Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа. Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 2017 он бол бидний хувьд бэлтгэл ажлыг хангах, бодлого тодорхойлох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн жил байлаа. Өнгөрсөн онд Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газартай хамтраад дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ жилийн хувьд түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоо бид өөрсдөөс хамаарах ажлыг хийж хэрэгжүүлэх нь чухал байна.

Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын удирдлагын түвшинд уялдаа холбоотой ажиллаж байгаа. Засгийн газар, Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар 2020 он гэхэд нийслэлд 16 мянган айлын түрээсийн орон сууц барих ёстой. Үүний эхлэл нь 1002 айлын орон сууцны хөтөлбөр. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл БНХАУ-ын Хөгжлийн банкнаас дахиад 10 мянган айлын орон сууц барих санхүүжилт татах боломжтой болно. Түрээсээ төлөөд өмчлөх боломжтой. Эсвэл сарын түрээсээ төлөөд амьдарч болно. Түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэх явцад НОСК өөрийн гэсэн тодорхой хөрөнгийг өөртөө бий болгох юм. Үүнийгээ дараа дараагийн түрээсийн орон сууц барихад зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Азийн ихэнх улс яг ийм жишгээр дахин төлөвлөлтийг хийдэг” гэв.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ нь Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай төлөвлөн эргэлтэд оруулах замаар хотын суурьшлын бүсийг хөгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын Ерөнхий байцаагч”-ийн эрх олгожээ

Image result for Сангийн сайд Ч.ХүрэлбаатарЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын Ерөнхий байцаагчийн эрх олгожээ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно гэж дотоод аудитын дүрэмд заажээ. Ингэснээр Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилт, Засгийн газрын тусгай сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалт зэрэгт хяналт тавих аж.

Categories
мэдээ спорт

Гүйлтийн цанын хоёр тамирчин олимпт оролцоно

Image result for БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпБНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимп нээлтээ хийхэд 36 хоногийн хугацаа үлдлээ. Өвлийн олимпын хувьд цагаан хуудас болон нэмэлт эрхээр оролцох боломжгүй байдаг. Одоогоор гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын тамирчид цагийн үзүүлэлтээр эрхийн болзол хангаж, олимпын наадамд уралдана. Гэхдээ гүйлтийн цанаар дахин нэмэлт эрх авах боломжтой бөгөөд энэ сарын 22-д эцсийн байдлаар тамирчдын нэрс тодрох аж.

Тэшүүрийн тамирчид олимпын эрх олгох тэмцээнүүдэд оролцсон ч хараахан цагийн болзол биелүүлж чадаагүй байна. Харин биатлоны шигшээ багийн тамирчид Европт зохиогдож буй цуврал тэмцээнүүдэд оролцож буй бөгөөд нэг эрх авах боломж байгаа аж. Мөн пара цаначин Б.Ганболд эрхээ авсан бөгөөд түүний хувьд хоёр дахь удаагаа өвлийн олимпт хүрч сорих гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Жолоочид “Зөрчлийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдал”-ын талаар анхааруулга зөвлөмж өгөв

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр хуваарьт сургалтуудыг зохион байгуулдаг. Энэхүү сургалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн тээврийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 437 жолоочийг “Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтад хамрууллаа. Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төвийн сургалтын албаны дарга Б.Төөрүүл Зөрчлийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийн, анхааруулга зөвлөмж өгсөн юм.

Галт тэрэгний жин 1500 тн хүртэл байдаг учраас бүрэн зогсох зай нь автомашиныхаас 10 дахин их байдаг. Галт тэрэг 90 км/цагийн хурдтай явж байгаа үед зогсоход 800 метр шаардлагатай /жин, хурдаас шалтгаалан 1200 метр хүртэл ч явж болно.

Тиймээс төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлэх ёстой.

Зарим хамгаалалттай гармуудад хөдөлгөөний эрчимжилтээс шалтгаалан нэмэлтээр автомат сөхөгддөг саадаар тоноглосон байдаг. Энэхүү саад нь бөгөөд хөндлөвч хаалт бууснаас хойш 3-5 секундын дараа автоматаар сөхөгддөг. Тиймээс гар ажиллагаагаар тохируулах боломжгүй байдаг.

Жолооч нар төмөр замын гармын хаалт хаалттай, хаагдаж эхлэх, анивчсан улаан гэрэл ассан, дуут дохио ажиллаж байхад, гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглодог заалтыг чандлан мөрдөх хэрэгтэй болохыг сургалтын үеэр онцлон анхаарууллаа гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Приус автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ

Энэ оны нэгдүгээр сарын 02-нд 15 цагийн үед приус маркийн автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ. Машинд хоёр хүн байсан бөгөөд тухайн үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй байна. Тодруулбал Толгойт өртөөний 391-р гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад уг приус урдуур нь орж ирсэн байна.

Галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа зогсох боломжгүй. Саад бэрхшээлийг харлаа гэхэд 800-1000 метр зам туулж байж зогсдог байна. Тиймээс жолооч нар галт тэрэгний гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байж, галт тэрэгний цуваа явж дууссаны дараа гарц нэвтрэхийг Төмөр замын цагдаагийн газраас анхааруулж байна. Иргэдийн хувьд амжаад гарчих байх хэмээн амь нас, эрүүл мэндээ үл хайхран галт тэрэгний зам руу ордог нь ийм байдалд хүргэдэг гэдгийг ч мөн албаныхан хэлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр банкуудад эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтоож, энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН болон Төрийн банктай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381 гаруй мянган хүн 10 банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Эдгээрээс 230 гаруй мянган хүн 680 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар тэтгэврээ барьцаалж авчээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурал хийжээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар Дундговь аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурлыг энэ сарын 3-ны өдөр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Майнт марзан” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэрт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул тус сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн 101 малыг зориудаар устган, 117 өрхийн 12674 малыг вакцинжуулаад байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

Image result for УИХ-ын чуулганУИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Төв банк /Монгол банк/-ны тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ярихдаа “Өнгөрсөн онд УИХ 269 хууль баталжээ. Үүнээс эхний хагас жилд 222 хуулийг баталсан бол 47 хуулийг үлдсэн хагаст нь баталсан байна. Энэ нь УИХ өнгөрсөн оны үлдсэн хагас жилд зөвхөн томилгоо хэлэлцсэн байна гэсэн үг. Иймд УИХ улс оронд хэрэгтэй хууль тогтоомжийг батлах шаардлагатай. Ирэх он жилүүдэд хоёр хөрштэйгөө хамтарч ажиллаж, эдийн засгийн коридорыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Эдийн засгийн коридорын асуудлаар би өнөөдөр Ерөнхий сайдад асуулга хүргүүлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ татвар нэмсэн асуудлыг УИХ-ын дарга анхааралдаа авах хэрэгтэй гэхэд УИХ-ын дарга М.Энхболд татварын нэмэгдлийн асуудлаар Сангийн сайд болон бусад албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан гэсэн юм. Үүгээр чуулганы хуралдаан эхэлж, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад дагалдах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төв банкны тухай хуульд тус банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал нууц гээд оруулаад өгчихсөн байсан. Ингээд тус банкны Ерөнхийлөгч нь гадныханд үйлчилсэн. Монгол төгрөгөө унагаж, гадны хөрөнгө оруулалттай компаниудад тусалсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа Төв банкны Ерөнхийлөгчийн дураараа гаргадаг шийдвэрийг хэрхэн хязгаарлаж өгсөн бэ? Бүх шийдвэрээ нууц гэж хуулиар хамгаалуулаад, өөрийнхөө хоёр найзад байр өгсөн байсан” гэсэнд ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир “Мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталдаг асуудал хэвээрээ байгаа. Дээрээс нь санхүүгийн зах зээлийн байдлыг тайлагнадаг нь хэвээрээ. УИХ Монголбанкийг хянадаг нь мөн хэвээрээ байгаа. Хариуцлагын хувьд өмнө нь байсан хамгаалалтыг авсан. Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч адилхан хариуцлага эдэлнэ” гэсэн хариултыг өглөө.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоогийн удирдлага ажил хүлээж аваад жил гарантай болж байна. Шинэ удирдлага гайгүй ажиллаж, зарим ахиц гаргасанд талархах ёстой. Валютын нөөц 3 тэрбум ам.доллар, алт 20 тонн, олон жил алдагдалтай ажилласан Монголбанк том үр дүнтэй ажилласан. Та бүхэн энэ эрч хүчээ алдалгүй ажиллавал эдийн засагт гайгүй нөлөө үзүүлэх байх. Монголбанк аж ахуйн нэгжүүдэд 6 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Монголбанк сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг тал анзаарагддаг. Үүнийг таслан зогсоох заалт орсон уу” гэж асуусан юм.

Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс “Монголбанкин дээр өмнө нь олгогдож байсан төслөөр аж ахуй нэгжид зээл олгодог байсныг хаасан. Одоо Засгийн газарт, арилжааны банкинд л зээл олгоно. Хориглосон заалтыг зүйл ангиар нь заасан” гэж тодотгосон бол Монгол банкны Ерөнхийлөгч “Өнгөрсөн жилүүдэд арилжааны банкуудыг дампууруулахгүйн тулд 600 гаруй тэрбум төгрөгийг гаргасан байдаг юм. Алдагдлыг зөвхөн татвар төлөгчдөд үүрүүлэхгүйн үүднээс шинэ механизм гарч ирж байгаа. Энэ нь Тогтворжуулалтын сан юм. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт шинэчлэл гарна” гэсэн хариулт өгч байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Батсайхан: Богд гэгээнтэн даншиг хурах нэрийдлээр ноёдыг цуглуулж, тусгаар тогтнолын их хэргийг эхлүүлсэн байдаг

Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхантай ярилцлаа.

-Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жилийн ой тохиож байна. 106 жилийн өмнө энэ өдөр Монголд чухам ямар үйл явдал болсон бэ?

-Энэ түүхэн өдөр ноёд, лам, хар энгийн хүмүүс гээд бүх монголчууд олон зуун жилийн дараа тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Хүрээнд бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн том ёслол болсон байна. Эл өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм. Улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, Улсын нийслэлийг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Монгол үндэстний гал голомтыг сэргээн бадрааснаа дэлхий дахинд тунхаглан зарласан байна.

-Аливаа улс тусгаар тогтнолоо зарлана гэдэг маш их саад тотгор, бартаат хаалтыг даван туулж, олон удаагийн оролдлогын үр дүнд бий болох зүйл байх шүү. Манжийн дарлалаас гарахын тулд монголчууд нэгдэж чадсан гэж үзэж болох уу?

-1636 онд Манжид Өмнөд Монгол нэгдсэнээс хойш, 1691 онд Халх Монгол Манжид нэгдсэнээс хойш, 1750-иад оны дунд Зүүн гар буюу Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш багаар бодоход 150 гаруй жилийн турш, урагшлан бодвол хоёр зуу гаруй жилийн турш ил далд үндэсний тэмцэл өрнүүлсээр амжилтад хүрч байгаа хэрэг. Тэгэхээр мөн ч их бартаат зам, зовлонг туулсан байж таарна. Бид Амарсанаа, Чингүнжав нарын Манжийг эсэргүүцсэн тэмцэл, ХХ зууны эхэн болоход лам нарын бослого гэсгийгээд л зогсчихно. Олон зуун жилийн турш өрнүүлсэн монголчуудын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн үр дүнд бурхны шашин монголчуудыг нэгтгэсэн нэг том хүчин зүйл болж, бурхны шашны тэргүүн Богд гэгээнээ тойрон хүрээлж, амжилт олсон юм. Тиймээс 1911 он бол монголчуудын үндэсний эв нэгдэл, үндэсний бахархал, үндэсний дахин сэргэлтийн эхлэл юм. Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл ямар их саад тотгор туулж амжилтад хүрснийг зуу гаруй жилийн тэртээх монголчуудын баярын нулимс илэрхийлнэ.

-Тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улсыг тухайн үед гадны ямар улс орнууд хүлээн зөвшөөрч байсан юм бэ. Мөн эсрэгээрээ эсэргүүцсэн, няцаасан улсууд ч байсан?

-Монголчууд Манж гүрний эрхшээлээс ангижирч, тусгаар тогтнолоо тунхагласан. Эл үед биднийг дэмжсэн орон Оросын эзэнт гүрэн, тухайн үеийн монголчуудын нэрлэснээр Баатар Цагаан хаан тусалсан хэрэг. Манж Чин гүрний хааныг засгийн эрхээс хүчээр буулгаж, улмаар шинээр буй болсон Думдад Иргэн Улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтад шахалт үзүүлэх, дарамтлах, хахууль өгөхийг оролдох зэргээр элдвээр эсэргүүцэж байсан байдаг. Богд хаан монгол, хятад угаас хэл, соёл, түүх уламжлал тэс өөр тул хэзээ ч нэг гэрт байж таарахгүй, бид Манжтай урьд байгуулсан холбоотны гэрээнээс гарч, өөрийн эзэмшил газар нутагтаа эзэн сууж, гал голомтоо сэргээсэн хэмээн байр сууриа ягштал баримталж байсан байдаг юм. Ингээд 1912 онд Орос, Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж 1912 онд, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 онд Оросын эзэнт гүрэнд албан ёсны айлчлал хийж, Богд хаан Япон зэрэг Улсын хаанд хандан захидал илгээж, АНУ, Англи, Дани, Герман, Япон зэрэг дэлхийн 9 улс гүрэнд хандан нот илгээх зэргээр олон улсын анхааралд орсон байна. 1913 оны эхээр Манжийн эрхшээлээс гарсан Түвд улстай харилцан бие биеэ хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж байлаа.

АНУ зэрэг улс Монголын талаарх Хятадын бодлогыг дэмжиж байснаа илэрхийлж байсан бол Япон зэрэг орон дэлхийн бусад улс орнуудтай Монголын талаар баримтлах байр суурийн талаар санал солилцож хүлээзнэж байлаа.

-1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг Шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөх ёслолд Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож хүндэтгэл үзүүлж даган орж байгаагаа илэрхийлсэн гэдэг. Тэр тухай дэлгэрүүлж яривал?

-1911 оны Монголын үндэсний хувьсгалд анхнаас нь идэвхтэй оролцсон Өмнөд Монголын олон ноёд бий. Тухайлбал, Өмнөд Монголын Хайсан гүн, Алмас Очир нар 1906 оны орчим Харбинаар дамжин Хүрээнд ирж, Богд гэгээнтэй удаа дараа уулзан зөвлөж байжээ. Алмас Очир Хүрээнээс Харбинд 1910 оны орчим буцаж очоод учир битүүлгээр нас барсан бол Хайсан гүн Орос улсаас тусламж эрэхээр Богд гэгээний зарлигаар томилогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хамтаар Орос гүрэнд зорчиж байв. Хожим Монгол Улсын Дотоод яамны түшмэлээр томилогдон Монголын төлөө цалингүй зүтгэж байв. Өмнөд Монголын 49 хошууны 38 нь Богдын соёлд дагаар орохоо илэрхийлсэн өргөмжлөл бичиг архивт хадгалаастай байна. Өвөр Монгол, Барга, Урианхай гээд нийтдээ 120 гаруй хошууд тусгаар Монгол улсад дагаар орохоо илэрхийлснийг Магсар хурц түүхэндээ нэр устай нь тодорхой бичсэн байдаг.

-1911 оны зун хүрээнд олон үйл явдал өрнөж, энд тэнд нууц уулзалт, хурал болж тусгаар тогтнох үйл явцыг дэмжсэн, эсэргүүцсэн эсрэг, тэсрэг байр суурьтай хүмүүсийн хооронд хурц байдал үүссэн. Петербургт очиж тусгаар тогтноход туслах арга чарга байна уу гэж тусламж хүртэл гуйж байсан?

-Хүрээнд Манжийн эрх баригчдын төлөөлөл Амбан сайд хятад цэргүүдийн хамтаар сууж, хянаж байсан шүү дээ. Тиймээс ил цагаан уулзалт хийж, их хэргийг өрнүүлэх нь аюултай байсан хэрэг. Чухамдаа үүний улмаас Богд гэгээнтэн даншиг хурах нэрийдлээр ноёдыг цуглуулж, уг их хэргийг эхлүүлсэн байдаг. Улмаар Хүрээнээс урагш Богд ууланд очиж, нууцаар хуралдан Түр засгийн газар байгуулж, Орос улсаас тусламж эрүүлэхээр Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг бас л нууцаар илгээсэн байна. Үүнийг мэдсэн Манж амбан ихэд уурлаж, Богдын шадар зарим хүмүүсийг баривчлан Богд гэгээнтэнд шахалт үзүүлж, хил хязгаарт харуул тавин тусламж эрэхээр явсан хүмүүсийг баривчилбал шан харамж хүртэл амлаж байсан байдаг.

-Сандо амбанг хөөснөөр Манжийн ноёрхол нуран унасан гэж үздэг?

-Орос улсаас тусламж олохоор явсан төлөөлөгчид манжийн эрх баригчдын хараа хяналтаас нуугдан уван цуван Хүрээнд ирснээр Хүрээнд 1911 оны зун нууцаар байгуулагдсан байсан Монголын түр Засгийн газар (эх сурвалжид Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлэн захирах шийтгэх газар нэртэй байв) 1911 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ил гарч, Хүрээнд тунхаг бичиг гаргаж, улмаар 12 дугаар сарын 1-нд Сандо амбанг Хүрээнээс хөөсөн бичиг гардуулсан байна. Манжийн сүүлчийн амбан Сандо бээр Хүрээн дэх Оросын консулын газарт хэд хоног хорогдож байгаад Семеновын ахалсан цэргүүдээр хамгаалуулан Оросын Хиагт, Дээд Үд хотоор дамжин Харбин хүрсэн байна. Улмаар Харбинд очоод Японы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Монголд хоёр жил болохдоо тавтай хоол идсэн удаа нэгээхэн бээр үгүй” гэж өгүүлсэн буй. Ийнхүү Манжийн амбанг Хүрээнээс хөөж явуулснаар Хүрээнд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ёслолыг албан ёсоор 1911 оны 12 дугаар сарын 29-нд хийжээ. Улмаар Улиастайд сууж байсан Манж жанжин сайд нарыг мөн хөөн явуулсан юм.

-Богд хаан анхны таван яамдыг байгуулж Шинэ Засгийн газар байгуулж төр, засгийн үйл хэргээ тун чиг идэвхтэй эхлүүлсэн нь түүх сурвалжаас харагддаг?

-Монгол Улсын эзэн хааны ширээнд суугаад Богд хаан зарлиг буулгаж, барууны төрийн онолын дагуу төрийн яамдыг байгуулж, сайд нарыг тохоон тавьсан буй. Эл зарлигийг хишиг тархаах зарлиг хэмээн хэлэх нь бий. Орос улсаас тусламж эрсэн Чин ван Ханддоржийг Гадаад яамны сайдаар, Да лам Цэрэнчимэдийг Дотоод яамны сайдаар, Өвөр Монголын гүн Хайсанг Дотоод яамны түшмэлээр тохоон томилсноос гадна үндэсний хувьсгалын үйл хэрэгт бүхий л хүчин чармайлт гарган зүтгэгсдийг дараалан албан тушаалд томилж, хөхиүлэн сайшаасан нь бий. Сангийн сайдаар Түр засгийн газрын тэргүүн Түшээ гүн Чагдаржав, Цэргийн сайдаар далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Намсрай гүн нарыг тохоон томилсноос гадна ахмад настангуудад гурав, зургаа, есөн лангийн хишиг хүртээж, шоронд хоригдогсдыг бүгдийг сулласан байдаг.

-Энэ хувьсгалд гар бие оролцсон, түүхэн гавьяатай хүмүүсээ ч бид энэ өдөр дурсах ёстой болов уу?

-Тэгэлгүй яах вэ, юуны түрүүнд Үндэсний хувьсгалын удирдагч Богд хааны гавьяаг тэмдэглэх учиртай, улмаар Халхын дөрвөн хан, Богдын Засгийн газрын анхны сайд нар, томоохон хутагт хувилгаад, лам нар, үндэсний хувьсгалд гар бие оролцсон Өмнөд Монголын ноёд гээд олон зүтгэлтэн бий. 1911 оны үндэсний хувьсгалын түүхэн зүтгэлтнүүдээс Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Гадаад яамны анхны тэргүүн сайд, Чин ван Ханддорж, Дотоод яамны анхны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд, Сангийн яамны анхны тэргүүн сайд, түшээт ван Чагдаржав нарт лав хөшөө босгосон байна. Богд хааны тухайд жаахан дэлгэрүүлж хэлье. Энэ хүн монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч юм. Би бүр энэ хувьсгалын эцэг гэж хэлдэг юм. Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс ганцхан Монгол бид нар л тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж өнөө тусгаар оршиж буй гээд нэг бодоод үзээрэй. Бусад субьектууд нь бүгд өнөөгийн хятад гүрний эрхшээлд буй.

Учир иймээс Богд хаан бол монголчуудын бурхны шашны тэргүүн төдийгүй төрийн тэргүүн, эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг энэ хүний намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсных нь төлөө, Монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Тэр хүн бол боловсролтой нэгэн байсан. Монголд тодорсон богдуудаас ганцаар гавжийн дамжаа барьсан. Бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүн дээрээ бат зогсох эр зоригтой. Манжийн амбангийн эрхшээлд байснаас үхэхийг илүүд үзэж байсан нэгэн юм. Морь унаад улаан галзуу давхиж чадна, машин, мотоцикль унадаг гээд яриад байвал олныг хэлж болно. Одоогийн хэллэгээр бэлэг танхайдуу хүн юм уу даа. Элдвийг сонирхдог. Цуглуулсан алт эрдэнэс, амьтны хүрээлэн тухайн үед монголчуудын төдийгүй гадаадынхны сонирхлыг гойд татаж байсан баримт цөөнгүй бий.

-1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан нь монголчуудыг хятадчилан уусгах гэсэн далд бодлогыг цэглэсэн гэж ярьцгаадаг. Энэ хувьсгалын түүхэн ач холбогдлыг тоймлон яривал?

-Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ. Өөрөөр хэлбэл Монгол үндэстэн сэргэсэн гэсэн үг.

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдрийг өнөө цагт ийнхүү сэргээн гаргаж ирж онцгойлон тэмдэглэж байгаад та түүхч хүний хувьд таатай ханддаг нь мэдээж болов уу гэж бодож байна?

-Монгол үндэстэн сүүлийн дөрвөн зуун жил өөрийн үнэт зүйлсээс алхам алхмаар холдсоор одоо түүнийгээ хамгаалан тэсч авч гарах сэтгэлийн тэнхэлгүй болсон шиг харагдаж байна. Ийм үед монгол үндэстний баярын өдрийг чухамхүү үндэснийхээ дархлааг сайжруулах, үндэсний бахархал, үнэт зүйлсээ дээдлэхийн үүднээс тэмдэглэж, үр хойчоо монгол болгох хэрэгтэй байна.

Монгол гэж олон удаа хэлээд монгол болчихгүй нь харагдаж байна, үнэндээ монгол маань монгол болоосой гэж чин сэтгэлээс хүсч байвал та бид өөрсдөө цаг тутам газар бүртээ монгол байхыг хичээгээрэй. Энэ бол элдэв шоу уриа лоозонгоос илүү чухал байна, манай Монголын нийгэмд. Хүн бүр байгаа орчиндоо, өрх гэр бүлдээ монгол байхыг монголоороо ярьж, сэтгэж, Монголын гэсэн бүхнээ өнгөлж дээдэлж эрхэмлэж байх аваас бидний үнэт зүйлс сэргэж ирэх болно. Чингэх аваас агуу түүхтэй Монгол үндэстэн даяаршиж буй дэлхийд олон үндэстэнтэй мөр зэрэгцэн өнө удаан орших болно.


Categories
мэдээ цаг-үе

М.Наранхүү: ”Голомт” банк бизнес процесс ре-инженеринг хийснээр борлуулалтаа өсгөж, зардлаа бууруулж чадсан

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Энтерпренер-2017” арга хэмжээний оны онцлох аж ахуйн нэгжээр “Голомт” банк тодорсон юм. Тус банк энэхүү нэр хүндтэй шагналыг авахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн төсөл ажээ. Уг төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн “Голомт” банкны Бизнес процесс менежментийн газрын захирал М.Наранхүүтэй ярилцлаа.

-“Голомт” банкийг 2017 оны шилдэг энтерпренер болгосон төслийнхөө талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Манай “Голомт” банк 2016 оноос хойш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь “Бизнес модел нэвтрүүлэх төсөл” юм. Энэ хүрээнд бид олон асуудлыг шийдэж чадсан. Тиймээс энтерпренерийн мөнгөн цомыг хүртлээ. Уг төслийг хэрэгжүүлснээр банкныхаа процессыг өөрчилсөн юм.

-Яагаад ийм төсөл хэрэгжүүлэхээр болов?

-1995 онд байгуулагдсан “Голомт” банкны маань үйл ажиллагаа нэлээд тэлсэн. Анх дөрвөн ажилтантай, 600 харилцагчтай ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр 1800 гаруй ажилтантай, 600 мянган харилцагчтай болсон байна. Ингэж өргөжихийн хэрээр процесс маань нэлээд нүсэр болоод ирсэн. Нөхцөл байдалд анализ хийхэд манай борлуулалт явуулж байх ёстой салбарууд хэтэрхий дотоод үйл ажиллагаа руугаа чиглэсэн байв. Өөрөөр хэлбэл, банкны хийх ёстой ажлыг салбар, нэгжүүд явуулдаг, мини банк хэлбэр рүү орчихсон байсан. Энэ байдлыг засахын тулд “Бизнес модел нэвтрүүлэх төсөл”-өө хэрэгжүүлсэн юм. Бид бүхэн энэ төслөө бизнес процесс ре-инженеринг гэж тодорхойлж байгаа. Энэ бол АНУ-аас гаралтай, үйл ажиллагааг инженерчлэлийн аргаар өөрчлөх аргачлал.

-Ре-инженеринг гэсний учир нь юу юм бэ?

-Энэ бол бизнесийн процессыг цоо шинээр хараад үндсээр нь өөрчлөх юм. Хэрвээ процесст сайжруулалт хийсэн бол арав, хорин хувиар нэмэгдсэн гэж дүгнэгддэг. Харин ре-инженеринг гэдэг бол тухайн процессыг эхнээс нь дуусах хүртэл өөрчилнө гэсэн үг. Энэ нь зардал, чанар, үйлчилгээ, хурд руу чиглэдэг. Бидний нэвтрүүлсэн цоо шинэ өнцөг нь харилцагч төвтэйг хэлээд байгаа юм. Жижиг өөрчлөлт хийх гэж байгаа бол ажлаа сайн мэддэг хүн өөрчлөлтийнхөө санааг гаргаад явахад үр дүн гардаг. Тэгвэл ре-инженерингийг гүйцэтгэх удирдлага талаасаа оролцоо нь орж ирж байж амжилттай хэрэгждэг.

-Та ярилцлагын эхэнд төслийн хүрээнд олон зүйлийг өөрчилж чадсан гэж тодотгосон. Тухайлбал харилцагч талдаа юуг анхаарав?

-“Голомт” банк бол харилцагч төвтэй байх стратегитэй. Тиймээс харилцагч төвтэй байхын тулд ямар байх ёстойгоо бодож бүх өөрчлөлтүүдээ хийсэн. Салбар, нэгжийн физик дизайн, бүтэц, бизнесийн модел өөрчлөгдсөн. Харилцагч тал дээр бууж байгаа нь юу харагдаж байгаа вэ гэвэл салбарууддаа тав тухтай орчныг бий болгосон. Ингэхдээ үнэртүүлэгч дээр анхаарсан. Хүлээлгийн танхимаа тохижуулж, хаягжуулалтаа анхаарсан. Харилцагчид босоо байдлаар үйлчлүүлдэг байсан бол сууж үйлчлүүлдэг боллоо. Өмнө үйлчилгээний байгууллага мөртлөө ариун цэврийн өрөөгөө дотоод ажилчид хэрэглэдэг байсныг нийтийнх болгосон. Ариун цэврийн өрөөндөө засвар хийгээд харилцагч нарыг орох боломжтойгоор засварласан. Мөн кофе шоп, номын сан гээд хүлээлгийн хэсгүүддээ ч анхаарсан. Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүлээх мэдрэмжийг мэдрүүлэхгүй байх үүднээс энэ мэтчилэн олон ажлыг хийсэн. Энэ байдалд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж эерэг үр дүнтэй байгаа.

-Салбар, нэгжүүдийн дотогшоо чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн шинэчилсэн юм бэ?

-Бид бүх үйлдлээ харилцагчийн нүдээр харах ёстой. Тиймээс харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ оронд өөрсдийгөө тавиад процессын өөрчлөлт хийгээд явж байгаа. Тодруулбал, салбаруудынхаа дотогшоо чиглээд байсан үйл ажиллагааг нь процесс ре-инженерингийг хийгээд шинэ нэгж байгуулсан. Бизнес процесс менежментийн газар буюу манай нэгж л дээ. Процессоо эндээ төвлөрүүлсэн юм. Ингэснээр салбар дээрх борлуулалтын ажилтнуудын ачаалал нь багасч, үйл ажиллагаагаа борлуулалт руугаа чиглүүлээд эхэлсэн. Үүний үр дүнд борлуулалтын тоогоо хоёр дахин өсгөж, зардал орлогын харьцаагаа 30 хувиар буурууллаа. Мөн иргэдийн зээл 70 үйлдэлтэй байсан бол 30 үйлдэлтэй болж багассан. Үйлдэл болгон цаг, минут байгаа учраас хэмнэлт гарсан. Өмнө салбарууд бичиг хэрэгтэй их зууралддаг байсан. Харин одоо тийм зүйл байхгүй болсон. Энэ мэтчилэн олон эерэг үр дүн гарч байгаа. Ер нь бол энэ процесс ре-инженерингийг хийхдээ харилцагчдыг сигментээр нь ангилж, хэн нь ямар үйлчилгээ явуулах вэ гэдэг рүүгээ чиглэж салбарын бүтцийг өөрчилсөн байгаа.

-Хэдий хэмжээний зардал гарсан бэ?

-Хэрэв гадны байгууллагын зөвлөх үйлчилгээг авсан бол өндөр зардал гарах байсан. Харин бид өөрсдийн дотоод хүч боломжоороо энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Ингэхдээ Хятад, Солонгос зэрэг Азийн орнуудад очиж туршлага судалсан байгаа. Салбарын тохижилтын хувьд одоогоор нийслэлийн 40-өөд хувьд нь засвар орсон. Ирэх жилээс бусад салбар руугаа ороод явна.

-Төсөл хэрэгжүүлэхэд ямар хүндрэл, бэршээл тулгарч байв?

-Бид салбар нэгжийн ажилтнуудынхаа ажлыг байрыг өөрчилж байгаа. Тухайн ажилтны олон жил хийгээд хэвшсэн ажлууд нь процесс өөрчлөгдөхөөр мэдээж өөр болно. Гэнэт ажлын арга барил нь өөрчлөгдөнгүүт тэд хүлээн зөвшөөрөхгүй байх, хуучин хийж хэвшсэн ажил руугаа орчих вий гэсэн болгоомж бидэнд байлаа. Харин манай ажилтнуудын сэтгэл зүй бэлэн байсан. Учир нь “Харилцагч төвтэй банк” болох нь манай гүйцэтгэх захирлын санаа байсан. Тиймээс энэ бол манай банкны эрхэм зорилго. Иймд ажилтнуудын хүлээлт үүнд чиглэсэн байсан болохоор бидний төсөл амжилттай хэрэгжсэн. “Голомт” банкны хамгийн үнэт баялаг бол харилцагчдын маань итгэл байдаг. Тиймээс үйл ажиллагааныхаа бүхий л төвшиндөө харилцагчдаа нэн тэргүүнд тавьж байгаа.

-Ажилтнуудын тоо буурах уу?

-Ажилтнуудын тоогоо хэвэндээ бариад, борлуулалтаа өндөр болгох чиглэлийг баримталсан. Салбар нэгжүүдэд хүний тоо нэмэгдээгүй, борлуулалт хийх цаг уртсаагүй, тэгсэн мөртлөө борлуулалт маань 122 хувиар өссөн. Энэ бол үйл ажиллагааны шинэчлэл маань оновчтой байсны үр дүн.

-Тэгэхээр төслийн хүрээнд ямар шинэ бүтээгдэхүүн гаргасан юм бэ?

-Бүтээгдэхүүнүүдийн хувьд нэлээд өөрчлөгдсөн. Жишээлбэл, үндэсний хуримтлал, зэс буюу кредит карт гээд байна. Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ процессыг өөрчилсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор эдгээр шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээл рүү амжилттай нэвтэрсэн.

-Үндэсний хуримтлал хэр үр дүнтэй байна?

-Бид 60 гаруй мянган хуримтлалтай иргэнтэй боллоо. Ер нь манай хуримтлал төвлөрсөн байдаг юм байна. Тиймээс ард иргэдээ хуримтлалтай болгож байж эдийн засагт эерэг нөлөө авчирна гэдэг үүднээс Үндэсний хуримтлалын хөтөлбөрөө зарласан. Хувь хүн хуримтлалын зуршлыг өөртөө бий болгож чадах юм бол 20 хувийн урамшуулал олгож байгаа. Үндэсний хуримтлалын хөтөлбөр бол “Иргэн хүн хуримтлалтай болоод зогсохгүй улсын маань эдийн засаг сэргэнэ” гэсэн давхар алсыг харсан бүтээгдэхүүн юм.

-“Голомт” банк кредит картын зах зээлийн хэдэн хувийг эзлээд байна вэ?

-Одоогоор 60 гаруй мянган кредит картын хэрэглэгчтэй болчихсон байна. Тэгэхээр кредит картын зах зээлийн 85 хувийг эзэлж байгаа.

-“Энтерпренер-2017” арга хэмжээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжээс оны онцлох арван байгууллагыг зарласан. “Голомт” банк оны шилдгээр шалгарахад таныг гол үүрэгтэй ажилласан гэж дуулсан. Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу. Банкны салбарт хичнээн жил ажиллаж байна вэ?

-Манай төсөл 100 гаруй хүний оролцоотой байсан. Зөвхөн нэвтрүүлэлтийн шатан дээр 17 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулаад ажилласан. Миний хувьд нэвтрүүлэлтийн шатыг удирдсан. Өмнө хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Энэ оны хувьд төслийн багтай хамт нэвтрүүлэлтээ удирдлаа. Ажлын туршлага гэвэл МУИС-ийг 2004 онд төгссөнөөс хойш банкны системд ажиллаж байна. “Голомт” банкинд найм дахь жилдээ ажиллаж байгаа. Өмнө банкныхаа жижиг, дунд бизнесийг хариуцаж байсан. Одоо бизнесийн процесс ре-инженериг чиглэл рүү ажиллаж байна.

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцахгүй юу?

-Бид нэлээд том ажлын суурийг сайн тавилаа. Ирээдүйд мэдээж улам сайн хөгжүүлээд автоматжуулна. Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа. Хүн болгон хүлээлгэд дургүй болчихоод байгаа. Яваандаа дижитал хэлбэр рүү шилжинэ. Зээл хүртэл дижиталаар олгогдох ёстой. Заавал салбар дээр ирэх шаардлагагүй болно.

-Та бүхний хэрэгжүүлсэн ажил олон улсын байгууллагын “Шилдэг төсөл 2017” шагналыг авсан бил үү?

-Тиймээ. “PMI” гээд олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас нь жил бүр олон улсын форум зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн “Шилдэг төсөл” шагналыг “Голомт” банк авсан. Мөн энэ онд манай банк Монголын хамгийн анхны менежментийн форумыг зохион байгуулсан юм. Үүнд топ 250 компанийн удирдлагууд оролцсон байгаа. Энэ үйл ажиллагаанд бид түлхүү өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан. Мэдээж гол сэдэв нь ре-инженеринг байсан.

-Компанийн ноу-хаугаа ингэж дэлгэж болж байгаа юм уу?

-“Хөгжлийн Голомт” гэсэн уриатай ажиллаж байгаа бид бүхэн бусад байгууллагуудад туршлагаа хуваалцаж байж Монгол Улс хөгжих юм. Ер нь бол том компаниудад үйл ажиллагаандаа шийдэх ёстой асуудал их байгаа. Тиймээс тэдгээр компаниудыг “Ре-инженеринг хийгээч ээ, сайжруулаач ээ, үр дүнтэй болгооч ээ” гэдэг байдлаар энэ сэвдрийг түлхүү хөндсөн. Зарим байгууллагууд бидэн рүү хандаж, сургалт, зөвлөгөө авч байгаа.