэргээнэ гэдэг бол илүүдсэн угалзыг хасахын нэр бол мөн.

Хоёрдугаарт, монголчууд дизайн зургийг нь өөрснөө гаргаад Оросын нэрд гарсан зэвсгийн үйлдвэрийн дархчуул хатааж үйлддэг бүтээгдэхүүн гэнэ. Монголоо мэддэг нь дизайнаа хийгээд, хутга мэддэг нь хатааж ширээсэн эд бололтой. Ер нь “чаддаг юм” гэхээр заавал бүхэл бүтнээр нь Монголд хийх албагүй болохыг даяаршсан дэлхий бидэнд хэлээд байгаа юм. Нэрд гарсан загварын хүрэмний зөвхөн товчийг нь төгс хийдэг байхад л дагаад баяжиж болдог болж.

Гуравдугаарт, монгол брэндийг заавал монголд хийсэн байх албагүй. Хэрэглэгчийн хувьд брэнд нь Монголынх гэдэг нь сонин болохоос хаана үйлдсэн нь чухал биш. Монгол брэндийг Орос, Япон, Германд ч хийж болох нь. Яг л Америкийн алдартай брэнд хувцаснуудыг Хятадад оёдог шиг. Тэгэхээр, “Монголд байдаг юмаар, Монгол хүн өөрөө хийгээд, хийх хийхдээ Монголдоо хийгээд, монголчууд нь түүнийг авбал(авахгүй бол Монгол нь сөнөнө гээд байгаа юм аа бас) л сая монгол брэнд гээч болдог” гэдэг төөрөгдлөөсөө гарах хэрэгтэйг хэлж байна.

Дөрөвдүгээрт, монголчууд нэн эртний анчин гөрөөчид, улмаар дэлхийд танигдсан баатарлаг дайчид учраас зэр зэвсгийн сайныг хэрэглэж, үйлддэг байсан нь дамжиггүй. Хүн төрөлхтөн ч түүнд итгэж байгаа. Чухам ийм итгэл, ийм түүх туршлага дээр “Таван нүдэн” брэндийг бүтээж байгаа бололтой. Гадаадынхан Монголын хийсэн гар утсыг тоохгүй байж болох ч хутгыг нь хараад “Чингисийн удмынхан ч харин хутга хийчихэж мэднэ” гэж бодно.(Тэдний лого-г хараад зоос юм уу л гэмээр юм билээ. Гэтэл тэр нь монгол цэргийн хөө хуягны нэхээс буюу таван төмөр гогцооны уулзварын дүрслэл гэнэ)

Тавдугаарт… тавдугаарт юу гэх гээд байна аа гэхээр, тэр яс мөлждөгөөс нь нэгийг авна аа бас.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Цагаан сар ба тест-баяр” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой хийсэн ярилцлагыг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Дээрх нүүрнээс Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайтай хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрээр “2016 оноос хойш аймаг, сум, дүүрэг, агентлагууд ямар шинэ машин авсныг тоо ширхгээр нь зарлана” гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Цагаан сар ба тест-баяр” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “О.Магнай гүтгэлэг тараасан” хэмээн онцлон хэлжээ.

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлээ. Энэ талаарх сурвалжилгыг дөрөвдүгээр нүүрнээс үзээрэй.

Өнөөдөр Ардчилсан нам орон даяар эсэргүүцлийн жагсаал хийх болсноо өчигдөр мэдэгдсэнийг V нүүрнээс хүлээн аваарай. Мөн УИХ-ын дарга М.Энхболд сүү цагаан идээ борлуулж байгаа малчидтай уулзаж, худалдаа хийсэн талаарх мэдээ мэдээллийг тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Удам судар буланд Лосолын Лааганы ач охин Н.Бямбаа уригдан оржээ. Тэрээр “Өвөө маань улс төрийн хилс хэрэгт гурван удаа гүтгэгдэж цаазлуулсан” хэмээжээ.

Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд литийн ионы батарей гарган авах технологийг амжилттай нэвтрүүлээд байгаа билээ. Энэхүү батарейны талаар хатуу биеийн физикийн лабораторийн эрхлэгч Л.Сарантуяатай ярилцсаныг цаг үе нүүрнээс үзээрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ