Categories
мэдээ нийгэм

Новотел улаанбаатар зочид буудлын aжлын байрны нээлттэй өдөрлөг болно

Францын Аккор групп Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Новотел зочид буудлын салбараа нээж ажиллуулахаар болоод байна. Тус групп нь дэлхийн 92 улсад Новотел, Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй 3700 гаруй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн томоохон групп компани юм. Новотел Улаанбаатар зочид буудлын салбар нь ирэх тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангасан байна.

16 давхар 192 өрөө бүхий 5 одтой зочид буудалд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Новотел Улаанбаатар салбар хамтран ажлын байрны нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 09:00-17:00 цагт зохион байгуулах гэж байна.

40 гаруй мэргэжлээр 150 ажлын байр зарлагдаж байгаа аж. АЖлын байрыг сонирхсон хүмүүст дараах ерөнхий шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Тухайн албан тушаалын холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй /Зочид буудлын менежмент, Аялал жуулчлалын менежмент… гэх мэт /
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, зөв хандлагатай
  • Манлайлах, асуудал шийдвэрлэх, хурдтай, бүтээлч, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх чадвартай
  • Үйлчилгээний байгууллагад тэр дундаа томоохон зочид буудлуудад ажиллаж байсан туршлагатай
  • Компютерийн хэрэглээний болон бусад шаардлагатай программ дээр ажиллах чадвартай /Opera, Micros, Fedelio, … гэх мэт/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Цаашид энэ салбарт өсөн дэвжиж, карьер ахиулах хүсэлтэй ажил горилогчдыг ажлын байрны нээлтэй өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Өдөрлөгийн үеэр ажил горилогчдыг бүртгэн ажлын ярилцлагыг шууд зохион байгуулах юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй 7777-1896, 9101-1896 утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг авч болох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “УТААГҮЙ УЛААНБААТАР ФОРУМ”-д оролцож, “ЦЭВЭР АГААР-ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТ” сэдвийн хүрээнд бодлогоо танилцууллаа

“Блумберг ТВ Монголиа” болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Утаагүй Улаанбаатар” форумыг зохион байгууллаа. Нийт 200 гаруй оролцогчийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форум агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар, гарц гаргалгаа, шийдлийг хэлэлцлээ.

  1. Цэвэр агаар -Шинэ төлөвлөлт
  2. Цэвэр агаар – Монголд үйлдвэрлэв
  3. Цэвэр агаар -Хүртээмжтэй санхүүжилт сэдвийн хүрээнд гурван хэлэлцүүлэг өрнүүлж, орон сууцжуулах, гэр хороололын дахин төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ипотекийн зээлийн оновчтой тогтолцооны талаар төр, хувийн хэвшил, иргэд санал бодол, шийдэлээ ярьлаа.

Уг форумын “Цэвэр агаар-Шинэ төлөвлөлт” үндсэн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч. Батбилэг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “2019 оны дөрөвдүгээр сар гэхэд нийслэл хот түүхий нүүрсний хэрэглээг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ ажлын бэлтгэл болгон салбарын яамтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж, сайжруулсан түлш үйлдвэрлэх, худалдаалах , үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 202 мянган өрх гэр хороололд амьдарч, жилдээ нэг сая 200 мянган тонн нүүрс түлдэг. Үүнийг сайжруулсан түлшээр хангахаар тооцвол жилийн хэрэглээ 600 мянган тонн болж байна. Дулааны цахилгаан станц 2-ын дэргэдэх үйлдвэр жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх бол энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүд үлдсэн 300 мянган тонныг нийлүүлэхээр ажиллаж байна.

Нөгөө талаар үнэ тарифыг бууруулах нь чухал асуудал юм. Ер нь сайжруулсан түлш түлээд утаагүй болчихно гэсэн үг биш. Утааг бууруулах чиглэлээр хийж байгаа шат дараалсан арга хэмжээний нэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ л замналыг туулсан. Цаашид хотоо хийн түлшээр хангах, бага эрчим хүч шаардах халаалтаар хангах нь хамгийн зөв шийдэл гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Нөгөө талаар орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулахад маш том ахиц авчирна. Тиймээс ч “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг өчигдөр НИТХ- ын ээлжит 14-р хуралдаанаар батлууллаа. Энэ хөтөлбөр олон талын ач холбогдол авчирахын зэрэгцээ, үр дүн өгнө гэдгийг онцоллоо. “Сервис центр” байгуулах ажил энэ хавраас эхэлнэ. Улаанбаатар хот нэгийг, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус бүр нэг нэгийг барьна. Намар гэхэд эхний “Сервис центр”- ын бүтээн байгуулалт дуусна” гэдгийг хотын дарга хэллээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнг “Блумберг ТВ Монголиа”-гийн хамт олон эхнээс нь дуустал нь сурвалжилж, олон түмэнд хүргэхийг ч хүслээ.

Агаарын бохирдолыг бууруулах ажлыг үр дүнтэй болгоход иргэд аж ахуй нэгжийн дэмжлэг чухал. Хамтын хүчээрээ тулгамдсан асуудлаа шийдэж, бодит үр дүнд хүргэх зорилт тавьж байгаагаа ч хотын дарга хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагатай иргэн” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл судалгааны төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын үндэсний олон нийтийн телевиз, JCI leader, JCI chairman салбарууд хамтран “Хариуцлагатай иргэн” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хот суурин газар болон орон нутагт сайн дурынхныг бэлтгэх, гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учрахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа хийх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

Өнөөдөр төслийн нээлтийн ажиллагаа НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд боллоо.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Уранзаяа, МУЗН-ын Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал, JCI leader салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Баттөр, JCI chairman салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Наранцацралт нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ХСҮТ-ийн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хавдрын өвчлөлийн нөхцөл байдлыг танилцуулав

Монголд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тус төвийн 40 гаруй эмч долоон цагийн турш үргэлжилсэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбар бүтэн шат ахисан томоохон үйл явдал болсон гэж тэмдэглэгдэж байгаа юм.

Хагалгааг амжилттай хийсэн эмч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад “Амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн та бүхэнд баяр хүргэе” гээд өвчтөнүүдийн биеийн байдлыг асууж, хавдрын өвчлөлийн сүүлийн үеийн тоо баримт, салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг сонирхов.

ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Ноён Ерөнхийлөгч бидний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Энэ бол Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажиллагсад бидэнд нэр төрийн хэрэг юм. Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарч гэртээ харьсан гэдгийг танд дуулгаж байгаадаа баяртай байна. Бид энэ хагалгааг Монголдоо хийх юмсан гэж мөрөөдөж явсан. Долоон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд бид элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мөн “Элэг нэгт монголчууд” сан байгаагүй бол бид энэ хагалгааг хийж чадахгүй байсан гэдгийг хэлмээр байна. Таны хэлсэнчлэн энэ хагалгааг байнга хийдэг болохын тулд бидэнд санхүүгийн хөшүүрэг, тогтолцоо хэрэгтэй байгаа. Бид энэ сарын 17, 18-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр товлосон. Энэ жилд долоон хагалгаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Одоогийн байдлаар манай улсад хорт хавдартай 18 мянга гаруй хүн байгаагаас 6073 нь 2017 онд оношлогдож, тухайн ондоо хавдраар 4003 хүн нас барсан байна. Тиймээс ХСҮТ зөвхөн мэс засал хийх бус улсын хэмжээнд эрт оношлох, хавдрын өвчлөлийг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Мөн УИХ, Засгийн газар эрт оношлох, урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа ч ХСҮТ ачааллаа дийлэхгүйд хүрч, хэвтэн эмчлүүлэгчийн дундаж ор хоног тав хоног болжээ. Энэ нь хавдраар өвдсөн хүний хагалгаа, эмчилгээнд хангалтгүй тоо юм байна. Мөн ХСҮТ-ийг анх барихдаа 1982 оны төлөвлөлтөөр хийж байсан тул одоогийн хүн амд хүрэлцэхгүй байгаа гэж ХСҮТ-ийн эмч нар тайлагналаа. Тиймээс ХСҮТ-ийн байрыг өргөтгөх шаардлагатай байгаа юм байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмч нарын саналыг хүлээн авч, ХСҮТ-ийн барилгыг өргөжүүлэх асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, шаргуу ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төр авах тухай УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцуулав. ҮХЦ уг асуудлыг хэлэлцэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах тухай УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж дүгнэлээ. “Монголын зэс корпораци” 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлав. Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой юм байна. УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон ХЗБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуралдааны дараа “ҮХЦ дунд суудлын хурлаараа хэлэлцээд УИХ-ын 23-р тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа” гэлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр мэдэлдээ авсан тохиолдолд “Монголын зэс” корпораци ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хатгалгааны эсрэг вакциныг маргаашаас хийж эхэлнэ

Хатгалгааны эсрэг вакцин зурган илэрцүүд

Гуравдугаар сарын нэгнээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийх юм. Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлсэн аж.

“ПЭВ-13” вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд дүүргийн харъяа 22 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж дууссан, дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт хорио тогтоожээ

Булган аймагт хорио тогтоожээ зурган илэрцүүд

Булган аймгийн төвд шүлхий гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Булган аймгийн төвөөс 18 км зайд айлын хотноос шүлхийн сэжиг бүхий тохиолдол илэрч улмаар хөл хорио тогтоогоод байсан билээ. Шүлхийн сэжиг бүхий тохиолдол илэрсэн малаас шинжилгээ авч дээжийг нь шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний хариугаар шүлхий мөн болох нь батлагджээ. Иймд хорио цээрийн дэглэмийг чангатгаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор зогсоолоо. Мөн дайран өнгөрөх цэгүүдэд ариутгал, халдваргүйжлийг эрчимжүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн газрын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжийн дагуу болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сургах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2018 онд зохион байгуулах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Дээрх захирамжаар баталсан хуваарийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба буюу нийслэлийн Тээврийн газрын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалт өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын байранд зохион байгуулж байна. Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах албаны үзлэгт нийтийн тээврийн 19 байгууллагын 124 ажилтан, албан хаагч болон холбогдох техник, хэрэгслийг хамруулав.

“Нийтийн тээврийн нийт 21 байгууллагын төлөөлөл гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт ирсэн байна. Энэ үзлэгээр болзошгүй гамшиг нүүрэлсэн үед хэрхэн ажиллах, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр манай салбарын бэлэн байдлыг шалгаж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга А.Дашням “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гамшгаас хамгаалах үзлэг, сургалт явагдах ёстой. Өнөөдөр нийслэлийн Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба буюу нийслэлийн Тээврийн газрын бэлэн байдлын үзлэг явуулж байна. Энэ нь гамшгийн үед ямархуу бэлтгэлтэй байгааг үзэж, дүгнэлт өгнө. Цаашдаа болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх, бэлэн байдлыг хангуулах чиг үүрэгтэй” хэмээв.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах албаны удирдах ажилтнууд болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдын хүн нэг бүрийн бэлтгэл, хууль эрх зүйн мэдлэгээр сорил авч, байгууллага тус бүрийн онцгой байдлын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө тус бүрийг шалгаж, холбогдох зөвлөмж өглөө гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор болов

Засгийн газрын хуралдаан болж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор болов

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна.

Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

Товч мэдээ

-Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг мөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхийг дэмжив. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод Худалдан авах ажиллагааны хяналтын болон Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрх олгов.

-“Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшинд “Хүндэт доктор” цол олголоо

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид (РАНХиГС) өчигдөр (2018.02.27) зочлов. Шадар сайд Ө.Энхтүвшин тус академийг ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи нэртэй байхад Түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин академийн ректор В.А. Маутай уулзах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хуралдаанаас түүнд “Хүндэт доктор” цол олгосныг дуулгаж, Эрдмийн зөвлөлийн хуралдаанд урьсан юм. Ийнхүү Шадар сайд Ө.Энхтүвшин 72 жилийн түүхтэй тус академиас “Хүндэт доктор” цол хүртсэн гадаадын 10 дахь иргэн боллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн дурсгалын дэвтэрт монгол бичгээр сэтгэгдлээ үлдээн, Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Хүндэт доктор” хэмээх эрхэм цол хүртээсэнд талархал илэрхийлээд, энэ сургуульд Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд сурч боловсрон, эрдмийн зэрэг цол хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшлийн туг нь болж түүчээлэн манлайлж ирснийг дурссан.

“1985-1989 он нь социализмын үе байсан учраас бид марксист философи, улс төр, эдийн засгийн ухаан, коммунист намын түүх зэрэг хичээлийг түлхүү судалдаг байсан. Хэдийгээр пролетарийн диктатур, социализм, коммунизмын давуу талыг ойлгуулахад багагүй цаг зарж байсан ч аливаа асуудалд хандах шинжлэх ухаанч арга зүй, хандлагыг эзэмшүүлэх гэж хичээн зүтгэж байсан эрдэмтэн багш нарынхаа гавьяаг би үргэлж бахдан ярьдаг. Нийгмийн үзэгдэл, үйл явдлын агуулга ба хэлбэр, харагдах байдал ба мөн чанар, шалтгаан ба үр дагавар, ерөнхий ба тусгай, нийтлэг ба онцлог, төсөөтэй ба ялгаатай талуудыг ялгаж салгах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, аливаа үзэгдлийг хувьсал, хөгжил, хөдөлгөөн дунд нь, бас харилцан хамаарал шүтэлцээн дунд нь авч үзэж бай гэж бидний тархи толгойд шингээсэн тэр арга зүй хэзээ ч хуучрахгүй. Ийм зарчим, арга барил миний хувьд судалгаа шинжилгээ, нам улс төрийн болон хамт олныг удирдан зохион байгуулах, түүнчлэн өөрийгөө хөгжүүлэх аль ч чиглэлийн ажилд өдөр тутамд хэрэглэгддэг билээ. Ийм арга зүй нь туйлшрах, хэлбэрдэх, аялдан дагах, улстөржүүлэх, сэтгэл хөдлөлөөр хандах, мухар сохроор үгүйсгэх зэрэг аливаа алдаа дутагдлаас сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байдаг… Тус сургуулийг үе үед төгссөн улстөрчид, удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ийм л байр суурийг тэртээх 1990 оны болон түүнээс хойших аливаа эгзэгтэй, ээдрээтэй үйл явдлын үед тууштай барьж ирснийг би сайн мэдэх хүний хувьд энэхүү хүндэт танхимын индэр дээрээс дуулгахад таатай байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ дурдав.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи нь хүмүүнлэгийн болон нийгэм, эдийн засгийн чиглэлээр 57 салбар сургуультай, ОХУ болон Европт томд тооцогдох их сургууль бөгөөд 160 мянган оюутан суралцаж байгаагийн 1000 нь гадаадын оюутан аж. 2017-2018 оны хичээлийн жилд 43 монгол оюутан суралцаж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин эдгээр монгол оюутны төлөөлөлтэй уулзаж, амжилт хүсэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.