Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Соёмбот” эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцлоо

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалах яамны дэргэдэх “Аж үйлдвэрийн нэгдэл” ТӨУҮГ-ын харьяа “Соёмбот” эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Энэхүү үйлдвэр нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэвэр усны хэрэгцээг хангах зориулалттай төдийгүй зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой аж. Хүчин чадлын хувьд нэг цагт 0,5 буюу 1,5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.“Цэвэр усны гачигдал өндөртэй орны тоонд багтдаг манай улсын хувьд усыг хэмнэлттэй, зөв, эрүүл мэндэд тохиромжтойгоор ашиглах талаар үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Энэ чиглэлээр манай яам хувь нэмэр оруулж нэг ч гэсэн үйлдвэр байгуулж, зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж байгаа нь том ажил боллоо” гэдгийг сайд Н.Энхболд хэллээ. Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цаашид энэ мэт үр дүнтэй ажлыг шат дараатайгаар хийнэ гэлээ.

Зэвсэгт хүчний салбарынхны хэрэгцээг хангах усны үйлдвэр байгуулагдлаа

Зэвсэгт хүчний салбарынхны хэрэгцээг хангах усны үйлдвэр байгуулагдлаа

Categories
мэдээ нийгэм

Next stop наадмын шилдэг эрхмүүд тодорлоо

Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам “Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн топ залуу”, “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулж байгаагаараа онцлогтой юм.

Шилжилтийн 25 жилийн шилдгүүдийг тодруулж байгаа нь өнгөрсөн жилүүд алдаа оноотойгоо өндөрлөж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарлан тунхаглаж байгаа гэдгийг зохион байгуулагчид оролцогчид батлан хэлж байлаа. Энэ жилийн наадамд 1000 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд таван үе шаттайгаар шалгаруулалтыг явуулсан. Эцсийн шийдвэрийг 12-р сарын 30-ны өдөр NEXT STOP наадамд хүрэлцэн ирсэн зочид гаргасан юм. 500 зочдын нууц санал хураалтаар шилдэг 4 эрхмийг тодруулсан байна.

Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуугаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж , Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуугаар М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарч “Алтан Гэрэгэ”-н эзэд болсон юм

Харин 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-аар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, 2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-гаар Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин тодорч, “Алтан Гэрэгэ”-ийн эзэн боллоо.

Энэ жилийн ёслол хүндэтгэлийн наадам 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд болсон юм. Наадамд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан, Монгол Улсын 20-р зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) спортын гавъяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх Х.Баянмөнх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Г.Хайдав, 10000 малчид, Чингисийн одонт эрхмүүд, МХЗЭ-ийн ахмадууд, 1997 оны NEXT STOP наадмын бизнесийн салбарын оны залуу Д.Дорлигжав, 2012 оны NEXT STOP наадмын бизнесийн салбарын оны залуу Б.Бямбасайхан, Монгол банкны Ерөнхийлөгч асан, 1992 оны бизнесийн салбарын оны залуу Н.Золжаргал, 2013 оны NEXT STOP наадмын Нийгэм, улс төрийн салбарын оны залуу Ц.Оюундарь, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг нэр хүндтэй, эрхэмүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Categories
мэдээ спорт

Жюү Жицүгийн УАШТ болно

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Тэмцээн Спортын төв ордонд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн нийт 26 байгууллагын өсвөр үеийн 220-иод, насанд хүрэгчид, мастерс ангилалд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн тус тус болох юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 27, 28-нд Монголын жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Буу цэвэрлэж байгаад сум алдаж, өөрийгөө буудсан цэрэг согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан

БХЯ-наас “Дорнодод 10-аад хоногийн өмнө цэрэг буу цэвэрлэж байгаад сум алдаж, өөрийгөө буудсан хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Харин Говь-Алтай аймагт нэгэн иргэн согтуурсан үедээ өөрийгөө хоёр удаа буудаж, цэргийн төв госпитальд ирж хэвтэн эмчлүүлж байна. Энэ хоёрыг нэг хүн гэж ойлгож, ташаа мэдээлснийг” залрууллаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн ахлагч сум алдаж өөрийгөө шархдуулсан юм байна. Тухайн цэргийг Дорнодоос авчирч, цээжний хөндийг нь нээж, сумыг авах мэс засал хийсэн. Цэргийн биеийн байдал сайжирсан ч эмнэлгээс гараагүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татварын буцаан олголтод хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал

Image result for Татварын буцаан олголт

Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авна. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна.Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг.

Бүрдүүлэх материал

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн агаарын бохирдлын наян хувийг гэр хорооллын утаа эзэлж байна

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн нээлттэй хуралдаан өнөөдөр (2018.01.03) Төрийн ордонд боллоо.

Уг хуралдаанд Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академи зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Ажлын хэсгийн анхны хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг сонсох шаардлагатай гэсэн санал гарсан. Иймд нээлттэй хуралдааныг энэ чиглэлээр хийхээр болсон” гэдгийг онцлов.

Хуралдаанд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ажлын хэсгээс хийсэн ажлын талаарх мэдээллийг танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн шийдэл, тээврийн хэрэгслээс гарч байгаа утааг багасгах гэсэн чиглэлээр гурван Дэд ажлын хэсгийг байгуулж ажилласан. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол, 12-13 хувийг тээврийн хэрэгсэл, 7-8 хувийг уурын зуухын яндангийн утаа эзэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал нь гэр хорооллын утааг багасгах явдал юм. Иймд 200 мянга гаруй өрхийн гэрийн дулааны алдагдлыг багасгахад зориулалтын дулаалгыг хямд өртгөөр нийлүүлэх, 20-24 хэмд дулаанаа удаанаар барьж, нөөцөлдөг дулааны аккумуляторын үйлдвэрийг барих зэрэг асуудлыг зоримгоор шийдэх шаардлагатай байна. Түүнчлэн цахилгаан түгээх сүлжээнүүдийг шинээр барих, цахилгаан сүлжээг өргөтгөх шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд цахилгаан түгээх сүлжээг шинээр барихад 55.8 тэрбум төгрөг, цахилгаан түгээх сүлжээнд өргөтгөл хийхэд 24 тэрбум төгрөг нийт 80,4 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Мөн нийтийн тээврийн автобусыг дизел түлшээр бус хийгээр ажиллуулдаг болгож солих, авто тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа утаагаар татварыг нь ялгаатай тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, агаарын бохирдлыг бууруулахад, нэгдсэн төлөвлөгөөтэй, хариуцсан эзэнтэй, шат дараатай зоримог алхам хийж чадвал утааг багасгах боломж байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулж Ажлын хэсийн гишүүн, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Мөн хуралдаанаас Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтлоо. Удирдамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-12 ны өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Л.Болд нар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл цуглуулж, тодорхой санал бэлтгэн Ажлын хэсэгт танилцуулахаар тусгагджээ.

Түүнчлэн маргааш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж Дэд ажлын хэсгийг байгуулах, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах зэрэг тодорхой чиглэл өгсөн тогтоолын төслийг бэлтгэж хэлэлцүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгалыг өөрчилнө

Image result for Буруу талдаа жолооны хүрд

Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй ажээ. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь мөн буруу тусдаг. Өөрөөр хэлбэл их гэрлийн ойрын тусгал нь буруу тусдагаас эсрэг урсгалаас орж ирж буй автомашины жолоочийн нүдийг гялбуулдаг. Энэ гялбалтаас болж шөнийн цагаар янз бүрийн осол аваар гарах магадлал маш өндөр байдаг. Тиймээс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг хэрхэн өөрчилж, зөв болгох талаар судалж үзсэний үндсэн дээр тусгай бэлдэц ашиглахаар болсон байна. Иймд Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс автомашины том гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүллээ.Эхний ээлжид 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэц бэлэн болсон бөгөөд өнөөдрөөс АТҮТ-ийн 21 аймгийн салбаруудад хувиарлаж эхэлсэн байна.

Монгол Улсад 1990 оноос өмнө зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашигладаг байжээ. 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 500 мянга орчим тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ

Image result for тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтэс Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, техникийн хяналтын үзлэгийн хэмжлийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна.

2017 оны 11 дүгээр сарын 01-ны байдлаар нийт 478993 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн бөгөөд 96 хувьтай байна.

Техникийн хяналтын үзлэгт нийт 11234 тээврийн хэрэгсэл дараахь үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна.

  • Өнгө үзэмж- 6152
  • Утаа- 1424
  • Тормос- 2545
  • Жолоо- 6322
  • Гэрэл- 3240
  • Дуу чимээ- 76

Техникийн хяналтын хэлтсээс техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн сангийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах, мэдээллийн шинэчлэлийг тухай бүрд нь саадгүй явуулах ажлыг хийж дараах байгууллагатай мэдээлэл солилцож байна.

Үүнд:

  • Замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Замын цагдаагийн алба
  • Татварын ерөнхий газар
  • Зам тээвэр, хөгжлийн яам
  • Үндэсний дата төв
  • Мөн техникийн хяналтын үзлэг хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан “Доктор авто сүлжээ”, “Монгол терминал” ХХКомпанитай программ ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Ханиад томууны дэгдэлтийг бууруулахад зориулж 2,4 тэрбум төгрөг зарцуулна

Related image

Ханиад томууны дэгдэлтийн үеэр улсын эмнэлгүүдэд ачаалал үүсч утлагын болон амьсгалын аппарат хүрэлцэхгүй байсан асуудлыг шийдвэрлэжээ.

Засгийн газар нөөц хөрөнгөнөөс энэхүү хүндрэлтэй асуудалд зориулж 2,4 тэрбум төгрөг гаргахаар болсон байна. Уг хөрөнгөөр эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалингийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Мөн анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулна.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: 268, 284, 473 гэх мэт кодтой дугаараас дуудлага ирвэл буцаан залгах хэрэггүй


Таны утсанд гадаадаас танил биш дуудлага ирээд тасарвал эргүүлэн залгах хэрэггүй. Энэ нь луйврын арга бөгөөд “One Ring” scam гэж гадаадад нэрлэгддэг бололтой.

“One Ring” скам дуудлага нь ихэнхдээ 268, 284, 473 гэх мэт кодуудтай байдаг бөгөөд энэхүү дуудлагыг авч хариу өгсөн бол таньд болгоомжтой байхыг сануулья. Учир нь ийм дуудлага авснаар таны халааснаас их мөнгө гарна гэсэн үг.

Гэвч зөвхөн дуудлага, мессэж ирсэн тохиолдолд та аюулгүй. Харин буцаан залгаж, мессэж бичвэл их хэмжээний мөнгөн төлбөр төлөх шаардлагатай болох юм. Фэйсбүүкт энэхүү сануулгыг олон сошиал хэрэглэгч нийтэлсэн бөгөөд ямар ч операторын хэрэглэгчдэд хамааралтай аж.



Б.АМАРТҮВШИН