Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсодном: Бодлогот баатар Цэнд гүн “Юань гүрний нууц түүх”-ийг монгол хэлнээ хөрвүүлэх адармаатай ажлын анхны шанг татсан

Богд хаант Монгол Улсын гадаад яамны дэд сайд Цэнд гүн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс анхлан хөрвүүлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. “Монголын нууц товчоо” судлалд Цэнд гүний оруулсан хувь нэмэр, амьдрал тэмцлийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.

– Богд хаант Монгол Улсын гадаад яамны дэд сайд Цэнд гүн гэж ямар хүн байв. Энэ талаар яриагаа эхэлье?

-Цэнд гүн бол 1875 онд Өмнөд Монголын Хөлөнбуйр аймагт Бавуудайн гутгаар хүү болон мэндэлсэн. Багаас гэрийн багшаар буюу бие даан хятад, монгол, манж бичгийг сайн эзэмшсэн тул Хөлөнбуйрын амбан яамнаа бичээч, тус яамны зүүн тэнхимийн даргаар ажиллаж байжээ. Улмаар Богд Хаант Монгол Улсын Засгийн газарт бичээчээс эхлээд яамны сайд болтлоо тушаал дэвшин ажиллаж байсан юм. Тэрбээр 1913 онд Долнуурын цэргийн хуаранд томилогдон байх үедээ Манлай ван Дамдинсүрэнгийн хамт Долнуурын байлдаанд оролцож гамин цэргийг цохиход идэвх зүтгэл гаргасан байна. Богд хаан түүний энэ гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Бодлогот баатар гүн” хэмээх цол хүртээсэн юм билээ. Бодлогот баатар гүн Цэнд ном зохиол уншиж судалдаг, бичгийн өндөр соёлтой, Монголын эртний хэл, хятад, манж хэлнээс гадна солоон, дагуур, орчоон хэлийг сайтар эзэмшсэн нь Монголын нууц товчоог орчуулахад нэмэртэй байсан болов уу.

-Бодлогот баатар гүн Цэнд “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс анх орчуулах болсон түүхийг эргэн дурсвал?

-Профессор Ж.Цэвээн 1909-1910 оны үед Хятад улсад эрдэм шинжилгээний томилолтоор ажиллаж байх үедээ шинэхэн барлагдсан Е Дэхуйн Нууц товчооны 12 дэвтрийг олж ирсэн байгаа юм. Ж.Цэвээн гуай үүнийг Цэнд гүнд танилцуулахад тэрбээр хятад бичгийн хэлийг чадамгай эзэмшсэн бичиг цэргийн сайн түшмэл хүний хувьд тэр чухал судрыг ихэд олзуурхан сонирхож монгол хэлнээ хөрвүүлэхээр шийдсэн байна. Ийнхүү Цэнд гүн Монголын нууц товчоог хөрвүүлж, “Нууц товчоо” судлалын анхны шанг татаж, гол ажлыг нугалсан гэж хэлж болно.

-“Монголын нууц товчоо”-ны тухайд хятад хэл дээр хэд хэдэн эх байдаг гэж сонссон. Ж.Цэвээн гуайн олж ирсэн, Б.Цэнд гүний орчуулсан эх аль нь байсан бэ?

-Тийм. “Монголын нууц товчоо” буюу “Юань улсын нууц түүх” нь Цянь Дасиний оршил бичсэн 15 дэвтэр болоод Гү Гуаньчи, Е Дэхуй нарын 12 дэвтэр бүхий гурван хувилбартай. Эдгээрээс Е Дэхуйн эх бол Хятад дахь хамгийн тулхтай эх тул Нууц товчоо судлагчид энэ эхийг голлож судалсан байдаг. Үүнийг Цэнд гүн барьж авч, анх удаа монгол хэлнээ чамгүй сайн буулгасан гэдгээрээ яалт ч үгүй гавьяатай хүн юм. Цэнд гүний дараа Өмнөд Монголын нэрт зохиолч Хишигбат, Алтан-Очир зэрэг эрдэмтэд тус тус орчуулсан байдаг.

-Цэнд гүний хөрвүүлэг анхных гэдгээс гадна өөр юугаараа онцлог байв?

-Тухайн үеийн Монголын нууц товчооны бусад хөрвүүлэгтэй харьцуулахад уг зохиолын үг ухагдахууныг аль болохоор бүрэн бүтэн буулгахыг чармайсан байдаг. Үүнийг батлах нэгэн баримт бол Нууц товчооны зүйл бүрийн төгсгөл дэх хятад хэлээр бичсэн товч тайлбар өгүүллүүдийг нэгд нэгэнгүй бүрнээр орчуулж оруулсан онцлогтой. Хэдийгээр хятад галиг үсгийн хэлний үзүүр, дундуур, угаар дуудахыг заасан нэмэлт тэмдгүүдийн утга чанарыг ухаарч, тэр бүр нарийн тусгаж чадаагүй ч Мин улсын үед тэрлүүлсэн нангиад галиг үсгээс монгол бичигт хөрвүүлэх адармаатай ажлын анхны шанг татаж, уг зохиолын арвин ургацыг хураахад өөрийн хувь нэмрээ оруулсныг хойч үе мартах учиргүй юм. Үүнээс гадна Б.Цэнд гүний бас нэг онцлог бол гурван үеэрээ Монголын нууц товчоог судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, Цэнд гүний хүү Элдэнтэй, Элдэнтэйн Ардайжав нар Монголын нууц товчоог судалж, Нууц товчоо судлалд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан юм.

-Цэнд гүний хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”-ны бичмэл эх Санкт-Петербургийн номын санд хадгалагдаж байдаг гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ тухай Цэнд гүний охин түүхч Хандсүрэн гуай Б.Ренчин гуайгаас тухайн үед тодруулж байсан юм. Б.Ренчин гуай хэлэхдээ, “Ж.Цэвээн таны аавын орчуулгыг ЗХУ-д хэвлүүлэх санаатай авч явсан байх. Тэгээд Ж.Цэвээн баривчлагдаж, түүний юмыг хураах үед таны аавын орчуулга хамт байж байгаад тэр фондод очсон болов уу” хэмээн таамагласан байдаг. Гэхдээ энэ нь тухайн үеийн зарим баримтаас зөрж байгаа юм. Тухайлбал, Б.Цэнд гүний гар бичмэлийн “Юань улсын нууц түүхийн өмнөх оршил” гэсэн эхний хуудсанд дарсан номын сан хөмрөгийн тэмдэг, дугаар бүхий “ИНВ.1936г.№325, Ж VI.I” тэмдэглэгээ байснаас үзвэл Ж.Цэвээн 1936 онд Дорно дахины судлалын хүрээлэнгийн бичмэлийн хөмрөгт зургаан хавтас зүйл шилжүүлсний нэг нь “Монголын нууц товчоо”-ны эх ноорог байжээ. 1936 онд Ж.Цэвээн гуай баригдаж хоригдоогүй, харин ч шинжлэх ухааны докторын зэрэг хүртэж явсан цаг үе юм шүү дээ. Ер нь профессор Ж.Цэвээн аливаа ховор чухал, шинэ сэргэг зохиол бүтээл ялангуяа түүний бичмэл эхийг улсын сан хөмрөгийн газар хадгалуулах нь эрхбиш баталгаатай гэсэн холын бодлоготой хүн байсныг Ц.Дамдинсүрэн багш надад ярьдаг байсан. Үүний ачаар Цэнд гүний энэ чухал туурвилын эхийг зориуд хадгалуулсан гэдэгт би эргэлздэггүй юм.

-Түүхэн гавьяа байгуулсан энэ хүний талаар өнөөгийн залуус тэр бүр мэддэггүй. “Монголын нууц товчоо”-г монгол хэлнээ анхлан хөрвүүлсэн 100 жилийн ойг “Монголын нууц товчоо” судлалын төв хэрхэн тэмдэглэж, олон нийтэд таниулж байгаа вэ?

-Санктпетербургийн номын санд хадгалагдаж буй түүний гар бичмэлийг бүрэн эхээр нь нийтэлсэн “Цэнд гүний хөрвүүлсэн Монголын нууц товчоо” гэх номыг үр хүүхдүүдийнх нь дэмжлэгээр олон нийтэд хүргэхээр хэвлүүлсэн байгаа. Үүнээс өмнө 2015 онд “Эх бичиг” сэтгүүл нэг дугаараа Цэнд гүний мэндэлсний 140 жилийн ойд зориулан бэлтгэсэн. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нэгэн гудамжийг Цэнд гүний нэрэмжит болгосон байдаг.

-“Юань улсын түүх”-ийг тухайн үед Мин улс яагаад ингэж чухалчлан бичсэн юм бол гэдэг бас сонин санагдаж байна л даа?

-Хятадад нэг төр солигдоход түрүү төрийнхөө түүхийг бичдэг уламжлал байсан учраас Мин улс Юань улсын түүхийг бичсэн байдаг. Ерөнхийд нь ингэж ойлгож болох ч нөгөө талаас яагаад хятад хэлээр Монголын том зохиолыг үг үсэгчлэн ингэж нарийн галиглаж, орчуулах болов гэдэг бас сонирхолтой. Энэ талаар хүмүүс тэр бүр яриад байдаггүй. Уг сүнс нь бол Юань улсын үед монгол хэл их хүчтэй, одоогийн англи хэлд арай хүрэхээргүй ч олон улсын хэмжээний хэл байж. Дипломат элчингүүд Чингисийн алтан гэрэгэ пайзыг харуулаад давхидаг, Дундад Ази, Иран, Перс цаашлаад Ватикан улс Монголоор захиа бичиж харилцдаг байсан юм. Тийм ч болохоор Ватиканы архивт Өлзийт хаан, Аргун хааны захиа одоог хүртэл хадгалагдаж байна. Тухайн үед Юань улс мөхөж, Мин улс гарч ирэхэд хятад хэлийг дэлхийн зах зээлд хэн ч ойлгодоггүй байж. Мин улсын анхны хаан их айхтар хүн байсан тул монгол хэлийг сурч, судлах, ноёд, худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст зааж сургахыг зарлигдсан юм. Үүний тулд унших бичиг, сурах бичиг гаргах шаардлагатай болсон. Анх ийм зорилгоор, хааны зарлигаар “Юань улсын нууц түүх”-ээс гадна “Юань улсын таван толь бичиг”-ийг туурвиж байжээ.

Үүнийг мэдээж хятад, монгол хэлийг өв тэгш мэддэг хүн буулгах хэрэгтэй. Тэгэхээр Юань улсын үеийн шалгарсан сайн түшмэлүүд болох Хуа Ин Гэ, Ма Ша Хэ гэсэн хоёр хүнийг буулгасан гэж эрдэмтэд үздэг. Мөн энэ хоёр хүнийг монгол хүн байсан гэдэг. Тийм болохоор үг ухагдахууныг маш нарийн хийж, хэлний үзүүр, дундуур, араар дуудах дуудлага, хэл яриа, авианы онцлогийг хүртэл хятад галигт тусгасан байдаг. Хэл шинжлэлийн тэр нарийн юмыг Цэнд гүн хэл шинжлэлийн хүн биш, бичиг цэргийн сайн түшмэл, баатар хүн байсан учраас сайн ойлгоогүй, орхигдуулсан тал бий.

Categories
мэдээ цаг-үе

“Севилийн үсчин” шинэ тавилтаар үзэгчдэд хүрнэ

Италийн дуурийн найруулагч Стефано Монти

Севиль хотын нэгэн талбайд доктор Бартологийн байшин байх агаад ойр хавийн айлуудыг сэрээчихгүйг хичээн зарц Фиорелло хөлсний хэсэг хөгжимчдийг дагуулан сэмхэн гарч ирнэ. Гүн Альмавива хожимдуу ирж өвгөн докторын байшингийн тагтан доогуур дөхөж,

“Найман зүгийг гийгүүлсээр

Нарны туяа туслаа даа

Зүйргүй хонгор минь чи юундаа

Зүүд нойрондоо автагдав даа

Сайхан нойрноосоо сэрээч дээ

Саатаж наддаа гарч ирээч дээ… хэмээн дуулж буйгаар Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь эхэлдэг.

Италийн хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь энэ сарын 28, 29-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа цоо шинэ тавилтаар үзэгчдэд хүрэх гэж байна.

Дэлхийн хошин дуурийн бэлгэ тэмдэг гэгддэг Ж.Россинийн ”Севилийн үсчин” хошин дуурийг 1816 онд “Аржентина” театрт анх тоглож байсан бөгөөд 200 гаруй жилийн түүхтэй бүтээл. Харин манай улсын хувьд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1979 онд анх тоглож байжээ. Ж.Россини ”Севилийн үсчин” дуурь УДБЭТ-ын тайзнаа 38 жил тасралтгүй тоглогдохдоо гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилснаас нь үзвэл уг дуурь Монголын тайзнаа нутагшсан гэж хэлж болох юм.

Сүүлийн үед дэлхий дахинаа дууриудыг эх хэл дээр шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир манай Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан ч уг санаачилгыг дэмжиж “Севилийн үсчин” дуурийг итали хэл дээр бүрэн хэмжээгээр нь тавихдаа шинэ шийдэл, өвөрмөц тавилттай байхыг чухалчилсан байна. Ингэхдээ “Севилийн үсчин” дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох XIX зуунд болгон хөрвүүлэн авчирчээ. Шинээр найруулан тавьж буй Ж.Россини ”Севилийн үсчин” дуурийн найруулагчаар Итали улсын найруулагч С.Монти, УДБЭТ-ын удирдаачаар Ц.Гансүх, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун, хормейстерээр Н.Дашбямба, туслах найруулагчаар Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Эрдэнэтуяа нар тус тус ажиллаж байна. Гол дүрүүдийг УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, М.Даваадорж, О. Хүрэлбаатар, Б.Алтанхуяг, залуу гоцлол дуучин Л.Болдцэрэн, Э.Отгонбат, Б.Одонзаяа, С.Бат-эрдэнэ Э.Амарсайн нар амилуулах юм.

Өчигдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт очиж уг дуурийн бэлтгэлийг сонирхож сурвалжиллаа. Жүжигчид 1900-аад оны эхэн үеийн барууны хэв маяг тэр дундаа алдарт Коко Шанелийн алдартай загварын хувцаснуудаар ижилссэн байсан нь хэний ч нүдийг булаах аж.

Ингээд гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяагаар хэлмэрчлүүлээд Италийн дуурийн найруулагч Стефано Монтитой ярилцсан юм.

-Та Монголд өмнө нь ирж байсан уу?

-Өнгөрсөн зургадугаар сард “Севилийн үсчин” дуурьт тоглох дүрүүдээ сонгох гэж анх удаа ирсэн.

-Монголчуудтай хамтран ажиллах ямар байна вэ?

-Би Монгол Улстай танилцахыг маш их хүсч байсан. Тэгэх тэгэхдээ дотроос нь, сонгодог урлаг талаас нь сайн танилцъя гэж бодсон л доо. Надад олдсон энэ богинохон хугацаанд Монголыг таньж, мэдсэн гэж хэлж болохгүй. Саяхан танай дуурийн театрт “Учиртай гурав” дуурь, “Уран хас” бүжгэн жүжиг тавигдсан. Тэр бүгдийг үзсэн. Урлагаар нь дамжуулж улстай нь танилцдаг. Үүнээс гадна танай үндэсний урлагтай танилцах гэж “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзсэн нь миний сонирхлыг их татсан.

-“Севилийн үсчин” дуурийг шинэ тавилтаар тавьж байна гэх юм. Шинэ тавилт гэхээр ямар өөрчлөлт, шинэчлэл орсон бэ?

-XVII зууны хувцас хунар, тайз, орд харшийг бид Ази хүний сэтгэхүйд хийхэд бэрх. Тайзан дээр тэр үеийн хувцсыг ази хүнд өмсүүлээд тухайн үеийн орд харш дотор байлгана гэдэг хэцүү шүү дээ. Харин бид XX зууны тухайд яривал 1900-аад оны үе, хүмүүсийн мэддэг Коко Шанелийн тэр үе рүү хүмүүсийг авааччихаар хамаагүй амар байх болов уу гэж бодсон. Хоёрдугаарт, “Сонгодог урлаг бол музей байх ёсгүй”. Сонгодог урлаг дотроосоо шинэчлэгдэж, тухай дуурийн харах өнцөг, буланг нь л өөрчилж янзалж болж байгаа юм. XX зууны эхэн үед европ, ази, америк бүх дуурь Ази руу харж байсан, “Чио чио сан” дуурь ч гэдэг юм уу. Ази гэж шинэ ертөнцийг нээж байсан учраас Коко Шанель ч Азид ирж зарим нэг загварынхаа элементийг авч байсан. Тийм ч болохоор 1900-аад оны эхэн үе ази хүнд ойр, дөт байх болов уу гэж бодсон юм. Дуурь байхгүй байсан бол мюзикл хэзээ ч үүсэхгүй. Россини бол мелодрамын тод төлөөлөгч. Суурь үндэс нь, эцэг нь гэж хэлж болохоор. Тийм учраас эл дуурийг яг тэр үеийнх шиг нь шинэлэг цоглог чанарыг нь алдагдуулахгүйгээр тоглоно гэж бодоод тавьж байгаа юм.

-200 гаруй жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт тавигдаж байгаа энэ дуурийг юу нь ингэж амьд байлгаад байгаа юм бэ. Амин сүнс нь юу вэ?

-Өнө олон жил амьд хадгалагдаж байгаа тэр чанар бол ердөө л амьдрал, ухаан. Аз жаргалтай, хөгжимлөг, хөгжилтэй. Россини өөрөө бол хүнд өвчтэй, орноосоо босдоггүй, сэтгэл санааны хүнд дарамтад байдаг байсан ч хааяа сэтгэл нь тайвшраад амрахаараа зогсошгүй болж, маш хурдан ажиллаж толгойд нь нотнууд эргэлдэж хөгжмөө бичээд л байдаг байсан. Тийм ховор содон хүн байсан. Тэр амьд холбоос, аз жаргалтай амьдрал, амьд бүхэн энэ дуурьт байдаг учраас “Севилийн үсчин” дуурь энэ олон жил амьд байгаа болов уу гэж боддог.

-Та дуурьтай амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ?

-Насан туршдаа. Миний амьдрал тэр чигтээ дуурь. Дуурийн театртай сургуулийн хүүхэд байхаасаа л холбогдсон. Насан туршдаа л театртай холбоотой явна. Их сургуулийг театрын хөгжмийн чиглэлээр төгсөөд олон олон дуурьт туслах найруулагчаар ажиллаж байгаад найруулагч болсон.

-Барууныхан Монголыг дуурийн театртай гэхээр гайхдаг гэдэг?

-Монгол орон дуурийн театртай, тэгээд тэр театр нь 55 дахь жилдээ нээлтээ хийж байна гэдгийг мэдээд би зүгээр л биширчихсэн. Биширсэн шүү.

-Тэр холоос ирж алдартай дуурийг найруулж байгаад баярлалаа?

-Би танай энэ авьяаслаг хүмүүсээс их юм сурсан. (Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяаг заав. сурв) Гэхдээ эд нар намайг маш их уурлуулсан (инээв). Гэвч тэрнийхээ хажуугаар эд нар надад их зүйлийг ойлгуулж өгсөн. Сүүлийн сар гаруй хугацаанд эд нартай ажиллалаа. Уран бүтээлчид маань хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй байгаа болохоор надад сайхан байна.



Categories
мэдээ цаг-үе

Биднийг хэн тэжээдэг вэ?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


XIX зууны сүүлчээр АНУ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ. Мэдээж энэ орны ард түмний хөдөлмөрч, овсгоотой чанар, нийгмийн тогтолцооных нь эрүүл саруул байдалд гол учир жанцан байсан байх. Гэхдээ энэ амжилтад хошуучилсан гурван хувь хүнийг ихэд онцолдог. Энэ нь банкир Морган, үйлдвэрийн эзэн Карнэги, нефтийн хаан Рокфэллэр. Мөн төмөрзамын хаан гэгддэг Вандэрбилттийг ч нэрлэх нь бий. Эд өөрсдийн хөдөлмөр самбаа, шинийг бодож олон амьдралд хэрэгжүүлэх авьяасын хүчээр асар их баялаг цуглуулсан. Эдний бүтээлч санаачилгын хүчээр улс орон нь хүчирхэгжин баяжсан. ХХ зууны эхний Америкийг Форд бүтээсэн. Тэрээр богино хугацаанд америкчуудыг автомашины дөрвөн дугуйн дээр суулгажээ. Зууны төгсгөлийг Билл Гэйтс хаалаа, тэрээр дэлхийг компьютержүүлсэн. Хэн нь ч асар их хөрөнгөө булшиндаа авч ороогүй, цуглуулсан их хөрөнгөө нийгмийн сайн сайханд буян болгон үлдээжээ. Өдгөө тэтгэвэрт гарсан Гэйтс өөрийн буй болгосон 50-60 тэрбум доллароо үхэхээсээ өмнө амжиж буяны үйлсэд тарааж дуусгана гэж амлаад буй.

Хүн төрөлхтний хөгжил дэвшилд аль ч нийгмийн иргэн бүр их бага хэмжээгээр оролцон маргаашаа бүтээдэг. Гэвч тэр дотор тун цөөн тооны хэдэн хүн өөрийн овсгоо самбаа ухаан чадлаараа цоройлон бусдыгаа дагуулж асар их хөрөнгийг эргэлтэнд оруулж чаддаг авай. АНУ-д хүн амын ердөө 5-7 хувь нь үндэсний нийт баялгийн хэтэрхий дийлэнхийг эзэмшдэг. Тэр хэрээрээ тэд татвар болон буян, санаачилгаараа дамжуулан нийт ард түмнээ тэжээдэг. Тэдний өгч буй татвараар дамжин сургууль эмнэлэг ажиллаж, арми тогтож, хууль цааз болон төрийн бусад үйлчилгээ хөдөлж байдаг. Хэрэв бүгдийг нь тэгшитгээд тавьчихвал хэнээс ч овсгоо санаачилга гардаггүйг хүний өнгөрсөн түүх тод харуулсан билээ.

Колончлол, дараа нь асар сүйтгэлт дайнд хэлмэгдсэн Солонгос орныг Хюндай, Самсунг, Поско, Лоттэ гээд хэдхэн компани асар богино хугацаанд босгоод ирсэн. Японыг ч Тоёото, Мицибуши гээд хэдэн аварга дайны дараа өндийлгөсөн. Ийм жишээ улс орон бүрд бий. Тэд л асар олон ажлын байр буй болгон тэндээ хэдэн арав, зуун мянган хүн ажиллуулж хоолтой нь залгуулж байгаа билээ. Солонгос, япон хүний сахилга баттай, ажилч хөдөлмөрчийг бахархам боловч ийм хүчирхэг түүчээ нар байгаагүй бол энэ орнууд өнөөгийн ийм амжилтанд хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй.

Хүмүүс бурхнаас заяасан авьяас чадварын хувьд тэгш байдаггүйн нэгэн адил улс орнууд ч тэгш бус. Магадгүй тэр нь байгаль цаг уур, туулсан түүх, төр нийгмийн байгууламж, уламжлалт зан заншлаас нь болдог байж болох. Юутай ч өдгөө дэлхийд буй 200 орчим улс орныг хөгжлийн төвшингөөр нь нэлээд хэд ангилдаг. Тиймээс ч хөгжиж буй, буурай, хөгжингүй гэх мэтээр ярьдаг биз. Хөгжингүй орнуудад нийгмээ авч яваа тэргүүлэх баялаг бүтээгчид ихэнх тохиолдолд инновацийн зарчмаар хөлжсөн байдаг. Гэхдээ энэ нь хөгжиж буй орнууд өөрийн баялаг бүтээгчгүй гэсэн үг биш. Хөгжлийн төвшингөөсөө болоод инновациар тун даржин боловч аль ч улс орон өөрийн баялаг бүтээгчидтэй. “Манай сумандаа л Маркс Энгельс” гэлээ гэгчээр тухайн тухайн нийгэмдээ бусдаасаа илүүг хийж бүтээж санаачилснаар баялагтай болж түүгээрээ олон хүнийг ажилтай болгох төдийгүй татвар, буянаар өөрийн нийгмийг урагш чирж явах аж.

Монголчууд бид үе үеийн турш тэгшитгэсэн нийгэмд амьдарсаар иржээ. Олон үеийн туршид баялаг нь бараг ганц мал аж ахуй байлаа. Ийм нөхцөлд хэн ч хэдэн үеэрээ баян эсвэл хоосон байх бололцоогүй. Учир нь цас зуд, ган ганчиг “үйлдвэрлэгч” байгаль өөрөө нүүдэлчний нийгмийг тэгшитгэдэг байв. Иймээс ч “баян хүн нэг зуданд” гэсэн хүн болгоны мэдэх үг бий. Зуднаар юу ч үгүй хоосроод гэрээ зарц нартаа үүрүүлчихсэн явган ноёнтой тааралдсанаа Козлов бичсэн байдаг. Хохь тайж гэдэг бол хоосорсон язгууртан. Гэтэл гуйлгачин нэгэн цаг өнөтэй үед таргийн таван ямаагаа өсгөн баялаг болгох ч ховор үзэгдэл биш.

Социализмын үед нийгмийн гишүүдийг тэгшитгэгч нь нам засаг байлаа. Уламжлалт баялаг болох мал сүргийг нь социализм байгуулахаар төр хурааж авсан төдийгүй угаас хувийн өмчийг хуулиар хориглосон юм. Өмчийг нийгмийг тэгшитгэхэд гай болдог зүйл гээд дайснаар зарлан хэдэн арван жилийн турш өмчтэй тэмцсэн. Үр дүнд нь өлсөөд үхэж байгаа хүн үгүй ч, олигтой амьдарч буй хүнгүй тарчиг саарал нийгэм болжээ. Хэн ч нийгмийн баялаг бүтээх сонирхол үгүй төдийгүй хүсэлтэй байгаад ч тэр нь хориотой. Бүх юмыг улс хариуцна, гадаад захиалагч этгээд мартчихвал бүтэн жилдээ шүдний оо улсын хэмжээгээр тасрах жишээтэй. Хүний хэрэгцээ хязгааргүй, ерөөс хүн бол хэрэглэгч бодгаль. Тэр болгоныг төр гардан хангах ямар ч бололцоо үгүй. Иймээс гурван төрлийн талх, хоёр янзын архи, таван янзын тамхи, хорь хүрэхгүй төрлийн эмэгтэй эрэгтэй гутал, жилийн 50 нэр төрлийн ном, долоон янзын сонин, ганцхан сувагт зурагт, балга сүү нүдний гэм, сонголт үгүй чулуутай цагаан будаа… Маханд өдөр болгон цагаар оочирлоно, маартаар ганц бялуу олох гэж орос дэлгүүрийн өмнө царай алдан зогсоно, олддоггүй барааг дефицит, фирмийн, завод гэх мэтээр оросоор нэрлэнэ. Хүүхдүүд завод бохь олдвол ээлжилж дамжуулан зажилна, ихэнх нь замын хараар хорхойгоо дарна. Улсын өмч орон сууц мөнгөтэйд нь биш тэнгэрийн умдаг атгасан нэгэнд олдоно (Одоогийнхоор бол түрээсээр сууж буй хэрэг). Амины машин (хувийн өмч хориотой учир үүнийг албан ёсоор “амины” гэж нэрлэнэ) Улаанбаатарт 100 ширхэг бүртгэгдсэн байв. Дархан, Эрдэнэсант хүрсэн хоёрхон засмал замтай.

Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр энэ бүхэн аажим аажмаар өөрчлөгдлөө. Зөвхөн 1995 он гэхэд гаальд бүртгүүлснээр 42 мянган нэр төрлийн бараа хилээр орж ирэх болжээ. Өнөө олддоггүй талх, бялуу, варианыг дотоодын үйлдвэрлэгч хэдэн арван нэр төрлөөр нь үйлдвэрлэх болов. 2000 он гэхэд улсын төсвийн бараг 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлэх болжээ.

Дэн Сяопин наяад оны үед Хятадын тэгшитгэлийн нийгмийг зах зээлийн тогтолцоо руу чирэн оруулахдаа “Эрүүл салхиар амьсгалах гэвэл цонхоо нээх хэрэгтэй, харин тэр онгорхой цонхоор ялаа шумуул ч бас даган орж ирэх болно” гэж анхааруулж байв. Бидний өнгөрсөн туршлагаас харахад ялаа шумуулаас болгоомжлоод цонхоо дутуу нээсэн. Өдгөө төрийн мэдэлд нэг зуу нэлээд гаран том үйлдвэр компаниуд буйн хэтэрхий дийлэнх нь алдагдалтай. Тэд ажиллах тусмаа биднийг өрөнд оруулдаг. Алдагдлыг нь татвар төлөгч бидний биес төлнө. Төрийнх буюу хариуцах эзэнгүй объект учир хулгай шамшигдуулал нүүрэлсэн газар. Улсын мөнгө ёо-ёо гэдэггүй болохоор ямар ч зэмлэлгүйгээр даахаараа хулгайлна. Ганцхан жишээ: Төрийн мэдлийн холбооны кабель хариуцдаг компани байдаг юм байна. Хэрэгцээнээс гарч ашиглахаа больсон релейн төхөөрөмж болон үеэ өнгөрөөсөн кабель хариуцна. Тэд олон тэрбумыг шагнал урамшуулал нэрээр өөрсөндөө тараасан нь сая шалгалтаар илэрлээ. Гэтэл хэдэн зуун тэрбумын өртэй газар. Хувьчлах саналыг үргэлж эсэргүүцсээр өдий хүрсэн. Хувьчлахаа больё гэхэд хэрэгцээгүй релей болон кабелийг актлаад компанийг нь татан буулгахад татвар төлөгчид бид тэр мөнгөөрөө олон эмнэлэг сургууль бариулахсан.

Бас нэг зовлон буй нь дутуу онгойлгосон цонхоор хэтэрхий олон ялаа шумуул чихцэлдэн орж ирж эрүүл салхийг бузарлах болов. Өнөөдөр бүртгэгдсэн нэг зуун мянга нэлээд гаруй хувийн компани байна. Үүний арав хүрэхгүй хувь нь л нийгэмд татвар төлдөг. Татварын мөнгө эргээд сургууль цэцэрлэг, эмнэлэг, тэтгэвэр тэтгэмж, цэрэг цагдаа, төрийн алба, шорон гяндан, нийтийн эзэмшил, хот тосгон сууринг авч яваа. Энэгүйгээр улс орон хөдөлж ч чадахгүй. Татварыг хэдхэнд нь ноогдуулчихаад татвараас нуугдан яваа үй олон “баялаг бүтээгчид” бол нийгмийн паразитууд юм. Сул дорой төртэй болохоор засаг татвараа цуглуулж чаддаггүй. Хүчирхэг төр юун түрүүн татвараа бүрэн цуглуулж чаддаг. Татвараас зугтахыг хамгийн хүнд гэмт хэрэгт тооцдог, тэднийг хүүхэд хөгшдийн мөнгийг хулгайлж байна гэж үздэг.

Хэдэн үеэрээ тэгшитгэлийн орчинд өсч бойжин уламжлал болсон нийгмийн сэтгэлгээ хэн нэгнийг өөрөөсөө дээш гарахыг тэвчдэггүй зовлон хамгийн хүнд өвчин нь байх. Энэ тухай нийтлэлч Д.Баярхүүгийн саяхан бичсэн “Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь” өгүүлэлд тодорхой бичсэн тул нэмж нуршаад яахав.

Ийм учир шалтгаанаар нийгмийн баялаг бүтээж үй олон хүнийг тэжээж яваа нэгнээ гоочлохоос эхлээд устган сөнөөхийг санаархагчид мундахгүй олон. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж буй хэрэг. Мэдээж домогт 30 гэр бүл (энэ нэршил анх Энхтөвшин намын дарга байхдаа “Монголын бүх баялгийг 20 гэр бүл идэж байна” гэж томьёолж байсан санагдана. Ельциний “семья” бүлэглэл гэдгээс санаа авч орчуулсан байх. Монголоор уг нь ядахнаа “айл” гэмээр юм.) гэдгээс авахуулаад үзэн ядах юм хаа мундав гэж. Мэдээж төрөөс төрсөн тэрбумтан гээд үнэхээр ч жигшмээр шийтгэмээр адгийн новш өдөр ирэх тутам нэмэгдсээр. Тэд нэг харахад төрийн зүтгэлтэн, нөгөө харахад хулгайч, дээрэмчин. Тэд төр түшигч, олигархи, тэрбумтан, шүүгч, цагдаа, ард түмний төлөөлөгч, мэдээллийн хэрэгслийн од, гэмт бүлэглэлийн толгойлогч, тагнуул, мөнгө хүүлэгч, хууль тогтоогч, ард түмний баатар гээд үй олон дүрийг зэрэг бүтээж чухам хэн гэдэг нь хэнд ч ойлгогддоггүй. Нэг хүн ийм олон нүүртэй.

Гэвч ажил хөдөлмөр хийж амин хувьдаа ашиг олохоос гадна нийгмээ тэжээж, үй олон хүнийг ажилтай албатай орлоготой болгон яваа манай нийгмийн түүчээ олон хүн буйг бид хавтгайруулан үзэн ядах нь зүгээр л нэг шударга бус явдал гэж дүгнэх биш ерөөс энэ хийрхэл нийгмээ булшлах зэвсэг юм. Олонд нэр гарч бүхний танил болсон баялаг бүтээгчид луйварчдын хоморгонд орооцолдон есөн шидээрээ хэлүүлж нүүр нүд рүүгээ өдөр бүр нулимуулж яваа жишээ цөөнгүй. Тэгвэл нэг талаас бидэнд үйлчилж байр сууц, бараа таваар, хүнс хоолоор хангахын сацуу нөгөө талаас татвараар асар их мөнгө төлөн төр нийгмийн ачааг үүрэлцэн үнэлж баршгүй нэмэр болж буй олон зуун баялаг бүтээгч-нэр нь яригддаггүй баатрууд – цаана нь зөндөө байна.

Бүтээсэн брэнд нь тодорсон ч нэр нь төдийлөн яригддаггүй баатруудын заримыг нэрлэе л дээ: Боловсролын салбарт: “Шинэ Монгол”-ын Ж.Галбадрах, ”Сант”-ын З.Энхмөнх; Барилгын салбарт “Жигүүр гранд“-ын Баттөр, “Номин констрашн-NDC”-ын Ш.Уламбаяр; Бөөний худалдаанд: “Барс”-ын Ч.Амарбаатар, “Бимекс”-ын П.Бат-Өлзий, “Витафит”-ын С.Жаргалсайхан, “Сансар” сүлжээний В.Энхбаатар, “Good Price”- ийн С.Батмөнх; Цахилгаан бараанд: “PC mall”-ын Т.Ганбат, “BSB”-ын Б.Жаргалсайхан, “Нэкст”-ийн Л.Чулуунболд; Сэргээгдэх эрчим хүч: “Ньюком”ын Ц.Болдбаатар; Хүнсний салбарт: “НВЦ”-ын Э.Цэрэндаваа, “Жүр Үр”-ийн Б.Мөнх-Эрдэнэ, “Батбайгаль”-ийн С.Байгалмаа, “Бамбууш”-ын А.Ганбат; Уул уурхайн салбарт: “Хишиг Арвин”-ы Батхишиг; Шинэ инновацид: “Lendmn”-ний Ч.Анар, В.Баярсайхан, “Lhamour”-ын Д.Хулан; Автозасвар үйлчилгээнд: “ЗигЗаг”-ийн Д.Зоригоо… (Эдгээр нэрсийг интэрнэт ухаж байж олж авав). Ихэнх хүн эдгээр компани юу үйлдвэрлэж, ямар үйлчилгээ үзүүлж буйг сайн мэдэх ч цаад баялаг бүтээгчийг нь таньдаггүй. Эд нар урдахаа хийж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд явдаг болохоос төрөөс төрсөн тэрбумтнууд биш. Эд ердөө л захын жишээ. Цаана нь үй олон нэр нь танил биш баатрууд бий.

Эд нарт нийтлэг нэгэн гомдол л бий: Хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрөөрөө олсон мөнгөнөөсөө нийгмийн өмнө хүлээсэн үүргийн дагуу тэвэр тэврээр нь улсдаа тушааж байхад цалин цавуу машин унаагаа хүртэл даалгадаг төрийн сэнтийд шавж язганасан ялаа батгана тэр баялгийг нь тонон дээрэмдээд дээр нь нэмж дээрэлхэн элдвээр хавчих нь даанч гутмаар. Харамсалтай нь Эдвард Мүнкийн гүүрэн дээрх хүн шиг дотроо онгойтол байдгаараа “хашгирч” чадахгүй, хий л бухимдан дотогшоо “хүрхрэх” нь хөөрхийлөлтэй.

2017.10.30

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Биднийг хэн тэжээдэг вэ?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Тэргүүн нүүрэнд “Ирэх жилүүдэд Монголчуудын төлөх их наядын өр” хэмээх сурвалжилгыг хүлээн авч үзээрэй.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авсныг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой. Тэрээр “Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ” гэсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Биднийг хэн тэжээдэг вэ?” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Улс төрийн тавдугаар нүүрнээс өчигдрийн УИХ-ын үдээс хойших чуулганы хурлаар “МАН-ын бүлэг төсвийн асуудлаар тав хоногийн завсарлага авав” сурвалжилгыг хүлээн авч үзээрэй.

“Цэргийн баяр тэмдэглэж байсан залуус бусдын амь насыг хөнөөсөн хэрэг”-ийн талаар манай сонинд гарч байсан билээ. Хохирогчийн аав Р.Нямхүүтэй хийсэн ярилцлагыг баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай. Тэрээр “Хүүг минь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд ажлаа хийгээд сул чөлөөтэй явж байна” тодотгон хэлжээ.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Умард Солонгост 200 хүн амь үрэгджээ” хэмээх мэдээг онцлон хараарай.

Мөн Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг эрэн хайхаар хамгийн түрүүнд уулнаа авирсан Завхан аймгийн Онцгой байдлын газрын гурван аврагчтай Улиастай хотод ажлын нь газарт уулзан ярилцсаныг XII-ээр нүүрнээс хүлээн авч үзээрэй. Тэд “Гурван давхар байшингийн дээвэр дээр сэрүү оргидог юм чинь гурван мянгаад метрт хүйтэн байхаас аргагүй” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы суу билэгтний өлгий арван гуравдугаар нүүрнээс “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг эрээн уул”-ын тэмдэглэл дэх “Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж”- ийн тухай нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ