Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Цойдон, Дөрөө нуурын ширгэж байгаа шалтгааныг тогтоожээ

БОАЖЯ-наас Хөвсгөл аймгийн Цойдон, Дөрөө нуур ямар шалтгааны улмаас ширгэж байгааг тогтоох судалгааны ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Уг ажлын хэсгийнхэн нууруудын орчимд экосистемийн судалгаа хийсэн тухай ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тэд байгалийн элементүүдийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж, нуурууд ширгэж байгаа шалтгааныг тогтоосон байна.

Судалгааны явцад нуурууд орчмын экосистемд хүний үйл ажиллагаа, бэлчээрийн даац, зам, харилцаа, ус ашиглалт сөргөөр нөлөөлж буйг тогтоож, бэлчээрийн даац, экологийн чадавхийн зураглал хийж, судалгааны үр дүнд суурилсан нуур хамгаалах менежментийн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, сургалтын модуль гаргасан байна. Энэхүү сургалтыг 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн орон нутагт хийх юм. Ажлын хэсгийн хуралдаанд БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХААИС-ийн багш, эрдэмтэд оролцсон юм.

Categories
гадаад мэдээ

Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг ОХУ дэмжиж ажиллана

Image result for АвлигаОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч нартай хамтран Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азиз ба Ханхүү Мохаммед бин Салманы эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Тус сангийн дарга Кирил Дмитриев “Энэ алхам Саудын Арабын Вант Улсыг нээлттэй болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ манай хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн хэлжээ.

Энэ сард Саудын Араб нь том хэмжээний авлигын хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар хааны гэр бүлийн 11 гишүүн, одоо ажиллаж байгаа 4 сайд болон өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн сайдыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үр дүн тус улсад 100 тэрбум гаруй доллар авлигын замаар завшигдсан болохыг тогтоогоод байна. “The New York Times” сонинд Саудын Арабын Ханхүү Мохаммед бин Салманы мэдээлснээр 2015 оны эхээр Хаан Салман бин Абдул Азиз дээд түвшин дэх авлигын хэргийн талаар мэдээлэл цуглуулах үүрэг өгсөн бөгөөд үр дүнд нь 200 гаруй хүний нэрс ил болсон байна. Одоогоор авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа хүмүүс бүгд шүүх хурлаас өмнө хөрөнгөөсөө буцаан өгөх зэргээр хэргээ шийдвэрлүүлэхийг илүүд үзэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Олон нийтийн дэд зөвлөл “Санхүүгийн тайлан зөрүүтэй байхад эерэг дүгнэлт өгсөн” зөрчил илрүүлжээ

Авлигатай тэмцэх газрын авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн Завхан аймаг дахь гишүүдээс мэдээ ирүүлжээ.

Завхан аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн болон Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн шилэн дансны мэдээллийг шалгаж үзжээ. Засаг даргын нөөц, сан болон Замын сангийн хөрөнгийн зарцуулалтыг тусад нь салгаж мэдээлээгүй бөгөөд нийт төсвийн хөрөнгийн зарцуулалтын дүнд оруулсан байжээ. Дээрх сангуудын төсөв нэр заагдан батлагддаг учир тусад нь мэдээлэх шаардлагатай гэж Олон нийтийн дэд зөвлөлөөс холбогдох албан тушаалтнуудад зөвлөсөн байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн болон гүйцэтгэлийн мэдээллийг хугацаа хоцроосон, хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэлийг бүрэн мэдээлээгүй зөрчлийг арилгуулж, дахин гаргуулахгүй байхад анхааран ажиллаж байгаа гэжээ.

Улиастай сумын нэг дүгээр цэцэрлэг нь шилэн дансны цэсдээ шаардлагатай мэдээллийг байршуулаагүй, аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийг хугацаа хожимдуулсан байна.

Түүнчлэн аймгийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцаж, тендер шалгаруулалт, тендерт оролцох байгууллагын санхүүгийн тайланд аудитын дүгнэлт өгсөн аудитын компанийн дүгнэлт бодитой эсэх талаар дүн шинжилгээ хийхэд 3 тендерт оролцсон нэг байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон санхүүгийн тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байхад эерэг дүгнэлт өгсөн байна. Эдгээр зөрчлийг арилгах, тендерт оролцогч байгууллагын тайлан, аудитын дүгнэлт үнэн зөв, бодитой эсэхийг хянаж байх зөвлөмжийг өгчээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгостой харилцаагаа таслахыг дэлхийн бүх улсад уриаллаа

Энэ долоо хоногийн лхагва гарагт шилжих шөнө баллистик пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгостой худалдааны болоод дипломат харилцаагаа таслахыг АНУ “бүх улс орон”-д уриаллаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Пхеньянд нефть нийлүүлэхээ зогсоохыг Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс хүссэн” гэжээ. Хатагтай Н.Хейли цааш нь ярихдаа “АНУ дайтахыг хүсэхгүй байна. Хэрвээ дайн дэгдвэл Умард Солонгосын дэглэм бүрэн мөсөн устгагдах болно” гэсэн байна.

Энэ оны есдүгээр сарын 15-наас хойш нам гүм байсан Умард Солонгос ээлжит пуужингаа лхагва гарагт шилжих шөнө харвасантай холбогдуулан АНУ ийн анхааруулга өглөө.

Умард Солонгос өчигдөр мэдэгдэл хийхдээ “Манай улсын лхагва гарагт шилжих шөнө туршсан “Хвасон-15” пуужин 4475 км-ийн өндөрт буюу Олон улсын сансрын станц ажиллаж буй тойрог замын өндрөөс 10 гаруй дахин өндөрт хүрсэн” гэжээ.

Умард Солонгосыг ийм техник хийж чадсан гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

Гэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “Бид “гайхамшигтай амжилт”-д хүрлээ” гэж өчигдөр бахдан мэдэгджээ.

АНУ-ын төлөөлөгч Н.Хейли “Умард Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалга бүс нутгийн байдлыг тогтворгүй болгохоос өөр зүйлд хүргэхгүй. Хятад улс Умард Солонгост илүү шахалт үзүүлж, нөлөөлөх хэрэгтэй байна” гэжээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсан. Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд чадах бүхнээ хийхийг түүнд уриалсан” гэжээ.

Хятад бол Умард Солонгосын хамгийн том холбоотон, худалдааны хамгийн чухал түнш нь юм.

Д.Трамп мөн өчигдөр Миссури муж улсад татварын шинэчлэлийн талаар үг хэлэх үеэрээ Ким Жөн Уныг “өвчтэй гөлөг”, “пуужинтай жижиг залуу” гэж хочилсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгт 36 хүнийг сэжигтнээр татан мэдүүлэг авчээ

-ЭНЭ ОНД ЗАМЫН-ҮҮД СУМАНД 10 ГАРУЙ ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН БАЙНА-

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 28 хонож байна. Одоог хүртэл охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр. Өмнө нь манай сонины тусгай сурвалжлах баг энэ хэргийн талаар газар дээр нь очиж, мэдээлэл бэлтгэн сурвалжилсан билээ. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.

СУРАГГҮЙ БОЛСОН Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЭРЭЭН ХОТООС ОЛДСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДЛАА ГЭВ

Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн гэж эрэн хайх ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар мэдээллээ. Тэрээр “Энэ сарын 17-ны өдөр дугаараа нууцалсан иргэн бидэнтэй холбогдож охин Эрээн хотод байна гэсэн мэдээлэл өгсөн. Бид энэхүү мэдээллийн дагуу Эрээн хотын цагдаагийн газартай холбогдож, улмаар газар дээр нь очиж ажиллуулахаар албан хаагчдаа томилсон. Хожим нууцалсан дугаарыг нь илрүүлтэл энэхүү дугаарын эзэн Эрээн хотынх биш, бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй иргэн байсан. Ингээд дугаараа нууцалсан этгээд рүү эргүүлэн холбогдоход таамаг дэвшүүлж залгасан гэсэн тайлбар өгсөн. Үүнээс болж гадуур сураггүй алга болсон охиныг Эрээн хотоос олсон гэх худлаа мэдээлэл цацагдсан. Энэ мэт эрлийн ажиллагаанд хуурамч дуудлага, худлаа мэдээлэл ирүүлэхгүй байхыг хүсэж байна” гэлээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурвалжлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр: ЯГ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МАНАЙ СУМАНД ШАЛГАГДААГҮЙ, ОРХИГДУУЛСАН ГАЗАР, ОБЪЕКТ ҮЛДЭЭГҮЙ

Энэхүү өргөн бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааны үеэр өөр хэд хэдэн төрлийн гэмт хэрэг илрүүлэн, шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тухайлбал, эрэн хайх ажиллагаанд оролцож байсан зарим хүмүүс иргэний хувийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халдаж, нэгжлэг хийсэн айлаасаа эд зүйл хулгайлсан тохиолдол гарсан тухай мэдээлж байна. Тиймээс Замын-Үүд сумын цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн бүрэн бүрэлдэхүүнээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ. Мөн эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед эрэгтэй 13 настай хүүхдийн цогцос олдсон гэх мэт хэргүүдийг илрүүлж, шалгаж буй юм. Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай холбогдлоо. Тэрээр “Манай суманд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Яг одоогоор Цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа болохоор хэрэгт холбоотой зарим нэг зүйлийг нууц байдалтай явуулж байна. Надад өгсөн мэдээллээр энэ хэрэгтэй холбоотой янз бүрийн таамаг төдий мэдээллүүдийг хумьж, судлаж байна гэсэн. Эрэн хайх ажиллагааг эхнээс нь их өргөн хүрээнд явуулсан. Олон удаагийн давталжтайгаар айл, өрхүүдийг шалгаж, үзлэг хийж байна. Мөн манай суманд эрж хайх боломжтой бүх газруудыг шалгасан. Хөдөө байх айлын өвөлжөө, хаваржаагаар ч явлаа. Сумын төвийн ойролцоох суурин, балгас, хүн орогнож болох бүх газраар явсан. Мөн үнэг, шувуу эргэлдэж буй газруудаар өдөр нь дурандаж, шөнө нь гэрэлтүүлж, эрэн хайсан. Хилийн цэргийн ангиудад асуудал тавьсан. Бүх аймаг, сумдын удирдлагууд энэхүү хэргийг мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд гэмт хэрэгт холбогдож байсан болоод холбогдож болзошгүй нөхдүүдийг судаллаа. Цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээдүүдээс шалгаж, тодруулах ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Төмөр зам дагасан бетонон хоолой, суваг, шуудуу, муу усны хаягдал нүх зэрэг газруудыг дахин сайтар шалгаж, самнаж байна. Мөн Сайншанд суманд эрлийн ажиллагааг явуулж байгаа. Охиныг алга болсон өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд явсан 275 дугаар галт тэрэгний 40 гаруй үйлчлэгч, ажилчидтай уулзаж, охины талаар мэдээлэл цуглуулсан зэрэг ажлуудыг өнөөдрийг хүртэл зохион байгуулалтай хийж байна. Бага насны хүүхдэд мөнгө өгье, чихэр өгье хэмээн дуудаж уулздаг жижиг машинтай хүмүүс байдаг гэсэн мэдээллийн дагуу сумын төвийн сургуулийн сурагч нартай уулзаж, асуудал дэвшүүлэн шалгаж байна. Мөн сумын төвийн хогийн цэгийг том автомашинаар хэд хэдэн удаа түрж, ухаж, сэндийчиж үзлээ. Алга болсон охины хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг шалгаад дуусч байгаа гэсэн мэдээлэл байна. Хилийн цэргийн сургалтын хашаа нь дотор болоод эдийн засгийн чөлөөт бүсийн хашаанд самналт хийж үзсэн. Өнөөдрийн байдлаар манай сум, орон нутагт шалгагдаагүй, орхигдуулсан газар, объект үлдээгүй. Бүгдийг нь л дахин шалгаж үзсэн ч одоог хүртэл охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирсэнгүй. Энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир цаашид ямар арга барил, зохион байгуулалтаар ажиллах нь цагдаагийн мэдэх асуудал болсон. Бидэнд ямар чиглэл, ажиллагаагаар энэхүү хэргийг мөрдөж байгаа нь нууц байна. Алга болсон охины аав, ээж, ар гэрийнхэн нь одоогоор хувиараа эрлийн ажиллагаа хийж, зөн билэгтнүүдтэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Сум, орон нутгийн зүгээс эдгээр хүмүүст шаардлагатай техник хэрэгслээр туслаж байна” гэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржав: СУРАГГҮЙ БОЛСОН Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД 36 ХҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАН, МЭДҮҮЛЭГ АВСАН

Энэ онд гэхэд Замын-Үүд суманд 10 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд одоогоор эдгээр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эдгээр гэмт хэргийн хохирогчид нь 6-14 насны хүүхдүүд байсан хэмээн албаны хүмүүс ярьж байна. Жилд давхардсан тоогоор хоёр сая гаруй хүн Замын-Үүд сум, Эрээн хотын чиглэлд зорчдог гэсэн судалгаа бий. Энэхүү хөл хөдөлгөөн Замын-Үүд сумын иргэдэд олон аюулыг дагуулж байгааг нутгийн оршин суугчид хэлж байсан юм. Энэ талаар болоод алга болсон охиныг эрэн хайх ажиллагааны үеэр ямар, ямар гэмт хэрэг, зөрчил гарсан талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржаваас тодрууллаа. Тэрээр “Сураггүй болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажил үргэлжлэн явагдаж байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор 36 хүнийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан. Мөн энэхүү хэргийг мөрдөн шалгах үеэр эрэгтэй 13 настай хүүхдийн цогцос олдсон. Талийгаач энэ сарын 10-ны өдөр найзындаа хонохоор гэрээсээ гарсан байсан. Нутгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачийн цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтооход газ үнэрлэн нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар энэхүү хэргийг давхар шалгаж байна. Харин эрэн хайх ажиллагааны үеэр хүчингийн болоод хүний амь настай холбоотой, хүний наймаа, хүүхдийн хулгай зэрэг онц ноцтой гэмт хэрэг гараагүй. Гадуур цацагдаж буй хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэв.

Э.ТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

Томуу, томуу төст өвчин нь цочмог эхэлж 38°С орчим халуурах, ханиалгах,толгой өвдөх,хоолой өвдөх, үе мөч, булчингаар шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын эмнэл зүйн шинжээр илэрдэг.

Томуугаас гадна томуутай төстэй амьсгалын замын цочмог өвчлөл үүсгэдэг олон төрлийн вирусүүд байх бөгөөд дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 2 шинж тэмдэг илэрсэн бол түүнийг томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог өвчин гэнэ. Үүнд:

-Хамрын үрэвсэл(хамар битүүрэх, ус гоожих, нусгайрах)

-Хоолой өвдөх(сөөх, улайх, хөндүүрлэх, идээлэх)

-Ханиалгах (халууралттай/халууралтгүй)

Томуугийн өвчлөл ихсэхээс өмнө урьдал байдлаар томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчлөл гарч, аажим нэмэгдсээр томуугийн дэгдэлтэд хүргэж, дэгдэлтийн дараа ч үргэлжлэн гарсаар байх хандлагатай байдаг.

Томуу болон АЗЦӨ, томуу төст өвчин нь эдгээр өвчтэй, халдвартай хүнээс:

– Агаар дуслаар – ханиах, найтаах, ярих үед болон сэлгэж, халдваржуулаагүй өрөө тасалгааны агаар зэргээр амьсгалын замаар халдварлана,

– ахуйн хавьтлаар – өвчтэй, халдвартай хүний бохир гар, аяга халбага, тоглоом, алчуур, гар утас, утасны харилцуур зэргээр дамжин халдаг байна.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх арга:

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижууллаа

Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой боллоо. Мөн явган аялагчид ууланд гарахаас өмнө ойр орчим байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийдэг учир Чингэлтэй дүүргийн иргэдийн орлогод тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Тохижилтын нээлт арванхоёрдугаар сарын 1-ний 10:00 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирж тохижилтын ажилтай танилцан хамт цэвэр агаарт алхахыг урьж байна.

Алхалт Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1,5 км зайтай Чингэлтэй Зүрх уулын амнаас эхэлнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8.4, 17.14, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул дээр дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна. Мөн уг газарт барих барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хүчингүй болгож, холбогдох мэдэгдлийг зохих журмын дагуу иргэн Ц.Батбаатарт хүргүүлэхийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ. Иргэн Ц.Батбаатар нь анх уг эзэмшлийн газар дээрээ 18.0х8.0 метр хэмжээтэй барилга барихаар Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авсан боловч барилгын ажлын зураг төсөл дээрээ тэнхлэгээр 25.0х11.0 метрийн хэмжээтэй буюу барилгын суурийн хэмжээгээ томсгон магадлал хийж, энэ дүгнэлтээ Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулан барилгын ажлаа эхлүүлсэн нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 1.6 дах заалт, 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээ зөрчигдөж, оршин суугчдын ая тухтай амьдрах хэвийн нөхцөлийг алдагдуулахад хүрээд байсан байна.

Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэн Ц.Батбаатарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг Нийслэлийн газрын албанд, уг газрыг нийслэлийн гудамж, зам, талбайн 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд тохижуулж, үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглох захирамж гаргаж байсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн бололтой. Түүнийг өчигдөр орой гэрээс нь саатуулан баривчилсан ба “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлжээ. Албан бус мэдээллээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, мөнгө хэвлэсэн зэрэг үйлдлийг шалгаж байгаа аж.

Мөн “Хөгжлийн банк”-ны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой хэдий ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх бөгөөд дээрх бондуудын хөрөнгө гадаадаас ам.доллароор орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь шамшигдуулсан байх магадлалтай гэж сэжиглэж буй бололтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол-Словакийн бизнес форумыг зохион байгуулав

Монгол-Словакийн бизнес форумыг зохион байгуулавМонгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын бизнес форумыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулав.

Арга хэмжээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини нар нээж үг хэлэв.

Форумын үеэр Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, Словакийн хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлагаас хоёр талын эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив.

Монгол, Словакийн бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд Монголын талаас “Гурван Уул Мандал”, “Сентерра Гоулд Монголия”, “Юнител”, “Бэрэн групп”, “Мегаватт”, “Монгол эм импекс”, Монгол Банк, Хаан банк зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, холбоодын төлөөлөл оролцлоо.

Словакийн талаас “Novas Machinery”, “DB Biotech”, “Solar Slovakia”, “Scout Aviation”, “International Investment Bank” зэрэг машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, цахилгаан холбоо, банк санхүүгийн салбарын 27 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож Монголын талын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол-Словакийн Бизнес форумын үеэр “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига нар гарын үсэг зурсан.