Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Муу тусмаа үнэн, үнэмшилтэй тусмаа эргэлзээтэй

Үнэний талд байх, үнэний төлөө тэмцэх бахтай. “Үнэний төлөө сэтгэлээрээ нийлсэн бидний хэдэн нөхөд…”гэж ирээд л бусдыг дарамтлах юутай сайхан. “Үнэний төлөө яваа хүнийг та нар яах юм бэ” хэмээн дүрэмдэж, хүн айлгах юутай жаргалтай!

НЭГ. ҮНЭН БОЛГОГЧ АЙДАС

Үнэний талд байх, үнэний төлөө тэмцэх бахтай.

“Үнэний төлөө сэтгэлээрээ нийлсэн бидний хэдэн нөхөд…”гэж ирээд л бусдыг дарамтлах юутай сайхан. “Үнэний төлөө яваа хүнийг та нар яах юм бэ” хэмээн дүрэмдэж хүн айлгах юутай жаргалтай!

Өмнөөс эсэргүүцэх, урьдаас хэрэлдэх гэхээр үнэний эсрэг болчих гээд ацан шалаанд орон бүлтэгнэх, бушуухан хүссэнийг нь өгөөд нийтийн дайсан болохоос аврагдахаас өөр гарцгүй болсон нэгнийг харахад сэтгэл цадан зүрх булгилмуй… Ерөөсөө одооноос эхлээд “үнэнчин” болж, санаснаа бүтээн, сарвайснаа атган амьдын жаргал эдлэх хүсэл төрмөөр. Энэ бол зурагтын мэдээ, хэвлэлийн хурал, “ард түмний” эсэргүүцлээс бидний хардаг өдөр тутмын зураглал.

Тэр ч байтугай бодит үнэнээс хол хөндий зүйлс ярихын хэрээр омог бардам. Харин үнэн, зөв зүйтэй юм ярьж байгаа хүмүүсийн халирхай, аймхайг хэлээд яах вэ. Сая тэр Оюу толгойн далд уурхайн нээлтэд оролцсон төр засгийн зүтгэлтнүүдийн байж байгааг хар даа. Улс орныхоо эдийн засгийн хөгжлийн шинэ үеийг нээж байгаа хэрнээ, цагийн механизмтай бөмбөг янзалж байгаа сапёр аятай айсан бэргэсэн, дальдчисан, чанга хашгирвал зугтаахад бэлэн. Цаанаа л нэг “үнэн”-ий эсрэг сөрсөн байдалтай. …айн!

Гэтэл хэдхэн сарын өмнө Бороогийн алтны уурхайг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай компани болох Сентерра гоулдтай хамтран ашиглах төслийг нураахын төлөө тэмцэгчид ямар урамтай, бадарсан улс харагдлаа. Цаанаа л нэг “үнэн”-тэй нөхцөж төрсөн байдалтай… айн!

Монгол үнэнийг үнэний дайтай болгодог нэгэн хүчин зүйл бий. Энэ бол мэдээллийг муу, түгшүүртэй болгох аргачлал. Буруушаах, мушгих гэж байгаа зүйлээ хэдийчинээн аймаар, фантаазтай болгоно, төдий чинээн үнэмшилтэй болно. Ийм нэг үг та нар сонссон уу, муу юм үнэн л байдаг юм даа гэж. Монголчууд авсан мэдээллээ аймшигтай байхын хэрээр бага эргэцүүлдэг, бараг тунгаадаггүй гэсэн ч болно.

Байнгын аюул түгшүүр, хөрш овог аймгийн үргэлжийн халдлага дор өнгөрөөсөн он жилүүд нь биднийг ийм үргэмтгий, цочимтгой болгосон бололтой. Хэрвээ “Мэргэд довтоллоо” хэмээн нэг нь хашгирвал үг сүггүй сэлмээ шүүрээд гарахаас өөр сонголтгүй болно. Хэрвээ “Мэргэд мөн болов уу, энэ хүн худлаа хэлж байгаа юм биш биз” гэхчлэн эргэцүүлж цаг алдвал дайсан амжиж ирээд хоолой хэрчинэ.

Бас “хотонд чоно орлоо” гэсэн мэдээллийг аваад ухасхийн гарахын оронд “Юун чоно билээ” хэмээн эргэцүүлээд суучихвал хамаг малаа боохойд хага татуулна. Тал нутгийн амьдралын дүрэм бидэнд “муу мэдээнд бүү эргэлз” хэмээн заажээ.

Тийм болохоор Гачууртын ордыг Сентеррагоулдтай хамтран ашиглахаар зэргэлдээ ноён уулын булш сүйдээд аюул болно гэж айлгаж болж байгаа юм. Аюул гэдэг хэллэгт инстинктээр хандан дэрхийсэн нүүдэлч хэвээр сэтгэлгээтэй ард түмэн Мэргэд довтолж, хот руу боохой орсон лугаа адил сэтгэн буугаа шүүрээд ухасхийнэ. Тэрнээс биш юун булш, хаана байдаг булш, ер нь мянган жилийн өмнө үхсэн хүний хүүр өөртэй нь яаж холбогддог, орчин үеийн хариуцлагатай уул уурхай гэж юу болох, нөхөн сэргээлтийн туршлага сэлтийг эргэцүүлэх үгүй. Өнөөгийн Монголын их, бага улс төр үүн дээр л тоглож, “Барууны компани урааны хайгуул хийхээр хоёр толгойтой тугал хийдэг” гэж айлгаж болоод байна даа.

Заримдаа ямар ч үгийг айлгасан өнгө аясаар хэлээд нийгмийг донсолгож, хэн нэгнийг тодорхой хугацаанд нийтийн дайсан болгож болно. Жишээлэхэд, “Таминь ээ. Өнөө Дорж хутгатай явж байна. Алуулахаасаа өмнө хөөж явуулъя” гэхэд нийгэм дэрхийнэ. Үнэхээр ч Доржийнх нь өвчин хөдлөөд хүний бөөр гаргахаар явж байвал тэр л биз.

Харин айлын цагаалгын мах эвдэж өгөхөөр явж байгаад хэлмэгдвэл мөн гашуунаа. Бас “Дээлтэй монгол” шоунд иж бүрэн оролцохоор шийдээд өвөөгийнхээ хэт хутгаар гангарч яваад өртвөл юутай гуниг. Бүр эсрэгээрээ, гэгээн хутагтаар тодроод Далай багшаас жуухаа авчихаад бөөн баяр болж “Би хутагт юм байна” хэмээн баярлан алхаж яваад алуурчинд тооцогдон толгойгоо хагалуулбал…хэлэх ч юм биш.

Муу мэдээнд, муугаар зарласан мэдээнд эргэлздэггүй шигээ, муу мэдээг тайлбарлах оролдлогыг хүлээж авахгүйгээр барахгүй, дайсанд үйлчилсэн тэдэнд цаг хугацаа олгох гэсэн санаархал мэтээр үзнэ. Тийм болоод л нэгэнт дайснаар зарлагдсан офшоорын учрыг тайлбарлах тухай санахын гарз болно. Намын эсрэг бүлгийн гишүүн, Лоохуузын хамсаатны үлгэр болоод дуусна.

Нүүдэлчид муу мэдээний, донсолгоотой Пиарын үнэн худлыг эргэцүүлэх завгүй явсан тэр үеийн хандлагаа орхиогүй байна.

Харин сайн мэдээнд бол эргэлзэх хугацаа, эргэцүүлэх боломж аль алин нь бий. Жишээлэхэд, “чоно махнаас гарчээ” гэвэл “махчин амьтан цагаан хоолонд орвол үхчих байлгүй” гэдэг жирийн эргэлзээнээс эхлээд, өвсөн тэжээлтэн ба махчин амьтан нь амьд байгалийн тэнцвэрийн гол хөшүүрэг болох тухай түмэн зүйлийг тайван эргэцүүлж болно.

ХОЁР. ҮНЭН ХЭНИЙ ТАЛД ВЭ?

-Чи үнэний талд байна уу гэсэн асуултад эргэлзээгүй “тийм” хэмээн хариулах амархан. Харин “Үнэн гэж юу вэ” гэвэл хариулахад амаргүй. Бид үнэн гэж яг юуг хэлээд байгааг хэзээ ч эргэцүүлж явсангүй.

Харин үнэний төлөө тасралтгүй тэмцсээр ирсэн. Бүр социализмын үеэс л үнэний дуу хоолой байх явдал нь иргэний үүргийн нэг хэсэг байлаа. Харин тэмцэн хамгаалж байгаа үнэнийхээ талаар эргэцүүлэх хэрэг байсангүй. Угаасаа нам төрөөс юу юу үнэн болохыг заагаад өгдөг байсан учраас түүнийг шүүмжлэн эргэцүүлэх хориотой байв. Нэг зүйл ойлгомжтой байсан нь “Үнэн гэдэг бол төрийн байр суурь”, илүү гярхай ажигласан хүнд бол “аливаа хувилбарууд дотроос социализмын үзэл санаанд нийцэх хэсэг” ажгуу.

Харин ардчилсан хувьсгалын дараагаар хувийн ба хувьсгалын үнэн нийцэх албагүй боллоо. Хүн бүр өөр өөрийн үнэнтэй байх боломж бүрдэв, тэр мэт ч болов. Хамгаалан тэмцэх үнэн хаа сайгүй байвч “үнэн гэж юү вэ?” гэсэн асуултын хариу алга хэвээр. Гагцхүү өмнөх үеийн үзэл суртлын нэгэн өв үлдсэн нь “үзэл суртлын ашиг сонирхолд нийцэх хувилбар” гэсэн шалгуур ажгуу.

Тэгвэл, тал нутгийн “үнэн”-үүдийн хөнжилдөө унтах завгүй тулаан дунд хэнийх нь хувилбар ялдаг вэ гэсэн асуулт гарна.

Жаахан холоос эхэлбэл, дургүйцэхгүй биз дээ. Тал нутгийн дайны мораль, тулааны дүрмийг өрнөдийн ертөнц огт төсөөлөөгүй учраас монголчуудын байлдан дагуулал онцгой амжилттай болсон юм. Тэдний номоор бол рыцарь маягаар, нүүр тулан, удирдагч нь удирдагчтайгаа шударга тулаад эхэлж мориноос унасан нь ч юмуу, айж зугтаасан нь ялагдсанд тооцогдоно. Нэр хүнд бол ялалтын хагас ажээ. Байлдах алалдах муухай зуршилд нь хүртэл мораль шингэж эхэлсэн байсан гэсэн үг.

Наран ургах зүгээс ертөнцийг гатлан ирсэн морьтон баатруудыг тэд бас өөрсөд шиг нь дүрэм журамтай улс гэж бодсон гэдэг. Гэтэл цаадуул нь нэр төр ялсан талд нь ордог гэсэн ойлголттой, ухрах зугтаах, зальдах, шарвахыг нэр төрд хүрэх ерийн технологи гэж үздэг улс байв. Түүхчид “Монголчууд ялна гэдэгт итгэлтэй болтлоо зугтаадаг” тухай гайхшран тэмдэглэжээ.

Тал нутгийн тулааны дүрэм онцгой. Тэнд шударга явах, хууль баримтлах, хүчээр давуу байх зэрэг огт хамаагүй. Зүгээр л түрүүлж айсан нь ялагддаг юм. Харин айх, зугтаах хоёр тусдаа. Чингис хаан гайхамшигтай айлгагч байсан. Түүний цэргүүдийн асаадаг олон түүдгээс эхлээд цуу тараах, тэнгэрийн нэр барьж сүрдүүлэх, газартай тэгшитгэхээр заналхийлэх гээд сэтгэл зүйн дайны том мэргэжилтэн байсан.

Нөгөө талаасаа монголчууд нэг айсан бол нэлээн сайн айдаг улс. Энэ нь Орос болон Хятад, барууны хөрөнгө оруулагчдад хандах янз бүрийн хандлагаас их тод харагддаг. Бас нэг айлгасан амьтныхаа хүзүүн дээр насаараа зайдлах санаатай. 1921 онд Барон Унгернтай хүч хавсарсан монголчууд (Үнэндээ бол монголчуудын дэмжлэгийг авсан Бароны цэргүүд) хүрээнд байсан Хятадын гамин цэргийг хөөсөн нь хятадуудыг хамгийн сүүлд айлгасан явдал байж. Харин тэд одоо болтол айсаар байгаа гэдэгт итгэдэг.

Үүний нэгэн өвөрмөц хувилбар нь ард түмний ашиг сонирхлоос урган гарсан ардчилсан төр ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн логик их өөр утгатай болсон явдал. Хууль дүрэм “ард түмэн”-ээс айх ёстой, хүчний байгууллага, хууль хэрэгжүүлэгчийг ард түмний өмнөөс нэг сайн айлгачихад л болно гэсэн санаа их хүчтэй байна. Чухам эндээс үүдэн ард түмний нэр барьж чадсан нь хэргээс мултарч, бас ард түмний нэрийг барин хэрэгт хийж болох юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болсон нь нууц биш. Ингэснээр “ард түмэн”-ий нэр барьж чадсных нь өмнө хууль, засаглал хүчгүйдэх аюул нүүрлэж буй хэрэг. Ийм завшааныг эрх баригчид ч сул орхисонгүй, өөрийн намаас гадна хэрэгтэй үед хэрэгтэй юм хийгээд өгдөг тус тусын “ард түмэн” байх санаархалтай ч болж байна.

ТӨГСГӨЛ. “ЗОВЛОН ҮНЭН, ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН…”

Чингис хаан тэнгэрт хальж, эзэнт гүрэн түүх болоод удав. Харин тал нутгийн тулааны дүрэм хуучнаараа, үнэний тухай ойлголт мянганы тэртээх тэр л хэвээрээ.

Монголчууд нүүдэллэхээ болиод хотшин суурьшаад, хүн төрөлхтний нийтлэг жишгээр иргэншин хөгжиж эхлэв. Энд муу сайн ямар ч мэдээнд түрүүлж эргэлзсэн нь хожно.

Бас үнэний тухай суурин амьдралын ойлголт төсөөлөл нүүдэлчдийнхээс өөр. Иргэншсэн ертөнцөд үнэн гэхээр хөдлөшгүй баримт, хууль ёстой нийцэх үйлдэл гэж юун түрүүн томьёолно. Шударга ёс нь ямар ч аргаар хамаагүй ялагчийн талд бус, харин дүрмээр тоглогчийн талд зогсоно. Түрүүлж айсан нь бус түрүүлж буруу үйлдэл хийсэн нь ялагдана. Үүнийг л хүлээж дагаж байж цаашаа явахаас өөр замгүй.

Бидний амьдрал өөрчлөгдөж өгөхгүй байгаагийн шалтгаан нь бид өөрснөө өөрчлөгдөж өгөхгүйд байгаа юм.

2016.05.18

Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдаваа: Тагнуулын гол үүрэг нь улс орны эдийн засгийг хамгаалах болохоос УИХ-ын гишүүдийг тагнаж чагнах ажил биш

Тагнуулын байгууллагад 30 гаруй жил ажилласан ИЗОУИС-ийн Аюулгүй байдал, хууль сахиулах салбарыг үүсгэн байгуулагч, эрхлэгч, аюулгүй байдал судлаач,профессор, бэлтгэл хурандаа Б.Дашдаваатай уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүнтэй 1970 оноос 2010 хүртэл тагнуулын байгууллага хэрхэн ажиллаж байсан болоод сүүлийн үед ТЕГ-тай холбоотой бусдыг хууль бусаар тагнаж, чагнасан мөрдөн шалгасан, удирдлагууд нь улс төрчдийн гар хөл болсон гэх мэдээлэл гарч байгаатай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Та олон жил тагнуулын байгууллагад ажилласан. Мөн улс орны аюулгүй байдлын талаар олон жил судалгаа шинжилгээ хийж байгаа судлаачийн хувьд хэдэн зүйл асуух гэсэн юм. Тагнуулын байгууллагын үүрэг, зорилго яг ямар асуудалд чиглэж байх ёстой юм бэ?

-Юуны өмнө энэ тагнуулын гэдэг нэр манай орны иргэдийн сэтгэхүй, уламжлалд тохирохгүй байсаар ирсэн. Зүгээр л хэнийг ч хамаагүй тагнаж, чагнаж байдаг байгууллага мэт сонсогддог болчихоод байна. Үүнээс болоод зарим нөхдийн ажлын ур чадваргүй байдлаас хамаарч сүүлийн жилүүдэд Тагнуулын ерөнхий газрыг маань “Засгийн ордны баруун талын ховч, худалч хоёр байгууллага тэр юу вэ, “Бууны нохойны” газар ч гэх шиг маш эвгүй онигоо таавар нийтийн дунд яригдах болчихлоо. Тагнуулч, тагнуул хийх гэдэг ойлголт нь хуулиараа гадаад улсын иргэн буюу харьяалалгүй этгээдэд хамаардаг. Иймд монгол хүнийг тагнуулч, Монголын байгууллагыг тагнуулын гэж нэрлэх нь хуулиараа боломжгүй асуудал болчихоод байгаа юм. Харин Аюулгүй байдлын ажилтан, Улсын аюулаас хамгаалах газар гэж нэрлэвэл зохилтой. Тагнуулын байгууллагын үндсэн зорилго бол Тагнуулын байгууллагын тухай хуульд тодорхойлсноор хэд, хэдэн ерөнхий чиг үүрэгтэй байдаг. Үүнээс өнөө цагт хамгийн тулгамдсан тодорхой биелүүлбэл зохих үүрэг нь “Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэн таслан зогсоох” гэсэн үүрэг юм. Гадаад тагнуул эрхэлдгийн хувьд гадаадтай холбоотой эдийн засгийн том хэргүүдийг илрүүлнэ гэсэн утга юм шүү дээ.

Миний хувьд одоогийн ТЕГ-ыг Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар гэсэн нэртэй, хошууч генерал Б.Цийрэгзэн гуай дарга нь байхад хэдэн жил энэ байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байж, системд нь 32 жил ажилласан хүн. Тийм ч учраас үйл ажиллагааг нь багагүй гадарлана. Сүүлийн үед ТЕГ-ын талаар яригдаж байгаа ноцтой зүйлсийг ажихад зарим талаараа үндсэн үүрэг, зорилгоосоо хазайсан, хэт өнгөцхөн, гол чиглэлээ эрэмбэлж бариагүй, улс төр, хувийн сонирхолд автсан, мэргэжлийн ур чадвар дутсан гэмээр зүйлс харагдаж, ойлгогдож байна.

-Та ТЕГ-ыг одоо ажиллаж байгаа нөхцөл байдлаасаа өөрчлөгдөх ёстой гэж үзэж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тийм ээ. ТЕГ-ын чиг үүргийг өөрчилж ажиллах шаардлага бий болоод байна. Тиймээс юуны өмнө Тагнуулын ерөнхий газар гэсэн нэрийг Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар гэж хуучнаар нь сэргээж, улсынхаа жинхэнэ язгуур эрх ашгийг хангах бодит утгаар нь нэрлэж, үүнд нь нийцүүлж ажлаа явуулах, хуулиндаа заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын гол судас болсон эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Гэтэл эдийн засгийн гадаад, дотоод дамнасан зохион байгуулалттай том хэргүүдийг санаачлан илрүүлэхгүй байснаас гартаа ганц бороохой ч бариагүй сэтгүүлч илрүүлэн хөөцөлдөж байх жишээтэй. XXI зуунд Монгол орон хоцрогдсон, хэдэн зууны өмнөх шигээ түүхий эдийн орон хэвээрээ байгаа нь хэн, хэний буруу вэ. Үүнийг тогтоох ёстой. Юуны өмнө өндөр технологийг олж эдийн засагт нэвтрүүлэхэд бүх хүч, хэрэгслээ дайчлах (Хятад улсын хөгжлийн нууц нь технологийг тагнуулын аргаар олж чадсанд байна гэж мэдээллийн хэрэгслээр яригдсаар байна). Хүн амын эрүүл мэндэд хор учруулж буй хүнс, хэрэглээний асуудлыг ил тодоор шийдүүлэх ёстой. Саяхан ундны уснаас хорт бодис илэрсэн ч гэх шиг зүйл яригдлаа. Худлаа шуугиан тариагүй л юм бол эх сурвалжийг нь нийтэд зарлаж сэрэмжлүүлэх хэрэгтэй. Олон улсын жишгээр далайц багатай буурай орны хувьд ашиг сонирхол нэгтэй зарим орны тусгай албадтай хамтран ажиллавал үр дүнд хүрнэ. Тэгэхгүй бол олон түмэн хохирно. Энэ мэт өөрийн үндсэн чиг үүргийн дагуу ажиллах хэрэгтэй юм.

– ТЕГ ямар тохиолдолд хүнийг чагнаж, мөрдөн мөшгөдөг юм бэ. Сүүлийн үед ТЕГ улстөрчдийн захиалгаар дуртай хүн болгоноо тагнадаг, гар утсыг нь чагнадаг болсон гээд байгаа. Энэ нь ч үнэний ортой юм шиг санагддаг. Тэгвэл таныг ажиллаж байх 30 гаруй жилийн хугацаанд хүнийг яаж тагнаж, чагнаж байсан юм бэ?

-Бидний үед тухайн сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд энэхүү ажиллагааг тусгай хяналтын прокурор хянаж, ерөнхий газрын орлогч зөвшөөрч, газрын дарга баталж байж хэрэгжүүлэх журамтай байсан. Одоо ч хэвээр байгаа байх гэж бодож байна. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг шууд зөрчиж, хэлмэгдүүлэлт болдог.

-ТЕГ УИХ-ын зарим гишүүний хууль бус мэдээллийг олоод авчихсан байдаг. Хүмүүс мэдээллээ алдсан хүнийг “бөлдөг”-дүүлчихээд айгаад байна гэж ярьдаг болсон.

-УИХ-ын гишүүд тагнуулын байгууллагаас айх үндэслэл уг нь баймааргүй юм. Их даруухан байх алба юм шүү дээ. Хуучин ЗХУ дахь хэлмэгдүүлэлтийн айдастай үед энэ байгууллагыг толгойлж байсан Ф.Э.Дзерженский “Чекист хүний тархи нь сэргэлэн, зүрх нь халуун, гар нь цэвэр байх ёстой” гэж сануулсан байдаг. Энэ сануулга намайг ажиллаж байхад бидний өрөөний хананд байнга хадаастай л байлаа. Манай улсад хэлмэгдүүлэлтийн үед Дотоодыг хамгаалах газрыг толгойлж байсан генерал Б гэдэг хүнийг иргэд “бөлдөг Б” гэж одоо хүртэл ярьдаг. Хэлмэгдүүлэхэд тэр хүн оролцсон ч гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Яагаад тэр хүн тийм “хоч” авсан нь учиртай л байх. Тэр “айсан” гэх нөхөд Монгол Улсынхаа батлан хамгаалах цэрэг, зэвсэг, шинжлэх ухааны нээлт, шинэ технологи гэх мэт улс орны чухал нууцлалыг задруулаагүй, эсвэл улс дамнасан эдийн засгийн том хэргүүдтэй орооцолдоогүй л бол энэ байгууллагаас айх шаардлага огт байхгүй. Хэрэв ТЕГ-ын зарим хүмүүсээс айж эмээгээд байгаа бол өөр шалтгаан байдаг биз дээ.Одоо ч тэгээд улсынхаа Батлах хамгаалах, цэрэг, зэвсэгийн бодлого , хөрөнгө чинээгээ нууцлах ёстой боловч хурал, чуулган дээрээ хамаагүй ил тодоор ярьдаг болжээ. Уг нь үүнээс өөр тусгаар тогтнолтой холбоотой төрийн нууцлал гэж дайнгүй, энх өнөө цагт байхгүй л дээ. Энэ талаар Улсыг аюулаас хамгаалах байгууллага хатуу хяналттайгаар үүргээ гүйцэтгэх байх аа.

-Хар хайрцагны бодлого гээд яриад байдаг. Улс орны хар хайрцагны бодлогод ТЕГ ямар үүрэг оролцоотой байдаг юм бэ ?

-Миний ойлголтоор энэ нь хар хайцагт хийгээд нам дарчихсан онц чухал маш нууц гээч зүйл биш. Эрээвэр хураавар нууц гэсэн дардастай, бичиг ч биш. Тухайн улс өөрийнхөө оршин дэвших онцлогт тохирсон алсын бодлого байх гэж ойлгодог. Манай улсын онцлогийн хувьд энгийнээр бодоход “хүчтэний дэргэд хүчгүй хэрхэн оршин тогтнож бие даан хөгжих вэ гэдэг бодлого тэмүүлэл л байх болов уу. Үүнийгээ бүх нийтээрээ мэдэж, ой ухаандаа шингээж, хэрэгжүүлэхээр дор бүрнээ зүтгэцгээвэл үр дүнд хүрнэ байх. Монголчууд бидэнд нэгдэж тэмүүлэх үнэн цэнтэй, юугаар ч орлуулалшгүй зорилго дутагдаж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Тус байгууллагын байнгын хүчин чармайлт нь олон улсын эдийн засгийн байдлын өөрчлөлт, түүнээс эх орны эдийн засагт нөлөөлөх үр дагаврыг тооцоолох, эдийн засгийн ашиг сонирхлыг хилийн чинадад илүү идэвхтэй хамгаалах хэрэгтэй” гэж аюулаас хамгаалах албадынхандаа хэлсэн байдаг. Үүнээс тагнуулын байгууллага улс оронд ямар их хэрэгтэй вэ гэдэг нь шууд харагдаж байгаа биз дээ.

-Тагнуулын байгууллага социализмын үед ажиллаж байснаасаа хэр өөрчлөгдсөн гэж та бодож байна вэ. 1990 оны ардчилсан хувьсгал ялахад тагнуулын байгууллагын үүрэг оролцоо их байсан гэдэг байх аа?

-Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан тогтолцоо барууны либериал хувийн чөлөөт тогтолцоо руу гэнэт шилжихэд манай ажилтнуудын дийлэнх нь энэхүү өөрчлөлтөд урьдаас үзэл санаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Генерал Б.Цийрэгзэн Н.Алиасүрэн, Ш.Тогтох гээд олон хэл мэддэг өндөр боловсролтой дарга нарын нөлөө ч их байсан. Тэр үеийн том өөрчлөлтийг НАХЯ-ны сайд агсан А.Жамсранжав, УАХЕГ-ын дарга асан Б.Цийрэгзэн нар эртнээс мэдэрч ардчилсан хувьсалыг бусад орных шиг цус асгаруулахгүйгээр тайван замаар хийгдэх гавьяа байгуулсан гэж боддог. Тухайн үед төрийн эрх барьж байсан улс төрийн товчоог огцроход Ж.Батмөнх даргад эдгээр хүн цагийг нь олж бодит мэдээллийг ятган үнэмшүүлсэнд оршино. Ийм хүмүүсийн гавьяа дурсгалыг мөнхжүүлэх хэрэгтэй. А.Жамсранжав агсаны “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн алс холын уриаг ойртуулж, байранд нь “Монгол орноо мандуулъя” гэсэн уриагаар солих санал гаргасанаар энэ уриа Сүхбаатарын талбайн баруун талд одоо ч гэрэлтэн байгаа. Монгол оронд өнөөдөр 1990-ээд оныхоос дутуугүй эдийн засгийн хувьсал хийх нөхцөл бүрдээд байгаа нь үнэн. Саяхан тус газрын даргаар нь унаган мэргэжлийн туршлагатай хүн томилогдсон байна. Амьдралын маань салшгүй хэсэг байсан, байсаар ч байгаа энэ байгууллагын нэр төр, үйл ажиллагаа сэргэн дэвжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Үнэг одтой, улаан бич өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 4, Бархасвадь гариг. Билгийн тооллын 18, Үнэг одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8:38 цагт мандан, 17:15 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвөлгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Муу тусмаа үнэн, үнэмшилтэй тусмаа эргэлзээтэй” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр мянган авто машины зогсоолыг албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулжээ. Энэ талаарх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээн авч үзээрэй.

Өчигдөр төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах” ажлын хэсгийн хуралдаан болсон юм. Үүний талаар нэгдүгээр нүүрэн дэх “Улиг болсон зүйлсийг ярьсаар утаанаас салахгүй” сурвалжилгаас онцлон хараарай.

УИХ-ын гишүүн А.Ундраатай хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Хувьцаа арилжаалагдах тоолонд 30 хувийн татвар авах мэт ойлголт төрж буй нь хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлийг бий болгож байна” гэжээ.

Засгийн газар ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд нэмэгдүүлсэн татварууд он гараад хэрэгжиж эхлээд байгаа. Үүний тухай улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Арван сая төгрөгөөр машин зарахад 2,5 саяыг нь татварт хураалгана” сурвалжилгаас унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Муу тусмаа үнэн, үнэмшилтэй тусмаа эргэлзээтэй” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан юм. Намын бүлгийн хурлын талаар Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, З.Нарантуяа нар мэдээлэл хийснийг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс үзээрэй.

Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцтай ярилцлагаа хийжээ. Тэрээр “Одоогоор хоёр тамирчин өвлийн олимпын наадамд оролцох эрх аваад байна” гэжээ.

Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн захирал Ц.Алтангэрэлтэй хийсэн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр “Шавь нар маань математикийн олон ч олимпиадад тэргүүлж байсан” гэсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав.

III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.

IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм.

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв.

Categories
мэдээ утга-зоxиол

Солиот эх өгүүллэг

Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал инээсээр тосгоны энэ тэрүүгээр тэнүүчлэн явсаар байлаа.

Тухайн үед манай аав гучин таван настай хэдий ч чулуу бэлтгэлийн ажилд зүтгэж явахдаа суурь машинд зүүн гараа таслуулчхаад эрэмдэг амьтан гэртээ суудаг болчхоод байж л дээ. Ядахад яр гэгчээр гэр орон нь ядуу зүдүүгийн эрхээр эхнэр авч чадалгүй гон бие гозон толгой чигээрээ явахаас өөр аргагүй байсан гэдэг. Мөнөөх солиотой хүүхэн хаа очиж царай зүс танагтай нэгэн байсан тул эмээд маань: «Түүнийг түр зуур гэр орондоо орогнуулж байгаад голомт залгах ач төрүүлсэн хойно хөөгөөд явуулчихъя!» хэмээх атгаг хорон бодол төрсөн аж. Аав маань эхэндээ төдийлөн дуртай биш байсан боловч яваандаа эмээгийн санаатай эвлэрээд зөвшөөрсөн гэдэг. Тэгснээр аав маань сохор улаан зоосны гарлагагүй эхнэртэй болжээ.

Ээж намайг төрүүлсний дараа эмээ элгэндээ энхрийлэн тэврээд шүдгүй улаан буйлаа ярзайлган инээх зуур: «Энэ солиотой хүүхэн надад ийм энхрий ач төрүүлэн өгдөг байна шүү!» хэмээн баясан өгүүлсэн атал намайг ээжид маань тэврүүлэх нь байтугай ойртуулахаа ч байсан гэдэг юм.

Хөөрхий ээж минь намайг тэврэх санаатай гараа сунган зүтгэхэд эмээ улаан нялзрай амьтныг солиотой хүүхэнд өгөөд хөсөр унагачихвал яах билээ хэмээн зовниод хавьтуулдаггүй байсан нь нэг бодлын зөв юм л даа. Эмээ ээж рүү ширүүн харцаар ширвээд: «Чи хүүхэд тэвэрнэ гэж саналтгүй! Би юу боллоо гэж чамд өгөх билээ? Хэрвээ чи хүүг маань хулгайгаар тэврэх гээд оролдоод үзвэл сайхан мэдээрэй! Би чамайг болгоод өгөхөө мэдье гайгүй! Чамайг зодоод алчихаж чадахгүй ч гэсэн гэрээсээ хөөгөөд явуулчхаж болох байлгүй!» хэмээн зандран өгүүлнэ. Ээж маань хаа очиж тиймэрхүү утгатай зүйлсийг сайн ойлгодог болохоор айсан янзтай хуламганан холхон очоод чимээгүй суучихдаг байжээ. Түүнээс гадна эмээ маань солиотой хүүхний сүүг хөхөөд «Мэдрэлийн согог» халдчихаж мэднэ хэмээн сэжиглэж намайг угжинд оруулчихсан тул хөөрхий эхийн маань хоёр дэлэн чинэрээд сүүгээ савируулан явах болсон гэдэг.

Тэр үед манай гэр ядуу зүдүү хэвээр байсны дээр ээж бид хоёр гэж хоолны савнууд нэмэгдсэнээр хоёр идэхгүй хоосон хонохгүйхэн шиг өлөн зэлмүүн өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Ээж зүгээр ч нэг хоол хороогоод суухгүй байн байн хэрэг төвөг тарих тул эмээ түүнийг хөөж явуулахаар шийдсэн байна.

Нэгэн өдөр эмээ маань тогоо дүүрэн будаа агшаачхаад ээжийн аяганд нэмж өгөнгөө: «Охин минь! Манайх гэдэг айл дэндүү ядуу болохоор ээжийгээ зөвөөр ойлгоорой доо! Чи наад аягатай будаагаа сайн идэж аваад илүү баян тарган айлын хаяаг бараадаж үз! Харин манай үүгээр дахин бүү үзэгдээрэй!» гэх үгийг сонсоод ээж ам дүүрэн будаагаа залгих тэнхэлгүй ангайж хоцорсон нь эмээгийн үгний цаад санааг ойлгоод айж цочирдсоны илрэл байжээ. Тэр эмээгийн өвөрт нойрсож байгаа над руу харснаа: «Үгүй ээ! Болохгүй!» хэмээн түл талхан хэлжээ. Эмээгийн царай тэр даруй барайгаад дуугаа байдгаараа өндөрсгөж: «Муу хар солиотой амьтан чи байтлаа өөдөөс олон таван үг хэлэх санаатай юу? Чи тэглээ гээд сайнаа үзэх байлгүй. Чам шиг хэрмэл тэнэмэл амьтныг гэртээ хоёр жил толгой хоргодуулсныг их юм гэж бодоорой! Өөр яалгах санаа байгаа юм бэ? Наад будаагаа гударчхаад эндээс даруйхан тонилж үз! Дуулж байна уу!» хэмээн өгүүлээд гартаа тааралдсан галын шилээгүүрийг шүүрэн авч хөсөр дэлдэхэд хөөрхий ээж маань давхийтэл цочоод эмээгийн зүг хуламганан харснаа толгойгоо доош тонгойлгоход том том нулимс будаатай аяга руу дусалж байлаа. Тэр гэнэт нэг санаа төрөв бололтой аягатай будааныхаа дийлэнх хагасыг өөр нэгэн аяганд юүлчхээд эмээ рүү өрөвдөлтэй харцаар ширтжээ.

Түүний энэхүү үйл хөдлөл нь «Үүнээс хойш өөрөө хагас аяга будаа идэж байя! Харин та намайг битгий хөөгөөч дээ!» гэсэн санаа болохыг төвөггүй ойлгоод эмээ бүр алмайрч хоцорсон гэдэг. Эмээ маань хэдийгээр ээжид хатуу хариг ханддаг байсан нь үнэн боловч явж явж хад чулуунаас бүтсэн хүн биш болохоор уярлын нулимсаа буруу харан шударчхаад буцаж ширүүн харцаар түүнийг ширвэнгээ: «Наад будаагаа хурдан идчихээд хурдан эндээс холдож үз! Манай гэрт байгаад байвал чамд өлсөж үхэх ганц л арга зам байгаа» гэхэд ээж маань аягатай хоолоо ч идэж баралгүй бүдчин хашааны хаалгаар гараад холдож өгөлгүй зогсоод байжээ. Эмээ сэтгэлээ хатамжлан: «Чи хурдан нүднээс далд орж үз! Хорвоо дэлхийд буянтай айл хунар хаа мундах билээ?» гэсэнд ээж маань харин ч түүн рүү дөхөн ирээд хоёр гараа элгэндээ тэвэрч үзүүлсэн нь төрүүлсэн үр намайгаа ганц удаа тэврүүлээч гэсэн гуйлт байжээ.

Эмээ хэсэг зуур эргэлзэн тээнэгэлзсэний эцэст манцуйтай бяцхан үр намайг ээжид минь өгчээ. Ээж маань анх удаа намайг тэвэрч үзээд тэсгэлгүй баярлаж байгаа бололтой шүдээ ярзайлган баяртайгаар инээсэн аж. Эмээ минь ээжийн өвчин хөдлөөд өлгийтэй бяцхан намайг хог сэг мэт хөсөр хаячих вий хэмээн болгоомжлохдоо хоёр гараараа миний манцуйн дороос тосон зогсож байлаа. Ээж намайг хоёр гурван минут тэврээгүй шахам байхад эмээ тэсгэл алдсан байдалтай булаан аваад хашаа руугаа буцан орж хаалгаа тасхийтэл түгжжээ.

Би гэдэг хүн мэдээ орсон даруйдаа бусад хүүхдүүд бүгд л ээжтэй байхад надад яагаад байдаггүй юм бол доо хэмээн гайхан бодох болсон юм. Эмээ аав хоёроос энэ тухай асуухад тэд нар «Ээж чинь үхчихсээн!» гэдэг ганц л үгээр ам таглаад өнгөрдөг байлаа. Гэвч үе тэнгийн жаалууд «Танай ээж үхээгүй ээ! Харин түүнийг солиотой байсан болохоор эмээ чинь хөөгөөд явуулчихсан юм» гэж хэлэхийг дуулаад эмээ дээрээ буцан очоод ээжийгээ эргүүлэн өгөхийг нэхэхийн сацуу «Чоно шиг дотортой эмээ» гэж уурлан хашхирч аягатай хоолоо идэлгүй газар асгах явдал хааяа боловч тохиолддог байлаа. Тэр үед балчир хүүгийн тархинд галзуу солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдэхгүй болохоор дотроо бэтгэртлээ үгүйлэн санадаг байж дээ. Харин түүнийг ямархуу царай зүстэй хийгээд өнөө хэр амьд мэнд байгаа болов уу гэдэг талаас нь бол үнэндээ бодож байгаагүй юм. Гэтэл намайг зургаан нас хүрдэг тэр жил гэрээс гараад таван жил алга болсон ээж маань гэнэт эргэн ирдэг байна шүү.

Тэр нэгэн өдөр миний хэдэн жаахан найзууд гүйлдэж ирээд: «Сяо Шү! Чи мэдээгүй юм уу? Танай солиотой ээж эргэн иржээ» хэмээн маш чухал мэдээ дуулгаж байгаа мэт хашхиралдав. Би ч бөөн баяр хөөр болсон амьтан тэднийг дагалдан гадагш тавхай гялалзуулан хурдлахад аав эмээ хоёр ч араас минь хөөцөлдөн гүйсэн юм. Тэр бол миний хувьд мэдээ орсон цагаас хойш анх удаа ээжтэйгээ уулзаж байгаа хэрэг бөлгөө. Ээж маань анх дүрслэн өгүүлж байсантай яг адил уранхай ноорхой хувцастайгаа явах бөгөөд үсэн дээр нь хатсан өвс ширэлдэн наалдсаныг үзвээс урьд шөнө хаа нэгтэй өвсөн бухал бараадаж унтсан болох нь илт байлаа. Би үеийн найзуудтайгаа цуг түүн рүү дөхөн очиход түүний нүдний харц ямар нэгэн зүйлийг эрж хайгаад байгаа нь илт байх ажээ. Тэгж тэгсээр тэр намайг цоо ширтэн гөлрөх зуур: «Сяо Шү минь . . . . . .бөм. . . бөг. . .Бөмбөг. . . » хэмээн зуунгитайн өгүүлээд гартаа барьсан хийн бөмбөлгийг аргадсан янзтай над руу сарвайлаа.

Миний өдрийн бодол шөнийн зүүд болох нь холгүй байсан ээж маань ийм төрх байдалтай эргэн ирэх юм гэж бодоогүй болохоор би ухасхийн эргээд гэр рүүгээ гүйчхэв. Миний араас хэн нэгэн хүүхэд: «Сяо Шү! Чи одоо солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдээ биз дээ? Яг л танай ээж шиг хүнийг хэлдэг юм шүү дээ!» хэмээн хашхирах нь сонсогдов.
Би мөчөөгөө өгөх янзгүй тэр жаал руу эргэн хараад: «Наадах чинь лав чиний ээж байж таарна. Танай ээж л ийм төрх байдалтай байхаас зайлахгүй» гэчхээд цаашаа гүйсэн юм. Үнэндээ би тийм солиотой ээжтэй баймааргүй санагдаж байсан боловч эмээ аав хоёр түүнийг хөтөлсөөр гэртээ орж ирцгээлээ. Тэр жил эмээ ээжийг хөөгөөд явуулчихсандаа сэтгэл эс төвдөхийн зэрэгцээ өдөр ирэх тусам өтөлж доройтохын горыг амсаад байсан болохоор түүнийг өрөвдөөд гэртээ авчирсан нь тэр байжээ. Харин би гэдэг хүн сэтгэл дотроо маш их дурамжхан байсныг нуугаад яахав. Яагаад гэвэл тийм ээжтэй нь төлөө бусдын нүүрийг харах аргагүй болсон мэт этгээд буруу санаа сэтгэлийг минь эзэмдээд байсан хэрэг бөлгөө.

Би түүнийг ганц удаа «Ээж ээ!» хэмээн дуудах нь байтугай царай өгч энэ тэрийг ч ярих дургүй болсон юм. Гагцхүү түүн рүү зандрангуй, дээрэнгүй өнгө аясаар хандах бөгөөд түүний хариуд хөөрхий ээж минь айсан янзтай ширвээтэн харахыг нь л олонтоо харж болохоор байсан даа.

Гэрт нэг дэл сул хүнийг зүгээр тэжээгээд байх аргагүй тул эмээ ээжийг хар бор ажил хийлгэж сургах гээд тариан талбай дээр дагуулан очдог болсон бөгөөд санаан зоргоор заасан бүгдийг сурчихна гэж ч юу байхав. Тэр болгонд хөөрхий ээж минь эмээгийн зодуурын амтыг биеэрээ амсдаг байлаа.

Хэдэн өдрийн дараа эмээ ээжийг овоо гайгүй сурчихлаа гэж бодоод ганцаараа гахайн тэжээлийн өвс бэлтгэ гээд үлдээчихжээ. Тэгээд хагас цагийн дараа яваад очтол хоёр том араг дүүрэн «Гахайн тэжээлийн өвс» түүж бэлдсэн байхыг нарийвчлан үзтэл бусад айлын дориун соёолж байсан тутарганы чихийг суга суга татаад хаячихсан байх юм гэж хэн санах вэ дээ? Эмээ уурандаа шатаж гүйцээд: «Муу хар солиотой эм чи! Тутарга зэрлэг өвс хоёрыг ялгаж танихгүй байна уу?» хэмээн хараах зуур яаж аргалах арга эвээ олж ядан байтал тутаргын эзэн тэдэн дээр хүрч ирээд эмээг санаатай ийм хэрэг үйлдүүллээ хэмээн буруутгажээ. Багтартлаа уурласан эмээ газраас нэгэн том хатсан мөчир шүүрэн аваад ээжийг толгой түрүүгүй занчих зуур: «Муу хар солиотой эмийг үхтэл нь гөвшөөд өгье л дөө! Чи хурдан нүднээс далд орохгүй юм уу?» хэмээн орилж хашхичиж гарав. Ээж хэдийгээр солио өвчин туссан боловч өвдөх мэдрэмж нь хэвээрээ тул хатуу мөчрийн занчилтаас бултан нуугдах арга саам эрэлхийлэхийн зэрэгцээ «Битгий зодооч!» хэмээн гуйн гувшиж байлаа.

Эцэс сүүлд нь тутаргын эзэн тэр айхтар зодуурыг харсаар сэтгэл төвдсөнгүй янзтай: «За за! Больж үз! Би дахин асуудлыг босгож ярихаа байя! Хожим та бүхэн наадхаа сайн харж хандаж байвал болох нь тэр» гэжээ. Ээж тэр үеэр газар эвхрэн ойчоод эхэр татан уйлж байсан юм гэдэг. Би түүн рүү болж гэсэн янзтай зэвүүрхэн хараад: «Тутрага зэрлэг өвс хоёрыг ялгадаггүй жинхэнэ гахай гэж түүнийг хэлэх байх даа!» хэмээн хэлтэл хэн нэгэн хүн шилэн хүзүү рүү минь алгадаад авлаа. Эргэн хартал эмээ над руу аягүй муухай харцаар ширтэх зуур: «Муу хар золиг чи! Төрсөн эхтэйгээ яаж харьцаж байгаа нь энэ билээ? Сэгсгэр ч гэсэн ээж сайхан гэсэн үг байдаг юм шүү!» хэмээн зэмлэв. Би түүний хариуд: «Надад ийм солиотой ээж хэрэггүй!» хэмээн уурсан хашхирч билээ.

«Уухайс чи чинь бүр хүнээ байж гүйцэх нь ээ! Тэгвэл чамайг ч гэсэн сайн гөвшөөд өгье л дөө!» гээд эмээ дахин гараа далайтал ээж маань уян даравч мэт ухасхийн босож ирээд эмээ бид хоёрын дундуур орон халхлаад зогсчхов. Тэгээд тэр толгой руугаа заагаад «Намайг зод!» хэмээн хашхирч байлаа.

Ээж маань эмээд «Намайг биш өөрийг нь зод!» хэмээн хэлж байгаа болохыг би төвөггүй ойлгосон юм. Эмээгийн далайсан гар агаарт царцах мэт хөдөлгөөнгүй болоод аман дотроо: «Энэ солиотой эм сэтгэлдээ үр хүүхдээ ингэтэл хайрладаг байх юм гэж хэн санах билээ?» хэмээн бувтнав. Намайг сургуульд ордог жил аав маань хөрш тосгоны нэгэн айлын загас үржүүлгийн цөөрмийг харах манаачийн ажилд ороод гэртээ үзэгдэхээ болив. Мөртлөө сард дөнгөж тавин юаний ацаг хөлстэй ажил юм гэсэн. Харин ээж маань эмээтэй цуг тариан талбай дээр гахай тэжээх зэрлэг өвс зулгаасаар дахин яршиг төвөг удахааргүй овоо дөртэй болсон байлаа.

Бага сургуулийн гуравдугаар ангид сурч байсан дүн өвлийн нэгэн өдөр өлөн гэдэс хонхолзоод гадаа шиврээ бороо зүсрэн орсоор байв. Эмээ ээжээр надад нэг шүхэр хүргүүлэхээр явуулжээ. Ээж маань зам зуур хэчнээн удаа ч бүдрэн ойчсон юм бэ? Бүү мэд! Шанаган хорхой шиг шавар шавхайтай хутгалдсан амьтан ангийн цонхоор шагайгаад амаа байдгаар нь ангайлгаж марсайтал инээх зуур: «Сяо Шү! Шүхэр. . . » хэмээн миний нэрээр дуудаж байлаа. Миний хувьд «Ээж гэж нэг юм өдийд хүрч ирээд хүний шившгийг хутгаад хаячихлаа» гэсэн шүү юм бодоод байж ядан бухимдахын зэрэгцээ ангийн хүүхдүүдийг хошуучлаад түүнийг шоолон инээж байгаа Фань Зяси нэрт жаалыг хамгаас их үзэн ядаж байсан юм. Тэр сүүлдээ бүр ээжийг дуурайн элэглэж арзганаад байхаар нь тэсэж чадахаа байгаад урдаа байсан үзэг харандааны савыг шүүрэн авч түүн рүү чулуудтал доош тонгойн бултаад өнгөрөөчихөв. Тэгээд над руу ухасхийн гүйж ирээд багалзуурдан авснаар бид хоёр дээр дороо орон ноцолдож гарлаа. Би угаас давжаа намхан биетэй болохоор түүнийг яаж дийлэх билээ. Удаж тэр миний дээр гараад суучихсан байв. Энэ үеэр «Аа!» хэмээн хашхирах дуун сонсогдоод хэн нэгэн хүн гаднаас мөрөн голын журамт бүсгүй мэт дүүлэн орж ирээд Фань Зясиг угз татан аваад гадагш чирэн гаргав. Галзуу солиотой хүн ер бусын их хүчтэй байдаг хэмээн ярьдаг нь үнэн бололтойдог шүү. Ээж маань намайг байнга дээрэлхдэг Фань Зясиг хоёр гардан дээр өргөхөд тарган булцгар тэр жаал агаарт гараа сарвалзуулан «Аав аа! Ээж ээ!» хэмээн байдаг чадлаараа бархирч байлаа. Ээж маань түүнийг хайхрах сөхөөгүй өргөн явсаар сургуулийн хашааны үүдэн дээр байдаг цөөрөм рүү чулуудчихаад ажиггүй цааш эргэн яваад өгсөн юм.

Тэр үнэндээ маш том хэрэг тарьсан боловч өөрөө түүнийг анзаарч байгаа шинж ч алга. Энэ үед тэр харин над руу хуламганасан харцаар ширтэх нь аргадаж байгаа санаа нь юм л даа. Эхийн хайр гэдэг ийм л гайхалтай байдаг ажээ. Хэдийгээр бие сэтгэл нь хүнд өвчинд дайрагдсан хэдий ч эхийн хайр л гагцхүү юунд ч эс дийлдэн гэгээн тунгалаг мөн чанараа алдаагүй байдаг нь энэ буюу. Ялангуяа хүүхэд нь бусдад дээрэлхүүлж байгаа тохиолдолд эхийн хайрын тэрхүү өвөрмөц шинж чанар илүү хурц тод илэрдэг байж таарна. Тухайн үед би өөрийн мэдэлгүй «Ээж ээ!» хэмээн хашхирсан нь мэдээ орсон цагаасаа хойш анх удаа тийнхүү дуудаж байгаа хэрэг бөлгөө. Ээжийн маань хамаг бие дагжин чичрэх шиг болсноо над руу хэсэг зуур харц тогтоон хараад царай нь улайж хүүхэд мэт цайлганаар инээж байлаа. Тэр өдөр ээж бид хоёр анх удаа л нэгэн шүхрийн дор хамтдаа гэр рүүгээ буцан харьсан юм. Би сургууль дээр болсон явдлыг эмээд нэгд нэгэнгүй тоочин өгүүлэхэд тэр учиргүй айж сандрахдаа аав руу хүн явуулж дуудуулав. Аав дөнгөж гэртээ орж ирээд удаагүй байтал баахан бялуу шийдэм, хутга мэс барьсан залуус манай гэрт дайран орж ирээд үгийн солиогүй аяга таваг, эд хогшлыг маань эвдэн сүйтгэж эхэллээ. Фань Зясигийн аавын найз нар болох тэр хүмүүс манай гэрийг есөн баллын хүчтэй газар хөдлөлтөөс өөрцгүй бусниулж гарсан нь тэр болой. Фань Зясигийн эцэг аавын минь нүүр нүд рүү хуруугаараа чичлэнгээ: «Манай хүү сүнс нь зайлтал айсны улмаас эмнэлэгт хэвтчихлээ. Танайх ямар ганц юаний төдийхөн эмнэлгийн зардал гаргаад өгчих тэнхээтэй айл биш. Тийм болохоор би танай умгар байшинг шатаагаад өгдөггүй юм бол хэний хүү болох бол доо?» хэмээн хашхична.

Нэг юань гэдэг сардаа тавьхан юаний цалинтай аавд маань маш их мөнгө байсан юм. Фань овогтынхны яахаас буцахгүй төрх байдлыг хараад аавын нүд хэрсэн бухынхаас өөрцгүй аймшигтай улайгаад ирэв. Тэр ээж рүү хилэнтэй харцаар ширтэх зуур суран тэлээгээ шувт татан тайлаад толгой түрүүгүй шавхуурдаж гарлаа. Хөөрхий ээж минь өвдөж шаналахын эрхээр ус цутгуулсан оготно мэт орох байх газраа олж ядан ийш тийш бултахыг хичээнэ. Гэсэн хэдий ч тэр занганд унасан ан араатан лугаа адил байдгаараа чарлан тэлчлэх дүр зураг хийгээд суран тэлээний тас няс хийсэн жихүүн дууг би энэ насан туршдаа лав мартаж чадахааргүй сэтгэлд минь хоногшин үлджээ.

Тэгж байтал ашгүй хорооны цагдаа хүрэлцэн ирээд аавын зэрлэг хүчирхийллийг намжаан хориглосон юм. Цагдаагийн газраас маргалдагч хоёр талын аль аль нь чамгүй хохирол амссан болохоор хэн хэндээ өр авлагагүй эвлэрэх хэрэгтэй. Хэрвээ энэ болзлыг аль нэг тал нь хүлээн авахгүй байх бөгөөс баривчлах хүртэл шийтгэл онооно хэмээн албадан зохицуулсан юм гэдэг. Нөгөө айхтар догшин хүмүүс яваад өгсний дараа аав эвдэрч хагарсан эд хогшил хийгээд цус нөждөө хутгалдсан хөөрхий ээжийг минь гөлрөн харж байснаа гэнэт орь дуу тавин уйлж ээжийг тэврэн аваад: «Солиот эхнэр минь! Би чамайг санаатай гэмтээх гэсэн хэрэг биш шүү! Хэрвээ ингэж аргалахгүй бол бидэнд ямар тэдний тавьсан болзлын дагуу хохирлыг төлж барагдуулах боломж байх биш дээ? Ядуу зүдүү хүний зовлон гэж яасан айхтар их байдаг юм бэ?» хэмээн үглэх зуур над руу ширтээд: «Сяо Шү минь! Чи л эрдэм номоо сайн сураад их сургуульд элсэн суралцдаг юм шүү! Эс бөгөөс манайх гэдэг айл насан туршдаа бусдын гарын шүүс болсон хэвээрээ үлдэх болно» гэхэд би нулимс дуслуулан толгой дохисон юм даг.

Хоёр жилийн дараа хичээл сурлагын онц сайн дүнтэйгээр ахлах дунд сургуульд элсэн ороход хорвоогийн хатуу хүтүү жам ёсонд нухлагдаж гүйцсэн эмээ маань хүнд өвчин тусаад нөгөө ертөнцөд одов. Ингэснээр манай гэр бүлийн амьдрал улам хэцүүдэн дордоод эхэллээ. Хошууны засгийн ордноос манайхыг онцгой ядуу айлын бүртгэлд хамруулснаар сар болгон дөчин юаний тэтгэмж авах боломжтой болсны сацуу миний сурдаг ахлах сургууль ч боломжийн хирээр сургалтын төлбөрийг хөнгөлсөн тул би үргэлжлүүлэн суралцах боломжтой болов.

Сургуулийн дотуур байранд сууж үзэх хичээл шахуу болохоор би гэр орондоо харих боломж тун цөөхөн олдоно. Аав маань нөгөөх тавин юаний ацаг хөлстэй манаачийн ажилтайгаа зууралдах тул надад хоол унд зөөх хүнд хүчир алба яах аргагүй ээжийн минь толгой дээр буулаа. Хөрш айлын сайхан сэтгэлт авгай шанцай тэргүүт хөнгөн хоол зууш бэлдээд ээжээр өгч явуулдаг байсан юм. Азаар хорь гаруй километр хол уулын нарийхан жимээр ээж маань алдаа эндэлгүй яваад сурчихсан тул аадар бороо, аюулт салхи шуургыг ч ажрахгүй давсаар хүрээд ирдэг байлаа. Үрээ гэсэн эхийн сэтгэлийг галзуу солио өвчний ад зэтгэр яаж ч чаддаггүйн бэлэн жишээг ээж минь ёстой нэг харуулж байсан даа. Анагаах ухааны үүднээс энэ үзэгдлийг эхийн хайртай холбон тайлбарлахаас өөр ямар ч арга байхгүй байж таарна.

2003 оны дөрвөн сарын хорин долооны бүтэн сайн өдөр ээж маань надад хоол авчрахдаа хаанаас олсныг бүү мэд арван хэдэн ширхэг зэрлэг тоор жимс гартаа барьчихсаныгаа надад өгөв. Би түүний нэгийг аваад хазаж үзэх зуур инээд алдаад: «Их амттай жимс байна шүү! Та хаанаас авчраа вэ?» гэхэд ээж маань хариуд нь: «Би замдаа түүсэн юм» хэмээн арай ядан ойлгууллаа. Би түүнийг урамшуулах санаатай: «Ээж минь! Та улам л ухаалаг болоод байх чинь!» гэж хэлэхэд ээж өөдөөс цайлганаар марсайтал инээж байлаа.

Би ээжийгээ буцаад явахад нь «Замдаа мэдээтэй яваарай!» гэж захихад өөдөөс толгой дохисоор цааш эргэн одсон юм. Ээжийг явсны дараа би элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдээд өрөөнөөсөө гаралгүй суучхав. Удаах өдрийн өглөө ангидаа хичээлээ хийж байтал хөрш айлын авгай сургууль руу яаран хүрч ирээд багшаар намайг дуудуулан гаргаж ирээд уулзлаа. Ээж маань надад хоол хүргэж ирээд гэртээ буцаж хариагүй тухай тэр авгай надад дуулгав. Миний сэтгэл маш их бачимдаж замдаа төөрчхөөгүй байгаа даа гээд бодтол гурван жил алдаа осолгүй явсан замаас яахин гажих билээ дээ. «Танай ээж чамд ямар нэгэн зүйл хэлээгүй биз?» гэж айлын авгай надаас асуув. Би хариуд нь «Онц юм хэлээгүй ээ. Харин надад арван хэдэн зэрлэг тоор жимс авчирч өгсөн» гээд хэлтэл нөгөө авгай уулга алдан гуяа алгадаад: «Баларсан хэрэг болжээ. Наад арван хэдэн тоор жимснээс чинь л асуудал үүссэн байж таарах нь!» гээд багшаас чөлөө аван надтай цуг уулын жимээр буцан явцгаав. Зам зуур хэдэн ширхэг зэрлэг тоорын модон дээр тэмээн тоотой тоор жимс бөнжийн харагдана. Хэвцэг бэрх асга хадан дээр ургасан болохоор явуулын хүн түүгээд идчихэлгүй торойн хоцорсон нь тэр юм байж л дээ. Тэр дунд нэгэн тоор модны мөчир хугаран санжаад түүний дор хэдэн зуун алдын гүн ангал харанхуйлан байхыг бид хоёр сэтгэл түгшин олж үзлээ. Хөршийн авгай миний царай руу ултай ширтсэнээ: «Хоёулаа ангалын ёроолд очиж үзье!» гэлээ. Би сэтгэл дэгэлзсээр тэр авгайтай цуг ангал хадны ёроолыг зүглэн явав.

Бөөн асга хадны ёроолд хөөрхий ээж минь цус нөжтэйгөө холилдон хэвтэх бөгөөд гартаа ганц тоор тас атгаж эргэн тойронд нь өөр хэдэн тоор жимс хөглөрч харагдана. Миний элэг зүрх эмтрэн унах мэт уй гашуу сэтгэлийг эзэмдэх агшинд ээжийгээ тас зууран тэврээд: «Ээж минь! Таныгаа би л баллаж орхилоо. Энэ тоор жимсийг амттай байна гэж юунд тандаа хэлэв ээ?. . . Ээж минь! Та энэ орчлон хорвоогийн жаргалаас ганц өдөр ч атугай амсаж эдэлж чадаагүй шүү дээ!» хэмээн уйлан хайлан өгүүлээд ээжийнхээ мөс шиг хүйтэн хацарт нүүрээ наан цурхиртал уйлахад уул хөндийн мод чулуу бүгдээрээ миний гашуун гунигт уясан хайлаад нулимс мэлмэрүүлж байгаа мэт зөөлөн бороо шиврэн орж эхэлбэй. . .

2003 оны наймдугаар сарын долооны өдөр буюу ээжийгээ оршуулснаас хойш яг зуун хоногийн дараа Хубэй мужийн их сургуулиас намайг элсүүлэн авсан тухай алтан үсэгтэй урилгын бичиг ээжийн байнга явдаг байсан уулын нарийн жимийг даган мөнөөх хэдэн тоорын модны хажуугаар өнгөрөөд тутаргын талбайг зүсэн явсаар манай гэрийн үүдэнд хүрч очсон юм. Би оройтсон боловч гартаа атгах хувьтай тэрхүү урилгын бичгийг ээжийнхээ булшны толгой дээр хатгаад: «Ээж минь! Хүүгийн чинь хүсэл гүйцэлдлээ. Та минь одоо есөн булгийн дор сэтгэл амар нойрсож болно» хэмээн шивгэнэн өгүүлж билээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжтой

Манай улсын хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлдэг. Хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын хөгжил, оролцоог төрөөс дэмжих хэрэгцээ, шаардлага тулгарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Тэгвэл уг хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Тус хууль нийт долоон бүлэг, 25 зүйлтэй бөгөөд төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тодорхой тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд Монгол залуусын эрхэмлэх зүйлийг эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай санй дурын ажилд манлайлан оролцох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх, хэвлэл мэдээлэл, цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх, эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх хэмээн хуульчилсан байна.

Түүнчлэн тус хуульд залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/

-Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах

-Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах

-Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах

-Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,

-Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/

-Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,

-Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамргадсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох

-Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг залуучуудын хөгжил, ороцоог дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар утааг бууруулах шийдлийг хэлэлцэж байна

Зураг Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.

Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон. Мөн хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай асуудлыг хэлэлцэхээр байсан ч хойшлуулсан байна. Одоо Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж ба өнөөдрийн хуралдаан нэлээн сунжрах төлөвтэй байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг дэлгэрэнгүйгээр эргэж мэдээлэх болно.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг татвар нэмсэн хуулиудыг цуцлах саналаа Ерөнхий сайдад хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр татварын нэмэгдэлтэй холбоотой хуулиудыг цуцлах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн саналаа Ерөнхий сайдад хүргүүллээ.

Дэлхийн эдийн засаг сэргэж уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эргэлт нэмэгдэж, түүхий эдийн үнэ өсч буй. Эдийн засаг ийнхүү өсөх таатай боломж бүрдэж байхад Засгийн газар хэд хэдэн төрлийн татвар нэмлээ. Олон төрлийн татвар нэмснээр айл өрхүүд ядууралд нэрвэгдэж, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ирэх дарамт ихэсч гадаадын хөрөнгө оруулалтад саад учрахаар байгаа ба санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, нийгмийн дундаж давхарга устаж аюул нүүрлэж байна.

Тооцоо судалгаагүй нэмсэн эдгээр татварын нэмэгдэл цаашлаад сүүдрийн эдийн засгийг бий болгохоор байгаа тул Засгийн газар дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж татвар нэмсэн хуулиудаа УИХ-аар оруулж цуцлах шаардлагатай хэмээн уг албан тоотод дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай үүрэг гүйцэтгэгч Б.Мандахбилэг Герман, Францын Элчин сайд нартай уулзав

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг 2018 оны 1 дүгээр сарын 3-нд БН Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Э.Барсак, ХБН Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ш.Дүппэль нарыг хүлээн авч уулзав.

Европын Холбооны Зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг танилцуулж, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Европын Холбооны хоёр чухал гишүүн орны дэмжлэгийг хүсэв.

Франц, Германы Элчин сайд нар манай талын хүсэлтийг төвдөө уламжлахаар болов.