Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

төрийн ордон зурган илэрцүүд

Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ.

Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар өнгөрсөн онд 7.8 хувиар буурсан дүн гарчээ.

Өнгөрсөн онд экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.доллар ашигтай гарсан байна. Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрчээ.

Засгийн газар Төрийн сангаас гадуурх төсвийн байгууллагуудын данс болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн дансыг хааж Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж байна. Мөн Монголбанкнаас Төрийн сангийн төррөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох, Засгийн газраас валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах гэрээ байгуулжээ.

Түүнчлэн өндөр хүүтэй дотоодын үнэт цаасны арилжааг зогсоох, буцаан худалдан авах зэрэг өрийн зохицуулалт хийснээр ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 119 тэрбум төгрөгөөр багасгаж, дотоод үнэт цаасны өрийн үлдэгдлийг бууруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ.

Хатгалгаа гэж юу вэ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

  • Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
  • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

  • Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
  • Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
  • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
  • Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.
  • Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:

  • Ханиалгах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Тайван бус болох
  • Хоолонд дургүй болох
  • Заримдаа амьсгаадах
  • Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:

  • 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
  • 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
  • 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
  • Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
  • Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
  • Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.

Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?

Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараахи эмчилгээг хийнэ.

  • Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.
  • Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
  • Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
  • Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
  • Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

Хүүхэд өвчилсөн үед:

  • Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
  • Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
  • Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.

ДАРААХ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ

  • Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
  • Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
  • Бөөлжих
  • Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
  • Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
  • ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
  • Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
  • Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
  • Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдаан боллоо

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулсан юм.

Зөвлөлдөх хороонд төрийг төлөөлөн Үндэсний хөгжлийн газрын дарга, хувийн хэвшлийг төлөөлөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллана. Хорооны гишүүдэд холбогдох яам, агентлаг болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын удирдлагууд багтжээ.

“Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” нь хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудал бүрийг хэлэлцүүлж, санал авч, зөвлөлдөх, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй юм. Тус хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд оролцлоо.

Тэрээр “Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын байгууллага Монгол Улсын эдийн засгийн менежмент, санхүүгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулах, харилцан хяналттай механизмыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөөр ирсэн гэдгийг тэмдэглээд төр, хувийн хэвшлийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бусад орны туршлагаас суралцах зүйл их байгаа гэлээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, концессийн гэрээ хэлцэлд хувийн хэвшлээс хяналт тавих, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, санал хүсэлтийг нь сонсдог, бодлого шийдвэртээ тусгадаг байх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар төр, хувийн хэвшлийн түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хорооны үйл ажиллагаа чухал дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гурван хороотой ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Харын зуд нүүрлэж, ан амьтад харангадаж үхэх аюул нүүрлэжээ

Говь нутгаар өнгөрсөн оны аравдугаар сараас хойш цас ороогүйгээс болж харын зуд нүүрлээд байгаа аж. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд л гэхэд цас огт ороогүйгээс жижиг булаг ширгэж, хүн малгүй худаг бараадахаас аргагүйд хүрчээ. Гэтэл энэ байдал ан амьтанд хүртэл аюул дагуулаад байгаа тухай нутгийн иргэд мэдээлж байна.

Иргэдийн ярьснаар энэ бүс нутагт идээшиж дассан аргаль, янгир, хулан зэрэг ан амьтад ховор үзэгдэх болж зарим нь харангадсан байдалтай олджээ. Тиймээс “Өмнийн говийн элс” ХХК-ийн хамт олон 130 тонн мөсийг Гурвантэс сумын нутагт хэд хэдэн цэгт байршуулжээ. Уг нь зэрлэг амьтад хяруу унах төдийд л ундаалдаг аж.


Categories
мэдээ улс-төр

Засгийн газар татварын уян хатан бодлого барина

Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, 1.5 тэрбум төгрөгөөс доош бол 10 хувь /ашгаас авах хэмжээ ба үүнээс буцаалт 9 хувь/-ийн татвар авах юм.

Цаашид аж ахуйн нэгжийн 25 хувийн орлогын албан татварын гурван тэрбум төгрөгийн босгыг зургаан тэрбум төгрөгт хүргэхийг зорьж байна. Мөн татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгах боломжтой байсныг торгуульгүйгээр нэг жил хүртэл болгох зохицуулалт хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Жэралд Грийн улирал дуустал гэрээ байгуулав

Өнөөдөр NBA-гийн талбайд Хьюстон Рокэтс болон Голдэн Стэйт Варриорс багууд туллаа. Тус тоглолтонд Хьюстон Рокэтс багийн ахлагч Жэймс Хардэн оролцоогүй ч аваргуудтай эн тэнцүү тоглож 114-124-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Тоёото цэнтрт болсон энэхүү тоглолтонд Хьюстон Рокетсийн шинэ цэрэг Жэралд Грийн гайхалтай байж 33 минутад 29 оноо авч, 8 удаа аркны араас оруулсан юм. Ийнхүү тэрбээр Рокэтстэй хийсэн баталгаагүй гэрээгээ шинэчилж улирал дуустал тоглохоор болов. Тоглолтын шилдэг тоглогчоор Голдэн Стэйт Варриорсын холбон тоглогч Стефан Карри 29 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж тодорсон бол түүнд хамгаалагч Клэй Томпсон 28 оноогоор тусаллаа. Уг тоглолтод Варриорсын довтлогч Кэвин Дурант оролцоогүй гэдгийг онцлоё. Харин Рокэтсоос хамгаалагч Эрик Гордон 30 оноо, 7 оновчтой дамжуулалт, холбон тоглогч Крис Пол 28 оноо, 9 оновчтой дамжуулалт тус тус үзүүлсэн ч баг нь хожигдов.

Б.АМАРТҮВШИН

Golden State Warriors v Houston Rockets

Golden State Warriors v Houston Rockets

Golden State Warriors v Houston Rockets

Categories
энтертаймент-ертөнц

Монгол охин “Coca cola” брэндийн нүүр царай болжээ

“Coca cola” брэндийн БНХАУ дахь салбар Э.Дөлгөөн гэх монгол охинд брэндийнхээ нүүр царай болох саналыг тавьсныг хүлээн авч тун амжилттай ажилсан байна. Тэрбээр Цунчины урлагийн их сургуулийн кино найруулагчийн ангийн төгсөх курсийн оюутан аж.

Э.Дөлгөөн нь даашинз цуглуулах хоббитой бөгөөд энэхүү сонирхолдоо хөтлөгдөн 1000 шахам даашинзыг цуглуулан, сүүлийн дөрвөн жил шинэ жилийн баяраар түрээсийн үйлчилгээ үзүүлсэн талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн магистрын зэргээр сургуульдаа сурах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Усан спорт сургалтын төвийг “Этүгэн их сургууль” хувьчилж авчээ

“Усан спорт сургалтын төв”-ийг өчигдөр нээлттэй дуудлага худалдаанд оруулж “Этүгэн их сургууль” ХХК найман тэрбум 702 сая төгрөгөөр хувьчилж авлаа.

Энэхүү нээлттэй дуудлага худалдааны доод үнэ найман тэрбум 692 сая төгрөг, дэнчингийн хэмжээ нь 869.2 сая төгрөг байсан юм. Төвийн дээврийн барилгын засварт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа нь хувьчлах нэг шалтгаан хэмээн Нийслэлийн өмчийн харилцааны газар мэдээлжээ. Түүнчлэн тус төвийн үйл ажиллагааны чиглэлийг гурван жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөл тавьсан байна. Үүнээс гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ онд нийт долоон барилгыг хувьчлахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын шинэ дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцэх Дээд шүүхийн хурал хойшлов

Холбоотой ЗурагМАХН-ын шинэ дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэх байлаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүсэлтээр энэ сарын 19-нд болж хойшлогдов. О.Баасанхүү гишүүн чуулганы хуралдаантай байгаа, Н.Энхбаяр даргын зүгээс шүүхэд нотлох баримтууд шинээр гаргаж өгсөнтэй танилцах шаардлагын улмаас хойшлуулах хүсэлт тавьсан хэмээн О.Баасанхүүгийн хамтран зүтгэгч тайлбарласан юм.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгост эмчлүүлж байгаа сурагтай.

Б.ОДМАА

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Ажилгүйдэл ядуурлыг шийдвэрлэсэн цагт утааг бүрэн арилна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Ерөнхийлөгч энэ үеэр, “УИХ-ын даргад хандаж онц байдал зарлаач хэмээн хүссэн албан тоот хүргүүлсэн. Энэ дагуу чуулганы өнөөдрийн асуудлаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл хуралдааны ирц тааруу байна. ҮАБЗ хуралдаад жилийн өмнө зохих байгууллагуудад холбогдох үүрэг даалгавар өгсөн ч хэрэгжсэн ажил байхгүй байна. Хэрэгжүүлэхгүй юм бол ҮАБЗ-ийг хуралдуулаад яах юм бэ. Утаа өнөөдөр гамшгийн түвшинд хүрсэн. Соён гэгээрүүлэх ажлыг иргэдийн дунд явуулья гэж гишүүд сая хэлж байна. Соён гэгээрүүлэх тухай ярья гэвэл хэдэн тамирчин, соёл урлагийн залуус байна.

Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэсэн цагт утааг бүрэн шийднэ. Дагуул хотыг хөгжүүлж байж утаа арилна. Дагуул хот руу их дээд сургууль, зарим засаг захиргааны нэгж, урлаг соёлын байгууллагуудыг нүүлгэе. Хөдөөг орлогожуулж, сумдаа шинэчилье. Эдгээр шийдлийг баталж хавраас ажил хэрэг болгоё. Өнөөдөр дулаалгаар айл өрхийг хангаснаар утаанаас сална гэж ярьж байна. Иргэн ажилтай орлоготой болоогүй цагт Улаанбаатар утаанаас салахгүй. Сөрөг асуудлууд бий, тэдгээрийг давж гарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэхгүй юм бол Засгийн газраа огцруулж сайд нарыг шинээр томилсны хэрэг гарахгүй. Энэ тал дээр УИХ санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ийм байдалтай байвал УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно” гэв.