Categories
мэдээ улс-төр

А.Гылымхан Баян-Өлгий аймгийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллана

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит V хуралдаанаар аймгийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг хэлэлцсэн. Хурлын төлөөлөгчид “Аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжих” томьёоллоор санал хураалт явуулж 57,1 хувийн саналаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулахыг 55,5 хувийн саналаар тус тус дэмжиж, аймгийн ИТХ-ын 21 тоот тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 21 тоот тогтоолыг хүлээн авч танилцаад, түүнийг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дүгнэснийг нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа гэж үзэн буцаасан байна.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас төмөрт хавчуулагдсан иргэнийг аварчээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас-Өлгий сумын чиглэлд зорчиж явсан “Истана” бага оврын автобус, “Ланд крузер-80” маркийн автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 27-нд болсон байна. Ослын улмаас нэг иргэн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч ажиллаж, 73 настай иргэн А-г эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Пицца

Пицца зурган илэрцүүдСүүлийн үед миний хувьд гэртээ пицца хийх нь Монголын их амар амгаланг мэдрүүлдэг зүйл болоод байна. Пицца гэхээр харь сонсогдож магадгүй, эсвэл гадаад хоолны нэр хэлж чамирхах гэсэн ч хэрэг бус. Бага насны дурсамжинд өвөө маань цагаан сараар гэртээ ул боов чанаж, хүүхдүүд бид бэмбий нухаж байсан нь юутай их амар амгалан амьдрал байсныг сануулдаг. Эмээ маань наадмаар хашаандаа хонь гаргуулж, тогоо дүүрэн гэдэс чанаж, хонины толгой шийр хуйхалж өгөхөд амттайг нь яана. Энэ бүхэн миний мэдэх аз жаргал.

Пицца ердөө л миний гал тогоондоо хийж чадах ул боов, гэдэс чанахтай адилхан үйл. Ажил төрлийн онцлогоос болоод ч тэрүү гэрийн ажилд маруухан надад сонирхол татах хоол олдсон нь энэхүү “хачиртай гамбир”. Анхны пиццаны маань гурил жигтэйхэн хатуу байж билээ. Харин бүжинхэн хүү маань “Ээж ээ, пицца хийж өгсөнд баярлалаа” хэмээн бөөн баяр болсон учраас ч тэрүү хийх дуртай болж орхисон юм. Шинэ жил дөхөх тусам пицца хийж, гал тогоондоо хэдүүлээ бужигнаж, хүүхдүүд туслах тогооч болж, ширээ тойрон халуун ам бүлээрээ суухыг хүснэ. Дэндүү энгийн хүсэл байж магадгүй. Гэхдээ л үлгэрт хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах идэн, найрлан суух нь аз жаргалтай төгсгөл шүү дээ.

Хоол унд ширээ дүүрэн элбэг хангалуун, элгэн саднаараа эрүүл энх байх нь хүн төрөлхтний хамгийн энгийн бас мөнхийн хүсэл ч юм билүү.


Categories
мэдээ нийгэм

Цэнгүүний дараа иргэдэд автобусаар үйлчилнэ

Сүхбаатарын талбайд шинэ жил зурган илэрцүүдЖил бүр зохион байгуулагддаг “Шинэ жилийн баярын цэнгүүн” XII сарын 31-нд Сүхбаатарын талбайд болно. Цэнгүүний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар тодорхой төлөвлөлтүүдийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа их багтаамжийн 18 автобус, 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн хуваариар явна гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хязгааргүй санах ой буюу КВАНТ КОМПЬЮТЕР

Дараагийн үеийн квант компьютер хүний бодсоноос ч илүү хүчирхэг, чадалтай. Одоогийн бидний хэрэглэж байгаа компьютерийг квант компьютертэй харьцуулах юм биш. Хэт их хөгжсөн квант компьютер нь нууцлагдсан ямар ч мэдээллийг эвдэх бөгөөд банкны ямар ч код, хамгаалалтыг цуцалж өндөр зэрэглэлийн бүсчлэл рүү түвэггүй нэвтэрч чадах хүчин чадалтай гэсэн мэдээлэл бий. Америкийн NSA буюу Тагнуулын алба улс орнуудын тагнуулын зориулалттай нууц мэдээ сэлтийг уг компьютерийн тусламжтайгаар цуглуулаад асар өндөр үнэ хүргэж зарах зорилготой гэх хардлага ч байдаг. Гэвч эрдэмтэд уг компьютерийн тусламжтайгаар нууцлагдсан мэдээллийг эвдэж тайлна гэж хэзээ ч байхгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.

АНУ-д өндөр үзүүлэлт бүхий квант компьютерийн довтолгооноос хэрэглэгчийн нууц мэдээллийг хамгаалах технологийг бий болгочихоод байгаа юм. Квант компьютер дэлхийг хамарч, нийтийн хэрэглээнд нэвтрэх хүртэл хугацаа их байгаа учир одоогоор уг компьютерийн талаар дэлгэрэнгүй болоод түгээмэл мэдээлэл хомс, эрдэм шинжилгээ судалгааны түвшинд байгаа гэж болно. Гэтэл АНУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас “Онлайн худалдаа, гүйлгээ, банк идэвхитэй хөгжиж, банкууд уламжлалт харилцаанаас татгалзаж, онлайн руу хүчтэй татагдаж байгаа. Иймээс банкны шилжүүлэг болон гүйлгээ зэргээ квант халдлагаас сэргийл. Квант довтолгооноос сэргийлэх шифрлэлтийн аргыг хэрэглэх шаардлагатай байна” гэсэн сэрэмжлүүлгийг хоёр жилийн өмнөөс хүргэсээр байгаа нь квант компьютерийн аюул хол биш, бидний дэргэд байгааг илтгэж байгаа юм. Тус агентлаг эл халдлагаас сэргийлэхийн тулд судалгаанд асар их мөнгө, хөрөнгө цаг хугацаа зарцуулж байгаа аж. Голланд улс, “Google” компани ч квант компьютерийн заналхийллээс сэргийлж хамгаалалтын шифрлэлтэд анхаарал хандуулж байгаа бөгөөд 2025 онд гэхэд улс орнуудын Засгийн газруудыг квант компьютерийн эсрэг хамгаалалттай болчихсон байвал зүгээр гэдгийг мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд зөвлөөд байгаа юм.

Улс төрийн болон бусад зорилгоор 2026 он гэхэд хамгийн өндөр нууцлалтай гэх мэдээллийг эвдлэх чадвартай квант компьютерийг зохион бүтээх магадлалтай аж. Эхлээд уг компьютер энгийн компани, байгууллага, үйлдвэрийн мэдээллийг эвдэлж нууцлалд нь халдах юм байна. Харин Квант компьютер буюу “D-wave” компанийн Ерөнхий захирал Верна Браунелла “Квант компьютерийн эрин аль хэдийнэ эхэлчихсэн. Хөгжил нь хангалттай биш ч түүний ололт амжилтуудыг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн” гэж мэдэгдээд байгаа юм.

Үүлэн технологи, үүлэн тооцоолол гэх үгс мэдээллийн технологид нэвтрээд удаж байна. Үүл гэхээр сарниад алга болчихдог, барьцгүй гэж үл итгэсэн маягаар хандаж, iPhone дээрх iCloud гэх үйлчилгээнээс болж олон хүн хувийн зураг, бичлэгээ хакеруудад алдсан элдэв хэргийг сөхдөг. Үнэндээ үүлэн технологи шиг найдвартай зүйл үгүй. Уг технологийг бүрэн гүйцэт ашиглаж чаддаггүй, ашиглаж сураагүй хэрэглэгчдийн алдааг л хакерууд отоод сууж байдаг гэсэн үг. Үүнээс улбаалаад үүлэн компьютер гэдэг ойлголт ч гарч ирсэн. Twitter, Face­book, Google зэргийг реклам сурталчилгаанаасаа л ашиг олдог гэж дэлхий нийтээрээ ойлгодог ч энэ мэт онлайн олон нийтийн үйлчилгээнүүд АНУ-ын Засгийн газрын NSA байгууллагад үйлчилдэг PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд байсан нь илчлэгдсэн нь асуудлыг анхаарлын төвд авчраад байгаа юм. Үүнийг энгийнээр өгүүлбэл монголчууд бид тус тусдаа фэйсбүүк хаягтай. Нэг үгээр агаарт та бид тус тусдаа үүл болон дэгддэг гэсэн үг. Өдөр болгон өөрийнхөө нүүр хуудсанд цаг үетэй холбоотой, холбоогүй элдэв мэдээлэл хийж, олон сэдвээр мэтгэлцэж, харилцан мэдээлэл солилцдог. Үүнийг фэйсбүүкийн эзэд ажиглаад Монголын өнөөдрийн байдлыг тэр бүх мэдээллийг базаж өнөөх олон мянган үүлийг бөөгнүүлээд дүгнэсний эцэст чухал гаргалгаа, бодит байдлын талаарх дүн шинжилгээ, хэрэгтэй мэдээллийг NSA-д зардаг гэнэ.

Усан, ууран, тогон, дотоод шаталтын гэсэн дөрвөн технологийн үеийг даван туулаад та бид үүлэн тооцооллын эрин буюу технологийн тав дахь хувьсгалын үедээ явж байна. Одоо зургаа дахь хувьсгал нь эхэлж байгаа юм.

Квант гэхийг нанотай адилтгаж хэмжээс төдий зүйлийг яриад байна гэж бодож болохгүй. Бүх цаг үеэс ялгарч чадах цоо шинэ, хачирхалтай онол дээр тулгуурлан гарч ирсэн ойлголт гэж үздэг юм байна. Атомоос ч жижиг хэмжээнд яригдах тийм өчүүхэн технологи. Атомыг задлаад электрон, нейтрон, протон болдог. Электрон, нейтрон, протоныг цааш задлах боломжгүй гэж үзээд эгэл бөөмс гэж нэрлэсэн бөгөөд үүнээс кварк гэж ойлголт гарч ирсэн билээ. Тэгэхээр эгэл бөөмсөөс ч жижиг зүйл квант компьютер дээр яригдаж байгаа юм. Квант компьютер нь хязгааргүй хэмжээтэй санах ойтой, ямар ч мэдээллийн нууцыг тайлж, тагнуулын зорилготой ямар ч далд мэдээллийг илрүүлэх чадалтай. Тэгэхээр ийм хүчтэй компьютерийн эрин рүү та бид удахгүй орох учраас эрдэмтэд, математикчид “Хэрвээ квант компьютер бүтээгдчихвэл” гэсэн нөхцөлтэйгээр квант криптографийг ч хүртэл боловсруулаад эхэлчихсэн байгаа нь биднийг тайвшруулж байгаа юм.

Квант компьютер бий болох мэдлэг, инновацийн орчин хангалттай бүрдсэн ч бодит амьдрал дээрх физик платформоо л хүлээж байгаа юм. Уламжлалт, бидний одоогийн хэрэглэж байгаа компьютер мэдээллийг тэг болон нэг гэсэн хоёр төрлөөр ээлжлэн шалгадаг бол квант тооллын систем нь мэдээллийг нэгэн зэрэг 0 ба 1 гэж хадгалах учраас өнөөдөр байгаа хамгийн хурдан компьютероос ч хурдан тооцоолол хийнэ гэсэн үг. Ингэхээр ой санамжийн хувьд элдэв өө ярихгүйгээс гадна хурдны хувьд бас ямар ч асуудалгүй.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас есөн хүн гэмтэж бэртжээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 29-ны өдөр нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас есөн хүн гэмтэж бэртжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын нутаг Согоот баг “Устын ам” гэх газар “Sonata-6” маркийн автомашин “Sonata-3” маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр иргэн нас баржээ. Мөн өдөр ЗЦА-наас гудамж, талбайд хийсэн шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг саатуулжээ. Жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ш.Ариунжаргал: Уушгиа цэвэрлэх гол арга нь ууланд алхах

Монголын уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.

-Монголчуудын хувьд өнгөрсөн ная, ерээд жил Европ эм, эмнэлгээр явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд уламжлалт эмнэлгээр эмчлүүлж, тан хэрэглэх нь нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна?

-Тийм шүү. Дэлхий нийтээрээ эмийн бус эмчилгээг сонирхон сонгож үйлчлүүлдэг болсон. Манай улс ДЭМБ-ын гишүүн 191 орны Уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой 25 орны нэг бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд уламжлалт анагаах ухааны эмчилгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн улс. Аль ч шатлалын эмнэлэгүүдэд уламжлалт эмчилгээний тасаг нэгж ажиллаж байгаа. Дорнын анагаах ухааны онцлог нь бие махбодыг нэгдмэл нэг тогтолцоо гэж үзээд өвчтөний өвөрмөц чанар, нас, тамир тэнхээ, амьдралын хэв маяг цаг улирлын байдалд тохируулж эмчилгээг хийдэг.

-Уламжлалт анагаах ухааныг Европ эмчилгээтэй хослуулбал үр дүн нь өндөр гардаг гэж сонссон?

-Уламжлалт анагаах ухааныг өрнийн анагаах ухаантай хослуулж олон төрлийн эмчилгээгүй гэгдэх өвчнийг эмчилж болно. Сүүлийн үед элбэгшээд байгаа бодисын солилцооны эмгэгүүд тухайлбал хэрх, тулай, судасны бөглөрөл гэх мэт эмгэгүүд эмчлэгдэх бололцоотой болсон. Уламжлалт анагаах ухаанаа орчин цагийн эмчилгээтэй хослуулан хэрэглэж чадвал эдгэрэлт удаан тавилан муутай олон өвчнийг эмчилж бас амьдралын чанарыг сайжруулж болно. Даралт ихсэх зүрх судасны дутагдалд орсон, харвалт, саажилт өгсөн тохиолдолд зүү хануур их үр дүнтэй. Зарим мэргэжлийн бус хүмүүс хануур эмчилгээ үр дүнтэйг ашиглаж замбараагүй хатгалт хийж энэ эмчилгээний нэр хүндийг унагаж байна. Хятадад ухаангүй байх үеэс нь комын байдалтай өвчтөнд зүү тавьдаг. Манайд эсрэгээрээ хурц үеийг намдсаны дараа зүү эмчилгээ хийхэд мэдрэлийн эс сэргэхээсээ аль хэдийн өнгөрч саажилт гүнзгийрэх юм уу эсвэл сэргэлт авах нь удаан байдаг. Би дотны хүмүүсдээ харвалтын үед зүү тавьж байсан. Санаснаас илүү үр дүнд хүрч байсан удаатай.

Манайхан Монголдоо эмчлэгдэх бололцоотой нурууны өвдөлт суудлын мэдрэлийн дарагдлыг гадаадад явж эмчлүүлдэг. 53 сая төгрөгөө өгөөд нурууны өвчнөө эмчилж чадаагүй гэсэн хүнийг эмчилж байлаа. Нугас дарагдаж нуруу хугараагүй бол хагалгаанд орох шаардлага байдаггүй. Шморлын ивэрхий суудлын мэдрэлийн дарагдал зүү эмчилгээгээр эмчлэгддэг. Ялангуяа залуу хүмүүс яарч битгий хагалгаа хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Судасны бөглөрөл уламжлалт эмчилгээгээр эмчлэгддэг. Энэ өвчнөөс болж хөл гараа тайруулах хүртэл хүндэрдэг. Үхжил үүсээгүй эрт үед нь хануураар эмчилдэг. Гуяны артерийн бөглөрөлтэй, хөлийн венийн судасны тромбозтой хөл хавдаж өвддөг, явахад хэцүү гэсэн зовиуртай нэг өвчтөн маань ажлаа хийгээд явж л байгаа.

-Ардын эм эмчилгээ, уламжлалт эмчилгээ гэхээр манайхан Хятад, Энэтхэг, Түвдээс гаралтай мэт ойлгоод байдаг. Гэтэл Монголын уламжлалт анагаах ухаан гэж бие даасан ухаан байсан юм билээ. Тэр ч бүү хэл төөнүүр, хануур заслыг Монголоос гарал үүсэлтэй гэж сонссон?

-Дэлхийн анагаах ухааны түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр бол хануур төөнүүр засал эмчилгээ юм. Монгол нутгаас олдсон археологийн олдвороос анагаах ухаан өндөр хөгжиж байсан нь харагддаг. Дайн байлдаан ахуйн холбоотой гэмтлийг эмчилж, тархинд хагалгаа хийж байсан нь Увс аймгийн Улаангом сумын Чандмань уулын булшнаас олдсон гавлын яснаас харагддаг. Аливаа цус алдалтыг төөнөж хавдар хаванг хатгаж эмчилдэг, яс хугарлыг барьж боож анагаасаар ирсэн ард түмэн шүү дээ.

Монголын уламжлалт анагаах ухаанд заслыг үндсэнд нь зөөлөн, ширүүн, хатуу засал гэж гурав ангилдаг. Зөөлөнд жин, шавар, рашаан, ороох, илж барих засал, ширүүнд ханах, төөнөх, хатгах, хатуу засалд хагалах, огтлох, хусах, гаргах гэх мэт үйлдлүүд орох бөгөөд соруул засал нь эмчилгээний бие даасан арга бөгөөд шивүүр самнууртай хавсран хийдэг юм.

-Барууныхан Азийн уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож, биеэ эмчлүүлэх болсон гэсэн. Ер нь химийн гаралтай эм, тарианаас татгалзаж байгалийн гаралтай эм, уламжлалт эмчилгээг шүтэх хандлага бий болчихоод байна уу даа, Европт?

-Баруунд дорно дахины өвдөлт намдаах аргууд ихээхэн дэлгэрч байна. NBA-гийн тамирчид, Холливудын одод бумба тавиулж, зүүгээр өвдөлт намдаасан тухайгаа мэдээлсэн байсан. АНУ 130 сая хүнтэй. Өвчин намдаах эмийн хэрэглээгээр улс нь тэргүүлдэг болохоор Ерөнхийлөгч нь өвдөлтийг хурдан намдаах эмийн бус эмчилгээг дэмжихээ илэрхийлсэн нь сайшаалтай. Манайд харин Америкт хэрэглэхээ больсон Ибупрофен эмийг их хэмжээгээр зарах юм, эмч нар ч уухыг зөвлөөд байх юм. Зүрх судас гэмтээдэг болох нь судалгаагаар тогтоогдсон . Өвчин намдаах үр дүнтэй гол арга бол зүү, бариа байдаг. Тархи доргилтыг хөдөлгөөн хориглож нэгээс зургаан сар хэвтүүлж эмчилдэг бол манайхан барьж эмчилдэг. Шинжилгээ өндөр хөгжсөн энэ үед тааж эм тариа хэрэглэдгээ болих хэрэгтэй. Эмийн буруу хэрэглээнээс болоод нянгийн хоруу чанар ихэсч эмчилгээгүй гэсэн оноштой хүмүүс элбэгшсэн. Их эм тариа бичвэл сайн эмч гэж ойлгодог, хүчтэй эмчилгээг урьдал болгодог байдлыг болих хэрэгтэй. Цус өтгөн байна. Аспирин уу, гепарин тариул гэдэг. Гэтэл энэ эм тариаг насан туршдаа хэрэглээд л явах уу. Уламжлалт анагаах ухаанд цус шингэлдэг тангууд, хануур, зүү, бариа, соруул засал эмчилгээ хийлгэж эрүүл байх боломж байна шүү дээ

-Манай улсын хувьд ч уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж саяхан Төрийн ордонд том чуулган болсон шүү дээ. Ерөнхий сайдын ивээл дор болсон билүү, уг чуулган?

-Энэ сарын 8-нд Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар Их хурал Төрийн ордонд боллоо. Монголчууд дан ганц уул уурхайн баялаг шүтэх биш өв уламжлагдан ирсэн оюуны их ундарга болсон уламжлалт анагаах ухаанаа дэлхийд таниулъя, анагаахын аялал жуулчлалыг хөгжүүлье гэсэн санаачилгууд их хурал дээр яригдлаа. Манайд хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулж эмчилгээний стандартыг баталчихвал ажиллах боловсон хүчин хангалттай бий. Төр засаг минь эрт дээр үеэс бидэнд уламжлагдан ирсэн монгол анагаах ухаанаа ойлгон дэмжиж Монголыг зорин ирэх жуулчид олон болоосой гэж бодож байна.

-Өвчин үүсгэгч нянгууд эм, тариандаа дасаад мутацид орсон болохоор баргийн юманд дарагдахаа болиод байна?

-ДЭМБ хүнд хоргүй, химийн бүтэцгүй ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж аль болох антибиотик, дааврын гаралтай эм тарианаас татгалзахыг уриалсан. 1942 онд антибиотикийг нээгээд зуу гаруй эм шинээр гарсан ч эргээд жар орчмыг нь хэрэглэхийг хориглосон . Манай уламжлалт эмийн үйлдвэрийн зонхилон хэрэглэгддэг тангууд туршилтаар батлагдаад үйлдэл, үйлчилгээ нь хүнд хоргүй зарим эмчилгээгүй гэсэн өвчнийг анагаах чадвартай нь батлагдсан. Гаднаас ирж байгаа байгалийн гаралтай сүлжээний бүтээгдэхүүнүүд ургамлын гэж байгаа ч химийн зарим боловсруулалтад орсон байдаг. Бас үнэ өндөр. Солонгос тангийн хувьд мөн л адилхан түүхий эдээр хийгддэг мөртлөө үнэ нь зуу дахин үнэтэй. Тан сайн мэдэхгүй өвчтөнд үзлэг оношлогоо хийх чадваргүй эмийн харилцан уялдааг зохицуулж чадахгүй сайн дурын уран сайханчид их олширчихоод байна. Үнэхээр хүн эмчлэх сонирхолтой авьяастай бол сурах хэрэгтэй.

-Эмд дасал болно гэдэг шиг танд дасал болно гэж байх уу. Тангийн орц найрлагад эх оронд минь ургадаг эмийн өвс, ургамал байдаг биз дээ?

-Эм танд дасал болно гэж байхгүй. Харин биеийн байдалд зохицуулж танг сольж уух шаардлагатай. Мэргэжлийн хяналтын химийн лаборант “Шахмал эмийг шатаахад гурван өдөр зарцуулдаг. Харин тан бол хурдан шатдаг” гэж ярьж байсан. Миний хувьд шаардлагатай эм тариаг тантай хамт хэрэглэхэд харин ч үйлдэл нь сайжирч эмийн гаж нөлөөг дардгийг мэдэрсэн.

-Өнөө жилийн ханиад шууд л хүндэрч хатгаа болчихоод байх шиг байна. Ханиад томуу дэгдэж байдал хүнд л байгаа бололтой?

-Жил ирэх тусам ханиадны вирус нянгийн хоруу чанар ихэсч байгаа. Эмийн замбараагүй хэрэглээ нэмэгдсэн. Тухайн жил ямар вирусийн халдвар тархаж ямар эмийг яаж хэрэглэх вэ гэдэг зөвлөмж гардаг. Энэ жилийн томуугийн вирус их хурдан хүндэрч ларингит трахей бронхит хатгаа болж байгаа. 39 хэмээс дээш халуурч амьсгаадах, таталт өгөх шинж байвал эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Бага зэрэг халуураад ханиаж байвал эмчид үзүүлээд гэрээр эмчилгээ хийлгээрэй. Аньс, үзэмний шүүс халуун сүү ээлжлэн ууна. “Мана-4” тан халуун бууруулж үрэвсэл дарж дархлаа сайжруулдаг . Уушгины халуун арилгагч “Лоцод”, “Гүнсэл” нян нядлах “Лидэр-7” танг эхэн үед ууна. Архагшаад үе мөч өвдөх шинжтэй бол “Сэндэн”, “Бойгар” орсон тангууд уудаг. Заслаас бумба, бариа утлага хийх нь их үр дүнтэй. Хүүхдийн ханиадыг зөв эмчилбэл дахин дахин тусаад байдаггүй. Европ эм тариа хэрэглэсний дараа урхаг үлддэг тул үргэлжлүүлэн уламжлалт эмчилгээ хийлгэхийг зөвлөе. Хүүхдэд “Үзэм-7” танг байнга өгөх хэрэгтэй. Хүүхдэд давхар витамин D өвлийн цагт өдөр бүр эмчилгээний хэмжээгээр өгч чийг татдаггүй, агаар сайн нэвтрүүлдэг дулаан хувцсаар хувцаслах хэрэгтэй. Хүүхэд хөлрөөд байвал эрдэс, витамин D-гийн шинжилгээ өгч эмчийн заавраар эмчлээрэй. Хүүхэд архаг бронхит юм уу сульдаагаар өвдсөн үед хөлөрдөг.

-Утаанаас болоод эрүүл уушгитай хүн алга болжээ. Уушгиа цэвэрлэх, цэвэр байлгах ямар арга байна вэ?

-Уушги цэвэрлэх гол арга нь ууланд алхах. Шилмүүст ойд хоёр цаг алхахад нус цэр гараад цээж онгойдог. Энэ нь уушги цэвэрлэгдэж байгаагийн шинж. Зуны цагт саам ууж айргаар бие угаах нь ханиаднаас сэргийлэх үр дүнтэй арга даа. Хүүхдийг дулаан цагт бүр хөдөөний цэвэр агаарт хөл нүцгэн сайн гүйлгэж борогшуулбал барагтай ханиад хүрэхгүй, хүрсэн ч нус гоожоод өөрөө аяндаа эдгэчихдэг.

Ханиад ойрхон хүрээд байвал үнэгний уушги, махаар шөл хийж уух тустай. Гэр орондоо байнга чийгтэй цэвэрлэгээ хийж утаа багатай үед агаар оруулж хэвших нь зөв юм. Гэртээ том навчтай, модорхог ургамал тарих нь агаар сайн цэвэрлэдэг. Амьсгалын дасгал байнга хийж, иогоор хичээллэх их үр дүн өгдөг. Түүнчлэн халуун сүү, шөл ууж сайн хөлрөх нь өвчинг гадагшлуулдаг.

Уушги цэвэрлэдэг тан гэвэл “Жуган 25”, “Үзэм 7”, цэр ихтэй үед “Сроол 4”, хий ханиалгатай үед “Агар 8”, хоолой сөөж байвал “Лиш-6”, “Даль 16” хэрэглэнэ. Эмчилгээний хувьд бумба тавьж, зөгийн балтай татлага, зүү, төөнүүр зэрэг нь сайн нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ тааж эм тан хэрэглэхийн оронд эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсний дараа тохирсон эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.


Categories
мэдээ цаг-үе

О.Ганбат: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн төдийгүй нутгийн өөрөө удирдах байгууллагын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбаттай ярилцлаа.

-Аймаг орон нутаг болгон нутаг дэвсгэр, хүн амын төвлөрлөөсөө шалтгаалж эрүү, хэв журмын нөхцөл байдал янз бүр байдаг. Өвөрхангай аймагт нөхцөл байдал ямар байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргаар энэ оны зургадугаар сард томилогдсон. Манай аймаг гэмт хэрэг, зөрчлийн гаралтын хувьд Улсын хэмжээнд I бүсчлэлд хамаардаг. Газар нутаг, хүн ам, эдийн засгийн багтаамж, малын тоогоор улсад тэргүүлдэг баруун аймгуудыг нийслэлтэй холбодог аялал жуулчлалын бүс нутаг учраас эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал харилцан адилгүй хэлбэлзэж байдаг. Ялангуяа зундаа гандуу, намартаа хангайн сумуудаар бороо, цас холилдон орсноос мөстөлт үүсэж улсын чанартай авто зам дээр осол аваар гарах, хөдөөгүүр өвс тэжээлийн хомсдол бий болсноос дотоодын болон гадны аймгуудын отор нүүдэл ихээхэн хийгдэж, малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлага байна. Мөнгөний хомсдлыг дагаад байгальд халдах хүний тоо ихэсч, ажилгүйдлээс үүдэлтэй архидан согтуурах, ахуйн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэх дуудлага мэдээлэл буурахгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийж үзээд аймгийн төвийг гурван бүст хуваан “Хөдөлгөөнт эргүүл”-ийг 24 цагаар ажиллуулж, нийслэлийг баруун аймгуудтай холбосон засмал дээр хувиар гарган цагийн менежменттэй эргүүл шалгалт хийлгэн, цагдаагийн газрын конторын алба хаагч нарыг долоо хоногт нэгээс доошгүй удаа өргөтгөсөн эргүүлд ажиллуулж, сумдын төлөөлөгч, цагдаа нарыг оройн цагаар тогтмол эргүүл шалгалт хийлгэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанарт ихээхэн анхаарч буй нь үр дүнгээ өгч байна.

-Цагдаагийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил юу юунаас илүү чухал. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж, иргэд байгууллагатайгаа яаж хамтарч ажиллаж, ямар үр дүн гарч байна вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь цагдаагийн байгууллага төдийгүй нутгийн өөрөө удирдах байгууллагын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил. Тиймээс ажлаа авсан үеэс эхлэн гэмт хэргээс сурьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг ахиулах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага болох бүх шатны Засаг дарга, ИТХ, захиргааны байгууллага болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Тамгын газрын ажилчдын оролцоотой эргүүл шалгалтыг эрчимжүүлж иргэн хүний эрх ашгийг хамгаалахаас гадна иргэн хүний оролцоотой ажлуудыг хийхээр хичээж байна. Гэвч үр дүн гартал тодорхой цаг хугацаа хэрэгтэй нь харагдаж байгаа юм.

Өнгөрсөн 20 жилд дэлхийн мэдээллийн технологийн салбар бараг гэрлийн хурдаар гэж хэлж болохоор үсрэнгүй хурдан хөгжлөө. Үүнийг дагаад Монголд ч танигдахын аргагүй томоохон өөрчлөлт, хөгжил дэвшил бий болсон. Нөгөө талаараа сайны эсрэг саар зүйл даган хөгжиж шинэ төрлийн гэмт хэргүүд хил хязгаарт үл захирагдан үйлдэгдэж буй. Гэвч үүнийг урьдчилан харах ёстой хууль маань өнөөгийн хэрэгцээ шаардлагаас хол хоцорсон гэж үздэг. Үүнд төр засаг анхаарлаа хандуулж хөрөнгө мөнгө гаргах хэрэгцээ шаардлага байгаа.

-Танай аймагт Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөр хэрэгжээд хэр зэрэг үр дүнтэй байна?

Манайх Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийг баталсан боловч үр дүнд хүргэх зорилгоор хийх ажлууд их байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” захирамжийн төсөл боловсруулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эргүүл шалгалтад гарган аялах дэвтэр, туг аялуулсан. Ингэснээр төрийн байгууллагын ажилчдын хууль эрх зүйн мэдлэг сайжирч, хор уршгийг ухамсарладаг, цагдаагийн алба хаагч нарын ажлын ачаалал, хүнд бэрхийг ойлгодог, тэдэнд дэмжиж туслах ёстойг сурталчилдаг төдийгүй иргэдэд шаардлага тавьдаг болсон. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйл Иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэсэн заалт хэрэгжихэд томоохон ач холбогдолтой ажил болж байна .

Татварын орлогыг бүрдүүлэх иргэний гаргасан зөрчилд нэгэнд оногдуулсан шийтгэлийг эдлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргаар 02 тоот албан даалгавар гаргуулан торгуулийн орлогын бүрдүүлэлт дээр анхаарч ажиллаа. Мөн 2018 онд аймгийн төвийн телекамерыг өргөтгөхөд 640 сая төгрөг баталсан байгаа.

-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ?

-Цагдаагийн албаны тухай хуулиар Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг нэлээд сайн хуульчилж өгсөн гэж боддог. Энэ дотроо Алба хаагчийн баталгаа, Улс төрийн баталгаа, Хууль зүйн баталгаа, Нийгмийн баталгаа, Эдийн засгийн баталгаа болон бусад баталгааг хуульчилж өгсөн нь цагдаагийн алба хаагч тогтвор суурьшилтай хараат бус ажиллах бололцоог бүрдүүлсэн.

Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 83.3 дугаар зүйлд “Засгийн газар цагдаагийн алба хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр баталж, хэрэгжүүлнэ” гэсэн заалтын хүрээнд аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэн цагдаагийн газрын алба хаагч нарыг орон сууцаар хангахад шугам сүлжээ бүхий газраар хангасан бөгөөд аймгийн Засаг дарга Хууль зүйн сайдтай 2018 онд байгуулах гэрээндээ тусган орон сууц барихад санхүүгийн дэмжлэг авахаар хүсэлт хүргүүлж байгаа. Цаашид Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангаж цагдаагийн алба хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх байх.

Миний хувьд алба хаагч нарынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байгаа. Тухайлбал, Цагдаагийн газрын нийт алба хаагч нарын эрүүл мэндийн судалгааг үндэслэн эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөлөөрөө дамжуулж суурь өвчлөлийг оношлох, эмчлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн 87.1. Засгийн газар цагдаагийн алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт байдаг бөгөөд алба хаагч нарынхаа ажиллах орчныг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргад хүсэлт уламжлан “Шинэ Арвайхээр” суурьшлын бүсэд конторын барилгын газар шийдвэрлүүлэн зураг, төсөв хийлгэж 2018 оны Улсын төсөв оруулсан боловч Сангийн Яам 2019 оны төсөвт суулгаж өгөхөөр албан бичиг ирүүлсэн байгаа.

Дараагийн төлөвлөж байгаа зайлшгүй хийх ажлын нэг нь байгууллагын соёлыг төлөвшүүлэх, алба хаагч нарыг стресст өртүүлэхгүй байх алба хаагч нарын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, биеийн жингийн индексийг норматив хэмжээнд байлгах хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, албаны бэлэн байдлыг хангах зорилготой байгаа. Энэ хүрээнд “Хээрийн сургалт дадлагын төв”-ийг хамт олныхоо хүчинд тулгуурлан ЦЕГ болон орон нутгийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Цаашдаа өргөжүүлэн алба хаагч нарын хувийн хаус хотхоныг бариулж Цагдаагийн хотхон үүсгэхээр зураг, төсөв, судалгааны ажлууд хийгдээд явж байна. Эрчим хүчний асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Мэдээж бэрхшээлгүй ажил гэж байхгүй зорилгоо тодорхойлоод зүтгэвэл олон хүний хүчин чармайлтаар үр дүнд хүрэх нь тодорхой.

-Орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын хамгийн тулгамдсан асуудал юу байдаг вэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Би орон нутгийн дарга нараа төлөөлөөд хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Тухайлбал, Шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, алба хаагчдын ажлын ачааллыг харгалзан, алба нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харах. Сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарын ар гэрийг ажлын байраар хангах асуудал ихээхэн хүндрэлтэй байгааг судлан шийдвэрлэх гарцыг олох. Албаны сургалтын чанарт анхаарч сургалт соён гэгээрүүлэх ажил хийхэд боловсон хүчний болон хүний нөөцийн хүндрэл ихээхэн гарч байгааг шийдвэрлэх.

Орчин үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт орсон бүх суурин газруудыг телекамерт холбох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх. Мөн алсын дуудлагын автомашинуудын парк шинэчлэл 2013 оноос хойш хийгдээгүйн улмаас холын дуудлаганд явж байгаа автомашинууд техникийн саатал ихтэй, үүнийгээ дагаад жолоочийн болон алба хаагчийн аюулгүй байдал эрсдлийн өндөр зэргийг дагуулж байгаа нь бидний санааг зовоож байна. Эхний ээлжинд эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэчихвэл бусад нь явцдаа болох ажлууд.


Categories
мэдээ цаг-үе

Б.Нацагдорж: Монгол ноёдын эв түнжингүй байдлаас болж, монголчууд Байгал нуур орчмын газар нутгаа хүн ардтайгаа алдсан

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнгөрсөн долоо хоногт 2017 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулсан. Уг шагналын эзнээр гурван эрдэмтэн тодорсны нэг нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж билээ. Тэрбээр Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалжээ. Тодруулбал, “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт судалгааны номоороо шилдэг залуу эрдэмтний шагнал хүртсэн юм. Тиймээс түүнтэй уулзаж, ХVII зууны үеийн Орос – Монголын харилцааны талаар ярилцлаа.

– ХVII зууны үеийн Монгол-Оросын харилцааны тухай далд байсан мэдээллүүдийг ил гаргасан гэсэн үг юм байна. Тухайн үеийн түүхээс сонирхуулаач. Хэзээнээс уг бүтээлийг бичих болов?

-Монголын түүх гэдэг нь Монгол Улсын түүх юм уу, монголчуудын түүх юм уу гэх асуудал сүүлийн үеийн судалгаанд их гарах болсон. Монгол Улсын түүх гэдэг нь өргөн утгаараа дэлхийн монголчуудын түүх гэж үзэж байгаа. Гэвч дэлхийн монголчуудын тухай ойлголт төдийлөн дэлгэрээгүй, буруу ташаа зүйл их гардгаас болоод манайхан Өмнөд монгол болон буриадуудтай хүртэл яаж хэрхэн харилцахаа мэддэггүй. Ингээд үл ойлголцох асуудал гарсаар байгаа. Тиймдээ ч би магистрт сурч байхаасаа эхлэн дэлхийн монголчууд тэр тусмаа Оросын харьяанд орсон монголчуудын тухай судалгаа хийхийг зорьж эхэлсэн. Угаас энэ чиглэлийн судалгааны ажил гэхээр зөвхөн Зөвлөлтийн үеийн оросуудын бичсэн судалгаанууд л байдаг. Харин монгол хүн бичсэн, монгол сурвалж ашигласан, монголчууд Сибирийг эзэлж авсан үйл явцыг монголчууд өөрсдөө юу гэж үзэж байсан бэ гэдэг талаас нь ямар ч судалгаа, үнэлж дүгнэсэн зүйл байгаагүй. Нэг талыг баримталсан байдаг. Энэ нь үзэл суртал орсон учраас түүхэн үнэнтэй зохицож байгаа эсэх нь эргэлзээтэй. ХVII зуунд оросууд Монголын умард хязгаараар нэвтэрч орж ирээд монголчуудыг харьяандаа оруулж авсан. Би болохоор Монгол талын сурвалжийг Оросын талтай харьцуулж судалгаагаа хийсэн. Миний ашигласан баримтуудаас хамгийн сонирхолтой нь Түвд хэлээр бичсэн “Хариадын гэрийн түүх” хэмээх сурвалж. Энэ сурвалжид ХVII зууны дундуур буюу 1650-иад оны үед Байгал нуурын баруун талын буриад руу Оросуудыг нэвтэрч орж ирэх үед острог буюу шивээ гэх модон цайз бариад алба татвар авч эхэлснийг монгол ноёд эсэргүүцэж буриад нарыг нүүлгэж авчрах ажлыг зохион байгуулсан түүхийг тусгасан байсан. Зөвлөлтийн зүгээс энэ түүхийг бичихдээ Монгол руу дүрвэж зугтаасан буриадууд, Монголын харгис феодалын дарлалд ороод, маш хүнд байдалд орсон учраас арай бага татвартай юм байна гэж буцаад сайн дураараа Орос руу зугтаж очсон гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн үеийн Монгол ноёдын нүүлгэж авчирсан буриадууд бол зугтсан байгаа ч гэсэн ихэнх нь монгол нутагт үлдсэн байдаг. Тэдний угсаа нь одоогийн Хөвсгөл аймгийн урд тал, Завхан аймгийн зүүн, Архангайн хойд талаар нутаглаж байгаа хариад овогтнууд. Бид дэлхийн монголчуудынхаа түүхийг судлахдаа монголчуудыг эзэлж авсан хүмүүсийн эрх ашгийн өнцгөөс бичсэн түүхэн судалгаагаа ашиглахаасаа илүүтэйгээр монголчууд бид энэ үйл явцыг юу гэж харж байсан бэ гэдгийг судлаад, Орос, Хятад зэрэг орны судалгааны баримтуудтай харьцуулж үзвэл жинхэнэ бодит түүх нь тодорно гэдэг санаагаар бичсэн ном байгаа юм.

-Социализмын үед энэ түүхийг яагаад бичиж болохгүй байсан бэ?

-Ойлгохгүйдээ биш, энэ тухай бичих боломжгүй байсан. Нийгэм тийм хаалттай байсан учраас одоог хүртэл бичигдээгүй байлаа. Яагаад гэхээр ЗХУ өөрийнхөө харьяанд оруулсан, улсаа Орос оронд дагаар орсон, Оростой нэгдсэн, Оросын соёлыг сайн, сайхан гэж хүлээж авсан гэчихсэн байсан учир тухайн үед үүнтэй харшлах дүгнэлт гаргах боломжгүй байсан. Одоо бол түүхийн судалгааг илүү бодитоор хийх сайхан цаг ирсэн учраас энэ судалгаа гарч байгаа юм.

-Оросууд бол сайн ах нар гэх үзэл суртлыг бий болгосоор ирсэн. Гэтэл ХVII зууны үеийн түүхээс харахаар эсрэгээрээ байна. Эсрэг харагдаж буй шалтгаануудыг жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Байгал нуур орчмын Монгол нутгийг алдахгүйн тулд монголчууд бүх аргыг хэрэглэсэн. Монголын ноёд Оростой тохиролцох гэж дипломат аргаар ч тэмцсэн. Гэтэл оросууд манай албан ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс 1687 онд халхын ноёд буриадуудыг цэргийн хүчээр нүүлгэж авчиръя гэж шийдвэрлэсэн. Цэрэг явуулсан. Ингэхдээ Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн нуруунаас Эрхүүгийн буриад руу, Сэлэнгийн чиглэлээр одоогийн Улаан-Үд рүү, дорнод Монголоос Нэвчүү шивээ гэсэн гурван чиглэлээр цэрэг явуулсан байдаг. Гэвч тухайн жил их зудтай байсан тул Хөвсгөлийн замаар явсан цэргүүд цасанд боогдоод, буцсан. Уг нь Байгал нуурын ус хөлдсөн үед буриадуудыг нүүлгэж авчрах зорилготой байсан юм. Үүний хамгийн том байлдаан нь 1688 оны өвөл одоогийн Улаан-Үд орчим болсон. Монголын хоёр мянган цэрэг, Оросын талаас Москвагаас томилж ирүүлээд байсан 300-гаад бууч цэрэг байж гурав хоногийн ширүүн байлдаанд аль аль талаас нь их хохирол гарсан. Оросын цэрэг алагдаж, шархдсан нь 200 илүү болж ухран Үдийн шивээнд буцсан. Монгол цэрэг ч их хохирсон байлдааны үеэр Монгол цэргийн удирдагчдын нэг Мэргэн дайчин тайж алагдсан байдаг. Монголын цэрэг ч Байгал нуурыг туулж чадалгүй буцаж ирсэн. Оросын галт зэвсгийн хүчинд дарагдсан. Яг энэ үеэр нь халхын баруун талд дайн байлдаан үүссэн. Галдан бошигт халхын дотоод хямралд оролцоод цэрэг авч ирсэн. Үүнийг Оросын талаас бичихдээ халхын ноёдууд Манжийн өдөөн хатгалгаар Манжийн талд ороод манайхтай байлдаад бүтэлгүй болсон гэж цухас дурдсан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь оросуудаас газар нутаг, ард олноо хамгаалсан тэмцэл байсан юм.

-Монгол ноёдыг оросууд хооронд нь хагаралдуулдаг байсан гэдэг?

-1640 онд монголчууд Монгол-ойрадын их цаазыг батлаад, харийн дайсан ирвэл хамтдаа тэмцэнэ, нэг хуультай, нэг шашинтай байна гэж чуулган хийгээд, эв найрамдалтай байх талаар арга хэмжээ авч тохиролцсон байдаг. Гэвч үүний дараагийн үеийн ноёдууд чуулганы их цаазын энэ үзэл санааг хэрэгжүүлээгүй. Тархай бутархай учраас ноёдууд хааны мэдлээс гарах гэж тэмцээд, хааны захиргаа нэлээд суларсан. Тиймээс эв нэгдэлгүй болсон. Эв нэгдэлгүй байдал нь Орос, Манж зэрэг харийн нэгдсэн, төвлөрсөн засаг захиргаатай улстай харилцахад монголчуудын сул тал болж, маш их хохирол амсахад хүргэсэн. Газар нутаг, хүн ам гээд маш их зүйлийг алдсан. Эвтэй байсан бол Монголын газар нутаг, хүн амыг оросууд эзэлж чадахааргүй л байсан. Тухайн үед ноёдууд үргэлж хоорондоо муудалцдаг, хүчгүй болдог, дайснаасаа тусламж гуйдаг байв. Үүнээс болж хамаг сөрөг асуудал үүссэн гэж ойлгож болно. XYII зуунд оросууд Сибирьт нэвтрээд Орос, Монголын газар нутгийг хүн ардтай нь авч одсон нь үүнтэй л холбоотой. 1688 онд төрийн тусгаар тогтнолоо алдсан учраас Байгал нуур орчмын газар нутаг хүн ардтайгаа Оросын харьяанд орсон.

-Тухайн үеийн Манжийн түүхийн асуудалд зарим судлаачид өөр, өөр байр суурьтай байдаг юм билээ?

-Тухайн үед Орос Манж Чин улстай Хар мөрний хавь газар нутгийг булаалдан хоорондоо дайнтай байсан. Энэ сөргөлдөөндөө аль аль нь монголчуудыг ашиглах сонирхолтой байлаа. Өмнөх үеийн судлаачид үүнийг Манжийн талаас өдөөн хатгаж байсан гэж тайлбарладаг. Бодит байдал дээр монголчуудад ашиг сонирхол байсан учраас Орос, Манжийн харилцаанд оролцсон. Энэ харилцаан дотроос өөрсдийнхөө ашиг сонирхолыг хамгаалж байсан. Түүнээс биш, монголчууд Манжийн эрх ашгийг хамгаалсан юм биш. Гэхдээ монголчууд тархай, бутархай байсан. Халх гэхэд баруун зүүн гар гэж хуваагдаад, баруун гарт нь Засагт хаан, хотгойдын Алтан хаан, зүүн гарт нь Түшээт хаан, Сэцэн хаан гээд нийтдээ дөрвөн ч хаантай байлаа. Энэ ноёдууд нь хаан нэртэй, өөрсдийгөө тоосон. Бусдынхаа үгийг сонсохгүй, бие даасан бодлого явуулж ирсэн. Гадаад улстай харилцахдаа хүртэл ямар ч нэгдсэн бодлогогүй, өөр өөрийн зоргоор байх болсон.

-Нэг талаараа одоогийн төр Засгийн байдалтай төстэй юм. Монголын доройтлын энэ байдал XYII зуунаас эхлэлтэй гэж ойлгож болох уу?

-Улсын одоогийн байдалтай нэг талаараа төстэй харагдаж байгаа боловч яг тийм гэж хэлж болохгүй юм. Эцсийн дүндээ монголчууын ихэнх нь Манж Чин улсын харьяанд орсон. Ингээд 1911 онд Чин улсын төр унахад бид Манжийг дагасан болохоос биш, Хятадыг дагаагүй тусгаар улсаа байгуулсан. Энд зөвхөн Халх монгол биш, Манж чин улсын харьяанд байсан бүх монголчууд Өвөр монгол, Хөлөнбуйр, Хөхнуурын монголчууд бүгд Богд хаант Монгол Улсад дагаар орсон. Тэгэхээр тухайн үеийн монголчуудад Монгол гэдэг үзэл маш эрхэм чухал байсан учраас ингэж бүгд нэгдэж Монгол Улсаа дахин сэргэн мандуулж чадсан юм. Эндээс харахад монголчууд угаасаа эв нэгдэлгүй гэж хэлж бас болохгүй. Эв нэгдэл гэдгийг тухайн үед байх ёстойг хүн бүр ухамсарлаж байсан байна биш үү. Гэтэл одоогийн бид үүнийг тэр болгон ухамсарлаагүйтэй л холбоотой юм болов уу. Улс орон үндэстнийхээ эрх ашиг гэж хандахгүй амин хувийн эрх ашгаа л нэн түрүүнд тавьснаас энэ хямрал эхэлдэг байх.

Түүхэнд ер нь хэрвээ тэгсэн бол тэгэх байсан гэдэг ойлголт байдаггүй л дээ. Гэхдээ зүгээр бодоод үзэхэд хэрвээ бид эв нэгдлээ сахиад хамгаалж чадсан бол тийм амархан өөр улсын харьяанд орохооргүй байсан л болов уу. Хэдийгээр XYII зуунд Манж Чин улс маш хүчирхэг байсан ч гэсэн. Хэрвээ бид өөрсдөө л ямар нэг байдлаар өөрийнхөө гэрийг нураагаагүй бол гадны улс биднийг эзлээд авчихааргүй байсан гэж би бодож байна.

-Манжууд манайхыг дарласан, манж байсандаа монголчууд үлдсэн гээд хүмүүс талцах юм?

-Манайхан туйлшрах дуртай ард түмэн. Туйлын үнэн, туйлын буруу гэж байхгүй. Манж байсан учраас бид хадгалагдаж үлдсэн гэдэг нэг талаар зөв, нөгөө талаар үгүй. Манж биднийг колони болгосон дарамталж мөхөөхийн ирмэгт тулгасан гэвэл бас буруу биш ч туйлын үнэн бас биш. Одоогийн Зүүн хойд Хятадаар нутаглаж байсан, манжуудын өвөг зүрчидүүдийг монголчууд XIII зуунд анх харьяандаа оруулсан. Үүнээс хойш тэд Монголын соёлын нөлөөг хүртсэн. XYII зуунд дахин сэргэн мандаж нэгдсэн төр улсаа байгуулахдаа монгол бичгийг авч хэрэглэсэн, монголчуудын хүчийг ашигласан. Монголын тархай бутархай олон аймгуудыг эв эеэр өөртөө татсан. 1636 онд Өвөр монголын ноёдууд Манжийн хааныг Монголын хаан гэж өргөмжилсөн. Ингээд манжууд монгол цэргийн хүчээр Хятадын Мин улсыг мөхөөсөн, Солонгосын хойгийг илбэн дагуулсан, Түвдийг байлдан дагуулсан, бусад монголчуудыг эзэлж авсан.

XIX зууны эхэн болтол монголчуудын цэргийн хүчийг ашиглаж байсан. Монгол ноёд өөрийнхөө албат ардыг хуучин хэвээр захирсан. Монгол ноёд зөвхөн манжийн хааныг өөрийнхөө хаан болгосон болохоос биш, ямар нэгэн байдлаар өөрчлөлт гараагүй гэж хэлж болох юм. Гэтэл яваандаа манжууд өөрсдөө Хятадын суурин иргэншлийг шохоорхон хүлээн авч хятаджиж эхэлсэн. XIX зууны дунд үеэс эхлээд, Европын хүчирхэг гүрнүүдийн шахалт дарамтанд учирч тэгш бус янз бүрийн гэрээ байгуулан, хар тамхины хоёр удаагийн дайнд ноцтой ялагдаж, ер нь дэлхий ертөнцөөс хоцрогдож эхэлсэн учраас, орчин үежүүлнэ гэсэн бодлого явуулж эхэлсэн юм. Ялангуяа улсынхаа хойт этгээдийн уйгур, монгол зэрэг ард түмний суудаг хагас хараат газар нутгийг Орост алдах нь гэж болгоомжилж байсан учраас XIX зууны сүүл XX зууны эхнээс эхлэн хятад тариачныг Монгол газарт нүүлгэж суурьшуулан Шинэ засгийн бодлого гэдгийг эхлүүлсэн. Тэгэхлээр Манжийн эрхшээлийн эхэн үе, сүүл үе хоёр нь өөр болох нь харагдана байх аа.

-Галдан бошигт, Чахундорж хоёрын үүрэг энэ үед ямар байв?

-Түүхэн хувь хүмүүсийн түүхэнд үлдээсэн үүрэг маш их гэж харж болно. Энэ хоёрын зөрчил их. Чахундоржийн элэнц өвөг Автай сайн хаан Эрдэнэзуу хийдийг байгуулсан. Ойрадыг дайлж, харьяандаа оруулж байсан. Халхын гал голомтыг сахисан. Бид Монголын их хааны байр суурийг залгамжилж байна гэж хардаг байж. Гэхдээ Халхад зөвхөн Түшээт хаан байсан юм биш, баруун гарыг нь тэргүүлсэн Засагт хаан гэж байсан. Халхын баруун гарт Норов Засагт хаан гэдгийг нас барсны дараа хаан ширээг хэн залгамжлах вэ гэсэн тэмцэл самуун гарсан. Түүнээс нь болоод баруун гараас олон хүмүүс зүүн гар руугаа дүрвэж орсон. Шинэ суусан Засагт хаан хүмүүсээ нэхсэнийг Түшээт хаан буцаагаагүй. Тухайн үед Халхын ноёдын өвөг Гэрсэнзийн ахмад хүүгийн угсаа гэдгээрээ Монголын уламжлал ёсоор бол Засагт хаан бас өөрийн биеэ Халхыг тэргүүлэх ёстой гэж үзэж байсан. Энэ мэтээс болж Халхын баруун гарын Засагт хаан ойрадын Галдан бошигтын дэмжлэгийг авах болсон тул Түшээт хаан цэрэг авч дайлаад түүнийг хөнөөсөн. Тэрнийх нь хариуд Галдан бошигт цэрэглэн Халхад нэвтэрч орсон юм. Галдан бошигт дундад Азид их цэрэг дайн явуулсан, цэрэг нь дэг журамтай. Халхын Түшээт хааны цэргийг дийлсэн. Түшээт хаан тэргүүтэй хүмүүс аргагүй Манжийн хааныг дагах болсон. Одоо зарим хүмүүс Түшээт хаан Галдан бошогттой нийлээд Манжийн эсрэг хамтдаа тэмцэх байсан адилхан монгол угсаатай байж гэж буруутгах гэсэн зүйл харагддаг. Тэгэхээр буруутгах гэхээсээ илүүтэй тухайн цаг үеийг өөрөөр харах хэрэгтэй. Бид одоогийн үзэл бодол үнэт зүйлсээрээ тэр үеийн хүмүүсийг шүүх гээд байна гэсэн үг. Зөвхөн Чингисийн угсаа хаан суух ёстой, хааны угсаа алтан ураг гэсэн үзлийг тээгчид зэвсэг зөрүүлэн алах гэж ирсэн дайсандаа дагаж орох уу, аль эсвэл эртнээс харилцаа холбоотой байсан хүчирхэг хааныг дагаж, дайснаа дарж авахыг хүсэх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тухайн үед огт байгаагүй үндэсний үзэл гэдэг орчин үеийн үнэт зүйлийг бид тэдгээр түүхэн хүмүүсээс шаардах эрх байхгүй. Харин энэ түүхнээсээ бодит сургамж авах нь л чухал. Түрүүн хэлсэнчлэн монголчууд эвтэй байсан бол ийм зүйлд хүрэхгүй л байсан.

-Та хаана сургууль төгссөн бэ. Өөрийнхөө тухай танилцуулаач?

-1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн, бакалавр магистраа МУИС-иас авсан, энэ сургуулийн бүтээгдэхүүн. 2010 оноос Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн Монголын түүхийн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар орсноос хойш эдүгээ хүртэл долоо дахь жилдээ Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарт ажиллаж байна. 2016 онд Японы Васэда их сургуульд “XVII зууны Монголын умард хязгаар” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Миний өвөг эцэг Довдонгийн Рэнцэндорж гэж ЗХУ-д Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуулийг 1930-аад онд төгссөн, нам улсын байгууллагад олон жил удирдах ажил хийсэн, эрдэм номтой хүн байлаа. Хүүхэд байхдаа өвөөгийн номын сангаас анх Ш.Гаадамба гуайн “Нууц товчооны нууцсаас” хэмээх их хөөрхөн хавтастай (дотроо бол үлгэрийн ном гэж бодсон хэрэг) жижигхэн номыг олж үзээд уншиж үзсэнд дотор нь харин эртний монгол үг хэллэгийг ардын аман зохиол, түүхэн үүднээс тайлбарласан их сонирхолтой ном байж таарсан. Бидний үеийнхэн монгол бичгээрээ анх сургуульд сурсан болохоор Гаадамба гуайн тайлбарласан зүйлс нь их л сонирхолтой санагдаж билээ. Дараа нь мөн л өвөөгийн номын сангаас “Монгол-татаарууд Ази, Европт” гэдэг номын доторх хавтасны зураг дээрээс Монголын байлдан дагууллын газрын зургийг олж үзчихээд Монгол гэдэг маань ийм том байсан юм уу? гэж гайхах сэтгэл төрж байсан юм. Дараа нь дунд ангид манай анги даасан багш түүхийн багш байсан нь надад их нөлөөлсөн гэж боддог. Сургууль төгсөхийн үед түүхээр явна гэж бодоогүй ч түүхэндээ их дуртай болчихсон байв. Герман хэлний ангид сурч байхдаа түүх сонирхож уншсаар, яваандаа сонирхол минь давамгайлаад түүх рүү орсон доо. Дээрээс нь өөрийгөө, өөрсдийгөө таньж мэдэх гэсэн хүсэл маань ч нэмэр болсон байх. Оюутан, магистрт сурч байх үеэс л Монголын түүх гэдэг нь Монгол Улсын түүх юм уу? Монгол үндэстний түүх юм уу? гэдгийг эргэцүүлэн бодох болсон юм. Түүхийн хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш хүмүүсээс сонсч, эрдэмтэн судлаач багш нартайгаа ярилцаж байхад түрүү ахмад үеийн түүхчид маань энэ талаар анхаарч судалж байсан ч тухайн үеийн үзэл суртлын хүлээсэнд баригдаж, судалгаа дутмаг явж ирснийг олж мэдсэн. Бидний түүх гэдэг маань эзэн богдын үед мандан бадарч дэлхийн түүхийг тодорхойлж явснаас хойш таслагдан таслагдсаар одоогийн манай Монгол Улсын хил хязгаарын хүрээнд баригдаж үлдсэн түүх болсон юм байна. Чухам эндээс л бид түүхээ дутуу мэдэж байгаа юм шиг, түүнээс болоод олон зүйлийг төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм шиг санагдаж эхэлсэн юм л даа. Ингээд л нэгэнт монгол үндэстний хүү болж төрсний хувьд түүхийн судалгаа хийж буй эрдэм шинжилгээний ажилтны хувьд үзэл суртлаас ангид, шинжлэх ухаанд, үнэнд ойр судалгаа хийе гэж бодож одоогийн Орос дахь буриад, тува, халимагууд, Хятад дахь монголчуудын тухай, Манж Чин улсын ноёрхлоос өмнөх Монгол-Оросын харилцааны тухай судлах болсон юм. Гэвч энэ судалгааны материал, эх хэрэглэгдэхүүн голдуу орос, манж, хятад хэлээр монголчуудыг хуваан захирсан хоёр улсын төр засгийн бодлого чиглэлийг тусгасан байх нь их. Тиймээс монголчуудын өөрсдийнх нь сурвалж бичиг, бичиж үлдээсэн түүхэн ой санамж зэрэгт холбогдох материалыг чадлын хэрээр цуглуулж “XVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” гэдэг ном болгож хэвлүүлсэн юм.


Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд ажиллана

Хилийн боомт зурган илэрцүүд

Монгол болон хоёр хөршийн автозамын хилийн боомтууд өнөөдөр, маргааш ажиллана. Монгол, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдөр автозамын хилийн боомтууд ажилладаггүй. Энэ дагуу Замын-Үүд авто замын боомт өчигдөр буюу энэ сарын 29-нд амарсан. Харин 1-р сарын 01-нд амрана. Мөн Буянт-Ухаа агаарын замын боомт Олон улсын нислэгийн хуваарийн дагуу, Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт Олон улсын галт тэргийн цагийн хуваарийн дагуу, Алтанбулаг замын боомт амралтгүйгээр ажиллах юм.