Categories
мэдээ нийгэм

Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, халаагч төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, халаагч төхөөрөмж зурган илэрцүүд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр болж, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв.

Хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалт, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсан бөгөөд агаар цэвэршүүлэгч, амны хаалт, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөд 2.8, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд 6.6 нийт 9.5 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан аж.

Ингээд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдыг бэлтгэхэд хамтран ажиллана

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах саналыг тэд ОБЕГ-ын даргад тавьсан юм.

Уулзалтын үеэр, “JCI Монгол” байгууллагын олон улс дахь хамтын ажиллагааг түшиглэн гадаад, дотоодын мэргэжлийн уулчидтай хамтран Онцгой байдлын албаны аврагчдын дунд ууланд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах хамтарсан сургалт, дадлага сургуулийг 2018 онд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа “JCI Hiking club”-ын гишүүд уламжиллаа.

Онцгой байдлын албаны хувьд ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын стандарт бүхий хувцас, багаж хэрэгслээр дутмаг байдаг. Тийм учраас мэргэжлийн уулчдын хэрэглэдэг хувцас, багаж хэрэгслийн стандартыг тогтоох, аврагчийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагааны сургалт, дадлагуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, уулсын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн уулчидтай хамтран ажиллах, уулчдын зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.05) 09 цаг 57 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалав.

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед улсын төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт орох тул Засгийн газрын санал, дүгнэлт ирүүлээгүйн улмаас түр завсарлсан билээ.

Ажлын хэсгээс хэлэлцэж байгаа асуудал нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл учраас албан ёсны зөвшөөрөл, санал, дүгнэлт авах шаардлагагүй. Мөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалт, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөд 2.8, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд 6.6 нийт 9.5 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан. Энэхүү хөрөнгийн эх үүсвэр байгаа учир төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт орохгүй гэсэн тайлбарыг өгөв. Иймд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат, Н.Амарзаяа, Д.Тэрбишдагва, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжив. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ

“Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо, газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрээр “Дэлхийн улс орнууд “Нэг төр, нэгдсэн нэг бүртгэл” буюу газрын нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой байх гэсэн зарчмаар ажилладаг. Гэтэл Монгол Улсад өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын бүртгэлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, уул уурхайн газрын бүртгэлийг Ашигт малтмалын газар, тусгай хамгаалалттай газар нутгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, газар өмчлөх эрхийн бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тус тусдаа хариуцаж байна. Энэ нь төрийн байгууллагын чиг үүргийн давхардал болгохын зэрэгцээ газрын сан нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байна. Энэ нь иргэдэд ч чирэгдэлтэй байна” гэлээ.

Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлэхэд бүртгэлээс өмнө төлөвлөлт нэгдсэн байх нь чухал. Засгийн газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинээр боловсруулах ажил хийж байгаа гэдгийг сайд тэмдэглээд яамд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоо тун хангалтгүй байгааг анхаарууллаа.

Засгийн газрын зүгээс баримталж байгаа иргэдэд чиглэсэн хөгжлийн бодлогын нэг бол газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд газрын үнэ, үнэлгээ, төлбөртэй шууд хамааралтай бөгөөд газрын суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоож, зах зээлийг нээлттэй уян хатан болгож, газрын төлбөр, татварын системийг боловсронгуй болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Цэрэнбат: Хариуцлагатай уул уурхай, үндэсний паркийн сайн туршлагыг австралиас нутагшуулах хүсэлтэй байна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд жишиг уул уурхайн загвар болсон Австрали улстай нягт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Элчин сайд Жон Лангтриг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм. Тэрбээр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Австрали улсын туршлага Монгол Улсад хэрэгтэй. Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сүйдсэн талбайн тооллогыг манай яамны зүгээс хийж дуусч байгаа. Сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх технологийг Австрали улс амжилттай нутагшуулсан туршлагаасаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд бид УУХҮЯ-тай нягт хамтран ажиллах болно. Мөн аялал жуулчлалын салбарт ч Австрали улсын туршлагыг судалж, үндэсний паркуудаа хөгжүүлсэн, тусгай хамгаалалттай газруудаа хамгаалах жишгийг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Үүнээс гадна хот суурин газруудад ногоон байгууламжийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулсан танай орны туршлага ч бидэнд хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд Австарли улстай хамтарч ажиллах бүхий л бололцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм.

Харин Элчин сайд Жон Лангтри Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахад ямагт бэлэн байгаагаа илэрхийлээд хариуцлагатай уул уурхай, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон үндэсний паркийн жишгийг нэвтрүүлэхэд БОАЖЯ онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Categories
мэдээ улс-төр

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдууллаа

Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаагийн илрэл гэж Сангийн яам үзэж байна.

2012 онд тухайн үеийн Засгийн газар энэ онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.

500 сая ам.долларын өр барагдуулах гүйлгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталгаажууллаа. Тэрээр энэ Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, тулгамдаж байгаа өр төлбөрийг барагдуулахыг зорьж ажилласан гэдгийг тэмдэглэлээ. “Монгол Улс дампуурлаа зарлах эсэх гэсэн эгзэгтэй үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь өнөөдөр батлагдаж байна” гэв. Мөн “Тухайн үед ямар ч тооцоо, судалгаагүйгээр “Чингис” бонд гарган их хэмжээний өр төлбөрт унагасан хүмүүс эдийн засаг муудлаа гэж бусдыг шүүмжлэх хэрэггүй. Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсныг нь буцаан төлүүлнэ” гэлээ.

Энэ онд манай улс 3.5 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Найман шарга” захыг Лин Жань гэх хятад эр удирддаг гэв үү?

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

“Найман шарга” валют арилжааны төвийг БНХАУ-ын нэгэн иргэн удирддаг болоод удаж байгаа гэнэ. Тэр хятад эр дуртай цагтаа валютын ханшийг дээш доош нь болгон хэлбэлзүүлж, эдийн засгаар тоглож “удирддаг” тухай эх сурвалж дурдлаа.

Мэдээж түүний гар хөл бологсод нь “Найман шарга” валют арилжааны төвийн нэр нөлөө бүхий хэдэн ченж аж. Валютын үнийн өсөлтийг хятад эр удирдаж байгаа талаарх төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох дээрх мэдээллийн талаар нэгэн эх сурвалж манай сонины редакцид мэдэгдсэн юм. энэ талаар сурвалжлахаар “Найман шарга” валют арилжааны төвийг зорилоо. Биднийг очих үед ам.долларыг 2425 төгрөгөөр авч, 2432 төгрөгөөр зарж байсан юм. Харин юанийг 370 төгрөгөөр худалдан аваад 373 төгрөгөөр зарж байлаа. Мөн лин Жань гэх хятад эрийн талаар “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд андахгүй байлаа.

Сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус төвд хэд хэдэн удаа гэнэтийн шалгалт хийсэн гэнэ. Цагдаа нар ченжүүдийг валютын ханш хөөрөгдөхийн тулд албаар валютын хомсдол бий болгож байна уу гэдгийг шалгаж хянадаг болсон байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ч хэд хэдэн удаа хяналт шалгалт хийжээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Тагнуулын ерөнхий газраас “Найман шарга” валют арилжааны төвийн зургаан ченжийг саатуулж, хэдэн сараар байцаалт авсан байна. гэхдээ ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэлгүй явуулжээ. Энэ нь валютын ханшийг дур зоргоороо хөөрөгдөж, буулгадаг эрхмийг тогтоох ажиллагааны нэг хэсэг байсан бололтой.

Ченжүүдийг хятад эр удирддаг талаар хэд хэдэн газраар орж асуулаа. Ченжүүд өөдөөс том харж байснаа “Хэн тэгж байгаа юм. Хятадууд адууны мах худалдаж авч байна. Ноолуур авч байна гэсэн болохоос валют авч байна гэж дуулаагүй юм байна” гэж хэлэх хүнтэй ч тааралдаж байв.

“Монголын ченжүүд ам. долларыг лин Жань гэх хятад эртэй нийлээд л зохиомлоор хөөрөгдөж байна” гэв. Өөрийгөө г.Ууганжаргал хэмээн танилцуулсан нэгэн ченж бидэнд цөөн асуултад хариулт өгсөн юм.

-Та энд хэдэн жил валютын ченж хийж байна вэ?

-Би энд арав гаруй жил болж байна даа. Намайг гадаа зогсоод валют худалдаж авдаг байх үед буюу 2008 онд ам.доллар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэнэт өсөөд ёстой бужигнаан болж байлаа. Тэр цагаас хойш ам. долларын үнэ ханш дандаа л өссөөр өнөөдрийг хүрч байна. Тэр үед улстөрчид ам.долларыг гурван оронтой тоо руу эргүүлэн оруулна гэж яриад л, Монголбанкнаас арга хэмжээ авч, ам.долларынхаа нөөцийг зах зээл дээр гаргаж байсан. Ер нь сүүлийн жилүүдэд ам.долларын үнэ ханш нэмэгдэж байгаатай холбоотойгоор төр засгаас хий хоосон хөөрөгдөл бий болгохгүй гэж хэрэндээ л анхаарч, тодорхой шат дараалсан ажлуудыг хийгээд байгаа. Гэсэн ч төр засгаас хамаарахгүйгээр үнэ ханш хэлбэлзээд байх юм байна шүү дээ.

-Нэг хятад эр валютын үнэ ханшийг зохиомлоор нэмж хасаад байдаг гэсэн үнэн юм уу.Та тэр талаар дуулсан уу?

-Мэдэлгүй яах вэ. Лин шань гэх хятад эр байдаг. Тэр хүрээд ирэхээр л валютын нөөц хомсдож, үнэ ханш нь нэмэгдээд эхэлчихдэг. “Найман шарга” дээр хэдэн төрлийн ченжүүд байдаг. Миний хувьд энэ хавийн том тоглогчдын нэг биш. Зүгээр л бага хэмжээний ашиг олох гэж байгаа жирийн л нэг ченж. Сүүлийн жилүүдэд энд байр түрээслээд дулаан газарт валют худалдаж аван, зарж борлуулаад зогсож байна. Монголын валютын зах зээлийн эзэн нь болоод суучихсан их хэмжээний мөнгөтэй хүмүүс бий. Тэдний хүсэл сонирхлоор бид ажиллаж байна. Харин гадаа зогсож байгаа ченжүүдийн хувьд бага хэмжээний мөнгө эргэлдүүлж цөөн хэдэн төгрөгийн унац хүртэж байгаа хүмүүс юм. Би чамд сүүлийн жилүүдэд валютын ханш яагаад өөрчлөгдөөд үнэ ханш нь дээш, доошоо савлаад байгаа талаар ярьж өгөх үү.

-Тэг л дээ?

-Би дээр Лин шань гэх хятад эр байдаг гэж хэлсэн. Тэр нөхөр ирээд л босс ченжүүдтэй хоол унд идэж уугаад наргиж цэнгээд эхэлдэг. Манайхан ч хүүхэн, байрлах буудлыг нь бэлдэж өгөөд хамгаалалт гаргаж өгдөг. Ингээд нөхөр манай ченжүүдэд мөнгө өгчихдөг шиг байна лээ. Тэгээд “Урд өдөр нь хураагдсан бүх валютыг худалдаж аваад ир” гэж хэлдэг гэсэн. “Тэр мөнгийг нь би тэдэн төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нэг ам.доллар тутмаас чамд тэдэн төгрөг унана” гээд хэлчихдэг. Нөгөө хүмүүс нь маргаашийн ашгаа бодоод бүх ам.долларыг худалдаж аваад нөгөө хятадад өгчихдөг. Нөгөө хятад эр ашиг өгөхөөс гадна бас мөнгө тараагаад байдаг. Тэгэнгүүт ам.доллар хомсдоод эрэлт нь нэмэгдээд ирдэг. Энэ үед Монголбанкнаас арга хэмжээ аваад интервэнц хийгээд ам.доллараа хямд үнээр гаргадаг. Тэрийг нь мөн л худалдаад авчихдаг. Ингээд хүссэн хүсээгүй ам.долларын үнэ ханш нэмэгдэж байгаа юм. Дараа нь худалдаж авсан ам.доллараа үнэ нь хөөрөгдөөд нэмэгдсэний дараа бага багаар ченжүүдэд зараад суугаад байдаг. Өөрөөр хэлбэл, албаар зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн хятад ямар ч алдагдалгүй. Харин ч ашигтай ажиллана. Ченжүүд мөнгө л олж байвал ард иргэд хөөрөгдсөн үнээр валют худалдаж авах эсэх нь хэнд ч хамаагүй. Ингээд монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэд дахин буурч, эдийн засаг хямраад эхэлдэг. Монголбанк сүүлдээ учраа олохоо байгаад “Найман шарга” дээрх хэдэн ченжийг дагаад ам.долларынхаа үнийг нэмдэг. Нэг мөнгөтэй хятад эр Монголын эдийн засгаар ингэж л тоглож байна шүү дээ. Одоо харж л байгаарай сар шинэ дөхөөд ирэхээр нөгөө хятад ирнэ. Мэдээж ам.долларын үнэ ханш нэмэгдэх нь тодорхой.

-Нэг хятад Монголын валютын ханш дээр тоглолт хийнэ гэдэг бас эргэлзээтэй асуудал. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтынхан мэддэггүй юм уу?

-Уг нь мэднэ. Даанч гэмт хэрэгтнүүдийг барьж аваад хорьж цагдаад үнэн мөнийг тогтоож чадахгүй байгаа юм. Цагдаа нар үнийн хий хоосон хөөрөгдөл болоод байна гэдгийг мэддэг. Тэгээд ченжүүдийг шалгахаар ямар ч хууль зөрчсөн үйлдэл гарч ирэхгүй. Ченжүүд мөнгө авсан өгсөн талаар нэг ч тэмдэглэл хөтлөхгүй. Тэгэхээр хэдэн төгрөгтэй байж байгаад хэд болгоод байгааг хянах ямар ч боломж байхгүй. Хятад эрээс бид мөнгө аваад байгааг мэдээд байгаа мөртлөө шууд бэлнээр авчихаж байгаа болохоор ямар ч баримт байхгүй. Ченжүүд хятад эрээс авсан мөнгөө хэзээ ч дансанд байршуулдаггүй юм. Санхүүгийн зохицуулах хороо ч “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг эмх цэгцэнд оруулж чадахгүй байна. Тагнуулынхан ч шалгаад илрүүлж чадахгүй байна шүү дээ гэв.

ТөрийнэсрэггэмтхэргийгТЕГ-ынханяагаад илрүүлэхгүй байна вэ?

Ченж Г.Ууганжаргалтай адил мэдээллийг хэд хэдэн ченж бидэнд өгч байв. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулсан боловч “Ийм төрлийн гэмт хэрэг шалгагдсан зүйл одоогоор алга байна” гэсэн хариултөгч байна лээ. Харин Монгол банкнаас “Валютын үнэ нэмэгдэх бүрт манайхаас ажлын хэсэг гарч шалгалт хийдэг. Шалгалтаар ченжүүд үнийн хөөрөгдөл гаргаж байгаа гэсэн дүгнэлт гаргадаг. Бид хууль хяналтын байгууллага биш учраас ийм дүгнэлт гаргаад л өнгөрдөг” гэх утга бүхий зүйлсийг ярьж байв. Харин Тагнуулын ерөнхий газраас“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг шалгахгүй биш шалгадаг юм байна лээ. Гэвч ченжүүд “Би ам.долларын үнэ ханш нэмэгдэнэ гэж хүмүүс яриад байхаар нь байгаа бүх мөнгөөрөө доллар худалдаад авчихсан. Өөрийнхөө мөнгөөр валют худалдаж авах нь гэмт хэрэг юм уу” гээд л гүрийчихдэг байна. Харин ам.долларын үнийг дураараа нэмдэг хятад эрийг огт шалгахгүй өнгөрүүлдэг гэдгийг эх сурвалжууд онцолж байв. Мөн Монголын эдийн засаг, валютын үнийг хөөрөгдлийг таван тэрбум төгрөг хүрэхгүй мөнгөөр л бужигнуулчихдаг гэх мэдээлэл ч байгаа юм.

Э.БААТАР

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.04) 15 цаг 11 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг танилцууллаа. Уг тогтоолын төсөлд УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийн тайланг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулах, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

Хуралдаанд Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, А.Сүхбат, А.Ундраа, О.Баасанхүү нар Ажлын хэсгээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэррхийллээ. Гишүүдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн нийт хэмжээ, ипотекийн орон сууцны хүрэлцээ, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үр дүн, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаад судлагаа хийсэн эсэхийг илүүтэй тодруулж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Агаарын бохирдлыг бууруулахад 2008-2016 онд нийт 157 тэрбум төгрөг, гадаадын орнуудын тусламж, дэмжлэгээр 60 сая ам.доллар зарцуулсан гэж хариулсан бол Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 157 тэрбум төгрөгийн 100 гаруй тэрбум төгрөг нь 2012-2014 онд зарцуулагдсан байдаг. Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахад жилдээ 4.5 тэрбум төгрөг л төсөвлөгдсөн байгаа. Өнгөрсөн үетэй харьцуулахад агаарын бохирдлыг бууруулах төсөв 4-5 дахин багассан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвлөлд 23.5, зүрх судасны өвчлөлд 19.5 хувиар нөлөөлж байна гэсэн судлагаа гарсан. Мөн 86 мянган иргэнд томуу өвчний вакцин, 220 мянган хүүхэд, иргэдэд ханиадны вакцин хийсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эмнэлгийн ачаалал багассан, эмчилгээ ч үр дүнгээ хурдан өгч байгаа. Энэ нь вакцины үр нөлөө хэмээн хариулав.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн яамны дэргэд ипотекийн зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдөр нийслэл хотод 33 мянган орон сууц бэлэн байна. Зорилтод бүлгийнхэнд 11 мянга, энгийн иргэдэд 15 мянга нийт 26 мянган орон сууц бэлэн. Өөрөөр хэлбэл, 26 мянгаар ядангийн тоо бууруулах боломж байгаа гэдгийг хариултдаа онцлов.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун уг тогтоолын төсөлд цахилгаан эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгслийг ашиглах, энэ төрлийн автомашиныг татвараас чөлөөлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах тодорхой хуулийн төслийг Засгийн газар яаралтай боловсруулж өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг цогцоор нь шийдэх тодорхой саналаа өргөн мэдүүлэх чиглэл өгөх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр төвлөрлийг сааруулах заалтад төрийн өмчит их дээд сургууль төдийгүй шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, зарим төрийн байгууллагуудыг дагуул хотруу шилжүүлэхээр тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ их, дээд сургуулийн оюутнуудыг өвлийн цагт сарын хугацаатай амраах зэрэг санал хэлж байв.

Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив. Тэгэхдээ Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг Засгийн газарт тэмдэглэлээр хүргүүлж, уг тогтоолын төслийг өргөн агуулгатай, товч тодорхой заалтаар чиглэл өгөн боловсруулахаар тогтлоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дэд ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулж санал хэлэх, асуулт асуух гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.04) 18 цаг 15 минутад 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн даргалав.

Хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр дээрх төслүүдийг өргөн мэдүүлсэн болохыг хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Агаарын бохирдол нь нийслэл төдийгүй аймгийн төвүүдийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудал болохыг тэрбээр дурдаад “Өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувь нь стандартаас давсан бохирдолтой байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн гараагүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настан амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна” гэлээ. Товчхондоо, суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ. Иймд холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн дээрх төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар тусгажээ. Энэ тусгай сан нь агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх аж. Түүнчлэн тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлаас үүдэн иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүн хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулсан байна.

Н.Цэрэнбат сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Тогтохсүрэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нар зарим зүйлийг тодруулж асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд агаарын бохирдол, утаатай холбоотой асуудалд ердөө өвөл, хавартаа анхаарал хандуулдаг болохыг шүүмжлээд бодитой үр дүн гарахуйц ажлууд төлөвлөн, шийдэж чадах хүрээгээ ард иргэддээ шударгаар зарлаж, зөвхөн өвөл, хавар төдийгүй жилийн турш энэ чиглэлээр идэвхтэй, үр дүн гарахуйцаар ажиллах шаардлагатай гэдгийг хэлж төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 20-нд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд уг хөтөлбөрт орчны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Гэвч салбарын яамны зарим агентлагийг татан буулгаж, төсвийг танасанаас үүдэн дорвитой үр дүн гарахуйц ажлуудыг хийх боломжгүй байгааг тайлбарласан. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн ч гэлээ өвлийн улиралд хийх боломжгүй тул нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалтыг хэрэглүүлж занших, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг хямд өртгөөр иргэдэд хүргэх зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд авах боломжтой байгааг тайлбарлав. Түүнчлэн сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө ихэссээр байгаа гэдэг ташаа мэдээлэл түгээд байгааг салбарын сайд нь хэлээд “2017 онд 4.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүний 3.5 тэрбум төгрөгийг гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэгэлсний төлбөрийн татаасанд суутгагдсан” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “18.5.Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын санал, дүгнэлтийг заавал сонсоно” гэсэн заасан байдаг, харин хэлэлцэж буй төслүүдтэй холбоотойгоор улсын төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт орно гэдгийг хэллээ. Харин энэ талаарх Засгийн газрын санал, дүгнэлт ирээгүй байгаа учир Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Ийнхүү Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Related imageӨнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурал Ардчилсан намын төв байрны “Ардчиллын өргөө” танхимд 11 цагт зохион байгуулагдах аж.