Categories
мэдээ нийгэм

Оюутолгойд байрлах хувцасны агуулах шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарсан мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын хэлтэст 12 дугаар сарын 31-ний 15 цагийн үед иржээ.
Тус уурхайн төслийн талбайд байрлах хувцасны агуулах шатсан бөгөөд галыг унтраахаар уурхайн Гал унтраах анги ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл авахад гал намжсан ч бүрэн унтраагүй байгаа гэлээ. Аймгийн Онцгой байдлынхан уурхайн мэргэжлийн хүмүүстэй байнгын холбоотой байгаа юм байна. Өнөө өглөө мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж дүгнэлт гаргах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“15-ны цагдаа” цомын эзэнд 1000 америк доллар дагалдуулан өгчээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний шилдэг тэргүүний ахлагч нарыг алдаршуулан олгодог “15-ны цагдаа” цом өргөмжлөлөө гардууллаа. Энэ удаагийн “15-ны цагдаа” цомын эзнээр Монголын цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж буй Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч, харуулын цагдаа Т.Мөнхсайхан тодров. “Төвшин сэтгэл сан”-гаар дамжуулан “15-ний цагдаа” хэмээх энэхүү хүндтэй шагналыг уламжлал болгон 10 дахь жилдээ олгож байгаа билээ. Өмнөх жилүүдэд “15-ний цагдаа” цомыг нэг сая төгрөг дагалддаг байсан бөгөөд шилдгийг тодруулж эхэлснээс хойшхи 10 жилийн тэгш ой тохиож байгаа учраас энэ удаад 1000 америк доллар дагалдуулан өгч Дарханы Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүслээ. Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 онд шинээр мэндэлсэн 14 хүүхдэд Монголын үрс олон болтугай хэмээн ерөөгөөд 200 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр гардууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатарын мөнгөн үдэш” боллоо

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион ба мөнгөн үдэш” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллажээ. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв.

Тус цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 2018 нэгдүгээр сарын 01- ний 02.00 цаг хүртэл үйлчлэв. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга:2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ, дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд аа Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.

Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр. Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ.

Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө.

Айсуй 2018 онд монголчууд та бид их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсэж байна.

Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна. Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна.

2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой.

Он солигдох энэ хоромд нийт ард түмэндээ, манай улсад суугаа Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын иргэд, зочдод шинэ оны баярын мэнд хүргэе.

Сайхан монгол оронд минь 2018 он айлчлан ирлээ. Шинэ оноо хамтдаа угтан авцгаая.

Шинэ жилийн мэнд дэвшүүлье.